Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар Смарт карт” компанид аудит оруулна гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хтын захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаныхны хамт өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаа, хүрэлцээ, хангамж болон халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөж байгаатай танилцлаа.

Статистик мэдээллээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэлийн санд их багтаамжийн 1148 автобус, 48 троллейбус, 17 угсраа, дунд багтаамжийн 46, бага багтаамжийн 59 автобус, 503 такси нийт 1822 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй.

Үүнээс өдөр тутамд шугамын үйлчилгээнд 960 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, иргэдийг тээвэрлэж байна. Хотын дарга энэ үеэр нийтийн тээврийн парк шинэчлэлийг дорвитойхон хийх хэрэгтэй байгааг онцлов.

Тухайлбал, Засгийн газрын 2009 онд авсан 400 автобусны ашиглалтын хугацаа энэ онд дуусаж байгаа юм.

Энэ үеэр авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж өгөөгүйгээс нийтийн тээвэр түгжрэлд орж, автобус хоорондын зай холддог гэдгийг автобус компанийнхан ярьж байлаа. Иймээс энэ асуудлыг шийдэхийн тулд авто замын нэгдүгээр эгнээг камержуулах, нийтийн тээвэр чөлөөтэй зорчих бололцоогоор хангах шаардлагатай байгааг Хотын дарга Ерөнхий сайдад уламжилсан юм. Хувийн хэвшлийнхэн “Коронавирустэй холбоотойгоор нийтийн тээврийн орлого буурсан. Кондуктортой байхдаа өөрсдөө орлогоо төвлөрүүлдэг байлаа. Харин “Улаанбаатар смарт карт” гарч ирж, картаар үйлчлүүлэх болсноор орлого буурсан. Өдрийн орлого өмнө нь 20 орчим сая төгрөг байсан бол одоо 7-8 сая болсон” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар смарт карт” нэвтрэхээс өмнө нийслэлийн төсөвд 53 тэрбум орчим төгрөгийн ачаалал өгдөг байсан. Харин “Улаанбаатар смарт карт” нэвтэрснээр 130 тэрбум төгрөг болсон. Ачаалал улам нэмэгдсэн. “Улаанбаатар смарт карт” компанид аудит оруулах саналтай байгаа. Хаана нь асуудал байгааг тодруулж, хувийн хэвшил болон холбогдох улсуудтай ярилцана” гэдгийг Ерөнхий сайдад хэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч мөн “Улаанбаатар смарт карт” руу шалгалт оруулах хэрэгтэй. Яагаад цахимжихаар орлого багасаад байна вэ гэдгийг тодорхой болго” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Ё.Отгонбаярыг эргүүлэн татах тухай зарлиг гаргалаа

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан бичиг хүргүүлж, холбогдох арга хэмжээг ойрын хугацаанд авч ажиллахыг хүсэв.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮЯ: Улсын хэмжээнд 5.2 сая төл хүлээн авч, 5.1 сая төл бойжиж байна

2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 5.2 сая төл хүлээн авч, 5.1 сая төл бойжиж байна. Хаваржилтын нөхцөл байдал хэвийн, тогтвортой байгаа учир төл бойжилт 98 хувьтай байна.

Мал төллөлтийн хувиар Ховд аймаг хамгийн өндөр буюу 63, Баян-Өлгий аймаг 56, Увс аймаг 53 хувьтай байна.

Categories
мэдээ спорт

Г.Хандсүрэн Японы волейболын Дээд лигийн Легионер тоглогч болжээ

Улсын гарьд Б.Гантогтохын охин Г.Хандсүрэн албан ёсоор Япон улсын волейболын лигийн (Japan V League) мэргэжлийн тоглогч болжээ.

Өдгөө 24 настай тэрээр өөрийн цахим хуудаснаа “2020 оны 12 сард International Transfer Certificate аван, V League 2020/21 улиралын 3 дахь тойргоос тоглолтонд оролцож албан ёсоор өнөөдөр буюу 2021 оны 4 сарын 1-ээс Японы V League-ийн Легонер тоглогчдын нэг боллоо” хэмээн бичжээ.

Мөн тэрээр, Монголын волейболчид ингээд гадаадын Лигт Легонер тоглогчтой боллоо. Ингээд нэг мөрөөдөл минь биеллээ. Чадлаа. Гантогтохын Хандсүрэн миний бие Волейболын спортоор эрчимтэй хичээллэж эхлээд 8 жилийн хугацаа өнгөрсөн байна. Япон улсад 7 жилийн системтэй бэлтгэл сургуулилт хийжээ.

Олон том бэртэл авсан ч шантралгүй өнөөдөр хүрсэн өөртөө, намайг хамгийн ихээр дэмждэг гэр бүлийнхэн, өвөө эмээ ах эгч, найз нөхөддөө мөн Волейболын спортоор хичээллэхэд томоохон тус дэм болсон Японы болоод Монголын Волейболын гэр бүлийн хүн бүрт, Тэнүүн Огоо клубын удирдлагууд, нийт хамт олонд гүнээ талархаж байна.

Ийнхүү 2020 оны 12 сард International Transfer Certificate аван, V League 2020/21 улиралын 3 дахь тойргоос тоглолтонд оролцож албан ёсоор өнөөдөр буюу 2021 оны 4 сарын 1-ээс Японы V League-ийн Легонер тоглогчдын нэг боллоо.

“Мэргэжлийн тамирчин” гэх нэрийг нэр төртэйгээр зүүх үнэхээр гайхалтай сайхан байна. Энэхүү спортод хөтлөн оруулсан С. Гансүх, Д. Солонго багш нартаа тусгайлан баярласан талархсанаа илэрхийлье

Монгол улсын иргэн хэвээр байгаа ба Монгол улсын шигшээ багийн амжилтаа ахиулахын тулд Японы бусад мэргэжлийн тамирчин найзууд эгч дүү нараасаа суралцаж, тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэж зорьж байна.

Хөдөлмөр хүнийг бүтээнэ, битгий шантраарай” хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ.

117898103_3428335313926495_6084785709660821383_n Дархан аварга Х.Баянмөнхийн ач охин Гантогтохын Хандсүрэн Японы Дээд лигт тоглохоор боллоо

“Японы V” лигийн албан ёсны веб сайтаас шалгахад тэрээр хоёрдугаар зиндааны “Breath Hamamatsu” клубд данстай бөгөөд 5 дугаартай тоглодог байна.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашаас үйл ажиллагааг нь хязгаарлах салбарууд

Засгийн газрын хуралдааны шийдвэрээр маргаашнаас буюу дөрөвдүгээр сарын 03-18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон.

Үүнд:

-Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй,

-Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх,

-Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах,

– Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/,

-Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй, дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах,

-Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох,

-Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц шинжлэх-ухаан-технологи

Ангараг гариг дээр байгуулагдах “Нюва” хотын анхны зургууд

Испанийн “ABIBOO” архитектурын компани “Ангараг” гараг дээр байгуулагдах нийслэл “Нюва” хотын анхны зургуудыг цацлаа.”Нюва” хот нь “Ангараг” гаригийн хамгийн их усны нөөцтэй хадан цохионд байрлах ба шууд нарны тусгалаас хамгаалах зорилгоор хадан цохиог нүхлэн байрлах юм.


ABIBOO компани АНУ-ын Ангараг гарагийн нийгэмлэг болон SONet байгууллагын эрдэмтэн судлаачид, одон орончидтой хамтран Марс дээр байгуулагдах нийт таван хотын зургийг гаргасан ба эхний ээлжид нийслэл Нюва хотыг дэлгэрэнгүй танилцуулсан нь энэ ажээ.

“Макро сууц” хэмээн нэрлэсэн хадан дотор байрлах барилгууд нь хоорондоо өндөр хурдны цахилгаан шатаар холбогдох ба хадан цохион өндөрлөг хэсэгт хүнс, эрчим хүчний үйлдвэрүүд байрлахаар болжээ.

Харин хадны бэл хэсэгт цацраг туяанаас хамгаалах дээвэр бүхий эмнэлэг, сургууль, дэлгүүр зэрэг олон нийтэд зориулсан аварга байгууламж байрлах гэнэ. “Нюва” болон зэргэлдээх хотуудын бүх барилга байгууламжууд нь агаар мандлын даралтыг зохицуулахын зэрэгцээ онцгой байдлын үед хоргодох бүсүүдтэй байхаар төлөвлөгдсөн байна. Харин ариун цэвэр, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор ”Макро барилга” бүрийн үүдэнд агаарын шүршүүр байрлуулсан гэдгийг онцолжээ.

“Ирээдүйд ямар нөхцөл байдалтай тулгарахаа мэдэхийн тулд бид эрдэмтэдтэй хамтран маш олон тооны судалгаа, шинжилгээг хийсэн. Тэдгээрийн нэг бол таталцлын хүч юм. “Ангараг” гаригийн таталцлын хүч дэлхийгээс гурав дахин бага буюу 37 хувьтай байдаг. Түүнчлэн “Ангараг” гариг дээр ус хатуу төлөвт оршдог нь хамгийн том давуу тал бөгөөд үүний тусламжтайгаар хот байгуулалтад хэрэглэгдэх материалуудыг үйлдвэрлэх болно” хэмээн “ABIBOO” архитектурын компанийн үүсгэн байгуулагч Альфредо Муньоз ярьжээ. Тэрээр “Марс” дээр хот байгуулах ажил 2054 оноос эхэлж, 2100 онд анхны оршин суугчдаа хүлээн авна гэж үзэж байгаа юм.

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 1)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 2)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 3)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 4)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 5)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 6)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 7)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 8)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 9)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 10)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 11)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 12)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 13)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 14)

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүх Д.Дамба-Очирт оноосон 3 жил 6 сарын хорих ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Дамба-Очирт холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны наймдугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд Д.Дамба-Очирыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон.

Ийнхүү Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сар хорих ял оногдуулж байв.

Түүнчлэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны аравдугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Д.Дамба-Очирыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон байдаг.

Эх сурвалж: Улсын Дээд шүүх

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дауны холбооны гишүүн, сурагч Т.Тэлмүүн “ТРИО” кинонд тогложээ

Монголын дауны холбооны гишүүн, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн жүжигчин Д.Баттөмөрийн найруулж буй “Трио” кинонд дүр бүтээжээ.

Энэхүү кино нь даунтай хүүхэд анх удаа тоглосон, мөн даунтай иргэний дүрийг онцлон гаргаж байгаа Монголдоо анхдагч бүтээл болох гэж буйгаараа онцлог юм.

Монголын дауны холбоо болон хүүгийн гэр бүл, ангийн багш Агиун тус кинонд зөвлөгөө өгч, хамтран ажилласан байна.

“Дауны хам шинж бие, хэл, сэтгэл мэт гуравласан хромосомоос үүдэлтэй. Асуудал дүүрэн дэлхий ертөнц, төвөг ярвигтай орчин цагт хүмүүний аз жаргалын томьёог даунтай хүнээс олох боломжтой. Бид даунтай иргэний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч чадвал тэд бидэнд амьдралын утга учрыг мэдрүүлдэг.

Даунтай хүнээс дөлдөг, хэт өрөвдөх эсвэл ялгаварлан гадуурхдаг, түүнчлэн “монголоид, монголизм” гэх үгстэй холбон бүдүүлгээр тайлбарлах хандлага манай нийгмээс арилаагүй хэвээр л байгаа. Дэлхий олон хэлээр ярьдаг ч бидэнд дундын ганц л хэл байдаг. Энэ бол хайр. Бид хэнийг ч үлдээх ёсгүй. Эцсийн эцэст хүмүүн гэх өчүүхэн бид бүгдээрээ эцэг тэнгэр, эх дэлхийн хаялага дор эрт, эдүгээ, ирээдүйн гурамсан холбоон (трио) дундаас зугтан орших ямар ч аргагүй билээ” хэмээн Монголын дауны холбооноос мэдээллэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ: Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон баталлаа

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.02) нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад 46 гишүүн ирцэд бүртгүүлснээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүд чуулганы хуралдааны “Их хуралдай” танхим болон цахимаар нэгдсэн хуралдаанд оролцов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл“-ийг хэлэлцлээ.

Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад КОВИД-19- аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр талууд тохиролцож, 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр уг хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

Энэхүү вакцинжуулалтын төслийн хүрээнд манай улс нийт хүн амынхаа 60 хүртэлх хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакцин худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяар түгээх, хянах, түүнчлэн хувийн хамгаалах хэрэгсэл худалдаж авах, хүчилтөрөгчийн бага оврын станц байгуулах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх юм. Үүнээс гадна КОВИД-19 цар тахлын эсрэг вакцин нь шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учраас эмч, эмнэлгийн ажилтнуудаа чадавхжуулах, сургаж бэлтгэн мэдлэг, мэдээлэл олгох, вакцин хийсний дараа илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, хяналт тавих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээл нь жилийн 1.25 хувийн хүүтэй, үйлчилгээний хураамж 0.75 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үүнээс эхний таван жилд үндсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй байх аж.

Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хэлэлцээрийн төслийг соёрхон батлахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд цахимаар танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Сарангэрэл, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Т.Доржханд, Д.Өнөрболор, Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, Ж.Чинбүрэн, С.Чинзориг нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.

Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, коронавирусын халдварт цар тахалтай тэмцэх, иргэдээ ванкцинжуулах нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна. Монгол Улсын Засгийн газар коронавируст /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, цар тахлын халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулахад шаардлагатай вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулж, худалдаанд гармагц импортлох, энэ чиглэлийн олон улсын хөтөлбөрт хамрагдаж ард иргэдээ вакцинжуулах ажлыг хэрэгжүүлж байна.

Засгийн газар энэ оны зургадугаар сарын 30 гэхэд нийт хүн амынхаа 60 хүртэлх хувь буюу 2 сая гаруй иргэнээ вакцинжуулахаар төлөвлөж, холбогдох судалгаа тооцоо гарган Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан болон удахгүй баталгаажих гэж байгаа вакцинууд, тэр дундаа вакцины хатуу дэглэмтэй 11 улсад аль вакциныг голчлон хийж буйг анхааралтай ажиглаж, тэдгээр вакциныг худалдаж авах, олон улсын хөтөлбөрт хамрагдахад анхаарч ажиллаж байна.

Өчигдрийн байдлаар манай улс хүн амынхаа 10 хувь буюу 330 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна. Өнөөдөр БНХАУ-аас 300 мянган тун Verocell вакцин татаж авна, энэ сарын 9-нд нэмж 900 мянган тун вакцин оруулж ирнэ гэдгийг хэллээ.

Түүнчлэн бусад орон, олон улсын байгууллагын хандив, тусламжаар манай улс 450 мянган тун вакцин авч, иргэдээ вакцинжуулж байгаа. Энэ оны зургадугаар сард КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 239 мянган тун вакцин авахаар бэлтгэж талаар нэгдсэн хуралдаанд оролцсон ажлын хэсэг нэмэлт мэдээлэл өгсөн юм.

Ингээд Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг нийт гишүүдийн олонх нь дэмжсэнээр хуулийн төсөл эцэслэн батлагдав.

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томиллоо

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хороо энэ оны нэгдүгээр сарын 26, гуравдугаар сарын 30-ны өдрүүдийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүн Хаянхярваагийн Амгаланбаатар, Хуягийн Ганбаатар нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, Төмөр-Очирын Батзул, Энэбишийн Оюунтэгш, Намгарын Алгаа нар чөлөөлөгдөх хүсэлтээ Байнгын хороонд ирүүлсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн Хаянхярваагийн Амгаланбаатар, Хуягийн Ганбаатар, Төмөр-Очирын Батзул, Энэбишийн Оюунтэгш, Намгарын Алгаа нарыг зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн Сүхбаатарын Эрдэнэбат, Саарайгийн Жаргалсайхан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос нэр дэвшүүлсэн Энхтайваны Энхжаргал, Хоржавын Амгалан, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн Лхагважавын Төр-Од нарыг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжжээ.

Нэр дэвшигч С.Эрдэнэбат нь эдийн засагч мэргэжилтэй, 2013 оноос Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгчөөр, С.Жаргалсайхан нь эдийн засагч мэргэжилтэй, 2013 оноос нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар, Э.Энхжаргал нь эдийн засагч мэргэжилтэй, 2018 оноос Монголын ажил олгогч эздийн холбооны Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд ерөнхий зохицуулалтын газрын даргаар, Х.Амгалан нь эдийн засагч мэргэжилтэй, 2018 оноос Улаанбаатар төмөр замд Засвар ашиглалт хариуцсан орлогч даргаар, Л.Төр-Од нь эдийн засагч мэргэжилтэй, 2019 оноос Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа аж.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа нар асуулт асууж тодруулан хариулт авч, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох санал хураалтыг нэр дэвшигч тус бүрээр явуулахад нэр дэвшигч Э.Энхжаргал нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.1 хувийн, Л.Төр-Од 51.6 хувийн дэмжлэг авч, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдов. Харин нэр дэвшигч С.Эрдэнэбат, С.Жаргалсайхан, Х.Амгалан нар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадсангүй.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөв

Дараа нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Тус Байнгын хороо гуравдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж дэмжжээ.

Монгол Улсын Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлөх зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай саналаа энэ оны гуравдугаар сарын 29-ний өдөр тус Байнгын хороонд ирүүлжээ. Түүнчлэн даатгуулагчийг төлөөлсөн зөвлөлийн гишүүн Б.Мягмар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14.11.3 дахь заалтын дагуу бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн байна.

Тиймээс Байнгын хорооны хуралдаанаар Тогтмолын Мөнхсайханыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн сайд Сэрээжавын Энхболдыг, даатгуулагчийг төлөөлсөн зөвлөлийн гишүүн Бямбасүрэнгийн Мягмарыг чөлөөлж, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн Хаянхярваагийн Амгаланбаатарыг томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжжээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд томилогдож байгаа гишүүд эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтыг авлига, ашиг сонирхлоос ангид ямар зарчим барьж ажиллах талаар, даатгуулагчид эрүүл мэндийн даатгалд итгэл үнэмшил буурсан байгаа тул эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлөх гишүүдийг албан тушаалаар нь оруулах, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийн хүү, аюулгүй байдлын талаар, мөн өндөр өртөгтэй мэс засал эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаа эсэх талаар асуулт асууж, хариулт авчээ. Харин Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Улсын Их Хурлаас эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулсантай холбоотой Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүд үүрэгт ажлаа хариуцлагатай хийх талаар санал хэлсэн байна.

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнийг томилохдоо нэрээр биш албан тушаалаар томилох саналыг Байнгын хорооны гишүүд санал дэмжсэн байна.

Нэр дэвшигч С.Энхболд нь хүний их эмч мэргэжилтэй, анагаах ухааны магистр зэрэгтэй, 2021 оноос Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилогдон ажиллаж байгаа, нэр дэвшигч Х.Амгаланбаатар нь эрх зүйч мэргэжилтэй, 2013 оноос Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Х.Булгантуяа, С.Бямбацогт нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд Байнгын хорооны санал хураалт явуулахад С.Энхболдыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даргаар томилох саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувь нь, Х.Амгаланбаатарыг даатгуулагчийг төлөөлж Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг гишүүдийн 55.4 хувь нь дэмжсэн тул Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсанд тооцов.

Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2021.04.02) хуралдаж, хоёр асуудал хэлэлцэв.

Байнгын хорооны хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар эхлээд Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул эцсийн хэлэлцүүлгийг явуулж дуусгав.

Дараа нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарсыг оруулах саналыг Монголын хуульчдын холбооноос ирүүлснийг хэлэлцлээ. Санал болгосон төлөөлөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсан юм.

Ингээд Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарсыг ажлын хэсэгт оруулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалхад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.