Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨГӨӨ: Эцэг эхийн стресс хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлдөг үү?

АНУ-ийн Мичиганы их сургууль хүн болгон уншвал зохих судалгаа гаргажээ. Тус судалгаанд нийт 405 эцэг эхчүүдийг хамруулсан бөгөөд бүгд 12 хүртэлх насны нэг хүүхэдтэй байв. Ингээд хамгийн сонирхол татахуйц тоон үзүүлэлтүүдийг хүргэж байна.


Тус судалгааны ерөнхий судлаач Шауна Ли “Цар тахлын үед гэрээсээ хичээллэж буй хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд эцэг эхээс нь шууд шалтгаалж байна” хэмээжээ. Цар тахлын энэ үед залуучууд болон бага насны хүүхдүүд гэрээсээ хичээллэж байгаа тул эцэг эхчүүд хараа хяналтаа сулруулахгүй байлгах үүднээс ажлын горимдоо өөрчлөлт оруулж эхэлсэн аж.

Энэхүү шинэ амьдралын хэв маяг нь гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүйн асуудалд хэрхэн нөлөөлж буй талаар судалсан эрдэм шинжилгээний ажлыг танилцуулъя.

  • Нийт оролцогчдын 35 хувь нь цар тахал эхэлснээс хойш хүүхдүүдийнх нь зан төлөвт ганцаардал, гуниг, сэтгэлийн хямралын шинж тэмдгүүд тус тус илэрсэн гэж мэдээлсэн.
  • 4 эцэг эх тутмын нэгд нь ажлын горимын өөрчлөлт орсон.
  • 5 насанд хүрэгчид тутмын хоёрт нь сэтгэлийн хямрал эсхүл ядаж л дунд шатны түгшилтийн шинж тэмдэг илэрсэн гэж оношилжээ.

Иймд хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө эцэг эхчүүд өөрсдийгөө тордох нь хамгийн оновчтой алхам болж байна.

Categories
мэдээ нийгэм

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв” ажиллаж эхэллээ

УОК-ын шуурхай штабын үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, иргэдэд аль болох чирэгдэлгүй байх, мэдээллийг ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор ковидын холбогдолтой лавлагаа мэдээллийн дугааруудыг нэгтгэж, дуудлагын нэгдсэн системийг нэвтрүүлээд байна. Тухайлбал иргэд ковидтой холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авах, санал, гомдол, хүсэлтээ илэрхийлэх зэрэг нэгдсэн мэдээллийг 119 тусгай дугаарт залган авах боломжтой.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллаж, “Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн ажил, үйлчилгээтэй танилцлаа.

Тус төв нь иргэдэд мэдээлэл өгч байгаа тусгай дугааруудыг үндсэн үйл ажиллагаанаас нь салгаж, дуудлагын нэгдсэн лавлахад нэгтгэснээрээ онцлог юм.

Ингэснээр иргэдээс ирүүлж байгаа гомдол, саналыг хүлээн авах, цахим эмчилгээ, зөвлөгөө өгөх, вакцинжуулалт, тусгаарлалт, тусгай үүргийн нислэг, халдваргүйтгэлтэй холбоотой мэдээллийг 24 цагийн турш, цаг алдалгүй шуурхай хүргэх боломж бүрдэж байна.

Мөн иргэдээс хүлээн авах дуудлага бүрийг бүртгэж, ангилан мэдээллийн санд оруулж байна. Бүртгэлийг системд оруулснаар мэдээлэл, тайланг үнэн зөв гаргах, тайлан мэдээ боловсруулалтыг автоматжуулж өгч байгаагаараа онцлог юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОХУ-аас 1 сая тун “Спутник V” вакцины худалдан авах гэрээ байгууллаа

ОХУ-ын “Спутник V” вакцины 1 сая тунгийн худалдааны гэрээг байгууллаа гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Ингэснээр эхний ээлжийн вакцин дөрөвдүгээр сарын 10-ны дотор нийлүүлэгдэхээр болсон байна. Өнөөдөр мөн БНХАУ-ын Веро Селл (Синофарм) вакцины 300 мянган тунг 20:00 цагт хүлээн авна гэв.

Categories
гадаад мэдээ

“Pfizer”-ийн вакциныг хамгийн багадаа зургаан сарын дархлаа тогтооно гэж үзжээ

АНУ-ын “Pfizer” болон Германы “BioNTech” компанийн хамтран боловсруулсан “Covid-19”-ийн эсрэг вакцины хоёр дахь тунг тарьснаас хойш доод тал нь зургаан сарын дархлаа тогтоож байгаа талаар өчигдөр /2021.04.01/ мэдээлжээ.

Түүнчлэн Өмнөд Африкаас гаралтай мутацид орсон шинэ хувилбараас ч сайн хамгаалж байгаа нь батлагдсан байна.

Вакцины гуравдугаар шатны судалгаагаар уг вакцин нь “Covid-19”-өөс 91.3 хувьтай хамгаалж байгаа ба энэхүү судалгааг хоёр дахь тунг хийсэн өдрөөс хойш зургаан сарын хугацаанд хийжээ.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв “Pfizer”-ийн вакциныг хүнд хэлбэрийн “Covid-19”-ийн эсрэг 100 хувийн үр дүнтэй гэж үзсэн бол тус улсын Хүнс, эмийн агентлагаас (FDA) 95.3 хувийн үр дүнтэй гэж мэдэгдсэн байна.

Дээрх судалгаанд 16 ба түүнээс дээш насны 44 мянга гаруй хүн оролцжээ. Үүнээс 12 мянган хүн нь вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн бөгөөд нэг ч хүн халдвар аваагүй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны байранд халдвар илэрлээ

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх байранд өнөөдөр /2021.04.02/ коронавирусийн халдвар илэрчээ. Тиймээс холбогдох арга хэмжээг авч эхэлсэн байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, дөрөвдүгээр сарын 5-8-н хүртэлх хугацаанд шүүхийн үйл ажиллагааг түр зогсоож, хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон бол дөрөвдүгээр сарын 8-24 хүртэлх хугацаанд шүүхийн нийт албан хаагчдыг 30 хүртэл хувиар ажиллуулж, ажил үүргээ цахимаар гүйцэтгэхээр болжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаадын шууд хөрөнгө оруулалт жилийн дүнгээр 34 хувиар өсчээ

Хоёрдугаар сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 99 сая ам.доллар байсныг Төв банк мэдээллээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт сарын дүнгээр буурсан ч жилийн дүнгээр өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний хоёр сараар харвал нийт 199 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулжээ.

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр үлдээж, төлөвийг “Сөрөг” байснаас “Тогтвортой” болгож сайжруулснаа гуравдугаар сард зарласан юм. Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал “Covid-19″ цар тахлын нөлөөгөөр буурч байсан ч тогтворжиж эхэлсэн байна.

БНХАУ-ын эдийн засаг сэргэснээр Монгол Улсын уул уурхайн салбарын экспортын орлого сэргэнэ гэж дүгнэжээ. Энэ онд 1.4 орчим тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орох тооцоог Монголбанк хийсэн байна. Үүний дийлэнхийг “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт бүрдүүлнэ.

Categories
мэдээ улс-төр

ОХУ “Sputnik V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах Ажлын хэсэг гаргахаар болов

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярьж, цаг үеийн болон хоёр орны харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.

Төрийн тэргүүн нар 2021 онд тэмдэглэн өнгөрүүлж буй Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн мэндийг харилцан дэвшүүлж, ойн хүрээнд хоёр тал олон арга хэмжээг хамтран хэрэгжүүлж эхлээд байгааг сайшаав.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хоёр орны хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, ойн хүрээнд сансрын нисгэгч Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд шагнал “Александр Невскийн одон”-гоор шагнасан гэдгээ хэллээ.

Талууд уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны хамтын ажиллагааг бүх түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд санал нэгдэж, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн тухай хоёр улсын төрийн тэргүүн нарын хамтарсан тунхаглалыг ойрын үед гаргахаар тохиролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын эрдэмтэд коронавируст цар тахлын халдварын эсрэг вакциныг амжилттай хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэнд баяр хүргэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад вакцин нийлүүлэх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр илгээсэн захидлыг хүлээн авсан гэдгээ хэлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монголын талаас ирүүлсэн бүх хүсэлтийн хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон хувийн хэвшлийнхэнтэй вакцин нийлүүлэх гэрээ байгуулж байгаа гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга вакцинтай холбоотой Монгол Улсын Засгийн газрын хүсэлтэд дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлж, “Sputnik V” вакцины нийлүүлэлтийг түргэвчлэхэд анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хоёр орны түүхэн харилцааны онцгой ач холбогдлыг харгалзан үзэж, Монгол Улсад тэргүүн ээлжинд вакцин нийлүүлэхэд анхаарал хандуулж ажиллана гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-ын талд тавьсан “Sputnik V” вакциныг Монгол Улсад үйлдвэрлэх санал, түүнийг хэрэгжүүлэх боломжуудын талаар талууд санал солилцлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, вакцин үйлдвэрлэх боломжийг судлах Ажлын хэсэг гаргахаар болов.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ойрын үед биечлэн уулзах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэний хөдөлгөөнүүд Шадар сайд С.Амарсайханыг огцруулах шаардлага хүргүүлэв

Иргэний хөдөлгөөнүүд Шадар сайд С.Амарсайханыг огцруулах шаардах албан бичиг өглөө. Шадар сайд С.Амарсайханы эхнэр халдвартай улаан бүс рүү нэвтэрч, эцэг эхтэйгээ уулзсан гэх мэдээлэл сошиал орчинд тархаад байсан билээ.

Тиймээс энэхүү үйлдлийг эсэргүүцсэн Иргэний нийгмийн төлөөллүүд Шадар сайд С.Амарсайханыг огцруулах албан бичгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлжээ.

Тус шаардлагыг 72 цагийн дотор шийдэж өгөхийг хүсэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Өвөрхангай аймаг: “Covid-19”-ийн халдвар авсан 22 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Өвөрхангай аймгийн Хужирт суманд давхардсан тоогоор 2267 иргэнээс PCR шинжилгээ авснаас 64 иргэнд халдвар илэрсэн.

Тусгаарлах эмнэлэгт 63 иргэн эмчлүүлж байгаагаас эдгэрсэн 18 иргэнийг өнөөдөр (2021.04.02) эмнэлгээс гаргаж, гэрийн ажиглалтад шилжүүлж байна.

Тусгаарлан ажиглах 3 байранд нийт 77 иргэн байгаагаас өчигдөр, өнөөдрийн байдлаар 27 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлжээ.

Өвөрхангай аймагт 2021 оны дөрөвдүгээр сарын 1-2 шилжих өдрүүдэд 631 хүнээс PCR шинжилгээ авсан бөгөөд одоогоор хариу гараагүй байна. Эмчлүүлэгчдийг байршлаар авч үзвэл БОЭТ-д 15, тусгаарлах хяналтанд 2, гэрийн хяналтанд 2, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт 7, Хужирт сумын тусгаарлах эмнэлэгт 45, нийт 71 хүн эмчлэгдэж байна. Тэдгээрээс хүнд 1, хүндэвтэр 5, хөнгөн 65 хүн байна.

Аймгийн хэмжээнд нийт халдвар авсан тохиолдол 91 байснаас 22 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Халдвар авсан тохиолдлын 84 нь насанд хүрэгчид, 7 нь хүүхэд, эрэгтэй 31, эмэгтэй 60 хүн байна.

Түргэвчилсэн шинжилгээнд 258 иргэнийг хамруулахад Арвайхээрт 2, Хужиртад 1, нийт 3 сул эерэг тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр хүмүүсийг PCR шинжилгээнд хамруулсан ба хариу гараагүй байна. Арвайхээр, Хужирт, Хархорин сумын Тусгаарлан ажиглах байранд 111, гэрийн ажиглалтад 1719 хүн байна.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Онцгой комисс

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт ажиллах тариаланчдыг PCR шинжилгээ, АОК-ын тодорхойлолтыг үндэслэн нэвтрүүлнэ

“Ковид-19” халдварын эрсдэл үүсээд байгаатай холбогдуулан хөдөө орон нутагт ажиллаж буй 14 мянга орчим тариаланчийг дөрөвдүгээр сарын 3-17-ны хооронд вакцинжуулах ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулна.

Хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, хэрэгцээт үр бордоо, шатахуун, сэлбэг хэрэгсэл, ургамал хамгааллын бодис тээвэрлэх ажлыг саадгүй нэвтрүүлэх зорилгоор тариаланчид, ногоочид, зөгийчид, техник болон үр бордоо, ургамал хамгааллын бодис нийлүүлэгч диллер аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудыг PCR шинжилгээг үндэслэн нийслэл хот болон аймаг, сумаас нэн яаралтай гаргах ажлыг шуурхай зохион байгуулахаар боллоо гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.