Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: 271 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн хоногт 17537 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 271 хүнд халдвар илэрсэн. Шинээр илэрсэн тохиолдлын 232 нь Улаанбаатар хотоос илэрсэн бол орон нутгаас 39 илэрлээ. Ингэснээр орон нутагт гарсан халдвар 1170 боллоо. Мөн эмчлүүлж байсан 54 настай эрэгтэй нас баржээ.

Сүүлийн 24 цагт 163 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын тоо 9698 боллоо.

Одоогоор 1987 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 7, хүнд 36 хүн байгаа” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Улсын начин Э.Энхбат зодуулсны улмаас хүнд бэртэж, сэхээнд байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ, Монголын олимпын холбооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь өчигдөр ХУД-ийн нутаг дэвсгэрт Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож хүнд гэмтээлээ гэх хэрэг олныг цочирдуулаад байна.Сэжигтэн Н.Түвшинбаярт ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг үүсгэн шалгаж, түүнийг эрэн сурвалжлах ажлыг эхлүүлээд байгаа юм байна.

Энэхүү аймшигт хэргийн талаар Улсын начин Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг “Бүх юмыг идэвхгүй болгож байна. Миний хань сэхээн амьдруулах тасагт үхэх сэхэхийн даваанд байна. Бурхан гэж байдаг бол одоо биднийг ивээх болтугай. Хүний зовлонгоор битгий жаргал хий, хүн дүрст зарим адгуус минь” гэж өөрийн цахим хуудастаа бичжээ.

Categories
мэдээ цаг-үе

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Зүүнбүрэн сумын Шуурхай штабтай өчигдөр /2021.04.03/ цахимаар шуурхай хуралдаан хийжээ.


Зүүнбүрэн суманд Улаанбаатар хотоос очиж, гэрийн ажиглалтад байсан иргэний PCR шинжилгээний хариу аймгийн Нэгдсэн вируслогийн лабораторид батлагдсан байна. Иймээс тус суманд зохион байгуулалтын оновчтой арга хэмжээ авч, хурдан шуурхай ажиллах чиглэл өгсөн байна. Хуралдаанд аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан аймгийн хэмжээнд Covid-19 халдварын өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 19-ний өдрийг хүртэл түр зогсоож, хүүхэд багачуудаа эрсдэлээс хамгаалах санал танилцуулсныг комиссын гишүүд дэмжжээ. Мөн энэ хугацаанд хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж, хүүхдэд тавих хараа хяналтыг өндөржүүлэх саналыг гишүүдийн зүгээс гаргасан байна.

Зүүнбүрэн суманд Covid-19 халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн тул эрүүл мэндийн төв, эмийн сан, шатахуун түгээх станцыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллуулж, бусад үйлчилгээний газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохоор болжээ. Хүнсний дэлгүүрийг 10:00-20:00 цаг хүртэл халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн ажиллуулах, дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 18:00 цагаас 05-ны өдрийн 18:00 цаг хүртэл 72 цагийн хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон байна. Мөн тус сумын орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлах зэрэг шийдвэрийг гаргалаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятадад үйлдвэрлэсэн “Вероселл” вакцины 300 мянган тунг хүлээн авлаа

Манай улс энэ сард Covid-19 эсрэг 900 мянган тун “Вероселл” вакциныг Хятад улсаас татан авахаар төлөвлөөд байгаа. Үүний эхний ээлж болох 300 мянган тун вакциныг өчигдөр /2021.04.02/ 22:25 цагт МИАТ ТӨХК-ийн ОМ-224 аялалын дугаартай Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор тээвэрлэн авчрав. Үлдсэн 600 мянган тун вакциныг дөрөвдүгээр сарын 10-ны дотор татан авах төлөвлөгөөтэй байгааг Засгийн газраас танилцуулсан.

Нийслэлд дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн байдлаар дархлаажуулалтын 40 цэгт 90 багийн 650 ажилтан 11181 иргэнийг вакцинжуулалтад хамруулсан байна. Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас Covid-19 эсрэг дархлаажуулалтыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд 323690 хүнийг дархлаажуулаад буй билээ. Энэ сард багтаан 1.1 сая иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Монгол Улсын хувьд АНУ, Германы хамтарсан “Файзер”, Оксфордын их сургуулийн “АстраЗенека”, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероселл”, ОХУ-ын “Спутник-V” зэрэг вакциныг зөвшөөрсөн.

Одоогоор 490 мянган хүн тун вакцин хүлээн авч дархлаажуулалтыг явуулж байгаа байна. Энэ сард 900 мянган тун “Вероселл” вакцин, нэг сая тун Спутник-V, 400 мянган тун “АстраЗенека” вакцин татан авах юм. Мөн Ковакс хөтөлбөрийн хүрээнд 690 мянган хүн тун вакцин авахаас 40 мянган хүн тунг нь аваад байгаа билээ.

Эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ажилтан албан хаагчид, дараа нь үйлчилгээний байгууллагуудын ажиллагсад, өндөр настнууд болон архаг, суурь өвчтэй иргэд гэх мэтээр шат дарааллын төлөвлөгөөний дагуу дархлаажуулалтын ажил үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Н.Отгонтуяа: Хүүхдийг сурлага сайтай болгохоос гадна зөв төлөвшил хүмүүжилтэй, эх оронч, эерэг хандлагатай иргэн болгон төлөвшүүлэх нь илүү чухал

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн захирал Н.Отгонтуяатай ярилцлаа. Тус сургууль нь Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бөхийн Баастын нэрэмжит, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт лаборатори сургууль юм.


-Танай сургуулийг Монголын ууган сургуулиудын нэг гэдэг. 1926 онд байгуулагдсан бил үү?

-Тийм ээ, манай сургууль Монгол Улсын хэмжээнд ууган сургуулиудын тоонд багтдаг. 1921 оны ардын хувьсгалын дараагаар хүн ард, хүүхэд багачуудаа бичиг үсэгтэй болгох Монгол төрийн бодлогын хүрээнд 1927 оны есдүгээр сард Алтайн Урианхай долоон хошууны нутаг одоогийн Алтанцөгц суманд “Алтайн-Урианхайн Чохам чуулганы танхим” нэртэйгээр 25 хүүхэд, нэг багш, хоёр ажилчин, гурван гэртэйгээр анхны бага сургууль байгуулсан нь одоогийн манай сургуулийн хөрс суурь болсон байна. Тус бага сургууль Алтанцөгц сумын Олон нуур, Улаан богоч, Хөх мод, Буган хар ус, Хатуу зэрэг газруудад нүүдэллэн хичээллэж байгаад 1930 оны намар нүүж Алтай ханы хошууны бага сургууль нэртэйгээр одоогийн бууриндаа суурьшсан байдаг ийм л түүхэн замналтай сургууль даа. 2027 онд бид 100 жилийнхээ ойг амжилт бүтээлээр арвин, эрдмийн олз омог ихтэй тэмдэглэхээр зэхэж байна. Энэ ялдамд Монгол Улсын ууган сургуулийн нэг болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хоёрдугаар сургуульд залуу халуун насаа зориулж, түмний хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд нэгэн сэтгэлээр зүтгэсэн үе үеийн багш, ажилчид болон ууган сургуулийнхаа бахархал, үнэт зүйл нь болсон нийт төгсөгчид та бүхэндээ орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн энэ цаг үед ажиллаж буй багш ажилчид, суралцаж буй сурагч хүүхдүүддээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

-Тэгэхээр Баян-Өлгийгөөс тодрон гарсан бүхий л алдартай, нэр хүндтэй хүмүүс танай сургуулийн төгсөгчид байжээ?

-Дээр хэлсэнчлэн манай сургуулийн үнэт зүйл бол үе үеийн төгсөгчид юм. Тус сургуулийн төгсөгчид маань Монгол Улсынхаа дөрвөн зүг, найман зовхист өөр өөрсдийн эзэмшсэн мэргэжлийн дагуу амжилт бүтээл арвинтай ажиллаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулан амьдарч байна. Тэр бүхнийг энд тоочин өгүүлээд барамгүй бөгөөд жишээ татан хэлэхэд, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Бөхийн Бааст гуай, Монгол Улсын Төрийн шагналт хүний их эмч Жалелийн Хайрулла, Монгол Улсын Ардын жүжигчин Банзарын Дамчаа, Риймэдийн Самжид, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Бөпөөгийн Пунцаг, Монгол Улсын Төрийн соёрхолт математикч Р.Энхбат, МУСГЗ нэрт хятад судлаач М.Чимэд-Цэеэ, нэгэн гэр бүлээс тодрон гарсан ах дүү гурван доктор Цэндийн Баатар, Цэндийн Гантулга, Цэндийн Баттулга, МУСГЗ нэвтрүүлэгч Ш.Ёлка, МУСГЗ зохиолч Ч.Галсан, доктор Х.Хангайсайхан, Г.Золбаяр, Н.Оюунцэцэг гэх мэтчилэн олон арван хүндтэй төгсөгчид байдаг.

-Энэ хичээлийн жилд танай сургууль хэдэн багш ажилчид, хичнээн сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна?

-Тус хичээлийн жилд сургууль маань 140 гаруй багш ажилтан, 2200 шахам сурагчтайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

-Сурагчдын сурлага, элсэлтийн шалгалтын дүн, оноогоор тухайн сургуулийн сурлагын чанарыг тодорхойлоод байдаг тал бий?

-Сургалтын чанар гэдэг сургуулийг тодорхойлох чухал үзүүлэлт байдаг. Манай сургууль үеийн үед сургалтын амжилтаараа аймагтаа тэргүүлэн ажилласаар ирсэн ба сүүлд 2018 онд Боловсролын үнэлгээний төвөөс авсан чанарын үнэлгээний шалгалтаар аймагтаа тэргүүлсэн. Жил бүр төгсөгчид маань ЭЕШ-ын 10 хичээлээр шалгалтад хамрагдаж, аймгийн хэмжээнд ЭЕШ өгдөг хүүхдийн тоогоор хамгийн олон хүүхэдтэй нь манайх байдаг. Нэн ялангуяа нийгмийн ухаан, математик, монгол хэлний хичээлүүдээр тус бүр 50-60 хүүхэд шалгалт өгдөг. Энэ массаараа зарим тохиолдолд ЭЕШ-ын дүн харилцан адилгүй гардаг. Сургалтын чанар, элсэлтийн ерөнхий шалгалтын дүн зэрэг нь хэдийгээр чухал ч, илүү чухал асуудлууд бас байна. Жишээ нь, хүүхдийг зөвхөн сурлага сайтай болгохоос гадна зөв төлөвшил хүмүүжилтэй, эх оронч, эерэг хандлагатай иргэн болгон төлөвшүүлэх нь илүү чухал байгаад байна. Иймээс сургуульд сурч боловсрох хугацаанд нь хүүхдийг хөгжүүлэх олон талын үйл ажиллагааг сургууль хэрэгжүүлж байх нь чухал. Ер нь хараад байхад хүүхдийн хөгжил маань хичээл гадуурх олон нийтийн үйл ажиллагаагаар нэлээд сайн явагдаж байдаг. Олон нийтийн ажилд идэвхтэй, оролцоо сайтай хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх, бусадтай хамтран ажиллах чадвар нь давуу байдаг. Мөн сургуулийн хувьд бас нэгэн чухал асуудал бол хүүхэд хамгааллын бодлогыг онцгойлон анхаарч хэрэгжүүлэх явдал юм. Нийгмийн хөгжлийг дагаад бидний орчин тойронд янз бүрийн эрсдэлтэй болон эрсдэл үүсэх магадлалтай асуудлууд их гарч байна. Энэ тохиолдолд хүүхдүүдээ бодлогоор хамгаалж, эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг бид хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай байгаа.

-Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас ЕБС гэлтгүй боловсролын бүхий л үйл ажиллагаа цахимаар явж байна. 100 хувь цахимаар хичээл орж байхад танай багш нар сурагчидтайгаа хэрхэн холбогдож байв. Алслагдсан сумдын хүүхдүүдэд интернэт, тог цахилгааны асуудлаас үүдэж хичээлээс хоцрох бэрхшээл гарч байв уу?

-Тийм ээ, цар тахлын улмаас их олон өөрчлөлт гарч хичээл сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн. Эхний үеүүдэд ч учраа олохгүй мунгинах зүйл их байсан. Цахим орчин ч сайн бүрдээгүй, багш нар маань ч цахим орчинд ажиллах дадлага туршлагагүй гэх мэт олон л асуудал байлаа. Гэвч цаг үеийн байдалд дасан зохицож багш сурагчид маань цахим орчинд сурах арга барилыг эзэмшиж байна, сургуулийн цахим орчныг ч бүрдүүлж сайжруулаад байна. Мэдээж алслагдсан сум, багийн хүүхдүүд тог цахилгаангүй, интернеттэй орчингүй болохоор багш нар маань хэвлэмэл байдлаар даалгавар өгч авах, сумын таксинд дайх гэх мэтээр ажиллаж байна. Гэвч зөвхөн сумын хүүхдүүд гэлтгүй төвийн хүүхдүүдэд ч мөн асуудлууд байдаг. Ялангуяа эцэг эх нь ажилтай хүүхдүүдэд оройн цагаар хичээл орох, зарим айл өрхүүд утасгүй, интернетгүй, зарим эцэг эхчүүд цахим орчинд ажиллаж мэдэхгүй гэх мэт. Ямартай ч өвчин зовлонгүй, эрүүл энх байж урьдынх шигээ танхимаараа хичээллэхийг маш их хүсэж байна даа. Тэгвэл хүүхдүүд маань хичээлээ бүрэн дүүрэн сурч, хичээлээс гадуурх хүүхдийн хөгжлийг хангах олон талын үйл ажиллагааг хэрэгжүүлж, хөгжих боломж нь бүрдээд сайхан байхсан.

-Өнөө жил Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Бааст гуайн 100 жилийн ой тохиож байна. Энэ ойг тохиолдуулаад нэрэмжит сургууль нь олон ажил төлөвлөөд, эхнээс нь хэрэгжүүлээд эхэлсэн гэж дууллаа?

-Энэ жил их зохиолчийн маань 100 жилийн ой тохиож байна. Энэ хүн бол зөвхөн Баян-Өлгийчүүд төдийгүй Монгол Улсын хэмжээнд бахархал болсон нэрт соён гэгээрүүлэгч хүн билээ. Нэрэмжит сургуулийн хувьд бодож төлөвлөсөн ажлууд их байна. Эн тэргүүнд нэрэмжит номын сантай болох ажлыг төлөвлөн хэрэгжүүлээд байгаа, мөн төрсөн газар болох Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд тус эрхэм хүмүүний талаарх контент нэвтрүүлэг бэлтгэх ажлыг төлөвлөж байна. Мөн МХБУЗ-ын заах аргын нэгдлээс сурагч багачууд, олон түмэнд чиглэсэн ажлуудыг төлөвлөсөн байгаа. Мөн санаагаар болдог бол нэрэмжит сургуулийнх нь өмнө хөшөө, цогцолбор сүндэрлүүлэх ажлыг бодож төлөвлөж л байна. Гагцхүү энэ нь аймаг орон нутгийн дэмжлэг болон үе үеийн төгсөгчдийн маань сайхан сэтгэлийн үр дүнгээр бүтэх ажил болов уу. Гэхдээ санаж явбал бүтнэ гэгчээр удахгүй биелэлээ олох байх гэж найдаж байна.

-Танай сургуулийг Өлгийн төвийн ганц Монгол сургууль гэдэг. Ганц Монгол сургууль гэхээр зарим хүмүүс гайхах байх л даа?

-Манай аймаг Монгол угсаатны бүлгүүд болох урианхай, дөрвөд, тува, халх болон казах үндэстнээс бүрддэг хэл соёлын ялгаатай бүс нутаг юм. Аймгийн хэмжээнд Монгол хэл дээр 100 хувь сургалт явуулдаг сургууль нь манай сургууль учраас Өлгийн төвийн ганц Монгол сургууль гэж онцлох явдал бий. Гэхдээ тус сургуульд тус аймгийн үндэстэн болон угсаатны бүлгүүдийн бүх төлөөллийн хүүхдүүд суралцдаг. Энэ ч утгаараа багш нар маань, тэр дундаа бага ангийн багш нар олон янзын хэл устай хүүхдүүдийг яг төвийн монгол хүүхдүүдтэй ижил программын дагуу сургахад багагүй хүндрэл бэрхшээлтэй тулгардаг.

-Өлгийн төв дээр Ерөнхий боловсролын хичнээн сургууль байдаг вэ?

-Манай аймаг нийт 44 сургуультай, Өлгийн төв дээр төрийн 10 сургууль, хувийн хэвшлийн дөрвөн сургууль бий.

-Гэхдээ сүүлийн үед Баян-Өлгийн аймгийн казах иргэдийн хувьд үр хүүхдийнхээ ирээдүйг бодож, боловсролд нь илүү анхаарахын тулд Монгол хоёрдугаар сургуульд хүүхдээ элсүүлэх нь нэмэгдсэн гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Сүүлийн жилүүдэд тус сургуульд элсэн суралцах хүүхэд багачуудын тоо нэмэгдэх болсон нь үнэн. Тухайлбал сүүлийн дөрвөн жил тутам манай сургуулийн анги бүлгийн тоо тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Ялангуяа нэгдүгээр ангид энэ жилийн хувьд бүр гурван бүлэг нэмэгдсэн. Үүнд мэдээж олон хүчин зүйл нөлөөлж байгаа болов уу. Нэгдүгээрт ууган сургуулийн багш ажилчдын маань суурь чадвар, аргазүй ихээхэн нөлөөлж байгаа байх, хоёрдугаарт таны асуусан асуулттай санал нэг байна. Казах иргэд маань үр хүүхдийнхээ ирээдүйг бодож, боловсролд нь анхаарч монгол хэл сургах хүсэл эрмэлзэл их байгаа явдал билээ. Үүнээс үүдээд манай бага ангийн багш нар арга зүй, ур чадвараа улам сайжруулан ажиллаж байна. Учир нь огт Монгол хэл мэдэхгүй казах хүүхдэд Монгол хэлний Цагаан толгой зааж эхлэх нь Монгол хүүхдэд гадаад хэл заахтай адил үйл явц тул манай бага ангийн багш нарт үүрэг хариуцлага, хичээл зүтгэл ихээхэн оногдож байгааг энд онцлон хэлэх нь зүйтэй болов уу.

-Сургуулийн байрыг шинээр барих, байраа өргөтгөх асуудал гарахаар газрын маргаан үүсдэг нэг тийм таагүй явдал хаа сайгүй байна. Танайхыг бас газрын маргаантай байсныг нэг тийш нь болгосон гэж сонссон юм байна?

-Ер нь манай сургуулийн эргэн тойрны газрууд зарим нэг хүмүүсийн хувийн ашиг сонирхолын үүднээс зарагдсан, хувь хүний нэр дээр шилжсэн, шилжээд удсан гэх мэт сүүлийн 10-аад жил маргаан дагуулсан асуудлууд байдаг. Үүнийг одоо нуух шаардлага байхгүй гэж бодож байна. Манай аймгийн Засаг дарга солигдох болгонд ажиллаж байсан удирдлагууд болон зарим нэг хүмүүсийн хариуцлагагүй, зарчимгүй хандлагатай холбоотой юм. Газрын маргааны асуудлаар миний бие захирлын ажлыг авсны дараагаар уйгагүй хөөцөлдөж зүтгэсний үр дүнд захиргааны хэргийн хяналтын шатны дээд шүүхийн 2018 оны аравдугаар сарын 01-ний өдрийн 357 дугаар тогтоолоор маргаан үүсгэсэн газрыг эргүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлж, 43 жилийн хугацаатай эзэмших эрхийг гэрчилгээжүүлэн авсан юм. Одоо мөн үлдсэн газраа авах талаар хичээн ажиллаж байна. Мэдээж хэрэг газрын асуудлаар хэл ам хийж явсны улмаас аймгийн удирдлагуудад таалагдахгүй гадуурхагдаж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сургуульдаа нэг ч дэмжлэг авч чадаагүйгээр үл барам ажлаасаа халагдаж, шүүхийн шийдвэрээр томилогдож, ахин дахин чичлүүлж амаргүй дөрвөн жилийг өнгөрөөлөө. Энд нэг зүйлийг хэлэхэд үр хүүхдүүдийнхээ сурч боловсрох сургуулийн орчны газраас хумсална гэдэг тун ч онцгүй сэтгэлгээ. Бидний ирээдүй хойч үе эрүүл аюулгүй орчинд боловсрол эзэмшихэд сургуулийн эзэмшил газар их чухал шүү.

-Монгол орны алс баруун хязгаар, Баян-Өлгий аймгийн төв дэх ганц монгол сургуулийн захирал төв хэвлэлд ярилцлага өгч байгаа болохоор төр засагтаа, харьяа яамандаа хандаж хэлмээр юм байгаа л байх?

-Төр засаг харьяа яамдаа хандаж дараах хүсэлтийг хэлмээр байна.

Бидэнд одоогийн нөхцөл байдалд маш чухал хэрэгцээ шаардлагатай байгаа зүйл бол хүүхдийн дотуур байр юм. Учир нь манайх ганц монгол сургууль гэдэг утгаараа аймгийн хөдөө сумдын хүүхдүүд манайхыг маш их зорьж ирдэг, тэр ч бүү хэл Ховд, Увс аймгийн зэргэлдээ сумдын хүүхдүүд ч ирдэг. Гэтэл эдгээр ирж байгаа хүүхдүүд маань айлд байх, байр түрээслэх гэх мэтээр байрлах явцад хүүхдийн эрх зөрчигдөх, янз бүрийн эрсдэл үүсэх зэргээр үүнтэй холбоотой хүүхэд хамгааллын асуудлууд олноор гарч байна. Иймд олон ястны үр хүүхдийг сурган хүмүүжүүлж буй тус сургуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж сургуулийн дотуур байрны асуудлыг шийдвэрлэн өгч ажиллабал бид бүхэн туйлын их баярлах байна. Мөн хичээлийн хуучин байранд урсгал засвар хийх асуудал, үүнээс гадна тус хичээлийн жилээс манай сургууль аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээг хэрэгжүүлэх загвар сургуулиар сонгогдон ажиллаж эхэлсэн. Цаашдаа энэхүү ажлыг хийж хэрэгжүүлэхэд бидэнд чухал хэрэгцээ шаардлагатай зүйл бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин бүрдүүлэх явдал юм. Иймд тухайн шаардлага хангасан орчныг бүрдүүлэхэд бидэнд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсье. Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгаж, үйл ажиллагааг нь тогтвортой хэрэгжүүлэх нөхцөлийг хангахад онцгойлон анхаарч ажиллаасай гэж хүсч байна даа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

А.Баатархуяг: Цэцэд нөлөөлж одоогийн Ерөнхийлөгчийн нэр дэвших эсэх асуудлаар маргаан үүсгэсэн

Сэтгүүлч А.Баатархуягтай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Цэц дээр маргаан үүссэн. Товчхондоо, Цэц дээр одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй юү, үгүй юү гэдэг асуудлаар маргаан үүсээд байгаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийсэн. Нэгэнт Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийсэн юм бол дэвших эсэх тухай асуудлыг янз бүрээр тайлбарлаж болохгүй юм. Угаасаа л Үндсэн хууль дээрээ Ерөнхийлөгчийг нэг удаа сонгодог байх заалт бий. Бүх хүмүүс нэг удаа нэр дэвших эрхтэй гэж тайлбарлаад байгаа шүү дээ. Энэ улсын гурван сая иргэнээс нэг хүн нь л нэр дэвших эрхгүй гэсэн заалт оруулаагүй байлгүй дээ. Яахав, ийм асуудлыг яриад байгаа нь улс төрийн явуулга л даа. Бид үүнийг мэдэж л байгаа. Мөнгөөр бүхнийг захирч болно гэдэг нөхдүүд ийм юм хийж байгаа, ингэж болохгүй. Үндсэн хууль гэдэг хулгайч нарын оролцдог ч юм биш. Үндсэн хуульд бүгд нэр дэвших эрхтэй гээд заачихсан, түүгээрээ л байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт ажиллаж байсан зарим хуульчдын зүгээс одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших эрхгүй гэж тайлбарлаад байгаа шүү дээ.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа бүх ард түмнээрээ хэлэлцсэн гэж нөхдүүд худлаа ярьсан шүү дээ. Энэ асуудлыг үнэхээр маргаан гэж үзэх юм бол Үндсэн хуулийг баталж байхад хүмүүсийн хэлсэн үг, юу гэж ойлгох уу, яах вэ гэдэг талаарх тэмдэглэлийг гаргаж үзээд л болоо. Үндсэн хуулийн Цэц нэг хүнд зориулж шийдвэр гаргадаг байгууллага биш. Үндсэн хуулийг сахиж, мөрдөх тухай асуудлыг л гаргаж тавьдаг Дээд шүүх юм. Яг амьдрал дээр бодоод үзэх хэрэгтэй. Нэг хүн нэр дэвшиж болохгүй, бусад гурван сая гаруй хүн нь нэр дэвшиж болно гэсэн тийм хууль байж болохгүй биз дээ.

-Цэц маргаан үүсгэсэн нь өөрөө буруу, нөгөө талдаа үүсгэх ёстой гэх зэргээр ярьж байна л даа. Үүнд та юу хэлэх вэ?

-Цэц дээр мэдээлэл ирэх үед нь нэг нөхөр л хүлээгээд авчихсан юм билээ. Яахав дээ, ямар нэгэн нөлөөлөл ороод л, маргаан үүсгэнэ гээд авчихгүй юу. Цэцийн зүгээс нэгэнт Үндсэн хуульд бүх хүн нэр дэвших эрхтэй гээд заачихсан учраас бид энэ асуудлыг хэлэлцэх ёсгүй гэж байгаа. Өөрөөр хэлбэл, бүгдээрээ дэвших эрхтэй л гэсэн үг юм. Яг үнэндээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч нэг удаа нэр дэвших эрхтэй гэж заасан юм чинь өмнөх бүх Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй. Ц.Элбэгдорж, Н.Багабанди, Н.Энхбаяр ч нэр дэвшиж болно.

-Цэцийн шийдвэрт нөлөөлж маргаан үүсгэлээ гэж байна. Яаж нөлөөлсөн гэсэн үг вэ?

-Мөнгө. Мөнгө л нөлөөлж байна.

-Цэц хэнээс ч хараат бус байх ёстой биз дээ. Хэн тэгж нөлөөлөөд байгаа юм бэ?

-Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэдэг ч мөнгөөр бороо оруулах гээд үзээд байна л даа. Улс төрийн нөлөө орж байгаа хэрэг. Хэрвээ Ардчилсан Үндсэн хуулийг улс төрийн нэг хүчин, эсвэл нэг хулгайч дураараа, өөрийнхөөрөө тайлбарлаад байх юм бол цаашдаа энэ улсад дэг журам гэж байхгүй болно. Учир нь Үндсэн хууль гэдэг нийтээрээ хоорондоо ярьж тогтоод дагаж, мөрдөхөөр тогтсон бидний дундын дүрэм юм. Үүнийг хэн нэгэн хуульч, УИХ-ын гишүүн ч зохиодог юм биш. Ерөөсөө Монголын ард түмэн ярилцаж байгаад энэ дүрмээр явна шүү гэсэн л ойлголт юм. Дэлхийн бүх л ардчилсан улс ингэж л явж байгаа. Бүх ард түмний үүрэг зорилгыг хэн нэгэн нөхөр хулгай хийчихээд хулгайгаа далдлахын тулд тайлбарлаад байх юм бол Латин Америк, Африкийн улсад болдог шиг л хогийн зүйл болно. Тэр зам руугаа л орж байгаагийн шинж.

-Тэгвэл Цэц хэзээнээс ингэж бусдын нөлөөнд автдаг болчихов?

-Үндсэн хуульд орсон дордуулсан гэгддэг долоон өөрчлөлтөөс хойш шүү. Тухайн үед бид ч зөндөө бичиж байсан. Тухайн үеийн Ерөнхийлөгч ч хэлж байсан. Энэ дордуулсан долоон өөрчлөлт Үндсэн хуулийг минь баллаж байна гэдгийг хэлж, ярьж л байсан. Гэтэл дордуулсан өөрчлөлтийг дээрдүүлэх гэж байгаа нь энэ гээд бүр дордуулчихлаа. Эхлээд шинэ Үндсэн хууль гэх зэргээр зөндөө сурталчилсан. Тийм биш, та бүхэн зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт л хийх гэж байгаа биз дээ гэсэн, сүүлдээ нэмэлт, өөрчлөлт гэдэг зүйл болгоод бантан хутгасан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс хойш өөдөө гарсан нэг ч зүйл алга. Бүх зүйлийг будлиантуулаад самраад хаячихлаа.

-Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч Цэцийн даргатай уулзсан нь хэр зөв үйлдэл юм бэ?

-Үндсэн хуулийн Цэц болоод бусад байгууллагууд хоорондоо уулздаг, ярих янз бүрийн асуудлуудтай. Гагцхүү Ерөнхийлөгч “Та миний асуудлыг тийм байдлаар шийдээрэй” гэж хэлсэн тохиолдолд асуудал үүснэ. Түүнээс Үндсэн хуулийн Цэцийн дарга угаасаа л Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдтэй уулзаад л явж байдаг шүү дээ. Би ч гэсэн ороод уулзаад л гардаг. Ганц аяга цай уугаад ном товхимол, зарим зүйлсийн талаар санал солилцдог. Тэгэхээр ийм зүйл байж болохгүй гэсэн үг үү.

-Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихлээ. Х.Баттулга дахин нэр дэвших үү, үгүй юү гэдэг нь маргаантай хэвээр л байна. Ер нь цаашдаа үйл явдал хэрхэн өрнөх гээд байна вэ?

-Бүх хүн л тийм хүлээлттэй байна. Цэц энэ асуудлыг хүлээж авахгүй гэж шийдсэн. Тэр утгаараа Х.Баттулга нэр дэвших эрхтэй л гэсэн үг. Гэтэл өнөөдөр нам нь хоёр хуваагдчихсан байж байна. Энэ бол холбоотой, зүй тогтолтой үйл ажиллагаа юм. Манай нийгэм чинь бүтэн том систем. Энэ систем дотор Х.Баттулга гэдэг хүнийг дэвшүүлэхгүй гэсэн хоорондын уялдаатай үйл ажиллагаанууд явагдаж байгаа. Үүнийг бүгд л харж байна. Х.Баттулга гэдэг хүн энэ нийгмийг захирч, жанжилж, хулгайлж, хумсалж байсан цөөнгүй хүнийг торны цаана хийчихээр нөгөөдүүл нь яаж дуртай байх билээ дээ. Мөнгөний засаглал тогтоож байгаагийн шинж л дээ. Нөгөөдүүл нь мөнгөөр дамжиж дураараа аашлах гэсэн л арга. Энэ дунд орсон улстөрчид гэх өнгөрсөн 30 жилийн булхайг хийлцсэн хүмүүс ийм балиар юм хийж эхэлж байгаа юм. Нэр дэвших эсэх асуудал дээр маргаан бол байхгүй. Гагцхүү энэ улсад мөнгөний засаглал цаашдаа байх уу, үгүй юү гэдэг асуудал яригдаж байна гэж л харах ёстой.

-Ардчилсан нам өөрөө ингэж хагарч, бутарч, хүмүүсийн яриад байгаа шиг эрх баригчдын хатгааст ороод байгаа нь ямар учиртай юм бэ?

-Ардчилсан нам өөрөө биш. Ардчилсан нам дотор нэр бүхий этгээдүүд гэж хэлэх хэрэгтэй. Ардчилсан намын бүх гишүүд Монгол Ардын намын бодлогын төлөө гүйгээд байгаа зүйл энд байхгүй. Зөвхөн Эрдэнэ гэдэг хүн. Тэрээр улсад хуучин элеватор 11 тэрбум төгрөгөөр шахсан хэрэгтэй юм байна. Анзаарсан бол хэргийг нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан. Уг мэдээлэл гарангуут Ардчилсан намынхан асуудлаа шийдье гээд ажлын хэсэг байгуулангуут маргааш нь прокурор дээрээс С.Эрдэнэ гэдэг хүний хэргийг сэргээчихсэн. Гэтэл С.Эрдэнэ буцаад л намаа үймүүлэх ажлыг хийж эхэлсэн. Энэ бол хүн бүрийн нүдэнд ил байгаа улс төрийн явуулга. Тэгэхээр намд буруу өгч болохгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Жүжигчин Г.АМГАЛАНБААТАР: Эмнэлэгт байхдаа л мэдээлэл хийе гэж бодсон доо

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Амгаланбаатар “Ковид тусаад эдгэсэн хүний хувьд бүжгийн шоуны дараа лайв хийж, мэдээлэл хүргэнэ ээ” хэмээн нүүр номдоо 28-ны 22 цаг 15 минутад бичсэн байлаа. Харин амласан ёсоороо лайв хийхэд 856 хүн сэтгэгдэл бичиж, 995 удаа хуваалцжээ. Түүнтэй ярилцлаа.


-Ковид тусаад эдгэсэн гэдгээ зарлахад эр зориг шаардсан байх. Таныг ийм алхам хийсний дараа хүмүүс яаж хүлээж авсан бэ?

-Одоохондоо нэг их сөрөг хандлага мэдэгдэхгүй байна. Харин ч зөв зүйл хийсэн байна, хүмүүст үнэн бодит мэдээлэл хэрэгтэй байсан юм гэсэн сэтгэгдэл их байна. Мэдээж олон дунд дургүйлхэх өнгө аяс гаргасан хүмүүс ч байна лээ. Тэр нь цөөхөн л дөө. 95 хувь нь зөвөөр хүлээж авсан байна гэж ойлгоод, сэтгэл өндөр байгаа. Таван хувь нь “Худлаа жүжиглэж байгаа юм биш үү” энэ тэр гэсэн байна лээ.

-Сөргөөр хүлээж авах хүмүүс гарна гэдэг сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан уу?

-Тийм тийм. Бид чинь тиймэрхүү маягаар “балбуулаад” сурчихсан шүү дээ (инээв).

-Гэрийнхэн чинь яаж хүлээж авав, лайв хийх талаараа эхнэртэйгээ зөвлөлдсөн гэсэн үү?

-Бас жаахан айдастай байсан л даа. “Ер нь тэгэх хэрэг байгаа юм уу, хайраа. Чи сайн бодсон юм байгаа биз дээ” гэсэн. Би хэлсэн л дээ. Ингэж нэг нь иргэний зориг гаргахгүй бол болохгүй нь ээ. Тэртээ тэргүй драмын театрынхан тавь, жаруулаа туссан гэдгийг хүмүүс мэдэж байгаа” гэсэн. Хүмүүс сошиалаар “Яагаад өвдөөд эдгэсэн хүмүүс юу ч хэлэхгүй байгаа юм бэ, яаж эмчилдэг юм бэ” гээд байдаг. Тийм болохоор би үнэн зөв бодитой мэдээлэл өгье гэсэн юм. Эмнэлэгт байхдаа мэдээлэл хийе гэж бодсон л доо. Гэхдээ гэртээ гарч ирээд, эхний тусгаарлалтын долоо хоногоо дуусгаад, ярихаар шийдсэн юм.

-“АннаКаренина”-г 15 мянган хүн үзсэн гэж танай театрын мэдээнээс харсан л даа.

-Намар л тийм байсан. Намар хөл хорионд орохоос өмнө бүтэн сар тоглосон шүү дээ. Сая бол 50 хувийн дүүргэлттэй тоглох ёстой гээд 4, 5, 6-нд гурван өдөр тоглоод, 6-нд нь “Танай нэг жүжигчинээс ковид илэрсэн байна” гээд тоглолтыг хаасан шүү дээ. 500 хүний суудалтай гэхээр гурав дахь өдрийнхтэйгээ нийлээд 400-гаад хүн үзсэн юм билээ.

-Үзэгчдийн дундаас халдвар илэрсэн болов уу, та бүхэн тэр талаар мэдээлэл авсан уу?

-Тэр талаар мэдээлэл аваагүй. Эхний 54 хүнийг бүгдийг нь аваачаад, Нисэхийн шинэ эмнэлэгт тусгаарлачихсан юм чинь. Гэхдээ би үзэгчдийн дундаас халдвар бараг илрээгүй байх гэж найдаж байна. Яагаад гэвэл бүгд масктай, зай бариад сууж байсан. Үзэгчдийн суудал тайзнаас нэлээд хол шүү дээ.

-Танай гэр бүлийнхнээс халдвар илрээгүй гэсэн. Ийм азтай тохиолдол хэр олон байдаг бол. Танай бусад хүмүүсийн гэр бүлийнхнээс халдвар илэрсэн болов уу?

-Зарим хүний дархлаа, биеийн байдлаас шалтгаалдаг юм уу, эхний удаагийн шинжилгээгээр сөрөг гарсан хүмүүс сэрэмж алдаад, гэрийнхэндээ халдаасан тохиолдол гарсан.

-Халдвар авсанаас хойш бусдад тараадаг хугацаа байх шиг?

-Шинээр халдвар аваад, бусдад халдвар тараадаг хугацаа 5-7 хоног байдаг гэсэн.

-Эрт илрүүлэх тусмаа л гэрийнхэндээ халдаахаас сэргийлэх юм байна?

-Эхний шинжилгээрээр илэрсэн 54 бараг азтай шахуу. Ихэнх нь гэрийнхэндээ халдаагаагүй. Зарим нь байдал эвгүй гээд өөрсдийгөө шууд тусгаарласан. Би гэхэд гэртээ өөрийгөө тусгаарласан гэж ярьсан шүү дээ.

-Гэртээ тусгаарлах боломжтой байсан гэдэг давуу тал юм даа. Олуулаа байдаг, гэрт амьдардаг хүмүүс бол тусгаарлахад хэцүү шүү дээ?

-Асуудалтай шүү. Манай зарим хүн бүр машиндаа хоносон байсан.

-Хэд хоног эмчлэгдсэн бэ?

-Яг арав хоносон.

-Бүгдээрээ юу?

-Би гэхэд л 7-ны орой 23 цагт очсон. Өглөө 6:30 хүртэл биднийг зөөсөн шүү дээ. Нийт 54 хүнийг. 12 цагаас хойш очсон хүмүүс 8-наар бүртгэгдээд, арав хоногийн дараа гарсан.

-Сүүлд зарим хүнийг гэртээ эмчлүүлэх сонголт өгч байгаа гэсэн. Та нарт ийм сонголт байсан уу?

-Тухайн үед тийм сонголт байгаагүй. Биднийг бол шууд л аваад явсан.

-Хамт олноороо эмнэлэгт хэвтэхээр сонирхолтой байх даа. Өвдсөн болохоор томоотой байсан уу?

-Томоотой байхаас өөр аргагүй. Эмч, сувилагч нар маань битүү хувцастай орж ирнэ. Бас хамаагүй холилдоод байж болохгүй. Гэхдээ олуулаа байхаар бас зүгээр. Ганцаараа байсан бол сэтгэлээр илүү унах байсан болов уу. Бөөндөө юм чинь хэн нь хэнийгээ гэх вэ. Өрөөгөөр хамаагүй орж гарч болохгүй болохоор хамт олны фэйсбүүк групп нээгээд харилцаж байсан.

-Таны хувьд ковидын шинж тэмдэг бараг илрээгүй юм байна лээ. Бусад хүмүүсийн хувьд ямархуу байв?

-Манайхаас олон хүний үнэрлэх мэдрэмж алдагдсан. Хүн хүнд өөр юм билээ. Манай нэг хүн бараг хоёр өдөр халуурч хэвтсэн. Гэхдээ дараа нь эсрэг биетийн шинжилгээ өгөхөд түүнд л хамгийн өндөр илэрсэн. Хөнгөн туссан мань мэтэд нь эсрэг биет өндөр биш байсан.

-Хөнгөн өвдсөн хүмүүст бол сүртэй эмчилгээ хийдэггүй юм биш үү. Та бол өндөр тунтай С болон Д витамин, Мана-4, Норов -7 тан л уусан гээд байгаа биз дээ?

-Тийм. Яг л тэгсэн.

-Бүхэл бүтэн байгууллагаараа өвдчихвөл хувийн компани бол маш хүнд байдалд орохоор байна л даа. Танай хувьд ч асуудалтай л байгаа биз?

-Өө байлгүй яах вэ. Үйл ажиллагаа доголдож байна. Өнөөдөр гэхэд манай байгууллага дээр Соёлын яам, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтаас хүмүүс ирж шалгалт хийгээд явлаа. Үйл ажиллагаа хэвийн болох нөхцөл байна уу гэдгийг үзсэн. Одоо тэгээд хөл хорио тогтооно гээд байх шиг байна, тийм ээ. Тэгээд аль болох хурдан хугацаанд театрын доголдсон үйл ажиллагааг хэвийн болгох гээд хичээж байна.

-Ковидын үед урхаг үлдэх эрсдэлтэй гэсэн. Цээжний зургаа авахуулсан уу?

-Зураг сайн авахуулсан. Эмнэлэгт хэвтэхийн давуу тал тэр л юм билээ.

-Гадаадын улс орнуудад ч жүжигчид, тамирчид олны танил хүмүүс ковидоор өвдсөн. Тэдний мэдээллийг харж байв уу?

-Үгүй ээ, нэг их анзаарч байгаагүй шүү дээ. Хүн өөр дээр ирэхээр л анхаардаг юм байна. Цар тахлаас илүү нийгмийн сөрөг хандлага, ялгаварлан гадуурхалт л аюултай түвшинд байна гэж бодоод л явсан юм. Тийм болохоор л зориг гаргаж энэ тухай ярьсан.

-Та байгууллагын Үйлдвэрчний хороог тэргүүлдэг гэсэн үү. Та ер нь зоригтой алхмууд их хийдэг үү?

-Тийм үе байсаан байсан. Ер нь аливаа саад бэрхшээл тулгарах юм бол айж ухарч буцдаггүй, нэгэнт тулсан юмыг бол туулаад л гардаг. Багын л тийм байсан.

-Халдвар авсанаа мэдээд шоконд орсон гэсэн?

-Эхлээд 7-ны өдөр авч явахдаа эхнэр, гурван хүүхдээс маань шинжилгээ авсан. Тэдний шинжилгээний хариу ямар гарч байгаа бол гэдэгт л их санаа зовсон доо. Шинжилгээний хариу хүлээж байхад л толгой манарч өвдөж байсан. Сөрөг гарлаа гэхэд нь сэв хийгээд, сэтгэл санаа сэргээд, бараг эдгэчих шиг болсон. Ковидын үед сэтгэл санааны байдал маш их нөлөөлөх юм билээ.

-Олон хүнээс зэрэг илэрсэн гэхээр олуулаа нэг дор цугладаг байгууллагын онцлог нөлөөлсөн байх л даа?

-Бид тайзан дээр масктай жүжиглэж болохгүй шүү дээ. Тайзны сургуулилт хийж байхдаа л маскаа авдаг. Бусад үед бол халдвар хамгааллын дүрэм журам сахиж байлаа. Ажилчдын ордог, зритель ордог хоёр хэсэгт ариутгадаг хаалгатай. Яг хэнээс эхэлж халдвар гарсан нь тодорхой болоогүй. Нийтдээ л халдвар тарсан.

-Цар тахлын үед үзвэр үйлчилгээ хоригдчихлоо. Өөр орлого олох арга замууд байдаг уу. Дараагийн уран бүтээл, ажлаа төлөвлөж байгаа юу?

-Янз янзаар үзэж байна л даа. Гэхдээ л яаж жирийн үе шигээ байх вэ. Вакциндаа бүгдээрээ хамрагдаад, сайхан цаг удахгүй ирэх байх гэж найдаж байна.

-Хөл хориотой үед эрч хүчээ хаанаас авч байв?

-Ном, зохиол уншина. Би чинь бас СУИС-ийн багш хүн. Цахимаар хичээл орж, сатаарах зүйлүүд зөндөө байсан. Би бас бодсон. Манай гэрийнхэн өвөл витамин их хэрэглэдэг байсан нь дархлаа сайн байхад нөлөөлсөн байх.Харин би нэг сараас жингээ хасч, дэглэм барих гээд витамин уухаа зогсоосон. Би 103 кг болоод, тэгээд сарын дотор 12 кг хассан. Тэгээд л дархлаа жаахан хямарсан болов уу. Гэрийнхнээсээ зай нэлээд барьсан л даа. Манай бага хоёр настай болохоор гүйж ирээд надтай ноцолдож байдаг болохоор “Хүүгээ аваарай” гэж эхнэртээ хэлээд, өөрийгөө тусгаарласан. Эмнэлэгээс гарч ирээд бол холилдсон доо. Хүү маань намайг саначихаад, салахгүй байгаа юм чинь. Ашгүй дахин шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан.

“Өдрийн сонин”-ы уншигчдад хэлэхэд “Ковид туссан ч ингээд амархан эдгэчих юм байна” гэж битгий бодоорой. Суурь өвчтэй, өндөр настай хүмүүс их хүндэрдэг юм билээ. Манайхаас бас хүндэрсэн хүмүүс бий шүү. Халдвар авахгүй байхыг л хичээгээрэй.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин могой өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 3, Санчир гариг. Билгийн тооллын 21, Гар одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 6:27 цагт мандан, 19:24 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 7-9 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Хур тунадас: Төв болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Их нуурууд болон Увс нуурын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус, Орхон, Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын 15 соёлын биет бус өв

“Соёлын биет бус өв гэж хамт олон, бүлэг хүмүүс, зарим тохиолдолд хувь хүмүүс соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, мэдлэг болон дадал, эдгээртэй холбоо бүхий багаж зэмсэг, эд зүйл, урлагийн бүтээл, соёлын орон зайг хэлнэ.

Үеэс үед уламжлагдах соёлын биет бус өвийг хамт олон, бүлэг хүмүүс нь тэдгээрийг хүрээлэн буй орчин, байгаль, түүхийн харилцан шүтэлцээнээс шалтгаалан байнга шинэчилдэг бөгөөд тухайн өв нь тэдгээрт оршин тогтнох болон залгамж чанарын мэдрэмж төрүүлж, соёлын төрөл зүйл, хүний туурвилыг хүндэтгэхэд дэмжлэг үзүүлдэг. Энэхүү конвенцын зорилгод олон улсын хүний эрхийн зөвхөн одоо мөрдөж буй баримт бичиг болон хамт олон, бүлэг, хувь хүмүүсийн хоорондын харилцан хүндэтгэл, мөн тогтвортой хөгжлийн шаардлагуудад нийцсэн соёлын биет бус өвийг авч үзнэ” гэж ЮНЕСКО-гоос 2003 онд баталсан Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцид тодорхойлжээ.

ЮНЕСКО-д үндэснийхээ биет бус өвийг бүртгүүлж баталгаажуулна гэдэг нь тухайн улс үндэстний нэр төрийн хэрэг бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хариуцлага. Соёлын биет бус өв нь байнга хувьсан өөрчлөгдөж, үргэлжилж байдаг аж.

Манай улс 2008 оноос хойш Соёлын биет бус өвийн конвенцийн Яаралтай хамгаалах шаардлагатай болон Төлөөллийн жагсаалтад:

  1. Морин хуурын хөгжмийн уламжлалт урлаг (2008)
  2. Монгол ардын уртын дуу(2008)
  3. Монгол ардын бүжиг – Бий биелгээ(2009)
  4. Монгол тууль(2009)
  5. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг(2009)
  6. Хөөмэйн уламжлалт урлаг(2010)
  7. Бүргэдийн баяр буюу шувуучлахуй (Ази, Европ, Арабын 18 улстай хамтран) (2010)
  8. Монгол үндэстний баяр – наадам(2010)
  9. Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил – битүү амьсгаа(2011)
  10. Монгол уран бичлэг(2013)
  11. Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл(2013)
  12. Монгол шагайн харваа (2014)
  13. Ингэнд ботго авахуулах уламжлалт зан үйл (2015)
  14. Уул овоо тахих Монгол зан үйл (2017)
  15. Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл (2019)

гэх нийт 15 өвийг бүртгүүлсэн юм.

ЮНЕСКО анх байгуулагдсан цагаасаа эхлэн ард түмнүүдийн уламжлалт соёл, дуу хөгжим, аман зохиол, язгуур урлаг, ёс заншил, хөгжмийн зэмсгийг хамгаалахад ихээхэн хүчин чармайлт гаргасаар ирсэн байна.

Эх сурвалж: unesco.mn/mn