Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ханш нээх өдөр


XVII жарны ЦӨӨВӨР хэмээх цагаагчин төмөр үхэр жилийн “Ханш нээх өдөр” нь дөрөвдүгээр сарын 4-ний өдөр буюу хаврын дунд цагаагчин туулай сарын дөрвөн ногоон хар морь өдөр ням гаригт тохиож байна.
Ханш нээх өдөр нь хаврын дунд сараас хаврын сүүл сарын хоорондох хугацаа буюу өвлийн туйлын 108 хоногийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, ханш нээх өдөр нь хаврын уур орох өдрийн өмнөх арван таван хоногийг хэлдэг.
Хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавж хөдөлдөг учиртай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Тиймээс Монголчууд энэ өдөр БУЯН ХИЙЖ, НОМ ХУРУУЛСНААР хийсэн буян арвижин дэлгэрэх, эрүүл саруул, эд баялгаар арвин байна гэж бэлгэшээдэг аж.
Монголчууд ханш нээх өдөр мал болон ичээнээсээ гарсан амьтдын байр байдал, өвс ургамал, тухайн өдрийн цаг агаарын байдлаар хаваршилт, зуншлага ямар байхыг шинжин тодорхойлж иржээ.
Тухайлбал, Ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үздэг. Мөн амьтад хөдөлж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтдэг байна. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг байна. Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өвс ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг байжээ.
Ханш нээх цагаар малчид морь, сувай гүүнийхээ дэлийг авч засахаас гадна дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг. Тийм ч учраас унаганд нь уяашуулж, дааганд нь давтуул, шүдлэнд нь шүттүгэй, хязааланд нь хөнгөлж өднөөс хөнгөн сумнаас хурдан, хүлэг болтугай хэмээн ерөөдөг байна.
Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Галбаяр: Хоёр аав нь гол дүрд тоглоод л, хүүхдүүд нь найзууд дундаа гол дүр болдог гоё үе байлаа

Найруулагч, зохиолч, жүжигчин Дашхүүгийн Галбаяртай ярилцлаа.


Дөрөвдүгээр сарын 1. Энэ өдөр таны хувьд онцгой өдөр байдаг уу?

-Аавыг маань амьд сэрүүн байхад, намайг хүүхэд байхад маш онцгой өдөр байсан. Хүүхэд, залуучуудын театрт аав, Жаяа ах хоёрын “Элдэв зураг” инээдмийн хөтөлбөр яваад л, хамгийн аз жаргалтай, сэтгэл догдлуулсан гоё өдөр байдаг байлаа. Одоогийнх шиг сар, улирал болгон хошин урлагийнхан тоглодог байгаагүй л дээ. Жилд ганц л удаа инээдмийн хөтөлбөр явдаг. Тийм болохоор үзэгчид ч бүтэн жил хүлээдэг, билет нь олдохгүй хэдэн өдөр оочерлодог. Тэр үед Г.Дашхүү, Л.Жанчивдорж хоёрын хүүхдүүд даам байлаа шүү дээ. Хоёр аав нь тэнд гол дүрд тоглоод л, хүүхдүүд нь найзууд дундаа гол дүрд тоглоод, пээдийгээд л явдаг байлаа.

Тэр үеийнЭлдэв зурагодоогийн тоглолтуудаас огт өөр, хошин шогчид нь цөөн байсан даа.

-Үнэн үнэн.

Г.Дашхүү, Л.Жанчивдорж гээд байнга хамт хэлэгддэг жүжигчин андууд байсан. Ж.Сэнгэдорж, Д.Галбаяр гээд үр хүүхдүүд нь ч нэг байранд хамт өссөн, найруулагчид. Ийм сайхан харилцаатай хоёр гэр бүл дундаас хос төрж гарсан уу, ямар нэгэн ураг төрлийн хэлхээ холбоо үүссэн болов уу?

-Гэр бүл болсон тохиолдол бол байхгүй. Тэднийх хоёр хүүтэй, манайх таван хүүхэдтэй. Хоёр аав нь үй зайгүй найзууд, уран бүтээлээ хамт хийдэг, салшгүй хоёр хүн байсан болохоор хүүхдүүд нь мэдээж хоорондоо найзална. Гэхдээ тэр дундаасаа Ж.Сэнгэдорж бид хоёр илүү дотно. Нэг хэсэг бүх зүйлээ хуваагаад явдаг байсан. Ж.Сэнгэдорж надаас дөрөв ах л даа. Мань эр “Бэрс” кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангид элсэж оюутан болоод, би арван жилийн хүүхэд болоод хоцорсон. Сүүлд СУИС төгсөөд, эргэж уулзаад, өнөөдрийг хүртэл сайхан нөхөрлөж яваа. 2006 онд бид “Элдэв зургийн эзэд” гээд хоёр аавдаа зориулаад, хүндэтгэлийн тоглолт хийсэн юм. Бид хоёр чинь их сонин. Ж.Сэнгэдорж маань эмгэнэлт төрлөөр уран бүтээл хийдэг, би болохоор ихэвчлэн инээдмийн төрлөөр уран бүтээл хийдэг. “Хоёулаа уулын хоёр талаас мацаж байна аа” гэж бид ярьдаг юм.

Аавыг тань мэддэг хүмүүс таныг хараад л аавтайгаа адилхан юм байна гэдэг. Таны хувьд аавтайгаа адилхан юм байна гэдгээ дотроосоо мэдрэх үе байсан уу?

-Тэгэлгүй яах вэ. Жүжигчин И.Одончимэг эгч нэг удаа хэлж байсан. Бид “Х Түц”-ийнхэнтэй “Өвлийн инээмсэглэл” хийж байгаад юу ч боллоо доо, угаасаа би байнга инээж байдаг юм даа, тас тасхийтэл инээсэн чинь Одноо эгч гэнэт уйлчихсан. “Яасан бэ, Одноо эгч ээ” гэсэн чинь “Яг Г.Дашхүү ах инээж байгаа юм шиг санагдлаа. Чи ямар адилхан инээдэг юм бэ, Галаа” гэсэн. Дараа нь инээж байгаа бичлэгээ хараад аавтай адилхан инээдэг юм байна даа гэсэн бодол төрж байсан. Адилхан зүйлүүд байдаг.

ОдооЭлдэв зураг”-ийн бичлэг үлдсэн болов уу. Саяхан би нэг хайж үзэхэдҮдшийн хэмнэл”-д хоёулаа уригдаад, онигоо ярьж байгаа бичлэг нь лав байна лээ?

-Байгаа байгаа. Манай ах хэдэн жилийн өмнө аавдаа зориулаад dashkhuu.blog­spot.com гээд блог нээсэн юм. Тэр блог дээр аав, Жаяа ах (Л.Жанчивдорж) хоёрын бичлэгүүд тавигдсан байсан. Ах бол тэр тал дээр нэлээд архив үүсгэсэн. Монгол телевизэд хальс нь байдаг юм билээ. Тэр үед “Элдэв зураг”-ийг зурагтаар дамжуулдаг байсан шүү дээ. Тэр архивыг ухъя гэж бодоод л байдаг. Зав гарахгүй л яваад байна.

Та аавын амины хүүхэд байсан гэл үү?

-Би аавын хүүхэд байлаа. Аавыгаа хаана л явна хормойдож дагана. Аав ажилдаа явахдаа надаас нуугдаж явна. Гэсэн хэдий ч нөхөр Галаа хэдийнэ олоод мэдчихсэн хойноос нь чаргууцалддаг байж. Соц нийгмийн үед урлагийнхан соён гэгээрүүлэх ажлаар хөдөө орон нутгаар явна. Театрынхан уртын бригад гээд л 45 хоногоор явахад би гэж хүн аавыгаа санаад өвдчихдөг байсан гэдэг. Үнэндээ аав аав гэж гүйсээр хөөрхий ээжийгээ нэг их тоодоггүй байж дээ гэдгээ хэзээ хойно аавыгаа бурхан болсон хойно ухаарч билээ.


Хүмүүс аавыг чинь мэддэг. Ээж тань ямар хүн байдаг вэ?

-Ээж маань Монгол кино үйлдвэрт монтажин дээр 25 жил ажиллаад, тэтгэвэртээ гарсан хүн. Ээж маань эвлүүлэгч. Хортой нөхцөлд ажилладаг гээд ерээд онд эрт тэтгэвэрт гарсан. Намайг кино хийхэд хамгийн том шүүмжлэгч, зөвлөгч маань миний Хулангаагаас гадна миний ээж. Ээж хараад л “Өмнөх киногоо гүйцсэнгүй дээ” гээд шууд үнэнийг хэлдэг.

ТаБурхантай ч маазарнагээд нүүр номдоо тунхагласан байдаг. Харин аав тань гэртээ маазардаг байв уу?

-Тунчиг мааз хүн байж билээ. Хааяа өөрийнх нь тоглосон юмнууд зурагтаар гарахаар нэлээн нухацтай харж байснаа “Гайхалтай тоглох юм аа” гэнгүүтээ л тас тас хөхөрдөгсөн. Өөрийгөө хөгжөөж байгаа нь тэр.

ИнгэхэдКиносутрадээр та өөрийнхөө амьдралыг харуулсан юм уу?

-Биш биш. Тэр бол цэвэр зохиомж шүү. Д.Галбаярын амьдрал гэхээсээ кинон дээр тохиолддог асуудлууд гардаг. Би 2004 онд СУИС төгсөөд, кино урлагт бараг 17 жил явж байна. Киноны тогоон дотор чанагдаж яваа хүний хувьд ерээд оноос хойших Монголын кино урлаг, уран бүтээлчдийн зовлон жаргалыг дэндүү сайн мэднэ дээ. “Киносутра” яагаад бодит санагдаж байна гэхээр уран бүтээлчдийн яриа, зовлон жаргалаас ургаж гарсан учраас тэр.

-“Киносутрадээр эхнэрээнайрдагхэсэг байдаг шүү дээ. “Кинонд тоглуулнагээд танилцдаг. Бодит амьдрал дээр Т.Хулантай яаж танилцсан бэ?

-Бид хоёр чинь СУИС-ийн нэг ангийн оюутан юм чинь кинонд тоглуулна гэх боломж байхгүй шүү дээ. Эхний хоёр жилдээ би кино найруулагчаар сурч байгаад Т.Хулан, Т.Бархүү хоёрын ангид ороод, жүжигчнээр төгссөн байхгүй юу. СУИС-д анх элсэж орох үедээ Т.Хуланг харж байсан. Хайрын романс үүссэн үе нь бүүр сүүлд, СУИС төгссөнийхөө дараа юм.

Танаас хамаагүй дүү юм шиг харагддаг шүү дээ?

-Ер нь овор багатай л даа.

Та сүүлийн үедХаламцуу яриахөтлөөд байгаа. Маш хандалт өндөртэй харагдана лээ. Найруулагч, жүжигчин хүний давуу талуудыг ашиглаж чаддаг юм билээ. Зураглаач, найруулагч гээд олон хүний хөдөлмөр орсон харагддаг. Зардлаа нөхөж чаддаг болов уу?

-”Халамцуу яриа” нэвтрүүлгийг ерөнхийдөө өөрийнхөө YouTube сувагт зориулж хийсэн юм. Эхлээд зүгээр л сонирхолтой контент гээд YouTube-д тавьсан чинь маш олон хандалт аваад, хүмүүс нэвтрүүлгийн чанар шаардаад эхэлсэн. Нэвтрүүлгийн үнэр нь хүмүүст дажгүй санагдаад, илүү чанаржуулаад, өнгө төрхийг нь гоё болгооч гэдэг санал ирэхээр нь ардаас нь би “Бааст” гэдэг продакшнтай хамтарч, энэ нэвтрүүлгийг бэлтгэж хүргэж байгаа. Гурван камер, дууны найруулагч, гэрэлтүүлэгч гээд яг л кинон дээр ажилладаг шиг баг ажиллаж байгаа. “Халамцуу яриа”-н дээр дахиад шат ахиулах үүднээс тайз засч, бүр шоу хэлбэрээр явдаг болно. Илүү сонирхолтой байлгах үүднээс бодоод байгаа юм.

-“Халамцуу яриа”-ны үеэр таны туслах найруулагчаа загнаж байгаа хэсгийн бичлэг сошиалаар тарсан. Зарим нь хүнийг ямар муухай загнадаг юм бэ гээд л нэг хэсэг нь найруулагчид ингэж л уурладаг шүү дээ, уурлахаас ч аргагүй дээ гэх маягаар сэтгэгдэл хөврөөд байсан. Таныг бичлэгээ алдсан юм байх гэсэн чинь харин бичлэг задалсан юм биш үү?

-Тэгсэн. Зориуд тавьсан юм. Туслах найруулагчаар ажиллаж байгаа Хүлгээ гээд залуу надаас 15-16 дүү хүүхэд. Яг ийм олон залуус өнөөдөр уран бүтээлийн талбарт ажиллаж байгаа. Би тэдэнд зориулж л үг хэлсэн. Найруулагчид нэг ийм арга байдаг. “Нэг дээр дөрөөлж, нийтээр нь загна” гэж. Ний нуугүй хэлэхэд “Халамцуу яриа”-ны эхний хоёр, гурван дугаар фокус байхгүй, дууны чанар хангахгүй явсан байхгүй юу. Би тэдэнд зориулж үгээ хэлж байгаа юм л даа. Би өөрөө хөтлөөд, камерын өмнө сууж байхад найруулагчийн үүднээс хянах боломж байхгүй. Тэгээд гэнэт тэсэрч, уурласан нь тэр л дээ. Тэр бол яах вэ. Зураг авалтын талбар дээр тэр байтугай л уурладаг шүү дээ. Мэдэхгүй хүмүүс бол мэдэхгүй л дээ. Заавал мэдэх ч албагүй.

Амсангуутаа тасардаг, эсвэл архинд дуртай зочинтой бол амаргүй л байх янзтай юм билээ?

-Архи ууж байгаа гэдэг өнгөн, хэлбэр тал нь. Хамгийн гол агуулга нь болохоор хүн тэр зүйлийг хүртэхээрээ дотоод мөн чанараа уудалж гаргаж ирдэг. Үнэнээ ярьж эхэлдэг. Архи уулгах нь сонин биш, тэр хүний философи нь сонин.

Та таэквондогийн тамирчин, улсын олон удаагийн аварга болж байсан гэсэн. Одоо ч хүн амьтантай нударга зөрүүлвэл дор нь буулгаж авна биз?

-Үгүй ээ, одоо тийм юм байхгүй шүү дээ. Зодолдож чаддаг гэдэг бол нэг талаараа давуу тал мөртлөө нөгөө талаараа маш том сул тал байхгүй юу. Биеэ хянаж чадахгүй бол сул тал болно.

Та дуучин С.Жавхлантай зодолдож танилцсан гэсэн. Багадаа овоо зодоонч нөхөр байжээ?

-Тийм ээ, тийм. Угаасаа тийм л байсан. Гэхдээ одоо бол зодолдоогүй маш удаж байна. Том ах маань надаас тав ах л даа. Ах арван настай, би таван настай байсан. Нэг удаа ах олимпийн аварга болсон юм шиг орилоод ороод ирсэн гэсэн. Ээж гайхаад яасан бэ гэсэн чинь “Галаа зодсон” гээд байж. Юу болов гэсэн чинь “Цагдаагийн хүүхдийг Галаа зодчихсон” гэж л дээ. Ах өөрөө айгаад байдаг хүүхдийг таван настай би хусаад хаячихсан гэсэн. Намайг хөдөлгөөнтэй болохоор тэр спорт руу аав маань чиглүүлсэн. Би Москвагийн олимпийн бамбар асч байхад төрсөн байхгүй юу. Тэгээд аав маань надад Галбаяр гэдэг нэр өгсөн. Олимпоор төрсөн болохоор спортын хүн болж магадгүй гээд спортоор явуулах дуртай байсан.

Таныг жүжигчин болвол зүгээр гэж хэлж байгаагүй юу?

-Аав тэгж хэлж байсан. “Тамирчны амжилт залуу насных. Нэг өдөр бэртвэл заалны мухар сахисан хүн л болно шүү дээ. Урлагийн тал руугаа явбал ямар вэ” гэсэн. Мань эр сонин хэвлэлд ярилцлага өгөхөд “Таны мэргэжлийг хүүхдүүдээс чинь хэн нь өвлөж авах вэ” гэхээр дандаа “Дунд хүү” гэж хариулдаг байсан. Тэр нь намайг урлагийн хүн болоход нөлөөлсөн гэж боддог.

Т.Хулан та хоёр “21000” шоунд оролцож байгаа гэсэн үү?

-Яг одоо “21000” шоуны зураг авалттай явж байна. “Positive Mongolians” онлайн төслийн санаачлагч Д.Түвшинбаярын гэр бүлтэй манай гэр бүл өрсөлдөж байгаа юм. Одоо дөрөв дэх хоног дээрээ явж байна. Та яг одоо өлөн хүнтэй л яриад байна шүү дээ (инээв).

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Нямдолжин: Манай улс одоо хоёр хөрштэйгөө хоёулантай нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болж байна

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, судлаач, доктор А.Нямдолжинтой ярилцлаа.


-Манай улс хоёр хөрштэйгөө эвтэй түнжинтэй байх нь мөнхийн чухал сэдэв. Өнөө цагийн Монгол, Оросын улс төрийн харилцаа, улс төрийн нөлөө, ашиг сонирхол ямар байгаа тухайд судлаач хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол, Оросын харилцаа нь түүхийн явцад бүрэлдсэн, уламжлалт, найрсаг, сайн хөршийн харилцаанд тулгуурлан хоёр талын хүчин чармайлтаар шинэ зууны эхэн үеэс эхлэн сэргэх шатанд орсон гэж дүгнэж болно.Тэр дундаа 2008 он гарсаар Монголын улс төр дэх Оросын оролцоо илт мэдрэгдэж эхэлсэн гэж хэлж болно. Тухайлбал, 2009 онд ОХУ-ын ерөнхий сайд В.Путин айлчилснаас ердөө гурав хүрэхгүй сарын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Монголд айлчилсан билээ.Энэхүү айлчлал нь Оросын тал Монгол дахь нөлөөгөө дахин сэргээх, Монголын орд газруудад уран олборлох Оросын сонирхол нэмэгдсэнтэй холбоотой гэж дүгнэж байна. Тухайлбал, айлчлалын үеэр хоёр орны хооронд “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Тунхаглал”-д гарын үсэг зурсан ба энэ үеэр байгуулсан гэрээ хэлэлцээр, баримт бичгүүдээс “Цөмийн эрчим хүч, уран олборлолтын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”, “Дорнод уран” хамтарсан үйлдвэр байгуулах тухай хэлэлцээрийг онцлон дурдаж болно. Гэвч Монголын ураны орд газрын лиценз Канад, Хятад гэх зэрэг орнуудын мэдэлд байгаад оросууд эмзэглэж, Монголын Засгийн газартай хамтран нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж, энэхүү төсөлд давуу эрхтэй оролцохыг чухалчилж байв. 2019 оны есдүгээр сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны хооронд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-г хугацаагүйгээр байгуулснаар хоёр улсын харилцааны хүрч болох хамгийн дээд түвшний харилцаанд хүрсэн гэж хэлж болно. 2014 онд Монгол, Хятад хоёр улс харилцаагаа “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаанд шилжүүлэн хөгжүүлэх болсноор түншлэлийн харилцааны хамгийн өндөр түвшинд хүрээд байсан. Нөгөө талаас Монгол Улсын “Гадаад бодлогын үзэл баримтлал”-д “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд эдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэж тунхагласан байдаг. Эндээс харахад ч тэр Монгол-Оросын харилцаа, Монгол-Хятадын харилцааны түвшнээс хоцорч байсан бол одоо хоёр хөрштэйгөө хоёулантай нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болж байна.

-Хоёр улсын хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн харилцаанаас Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа руу шилжсэн. Энэ хооронд хоёр улсын харилцаанд ахиц дэвшил гарсан зүйл байна уу?

-Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон 2009 оноос Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон 2019 он хүртэлх өнгөрсөн 10 жилийн хоёр орны харилцааг харахад 2014 оноос хоёр орны иргэд харилцан визгүй зорчих болсныг эс тооцвол тодорхой хэмжээний ахиц гарсан зүйл харагдахгүй байна. ОХУ Монголын эдийн засагт нөлөө үзүүлэхүйц нэг ч шинэ үйлдвэрийн газар байгуулаагүй, дорвитой шууд хөрөнгө оруулалт хийгээгүй байгаа нь түүний геополитикийн зорилт болон их гүрний байр суурьтай нь харьцуулахад чамлалттай үзүүлэлт юм.Учир нь Стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжих нь эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжөөс шууд шалтгаална.Улс хоорондын харилцааны практикт дээд түвшинд улс төрийн тохиролцоо хийгдэж, стратегийн түншлэлийн үндэс суурь тавигддаг. Харин бодит үр ашиг нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжсөнөөр илэрдэг.Тиймээс Монголын нутгаар дайруулан хийн хоолой тавих, Монгол дахь төмөр зам, уул уурхай, эрчим хүч, нефть боловсруулах томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулах шаардлага тулгарч байна.

-Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 2019 онд ОХУ-д айлчилсан. Энэ айлчлалын үр дүнд томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр яригдсан. Энэ айлчлалын хүрээнд яригдсан ажлууд цаашид хэрхэх бол?

-Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын Засгийн газар, “Газпром” компани хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар 20 гаруй жил яригдсан хийн хоолойг Монголын нутгаар дайруулах талаар яригдаж эхэлсэн нь нааштай эхлэл юм. Гэхдээ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон энэ цаг үеэс эхлэн, гаргасан шийдвэрүүдээ ажил хэрэг болгож, харилцан ашигтай төсөл хэрэгжүүлэхэд Монголын талаас юунд анхаарах вэ гэдэг бас л бодох асуудал.Учир нь Монголын талын удирдлагын тууштай бус бодлого шийдвэр, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын томоохон ордыг эзэмших болон гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль эрх зүйн орчны байнгын өөрчлөлт, Монголын улс төрийн тогтворгүй байдал зэрэг нь хоёр талын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэж харж байна.

-Орос, Монголын хамтарсан “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийг Монголын тал 100 хувь авсан энэ асуудалд оросууд ямар байр суурьтай байсан гэж үзэх вэ?

-Хоёр улс 1970-аад оноос зэсийн томоохон төслийг хэрэгжүүлэхдээ “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийг Монголын талын 49 хувь, Оросын талын 51 хувийн эзэмшилтэйгээр анх байгуулсан түүхтэй. ЗХУ задрахаас ердөө хоёр сарын өмнө буюу 1991 оны зун талууд зэсийн төслийн хэлэлцээрийг шинэчлэхдээ Монгол 51 хувь, Орос 49 хувийг эзэмшихээр болсон билээ. Энэ л үеэс талууд хамтарсан үйлдвэр дэх өөр өөрийн хувь эзэмшлийг нэмэгдүүлэх гэж далдхандаа “өрсөлдөж” ирсэн нь нууц биш бөгөөд аль аль талын хувь эзэмшил өөрчлөгдөлгүй өнөөг хүрсэн юм. Орос улсын хувьд иргэний болон цэргийн өндөр технологийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох стратегийн зорилготойгоор 2007 оны сүүлчээр төрийн өмчит “Ростехнологи” корпорацийг байгуулсан билээ. Ингэхдээ В.Путины шийдвэрээр корпорацийн шууд мэдэлд “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувь очсон юм.Тухайн үед Оросын хэвлэл мэдээллүүд “Ростехнологи”- ийг зэсийн олборлолтоороо Азидаа тавдугаарт орох үйлдвэрийн хувь эзэмшигч боллоо” хэмээн онцолж байлаа. Гэвч тус үйлдвэрийн зэсийн баяжмал Орос руу биш, Хятад руу гардаг бөгөөд Монгол Улс “гэнэтийн ашгийн татвар”-тай болсноор Оросын тал алдагдал хүлээх болж, “Эрдэнэт” хамтарсан үйлдвэр уг хуулийн дагуу 400 сая доллар төлснөөс болж Орос улс 196 сая ам.долларын алдагдал хүлээж байв. Эдгээр хүчин зүйлс нөлөөлсөн байж болох талтай ч ямартаа ч 2016 онд Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” нэгдлийн 49 хувийг эзэмшиж байсан Оросын “Ростех” корпораци өөрийн эзэмшлийн бүх хувьцааг Монголын хувийн хэвшлийн компанид худалдсанаар Орос улс Монголын зах зээлээс гарсан. Одоо тавь, тавин хувийн эзэмшилтэй “Улаанбаатар төмөр зам”-ыг эс тооцвол Монгол Улс дахь Оросын геоэдийн засгийн ашиг сонирхол үгүй болсон гэж харж болохоор байна. Дэлхийн томоохон нүүрсний орд болох Таван толгойг Монголын төмөр замын төв шугамтай холбож өгөх, төмөр замыг шинэчлэх, хариуд нь ашигт малтмалын мега төслүүд, тухайлбал, Асгатын мөнгөний орд, Таван Толгойн нүүрсний орд Дорнодын ураны ордыг ашиглахад оролцох оролцоогоо баталгаажуулах оролдлогыг Оросын тал хийсэн хэдий ч одоогоор ямар ч амжилт олоогүй байгаа явдал нэг талаас Зөвлөлтийн үеийн нөлөөнд дулдуйдсан бодлого, нөгөө талаас өнөөг хүртэл Монголын талаарх алдаатай төөрөлдсөн стратегийн бодлоготой нь холбоотой юм. Орос улс Монголын уул уурхайн салбарт чухал тоглогч болох давуу эрх олж авна гэдэгт итгэл дүүрэн байсан нь Зөвлөлтийн үед оросууд хайн судалсан, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан гэдэгтээ илүү найдвар тавьж байсанд оршино.

-Дорнод Монгол хүртэл сунгаж тавьсан төмөр замын ажилд хоёр тал хэрхэн ач холбогдол өгч, ямар байр суурьтай байгаа тухайд тодруулахгүй юу?

-Оросын хувьд төмөр замыг Дорнод Монгол хүртэл сунгаж тавьснаар Монгол дахь нөлөөгөө сулруулахгүй хэвээр хадгалах сонирхолтой байна гэж харагдаж байна. Түүнчлэн ОХУ “Төмөр замын тээврийг 2030 он хүртэл хөгжүүлэх стратеги”-ийг баталж, Транссибирийн төмөр замыг шинэчлэн барихаар төлөвлөж байгаа бөгөөд Оросын Евразийн нутгийг дамнасан транзит тээврийн маршрутыг тогтоож, Оросын Сибирь болон Алс Дорнодын бүс нутгийн төмөр замын тээвэрлэх чадварыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Монголын төмөр замын 50 хувийг эзэмшдэгийн хувьд “Оросын төмөр зам” ХНН төмөр замын үйл ажиллагаанд онцгой эрх үүрэгтэй оролцдог. Монголын Зам, тээврийн яам “Оросын төмөр зам” ХНН-тэй 2014 оны хоёрдугаар сараас эхлэн хэлэлцээ хийж, “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр”-ийн төслийг бэлтгэн, 2014 оны есдүгээр сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр баталгаажуулсан. Хэлэлцээрээр “УБТЗ” ХНН-ийн төмөр замын сүлжээг анх удаа эдийн засгийн үндэслэлтэй үндсэн дөрвөн чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх, жилд 100 сая тн хүртэл ачаа тээвэрлэх хүчин чадалтай болгох, төмөр замыг цахилгаанжуулах, хос болгох, Салхит-Эрдэнэтийн салбар төмөр замын шугамыг баруун хойд чиглэлд үргэлжлүүлэн Монгол Улс, ОХУ-ын хилд хүргэж, ОХУ руу төмөр замын шинэ гарц нээх, улмаар ОХУ-ын Тува улсын Кызылтэй холбосноор ОХУ-ын уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д гаргах шинэ замнал бий болгох, Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, “Богдхан” төмөр замыг барих, Монголын баруун бүс нутгаар дайран өнгөрөх босоо чиглэлийн шинэ коридор байгуулах талаар хамтран ажиллахаар тохиролцсон. Түүнчлэн тус айлчлалын үеэр Монголын эдийн засагт өндөр ач холбогдолтой хэд хэдэн тохиролцоонд хүрсэн.Тухайлбал, Монгол Улс БНАСАУ дахь ОХУ-ын хөрөнгө оруулалттай Ражин боомтод хувь эзэмшиж, хамтран ашиглах тохиролцоонд хүрсэн нь Монгол Улс анх удаа өөрийн далайн боомттой болох боломжийг бий болгосон юм. Мөн Орос, Монгол, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх Оросоос Хятадыг чиглэсэн ачаа тээврийн хэмжээг 2020 онд 20 сая тоннд хүргэхээр тохиролцсон. Дээрх хэлэлцээрийн заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан Монгол, Орос хоёр талын ажлын хэсгийн анхны хамтарсан хурал 2015 оны арванхоёрдугаар сарын 7-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан.Айлчлалын үеэр тохиролцсон гэрээ хэлэлцээрүүдийг ажил хэрэг болгоход хоёр талын хүчин чармайлт дутмаг байгаа ч ОХУ-ын зүгээс ялангуяа төмөр замын шинэчлэлтэй холбоотой гэрээ хэлэлцээрүүд хөрөнгө мөнгө, санхүүжилтээс шалтгаалах учир хэрэгжихгүй байгаа тал бий гэж харж байна.

-Оросын тал манай улсын уул уурхайд давуу эрхтэй оролцох сонирхолтой байгаагаа хэрхэн илэрхийлж, ямар алхмууд хийгдэж байв гэдэг дээр та тодруулахгүй юу?

-ОХУ-ын томоохон санхүү, үйлдвэрлэлийн том бүлэглэл, корпорациуд Таван толгойн нүүрсний орд, Оюу толгойн зэс, алтны ордод хөрөнгө оруулалт хийж оролцох сонирхлоо илэрхийлж ирсэн. Монгол Улс 1998 оноос хойш ОХУ, БНХАУ-тай дамжин өнгөрөх тээврийн асуудлаар гурван талын ерөнхий хэлэлцээр байгуулахаар хэд хэдэн удаа яриа хэлэлцээр хийсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй байв. Харин 2018 оны зургадугаар сарын 8-нд Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулан ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-ын нутгаар дамжин тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх болж байгаа харагдаж байгаа. Ийнхүү арван жилийн дараа Орос өөрийн нутгаар транзитын хямд, тогтвортой үнээр тээврийн коридор нээлээ.Олон улсын зах зээлд нүүрсний ханш түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн цаг үед Монголын тал ОХУ-д санал тавьж, РЖД тэргүүтэй Оросын цөөнгүй компаниуд дэлхийн уул уурхайн том компаниудтай Таван толгойн ордын төлөө өрсөлдөж байсан юм. Дэлхийд нүүрсний төслүүд анхаарлаас алсарч, түүхий эдийн үнэ цэнэ нь буурч байгаа одоо цагт 4000 км замыг туулах тарифын хөнгөлөлт монголчуудад шууд ашиг тусаа өгөх нь цаг хугацааны асуудал юм. Нөгөөтэйгүүр өөдрөгөөр харвал Монгол Улсын уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой юм. Юутай ч УБТЗ нь Орос, Хятад гэсэн том зах зээлийг холбосон транзит тээврийн зангилаа болж, өрсөлдөх чадвар нэмэгдэхийн зэрэгцээ хил, гааль, логистик, терминалын үйлчилгээг сайжруулснаар Евразийн геополитик, тээврийн интеграцид өөрийн орны байр суурийг бэхжүүлэх, зах зээлээ тэлэх, ачаа тээвэрлэлт өсөх, үр ашиг нь нэмэгдэх боломж нээгдэх юм. Үүний дагуу Монгол Улс ОХУ-аар дамжуулах нүүрсний тээвэрт 66.4 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлт эдлэх үүд хаалга нээгдээд байна.Гол нь дотооддоо хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төмөр замын төслүүдээ гацаанаас гаргаснаар гуравдагч зах зээлд гарах гарцын асуудал яригдах нь дамжиггүй.Түүнчлэн Оросын талын шийдвэрийг хүлээгээд удаж буй төмөр замын эрх зүйн шинэчлэлийн стратегийн асуудлыг дээрх тохиролцоонд хүрсэн шинэ төмөр замын төслүүдтэй нэгэн зэрэг боловсруулан шинэчлэх асуудал чухлаар тавигдаж байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар морь өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 4, Адъяа гариг. Билгийн тооллын 22, Суулга одтой, хар морь өдөр. Өдрийн наран 6:24 цагт мандан, 19:26 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 9-11 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 13-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Орхон, Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
Categories
мэдээ цаг-үе

Монгол Улс хилийн чанадаас 31967 иргэнээ татан авчээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны нэгдүгээр сараас энэ оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд нийт 149 удаагийн тусгай үүргийн нислэгээр 25216, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6751 буюу нийт 31967 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулжээ.

Өнгөрөгч гуравдугаар сард 12 удаагийн нислэгээр 1832 иргэнээ татан авчээ. Харин энэ сард нийт 12 удаагийн тусгай нислэг үйлдэх бөгөөд БНСУ-аас 156 иргэн эх орондоо ирээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл аймгийн Цагааннуур сум орчим 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас баруун хойд зүгт 68 км зайд, өглөө Улаанбаатарын 5.07 цагт 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөв.

Өчигдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас баруун хойд зүгт 11 км зайд Улаанбаатарын 16.01 цагт 3,7 магнитудын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлсэн.

Түүнчлэн, гуравдугаар сарын 31-нд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш 41 км зайд Улаанбаатарын 8.01 цагт 5,5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд Улаанбаатарын 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлсний үргэлжлэл давтамж аж.

Categories
мэдээ цаг-үе

Тавдугаар сар гэхэд нийслэлийн хүн амын 73 хувийг вакцинжуулж дуусна

Монгол Улс энэ оны тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр төлөвлөж байгаа талаар УОК мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор “Covid-19” дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж байгааг Эрүүл мэндийн яам мэдэгдлээ. Нийслэлд дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн байдлаар дархлаажуулалтын 40 цэгт 90 багийн 650 ажилтан 11181 иргэнийг вакцинжуулалтад хамруулсан байна. Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас Covid-19 эсрэг дархлаажуулалтыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд 323690 хүнийг дархлаажуулаад байгаа юм.

Засгийн газраас энэ сард багтаан 1.1 сая иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Монгол Улсын хувьд АНУ, Германы хамтарсан “Файзер”, Оксфордын их сургуулийн “АстраЗенека”, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероселл”, ОХУ-ын “Спутник-V” зэрэг вакциныг зөвшөөрсөн. Одоогоор 490 мянган хүн тун вакцин хүлээн авч дархлаажуулалтыг явуулж байна. Энэ сард 900 мянган тун “Вероселл” вакцин, нэг сая тун Спутник-V, 400 мянган тун “АстраЗенека” вакцин татан авах юм. Мөн Ковакс хөтөлбөрийн хүрээнд 690 мянган хүн тун вакцин авахаас 40 мянган хүн тунг нь аваад байгаа юм. Эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид, дараа нь үйлчилгээний байгууллагуудын ажиллагсад, өндөр настнууд болон архаг, суурь өвчтэй иргэд гэх мэтээр шат дарааллын төлөвлөгөөний дагуу дархлаажуулалтын ажил үргэлжилж байна.

Categories
мэдээ цаг-үе

ЗӨВЛӨГӨӨ: Зодолдмоор санагдах үед уураа барих аргууд


Хүний амьдралд маргаж, муудалцах олон асуудал гардаг. Гэсэн ч тэр бүгдийг нударгаар шийдвэл өөрийгөө болон бусдыг хохироодог. Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатыг зодож, хүндээр бэртээсэн талаар яг одоо цахим орчинд шуугиан дэгдээд буй. Үүнтэй холбогдуулан хэн нэгнийг зодмоор санагдах үед хэрхэн уураа барих талаар зөвлөмжийг бэлтгэлээ.


1. Зугт

Зодмоор санагдаж, уурыг тань хүргэж буй хүнээс холд. Хэрэв таны уур ихээр хүрч байгаа бол хэрэлдэж маргалдахаас илүүтэй зүгээр л холдоод эрүүл ухаанаар тунгаах хүртэл хүлээх хэрэгтэй.

2. Гүнзгий амьсгал.

Эхлээд тайвшрахын тулд та гүнзгий амьсгалах хэрэгтэй. Цээжин дээрээ гараа тавиад гүнзгий амьсгаа аваарай. Амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлж, 8-10 удаа гаргахад та тайвшрах болно.

3. 100 хүртэл тоол

Юу ч бодолгүй зуу дотроо зуу хүртэл тоол.

4. Дотоод хүнтэйгээ ярилц

“Би үйлдлээ удирдаж чадна” гэх мэтээр өөртөө давтан хэл. Тухайн хүнд хандсан сөрөг бодлуудаа илүү эерэг болгож төсөөл. Сөрөг бодлууд дээр төвлөрөхөөс илүү эерэгээр бодох нь аливаа хүчирхийлэл үүсэхээс хамгаална. Жишээлбэл, “Би энэ хүнийг үзэн ядаж, зодмоор байна” гэж бодохын оронд “Би энэ хүнийг зодвол асуудалд орно шүү” гэх мэтээр.

5. Анхаарал сарниулах өөр зүйл хий

Уур хилэнгээс өөрийгөө холдуудахын тулд асуудлыг мартуулах, сатаарах өөр зүйл олж хий. Видео тоглоом тоглох, дэлгүүр хэсэх, зугаалах зэрэг дуртай зүйлээ хийж болно.

6. Согтууруулах ундаанаас хол бай

Хэрэв та дургүй хүнийхээ хажууд байгаа бол согтууруулах ундаа бүү хэрэглээрэй. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь мэдээж үйл хөдлөлөө хянах чадварыг алдагдуулах нь тодорхой.

Эдгээр алхмууд таныг зодоон хийж, хүн бэртээхээс сэргийлнэ. Харин цаашид өөрийгөө удирдаж сурахын тулд уур, уцаарыг хянах сэтгэлзүйн сургалтуудад хамрагдахыг мэргэжилтнүүд зөвлөжээ.

Ч.Биндэръяа

Categories
мэдээ цаг-үе

336 мянган хүн вакцины эхний тунг хийлгэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар “КОВИД-19” цар тахлын эсрэг дархлаажуулалтын явц болон цэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлд өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын 40-44 цэгт 90-97 багийн 650 ажилтан ажиллаж байна. Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас “КОВИД-19”-ийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 336,758 хүнийг вакцины эхний тунг хамруулаад байна. Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийт 5 цэгт 18 баг дархлаажуулалтыг хийж байна. Өдөрт 3-4 мянган хүнд вакцинжуулалтад хамруулахаар тооцоолон ажиллаж байгаа гэв. X, XVIII дугаар хороонд байрлах дархлаажуулалтын цэгүүдийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн иргэдэд вакцинжуулалт хийж байна.