Categories
гадаад мэдээ

Суэцийн сувагт үүссэн түгжрэл арилжээ

“Ever Given” чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц Суэцийн сувагт хайргадан гацаж, хөлөг онгоцуудын хөдөлгөөнийг хаасны улмаас үүссэн түгжрэл арилжээ.

Усан замын хөдөлгөөн сэргэснээс хойших тав дахь өдөртөө буюу бямба гаригт хамгийн сүүлийн хөлөг онгоцууд Суэцийн сувгаар дайран өнгөрчээ.

Чингэлэг тээвэрлэгч 400 метрийн урттай “Ever Given” хөлөг онгоц гуравдугаар сарын 23-нд Суэцийн сувагт гацаж, 6 өдөр сувгийг хаажээ. Гуравдугаар сарын 29-нд хөлөг онгоцыг байрнаас нь хөдөлгөж чадсан хэдий ч сувгийн хоёр талд 422 хөлөг онгоц бөөгнөрөн зогсож, түгжирсэн байжээ.

Бямба гаригт нийт 4 сая тонн ачаа тээвэрлэсэн 85 хөлөг онгоц Суэцийн сувгаар дамжин өнгөрсөн байна. Үүнээс 61 нь “Ever Given” хөлөг онгоцтой холбоотой ослын улмаас нэвтрэх хэсэгт бөөгнөрсөн хөлөг онгоц байсан аж.

Суэцийн сувгаар дэлхийн нийт ачаа тээвэрлэлтийн 12 хувь нь дамжин өнгөрдөг бөгөөд нефть тээвэрлэх усан замын хамгийн ачаалалтай хэсгийн нэгд тооцогддог. Энэ сувгаар шингэрүүлсэн хий тээвэрлэдэг нийт хөлөг онгоцны 8 хувь нь дамжин өнгөрдөг бол жилд 19 мянга, хоногт 50 гаруй хөлөг онгоц дамжин өнгөрдөг байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НОБГ: Далан давхрын оршуулгын газарт гарсан түймрийг унтраалаа

Хаврын урь орж, ханш нээсэн өдөр хэмээн монгол түмэн бэлэгшээдэг билээ. Үүнтэй холбоотойгоор шашны зан үйл ихэсдэг. Тухайлбал бурхан болоочийн шарил дээр арц, хүж, зул асааж орхисны улмаас шар өвсний түймэр гарах тохиолдол их байдаг.

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Далан давхрын оршуулгын газарт арц, хүжнээс үүдэлтэй гарсан түймрийг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн эргүүлээр ажиллаж байсан алба хаагчид шуурхай унтрааж ажиллалаа.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын алба

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 10-наас зогсооно

Улсын Их Хурлын чуулганы нэгдүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан билээ. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 9-ний өдөр зохион байгуулахаар тогтсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” хэмээн заасан.

Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх иргэдийн тоог энэ оны зургадугаар сарын 5-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газраас эцэслэн гаргах гэнэ. Иймд иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн түр зогсоож, сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс буюу зургадугаар сарын 10-наас сэргээнэ гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халдвар авсан иргэдийн 30-40 хувь нь гэрээр эмчлүүлж байна

Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнгөрсөн гуравдугаар сарын 12-наас эхлэн хөнгөн болон шинж тэмдэггүйгээр өвчилсөн өвчтөнүүдийг гэрээр эмчилж эхэлсэн.

Тэгвэл өдөр тутам бүртгэгдэж буй өвчлөл буюу халдвар авсан иргэдийн 30-40 хувь нь гэрээр эмчлүүлж байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа мэдээллээ.

Мөн Өндөр настай, архаг суурь өвчтэй, жирэмсэн хүмүүс гэх зэрэг цаашид биеийн байдал нь хүндрэх эрсдэлтэй иргэдийг эмнэлэгт эмчилж байна гэв

Categories
мэдээ улс-төр

УИХ чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ


УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, ирэх долоо хоногт чуулган, байнгын хороо, намын бүлгээр хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ.


НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 05-ны даваа гаригт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 05-ны даваа гаригт:

  • Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Засаг” танхимд;
  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэгийн хуралдаан 15.30 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр.

04 дүгээр сарын 06-ны Мягмар гаригт:

  • Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүд “Ойн судалгаа, хөгжлийн төв” Улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай 14.00 цагаас танилцах.

04 дүгээр сарын 07-ны Лхагва гаригт:

  • “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ийн хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгүүдийн хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

04 дүгээр сарын 09-ний Баасан гаригт:

  • Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд нэр дэвшигч нартай сонгон шалгаруулах журмын 9.1-д заасны дагуу томилгооны сонсгол зохион байгуулах 10.00 цагаас “Их Засаг” танхимд.

ГУРАВ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 06-ны Мягмар гаригт:

1.Хүний эрхийн дэд хорооны хуралдаан 14.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

  • Бусад.

04 дүгээр сарын 07-ны Лхагва гаригт:

1.Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны хуралдаан 11.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагын мэдээлэл сонсох.

ДӨРӨВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 06-ны Мягмар гаригт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд биечлэн хуралдана:

Хэлэлцэх асуудал:

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

3.Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

04 дүгээр сарын 07-ны Лхагва гаригт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 08-ны Пүрэв гаригт 10.00 цагаас 5 танхимаар биечлэн хуралдана:

04 дүгээр сарын 08-ны Пүрэв гаригт 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана:

04 дүгээр сарын 09-ний Баасан гаригт 10.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана:

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халдвар авсан 270 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас халдварын талаарх ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Өнгөрсөн хоногт 12235 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 620 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 10218 болж байна.

Сүүлийн 24 цагт 270 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Шинээр бүртгэгдсэн 620 тохиолдлын 503 нв Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Харин аймаг, орон нутагт 117 тохиолдол бүртгэгдлээ” хэмээн тодотголоо.

Өнөөдрийн байдлаар нийт 2107 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн есөн хүний биеийн байдал маш хүнд байгаа гэлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Коронавирусийн 620 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 10218 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт 12235 хүнд PCR шинжилгээ хийхэд 620 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 503 нь Улаанбаатар хотод, орон 117 нутагт байна.

Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймагт халдварын тохиолдол батлагдсан. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 10218 боллоо.

Сүүлийн 24 цагт 270 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 5649 болов.

Өнөөдрийн байдлаар 2107 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:

Хөнгөн:1822

Хүндэвтэр:255

Хүнд: 51

Маш хүнд: 9 хүн байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хотын дарга Богд уул, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлыг шуурхай хийх үүрэг өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн даваа гарагт болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Богд уул болон Туул гол дагуух тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг сайжруулах үүрэг өгсөн. Тэгвэл энэ дагуу Хотын дарга холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр Богд уул, Туул голын эрэг орчмоор хийгдэх тохижилтын ажилтай танилцлаа. Тухайлбал, Сонсголонгийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуух 27 км газарт нийт 15 байршилд тохижилт хийхээр төлөвлөжээ. Ингэхдээ зуны цагт хамгийн их устай үед голын эргийн аюулгүй байдлыг хангасан байршлуудыг сонгосон байна.

Энэ талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “15 байршлаас 11-ийнх нь тохижилтын ажлын даалгавар батлагдсан. Мөн таван байршилд загвар зураг нь батлагдаж, нэг байршилд тохижилтын ажлыг хийсэн. Богд уулын арын зам буюу Дүнжингаравын зам дагуу 17.8 км дугуйн замын тохижилт хийж байгаа” хэмээн танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Шуурхай ажиллаж, хурдан төлөвлө. Солонгосын Хан мөрний эрэг шиг иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Богино хугацаанд зохион байгуул. Ирэх даваа гарагаас ажилдаа шуурхай ор. Гэхдээ хоёрын хооронд юм хийж болохгүй. Хүндээ хүрсэн, хүүхдэд зориулсан, аюулгүй, эрүүл байхад анхаар” хэмээн ярилаа.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Улаанбаатар хот бол нэг л том тойрог. Иргэд заавал гадагшаа, эсвэл хол явах биш, энэ Туул голынхоо эрэгт амарч, зугаалах орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ бол маш том ажил. Олон мянган иргэнд амарч, зугаалах боломжийг олгоно. Хотын дарга үүнийг барьж аваад ажиллаж байгаад нийслэлээс сонгогдсон гишүүнийхээ хувьд талархаж байна. Сэтгэл байхад үр дүн гарна” гэлээ.

Туул голын эрэг дагуух бүтээн байгуулалтын тохижилтыг ихэвчлэн сагс, хөл бөмбөгийн талбай, тоглоомын талбай, машины зогсоол, дугуйн болон явган хүний замтай байхаар төлөвлөжээ. БОАЖЯ-ны зөвшөөрлөөр газар олгогдсон байсныг хүчингүй болгуулж, тохижилт хийхээр болсон газар ч байв. Хотын дарга мөн газрын хэмжээг нэмэгдүүлэх боломжыг судлахаас гадна эрүүл, аюулгүй, өнгө үзэмжтэй байх стандартад анхаарал хандуулахыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламд үүрэг болголоо.

Үүний дараа Хотын дарга иргэдийн хамгийн ихээр зорин очдог Богд уулын Баруун ширээт, Дугуй цагаан руу алхдаг хэсэгтэй танилцсан юм. Тус газар нь “Энигма” ХХК-ийн мэдэлд байдаг. Гэвч “Энигма” компани нь тохижилтод анхаарал хандуулалгүй өнөөг хүртэл явж ирсэн тул холбогдох албаны хүмүүсийг анхааралдаа авч, шаардлагатай бол Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулахыг Хотын дарга үүрэг болголоо. Мөн “Компани болон БОАЖЯ-нд мэдэгдэл хүргүүл. Арга хэмжээ ав, шаардлагатай бол Засгийн газар, Улсын их хурлаар оруул” гэсэн юм.

Түүнчлэн Богд уулын Баруун ширээт рүү гарах замд тав, Зүүн ширээт рүү гарах замд зургаан амралтын цэг байгуулахаар төлөвлөжээ. Дугуй цагаан буюу амралтын талбайг ч мөн тохижуулахаар төлөвлөсөн байна. Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Явган замыг байгалийн материал ашиглаж хийнэ. Гэхдээ бүх газар зам тавихгүй. Халтиргаа, гулгаа үүсдэг гол хэсгүүдэд чулуу, модоор зам хийнэ. Горхи урсдаг учраас ус уух цэгүүд байгуулна. Нэгдсэн хогийн цэгийг доор байгуулна. Эс бөгөөс дээрээс хог буулгах хүндрэлтэй” гэсэн бол Хотын дарга “Тохижилтын ажлыг модоор болон байгалийн шийдлээр нь хий. Өнгө үзэмжтэй, эко байх ёстой. Төр, хувийн хэвшлийн хүрээнд өнгө үзэмж, чанартай орчны тохижилтыг хийхэд анхаараарай” хэмээлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хулгайн замаар Дорнод аймаг руу нэвтэрсэн иргэнээс халдвар илэрчээ

Дорнод аймагт “Covid-19”-ийн нэг тохиолдол илэрч, гамшгийн үеийн “шар” түвшинд шилжиж байгааг аймгийн Онцгой комисс мэдээллээ.

Тодруулбал, халдвартай нь батлагдсан Өмнөговь аймгийн харьяат иргэн А нь Өмнөговь аймгаас гарч, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин гуравдугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ирж, Сэргэлэн, Баяндун сумдад хурдан морь сонирхсон гэсэн өгүүлэмжтэй. Тухайн иргэнийг Цагаан-Овоо сумын шатахуун түгээх станцаар үйлчлүүлж байх үед нь саатуулж албадан тусгаарласан байна.

Аймгийн онцгой комиссоос мэдээлснээр уг иргэн нь Дорнод аймаг руу хулгайн замаар зөвшөөрөлгүй нэвтэрснийг тогтоож албадан тусгаарлажээ. Халдвар авсан иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарч, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д явуулж баталгаажуулах юм.

Одоогоор аймгийн Онцгой комиссын дэргэдэх Тандалт судалгааны Хариу арга хэмжээний баг ойрын болон дам хавьтлыг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дархлаажуулалтын 80 цэг ажиллана

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 4-нд нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 80 цэг ажиллана. Эдгээр цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.