Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 414382 иргэн коронавирусийн эсрэг вакцин тариулжээ

Өчигдрийн байдлаар нийслэлд дархлаажуулалтын 69 цэгт 150 багийн 1247 эмч, ажилтан ажиллаж, 26098 иргэнийг вакцинжууллаа.

Харин Монгол Улсын хэмжээнд өчигдөр 38055 иргэн, вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 414382 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

No description available.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

“Зүрхний анд” нь У.Хүрэлсүхээ эвгүй байдалд оруулахгүйн тулд огцорч л таарна даа

Зэвсэгт хүчинд дахин аллага боллоо. Урьд нь цэргүүд нэгнийхээ аминд хүрдэг байсан бол энэ удаад офицер нь цэргээ хөнөөж. 326 дугаар ангийн байлдагч хүү салаан даргын үүрэг гүйцэтгэгчдээ зодуулж тархинд нь цус харвасан, ухаан алдсан байдалтай эмчлүүлж байгаад амь насаа алдлаа. Халамцсан дарга нь архины мөнгө шаналгаж хэдэн бор цэргүүдээ дарамталснаас болж хүний амь эрсэджээ. Ангийн дарга нараа эзгүйчилж уух архиныхаа мөнгийг цэргүүдээс шаналгадаг бичигдээгүй хууль тус ангид үйлчилдэг болох нь энэ харамсалтай үйл явдлаар нотлогдов. Нүдэн дээрээ нэгнийгээ алдсан цэргүүд ч мэдүүлэгтээ дарга нараа дарамталж, мөнгө шаналгадаг болохыг нууж хаалгүй хэлсэн байна билээ. Хөөрхий хүүгийн эцэг, эх нь ч мөнгө асууж, сурдаг байсан тухай нь хэлж. Энэ мэт дарамт, яргалал батлан хамгаалах салбарын нүүр царай болжээ. Байсхийгээд л цэргүүдийн бэртэж, гэмтсэн, элдэв өнгөөр хүчирхийлүүлсэн тухай мэдээлэл чих дэлсэж, байдаг л үзэгдэл мэт болж хувирлаа. Гэтэл салбарын сайд хариуцлага хүлээх тухай ганц ч үг ган хийсэнгүй.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй Ерөнхий цэргийн сургуульд хамт сурч байсан дотны нөхөр нь. 2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараа Г.Сайханбаяр ТЕГ-ын даргаар томилогдох талаар ч яригдаж байсан удаатай. Томилоогүйг бодоход тухайн үед тохироо нь бүрдээгүй байх. Гэсэн ч тэрээр энэ удаа Засгийн газраа бүрдүүлэхдээ Г.Сайханбаярыгаа хоосон орхилгүй Батлан хамгаалахын сайдаар томилсон нь энэ юм. Харамсалтай нь Г.Сайханбаяр нөхрийнхөө итгэлийг дааж, салбараа чамбайхан удирдаж чадсангүй. Салбарт нь удаа дараагийн ноцтой хэргүүд гарч, нийгмийг цочроосоор байгаа нь түүнийг салбараа эрүүлжүүлж чадаагүйг л харуулж байгаа. Тийм байхад л Г.Сайханбаяр сайд хэвлэлээр гоё чамин үгтэй ярилцлага өгөөд л сууж байх жишээтэй. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ хэргийг үйлдсэн салааны захирагчийн хувьд хуулийн дагуу хариуцлага хүлээж таарна. Тус ангийн захирагчийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн тухайн өдөр ангийн байрлалд эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан албан тушаалтнуудад зохих шийтгэлийг оногдуулаад байна. Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэргийн командлалын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүргүүлээд байна” гэжээ. Иймэрхүү жижиг асуудал яриад л уснаас цэвэрхэн гарчих нь гэж бодож байгаа бол тэрээр эндүүрч байна.

Хамгийн гол нь тэрээр ярилцлагадаа Батлан хамгаалах салбарт офицер, ахлагч, хугацаат цэрэг хоорондын харьцааны асуудал байсаар байна гэдгийг хүлээн зөвшөөрч. Батлан хамгаалах салбарт 32 жил ажиллаж буй цэргийн мэргэжилтний хувьд салбартаа байгаа олон жил бугшиж ирсэн энэ балмад үйлдэлд цэг тавина, таслан зогсооно гэсэн байх юм. Идээ, бээр бугшсаныг мэдэж байсан л юм бол 32 жилийн турш яагаад юу ч хийгээгүй юм, хийсэн юм бол үр дүн тань хаана байна. Ядаж энэ салбарыг толгойлох эрх мэдэлтэй болсон сүүлийн нэг жилийн хугацаанд тэр бугшсан асуудлыг эцэслэхийн төлөө ажиллаж болоогүй хэрэг үү. Заавал хэн нэгний амь насыг зольж байж санаж, сэдэж байгаа юм уу.

Яадаг ч байлаа гэсэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Зүрхний анд” У.Хүрэлсүхээ эвгүй байдалд оруулахгүйн тулд огцрохоос өөр аргагүй. У.Хүрэлсүх ч тэр ийм л бодолтой байгаа байх. Учир нь тэрээр халат, таавчигтай нялх биетэй эмэгтэй хүйтэнд гарч гүйсний төлөө Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон хүн шүү дээ. Бүр танхимаараа огцорсон. Уг нь тухайн үед иргэд нялх биетэй эмэгтэйг нийгмийн сүлжээгээр өмөөрөхдөө Улсын Онцгой комиссыг огцрохыг шаардаж байсан юм. Талбай дээр ирж жагссан залуус ч үүнийг л хүсэж байсан. Гэтэл У.Хүрэлсүх танхимаараа огцрох шийдвэр гаргасан.

Ямар сайндаа л сөрөг хүчний гишүүд нь гайхширлаа барж байгаагаа чуулганы нэгдсэн хуралдаан дээр илэрхийлж, огцрохгүй байх нь зүйтэй гэж байх вэ дээ. Улс төр дэх жишгээр бол сөрөг хүчин нь эрх баригчдын Засгийн газрыг газар дор ортол нь шүүмжилж, ажлаа хүлээлгэн өгөхийг шаарддаг шүү дээ. Энэ удаад тэр жишиг алдагдаж, У.Хүрэлсүх нялх биетэй эмэгтэйн өмнө Засгийн газар даяараа буруутай, би л бушуухан ажлаа өгье, огцоръё гээд алга болсон.

Тэгвэл одоо бүр хүн үхчихээд байна. Эр хүн болно, эх орны хүү болно гэсээр цэргийн албыг зорьж ирсэн хүү казарм дотроо зодуулсаар амиа алдчихаад байна. Хэдэн жижиг албан тушаалтнуудаараа туг тахичихаад асуудал шийдэгдсэн гэж андуурч суухын оронд салбарын сайд та хүн ёсоор уучлалт гуйгаад албан тушаалаа хүлээлгэж өгөх ёстой биш үү. Хэрэв Г.Сайханбаяр та сайдын суудалтайгаа зууралдаад сураг ажиггүй суусаар байвал У.Хүрэлсүхийн таавчигтай гарч гүйсэн хүний төлөө огцорсон нь юу болж хувирах вэ. Их л тэнэг хэрэг болж харагдана даа. Хэзээд л өөрийг нь гэдэг, ямар нэгэн албан тушаалд тавьчих гэж хичээдэг анд нөхрөө тэнэг харагдуулж, эвгүй байдалд оруулахгүйн тулд огцрох л хэрэгтэй. Энх цагт эрдэнэт хүний амь эрсдэхээс өөр юуг дуулгах гээд, үүнээс өөр ямар ичгэвэртэй явдал болохыг харуулах гээд сайд та дуугүй суусаар байгаа юм бэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Ганбаатар: Гурван хувийн хүүтэй зээлд 3600-гаад аж ахуйн нэгж хамрагдаад байна

УИХын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.


Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг баталсан. Эдийн засгаа сэргээхээр арга хэмжээ авч буй нь сайшаалтай ч урт хугацаандаа дарамт учруулах вий гэх болгоомжлол байна. Та үүнд юу хэлэх вэ?

-10 их наяд төгрөгийг нэг өдөрт л эдийн засаг руу оруулж, мөнгөний ханшийг унагааж, төгрөгийн худалдан авах чадварыг сулруулчих юм биш л дээ. Зарим хөтөлбөр нь гурван жилийн хугацаатай хэрэгжээд явах юм. 10 их наяд төгрөгийн долоон их наяд төгрөгийн хөтөлбөрт Монголбанкнаас дэмжлэг үзүүлж байгаа. Үүний гурван их наяд төгрөг нь ипотекийн хөнгөлөлттэй зээл олгоход чиглэж байна. Энэ нь өмнө нь хэрэгжиж байсан хөтөлбөр учраас цоо шинэ байдлаар эдийн засагт нөлөөлөхгүй. Ипотек бол 100 сая төгрөгөөс бага үнэтэй, 80 м.кв-аас доош хэмжээтэй байр анх удаа авч байгаа хүмүүст дэмжлэг болгон өгдөг зургаан хувийн хүүтэй зээл. Энэ хөтөлбөр хэрэгжээд явж байгаа учраас эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь харьцангуй бага байна гэж бодож байна.

Мөн цогц төлөвлөгөөний хүрээнд Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмж байгаа. Репо санхүүжилт гэдэг нь өмнө нь өндөр хүүтэй авсан зээлийг бага хүүтэй зээлээр сольж өгөхийг хэлж байгаа. Аж ахуйн нэгжүүдийг ажлын байраа хадгалж үлдэхэд энэ арга хэмжээ нь түлхэц болох учиртай. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас өнгөрсөн оны дөрөвдүгээр улирал болоод 2021 оны эхний улиралд арилжааны банкууд руу 430-аад тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Энэ хөрөнгө Монголбанкнаас 6.5 хувийн хүүтэй гарч байгаа, арилжааны банкууд зээлдэгч нарт 10.5 хувиас дээш хүүтэй өгөх нь хориотой юм. Энэ арга хэмжээг эдийн засгийг сэргээх, ажлын байрыг хадгалахад тодорхой дэмжлэг болно гэж харж байна. Харин үлдсэн хоёр их наяд төгрөгийг жилийн гурван хувийн хүүтэйгээр аж ахуйн нэгжүүдэд зээлэхээр болсон.

Тус зээлийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгоно гэж ойлгож байгаа. Эхнээсээ өгч эхэлж байгаа талаар Сангийн сайд хэлж байсан. Хэр хүртээмжтэй байж чадаж байгаа вэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд гэж байгаа боловч ажлын байрыг нэмэгдүүлэх, хадгалахад чиглэсэн хөтөлбөр юм. Саяын шинэ журам батлагдахаас өмнө тус гурван хувийн хүүтэй зээлийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд болоод уул уурхайн бус экспортод олгодог байсан. Энэ утгаараа иргэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд л олгох нь гэж ойлгоод байгаа. Цогц хөтөлбөрийн хүрээнд батлагдсан шинэ журмаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, уул уурхайн бус экспортоос гадна худалдаа, үйлчилгээ, боловсруулах үйлдвэрийн салбарт гурван хувийн хүүтэй зээлийг олгохоор болсон. Тэгэхээр зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нь гэж ойлгож болохгүй. Одоогийн байдлаар тус хөтөлбөрт 3600-гаад аж ахуйн нэгж хамрагдаж 252 тэрбум төгрөгийн зээл аваад байна.

Энэ хөтөлбөрийг арилжааны банкууд өөрсдийнхөө хөрөнгөөр хэрэгжүүлж, Монголбанкны хувьд дэмжлэг л үзүүлж байгаа. Мэдээж хадгаламжаа ес, арван хувиар авч байгаа арилжааны банкууд гурван хувийн хүүтэй зээл гаргаж чадахгүй учраас тэрхүү зөрүүг нь төр өгч байгаа. Аж ахуйн нэгжид долоон хувь, иргэнд зургаан хувийн татаасыг Засгийн газраас өгч байна. Ингэж хүүн дээр нь дэмжлэг үзүүлж байгаа юм. Арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс зээл гаргаж байгаа учраас тэдний зүгээс иргэд, аж ахуйн нэгжид тодорхой шаардлагуудыг тавьж байгаа. Заавал НӨАТ төлдөг, зээлийн түүх нь тунгалаг, барьцаа хөрөнгөтэй байхыг шаардаж байна. Энэ нь иргэдэд амаргүй санагдаж байгааг үгүйсгэхгүй. Жишээ нь, сүүлийн хоёр жилийн хугацаан дахь зээлийн түүх нь тунгалаг байна гэдэг хэцүү. Тиймээс энэ талыг нь анзаарч, уян хатан хандаач, 2019 оноос өмнөх зээлийн түүхийг нь илүү анзаараач ээ гэдгийг Монголбанк, Эдийн засгийн байнгын хорооноос арилжааны банкуудад хэлж байгаа. Барьцаа хөрөнгөний асуудал дээр Зээлийн батлан даалтын сан ажиллах ёстой. Тус сангийн тухайд арилжааны банкуудтайгаар төдийлөн сайн хамтарч ажиллахгүй байна уу гэж харагдаж байгаа. Үүн дээр анхаарал хандуулж ажиллах ёстой. Монголбанк, Эдийн засгийн байнгын хороо, Сангийн яам гээд холбогдох газрууд нь тус сангийн үйл ажиллагааг жигдрүүлэх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа.

Хаврын чуулганаар Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй нэг гол хуулийн төсөл бол Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл. Тус хууль батлагдсанаар гадны банкуудыг нэвтрүүлж, санхүүгийн зах зээлд түлхэц болно гэдэг. Энэ хууль ямар шатандаа явна вэ?

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиар гадны банкуудыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулах асуудлыг хуульчлах юм. Ажлын хэсэг гарч ажиллаад хоёр жил болж байна, олон ч хүмүүс ажлын хэсгийг ахалсан, багагүй маргаантай байсаар өнөөдрийг хүрч байгаа. Мэдээж болгоомжлох зүйлүүд бий. Гэхдээ гадны банкуудыг оруулж ирээд иргэдээс хадгаламж татдаггүй, 50, 100 тэрбум төгрөгөөс дээш бизнесийн зээл олгодог байхаар ч юмуу хуульчилбал боломжтой гэж хардаг. Өрсөлдөөнийг бий болгож, зээлийн хүүг буулгах л гол зорилго нь байх ёстой шүү дээ. Хууль хэзээ батлагдах вэ гэдэг нь гарч ажиллаж буй ажлын хэсгийнхний идэвх санаачилга, хурдаас л хамаарна.

Байнгын хороогоор өөр ямар хуулиуд хэлэлцэх вэ?

-Манай байнгын хороон дээр хаврын чуулганаар хэлэлцэх олон хууль бий. Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн най-руулгын төсөл, Хоршооны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл, Төмөр замын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг олон хууль хүлээгдэж байна. Гэхдээ сүүлийн үед өргөн баригдаж байгаа хуулинд нэлээд маргаан дагуулсан, олон талаас нь хараагүй түүхий орж ирж байгаа асуудал бий. Тиймээс УИХ-аас гарсан ажлын хэсгүүд дээр ачаалал өндөр байна.

Саяхан Ж.Сүхбаатар гишүүн та хоёрын дунд маргаан өрнөсөн. Түүний хувьд таныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орох гэлээ гэж нэлээд уурсаж, наймаачин хулгайч гэж хэлсэн. Энэ нь хэр зөв үйлдэл юм бэ. Ер нь тэнд яг юу болов?

-УИХ дахь бүлэг бүрээс нэг хүн Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт оруулна гэсэн юм. АН-ын бүлгээс Д.Ганбат гишүүн, МАН-аас Ж.Ганбаатар ор гэсэн. Бүлгээс л ийм шийд гаргасан. Гэтэл би ороогүй байхад чи орох гэлээ, би энэ ажлын хэсгийн ахлах ёстой гэсэн байдлаар л асуудалд хандаж, над руу дайрсан. Ж.Ганбаатар хөрөнгө мөнгөтэйгөөрөө далимдуулж шүүхэд нөлөөлөх гэлээ гэж гүтгэж байна лээ л дээ. Ийм байдлаар л намайг олон нийтэд ойлгуулах гэж хүссэн шиг байгаа юм. Намайг муучлах өө олдохгүй болохоор л наймаачин хулгайч гэж хэлж байгаа юм байлгүй. Намайг яг юу хулгайлсан гээд тэгж хэлж байгааг би ойлгоогүй. Би ямар нэгэн байдлаар улсаас тендер авч үзээгүй, улсын томоохон үйлдвэрийг хувьчлаад авчихсан юм алга. Чин шударгаараа л хөдөлмөрлөж байна. Бизнес хийж байгаа юм чинь хулгайч байж таараа гэсэн хувийнхаа сэтгэлгээгээр хандаж байгаа бол үүнийгээ засах л ёстой. Үнэхээр мундаг, шударга хуульчид юм бол хэрүүл хийх бус хэлэлцэж байгаа асуудлаа л ярих ёстой шүү дээ. Миний хувьд тэр ажлын хэсгээс нэрээ татсан, надад тийшээ ороод байх шаардлага ч байхгүй.

Ингэхэд та Ж.Сүхбаатар гишүүнийгОргил”-руугаа оруулахгүй гэж жиргэсэн юм уу, эсвэл тэр худал жиргээ байв уу?

-Дөрөвдүгээр сарын 1-нийг угтаж жиргээчид улстөрчдийн нэр, зургийг ашиглаж жиргэж, хүмүүсийг хуурдаг юм билээ. Яг ийм байдлаар нэг залуу миний өмнөөс янз бүрийн жиргээ оруулсан байна лээ л дээ. Мэдээж идэвхтэй жиргээчид түүнийг тоглоом шоглоом гэдгийг түвэггүй мэдчихдэг юм билээ. Нөгөө талдаа үнэн мэт ойлгодог хүмүүс ч цөөнгүй байдаг юм байна. Тэр бол худал жиргээ шүү, би тийм зүйл жиргээгүй. Ганц би биш, олон улстөрчдийн нэр ус, зургийг ашигласан байна лээ. Ер нь зах замбараагүй ингэж шоглоом хийх нь зохимжгүй л дээ.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх бич өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 6, Ангараг гариг. Билгийн тооллын 25, Булаагч одтой од, хөх бич өдөр. Өдрийн наран 6:20 цагт мандан, 19:29 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Бөх болон тулааны спортыг алдаршуулахаа болих хэрэгтэй” гэв

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “Цар тахлын онцгой нөхцөлд аймаг дамжиж гэр бүлээрээ зугаалсан ОБЕГ-ын дарга нарт ямар хариуцлага тооцох вэ” хэмээлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Эрчим хүчний хараат бус найдвартай эх үүсвэртэй болсон цагт л хөгжлийн тухай ярьж болно” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт “Бөх болон тулааны спортыг алдаршуулахаа болих хэрэгтэй” хэмээн өгүүллээ.

Ардчилсан намын гишүүн Л.Бямбажаргал “С.Эрдэнэ Х.Баттулгад дургүйдээ “Чамайг дахин Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүйн тулд энэ намыг чинь чадчихна” гэж байгаа юм байлгүй” хэмээснийг “Улс төр” нүүрнээс уншаарай.

“Н.Түвшинбаярыг 461 дүгээр хорих ангид хорьж, прокурорт яллагдагчаар татах хүсэлт гаргалаа” гэснийг I, VIII нүүрнээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 11-13 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Прокурорын байгууллагаас 344 хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорууд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлыг шалгаж байгаа гэв

Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2021.03.29-2021.04.02/ нийт 344 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Үүнээс Нийслэл, дүүргийн прокурорын газрууд 184 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 117 гомдол, 114 хүсэлтийг шийдвэрлэлээ.

Дээрх хугацаанд прокурор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 68 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 27 шаардлага бичиж хүргүүлжээ. Харин тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр мөрдөгчид болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд нийт 439 даалгавар бичгээр өгсөн байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнгөрөгч амралтын өдрүүдэд 1800-1200 тусгай дугаарт 947 дуудлага иржээ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь долоо хоногийн турш 24 цагаар иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус дугаарт иргэдээс нийт 947 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 19 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.46 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 116 иргэн хандсанаас 42 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 74 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 274 буюу 28.9 хувийг машин ачилтын талаар, 228 буюу 24.1 хувийг Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан тушаал, шийдвэр, Нийслэлийн Засаг даргын захирамжийн талаарх лавлагаа, мэдээлэл эзэлж байна.

Эх сурвалж: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

Categories
мэдээ нийгэм

Хаврын улиралд гэдсээ цэвэрлэгээ шаардлагатай юу?

Орчин үед бүдүүн гэдсийг цэвэрлэх зориулалттай цай, төрөл бүрийн энзим, гэдэс угаах аппарат зэрэг олон бүтээгдэхүүн шинээр бий болсон. Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ эрүүл мэндэд үнэхээр тустай юу? Энэ талаар хийгдсэн шинжлэх ухааны судалгаа, эрдэм шинжилгээний ажил тун хомсдолтой. Гэдэс цэвэрлэх ихэнх аргууд нь нотолгоогүй бөгөөд зарим нь гаж нөлөө үзүүлэх талтай.

Бүдүүн гэдсийг байгалийн аргаар цэвэрлэх боломжтой юу?

Бүдүүн гэдэс цэвэрлэх үндсэн 2 арга бий. Нэг нь гэдэс цэвэрлэх зориулалттай ямар нэг бүтээгдэхүүн авч, гэрийн нөхцөлд өөрөө цэвэрлэх бол нөгөө нь мэргэжлийн эмчид хандаж, бүдүүн гэдсээ угаалгах арга юм.

Гэдэс цэвэрлэх зориулалттай нунтаг болон шингэн бэлдмэл. Гэдэс цэвэрлэх зориулалттай ихэнх бэлдмэлийг ууж хэрэглэдэг. Заримыг нь шулуун гэдсээр хэрэглэх зориулалттай байдаг. Эдгээр бэлдмэлүүд нь гэдсэнд хуримтлагдсан хорт бодис, бохирдол, өтгөнийг хөөн гадагшлуулах үйлчлэлтэй. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүд нь эмийн сан, хүнсний дэлгүүрт өргөн сонголттой худалдаалагддаг. Үүнд:

  • Клизма
  • Туулгах эм
  • Ургамлын цай
  • Энзимүүд
  • Магни

Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ эрүүл мэндэд ямар ашигтай вэ?

Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ хийх гол зорилго нь биеэс хорт бодисуудыг гадагшлуулах юм. Бүрэн гүйцэд шингээгүй мах, бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүний үлдэгдэл нь бүдүүн гэдэсний хананд бүрхүүл үүсгэж, хорт бодис ялгаруулж, цусны урсгалаар дамжин бүх биеийг хордуулж байдаг гэж үздэг.

Хорт бодисын нөлөөгөөр хүний биед дараах шинж тэмдгүүд илэрч болно:

  • Ядрах
  • Толгой өвдөх
  • Биеийн жин нэмэгдэх
  • Эрч хүч буурах

Үйлдвэрлэгчид бүдүүн гэдэсний цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд нь эрүүл мэндэд олон талын ашиг тустай гэж сурталчилдаг. Цэвэрлэгээний гол зорилго нь гэдэсний ханыг хуримтлагдсан хорт бодис, хаягдал бүтээгдэхүүнээс салгаж, биеэс гадагшлуулах бөгөөд үр дүнд нь биед дараах өөрчлөлтүүд гарна:

  • Дархлааны тогтолцоог дэмжих
  • Илүүдэл жин хасах
  • Бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулах

Гэсэн хэдий ч бүдүүн гэдэсний цэвэрлэгээний эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусыг нотолсон эрдэм шинжилгээ, судалгааны ажил хангалттай хийгдээгүй байна.

Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ зайлшгүй шаардлагатай юу?

Хүндээр бие засах нь бүдүүн гэдсийг хангалттай цэвэрлэдэг үү? Эсвэл бүдүүн гэдэсний цэвэрлэгээ хийлгэх нь зүйтэй юу? Бие организмын өөрийн цэвэрлэгээний механизм дараах байдлаар ажилладаг:

  • Гэдсэн дэх нянгууд нь хоолны үлдэгдлийг хоргүйжүүлэх үйлчлэлтэй.
  • Элэг бие дэх хорт бодисуудыг саармагжуулдаг.
  • Бүдүүн гэдэсний хананы мембран бүрхүүл нь хорт бодисуудыг цусны урсгал руу нэвтэрч, эд эсэд тархахаас сэргийлдэг.
  • Гэдэсний хананд хорт нэгдлүүд хуримтлагдахаас сэргийлж гэдэсний хананы салс бүрхэвч биеийн бусад эдээс хамгийн хурдан нөхөн төлжиж байдаг.
  • Хүндээр бие засах тоо, хэмжээ хүн бүрт харилцан адилгүй байдаг.
  • Хүндээр бие засах давтамжийг нэмэгдүүлэх нь илүүдэл жин хасахад нөлөөгүй. Учир нь бие махбодь илчлэгийн ихэнх хэсгийг хоол хүнс бүдүүн гэдсэнд хүрэхээс өмнө шимэгдүүлдэг.

Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ хийхэд гаж нөлөө илэрдэг үү?

Хэдийгээр бүдүүн гэдэсний цэвэрлэгээг “байгалийн” гэж сурталчилдаг ч аюулгүй гэсэн үг биш. Энэ төрлийн цэвэрлэгээний бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигдах нэгдсэн стандарт гэж үгүй.

Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ хийлгэхийн өмнө эмчийн зөвлөгөө авахыг зөвлөдөг. Дараах гаж нөлөө илэрч болзошгүй:

  • Бөөлжих, дотор муухайрах, гэдэс базлах
  • Толгой эргэх, шингэн дутагдлын шинж тэмдэг
  • Эрдэс бодисын тэнцвэрт байдал алдагдах
  • Ажилбар хийсэн өдөр эмийн бодисын шимэгдэлт өөрчлөгдөх
  • Гэдэс цоорох
  • Халдвар авах
  • Гэдэсний хэвийн бичил орчин алдагдах (пробиотик эмчилгээ хийгээгүй бол)
  • Бөөрний дутагдал

Хэрэв цэвэрлэгээний усанд ямар нэг нэмэлт бодис хийсэн тохиолдолд харшлын урвал илэрч болзошгүйг анхаараарай.

Бүдүүн гэдэсний эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?

Таны идэж буй хүнсний бүтээгдэхүүнээс бүдүүн гэдэсний эрүүл мэнд шууд хамааралтай. Зохистой хооллолт нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулахаас гадна ерөнхий эрүүл мэндийг сайжруулдаг.

Усанд уусдаг болон уусдаггүй ислэгийн хэрэглээг нэмэгдүүлснээр өтгөн хаталт, гэдэсний цүлхэнт өвчин, ходоод бүдүүн гэдэсний хорт хавдар зэрэг хоол боловсруулах эрхтэн тогтолцооны олон төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой. Өдөрт 25-30 гр ислэг агуулсан хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Глютен шингээлтийн асуудалгүй бол овъёосны будаа, бүхэл үр зэрэг усанд уусдаггүй ислэг, хүнсний хивэг, зарим төрлийн жимс, хүнсний ногоо, овъёос зэрэг усанд уусдаг ислэгийн аль алийг хүнсэндээ хэрэглэх нь зүйтэй.

Мөн хангалттай хэмжээний шингэн уух хэрэгтэй. Архи, согтууруулах ундааг зохистой хэмжээнээс хэтрүүлэлгүй хэрэглэж, тамхи татахгүй, улаан махны хэрэглээг хязгаарлах нь зүйтэй. Бүдүүн гэдэсний хорт хавдрын илрүүлэг шинжилгээнд 50 наснаас эхэлж тогтмол хамрагдах хэрэгтэй. Эмчийн зөвлөгөөгөөр үүнээс эрт хамрагдаж болно.

Эх сурвалж: https://onoshmed.mn/

Categories
мэдээ цаг-үе

Хүний эрхийн Үндэсний Коммисын бүрэлдэхүүнд шинэ гишүүн томилно

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсантай холбогдуулан өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар мэдээлэл хийлээ.

“Монгол Улс Ази тивдээ анх удаа хүний эрх хамгаалагчийг эрх зүйн зохицуулалтаар хамгаалсан, хүний эрхийн төлөө тэмцэж байгаа иргэн, иргэний нийгмийн байгууллагууд, эвлэлдэн нэгдсэн хүмүүсээ хамгаалах төрийн зохицуулалт хийсэн улс боллоо. Манай улс сүүлийн 30 жил хүний эрхийг хамгаалах олон улсын гэрээ, конвенцуудад нэгдсэн ч бодит байдал дээр хүний эрхийн хамгаалагчдыг айлган сүрдүүлэх, дарамтлах, амь насанд нь халдсан тохиолдол гарсан. Тиймээс хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хүмүүсээ хамгаалах шаардлага бий болсон. Дэлхийн 40 гаруй улсад хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын хуулийг баталсан байдаг. Энэ хуулийн төслийг санаачилж, өргөн барих үйл ажиллагаанд олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн нэгдлүүд, зөвлөх судлаачид идэвхтэй хамтран ажилласан” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг онцоллоо.

Манай улсын эрх зүйн тогтолцоонд, тэр дундаа хүний эрхийг хамгаалах системийн хүрээнд нэг шинэ алхам хийгдлээ. “Хүний эрхийг хамгаалагч” гэх ухагдахуун, цоо шинэ ойлголт манай эрх зүйн тогтолцоонд орж ирж байгаа гэдэг утгаараа цар хүрээгээ тэлж байгаа юм. Хүний эрхийг хамгаалах тогтолцоо өөрөө төгөлдөржиж, шинэчлэгдэж байх ёстой юм. Хүний эрхийг хамгаална гэдэг зөвхөн төр, Хүний эрхийн Үндэсний Комиссын ажил биш. Хүний эрхийг хамгаална гэдэг бол заяамал, иргэн бүрийн эрхийн асуудал учраас бүгд нийтээрээ хамгаалж байх ёстой. Гэвч амьдрал дээр хамгаалдаг хүний тоо, эрхээ эдэлдэг хүний тооноос үргэлж цөөн байдаг. Бусдын эрхийн төлөө эрсдэл үүрээд дуугарч байгаа цөөн хүнийг дуугарах эрхийг нь урамшуулж, хамгаалах хууль, эрх зүйн тогтолцоотой болгох нь чухал байдаг. Ингэснээр нийгэм өөрийгөө хамгаалах чадвар бэхжинэ. Цаашид хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүний эрхийг хамгаалах шинэ тогтолцоог бий болгоход төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болсон учраас иргэний нийгмийн нэгдлүүд хүчтэй дуугарч, дуу хоолойгоо хүргэж байх хэрэгтэй. Иргэн бүрийн эрх хамгаалагдах ёстой гэдгийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэллээ.

Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох бөгөөд Комиссын бүрэлдэхүүнд хүний эрхийн хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг шинээр томилох юм байна.

Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны Долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.