Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ц.Түмэнжаргалтай ярилцлаа.
–Танайх чинь сүүлд ҮУИТ болсон. Миний хувьд ҮДБЭЧ гэж байхаас таны дууг сонсох дуртай, ардын дууны аялгуунд нь сэтгэл татагдан иржээ. Төрийн олон концерт, баяр наадмын нээлтэд дуулахыг тань хараад бахаддаг юм?
-Их баярлалаа, миний бие бүр Улсын ардын дуу бүжгийн чуулга байхаас нь энэ сайхан театрын босгыг алхсан хүн. Намайг чуулгад ороод удаагүй байхад, 2002 онд ҮДБЭЧ болсон юм. Ардын жүжигчин А.Нэргүй, гавьяат Д.Баттөмөр, Ш.Даваахүү, сүүлд ардын болдог Түвшинжаргал, за тэгээд Б.Сийлэгмаа, Н.Амгалан гээд уртын болоод ардын дууны үе үеийн аваргууд тайзан дээр нь байхад би чуулгадаа орсон. Төрийн хүндэтгэлийн тоглолтод гурван ч жил дараалан гоцлол дуучнаар оролцсон, мөн 2016, 2017 оны Улсын их баяр наадмын нээлтэд энэ цагийн шилдэг дуучидтай хамт дуулснаа бодоход сайхан санагддаг.
Ер нь миний хувьд бол бүр багаасаа дуучин болох мөрөөдөлтэй ийм л хүүхэд байсан. Ямар сайндаа л багадаа “Ардын дуучин Түмэнжаргал дуулна” гэж өөрөө өөрийгөө зарлаж тоглодог байхав дээ. Ер нь олон сайхан хүний яриа хөөрөөг сонсож байх нь ээ, бага балчиртаа ирээдүйнхээ мэргэжлийг зөгнөсөн бэлгэшээсэн байдаг юм билээ. Гүррагчаа баатрын ээж “Миний хүү дөрөв, таван настай байхдаа мод бариад ээж ээ, би тэр одыг хатгавал хүрэх болов уу гэж асуудаг байлаа” хэмээн дурссан байдаг. Түүн шиг аливаа хүн өөрийнхөө зам мөрийг зөн совингоороо гэх үү, хувь заяагаараа гэх үү сонгочихдог юм уу даа. Сургуульд ороход ангийн маань багш “Дуулдаг хүүхэд байна уу” гэж асуухад, би дуулъя гээд самбарын өмнө гараад ирсэн юм. Тэгээд л “Бөмбөр бөмбөр модондоо бүргэд шувуу бөөрнө, бөөрөнхий биеийг минь төрүүлсэн ээжийнхээ ачийг яанам бэ хө” гээд л дуулж гарсан. Миний сурагч болоод хамгийн анх дуулсан дуу энэ. Би чинь олон хүүхэдтэй айлын охин. Миний ижий алдарт эхийн 1, 2 дугаар одон авсан. Одоо эргээд бодох нь ээ, ээж минь одон авч, манайх одонгийн найр хийж том гэгч ширээ засчихсан, ээжийн ажлын газрынхан, аавын ажлын газрынхан ирчихсэн мөн ч гоё найр болж билээ. Би зургаа билүү, долоон настай байлаа. Ээж аавын ажлынхан болох тухайн үеийн түүхий эдийн бааз, бараа бааз, гал командын ажилчид ирж найрлаад, дандаа л 60, 70-аад оны өнөө алтан үеийн сайхан дуунуудыг, мөн ардын дуу дуулаад л. Манай ээж чинь ардын дуу их сайхан дуулна, тиймдээ ч миний бие ээжийгээ дагаж дуулан “Хөөрхөн борлог мориороо хөндийг туулах сайхан сан” гэж дуулж сурсан юм. Уг дууны үг ая ямар гоё гэж санана. Бид бүхнийг өсгөж хүмүүжүүлсэн ачит ижийгийн минь хайр, халуун сэтгэл тухайн дуунд шингэсэн юм шиг санагдаад, ээжийгээ ажилдаа явсан хойгуур дахин дахин дуулж, ээжийгээ хайрлан санаж уйлдаг байлаа. Энэ дууны үг аялгуунд эхийн сэтгэл нэвчтэл шингэж, ид шид ухаарал нь оршдог байх. “Хөгшин буурал ээжийгээ хүндлэх асрах сайхан” гээд дуулахаар одоо ч би уйлдаг.
–Ээжүүдийн баяр дөхсөн энэ үед бүр ч гоё байна. Ээжийгээ дагаж анх сурсан дуу тань хүртэл утга учиртай санагдлаа. Одоо хоёулаа оюутан болсон үеэ цухасхан дурсах уу. Алдарт Норовбанзад, “Алтан гургалдай” Загдсүрэн гээд жинхэнэ сонгодгууд багшилж байх үед та СУИС–ийн босго алхсан даа?
-Үнэхээр тийм юм шүү. Арваа төгсөөд СУИС-ийн дуулаачийн ангид орлоо. Ардын дуучин болно гэж очсон хүн чинь Загдсүрэн багш дээр дуурийн дуулаачийн ангид явж таарлаа. Их инээдтэй, өглөө нь Загдсүрэн багш дээрээ дуурийн дуулаачийн сургалт хийж дуурийн таримал хоолой тавиулаад, үдээс хойш Дэлгэр багш дээр уртын дуучны хичээлд сууж, уухай дасгал уншаад хэсэгтээ манаргасан. Ингээд аргагүйн эрхэнд зүрх сэтгэлийнхээ дуудлагаар уртын дууны ангид Дэлгэр багшийнхаа гарт ирсэн. “Зэрэг нэмэхийн өмнө” кинонд тоглодог алдарт дуучин Жамъянжав гуай намайг ангиа солиход жаахан дургүй байсан. “Ийм өндөр сайхан охин чинь урт даашинз өмсөөд олон гоё дуурийн гол дүрд тоглоно, дуурийн театрын алтан тайзан дээр мандана гээд боддоо” гээд л амихандаа Загдсүрэн багшид үлдээчих санаатай ятгаж хүртэл үзсэн, гэвч сэтгэл хэдийнэ уртын дуу руу явчихсан байсан. Ц.Дэлгэр гэж ямар агуу уртын дууч, ямар гайхалтай багш байсныг мэдэх хүмүүс нь мэднэ. Тэр сайхан хүний шавь болж, тэр хүний ач буянаар уртын дуу гэдэг их далайн завинд сууснаараа би бахархдаг. Хүн гэдэг чинь сүүлд нь л хүнийг мэдрэх юм даа. Багшийгаа өнө урт наслах юм шиг бодож, тэгж байгаад юм асууна гээд хойш тавиад л байсан. Тэгтэл хайрт багш минь өнгөрсөн намар бие нь муудаад хоёр сар шахам эмнэлэгт хэвтээд бурхны орондоо явсан. Багштайгаа уулзаад байгаагүй л дээ, гэхдээ сар шинээр байнга очиж золгоно, гэртээ байхгүй үед нь заавал сургууль дээр очиж золгоно. Бусад үед тоглолт энэ тэр болоход заавал ч үгүй урилга өгдөг байсан. Ийм ачит багшаа алдсан даа. Ном дор мөргөмү, багш дор мөргөмү гэж залбиръя. Алдарт Норовбанзад гуайгаар хичээл заалгасан би бас азтай хүн. Дэлгэр багш Солонгос руу нэг сарын хугацаатай тоглолтоор явах болоод уртын дуучдад багш хэрэгтэй гэх үүднээс Норовоо багшаар хичээл заалгах хувь тохиосон юм, тухайн үед СУИС-ийн зөвлөх багш байсан. Бидэнд хэд хэдэн удаа хичээл орсон. “Та нар ийм өнгө авч чадахгүй байна” гэж өөрөө үзүүлээд биднийг ангайлгаж байгаа юм чинь. Норовоо багшийг мэргэжлийн хичээл орсны дараа би гэр рүү нь хоёр ч удаа хүргэж өгсөн. Нээх гоё кракул шуба өмсчихсөн, жижиг гоё цүнх барьчихсан жигтэйхэн ганган. Их дэлгүүрийн урд талын гурван давхар байранд хүргэж өгч, гэрт нь бүр оруулж өгөөд, цай уугаад, чихэр идээд гарч байлаа.
–Мөн ч сайхан хувь заяа шүү?
-Тэр жилийн өвөл цагаан сараар очиж хүндэтгэл үзүүлж золгож байсан. Тухайн үед 5000-тын дэвсгэрт шинээр анх гарч байлаа. Оюутан хүүхдэд тэр их мөнгө хаанаас байхав. Ээж ааваасаа таван мянган төгрөг аваад, тийм мундаг хүшн дээр чинь яаж хоосон орохов гээд очиж золгосон. Их л баярлаж байсан. Тэгэхэд надад “Дуулим хорвоод дуулах гэж төрсөн минь” номон дээрээ “Хайрт шавь Түмэнжаргалдаа дурсгав” хэмээн гарын үсгээ зураад өгсөн нь миний хамгийн үнэт бэлэг. Тэгж л би Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дэлхийн алдарт дуучнаас гарынх нь үсэгтэй, халуун сэтгэлийн үгтэй номыг нь гардсан. Мэргэжлийн багш минь биш ч гэсэн Норовооо багшийг Дэлгэр багшийн минь багш гэдгээр ихэд дээдлэн хүндэтгэдэг. Дорждагва гуай, Сүглэгмаа гуай, Лхамжав гуай гээд тэр үеийн алдартай сайхан дуучид, мөн уртын дууны тухай ямар мундаг судалгаа хийж ном бүтээл туурвисан Жамцын Бадраа гуай гээд алдартай хүмүүсийн ач буянаар уртын дуу гэх барагдашгүй өв соёл бидэнд уламжлагдаж, өвлөгдөж иржээ гэж бахархдаг, биширдэг.
–Чуулгад анх ороход төрийн наадмыг “Түмэн эх”-ээрээ нээдэг Баттөмөр, “Алсын газрын зэрэглээ”-гийн Нэргүй гээд аваргууд байлаа гэж ярианыхаа эхэнд хэлсэн. Тэднийхээ тухай жаахан лавшруулаад ярихгүй юу?
-Баттөмөр ах маань байлаа, эрэгтэй дуучдад юм хум хэлж өгөөд л, түүнийг нь холоос ажиж харах хүртэл сайхан. Ардын жүжигчин А.Нэргүй СУИС-д багшилдаг, олон шавь төрүүлсэн. Уртын дуунд өөрийн бие сэтгэлээ зориулсан гэдгээр нь тэр хүнийг хүндэтгэдэг. Жил бүр сар шинээр очиж амар мэндийг нь айлтгадаг хүндэтгэлт дотны маань хүн. Сийлэгээ, Амгаа хоёр гавьяат бол миний хамгийн дотны эгч нар. 20 жил тасралтгүй бараг өдөр бүхэн уулзалдаж, хүний амьдралын жаргал зовлон баяр гунигаа хуваалцаж явна. Ер нь залуу дуучид, уран бүтээлчдэд зааж зөвлөж, бүр нэг чин сэтгэлээсээ ханддаг сайхан хүмүүс. Сийлэгмаа, Амгалан гэдэг чинь нэг ард түмний ямар л хайртай дуучид билээ. Амьдрал дээр маш энгийн сайхан хүмүүс. Залгуулаад манай Цогоо эгч (Цогтсайхан гавьяат), Батмэнд, Ширмээ (Ширмэнтуяа гавьяат) гээд байна. Насаар надаас ах эгч л дээ, заримыг нь чи би гээд сурчихсан, харин Цогоо эгчийг яалт ч үгүй та гэдэг юм. Манай Батмэнд чинь Норовоо багшийн отгон шавь, ёстой гарынх нь шавь байх. С.Цогтсайхан Б.Батмэнд хоёр, Д.Ширмэнтуяа Д.Амаржаргал хоёр гээд хосоороо дуулдаг байсныг манайхан мэднэ дээ. 2000-аад оны эхээр нийтийн дуу руу дуучид олноороо хошуурч орж байсан. Миний хувьд ч гэсэн нийтийн дууны талбарт хэсэг хугацаанд хүч сорьж ая зохиогч Н.Баасандоржтой “Тэр л хэвээрээ”, “Хосын хорвоо” гээд дуунуудыг хамтарч дуулсан. Ард түмний сонсох дуртай дуу болж байсан.
–Саяхан таны “Энх мэндийн аялгуу” дууны нэвтрүүлгийг үндэсний телевизээр үзээд бас л сэтгэл цэлмэсэн. “Есөн эрдэнийн орон”-г, “Дөрвөн цагийн тал”-ыг өөрийнхөө арга барилаар маш сайхан дуулсан байна лээ. Урлаг судлаач биш учир би сайн хэлж мэдэхгүй юм?
-Уртын дуу, ардын дуугаараа кино концерт хийчихсэн юмсан гэх бодол надад олон жилийн өмнөөс байсан. Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов гуай үндэсний телевизийн өв соёлын редакцид байхдаа “Чиний кино концертыг хийнэ. Чи хэдэн дуу бичүүлээд бэлдэж байгаарай” гэж бүр 5, 6 жилийн өмнөөс захиж байсан. Кино концертыг зуны дэлгэр цагт байгалийн үзэсгэлэн бүрдсэн тэр газар зураг хөргийг нь авч таарна. Тэгээд явъя гэхээр наад зах нь долоо хоног болно. Гэтэл яг тэр үед манай театрын тоглолтын ид завгүй үе, жуулчдад тоглолтоо үзүүлэх, мөн дээрээс нь баяр наадмын тоглолтын бэлтгэлд гарна. Ингээд ерөөсөө амждаггүй байсан. Харин өнгөрсөн зун хорио цээрийн дэглэм арай сулрах үед одоо л амжуулъя гээд “Үлэмж энтертайнмэнт”-ийн Отгонтуул, Золоо хоёртойгоо Архангай, Өвөрхангай, Дундговийн байгалийн сайханд зургуудаа авсан. “Есөн эрдэнийн орон”-г морины гэгддэг Нансалмаа гавьяат ардын хөгжмийн хамтлагтай анх дуулсан байдаг. Миний хувьд Нансалмаа дуучны ажиллаж байсан үндэсний театрын гал тогоонд яваа уран бүтээлч гэдгээрээ, тэр сайхан дуучны дууг өөрийнхөө дуулъя гэж шийдсэн юм. Шүлгийг нь бичсэн Пунцагийн Бадарч найрагч, хөгжмийг нь зохиосон Дашдаваагийн Баттөмөр гавьяат нарт хүндэтгэл үзүүлж, Бадарч гуайгаа дууны дүрс бичлэгт оруулсан. “Дөрвөн цагийн тал” бол Норовоо багшийн нэрийн хуудас болсоны дууны нэг. Тэр алдартай дуучны дуулсныг дуурайх биш өөрийнхөө барилаар, дуулалт болоод хөгжмийн тал дээр нь өөрчлөлт хийж дуулсан. Хоолойгоо арай зөөллөж дуулсан, хөгжмийн хувьд төгөлдөр хуур, морин хууртай дуулсан. Норовоо багш ардын хөгжмийн хамтлагтай дуулсан байдаг юм.
–Сүүлд ганцхан юм асууя. Гүрбазарын шүлэг, Балхжавын хөгжим “Миний Монгол наадам” гэж сайхан дуу төрсөн. Уг дуу таны уртын дууны шуранхайгаар эхэлдэг?
-Тийм ээ, энэ цагийн Монголын бүх л алдартай дуучид оролцсон монгол хүн бүхний зүрх сэтгэлийг огшоосон тэр сайхан бүтээлийн эхэнд уртын дууныхаа шуранхайг хадаасандаа би баярладаг. Дууны клипийг харахаар гоё санагддаг.