Categories
мэдээ нийгэм цаг-үе

Л.Энх-Амгалан: Баяр тохиолдуулан аав ээждээ захидал бичиж, зохион бичлэг хийдэг “аян”-уудыг зогсооё

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Мартын 8, цэргийн баяр зэрэг өдрүүдээр аав, ээжийн тухай зохион бичлэг бичүүлэх, зураг зурах зэрэг нийтлэг зохион байгуулдаг арга хэмжээг халах санал гаргажээ.

Тэрбээр энэ талаар сошиал хуудаснаа “Баяр тохиолдуулан ээждээ захидал бичдэг, аавын тухай зохион бичлэг хийдэг “аян”-уудыг зогсооё. Ядаж нэрийг нь өөрчлөе. Энэ бол хуучин коммунист харгислал. Аав, ээжгүй хүүхдүүд олон бий. Хүүхдийг хамт олных нь дунд багаас нь ийм ялгаатай,дутуу байдал мэдрүүлж өсгөж болохгүй” гэж байр сууриа хуваалцжээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Агаар цэвэршүүлж, хүчилтөрөгч ялгаруулдаг цэцэгс

Ногоон ургамлууд нүүрстөрөгчийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулах чадвартай учир хүмүүс гэртээ аль болох их цэцэг тарихыг хүсдэг.

Та бүхэнд шөнийн цагаар ч хүчилтөрөгч ялгаруулж, агаарын хорыг хамгийн сайн шүүдэг, гэртээ тарихад тохиромжтой тасалгааны ургамалуудыг танилцуулж байна.


Тасалгааны цэцэг дундаас тарихад амархан цэцэг бол мөнхрөө юм. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар мөнхрөө цэцэг нь агаарыг маш сайн цэвэршүүлдэг болох нь тогтоогджээ. Түүнчлэн агаар дахь химийн хорт бодисыг шүүж цэвэршүүлэхээс гадна өдөр, шөнө ч хүчилтөрөгч ялгаруулж байдгаараа бусад тасалгааны ургамлаас онцлог аж. Тиймээс энэхүү цэцгийг унтлагын өрөөнд тарихад тохиромжтой юм.

ГУНДААХАЙ

Гундаахай хортой шүүстэй ч гэсэн тасалгаанд хүмүүс их ургуулах сонирхолтой байдаг. Тэр бүр хүмүүс нарийн мэдээд байдаггүй маш олон сайн талуудтай юм. Энэхүү цэцэг нь тасалгааны агаарын химийн бүтцийг хүртэл өөрчилж чаддагаараа онцлог. Агаарт байгаа зарим хорт бодисыг сорж авч өөртөө шингээдэг, мөн төрөл бүрийн токсик бодисыг саармагжуулдаг. Гундаахай фитонцид шинж чанар агуулдаг байна. “Фитонцид” бол ургамлын боловсруулж ялгаруулдаг биологийн идэвхитэй бодисууд юм. Агаарт байгаа бактери, үл харагдах мөөг, мөөгөнцөр, нян, эгэл биетнүүдийн ургалт хөгжлийг дарангуйлж зогсоодог, мөн тэднийг устгадаг сайн талтай. Гундаахай байгаа өрөөний агаар дахь төрөл бүрийн өвчин үүсгэгч патоген нян эрс цөөрдөг тухай нэгэн судлаач тэмдэглэн бичсэн байдаг. Гундаахайг тойрсон орчны агаарын чийгшил илүү өндөр байдаг гэнэ. Ингэснээр өрөөний тоосжилт багасах боломжтой болдог байна.

АВИРГАНА

Авиргана хэмээх ид шидтэй,бактери устгагч ургамалыг тасалгаандаа болон хашаандаа тариарай. Авиргана нь бие биедээ гэрэл хүлээж авахад саад болохооргүй өвөрмөц навчны хэлбэртэй. Цэцэг жижигхэн шаравтар ногоон өнгөтэй. Жимс нь хар эсвэл шар өнгийн, дотроо 3-5 үртэй.Гадаах хана, хашаагаа авирганаар бүрж болно. Тасалгаанд ихэвчлэн ампель хэлбэрээр унжуулж ургуулдаг. Гадаадад босоо ногоон хана хийхэд их ашиглагддаг. Эсвэл өндөр ургасан модны доогуур хөрсийг нь бүрхэж чимж өгөх нь ч бий. Авиргана нь тасалгаан дахь хортой бодисыг устгадаг цэцэг гэдэгээрээ алдартай. Агаар дахь формальдегидыг шингээж авдаг. Формальдегид нь ахуйн газ хэрэглэхэд, мөн ДСП тавилга, өнгөлгөөний болон бусад барилгын материалаас ялгардаг байна.Авирганы навч болон мөчрийг ардын эмнэлэгт хэрэглэдэг байна – бактери устгадаг, үрэвсэл намдаадаг, мөөг болон мөөгөнцрийн эсрэг, цус тогтоодог, шарх түргэн эдгээдэг, цэр ховхолдог, шээс туудаг гэх мэтийн олон сайн талтай.

ИНЖИРИЙН МОД

Лалын шашинд дээдэлж сүсэглэж байдаг хоёр төрлийн ариун модны нэг нь инжир мод юм. Инжирийн модыг мөн индуист болон буддист шашинд их дээдэлдэг. Удамборын ихэнхи төрлүүд эхлээд эпифит (өөр модон дээр тогтож ус, тэжээлээ гаднаас өөрөө олж авдаг) ургамал байгаад, дараа нь үндэс нь сайн хөгжөөд газар хүрээд ирэхлээр өөрөө бие дааж ургаж эхэлдэг. Харамсалтай нь тулгуур болж байсан модыг үндсээрээ ороож ургасан байдаг тул тэр нь сүүлдээ үхдэг байна. Удамборын бүх хэсэг сүүн шүүстэй. Зарим сортын сүүн шүүсийг эмчилгээнд хэрэглэдэг аж. Бенджамины удамбор Ихэнхи төрлүүд хүнд ашиг тусаа өгдөг.

ТОГОСОН СҮҮЛ

Маш их ашиг тустай, агаар чийгшүүлж, чимж өгдөг гайхалтай ургамал бол тогосон сүүл юм. Тогосон сүүл нь Marantaceae зүйлд багтах бөгөөд навчаараа гоёдог ургамал юм. Өндөр, нарийхан иштэй зууван хэлбэрийн навчнууд нь 30 см хүртэл өндөр ургадаг. Түүний нимгэн, туяхан навчин дээрх тод хээ нь тогосны сүүлийг санагдуулдаг. Шинэ навч гарахдаа хуйларсан байх ба доод талдаа ягаан-улаан туяатай байдаг. Нарнаас болгоомжил.

Тогосон сүүлийг нарны шууд тусгалаас хол байлгахгүй бол түүний навчны өнгө нь бүдгэрдэг. Calathea нь маш их чийг шаарддаг чийгсэг ургамал бөгөөд өдөр бүр шүршиж байх хэрэгтэй. Хэрэв навч нь шар эсвэл хүрэн өнгөтэй бол, агаар хэт хуурай байгааг илтгэнэ. Өвөл агаарын чийгшлийг дор хаяж 60 хувь байлгах хэрэгтэй. Хавар шилжүүлэн суулгах. Ургамал савандаа багтахаа болиход нэг дахин том саванд шилжүүлэн суулгана. Энэ үедээ том, шигүү ургасан ургамлуудыг салгах хэрэгтэй. Үндсийг ялзрахаас сэргийлэхийн тулд нүхтэй саванд суулгана.

Усалгаа: Үргэлж чийглэг байлга. Крантны усанд байх химийн бодисууд нь уг ургамалд тохиромжгүй тул нэрсэн усаар услах нь тохиромжой.

Чийг: Чийглэг агаарыг шаарддаг. Савны тавиурт хайрга дэвсэж, навчийг тасалгааны хэмтэй усаар өдөр бүр шүршиж өгч байгаарай.

Та бүхэн эдгээр ургамалуудыг өрөө тасалгаандаа тарьж орчин тойрноо гадны хорт бодисуудаас хамгаалан хүчилтөрөгчийнхөө урсгалыг нэмэгдүүлээрэй.

Categories
мэдээ нийгэм

ҮСХ: Монгол эмэгтэйчүүд дунджаар 26 насандаа гэрлэж, гурван хүүхэд төрүүлдэг

Монгол Улсад 2020 оны байдлаар нийт хүн амын нэг сая 650 мянга нь эмэгтэй байгааг Үндэсний статистикийн хорооны мэдээнд тэмдэглэжээ.

Тэдгээрийн 5.4 хувь нь өрх толгойлсон бөгөөд 54.4 хувь нь сонгуульд идэвхтэй оролцдог. Монгол эмэгтэйчүүдийн дундаж нас 76 бөгөөд гурван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой байна.

Харин 529.7 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдгээрийн сарын дундаж цалин нэг сая 135.8 мянган төгрөг. Тэдний 63.5 хувь нь үйлчилгээний салбарт, 22.5 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 14 хувь нь аж үйлдвэр, барилгын салбарт ажилладаг. Аж ахуйн нэгж, байгууллагын захирлуудын 36.7 хувь нь эмэгтэй ажээ.

Монгол эмэгтэйчүүд дунджаар 26 насандаа гэрлэж, гурван хүүхэд төрүүлдэг. Нийт эмэгтэйчүүдийн 69 хувь нь хотод амьдарч байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэдийн санал, гомдолд хариулт өгөх, тусгаарлах байрны халдвар хамгааллыг сайжруулахыг үүрэг болголоо

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох үүрэг чиглэл өглөө.

Шуурхай штаб нь Улсын Онцгой комиссын даргын 2021 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн 22 дугаар тушаалаар шинэчлэгдэн байгуулагдаж, ажиллагаа-зохион байгуулалтын баг, тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохион байгуулах баг, орон нутаг, бүс хариуцсан баг, хяналт-шинжилгээ, үнэлгээний баг, төлөвлөлтийн баг, нөөц, хангалтын баг, мэдээллийн технологи, харилцаа холбооны баг, захиргаа, санхүүгийн баг гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан иргэдээс ирж байгаа мэдээллийг ангилах, санал, гомдолд хариулт өгөх, тусгаарлах байрны халдвар хамгааллыг сайжруулах, тусгаарлан ажиглах байранд байгаа иргэдэд зөвлөмж мэдээлэл бүхий гарын авлагыг бэлтгэн хүргэх зэрэг үүрэг, чиглэл өглөө гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Цахим экспортыг нэмэгдүүлэх боломж” цахим хэлэлцүүлэг болно

МҮХАҮТ-аас Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулж буй “Цахим экспортыг нэмэгдүүлэх боломж” цахим арга хэмжээ энэ сарын 11-нд болно.

Үүгээр уул уурхайн бус, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дэмжих, гадаад зах зээлд сурталчлах, худалдан авагчтай холбож өгөх, экспортлогчдыг мэдээллээр хангах юм. Түүнчлэн Монгол Улсын экспортын бодлого, цаашдын зорилт, мэдээллийн технологийн экспортыг дэмжих Засгийн газрын бодлогын танилцуулах аж.

Мөн Европын холбооны бүртгэгдсэн экспортлогчийн системийн танилцуулга болох юм. Эдгээрээс гадна гадаад худалдааны санхүүжилт, гадаад худалдааны төлбөр тооцоо, экспортыг нэмэгдүүлэх дэмжлэг, цахим экспортын боломжуудыг талууд ярилцахаар байна. Цахим хэлэлцүүлэгт экспортлогчид болон экспорт хийхээр бэлдэж буй компаниуд, үйлдвэрлэгчид мөн мэргэжлийн холбоодын төлөөлөгчид оролцох боломжтой аж.

Тус вебинарт Гадаад харилцааны яам, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар, МҮХАҮТ, Монгол Улсын худалдааг дэмжих төсөл TRAM, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл, МҮХАҮТ-ын Бээжин дэх төлөөлөгч, Экспорт олон улсын худалдааны төв зэрэг байгууллага оролцох юм.

Categories
гадаад мэдээ

Бельгид хөл хориог сулруулахаар төлөвлөжээ

Бельгийн Засгийн газар “Ковид-19”-ийн цар тахалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа хорио цээрийн дэглэмээ сулруулахаар төлөвлөж байна. Энэ сараас эхлэн 10 хүртэл хүн нэг дор цуглахыг зөвшөөрөх бол ирэх дөрөвдүгээр сараас урлаг, спортын 50-иас бага хүн оролцох арга хэмжээг зохион байгуулах зөвшөөрөл олгох юм байна.

Гэхдээ ирэх тавдугаар сар хүртэл зоогийн газруудыг нээхгүй байхаар төлөвлөж байна. Мөн хилийн чанад руу аялах боломж хаалттай хэвээр байх юм байна.

Бельгийн Засгийн газрын тэргүүн тус улсад коронавирусийн халдварын тархалт харьцангуй буураад байгаа ч бүрэн зогсоож чадаагүй учир урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ бүрэн сулруулах цаг болоогүйг мэдэгдэж байна. Гэхдээ Ерөнхий сайд Александр Де Кроо 5 сарын туршид хорио цээрийн дэглэмд байсан хүн амд итгэл найдвар юу юунаас чухал байгааг онцолсон байна.

Европын орнуудаас Чехэд халдварын нөхцөл байдал хүнд байна. Чехийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдсэн учир Европын улс орнуудад хандаж тусламж дэмжлэг үзүүлэхийг уриалжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас олон эмнэлэг ачаалалдаа дарагдаад байгааг хүлээн зөвшөөрсөн банйа.

Германы Гадаад хэргийн сайд Хайко Маас тус улс Чехээс халдвар авсан тодорхой тооны хүмүүсийг хүлээн авч эмнэлгүүддээ эмчлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Үүний тулд Чехийн албаныхантай төдийгүй Германы мужуудын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийж байгаагаа мэдэгдсэн байна.

Энэ хооронд Итали гурван муждаа хорио цээрийн дэглэмээ чангатгаж байна. Маргаашнаас эхлэн халдвар ихээр тархаж байгаа Венето, Фриули, Венец Жули мужид улбар шар түвшин тогтоосон байна. Мөн Кампани мужид улаан түвшин тогтоожээ. Италид коронавиурсийн халдварын нийт 3 сая тохиолдол батлагдаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Орон сууц түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамрагдсан төрийн албан хаагчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулжээ

Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас “КОВИД19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгой үүрэг хүлээн ажиллаж байгаа 1000 гаруй төрийн жинхэнэ болон үйлчилгээний алба хаагчдыг түрээслээд өмчлөх, орон сууцны хөтөлбөрт хамруулж байгаа бөгөөд хөтөлбөрт сонгогдож, эрх авсан алба хаагчид холбогдох шаардлагуудад нийцүүлэн орон сууцаа өөрөө сонгож, гэрээ байгуулан орон сууцандаа хамрагдаж байгаа юм.

Цар тахлын хөл хориотой холбогдуулан иргэдийн эдийн засгийн байдал хүндэрч байгаа тул төрийн албан хаагчдын зээлийн эргэн төлөлтийг энэ оны долдугаар сарын 01-нийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ.


2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар Тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 10.14 дугаар зүйлд орсон нэмэлт өөрчлөлтөөр,10.14.Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр төлбөрийн хугацааг хойшлуулах гэж заасан.

Тус хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2021 оны 07-р сарын 01-ний өдөр хүртэл хэрэгжих ба Орон сууц түрээслээд өмчлөх гэрээний эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтэй иргэд 2021 оны 03-р сарын 21-ний 00:00 цагийн дотор дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ үү.

1. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх төлбөрийн үлдэгдэлгүй байх.
2. Хүсэлтийг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн nosk.ub.gov@gmail.com цахим хаягт илгээх.
3. Өргөдөлд дараах зүйлсийг заавал тусгасан байх.
– Овог, Нэр
– Сонгосон орон сууц, тоот
– Утасны дугаар
– Хамрагдах хугацаа (2021 оны 02-р сарын 01-ээс 2021 оны 07-р сарын 01-ний хооронд байх)
4. Цахим хаягаар өргөдөл ирүүлсэн иргэд 99400714 мессеж илгээж хүсэлтээ баталгаажуулах.

Categories
мэдээ нийгэм

Зуунмод сумын иргэдийг маргааш “Нэг хаалга – Нэг шинжилгээ”-нд хамруулна

Төв аймгийн Зуунмод суманд батлагдсан 4 иргэнийг ХӨСҮТ рүү зөөвөрлөн эмчилж байна. Зуунмод суманд бүртгэгдсэн 4 тохиолдолын ойрын хавьтлын 63 иргэнийг 3 цэгт тусгаарлах байранд тусгаарлан PSR шинжилгээг ХӨСҮТ рүү илгээжээ. Шинжилгээний хариу маргааш буюу 2021 оны гуравдугаар сарын 8-ны өдөр гарна.

Одоогоор нийт батлагдсан тохиолдлын дам хавьтал бүхий 200 гаруй иргэн гэрийн ажиглалтад байна. Батлагдсан дохиолдлын ойрын хавьтал Төв аймгийн Жаргалант, Эрдэнэсант, Баянчандмань, Бүрэн сумдад болон Улаанбаатар хот, Дорноговь аймаг руу зорчсон байна.

Зуунмод сумын хэмжээнд “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна. Маргааш буюу 2021 оны гуравдугаар сарын 08-наас эхлэн дараах 5 цэг дээр шинжилгээг авахаар болжээ.
– Солонго цогцолбор,

– Спортын ордон,

– 2-р багийн байр,

– 4-р сургууль,

– 3-р багийн байр гэсэн цэгүүдэд хоёр хоногийн дотор шинжилгээг авч дуусгахаар төлөвлөж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд

Өнөөдөр ажиллаж байгаа шинжилгээ авах цэгүүдийн мэдээллийг ЭМЯ-наас хүргэж байна. Өнөөдөр нийслэлийн төвийн зургаан дүүргээс Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт PCR шинжилгээ авах цэг ажиллахгүй гэж ЭМЯ-наас мэдээлсэн билээ.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Ардчилсан нам дотоод талцлаа эцэс болгож, Улс үндэсний эрх ашгийн төлөө нэгдэн нягтрах цаг иржээ


Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн цахим хуудсаараа дамжуулан Ардчилсан намын даргын дотоод маргаантай холбоотойгоор байр сууриа илэрхийлээ.

Тэрээр “Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх зорилт бүдгэрэн, үндэстний ирээдүй, иргэний нийгмийн төлөвшил, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, өрсөлдөөнт зах зээл, чөлөөт сонгууль зэрэг Та бидний итгэл үнэмшил, үнэт зүйлс нэн хэцүү сорилттой тулгарч буй цаг үед Ардчилсан намын даргын сонгууль болох гэж байна.
Нэг намын дарангуйлал гарцаагүй болж, хууль хяналтын байгууллага, тэр ч бүү хэл Үндсэн хуулийн цэцэд хяналтаа тогтоохоор санаархаж, гадны хөрөнгө оруулагчидтай үгсэн хуйвалдах, түр зуурын аргацаасан үйлдлүүдээр иргэдийг хууран мэхлэх замаар “Оюу толгой” мэт Монголын баялгийг худалдах, тэдний хяналтад шилжүүлэх замаар намынхаа дарангуйллыг бэхжүүлэх, хадгалахаар улайм цайм хичээж буй цаг үед ардчилсан үзэл санааг тээгч, дэмжигч хүн бүр дотроо бодолтойгоор намын даргын сонгуульд оролцох нь чухал хэмээн санаж Та бүхэнд хандаж байна.
1990 оны ардчилсан хөдөлгөөн, ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үед тавигдаж байсан зорилго, зорилтууд бүрэн биелээгүй байна. Монгол Улс улам бүр клептократ – хулгайн төрийн тогтолцоо руу гулган унаж, иргэний мэдэх эрхийг хязгаарлан, эрх чөлөө, оролцоог нь хумих, иргэдээ намын харъяаллаар нь хавчин гадуурхах, иргэдийн сонголтыг үл хүндэтгэх, эрх баригчдын сонголтыг тулгах явцыг хуульчлан завхруулах явц даамжирч байна. Улс төрд эрх баригч нам бохир тоглолт хийн дагуул жижиг намууд худалдагдсан тоглоомын улс төрчдөөрөө дамжуулан ардчиллыг харлуулах, гутаах, төрийн оролцоог ихэсгэх замаар хүнд суртлын тогтолцоо бүрдүүлж, өөрсдийгөө магтан дуулуулах, нэг намын дарангуйллыг бэхжүүлэх ажлыг өдөр шөнөгүй хийж байна.
Статистик мэдээллийн ихээхэн дарагдуулсан тоогоор 940 мянган хүн буюу хүнамын 30 хувь нь ядууралд өртөж, бүхэлдээ 1.9 сая иргэд ядуурлын ирмэгт тулж иржээ. Улсын төсвөөс давсан хэмжээний мөнгийг авилгачид шамшигдуулсныг Авлигатай тэмцэх газар зарлалаа. Улс төрчдийн оффшорт нуусан мөнгө хэдэн их наядаар хэмжигдэж байна. Энэ бүхэн бол өөр юуны ч биш 2016, 2020 оны УИХ-ын сонгуулийн шууд үр дүн юм.
Нэг намын дарангуйлал олон жилийн дараа бодитоор эргэн ирж, хүнд суртал, дураар авирлах ёс, хээл хахууль, авлигыг сэргээн дэврээж байна. Ардчилсан сонголт, эрх чөлөөний замыг буруу зүйл байсан мэт суртал нэвтрүүлгийг эрх баригчид өргөнөөр түгээж, нийгмийн сэтгэл зүйг хордуулах, залахыг улам бүр чармайх боллоо. Ардчилал бүдгэрч, хүний эрх, эрх чөлөөг хумихын хэрээр эрх баригчид бие даасан бодлого явуулах чадвараа алдаж, гадны хамаарал бүхий улс төрийг цогцлоон дархалж байгаа нь ил тод харагдаж байна.
Ийм хүнд цаг үед Монголын ардчиллын сүүлчийн цайз болох Ардчилсан нам дотоод талцал, хуваагдлаа эцэс болгох, эрх баригчдын улс төрийн тоглоом болохоо зогсоож, эх орны ирээдүй, улс үндэстний эрх ашгийн төлөө нэгдэн нягтрах цаг иржээ.
Эрхэм журмын нөхөд өө,
АРДЧИЛЛЫН АНХДАГЧ САНЖААСҮРЭНГИЙН ЗОРИГ АГСНЫ “НЭГДҮГЭЭРТ, УЛС ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ, ХОЁРДУГААРТ, НАМЫН ЭРХ АШИГ, ГУРАВДУГААРТ, ХУВИЙН ЭРХ АШГИЙГ ЭРЭМБЭЛЭХ ЁСТОЙ” ХЭМЭЭН ХЭЛСЭНЧЛЭН СЭТГЭЖ, НАМЫН ДАРГЫН СОНГУУЛИЙГ ӨРГӨН УТГААР НЬ ХАРЖ ОРОЛЦОХЫГ ТА БҮХЭНД УРИАЛЖ БАЙНА.
Одоо л бид улс төрд үүссэн гажуудал, завхрал, нэг намын дарангуйллыг таслан зогсоох, нийгмээ шинэчилж, өөрчилж тордохгүй бол дарангуйлал руу эргэлт буцалтгүй гулсан орох эгзэгтэй нөхцөл нэгэнт бий болжээ. Өөрчлөлтийг эс хийвэл цаг хугацаа, түүх биднийг өршөөхгүй.
Нэрээ дэвшүүлсэн гишүүн бүрт өөрийгөө илэрхийлэх, чөлөөт өрсөлдөөнд оролцох боломж олгох замаар нийт гишүүдийн шүүлтүүрт оруулахыг Та бүхэнд уриалж байна. Нийт гишүүдээрээ шийдүүлэх, сонгуулах нь ардчиллыг бэхжүүлэх, сэргээн тогтоох үйлсийн эхний том алхам байх болно.
Өнөө цагт эрх баригчдыг сөрөн зогсох сэтгэлийн хаттай, зохион байгуулах туршлага чадвартай, улс орны нөхцөл байдал тулгамдсан асуудлыг томоор харах, шийдэл олох чадвартай намын дарга бидэнд чухлаар шаардагдаж байгааг ухамсарлагтун!
2000 ОНД АРДЧИЛЛЫН ДУУЧ С.ЦОГТСАЙХАН БИДЭНД ЗАХИХДАА, “ЛИДЕРҮҮДИЙН
АЛДААНААС АРДЧИЛСАН ХҮЧНҮҮДИЙН НЭР ТӨР ЦЭВЭР ГАРААГҮЙ. БУРУУГҮЙ МӨРТЛӨӨ АРДЧИЛЛЫГ ДЭМЖИГЧ БИДНИЙ НЭР ХҮНД Ч МӨН АДИЛХАН Л БУРУУТСАН. ХЭН НЬ Ч УСНААС ХУУРАЙ ГАРААГҮЙ… ХЭРЭВ БИД МОНГОЛЫН АРДЧИЛЛЫГ БАТАЛГААЖУУЛАН ГҮНЗГИЙРҮҮЛЬЕ ГЭВЭЛ ХҮЧЭЭ НЭГТГЭХ ХЭРЭГТЭЙ” гэсэн билээ. Үүнийг журмын нөхөд санаж, сэрэх буй заа.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улсад ардчилал, эрх чөлөө ашид оршиж, дэлгэрэн хөгжих болтугай.