Categories
мэдээ цаг-үе

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ази, Номхон далайн бүс нутгийн хэлэлцүүлэгт оролцлоо

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс болон НҮБ-Эмэгтэйчүүд байгууллага хамтран өнөөдөр Ази, Номхон далайн бүс нутгийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус хэлэлцүүлгийн нээлтэд үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр эмэгтэйчүүдийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх нь жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Энэхүү хэлэлцүүлэгт бүс нутгийн орнуудын Засгийн газар, НҮБ болон бусад олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд болон залуучуудын төлөөлөл оролцлоо.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр Баянгол дүүргийн таван объектыг хамгаалалтад авчээ

Баянгол дүүрэгт өнөөдөр шинээр таван объектыг хамгаалалтад авч, тусгаарлажээ.

Үүнд,

  • 3 дугаар хороо 35/а байр,
  • 4 дүгээр хороо СОТ 3 байр,
  • 6 дугаар хороо 22 дугаар байр
  • 11 дүгээр хороо 43/а байр,
  • 25 дугаар хороо 103 байрыг багтаж байна.

Ингэснээр Баянгол дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт долоон объект хамгаалалтад аваад буй аж.

Өмнө нь,

  • гуравдугаар сарын 4-ний өдөр 6-р хороо 42-р байрны II орц,
  • гуравдугаар сарын 7-ны өдөр 25-р хороонд байрлах Голден парк-301 байрыг тус тус хамгаалалтад авсан байсныг тус дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ.

Иймд иргэдийг онц шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг уриалав.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн нийт хүн амын 3.8 хувь нь вакцинжуулалтад хамрагджээ

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 301.4 сая хүн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаад буйг албаны болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан тоо баримтууд харуулж байна. Энэ нь дэлхий даяар бүртгэгдсэн коронавирусийн халдварын нийт тохиолдлоос 2.5 дахин өндөр тоо юм.

Нэг үгээр хэлбэл дэлхийн хүн амын 3.8 хувь вакцинжуулалтад хамрагджээ. Энэ хэмжээ 70 хувьд хүрэхэд хүн төрөлхтөнд коронавирусийн эсрэг сүргийн дархлаа тогтоно гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага үзэж байгаа.Энэ долоо хоногт вакцинжуулалтын хурд өдөрт 7.4 сая тун болсон байна. Хоёрдугаар сарын сүүлээр энэ хурд 4.4 сая тун байжээ.

Нийт вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн 50-аас илүү хувь нь дэлхийн таван улсад оногдож байна. Эдгээр тав нь АНУ (90 гаруй сая хүнээ вакцинжуулсан), Хятад (52.5 сая), Их Британи (23 сая), Энэтхэг (20.7 сая), Бразил (10.6 сая) улсууд юм.

Харин хүн амаа вакцинжуулалтад хамруулсан хувь хэмжээгээр Израйль 97 хувь, Сейшеллийн арлууд 84.5 хувь, Арабын Нэгдсэн Эмират Улс 65 хувьтай тэргүүлж байна.

Манай хойд хөрш ОХУ 5 сая гаруй хүн буюу хүн амынхаа 3.4 хувийг вакцинжуулжээ. Вакцинжуулсан хүнийхээ тоогоор тус улс дэлхийд 12 дугаарт жагсаж байна.

Эх сурвалж: ТАСС

Categories
мэдээ нийгэм

Эмэгтэйчүүдийн эрхийн өдрөөр УИХ-ын эмэгтэй гишүүд хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орон нутгийн түвшинд буюу сум, хороонд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх, орон тооны нийгмийн ажилтан ажиллуулах, төрийн бодлого, зохицуулалт, удирдлага, арга зүйгээр хангах чиг үүргийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа агентлагийн чиг үүрэгт хамруулах, хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн хуваарилалт, зарцуулалт, жишиг зардлыг тооцох аргачлал, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг шинэ зохицуулалт тусгагджээ.

Хууль батлагдсанаар хүүхэд хамгааллын тогтолцоо бэхжих, төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг бүх түвшинд оновчтой тодорхойлогдох, хүүхэд хамгааллын үйлчилгээ төрөлжиж, нэр төрөл нь олширч, чанар, хүртээмж дээшлэхээс гадна мэргэжлийн түвшинд шаардлагатай хүүхэд бүрт хүртээмжтэй хүрэх нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол зорилго нь ажлын байранд бэлгийн төдийгүй сэтгэл санаа, бие махбодийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг үл тэвчих орчин нөхцөлийг бүрдүүлэх, ажилтнаас гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах, бие махбодь, сэтгэл зүйн болон аливаа хэлбэрийн бэлгийн дарамтаас ангид байх харилцааг хамт олонд төлөвшүүлэх сургалт, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.

Судалгаагаар манай улсад 5 эмэгтэй тутмын 1 нь ажлын байран дахь бэлгийн дарамтад өртөж байна. Түүнчлэн хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн ялгаварлан гадуурхалт байсаар байна. Хохирогчид нь хүчирхийллийн үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй, хүлээж аваагүйн улмаас ажлаас чөлөөлөгдөж, албан тушаал буурч, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүлээж, тэвчишгүй байдалд хүрэх нь тохиолдсоор байгаа аж.

Эдгээрийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх шинэ тогтолцоо бүрдүүлэх зүйл, заалтууд хуулийн төсөлд тусгагдсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Т.Чимгээ: Зөвхөн Б.Амгаланбаатарын үгийг нотлох баримт болгож намайг ялласан

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр Т.Чимгээ нарын гурван хүнд ялын дээд хэмжээг оноосон байдаг. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.08/ ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ялаа эдэлж байгаа Т.Чимгээтэй уулзсан. Түүний дараа ялтан Т.Чимгээ хуулийн хүрээнд хэвлэлийнхэнтэй уулзлаа.

Тэрбээр “Би 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Цагдан хориход хоригдсон. Тэр хоригдож байх хугацаандаа маш хүнд байдалтай байсан. Гурван сарын турш ариун цэврийн хэрэгсэл байхгүй, хоол ундгүй, дотроо бааж, шээдэг. Агааржуулагч байхгүй өрөөнд есөн сар хорьсон. Тэгээд 407 дугаар анги руу 2017 оны тавдугаар сард шилжсэн. Миний байдал өөрчлөгдөөгүй, маш хүнд хэцүү дарамт шахалтад явсаар байгаад жил долоон сар хоригдсон. Харин 2019 оны дөрөвдүгээр сард 401 дүгээр ангид ирж, сэтгэл санаа тайван, эрүүл мэндээ эмчлүүлж, орчин нөхцөл маань өөрчлөгдсөн. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Таван жил гаруй миний амьдралыг эргүүлж, эрүүл мэнд сэтгэл санаа үр хүүхдээр минь хохироосон. Тарчлаан зовоож, тамалж, хар дарсан зүүд шиг таван жилийг өнгөрүүллээ. Миний том охин намайг хоригдож ирснээс хойш жилийн дараа осолд орж, өнгөрсөн. Би охиныхоо үхлийг энэ хэрэгтэй холбоотой гэж боддог. Дахиад ч үр хүүхдийнхээ тэр хэргийг шалгуулах хүсэлтэй байгаа. Миний ар гэр, амьдрал ахуй байхгүй. Намайг хэрэгтэн гэх нотлох баримт байдаггүй. Ганцхан Ц.Амгаланбаатарынхаар ялласан байдаг. Өөр нотлох баримт байдаггүй. Би 1998 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл Дорноговь аймагт ээж дээрээ байсан” гэж ярилаа.

Categories
мэдээ спорт

ОУХМ Т.Тулга чөлөөт бөхийн олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Дэлхийн чансааны оноо олгох Маттео Пелликонегийн нэрэмжит “А” зэрэглэлийн олон улсын тэмцээн гуравдугаар сарын 3-наас 7-нд Италийн нийслэл Ромд боллоо. 26 дахь удаагийн уламжлалт тэмцээнд өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, Тахтийн цомын аварга, үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга мөнгөн медаль хүртэв.

Т.Тулга Ромын дэвжээнд үдээс өмнө шөвгийн наймд өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга, Яшар Догугийн Гранпригийн аварга Хамза Алачаг оноогоор цэвэр (10:0), хагас шигшээд Энэтхэгийн Рохитыг 4:0-ээр тус тус ялж, шигшээд шалгарсан.

Алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ийн нэг мөнгө, хошой хүрэл, Азийн наадмын алт, мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Энэтхэгийн алдарт бөх Бажранг Пуньятай хүч үзэж 2:2-оор ялагдлаа. Манай бөх 2:0-ээр тэргүүлж яваад сүүлийн 30 секундэд ардаа 2 оноо алдаж тун харамсалтай ялагдлаа.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН ХОРОО

Categories
мэдээ цаг-үе

Орон нутгийн 30 охиныг код бичих сургалтанд хамруулах хөтөлбөр зарлагдлаа

Жендерийн тэгш бус байдлыг багасгах, эмэгтэй программ хангамжийн инженерүүд бий болгох, хөдөө, орон нутагт амьдардаг охид, бүсгүйчүүдийг чадавхижуулах зорилгын хүрээнд жил бүр 30 охидыг код бичих сургалтад хамруулах хөтөлбөр зарлагдлаа. Тус хөтөлбөрийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ санаачилсан бөгөөд бүртгэл ирэх тавдугаар сарын 1-нд эхэлнэ.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй охидод дараах шаардлага тавигдана. Үүнд:

-16-20 настай байх

-Алслагдсан нутагт амьдардаг бөгөөд онлайн сургалтад тогтмол хамрагдах боломжгүй

-Зуны амралтынхаа 3 сарыг код бичихэд зарцуулах хүсэлтэй байх

Сургалт зургадугаар сарын 15-наас эхлэхээр төлөвлөгдөж буй бөгөөд хөтөлбөрийн үр дүнд охид өөрсдөө программ бичиж, олон нийтэд танилцуулах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.girscode.mn болон www.cita.gov.mn сайтаас авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Х.Баттулга: Эмэгтэйчүүдээ эрх тэгш, аз жаргалтай, ажилтай орлоготой хангалуун амьдрах нөхцөлийг хангах нь Монголын төрийн үүрэг

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр тохиож буй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээнд,

“Монголын бахархал болсон эхчүүд, эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэж, амжилт, сайн сайхан бүхнийг ерөөе.

Энэ өдрийг тэмдэглэх уламжлалт хандлага, агуулга нь монгол бүсгүйчүүдийн нийгмийн байдал, эмэгтэйчүүдийн эрх зэрэг асуудалд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тэгш байдал, шийдвэр гаргалтад оролцох оролцоог нэмэгдүүлэх талаар саналаа дэвшүүлж, эрх баригчдаас шаардаж байдаг.

Өнөөдөр цар тахлын хямралт нөхцөл, эдийн засгийн доройтол, өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогын хомсдол уналтаас хамгийн ихээр хохирч байгаа хүмүүс нь эмэгтэйчүүд, хүүхдүүд болж байна. Ажлын байраа алдаж байгаа хүмүүсийн 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд болжээ.

Ажиллаж байгаа эрэгтэй, эмэгтэйчүүдийн цалингийн ялгаа их, эмэгтэйчүүд даруй 1.35 дахин бага цалин авч байна.

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байраар хангах нь өрхийн орлого, үр хүүхдийн сайн сайханд төдийгүй нийгмийн харилцаанд чухал ач холбогдолтой юм. Тийм учраас төр засгийн зүгээс чадах, хүчрэх хэмжээгээрээ цар тахлын нөхөн олговрыг олгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг ажилтай болгохоор хичээх ёстой.

Эмэгтэйчүүдийн эрх, нийгэмд эзлэх байр суурийг олон улстай харьцуулбал шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо гэсэн үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн улс орнуудаас 107 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, төрийн алба, удирдах түвшинд ажиллах боломж хангалтай биш байна. Хүн амын 51 хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүдээ эрх тэгш, аз жаргалтай, ажилтай орлоготой хангалуун амьдрах нөхцөлийг хангах нь Монголын төрийн эрхэм үүрэг юм.

Эмэгтэйчүүдэд эдлэх ёстой эрхийг нь эдлүүлэх, оролцоог нь нийгмийн бүх шатанд хангахад Монголын улс төр, төрийн үйл ажиллагаа чиглэгдэх ёстой. Үүний тулд төрийн бүх шатанд хяналт, тэнцвэр, иргэдийн оролцоо чухлаар шаардагдаж байгааг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр шаардаж, нэхэж сануулах нь зүйтэй гэж бодож байна.

Та бүхэнд баярын мэндийг дахин уламжлая.

Мөнх тэнгэрийн дор монгол бүсгүйчүүд эрх тэгш, итгэл дүүрэн, тэнүүн жаргалтай байх болтугай” гэжээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 401 дүгээр ангид хоригдож буй Т.Чимгээтэй уулзаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээтэй биечлэн уулзана гэдгээ мэдэгдсэн. Үүний дагуу өнөөдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр хорих 401 дүгээр ангид ажиллаж, Т.Чимгээтэй уулзаж байна.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон эрүүгийн эрх зүйн тогтолцооны XIV их хуралд Х.Нямбаатар оролцож байна

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Эрүүгийн эрх зүйн тогтолцооны НҮБ-ын XIV Их хурал”-ын Дээд түвшний уулзалт 2021 оны 03 дугаар сарын 07-09ны өдрүүдэд Япон Улсын Киото хотод зохион байгуулагдаж байна.

Дээд түвшний уулзалтад Дээд түвшний уулзалтад Засгийн газрын тэргүүний түвшинд 2 улс, Засгийн газрын сайдын түвшинд 82 улс, бусад өндөр дээд түвшинд 17 улс оролцож байгаагаас Монгол Улсыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цахимаар оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн бодлогын талаар танилцуулж, үг хэллээ. Энэхүү Их хуралд Монгол Улсын Ерөнхий Прокурор болон албаны хүмүүс оролцож байна.

Их Хурлын Даргаар Япон Улсын Хууль зүйн сайд Ёоко Камикава ажиллаж байгаа бөгөөд Их Хурлын үеэр оролцогч улсуудын төлөөллөөс 24 Дэд даргыг сонгож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ирэх таван жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, 2040 он хүртэлх бодлогын баримт бичиг болон Киотогийн тунхаглалыг батлах юм.

1955 онд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо “Эрүүгийн эрх зүй, эрүүгийн хариуцлага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт НҮБ-ын Анхдугаар Их Хурал хуралдсанаас хойш 5 жил тутамд зохион байгуулагдаж ирсэн.

Тус Их Хурлаас олон улсын болон үндэсний хэмжээнд хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн шинэчлэлийн иж бүрэн бодлого, стратегийг тодорхойлох шийдвэрүүдийг гаргаж байсан. 2015 онд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн шүүхийн асуудлаарх XIII Их Хурал” Катарын нийслэл Доха хотноо зохиогдсон. Энэ үеэр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн эсрэг авах хариу арга хэмжээг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж чухал шийдвэрийг гаргасан байдаг.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам