Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр PCR шинжилгээ авах цэгүүд

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр дараах цэгүүдэд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг авна.

Шинжилгээний цэгүүд 09:00-17:00 цагт ажиллана.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Сүхбаатар: Монгол цэргийн түүх зуун жил биш, 8000 жилийн тэртээгээс яригдана

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатартай ярилцлаа.


Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны тэгш ой энэ жил тохиож байна. Тиймээс монгол цэргийн түүхээс ярилцлагаа эхэлье?

-Монгол цэргийн түүх 100 жилээр хязгаарлахгүй. Монгол Улсад хүн амьдарч байсан ул мөр МЭ найман мянган жилийн тэртээгээс үүсэлтэй. Үүнийг хэлж байгаа шалтгаан нь, судлаачид МЭ найман мянган жилийн тэртээ Монголд төрт улс үүссэн юм биш үү гэсэн таамаг дэвшүүлж байгаа. Төрт улс байна гэдэг нь зэвсэгт хүчинтэй байна гэсэн үг. Тиймээс монгол цэргийн түүх гээд яривал найман мянган жилийн тэртээгээс ярина. Гэхдээ үүнийг эд өлгийн зүйл, археологи, олдвороор нотлох ёстой. Иймээс яг баттай нотлогдсон түүхээс ярья. МЭӨ 2228 жилийн тэртээ Хүннү гүрэн байгуулагдсан. Хүннү гүрэн өөрийн гэсэн хүчирхэг цэрэг, армитай байсан. Түүнийхээ хүчээр өөрийн улсын тусгаар тогтнолыг хамгаалж эртний Хятадын Хан улсын удаа дараагийн дайралтыг няцаасан түүхтэй. Ингэхдээ Хан улс буюу умард зүгийн зэрлэгүүд бус өөрийн гэсэн төртэй, цэрэг арми, бодлоготой улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлсэн анхны төрт улс. Энэ ч (төрт улсын) үүднээс анхны гэрээгээ байгуулсан байдаг. Тэр нь Цагаан хэрмээс урагш газар нутгийг Хан, хойших нутгийг Хүннү гүрэн захирна гэж хувааж авсан. Энэ нь хоёр улсын хоорон дахь анхны гэрээ. Энэ үеэс монгол цэргийн түүх эхэлж байгаа юм.

Ер нь “Дэлхийн түүх бол Монголын түүх. Монголын түүх бол монгол цэргийн түүх” гэж гадаад, дотоодын олон судлаачид хэлдэг. Учир нь, Хүннү гүрэн дайн байлдаан, тулалдааны үр дүнд бий болсон. Тиймээс ийн хэлдэг. Хүннү гүрнээс эхэлж төр цэргийн хосолмол бодлогыг чадварлагаар хэрэгжүүлж улс орноо захирч байсан. Нэг бодлого нь л алдагдахад улс орон уруудан буурч, мөхдөг. Тухайлбал, бид яагаад манжид эзлэгдэв. Тэр үед төр бутарч зэвсэгт хүчнээ орхигдуулснаас Чин гүрний нөлөөнд орсон. Цэргийн бодлогогүй учраас л цэрэггүй төр манжид амархан эзлэгдсэн. Тиймээс төр, цэргийн хосолсон чадварлаг бодлого монголчуудыг нэгтгэж, хүчтэй болгодог.

Та саяДэлхийн түүх бол Монголын түүх. Монголын түүх бол монгол цэргийн түүхгэлээ. Энэ омгорхол уу. УгтааДэлхийн талыг эзэлсэнгэдэг шүү дээ. Нөгөөтэйгүүр, энэ үгнээс монгол цэрэг хэзээнээс л олон улсад зэвсэгт хүчний үлгэр дуурайлал, том нөлөөллийг үзүүлж байж. Манай улсын зэвсэгт хүчний олон улсад нөлөөлөх нөлөөлөл юу байв?

-Дэлхийн түүхийг харвал, тэр дундаа XIII зууны түүх Монголын түүх байдаг. Учир нь, монголчууд Чингис хааны удирдлага дор 1206 онд Их Монгол Улсаа байгуулж, Ази болон Европ руу аян дайн хийсэн. Ингээд Ази, Европ тэр чигээрээ монголчуудаар амьсгалж байсан. Монголчууд Евразийн тал нутгаар буюу Болгар, Кевчак, Оросыг эзлээд цаашаа Атлантын далайн эрэг рүү дөхсөн байгаа юм. Бүр газар дундын тэнгис рүү ч явсан. XIII зуунд дэлхийд гоц содон юм байгаагүй гэхэд болно. Тэр үед монголчууд гарч ирсэн. Чингис хааны байлдан дагуулалт XIV зууныг хүртэл үргэлжилсэн. Хубилай хаан япон руу дайрсан, азийг тэр чигт нь эзэлсэн. Монголчууд дэлхийн талыг эзэлсэн гэж ярьдаг. Энэ бол андуу үг.

Бид дэлхийн талыг бус дэлхийг эзэлсэн. Учир нь, тухайн үед дэлхий гэх ойлголтод австрали, америк тив нээгдээгүй байсан. Зөвхөн европ, ази, хятад, африкийн хойд хэсэг египет гэсэн улс орны хэдхэн нэршил байсан. Африкаас урагшаагаа явдаггүй, хэн байгаа нь мэдэгддэггүй эзэнгүй газар байсан. Африкийн өмнөд хэсэг боолын наймаагаар л сүүлд нээгдсэн шүү дээ. Тиймээс монголчууд дэлхийг эзэлсэн хэмээн хэлж байгаа юм. Монголчууд зуун дамжиж (XIII-XIV) байлдан дагуулалт хийсэн болохоор “Дэлхийн түүх бол Монголын түүх юм байна” гэж европын эрдэмтэд үздэг л дээ.

Одоогийн монгол цэргийн хөгжил хэр байгаа юм бэ?

-Монгол цэрэг хүннү гүрнээс эхэлж хөгжиж ирэхдээ хөгжлийн олон үе шатыг туулж ирсэн байдаг. Мэдээж мандан бадарч, уруудан доройтож ирсэн. Хүннү гүрний үед мандан бадарч хүчирхэг хан улсыг ялсан. Тэгээд аажимдаа Сяньби, Нирун гүрний үед уналтын үед орсон. 1206 онд Чингис хаан Их Монгол Улс, хишигтэн цэргээ байгуулснаар Монголын зэвсэгт хүчин хөгжлийнхөө оргил үед ирсэн. Энэ нь хубилай, Бат хааны үед улам өргөжиж, япон, европ руу дайрсан. ази болон Европын улсуудад монгол цэрэг дийлдэшгүй, тэдний хувьд хар салхи шиг байсан. Монгол цэргийн дайралтыг яаж зогсоохоо мэдэхгүй байсан.

Мэдээж улс орон бүр л өөрийн гэсэн хүчирхэг цэргийн хүчинтэй шүү дээ. Гэхдээ монгол цэргийн ямар бодлого нь дэлхийг атгандаа байлгахад нөлөөлсөн юм бэ?

-Тооны хувьд монгол цэргүүд асар бага байсан. Монголын эзэнт гүрний хэмжээнд армийн нийт хүний тоо 100 мянга орчим. Гэтэл Хорезмын хаант улс л гэхэд нэг сая цэрэгтэй байсан. 100 мянган монгол цэрэг өөрөөсөө хүч давуу хорезмыг ялсан. Энэ нь монгол цэргийн байлдах чадвартай холбоотой. Өөрөөр хэлбэл, байлдааны стратеги, тактик, зэвсэг, байлдааны аргууд байна. Үүнээс гадна ийм цөөхөн цэрэг яаж дэлхийг яаж эрхшээв гэхээр дээр хэлсэнчлэн төр, цэргийн хосолсон бодлого л доо. Цэргийн бодлогоор ялсныхаа дараа төрийн бодлогоо хэрэгжүүлсэн. Монголчууд дэлхийд шинэ дэг журмыг тогтоосон. Энэ журам нь дэлхийд энх тайван байдлыг бий болгосон. Одоогийн НҮБ-ын явуулж байгаа бодлогыг тэр үед монголчууд гүйцэтгэсэн. Исламын хөлсний алуурчдыг монголчууд устгаж үгүй хийсэн. аль нэг улс орон нөгөө улс гүрнээ эзэлсний дараа шашны хүчтэй мөргөлдөөн үүсч, ялсан нь манай шашныг шүт хэмээн тулгадаг байхад монголчууд шашин шүтэх эрхийг нээлттэй үлдээсэн. Аливаа улс орны шашин шүтэх эс шүтэх нь одоогийнх шиг л эрх чөлөөтэй байв. Тэр байтугай Монголын нийслэл Хархорин хотод христос, будда, ислам, үнэн алдартны сүм бүгд эв найртайгаар нэг дор оршиж байсан. “Дэлхийн өөр хаанаас ч ийм зүйлийг хараагүй” хэмээн жуулчид бичиж тэмдэглэсэн байдаг. Зөвхөн Монголын хархоринд л хоорондоо тэрсэлдэж, загалмайтны аян дайныг хийсэн ислам, христ нэг дор энх тайван оршиж байсан. Төрийн энэ бодлогод бусад улс орон талархдаг байсан. Учир нь, шашин тулгахгүй, худалдаа эдийн засгийг дэмждэг. Тиймээс худалдаа хийж байгаа юм чинь татвар төлөх нь зүй ёсны хэрэг гэж хүлээж авдаг байв. аллага хядлага байхгүй байсан.

Өнөөгийн хөгжлийн тухайд?

-Хубилай хааны үеэс буюу Юань гүрэн задрахад Монголын зэвсэгт хүчин уналтад орсон. XV зуунд улс төрийн бутралын үе үүссэн. Учир нь Монгол Улс задарч хаад нь хаан ширээний төлөө тэмцэлдсэнээс төрийн бодлого үгүй болж цэрэг, төрийн уялдаатай бодлого алдагдсан. Ингээд Манжийн нөлөөнд 200 жил байсан. Үүний дараа XX зуун гарахад Монголын орчин цагийн зэвсэгт хүчний шинэ үе эхэлсэн.

Энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг явж эхэлснээр зөвхөн Монголынх бус дэлхийн цэрэг болсон. Монголын цэрэг бол дэлхийн цэрэг гэх үг гарсан. Учир нь, манай улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд хамгийн идэвхтэй, хамгийн сайн үүрэг гүйцэтгэдэг улс. Давхардсан тоогоор 20 мянган хүн үүрэг гүйцэтгэсэн. Дээрээс нь маш олон энхийг дэмжих ажиллагаанд явж байна.

Тэртээ Чингис хаан даян дэлхийд энх тайвныг тогтоож байсан бол 800 жилийн дараа монголчууд тэр үүргээ гүйцэтгэж монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд явж байна. Ямар нэг улс болон эвсэлд нэгдэхгүй өөрийгөө батлан хамгаалах мэргэжлийн бөгөөд цомхон чадварлаг зэвсэгт хүчнийг бий болгохын төлөө явж байна.

Манай улс дэлхийн улс оронтой энхийн гэрээтэй НҮБын гишүүн орон. Энэ хүрээнд энхийг сахиулах ажиллагаанд ихээхэн идэвхтэй манлайлж оролцдог гэдэг шүү дээ. Ер нь хэдэн улс руу энхийг сахиулах ажиллагаанд явж байна?

-Одоогоор 10 гаруй улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна. Энхийг дэмжих ажиллагаанаас гадна ажиглагчийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ хүрээндээ эмнэлгийн тусгай багийг энхийг дэмжихээр илгээж байна. Өмнөд Суданд монгол цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд оролцохдоо дүрвэгсдэд зориулсан эмнэлэг, сургууль, өөрсдөө байрлах байр барьж байна.

Манай улс хүн ам цөөтэй. Нэг хүнд ногдох энхийг сахиулагчийн тоо, эмэгтэй энхийг сахиулагчийн тоогоороо азид их дээгүүр ордог. хүн амын тоогоор нь харьцуулбал хамгийн их энхийг сахиулагчийг илгээснээрээ дэлхийд эхний 10-т ордог. Нэг талаар цэргийн албанд хэрэгтэй ч нөгөө талаас энхийг сахиулах ажиллагаанд явснаар их зүйлийг сурч байна. Тухайлбал, гадаадад үүрэг гүйцэтгэх чадвар нэмэгдэх, төрөл бүрийн сургалт, монгол хүний бие физиологид тохирсон судалгааг хийж байна, хэл устай болж байна, нийгмийн баталгаагаа шийдүүлж байна, мөн дээр нь удаан хадгалсан зэвсгээ ажиллуулж байна.

Ер нь НҮБ-ын дарга ч тэр, энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа бусад улс орныхон ч тэр монголчуудыг зоригтой, хатуужилтай, чадвартайг хэлдэг. хамгийн наанадаж л та бүхэн дуулсан л байлгүй “тэнд гарсан ийм халдлагыг монгол цэргүүд зогсоожээ” гэх мэдээ их гардаг шүү дээ. Тиймээс манай зэвсэгт хүчнийхэн үүрэг гүйцэтгэх чадвар өндөр, хаана ч дасан зохицох чадвартай байдаг. Иймээс ч НҮБ манай зэвсэгт хүчин, энхийг сахиулагчдыг өндрөөр үнэлдэг.

Та түрүүн хэлсэн, монгол цэрэг эрт үеэс л манлайлж ирсэн гэж. Одоо ч олон улсад улсын нэр алдрыг өргөж байна. Монгол цэргийн энэ манлайлал юутай холбоотой байдаг юм бэ. Монгол хүнтэй юу эсвэл бодлоготой юу?

-Монгол цэргийн эртний өв уламжлалаас хамааралтай. Бид хэрвээ бахархах түүхгүй байсан бол өнөөдрийн түвшинд байхгүй болов уу. Бид бахархах арвин түүхтэй болохоор монгол цэргүүдээр омогшдог. Мөн эх орон ч үзэл, хүмүүжил, бахархал төрдөг. Бахархах түүхтэй болохоор эзэн Чингис хаан, хубилай хааны үед байсан монгол цэргийн нэр хүндийг бид гутаах эрхгүй. Жаран жарнаар өртөөлсөн монгол цэргийн суу алдрыг түүчээлэн авч явж ирээдүй хойчдоо үлдээх ёстой л доо.

Төр цэргийн бодлогын уялдаа холбоо одоо хэр байгаа вэ?

-Сүүлийн үед төр болон монгол цэргийн бодлогын уялдаа холбоо эрс сайжирч байгаа. Сүүлийн жилүүдэд монгол цэрэг бүтээн байгуулалтад орж байна. Гэхдээ хүмүүс үүнийг “Цэргүүдээр бүтээн байгуулалт хийлгэлээ. Цэргүүдийг ажиллуулж болохгүй, зарц биш” ч гэдэг юм уу энэ мэт яриа гарах болсон. Энэ бол андуу яриа. Монгол цэрэг аль ч үеийн түүхэнд улс орны бүтээн байгуулалтад оролцсоор ирсэн. Тэртээ Чингис хааны үед Хархорин хотыг байгуулахад монгол цэрэг оролцож л байсан. Стратегийн зам гүүр, чухал объектыг барихад ч оролцож л байсан. XX зуун гарч нийслэл хүрээг ардын журамт цэрэг чөлөөлж, байшин барилга, орон сууцнууд барьсан. Үүнийг дагаад дэд бүтэц хөгжиж байгаа юм. 1960, 1970-аад оны үед Монголын барилгын цэргүүд маш олон юм хийсэн. Улс орны хэмжээний бүх үйлдвэрийг барихад гар бие оролцсон. Төрийн ордон, Зайсан толгой, их дээд сургуулиуд, гурилын үйлдвэр гэх зэргээр дурдаж болно. ер нь цэргийн үүргийг зөвхөн байлдаанаар төсөөлөх нь өрөөсгөл. Аль ч улс оронд барилгын цэрэг гэж тусдаа заавал байх ёстой. Дайн байлдааны үед барилгын цэргүүд байлдааны объектыг барьдаг. Энгийн барилгачнаар бариулах нь наанадаж цэргийн стандарт, цаашлаад цэргийн нууцтай холбоотой асуудал яригдана.

Орчин цагийн зэвсэгт хүчний түүх 1911 оноос эхлэлтэй гэж үзэх хэсэг ч байдаг. Энэ ямар учиртай юм бэ?

-Зарим хүмүүс “1911 онд Богд хаант монгол улс байгуулагдахад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдчихаагүй юм уу. Яагаад улстөржүүлээд 10 жилийг хасаад хаячхав. 110 жилийн ой биш үү. Тэр үед нум сумтай байлдаж байсан юм уу” гэдэг. Энд тайлбар өгөхөд Монгол Улсын орчин цагийн зэвсэгт хүчин 20 зуунаас тэр тусмаа 1911 оноос эхэлж байгаа юм. 1911 онд Богд хаант Монгол Улс байгуулагдаж хаант оростой гэрээ үзэглэж, цэргийн сургууль байгуулж орчин цагийн зэвсэгт хүчин бий болсон. Ийн өөрийн гэсэн зэвсэгт хүчинтэй болж таван замын байлдаан, ховдыг чөлөөлөх дайнд ялалт байгуулсан. Орчин цагийн зэвсэгт хүчний үргэлжлэл 1921 онд байгуулагдсан. яагаад 100 жил гэж байгаа юм бэ гэдгийг энгийнээр тайлбарлая. хүүхэд олсон цагаас бус төрсөн цагаас нэг ой хүрлээ хэмээн үздэг. Үүнтэй адил 1911 онд орчин цагийн зэвсэгт хүчний үндэс, өв хөврөл бий болсон. 1921 оноос батажсан.

Манайх дотооддоо сумаа үйлдвэрлэх боломжтой юу. Бусад жижиг улсууд сумаа өөрсдөө үйлдвэрлэдэг шүү дээ?

-Зарим улсууд дотооддоо зэвсгээ үйлдвэрлэдэг. Энэ нь нэг төрлийн бизнес л дээ. Зэвсгийн экспорт гэж байна. Манайд зэвсэг үйлдвэрлэж болно. Гэхдээ технологи, мөнгө, зах зээл хэрэгтэй. Бид зэвсгийн наймаа эрхэлдэг Швейцарь, ОХУ шиг зэвсэг үйлдвэрлэлээ гэхэд зарах зах зээлээ судлах хэрэгтэй. Өөрийн гэсэн брэнд бий болгож, зэвсгээ зарах хэрэгтэй. Гэхдээ бид Чингис хааны үеэс өөрсдөө зэвсгээ хийж байсан. Тухайлбал, нум сум, жад, сэлэм байна. Монгол цэргийн сумны зэв, илдний ир маш хурц байсан. 1921 оноос хойш өнөөг хүртэлх 100 жилийн хугацаанд зөвхөн хойд хөршөөс зэвсгээ авч байна.

Дэлхий нийт даяаршиж, хувьсан өөрчлөгдөхийн хэрээр үүнийгээ дагаад дайн байлдаан гэдэг зүйл ч өөрчлөгдөж байна. Одоо өмнөх шигээ буу, зэвсэг бариад бус техник технологид суурилсан дайн бий болно гэгддэг. Ийм үед манай зэвсэгт хүчин ямар бэлтгэлтэй байх юм бэ?

-Манай зэвсэгт хүчин алсыг харж кибер аюулгүй байдал, тусгай хүчний командлалтай болж байгаа. Дэлхий нийтийн чиг хандлага кибер аюулгүй байдал руу чиглэж байна. Мөн үүнээс гадна биотехнологи, биологийн дайн руу чиглэж байна. Ямар ч сайн зэвсэгтэй улс байлаа гээд биологийн дайны өмнө бууж өгч байна. Барууны судлаачид “Биологийн дайн эхэлчихсэн юм биш үү” гээд байгаа юм. Улс орныг цэргийн хүчээр эзлэхээс гадна цар тахлын нөлөөгөөр эдийн засгийг нь сөхрүүлж, байлдах чадамжийг нь бууруулж байна гэж ч үзэж байгаа. Манайх гэлтгүй дэлхий нийт аюулгүй байдал гэдгийг өөрөөр харж эхэлж байна. Зэвсэгт хүчнээ биотехнологиос хамгаалсан бодлого, шийдвэр, хувцас хэрэглэл, тоноглолтой байх хэрэгтэй. Гэхдээ үүнийг надаас илүү биотехнологи, кибер аюулгүй байдлын чиглэлээр судалдаг хүмүүс хариулах байх.

-1937 оны их хэлмэгдүүлэлтэд зэвсэгт хүчнийхэн ч өртсөн гэдэг шүү дээ. Энэ тухайд?

-хх зуун гарснаас хойш монгол цэргийн түүхэнд гарсан нэг том хар зүйл нь 1937 оны их хэлмэгдүүлэлт. Улс төрийн хэлмэгдүүлэлт тухайн үеийн хувьсгалт цэргээс эхэлсэн байдаг. Монгол ардын хувьсгалт цэргийн дарга удирдлагуудаасаа эхлээд хэлмэгдүүлэлтэд өртсөн. Одоогийн генерал цолтой дүйх хэмжээний цолтой, дээд түвшний бүрэлдэхүүний нийт 80 хувийг цаазаар авч, хэлмэгдүүлсэн. Мөн эгэл жирийн цэргүүд ч хэлмэгдүүлэлтэд өртсөн. Үүний уршгаар монгол цэргийн байлдах чадамж алдагдсан. Энэ нь юугаар нотлогдож байгаа юм бэ гэхээр 1939 оны халх голын хил хамгаалах байлдааны эхний үед Монгол ардын хувьсгалт цэргийн байлдах чадвар суларсан. Бараг л даргагүй, удирдах бүрэлдэхүүнгүй орж туршлагагүйтэж байсан. Хэлмэгдүүлэлтийн үед чадвар, байлдааны стратегитай дарга нарыг цаазалсан. Ингээд ОХУ-д цэргийн сургуулиа дөнгөж төгсөж ирсэн, байлдааны туршлагагүй, танхимын мэдлэгтэй генералуудаар удирдуулсан. Гэхдээ хэдийгээр хамаг сор болсон дарга, цэргээ алдсан ч Халх голын дайнд Монголын зэвсэгт хүчин эх орон, нутгаар тогтнолоо батлан хамгаалж чадсан. Дараа нь энэ алдаа дээрээ суралцаж 1945 оны чөлөөлөх дайнд дайснаа дарж, энхийг сахиулах ажиллагаа гэж хэлж болохуйц Хятадын зүүн хойд хэсгийг Японы кавантений армиас чөлөөлж дэлхийн хоёрдугаар дайныг дуусгахад гар бие оролцсон. Иймээс түүхчид “Дэлхийн хоёрдугаар дайныг төгсгөхөд монгол цэргийн оруулсан хувь нэмэр асар их” гэдэг. хоёрдугаар дайны үед ЗхУ-д 53 танк, 12 нисэх онгоц, хувцас хунар, хоол унд гээд маш их зүйлээр дэмжлэг үзүүлсэн. Дэлхийн хоёрдугаар дайныг дуусгасан, ялагч холбоотон гүрний талд зогссон учраас 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-д элсэхэд төхөм болсон. Учир нь бид дайтагч биш, энх тайвныг бий болгоход гар бие оролцсон гэдэг утгаараа НҮБ-ын гишүүн, эх орны тусгаар тогтнолоо олж авсан.

Хэлмэгдүүлэлтийн үед монгол эрэгтэйчүүдийн дийлэнх хувь лам байсан гэдэг. Учир нь лам болбол татвар төлөхгүй, мөн нийгмийн баталгаа илүү өндөр байсан болохоор залуучууд лам болох нь элбэг байсан. Тэр үед зэвсэгт хүчинд зүтгэх дотоодын цэргээ яаж бүрдүүлдэг байсан бэ?

-Манжийн үеэс Монголд шарын шашин нэлээд хөгжсөн. Монголчуудын ихэнх нь лам болж эхэлсэн. Гэхдээ тухайн үед айл бүр хоёр хүүтэй бол нэгийг нь лам нөгөөг нь цэрэг болгоно гэдэг байсан. Тухайн үед лам их болсон тиймээс төрийн бодлогоор цэрэгт элсүүлэх ажлыг зохицуулж байсан. Тухайн хүрээ хошуу, жас хийдэд квот өгдөг. Энэ жил тэдэн хүн цэрэгт татна гэдэг. Цэрэгт яваагүй үлдсэн нь хүмүүсийн зарим нь лам болдог. Гэхдээ хүмүүсийн ярьдаг шиг тухайн үед толгой дараалан лам болгож үсийг нь хусаад байсан гэвэл үгүй. Өөрсдийнх нь сонголт байсан.

Зэвсэгт хүчний дэлхий нийтийн цаашдын хөгжлийг хэрхэн харж байна. Манайх альхан талд нь байна?

-Манай улсын эдийн засаг ямар байгаа билээ. Мөн зэвсэгт хүчинд оруулж байгаа хөрөнгө оруулалт ямар байгаа билээ гэдгээ бодох хэрэгтэй. Манайх ДНБ-ийхээ хоёр хувьд ч хүрдэггүй. Дээрээс нь нийгэмд зэвсэгт хүчин баялгийг бүтээхгүй байна, хэнтэй байлдах гээд байгаа гэдэг ч юмуу энэ мэтээр буруу талаас харах нь байдаг. Энэ буруу л даа. Учир нь зэвсэгт хүчин нь сул улс орон гадны нөлөөнд амархан автаж сүйрч, мөхдөг.

Социализмын үед цэргийн алба гурван жил байсан. Одоо нэг жил болсон. Гурван сарын хугацаатай оюутан цэрэг гэж байна. Үүнтэй холбоотойгоор зарим хүмүүсИймхэн хугацаанд юу сурах юм бэгэж шүүмжилж харагддаг. Энэ тухайд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Тухайн үеийн онцлогоосоо л шалтгаалж байгаа юм. Социализмын үед яагаад цэргийн алба гурван ажил байв. Тухайн үед олон улсын нөхцөл байдал капиталист, коммунист гэсэн хоёр хэсэгт хуваагдчихсан. Мөн дээр нь социалист систем нь дотроо бас хуваагдчихсан. Орос хятад хоёр хоорондоо муудалцаж, Монголд Зөвлөлтийн 39 дүгээр арми байрлаж байсан. Монголын хилийн цаанахан Хятадын цэргийн томоохон бүлэглэл байсан. Ийм хүнд хэцүү, түгшүүртэй үе. Хэзээ ч дайн гарчхаж болзошгүй байсан. Тиймээс хэрлэн 73, Говь 77 хээрийн сургуульд бэлтгэл хийж байсан. 1990 он гарч энх тогтож, манайх эдийн засгийн үүднээсээ ч цэргийн алба хаах хугацааг богиносгосон. Цэргийн хоол унд, хувцасны зардал гэж байна шүү дээ. хүмүүс цэрэгт яваагүй байж нэг жил юу сурах юм бэ гэдэг. Нэг жил байтугай нэг сард ч бид хангалттай сургаж чадна. Оюутан цэргүүд гурван сарын хугацаанд хангалттай сайн сурч байгаа. Манай зэвсэгт хүчнийхэн эдийн засгийн асуудлаа өөрсдөө шийддэг. Зарим улс оронд иргэн та нэг жилийн албыг заавал хаах ёстой. Ингэхдээ таван жилийн хугацаанд хааж болно гэсэн байдаг юм байна лээ. Тэгэхлээр тухайн хүн эхний жил хоёр сар, дараагийн жил нь гурван сар ч гэдэг юмуу таван жилийн хугацаанд хаасан байх ёстой. Энэ нь тухайн иргэнд ч амар, улс орны эдийн засагт ч хэмнэлттэй байдаг юм байна. Энэ мэтээр янз бүрийн систем байна. Солонгост л гэхэд урлаг соёлын одод нь заавал алба хаах ёстой. Үүгээрээ эх орны өмнө хүлээсэн үүргээ заавал биелүүлэх ёстой гэдэгт алдар нэртэй хүмүүс нь үлгэрлэл болж өгдөг. Гэтэл манайхан ял мэтээр хүлээж авах юм. Уг нь эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд гар бие оролцоно гэдэг бол бахархам зүйл шүү дээ. Бид эрх яриад үүргээ ухамсарлахгүй байна.

Манайх хоёр том гүрний дунд байгаа ардчилсан улс. Иймээс цэргийн бодлого өөр байх ёстой юу?

-Ер нь зэвсэгт хүчин улс орны хөгжлийн бодлогоор тодорхойлогдож байдаг. Эдийн засаг нь сул улс орны төр нь тогтворгүй болдог. африкийг жишээ болгож хар л даа. Үе үе төрийн эргэлт гарч байна шүү дээ. Төр нь хямралтай, эдийн засаг нь сул, цэргүүд нь хэнд ч худалдагдахад бэлэн байна. Цэргүүддээ цалинг нь өгч чадахгүй байна. Иймээс хүчээр авах гэж үзэж тохиолдол ч гарч байна. Тиймээс улс орны эдийн засаг сайн байх тусам зэвсэгт хүчин тэр хэрээр сайн байдаг. АНУ-ыг жишээ болгож харж болно. Эдийн засаг нь сайн байгаагийн хэрээр зэвсэгт хүчин нь ч сайн байна шүү дээ.

Манай улсын зэвсэгт хүчин хэр бат бөх байна вэ?

-Маш сайн. Энхийг эрхэмлэсэн. Өөрийгөө хамгаалах. яамны нэр нь л гэхэд Батлан хамгаалахын яам гэж байгаа шүү дээ. Өөрсдийгөө батлан хамгаалж чадна. Бидний ирээдүй итгэлтэй, тодорхой байна. Монголчууд мөрөөдөлтэй байна. Иргэд тайван бүтэн нойртой амарч чадаж байна, нийгэмд айдас алга. Жишээ хэлье л дээ. Саяхан Нигерт дунд сургуулийн 300 охин алга боллоо. африкт 13-хан настай хөвгүүдийг цэрэг болгож байна. Бас Сири. Саяхан нэг бичлэг сошиалд тавигдсан байсан. Сирийн дайны үеэр нэг сэтгүүлч сурвалжлага хийж явахдаа нэг хүүхдээс “Миний дүү юу хүсч байна хэмээн асуухад “Би талх л идмээр байна” гэж хариулж байна шүү дээ. Ирээдүй нь баталгаагүй байна.

Бид мөрөөдөлтэй байхын баталгаа нь Монголын зэвсэгт хүчин. Монголын зэвсэгт хүчин улс орноо батлан хамгаалж байна. Иргэд гудамжаар амар тайван алхаж, бүр жагсаж байна. ард талыг нь Монголын зэвсэгт хүчин бүрэн дааж байна. Монголын зэвсэгт хүчин үеийн үед улс орноо хамгаалж ирсэн, хамгаалсаар ч байна. 1921 оноос өнөөдрийг хүртэлх 100 жилийн хугацаанд Монголын зэвсэгт хүчин бат бөх, тогтвортой байж үүргээ гүйцэтгэж ирсэн. Үр дүнд нь иргэд айх аюулгүй, амар тайван, ирээдүйд итгэлтэй, мөрөөдөлтэй байна. Тиймээс ч дайн болно гэх төсөөлөл иргэд алга. Зэвсэгт хүчин цаашид батлан хамгаалах үүргээ гүйцэтгэж, хөгжсөөр байх болно.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Анна Каренина” жүжгийн тасалбар авсан иргэд билетээ буцааж, мөнгөө авах боломжтой

“Анна Каренина” жүжгийн тасалбар авсан иргэд билетээ буцааж, мөнгөө авах боломжтой

Улсын драмын эрдмийн театрын бүх уран бүтээлчид “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээний албан ёсны сөрөг хариуг үндэслэн гуравдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлж, “Анна Каренина” жүжгийн сургуулилтад оржээ.
УОК-оос гаргасан түр журмын дагуу суудлын 50 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр “Анна Каренина” жүжгийг тоглосон бөгөөд:

  • 3-р сарын 4-нд- 196
  • 3-р сарын 5-нд- 236
  • 3-р сарын 6-нд 247 нийт 679 хүнд үйлчилжээ. Энэ жүжгийг үзсэн иргэдийг шинжилгээнд хамрагдаж, өөрийгөө тусгаарлахыг ЭМЯ-наас анхааруулж буй.

Өвчин хэлж ирэхгүй ч театрт халдвар тархсанд УДЭТ-ынхан үзэгч түмнээсээ уучлалт гуйхын ялдамд мэргэжлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийн дагуу жүжиг үзсэн хүмүүсийг гуравдугаар сарын 10-ны 09:00-17:00 цагт Улсын драмын эрдмийн театрт ирж, шинжилгээндээ бүрэн хамрагдахыг уриалжээ.

Мөн гуравдугаар сарын 07-14-ний өдрүүдийн тоглолтын тасалбарыг Улсын драмын эрдмийн театрын касснаас худалдан авсан бол (99250387) дугаараар холбогдох, www.ticket.mn сайтаас худалдан авсан бол (90101800, 1900-1800) дугаарт холбогдож мөнгөө шимтгэлгүйгээр 100 буцаан авах боломжтой хэмээн УДЭТ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Мөнхбаяр: Өмнөд монголчууд эх хэлтэйгээ салах ёс хийсэн гунигтай, шимшрэм үйл явдал боллоо

Өмнөд Монголын соёлын холбоо ТББын тэргүүн Ч.Мөнхбаяртай ярилцлаа.


Өмнөд Монголд үндэсний бичиг соёлыг хориглох болсонтой холбогдуулан олон улсын хүрээнд хүний эрх хөндөгдлөө гэж үзэж байсан. Улмаар энэ сарын 1-ний хичээлийн шинэ жилээр монгол хэлний сүүлчийн хичээл танхимаар орсон байна. Тэгэхээр өмнөд монголчууд эх хэлний оронд хятад хэл судална гэсэн үг үү?

-Хятадад хичээлийн шинэ жилийн нээлт хоёр удаа болдог. Тодруулбал, намрын хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-ний өдөр, хаврын хичээл гуравдугаар сарын 1-нд ордог. Энэ хичээлийн жилээс хятад, монгол сургуулийг нэгтгэж нэгэн захиргаанд оруулах болсон. Улмаар монгол хүүхдүүд эх хэл хятад, гадаад хэл монгол гэсэн хуваарийн дагуу хичээллэхээр болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, монгол сургуулиудыг хятад сургууль болгох процесс явагдсан гэсэн үг. Тиймээс эх хэлний багш нар ажлаасаа халагдахаас өмнө сүүлийн удаа шавь нартайгаа салах ёс хийе гэсэн хүсэлтийг Хятадын талд удаа дараа тавьсан юм билээ. Хятадууд дахин эсэргүүцэлтэй тулгарахаас болгоомжилж багш нарын хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Ингэхдээ сурагчдад төрийн бодлогыг сайтар тайлбарлаж, үүнээс хойш хэрхэн хичээллэх талаар хэлж яриарай хэмээн хоёр тал зөвшилцөлд хүрчээ. Монгол хэлний багш нар цаг гаруй хугацаанд эх хэл, уран зохиолын хичээл зааж, цаашид ямар өөрчлөлт гарч байгааг сурагчдадаа тайлбарласан гунигтай, шимшрэм үйл явдал болжээ.


Сургуульдаа очихдоо үндэсний хувцсаа өмсөж сүүлчийн хичээлдээ суусан бичлэг нь сошиал орчинд тавигдсан байсан?

-Хүүхдүүд үндэсний хувцсаа өмсөж, багш нартайгаа хадаг барьж золгоод нүдэндээ нулимстай сүүлчийн хичээлдээ ирсэн. Өмнөд монголчууд энэхүү үйл явдлыг Франц болон Пруссын дайны үед франц хэлний багш нар сүүлчийн хичээлээ заагаад сургуулиасаа явсантай зүйрлэж байгаа юм. Үүний тухай А.Доде “Сүүлчийн хичээл” хэмээх өгүүллэг бичсэн байдаг. Тэрхүү Францын дайн аль эрт 1870-аад онд болсон шүү дээ. Тэгтэл өнөөдөр XXI зуунд ийм эмгэнэлтэй үйл явдал давтагдаж байгаа нь харамсалтай. Тиймээс ч энэ жилийн сургуулийн нээлт өмнөд монголчуудад гунигтай уур амьсгал авчирлаа.

Энэ семистрээс эхлээд бага сургуулийн түүх, ёс зүйн хичээлийг хятадаар заах болсон. Өмнө нь сурагчид эх хэлээрээ шалгалт өгч байсан бол одоо улсын шалгалтыг хятад хэлээр авахаар болж байгаа гэсэн мэдээлэл бий?

-Түрүүн хэлсэнчлэн эх хэл хятад, гадаад хэлийг монгол бичиг болгожээ. Түүнчлэн дунд ангийн түүхийн хичээлийг хятадаар орно. Тодруулбал, хятад хэл, түүх, хууль эрх зүйн хичээлийг хятад хэлээр заах аж. Өмнөд монголчуудын эсэргүүцэлтэй тулгарсан учраас тухайн гурван хичээлийг хятадаар орно хэмээн намар буулт хийсэн. Ингэснээр өмнөд монголчууд бага зэрэг тайвширсан байх. Гэхдээ хятадууд зөвхөн гурван хичээлийг л хятад хэлээр орно гэсэн амлалтдаа хүрээгүй. Монгол сургуулиудыг Хятадын сургууль болгох ажлыг эхлүүлж, үүнийгээ эцэг эхчүүдийн хүсэлтийн дагуу хийж байна хэмээн тайлбарласан. Тодруулбал, хүүхдүүд маань хятад хэлийг сайн мэдэхгүй байгаа учраас тэдэнд бэрхшээл учирна гэсэн зовнил байна. Тиймээс ч монгол, хятад хүүхдүүдийг нэг ширээнд суулгаад, хятад хүүхэд монгол сурагчдаа туслах зохион байгуулалт бий болгоно хэмээн монгол сургуулиудыг олноор нь цомхтгосон юм.

Монгол бичгийн хичээлийг гадаад хэл хэмээн үзэж өсөх нь ээ?

-Хятадууд энэ үймээн бужигнааныг ноднин зун эхлүүлэхдээ бүхий л сургалтыг хятад хэл рүү шилжүүлнэ хэмээж байсан. Ингээд ажил нь бүтэхгүй болоод ирэхээр тушаал шийдвэр гараагүй гэж мэлздэг. Өмнөд Монголд өмнө нь 7-8 удаа сургуулийн хичээлийг хятад хэлээр орох талаар асуудал үүсгэж байсан. Тэр болгонд ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас хэрэгжүүлээгүй. Ноднин тус асуудлыг дахин сөхөж, дараа нь иргэдийн эсэргүүцэл байсан учраас “Ийм тушаал шийдвэр гараагүй, бид зөвхөн гуравхан хичээлийн асуудал ярьсан. Эх хэлний хичээлийн оронд нийтийн хэл буюу хятад хэл орох ёстой” гэж тайлбарласан. Тухайн үед төрийн бодлогыг буруу ойлгож эсэргүүцсэн шалтгаанаар 10 мянган хүнийг баривчилсан байдаг. Гэвч үнэндээ тэд зөв ойлгосон, харин хятадууд өөрсдөө буулт хийснээ “буруу ойлгосон” хэмээн гүтгэсэн. Ингээд энэ сарын 1-нд бэлгэдлийн чанартай сүүлчийн хичээл орлоо. Өөрөөр хэлбэл, монгол хэлний оронд хятад хэл заахаар болжээ. Ерөөс Хятадын 56 үндэстэн нийлээд дундад үндэстэн гэж өөрсдөө ярьдаг. Дундад үндэстний эх хэл бол хятад хэл учраас эх хэлний оронд оруулна гэсэн бодлоготой. Харин гадаад хэлний хичээлийн оронд монгол хэлийг оруулахаар боллоо. Тэгэхээр бага ангид монгол хэлний хичээл орохгүй, дунд ангидаа үзнэ гэсэн үг.

Хүүхдүүд бага ангиасаа эхлэн хятад хэл үзэж төлөвших нь ирээдүйд сөрөг үр дагавартай болов уу?

-Өмнөд Монголын хүүхдүүдийг боловсрол муутай болгож, нийгмээс шахан зайлуулах бодлого байх шиг. Хятад хэл ч үгүй, монгол хэл ч байхгүй болох магадлал өндөр байгаа юм. Хамгийн гол нь хүүхдүүд багаасаа хятад хэлээр боловсролоо хүртээд ирэхээр яах аргагүй Хятадын соёлд татагдана шүү дээ. Томчуудтай нь ноцолдохын оронд хүүхдүүдтэй нь үзвэл хятад болж өснө гэсэн шинэ бодлого байгаа юм. Том болсон хүмүүс Монголоо алдана гэж байдаггүй юм байна. Урьд нь томчуудад дундад үндэстний тухай ухуулга сурталчилгааны их ажил зохиодог байсан. Тэгвэл одоо хүүхдүүдтэй нь ажиллавал илүү алсын хараатай, үр дүнтэй учраас багаас нь хятадаар төлөвшүүлэхэд тун зохистой гэж үзэж л бодлогоо явуулж байна даа.

Эцэг эхчүүд гэрээрээ хүүхдүүдээ эх хэлийг нь зааж сургах шаардлага үүсч байна гэсэн үг үү?

-Ийм бололцоо бараг байхгүй болов уу. Өмнөд Монголд малчин айл өрх олон бий. Төв суурин газарт 80 хувь нь хятадууд байдаг. Дээрээс нь тусдаа Өмнөд монголчуудын хороолол байдаггүй, холилдоод суурьшдаг. Хөдөө орон нутгийн малчид нь хүүхдүүдээ хошууны төвд дотуур байранд суулгадаг юм. Тиймээс гэрийн сургалт явуулах боломж хомс гэсэн үг. Ийм айхавтар харийн бодлого байгаа цагт гэрээр боловсрол олгоно, эх хэлийг эзэмшүүлнэ гэдэг хэцүү. Гэрээр сургалт явуулбал, төрийн бодлогыг эсэргүүцсэн хэмээн нөлөөлнө шүү дээ. Цаашдаа урьдын өмнөд монгол биш, хаалттай орон болох магадлалтай.

Тэгвэл монгол бичиг, соёлыг хадгалж үлдэх өөр гарц гаргалаа бий юү?

-Дэлхий даяар дуугарч, хүний эрхийг хүндэтгэх хэрэгтэй гэсэн шаардлагыг тууштай тавибал нөхцөл байдлыг зөөлрүүлж чадна. Өмнөд монголчууд өмнө нь хятадаар хичээллүүлэхийг нь болиулахын төлөө удаа дараа тэмцэж байсан. Харин одоо дэлхий нийт шаардлага тавибал үр дүнд хүрч болно. Өөрөөр хэлбэл, даян дэлхий шаардлага тавих нь харгис бодлогыг зогсоох, зөөлрүүлэх гарц юм. Хятадаас бусдыг нь уусгана хэмээн тэд шийдсэн байна. Тэд дотооддоо ч хан Хятадаас бусдыг нь бүгдийг хан Хятадад уусгах бодлого баримталж буй. Тэгэхээр өөр аялгуугаар ярих сургахыг больсон гэсэн үг. Өмнөд Монголд ямар ч терроризм, хэт даварсан үзэгдэл байхгүй, үлгэр жишээ үзүүлдэг улс орон гэдэг нэртэй байсан шүү дээ. Ийм байхад хэл, соёлыг нь хорьж байгаа нь үнэхээр байж болшгүй.

АНУын Конгресс мэдэгдэл гаргаж хүний эрхийг зөрчсөн уг асуудлыг авч хэлэлцэнэ хэмээн нэг хэсэг мэдээлж байсан. Энэ ажил юу болсон юм бол?

-АНУ-ын Конгресст 100 мянган хүний гарын үсэг цуглуулбал тэр асуудлыг анхаардаг. Манай журмын нөхөд 100 мянга гаруй гарын үсэг цуглуулж, дагалдах товч мэдэгдлийг өгсөн. Улмаар АНУ хэлэлцэж хүсэлтийн дагуу хэд хоногийн дараа мэдэгдсэн л дээ. Тодруулбал, ийм байдал болж байгаад харамсаж байна л гэж хэлсэн. Мөн манай Америкийн сэтгүүлчийг Өмнөд Монголд байхад зүй бусаар хорьсонд дургүйцэж байна гэсэн утгатай хоёр мэдэгдэл гаргасан. Яг ийм асуудлаар Хонконг, Төвд, Шинжааны улсууд хандаж, улмаар хууль гаргасан байдаг. Түүн шиг өмнөд монголчуудыг хамгаалж тодорхой хууль гаргах хүсэлтээ хүргэсэн юм. Ингээд Өмнөд Монголоос хэсэг хүмүүс АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Р. Помпео нарын томчуудтай уулзсан юм билээ. Тэр үед “Хууль гаргуулахын тулд баримт хэрэгтэй. Тиймээс буруутгасан материал өгөхийг хүсч байна.

Уйгар, Төвд, Хонконг ийм материалаа өгч, баримтыг судалж хэлэлцээд хуулиа гаргасан” гэсэн байна лээ. Одоо тэрхүү материал дээр журмын нөхөд бид ажиллаж л байна.

П.САЙНЖАРГАЛ

Categories
гадаад мэдээ цаг-үе

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал болж байна

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал гуравдугаар сарын 7-нд эхлэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян Засгийн газрын тайлангаа танилцуулжээ. Тэрбээр “Хятад иргэдийн дундаж наслалтыг дахиад нэг насаар нэмэгдүүлж, 78.3-т насанд хүргэх. Мөн хүн амын хөгшрөлтийг зохицуулахаар үндэсний стартегийн бодлогыг хэрэгжүүлэх, хүн амдаа үйлчлэх тогтолцоог байгуулах. Түүнчлэн төрөлтийн түвшнийг зохих хэмжээнд ахиулах, хууль ёсны тэтгэврийн насыг аажмаар сунгахыг зорьж байна” гэв.

БНХАУ-ын 2016-2020 оны 13 дугаар таван жилийн төлөвлөгөөний хугацаанд хүн тутмын дундаж наслалтыг 76.3 наснаас 77.3 нас болгож нэмэгдүүлжээ. Тус улсын нийт хүн ам нэг тэрбум 400 сая аж.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян цааш нь мэдэгдэхдээ “2020 онд Хятад улс ажлын байрыг тогтвортой болгох замаар иргэдийн амьжиргаанд бодитой баталгааг хангасан. Тухайлбал, хот суурины 11.86 сая иргэнийг шинээр ажлын байраар хангаж, 2020 оны сүүлч гэхэд хот суурины ажилгүйдлийн түвшинг 5.2 хувь хүртэл бууруулсан. Мөн 2021 онд хот сууринд шинэ ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг 5.5 хувь орчим байлгах зорилт тавиад байгаа” гэж тодотгожээ. Нөгөө талаас Хятадын технологийн үйлдвэрлэл АНУ-тай хийсэн худалдааны дайнд багагүй хохирол амсаад буй билээ. Тиймээс ойрын хугацаанд технологийн салбараа сэргээж, дэлхийг байлдан дагуулахыг зорьж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт эрх баригч нам болох Хятадын Коммунист нам жил бүр зохион байгуулдаг ээлжит хурлаа хийсэн. Хуралд оролцогчид өндөр технологийн ойрын таван жилийн төлөвлөгөөгөө хэлэлцсэн талаар мэдээлж байв. Тус улсын эрх баригчид технологийн хөгжлөөрөө дамжуулан үндэсний аюулгүй байдал, бүх дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилго тавиад байна. Тухайлбал, олон лаборатори нэмэлтээр барьж, хүүхдүүдийн боловсролд түлхүү анхаарч, шинэ хөтөлбөрүүдээр баяжуулах гэнэ. Мөн квант компьютер, биотехнологи, хиймэл оюун ухаан зэргийг хөгжүүлэхэд зориулсан судалгааны талбаруудыг байгуулахаар болжээ.

Хятадын Засгийн газар эрдэм шинжилгээний судалгааны ажлыг өргөжүүлэхэд гол анхаарлаа хандуулах гэнэ. Ийм төрлийн судалгааг 10.6 хувиар нэмэгдүүлэх агаад арван жилийн судалгааны төлөвлөгөөг боловсруулах гэнэ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаан луу өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 9, Ангараг гариг. Билгийн тооллын 26, Элдэв тэнгэртэн одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 7:17 цагт мандан, 18:48 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 5-7 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 6-11 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Халх голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Харилцааны соёлын стандарттай болох хэрэгтэй байна” гэв

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Өдөрт 16-20 мянган иргэнийг вакцинжуулах ажил хийгдэнэ” хэмээн I, XIII нүүрт өгүүллээ.

“Нэхүүл” хөдөлгөөний тэргүүн Л.Отгонбат “Шүүгчийн ёс зүйн дүрэм хэрхэн хэрэгжиж байгааг саяны жишээ харууллаа” хэмээснийг VII нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт “Харилцааны соёлын стандарттай болох хэрэгтэй байна” хэмээн өгүүллээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан “Миний бие намын дүрмийн нэг ч заалтыг зөрчиж, алдаа гаргасан үйлдэл хийгээгүй, хийх ч үгүй” гэв.

“Л.Оюун-Эрдэнэ нэг тийм заваан бас башир аргатай” гэж VI нүүрт өгүүллээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар сарын 08-наас 15-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв


3 дугаар сарын 08-наас 3 дугаар сарын 15-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 9-нд Хөвсгөлийн уулсаар, 11-нд Монгол- Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: 13-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эгь, Үүр, Орхон, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 14,15-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм

УДЭТ-аас мэдэгдэл гаргажээ


Эрхэм үзэгч танаа, домогт Бөмбөгөр ногоон театрын Алтан үеийн аварга жүжигчид, найруулагчдын та бидэнд өвлүүлж өгсөн УДЭТ-ын түүхт 90 жилийн ой өнөө жил тохиож байгаа билээ. Театр үзэгчгүй бол юу ч биш, хоосон байшин. Тайзнаа үзэгчид жүжигчдийн амьд харилцаа байсан цагт театр амьд байдаг. Нэг ёсондоо театрын эзэн нь үзэгч а юм шүү дээ. Нийтийн сүлжээгээр театрыг гутаасан, уран бүтээлчдийн сэтгэлийг сэвтээсэн мэдээлэл гарч буйд бид сэтгэл эмзэглэж сууна. Гайт коронавирусыг биендээ халдааж театртаа, бусдад тараахыг хэн хүсэх билээ. Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг шүү дээ. Уран бүтээлчид эмзэг, элгэн халуун сэтгэлтэй хүмүүс байдаг. Бид үзэгчид та нартайгаа уулзах гэж хичнээн их хүсч тэмүүлсэн билээ. Та нарынхаа алга ташилт, хүндлэлээс бид амьдрах, бүтээх урам зориг авч байдаг юм. УОК, Соёлын яамнаас гаргасан дүрэм журмыг хэрэгжүүлэн, НМХГ-аас өгсөн шаардлагад нийцүүлэн хорио цээрийн дэглэмийг хүн бүр чадлынхаа хэрээр чандлан сахиж, театрынхаа булан тохой бүрийг ариутгаж, халдвараас урьдчилан сэргийлэх хаалгыг үзвэрийн болон ажиллагсдын хэсэгт суурилуулж, үзэгчдийнхээ аюул эрсдэлгүй, тав тухтай нөхцлийг хангахын төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн билээ.
Манай театр 3-р сарын 1-нд хууль журмын дагуу бүх ажиллагсдын “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээний албан ёсны сөрөг хариуг үндэслэн үйл ажиллагаагаа эхлүүлж “Анна Каренина” жүжгийн сургуулилтад орж, түр журмын дагуу суудлын 50 хүртэлх хувийн дүүргэлттэй тус жүжгийн тоглолтыг 3-р сарын 4 (196 хүн), 5 (236 хүн), 6 (247 хүн)-ний өдрүүдэд хийж, 679 хүнд үйлчилсэн юм. Үзэгч түмнээсээ уучлалт гуйхын ялдамд мэргэжлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийн дагуу 03-р сарын 04,05-нд жүжиг үзсэн хүмүүс 03 дугаар сарын 09-нд 09:00-17:00 цагт, 03-р сарын 06-нд жүжиг үзсэн хүмүүс 03-р сарын 10-нд 09:00-17:00 цагт Улсын драмын эрдмийн театрт ирж шинжилгээндээ бүрэн хамрагдахыг уриалж, нэгч хүнээс халдвар битгий илрээсэй гэж залбирч байна. Бид вирус халдварыг биенээсээ, театраасаа шүүрдэн зайлуулж, хогийн тантанд үүрд булшлан эрхэм үзэгчидтэйгээ халуун дотно сэтгэлээр уулзах тэр цаг ойрхон гэдэгт итгэж байна.
Мөн гуравдугаар сарын 07-14-ны өдрүүдийн тоглолтын тасалбарыг Улсын драмын эрдмийн театрын касснаас худалдан авсан бол (99250387) дугаараар холбогдох, www.ticket.mn сайтаас худалдан авсан бол (90101800, 1900-1800) дугаарт холбогдож ямар нэгэн шимтгэлгүйгээр 100 хувь буцаан авах боломжтой.
УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР