Categories
мэдээ нийгэм цаг-үе

Л.Энх-Амгалган: Төр, хувийн хэвшил өрсөлдөж биш хамтарч байж боловсролын салбарыг хөгжүүлнэ

Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшлийн 167 ерөнхий боловсролын сургууль, 506 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.

Тэдний төлөөлөлтэй Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон холбогдох газар, хэлтсийн дарга нар цахим уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Боловсролын тухай багц хуулийн төсөл, Ковидын үеийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа гэсэн хоёр үндсэн сэдвээр талууд санал солилцсон юм.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын хуулийн төсөлд ирүүлсэн саналыг нэгтгэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм. Цар тахлын үеийн хичээл сургалтын тухайд хувийн сургуулиуд онлайнаар хичээлийн агуулгаа үзэж байгаа бөгөөд сурагчдын хамрагдалт 90 хувь, эцэг эхчүүдийн сэтгэл ханамж 85 хувь гэсэн судалгаа хийжээ.

Хувийн сургууль, цэцэрлэгийн төлөөлөл танхимын сургалтыг эхлүүлэх, хувьсах зардлыг шийдвэрлэх, багш нарыг шинжилгээ болон вакцинжуулалтад хамруулах хүсэлтийг тавилаа.

Сургуулийн өмнөх боловсрол буюу хувийн цэцэрлэгийн тухайд 39 мянган хүүхдийг энэ хичээлийн жилд сургаж байна. Энд тав гаруй мянган багш ажилчид ажиллаж байгаа юм. Хүүхдийн цэцэрлэгт хамрагдах хугацаа гурваас дөрвөн жил байдаг боловч хүүхдүүд суурь төлөвшлийн 70-80 хувийг 6 хүртэлх насандаа авдаг учир хамгийн чухал боловсролын байгууллага болохыг сануулж байлаа. Нэг багшид ногдох хүүхдийн тоо чанарт нөлөөлж байгаа болон нийгмийн баталгаанаас хувийн сургууль, цэцэрлэгийн багш нар хоцрогдож байгааг энэ уулзалтын үеэр хэлж байлаа.

Салбарын сайдын зүгээс тоглоомын дүрмийг тодорхой байлгахаа амлаад хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллахыг урилаа. Өрсөлдөж биш хамтарч хөгжинө гэдэг зарчим дээр талууд санал нэгдэж байв. 100 жилийн түүхтэй боловсролын салбарын ачаанаас хувийн хэвшлийнхэн үүрэлцээд 30 орчим жил болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлага бүртгэгджээ

Улсын хэмжээнд 03 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 30 суманд нийт 69 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Тохиолдсон аюулт, үзэгдлийн 4 нь биологийн гаралтай, 55 нь гал түймэр, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 3 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 2 иргэн нас барсан бол гэмтэж, бэртсэн, өвчилсөн нийт 321 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

БНХАУ-ЫН СЭРГЭН МАНДАЛТАД ҮЛЭМЖ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСААР БУЙ ТАВАН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужийн Шэньян хотын ‘Таван Синшунь” олон улсын шөнийн захын зураг. 2020 оны 6 дугаар сарын 7-нд агаараас авсан зураг. (Синьхуа / Пань Юйлун)

БНХАУ ирэх таван жилд нийгэм, эдийн засгаа хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөө болон 2035 он хүртэлх урт хугацааны зорилтуудаа гаргаж, хөгжлийн шинэ шатанд буюу социалист шинэчлэлд хүрэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэх бодлогуудаа тодорхойллоо.

Одоо болж буй тус улсын хууль тогтоох дээд байгууллагын жил тутмын ээлжит чуулганаар хянан үзсэн, 2021-2025 онд хэрэгжүүлэх 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөнд нийгэм-эдийн засгийн хөгжлийн томоохон зорилтуудыг тусгасан байна.

Таван жилийн төлөвлөгөө нь 1950-аад оны үеэс хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус улсыг эдийн засгийн уналт, сэргэлт болоод гадаад орчны өөрчлөлтүүдийн үед удирдан чиглүүлж, улмаар хүчирхэг гүрэн болж, нийгэм, эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр буй механизм билээ.

Хятадын баруун хойд нутгийн Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны төв Өрөмч хот дахь ‘Жуолан Интелижент Машинери” компанийн үйлдвэрийн ажилчид.2020 оны 10 дугаар сарын 22-нд авсан зураг. (Синьхуа / Ван Фэй)

Өнгөрсөн онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 100 их наяд юанийн (15.4 их наяд ам.доллар) босгыг давж, 101.5986 их наяд юань хүрсэн юм. Энэ нь тус улс анхдугаар таван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, зогсонги байдалтай байсан эдийн засгаа дэлхийн хоёр дахь том эдийн засаг болгоход хүргэсэн гайхамшигт өөрчлөлтийг хийж эхэлсэн 1953 оныхоос даруй 1232 дахин өссөн үзүүлэлт юм.

Сүүлийн жилүүдэд БНХАУ нь таван жилийн төлөвлөгөөнүүдээ жилээс жилд хувьсан өөрчлөгдөж буй улс орныхоо нөхцөл байдалтай уялдуулан гаргасаар байна.

Тус улс 1970-аад оны сүүлчээр өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө таван жилийн төлөвлөгөөгөө гаргахдаа хөдөө аж ахуйд түшиглэсэн улс орноо аж үйлдвэржүүлэхэд голчлон анхаардаг байв.

“Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой байх үед таван жилийн төлөвлөгөө нь нийгмийн эмзэг бүлгийн үндсэн хэрэгцээг хангахын тулд хязгаарлагдмал нөөцийн урсгалыг зөв зохистой зарцуулахад чиглэдэг байсан” гэж тус улсын Цинхуа их сургуулийн Орчин цагийн Хятад судлалын сургуулийн дэд захирал Янь Ийлун ярив.

Харин тус улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоо руу аажмаар шилжсэнээр таван жилийн төлөвлөгөөндөө заавал биелүүлэх ёстой норм төлөвлөгөө болон эдийн засгийн хатуу зорилтуудын оронд зах зээл рүү илүү чиглэсэн, уян хатан зорилтуудыг тусгадаг болжээ.

Түүнчлэн таван жилийн төлөвлөгөөг гаргахдаа зөвхөн эдийн засагт төвлөрөхөө больж, энэ улс орныг бүх талаар нь хөгжүүлэхэд тус болохач холбогдол бүхий хөгжлийн философи, сэдвүүдээр баяжуулж, байгаль орчин хамгаалах, нийгмийн халамж гэх мэт өргөн цар хүрээг хамарсан салбарт илүү анхаарал хандуулдаг болсон байна.

Жишээлбэл, 2016-2020 онд хэрэгжүүлсэн 13 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө инновац бүхий, салбарууд хоорондын уялдаа холбоог илүү хангасан, ногоон, нээлттэй бөгөөд бүх нийтийн хөгжлийн философийг дэвшүүлснээр улс орныхоо хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтийг илүү тогтвортой зам руу жолоодон чиглүүлсэн юм.

БНХАУ таван жилийн төлөвлөгөөг практикт хэрэгжүүлэхээсээ өмнө доороос дээшээ дэвшүүлсэн санал санаачилгуудыг сонсдог бол төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ дээрээс доошоо буюу дээд шатнаас доод шат руу хандах арга барилыг хэрэглэдэг.

Таван жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа шинжээчид, төрийн албан хаагчид, улс төрийн зөвлөхүүд болон хөндлөнгийн үнэлгээний байгууллагуудын саналуудыг харгалзан үздэг байна.

Тус улс бүх нийтээрээ сэргэн мандах хэтийн төлөвтэйгөө нягт уялдсан, хэрэгжүүлэх боломжтой, урьдчилан таамаглаж болох төлөвлөгөөг боловсруулахдаа ийнхүү хүчин чармайлт гаргадаг аж.

Өмнөх засгийн газрын амлалт, төлөвлөгөөнүүдийг дараагийн засгийн газар нь үргэлжлүүлэн хэрэгжүүлэх магадлал тун бага байдаг Өрнөдийн орнуудын засаг захиргааны бодлогуудаас Хятадын таван жилийн төлөвлөгөөнүүд нь залгамж чанартай, илүү ирээдүйг харсан байдгаараа ялгаатай гэж шинжээчид үзэж байна.

“Олон улс оронд тухайн улс орон ойрын хэдэн жилдээ хэрхэн хөгжиж өөрчлөгдөхийг тодорхойлоход улс төрчдийн амлалт нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ тэдний хэлсэн амлалт болоод хийсэн ажил хоёр хоорондоо маш зөрүүтэй байдаг” гэж Финландын Аалто-гийн бизнесийн их сургуулийн олон улсын бизнес судлалын профессор Карл Фей хэлэв.

БНХАУ өөрийгөө орчин үеийн социалист улс болгон бүрэн төлөвшүүлэх шинэ аялалд гарч буйтай зэрэгцээд шинэ таван жилийн төлөвлөгөөнд ч мөн шинэ зорилтуудыг тусгасан байна.

“Хүний тархитай төстэй оюун ухаан”, “генетикийн технологи” болон “ирээдүйн сүлжээ” гэх мэт хэллэгүүд таван жилийн төлөвлөгөөний төсөлд анх удаагаа дурдагдсан нь БНХАУ шинжлэх ухаан, технологийн салбарт томоохон нээлт хийхээр шийдсэнийг илтгэж байна.

Үндэсний эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө (2021-2025) болон 2035 он хүртэлх урт хугацааны зорилтуудын төсөлд дурдсанаар, тус улсын эрдэм шинжилгээ болон хөгжлийн судалгааны ажлын зардал ирэх таван жилийн хугацаанд жил тутам 7 гаруй хувиар өсөх төлөвтэй байна. Үүнээс гадна төлөвлөгөөний төсөлд тусгасан инновацид суурилсан хөгжил, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, байгаль экологийг хамгаалах зэрэг зорилтууд нь заавал биелүүлэх гэхээсээ илүүтэйгээр хэрэгжүүлэх бүрэн боломжтой “хүлээгдэж буй зорилтууд” гэгдэж байна.

“Хятад улс зорилтуудаа дэвшүүлэхдээ өөрийн боломж бололцоогоо харгалзан үзэхийн зэрэгцээ тодорхойгүй байдлыг даван туулах орон зайг үлдээсэн” гэж тус улсын эдийн засаг төлөвлөлтийн дээд байгууллагын тэргүүн Хэ Лифэн хэлээд “Модноосоо унаагүй тоорыг авахын тулд бид өндөрт үсрэх хэрэгтэй болдог. Үүний нэгэн адил дэвшүүлсэн томоохон зорилтууддаа хүрэхийн тулд бид илүү хүчтэй, илүү өндөрт үсрэх хэрэгтэй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Тавантолгой түлш” компанийн 1500 ажилтан дархлаажуулалтад хамрагдлаа

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу нийт иргэдийг вакцинд хамруулах ажил өнөөдөр /2021.03.09/ эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд “Таван толгой түлш” ХХК-ийн 1500 ажилтанг коронавирусийн дархлаажуулалтын вакцинд хамруулж эхлээд байна.

Иргэдийг дархлаажуулалтад хамруулахын өмнө биеийн халууныг үзэн хэвийн бол эмчийн үзлэгт оруулсны дараа вакцинд хамруулах юм. Мөн вакцинд хамрагдсан иргэний биед хариу урвал илэрсэн тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх зориулалтын өрөөг бэлтгэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзав

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Дэлхийн банк 1.3 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж үзүүлсэн нь нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсныг Ерөнхий сайд тэмдэглэв. Дэлхийн банк 2021-2025 оны Түншлэлийн стратегийн хүрээгээ Монгол Улсын хөгжлийн бодлого, хөтөлбөртэй уялдуулан боловсруулж байгаад талархал илэрхийлэв.

Цар тахлын эсрэг тэмцэхэд шаардлагатай санхүүжилтийг шуурхай, цаг алдалгүй шийдвэрлэсэн нь чухал дэмжлэг болсныг хэлэв.

Дэлхийн банк “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, “Алсын хараа-2050” зэрэг баримт бичигтэй үйл ажиллагаагаа уялдуулна гэдгээ Суурин төлөөлөгч Андрей Михнев хэлэв. Эдийн засгийг төрөлжүүлэх, цахим шилжилт, ил тод байдал, сайн засаглал зэрэг салбарт болон вакцин нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Эквадорын Гвинейд цэргийн хуаран дэлбэрч 98 хүн амиа алджээ

Африк тивийн баруун эрэг, Гвинейн буланд байрлах Эквадорын Гвиней улсын Бата боомт хот дахь цэргийн хуаранд хэд хэдэн удаагийн дэлбэрэлт болж 98 хүн амиа алдлаа.

Тус улсын хамгийн том цэргийн хуарангуудын нэг Нкоантомагийн ойролцоох хэдэн зуун барилга нурж сүйдсэн ба дэлбэрэлтийн улмаас 615 хүн бэртэн эмнэлэгт хүргэгджээ.

1979 оноос хойш Эквадорын Гвинейг удирдаж буй Ерөнхийлөгч Теодоро Обианг Нгуема дэлбэрэлтийг “динамиттай хайнга харьцсанаас үүдсэн” гэж тайлбарлав.

Тус улсын эдийн засгийн дөрөвний гурвыг бүрдүүлдэг газрын тосны борлуулалт цар тахлын улмаас буурсан бөгөөд дэлбэрэлт энэхүү эдийн засгийн хямралын уртасгах эрсдэлтэй байна. 1.4 сая хүн амтай Экваторын Гвинейд өчигдөр коронавируст халдварын 42 тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 6371 болсон ба 96 хүн нас баржээ.

Death toll from devastating Equatorial Guinea blasts jumps to 98 | Equatorial  Guinea News | Al Jazeera

Categories
мэдээ нийгэм

3600 гаруй цахилгаан шатыг ариутган халдваргүйжүүлж байна

Орон сууцны байшинд хамгийн их хүн зорчдог эрсдэлтэй бүс болох цахилгаан шатыг ариутгах, халдваргүйтгэх ажлыг 3596 лифтэнд СӨХ-д хуваарийн дагуу тогтмол хийж гүйцэтгэж байна.

Нийслэлийн хэмжээнд 1243 Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр холбоодын 780 гаруй нь Монголын Сууц Өмчлөгчдийн Холбоодын Дээд Зөвлөл(МСӨХД)-д бүртгэлтэй, өдөр тутмын үйл ажиллагаа мэдээллээ өгч холбоотой ажилладаг. Хотын Ерөнхий менежерийн 2021 оны А/22-р тушаалын хүрээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан үлгэр жишээ СӨХ шалгаруулах болзолт уралдаан, ХЕМ-ийн 2021 оны А/05-р тушаалын дагуу түвшин тогтоох үзлэг шалгалтын хүрээнд МСӨХДЗ-өөр дамжуулан өдөр тутмын дүн мэдээллээ өгч хамтран ажиллаж байна.

СӨХ-д нь өөрийн хариуцаж буй орон сууцны байшин дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин ажиллахын зэрэгцээ байрны орц гарц болон хүн ихээр зорчдог хэсгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг өдөр бүр хийх, орон сууцны гадна орчинд ариутгал, цэвэрлэгээг тухай бүрт хуваарийн дагуу хийж байна хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр албан бичиг хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2018.03.23-ны өдөр Элчин сайд Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичиг гардуулахдаа “Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, авлигатай тэмцэх тал дээр идэвхтэй ажиллах ёстой. Үр дүнг дүгнэнэ” гэсэн билээ.

Гэвч Элчин сайд Ё.Отгонбаярын ажилласан сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарсангүй. Эдийн засгийг сэргээх, малчин ард иргэдийн амьдралыг сайжруулахад чухал үүрэгтэй, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татварын хөнгөлөлттэй экспортлох боломж бүрдүүлэх “Гуравдагч хөршийн худалдааны тухай” хуулийн төслийг АНУ-ын Хууль тогтоох байгууллагаар батлуулах талаар хангалттай санаачилга гаргаж ажилласангүй. Тухайлбал, АНУ-ын 116 дугаар Конгресст хуулийн төслийг хариуцаж байсан холбогдох Байнгын хороодын дарга нартай Элчин сайд нэг ч уулзалт хийгээгүй нь уг ажлыг эс үйлдлээр гацаасан, бодит үр дүнд хүргэхийн оронд аргацаасан гэж үзэж байна.

Түүнчлэн Элчин сайд Ё.Отгонбаяр нь манай улсын байгалийн баялгийн орлогыг нэр бүхий улстөрчид гадаадад, оффшор дансанд байрлуулсан байж болзошгүй асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүхийн маргааны талаар хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад олон нийтийн сүлжээгээр дамжуулан илт улс төржсөн байр суурь илэрхийлсэн нь Дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй юм.

Эх сурвалж: President.mn

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн тусгай дугаар 1087 иргэнд үйлчилгээ үзүүлжээ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24/7 цагийн хуваариар ажиллаж байгаа юм.

Гуравдугаар сарын 5-8-ны хооронд нийт 1087 дуудлага иргэдээс иржээ.

Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.35 минут байна.

Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 19 иргэн хандсанаас 10 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, есөн иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажилласан.

Иргэдээс ирсэн дээрх дуудлагын 443 буюу 40.7 хувийг шинжилгээний цэгийн хаяг, байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг хэрхэн захиалах, шинжилгээний цэгийг нэмэгдүүлэх талаарх дуудлага эзэлж байна. Харин 265 буюу 24.4 хувийг гуравдугаар сарын 3, 4-нд өгсөн шинжилгээний хариу гарахгүй удаж байгаа талаарх гомдол, мэдээлэл эзэллээ.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Б.Түвшинжаргал: Сонгон шалгаруулалт зарлаж, даатгалаар үйлчлэх хувийн эмнэлгийн тоо, тусламж үйлчилгээг нэмнэ


Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар. Олон нийттэй харилцах хэлтэс. Ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргалаас эрүүл мэндийн даатгалаар үйлчилж буй хувийн эмнэлгүүдтэй холбоотой асуудлаар тодрууллаа.


-Хувийн хэвшлийн эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх болсон. Даатгалаар үйлчлэх хувийн эмнэлгүүдийг өргөжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

-Эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг сонгон шалгаруулалтаар шалгаруулж, хамтран ажиллах болсныг иргэд мэднэ. Одоогийн байдлаар хуучин, гэрээтэй байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 03 дугаар тогтоолыг баталсан. Үүнтэй холбогдуулж хувийн эмнэлгүүдийн эрүүл мэндийн даатгалаар үзүүлэх тусламж үйлчилгээнүүдийг нэмэлтээр оруулж ирнэ. Мөн сонгон шалгаруулалт зарлаж, хувийн эмнэлгүүдийг нэмж оруулж ирнэ. Одоогоор уг ажил хараахан хэрэгжээгүй байна.

-Эрүүл мэндийн даатгалд ямар тусламж үйлчилгээнүүд хамаарах вэ. Эрүүл мэндийн даатгалаас даах үйлчилгээний үнийн хязгаар ямар байгаа вэ?

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөлд амбулаторийн тусламж үйлчилгээ, өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээ, өдрийн эмчилгээ, диализны тусламж үйлчилгээ, хөнгөвчлөх, хэвтүүлэн эмчлэх, сэргээн засах, уламжлалт анагаах ухаан, яаралтай тусламж, түргэн тусламж зэрэг тусламж үйлчилгээний төрлийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж байна. Эдгээр нь дотроо задраад маш олон төрлөөр хуваагдаж байгаа. Тухайлбал, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ дотор эрчимт эмчилгээ, эмийн эмчилгээ, мэс засал, эрхтэн шилжүүлэх мэс засал, хорт хавдрын хэвтүүлэн эмчлэх хими, туяа эмчилгээ багтана.Эрүүл мэндийн даатгалаас даатгуулагч иргэнд үзүүлэх тусламж үйлчилгээний үнийн дээд хязгаар 113 сая 628 мянган төгрөг хүртэлх юм. Энэ нь дээр өгүүлсэн тусламж үйлчилгээ, эмчилгээнээс гадна эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал байгаа. Ер нь тухайн өвчтөний оношийн жин, өртгийн бүлгээс хамаарч эрүүл мэндийн даатгалаас гаргаж байгаа даатгалын хөнгөлөлт харилцан адилгүй байдаг. Тухайлбал, хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ буюу тархины шигдээс, тархины артерийн нарийсал гэсэн оношийн үед даатгалын сангаас нийт 719 мянга 976 төгрөгийг гаргана. Даатгуулагч иргэний төлөх мөнгө тэг төгрөг.

-Эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлж байгаа тохиолдолд хувийн эмнэлэг үйлчлүүлэгчээс нэмэлт төлбөр шаардах ёстой юу?

-Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гүйцэтгэх журам гэж бий. Мөн 03 дугаар тогтоолын хавсралтаар мөнгөн дүнгүүдийг батлаад өгчихсөн байгаа. Уг жагсаалт, зохицуулалтын хүрээнд даатгалын хөнгөлөлт, нэмэлт төлбөрийн асуудал шийдэгдэнэ. Эмнэлгүүд дээрх зохицуулалтаар батлаад өгчихсөн мөнгөн дүнгээс өөр нэмэлт төлбөр авах ёсгүй. Хэрэв ийм асуудал үүсгэвэл хариуцлага тооцох механизм бий. Зарим даатгуулагч “Энэ хүн огт төлбөр төлөхгүй байхад би яагаад төлбөр төлөх ёстой юм бэ” гэж гомдол гаргаж байж магадгүй. Энэ нь тухайн өвчний онош, бүлэг, эмчилгээний зардлаас хамаараад зарим нэг өвчин дээр хамтын төлбөр буюу иргэнээс төлөх төлбөр байгааг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр иргэний онош даатгалд бүрэн хамаарах уу, нэмэлт ямар мөнгөн дүн төлөх ёстой гэдгийг тухайн иргэний эрүүл мэндийн онош тодорсны дараагаар эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагч иргэддээ тайлбарлаад хэлэх ёстой. Мөн эрүүл мэндийн байгууллагууд маань төлбөрийн хэмжээг ил тодоор, даатуулагч иргэдэд харагдахаар байрлуулсан байх хэрэгтэй.

-Эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлж байгаа тохиолдолд хувийн эмнэлэг иргэнээс нэмэлт бичиг баримт, тодорхойлолт авчрахыг шаардах уу. Ямар бичиг баримтуудыг үндэслэн үйлчилгээ үзүүлэх ёстой вэ?

иргэд маань юун түрүүн анхан шатны эмнэлгээр үйлчлүүлэх ёстой. ингээд дараагийн шатлалын эмнэлэгт онош тодруулах, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэвэл 13Ахэмээх маягтыг даатуулагч иргэн өрхийн эмнэлгээс заавал авах учиртай. Мэдээж амбулаторийн карттайгаа дараагийн шатлалын эмнэлэгт очно. Гэхдээ бүх онош, эмчилгээн дээр 13Амаягтыг шаардахгүй. Зарим төрлийн тусламж үйлчилгээн дээр тус маягтыг шаардахгүйгээр дараагийн шатлалын эмнэлэгт очих боломжтой. Маягт шаардахгүйгээр очиж болох өвчнүүд гэвэл өдрийн мэс засал, шүдний эмчилгээ, хяналтын үзлэг(хавдар, халдвартын өвчнүүд),сэтгэц, гэмтэл, жирэмсний хяналтууд, гемолизын тусламж үйлчилгээ, хараагаа үзүүлэх, эмнэлгийн акт маягт авах зэрэгт 13Амаягтгүйгээр үзүүлж болно. Өдрийн мэс засал гэдэг нь эмнэлэгт заавал хэвтэх шаардлагагүйгээр хөнгөн идээт буглаанууд, гэмтлийн хадаас авах зэрэг мэс ажилбарууд юм.

Хамгийн гол нь даатуулагч иргэд маань эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн байх ёстой. ингэж байж тусламж үйлчилгээ авах эрх нээгдэнэ. Эрүүл мэндийн даатгал маань 2016 оноос эхлээд заавал төлөх даатгал болсон учир даатуулагч иргэн дээрх оноос эхлээд одоог хүртэлх шимтгэлээ бүрэн төлсөн байх ёстой. Шимтгэл сарын 4200, жилийн 50400 төгрөг байгаа.

-Хувийн эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх болсонтой холбоотойгоор иргэд сайн гэсэн томоохон хувийн эмнэлгүүдээр үйлчлүүлэх сонирхол нэмэгдэж ачаалал, дараалал үүсгэж байна гэж сонссон. Ер нь хувийн эмнэлгүүдийн ачаалал хэрхэн өссөн бэ?

-Хувийн эмнэлгийн ачаалал нэмэгдээд, дараалал үүссэн зүйл байхгүй. Яагаад гэвэл одоогоор хувийн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаар үзүүлж болж байгаа тусламж үйлчилгээ гэвэл урьдчилан сэргийлэх үзлэгүүд, элэгний В,С вирус тоолох, хэвтүүлэн эмчлэх зэрэг тусламж үйлчилгээнүүд байна. Тэгэхээр одоогийн байдлаар эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт эдэлж тусламж үйлчилгээ авах зорилгоор хувийн эмнэлэг рүү хошуураад ачаалал үүсгээд байх магадлал бага. Харин удахгүй сонгон шалгаруулалт зарлаад, тэнцсэн эмнэлгүүд ороод эхлэхээр хувийн эмнэлгээр үзүүлэх тусламж үйлчилгээнүүд нэмэгдэнэ. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээний өртгийн судалгааг хийж хувь болон улсын эмнэлгийн суурь тарифыг ижил түвшинд аваачсан байгаа. Суурь тариф нь 850 мянган төгрөг юм. Гэхдээ бүх өвчний эмчилгээ үйлчилгээнд ингэж хөнгөлөхгүй. Тухайн оношийн хамааралтай бүлэгт багтах өвчин эмгэгийг эмчлэхэд санхүүжүүлэх суурь тариф гэж ойлгож болно. Эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх хувийн болон улсын эмнэлгийн суурь тариф ижил болсон учир өрсөлдөөн ижил байх болно. Хаана чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлж байгааг даатгуулагч иргэн өөрөө сонгоно.

Г.БАТ