Categories
мэдээ нийгэм

НҮБ: Өрх бүрийг моджуулах аяныг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв

Өрх бүр мод тарьж, орчноо сайжруулахад хувь нэмэр оруулах Монгол Улсын үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахаа НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра өнөөдөр илэрхийллээ.

Тодруулбал, Монгол орны цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, иргэн бүрийн тав тухтай амьдрах, орчин нөхцөлийг сайжруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой “Өрх бүр-Шинэ мод” төслийг хэрэгжүүлэхэд НҮБ хамтран ажиллахаар болов.

Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэн орсон бөгөөд өнөөдрийн байдлаар НҮБ-ын төрөлжсөн 8 байгууллага Монголд үйл ажиллагаа явуулж, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, ой менежмент зэрэг салбарт 10 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Суурин зохицуулагч Тапан Мишра хэлэхдээ, “Иргэн бүр мод тарих санал, санаачилгыг талархан хүлээн авч байна. Ногоон Монголыг бүтээхэд бид ч мөн гар бие оролцож, бүх талаараа дэмжин ажиллах болно. Мөн аялал жуулчлалын салбарыг сэргээн хөгжүүлэх, усны асуудлаар тавьсан Засгийн газар, салбарын яамны саналыг НҮБ-ын холбогдох газруудад хүргүүлж хамтын ажиллагааг эхлүүлэхэд анхаарал хандуулах”-аа өнөөдөр БОАЖЯ-нд болсон уулзалт дээр илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Цар тахлын үед эхийн эндэгдэл өнгөрсөн гурван жилтэй харьцуулахад 27.8 хувь өсчээ

Манай улсад цар тахлын энэ үед эхийн эндэгдэл өнгөрсөн гурван жилтэй харьцуулахад 27.8 хувь өсчээ.

Энэ нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Жендэрийн Үндэсний хороо АХБ-ны дэмжлэгтэйгээр явуулсан “Монгол Улсад охид, эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн амьдралд үзүүлж буй “COVID-19″-ийн цар тахлын үеийн нөлөөлөл”-ийн судалгаагаар гарсан байна.

Судалгааны тайланд, халдварын цар тахалтай тэмцэх ажилд эмэгтэйчүүд тэргүүн эгнээнд ажиллаж байгааг дурдаж, Монгол Улсад эрүүл мэндийн салбарт ажиллагчдын 81.9 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж буйг онцолжээ.

“Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-ны байдлаар Монгол Улсад эрүүл мэндийн 41 албан хаагч “COVID-19″-ийн вирусээр халдварлагдсан байна. Энэ мэдээлэлд хүйсийн ялгааг дурдаагүй боловч тухайн салбарт ажиллах эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байгааг харгалзан үзвэл эмэгтэйчүүд халдварт илүү өртсөн байж болзошгүй” хэмээн өгүүлжээ.

Цар тахлын үед эхийн эндэгдэл өссөнийг Баян-Өлгий аймагт эхийн эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдсэнээр жишээ татжээ. 2020 оны 3-10 дугаар сар хүртэлх хугацаанд дээрх аймагт бүртгэгдсэн тохиолдол нь коронавирусний халдвараас сэрэмжлэн эмнэлэгт хандахаас зайлсхийж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авч чадахгүйтэй холбоотой байжээ. Хөл хорионы үед эмэгтэйчүүд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд эмнэлгийн яаралтай тусламж авахад хүндрэлтэй байсан бөгөөд зарим хөгжлийн бэрхшээлтэй иргэд шаардлагатай эм тариагаа авч чадаагүй байна.

Мөн жендэрт суурилсан болон гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс улбаатай үйлдэгдсэн хэрэг, зөрчил нэмэгджээ. Гэхдээ Засгийн газраас цар тахлыг даван туулах, эдийн засаг, иргэдийн амьжиргааг дэмжих багц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн үр дүнд хүрч, хүнсний эрхийн бичиг, хүүхдийн мөнгө нь хүн амын хамгийн ядуу хэсэгт дэмжлэг болжээ. Нийгмийн халамжийн тэтгэмж авагчдын тоо эрс өссөн байна.

Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй ганц бие өрх толгойлсон эцэг, эхэд өгөх нийгмийн халамжийн тэтгэмж, хүнсний эрхийн бичгийн мөнгөн дүнг нэмэгдүүлсэн нь зохих эзэндээ хүрч, ялангуяа нийгмийн хамгийн ядуу бүлэг, эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд хүрч чадсаныг статистик мэдээлэл болон гүнзгийрүүлсэн ярилцлага харуулж байна. Хүүхдийн мөнгө, нийгмийн даатгалын хөнгөлөлт, татварын чөлөөлөлт нь өрхөд шууд орлого болон хүрчээ. Нөхцөл байдлаас гадна цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг судалгаанд тусгасан байна. Үүнээс үзвэл:

  • Одоо хэрэгжиж буй нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдээ цар тахлын улмаас уналтад орсон эдийн засаг сэргэтэл үргэлжлүүлэх,
  • Хөл хорионы үед хүүхдүүдийг цахим хүчирхийлэл болон бусад хэлбэрийн хүчирхийлэл, тухайлбал ЖСХ/ГБХ-ээс хамгаалахын тулд эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх,
  • Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд заасан сул зогсолтын олговрын хэрэгжилтэд цар тахлын үед хяналт, аудит хийх зайлшгүй шаардлагатай байна,
  • Гамшиг, цар тахлын үед болон отроор явж буй малчин өрхийн гишүүд эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэхийн тулд тэдний хэрэгцээнд тулгуурласан журам боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэжээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хоёрдугаар сарын 23-наас хойш 26 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байна

Өнөөдрөөс Хил хамгаалах, Улаанбаатар цахилгаан түгээх, эрүүл мэндийн салбар, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж эхэллээ.
Энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс буюу дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 26 мянга гаруй иргэнийг хамруулаад байна.
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Дотоод хэргийн их сургуульд очин дархлаажуулалтын явцыг шалгалаа.
1800 ажилтан, сонсогчид урьдчилсан үзлэг, эрүүл мэндийн бүртгэл хийн дархлаажуулж, биеийн байдлыг нь 15-30 минут ажиглаж байна. Одоогоор вакцины сөрөг урвал үзүүлсэн тохиолдол гараагүй. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд хэллээ.

May be an image of one or more people, people standing and indoor

Дархлаажуулалтын үед аюулгүй байдлыг хангаж, ариутгал, халдваргүйжүүлэлтээ сайн хийхийг Шадар сайд анхаарууллаа. Мөн иргэдэд вакцины талаархи зөвлөмж, мэдээллийг түлхүү өгч байхыг холбогдох албаныханд сануулав.
Categories
мэдээ эдийн-засаг

“Хар алт”-ны ханш өмнөх оны мөн үеэс 3 дахин өсчээ

Дэлхий дахинаа “Covid-19” цар тахал дэгдэж, хүн амын хөдөлгөөн буурснаар эдийн засгийн идэвхжил хумигдаж тэр хэрээр шатахууны хэрэглээ буурч зах зээлд эрэлт багасч үнэ буусан.

2020 оны дөрөвдүгээр сард Brent маркийн газрын тосны үнэ сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн бага түвшин буюу 20 долларт хүрч байсан бол өнөөдрийн /2021.03.09/ байдлаар 1 баррель нь 64 долларттай тэнцэж үнэ 3 дахин нэмэгджээ.

Үнэ өсч буй шалтгаан нь дэлхий даяар “Covid-19”-ийн эсрэг вакцинжуулалт хийгдэж, улс орнуудад хорио цээрийн дэглэм суларч, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнтэй холбоотой. Үүнээс гадна газрын тос нийлүүлэгч орнуудын холбоо ОПЕК+ болон Саудын араб олборлолтоо хязгаарлаж, АНУ-ын долларын ханш суларсан зэрэг нь үнэ өсөх шалтгаан болжээ. Гэхдээ шижээчдийн тооцооллоор 2021 онд 1 баррель газрын тосны үнэ дунджаар 45-60 ам.долларын хооронд хэлбэлзэхээр байна.

Шатахууны ханш өсөх төлөвтэй байна. Монгол Улс жилд 1.5-.1.8 сая тонн шатахуун ОХУ-аас импортлон авдаг. Газрын тосны үнэ өсч буйтай холбоотойгоор манай улсад нийлүүлэгддэг шатахууны үнэ нэмэгдэх төлөвтэй байна. Засгийн газрын зүгээс шатахууны үнийн өсөлтийг татварын хөнгөлөлтөөр тогтоон барих аргыг хэрэглэдэг ч эрэлт тасралтгүй нэмэгдэж, үнэ тогтвортой хадгалагдахгүй бол зах зээлийн хуулийг дагахаас өөр сонголт бидэнд байхгүй. Тиймээс удахгүй ханшийн өсөлт манай улсад тодорхой хэмжээгээр нөлөөлж шатах, тослох материалын үнэ нэмэгдэх нь гарцаагүй. Харин хэдийнээс хэдий хэмжээгээр нэмэгдэх нь одоогоор тодорхой бус байна. Салбарын шинжээчдийн зүгээс үнийн өсөлтөөс сэргийлэхийн тулд санхүүгийн үүсмэл хэрэгслийг ашиглах, үнэ хямд байх үед урт хугацааны гэрээ, хэлцэл хийх нь чухал гэдгийг онцолдог. Төрөөс үнэд ямар нэгэн зохицуулалт хийхээс илүүтэй зах зээлийн жамаар нь орхих нь зөв гэдэгтэй эдийн засагчид санал нэгддэг. “Голдман сакс” ирэх саруудад газрын тосны үнэ 70 ам.доллар, “JP Morgan”-ийн шинжээч Кристина Малек оны эцэст 100 ам.долларт хүрнэ гэж таамаглажээ.

МОНГОЛ УЛСАД 2003-2020 ОНД ИМПОРТОЛСОН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СУДАЛГАА (мян.тн)

ОПЕК+ орнууд газрын тос олборлолтыг 4 дүгээр сард нэмэхгүй гэж мэдэгдсэний дараагаар үнэ 5 хувиар өслөө

Түүхий эдийн ханш тэр дундаа зэсийн үнийн өсөлт манай улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөхөөр байгаа ч импортоор авдаг шатахууны үнийн хувьд газрын тосны үнийн өсөлтөөс дам нөлөө ирж үнэ өсөх хандлагатай байна. Ковидоос үүдсэн хямралаас өндийж байгаа зах зээлийн эрэлт нэмэгдэж байгаа ч хар алтны үнэ өмнөх түвшингээс доогуур хадгалагдана гэж газрын тос олборлогч орнуудын холбоо ОПЕК үзэж байна. Шинжээчид ОПЕК+ болон түүний удирдагчид болох Саудын Араб, ОХУ газрын тос олборлолтыг хязгаарлах нь эхний улиралд газрын тосны зах зээлийг чангалах төлөвтэй гэж үзсэн. Газрын тосны үнэ өсч, шинжээчид өөдрөг дүгнэлт хийж байгаа ч зах зээл дэх тодорхойгүй байдал хэвээр байгаа тул үйлдвэрлэгчид үүнд болгоомжтой хандах хэрэгтэй гэж Саудын Арабын Эрчим хүчний сайд, ханхүү Абдулазиз Бин Салман мэдэгдсэн. Энэ нь үнэ өссөн ч удаан хугацаанд тогтвортой байна гэсэн үг биш юм. Иймд шатахууны үнийн өсөлтөд бид сэтгэлзүйгээ бэлдэх нь зүйтэй юм.

Categories
мэдээ улс-төр

ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхийг түдгэлзүүлэх албан бичиг хүргүүлэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүхийг шалгуулах нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлж, Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүллээ.

Учир нь ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх өнөөдөр /2021.03.09/ мэдээлэл хийсэн. Гэвч ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга нь төрийн зөвлөлдөх байгууллагад дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй төрийн өндөр албан тушаалтны хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа нь ёс зүйн хувьд зохимжгүй асуудал болж байна. ҮАБЗ-ийн нэр хүнд ҮАБЗ-ийн гишүүдийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг хангах зайлшгүй шаардлагын үүднээс үүднээс ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нь албан тушаалаасаа түдгэлзэж, шалгуулах нь зүйтэй байна.

Тус албан тушаалд томилох эрхтэй субьект нь Ерөнхийлөгч Х.Баттулга юм гээд А.Гансүхийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, шалгуулах саналаа хүргүүллээ.

Categories
мэдээ спорт

​Э.Саруул “Токио-2020” олимпийн наадмын шүүгчээр сонгогдов

Дэлхийн байт харвааны холбоо /World Archery Federation/-ноос “Токио-2020” олимпийн наадмыг шүүх шилдэг 14 шүүгчийн нэрсийг албан ёсоор зарлалаа.
Үүнд Монголын шүүгч Энхбат овогтой Саруул багтсаж, энэ спортын түүхэн дэх анхдагч боллоо. “Токио-2020” байт харвааны тэмцээн долдугаар сарын 23-31-ны Токио хотын Юүменошима Паркт зохиогдох бөгөөд одоогоор монголын тамирчин Б.Отгонболд олимпод өрсөлдөх эрхээ хүртээд буй билээ. Байт харваа нь Сент-Луис-1900 наадмаас эхлэн нийт 17 удаа олимпийн хөтөлбөрт багтсан бөгөөд манай харваачид найман удаа олимпод оролцсон байна.
Энэ жил 35 настай Э.Саруул нь эрх зүйч, франц хэлний орчуулагч мэргэжилтэй, 2007 оноос байт харвааны спортоор хичээллэж, 2009 оноос шүүгчээр ажиллаж эхэлсэн. Түүний аав Р.Энхбат нь тэшүүр, ээж Б.Цэцгээ нь байт харваагаар хичээллэж байсан спортын гэр бүлд өссөн. Тэрбээр 2013, 2019 оны Азийн АШТ, 2015, 2021оны Залуучуудын ДАШТ, 2016 оны Дэлхийн цом, 2016 оны Оюутны ДАШТ, 2019 оны Универсиад, 2018 оны Залуучуудын III Олимпийн наадамд тус тус шүүгчээр ажилласан.

May be an image of text

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​У.Минжин: “Нийслэл хүүхэн” киноны Ундрахын дүрээс өөрийгөө олж хардаг

“Нийслэл хүүхэн”, “Сайн уу амьдрал минь-2” зэрэг уран бүтээлүүдэд тоглосон залуу жүжигчин У.Минжинтэй ярилцлаа.


-Сайн байна уу. Таны тоглосон “Нийслэл хүүхэн” киноны талаар яриагаа эхлэе. Үзэгчдээс өндөр үнэлгээ авч байгаа харагдсан?

-“Нийслэл хүүхэн” киноны зураг авалтыг наймдугаар сарын 10-наас эхлээд 45 хоногийн хугацаанд Тэрэлжид хийсэн. Ундрахын дүр дотоод хүнтэй минь их төстэй. Бараг ялгагдаад байх зүйлгүй. Эршүүд, дүрсгүй охины дүр болохоор ажиллахад дөхөм байсан. Мөн монгол ахуйтайгаа ойр учир дүрийн өгөгдлүүд нь их таалагдсан.

-“Нийслэл хүүхэн” кинонд тоглох боломж хэрхэн олдсон бэ?

-“Orange Entertaiment”-аас холбогдсны дагуу продюсер, найруулагчтайгаа уулзаад, тус дүр дээр ажиллах боломж олдсон. Эхлээд зохиолоо уншиж үзсэн. Тухайн үед надаас гадна хоёр, гурван жүжигчин дүрийн сонголтод байсан юм билээ. Тухайн дүртэйгээ хамгийн төстэй нь хэн байх вэ гэж бодож сонгосон юм болов уу.

-Урлагийн чиглэлээр суралцах амаргүй, төгсөөд ажлын байр хомс зэрэг ойлголтууд бий. Яагаад урлагийн хүн болохоор шийдсэн бэ?

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй ч багаасаа урлагт хайртай, хийл хөгжим тоглодог хүүхэд байсан. Тухайн үед СУИС дээр хийл хөгжмийн дугуйландаа явдаг байхдаа урлагийн сургуулийн уур амьсгалыг хараад энд л байх ёстой гэсэн мэдрэмж төрж байсан юм. Тэр мэдрэмжиндээ огтхон ч эргэлзээгүй учраас СУИС-д элсэлтийн шалгалт өгч орж байлаа. Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Лхамхүү, УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар багшийн удирдлаган дор 2015 онд сургуулиа төгссөн.

-Ирээдүйд өөр чиглэлээр ажиллах бодол бий юү?

-Хүүхдэд хайртай, багшлах сонирхолтой. 2015 онд бакалавраа төгсөөд, урлаг судлалын чиглэлээр СУИС-д магистрийн зэрэг хамгаалсан. 2017 оноос 2020 он хүртэл багшлах мөрөөдлөө биелүүлж Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн багшаар ажилласан. Хэрвээ жүжигчин болоогүй бол эргэлзээгүй багш болох байсан байх.

-Одоогоор хичнээн уран бүтээлд тоглоод байна. Ямар нэгэн байгууллагад харьяалагддаг уу?

-Одоогоор арав гаруй бүтээлд дүр тоглосон байна. 2012 оноос эхлээд “Мааз” хамтлагт дуулж байгаад 2015 оноос хойш “Х-ТҮЦ” продакшнд залуу жүжигчнээр ажиллаж байна.

-“Voice of Mongolia шоунд амжилттай оролцож байсныг нь мэдэх юм байна. Жүжиглэхээс гадна дуу хөгжмийн тал дээр өөрийгөө сорих бодолтой юу?

Voice of Mongolia” шоуны эхний улиралд орох бодолтой байсан ч зориг хүрэхгүй удсан. Хоёрдугаар улирлын шоунд оролцоход гэрийнхэн дэмждэг байсан учраас зориглоод орсондоо баярладаг. Эхний даваагаа даваад Болд ахын багт орсон. Би өөрийнхөө хамгийн дуртай дууг тэр тайзан дээр дуулсан. “Бидний амьдардаг ертөнц” гэдэг дууг анх гарснаас нь хойш үргэлж сонсож, эмэгтэй хоолойгоор ямар сонсогдох бол гэж боддог байсан тэр мөрөөдлөө биелүүлсэн болохоор энэ шоу миний амьдралын хамгийн гоё дурсамж болж үлдсэн.

-Залуу жүжигчний хувиар тоглохыг хүсдэг дүрийнхээ талаар хуваалцаач?

-Миний хувьд сонгодог дүр гэхээсээ илүү өөрийнхөө характертэй ойрхон эршүүд, Монгол ахуйг харуулсан баатарлаг дүрд тоглохыг хүсдэг.

-Хүмүүсээс хамгийн их сонсдог шүүмж юу вэ?

-"Үг дааж сур"гэдэг үгийг залуу хүний хувьд олон хүнээс сонсож байна. Ах, эгч нар, хамтран ажиллагсад гээд олон төрлийн хүмүүс бүгд л залууст энэ үгийг дайж байгаа харагддаг. Залуу хүн үг сонсож сурах гэдэг хамгийн чухал болов уу. Тэр тусмаа урлагийн хүн үг, ачаалал хоёрыг хоёуланг нь даадаг байх хэрэгтэй гэж ахмад жүжигчид олонтаа хэлдэг шүү.

-Өчигдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиолоо. Таны хувьд ямар эмэгтэй байхыг хүсдэг вэ?

-Дотроосоо гэрэл цацруулсан эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй гэж боддог. Амьдралд уурлах, бухимдах зүйлс олон байдаг ч үргэлж эерэг байхыг хичээж, аз жаргалыг бусдад түгээдэг эмэгтэй байх юмсан гэж бодож явдаг. Би дөрвөн дүүтэй айлын том охин. Гэртээ дүү нартайгаа бужигнаж байхдаа л хамгийн жаргалтай байдаг. Тэднээсээ л халуун дулаан хайрыг мэдрээд өөрийнхөө эрч хүчийг олж авдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Ч.Биндэръяа


Categories
мэдээ нийгэм

Малчдад зориулсан хөнгөлөлттэй зээлийг хаврын тариалалт, ноолуур бэлтгэлийн ажил эхлэхээс өмнө олгоно

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-г хэрхэн хэрэгжүүлэх талаар өнөөдөр Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Төв банк, Хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкуудын төлөөлөл оролцож нэгдсэн мэдээлэл өглөө. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Ажлын байрыг дэмжих” хоёр их наяд болон “Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

“Ажлын байрыг дэмжих” хоёр их наядын зээл нь жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай байх бөгөөд аж ахуйн нэгжүүд 500 хүртэлх сая, бичил бизнес эрхэлдэг иргэд 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой. Аж ахуйн нэгжүүдэд төрийн зүгээс зөвхөн НӨАТ төлдөг байх гэсэн шалгуурыг тавьж байна. Харин бизнес эрхлэгч иргэдийн хувьд тус зээлийг хэрэглээндээ зарцуулах бус зөвхөн бизнесээ идэвхжүүлэхэд зориулах шаардлага тавина. Үүнээс гадна арилжааны банкаар дамжин зээл олгох учир банкуудын шаардлагыг хангасан байх ёстой. Арилжааны банкны шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд Зээлийн батлан даалтын сангаас 60 хувь буюу 300 сая хүртэлх төгрөгийн баталгааг гаргах боломжтой. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн тодорхойлолт шаардахгүй болохыг онцолсон юм.

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөр багтсан.

Үүнээс газар тариаланд 100 тэрбум, хаврын ноолуур бэлтгэлийн ажилд зориулж 200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн тус бүр гурван хувийн хүүтэй зээл олгохоор болсон.

Газар тариалан болон ноолуур бэлтгэлийн ажилд зориулсан 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгоно. Харин малчдад зориулах зээл арилжааны банкуудын эх үүсвэрээр олгогдох юм. Дээрх зээлүүдийг технологийн хугацаа буюу хаврын тариалалт болон ноолуур бэлтгэх ажлаас өмнө амжиж олгохоор холбогдох бэлтгэл ажлуудаа ханган ажиллаж байгааг сайд З.Мэндсайхан хэллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Завхан аймгийн Шилүүстэй суманд “Covid-19”-ийн хоёр тохиолдол нэмж бүртгэгдлээ

Улаанбаатар хотоос Завхан аймгийн Шилүүстэй суманд очсон иргэн болон түүний ээж коронавирусийн халдвар авсан болох нь батлагдаж, ХӨСҮТ-ийн эмч нарын баг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд суманд нь эмчилж байна.

Тэгвэл тусгаарлалтад байсан нэгдүгээр хавьтлын 11 иргэнээс дахин 2 иргэний PCR шинжилгээний хариу “Эерэг” гарчээ. Ингэснээр Завхан аймагт 4 иргэн коронавирусийн халдвар аваад байна. Шинээр халдвар авсан 2 иргэнийг өнөөдөр сумын Эрүүл мэндийн төв рүү шилжүүллээ.

Халдвартай иргэдэд одоогоор эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал хэвийн байна.

Сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл ахуйн нөхцөл хүнд байгаа тул халдвар авсан иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлэх хүсэлтийг Аймгийн онцгой комиссоос Улсын онцгой комисст хүргүүллээ.

Эх сурвалж: Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар

Categories
мэдээ нийгэм

Вакцинжуулалтын 35 цэг ажиллаж байна

Засгийн газар, ЭМЯ-наас халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд, мөн худалдаа, үйлдвэрлэл, боловсролын салбарын хүмүүсийг эхний ээлжинд вакцинд хамруулахаар шийдвэрлэсэн.

Харин өнөөдөр хуваарь ёсоор Монголын үндэсний олимпын хороо, Сэргээн засах сургалт, үйлдвэрлэл, Монгол шуудан, Монголын хараагүйчүүдийн холбоо, МИАТ, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, ТҮК, орон сууц, цэвэрлэх байгууламж, Ус сувгийн удирдах газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газраас ОХУ-ын сургалтад явах албан хаагчид, нийгмийн хамгааллын тусгай төв, Тавантолгой, Дотоод хэргийн их сургууль, буяны зан үйлийн холбооны хүмүүсийг вакцинд хамруулахаар болсон юм.

Вакцинжуулалтын байнгын 21, түр 14, нийт 35 цэг ажиллаж байна. Тэдгээрт 44 баг бүхий 357 хүн ажиллаж байгаа юм. Түүнчлэн эдгээр цэгт өнөөдөр 65 байгууллагын 13740 хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС