Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Харилцааны соёлын стандарттай болох хэрэгтэй байна

“Өдрийн сонин” өмнө нь “Бид бие биендээ бөхийж мэндэлдэг хуультай болох ёстой” хэмээн бичиж байсан. Түүний үр нөлөө байв уу, ямартаа ч сүүлийн үед хүүхдүүд сүрхий мэндэлдэг болсон нь ажиглагддаг. Харин энэ удаад харилцааны соёлын стандарттай болох хэрэгтэйг дэвшүүлж байна. Монголчууд бид хуучин социалист нийгмийн үед нөхөр минь гэдэг байсан. Оросын нөлөөнд байсан учир хүмүүсийн харилцаанд, ялангуяа дарга сайд нарын албан ярианд энэ нь айхавтар нөлөөлсөн. “Нөхөр тэр болбоос сайн хүн, нөхрийн ёсоор хандахад” гээд бичгийн хэл, ном зохиолд ч илэрхий туссан байдаг. Ерэн оноос хойш зах зээлийн нийгэмд шилжсэнээр Монгол Улсад хоорондын харилцааны стандарт гэдэг чухал зүйл тогтоогүй. Уул нь харилцааны тогтсон стандарттай байж, түүнийгээ дээр доргүй ягштал дагаж мөрддөг, Үндсэн хуульд зааснаар бүгд тэгш эрхтэйн адилаар, бие биетэйгээ ижил тэгш хэмжээнд харилцах нь зүйд нийцнэ.

Өндөр хөгжилтэй улс орнууд, тэр дундаа ардчилал эрх чөлөөг дээдэлдэг орнуудын нийтлэг дүр төрхийг харахад хүн бүгд ижил тэгш эрхтэй, мөн бүгд бие биенээ хууль дүрмийн дагуу ижил тэгш хэмжээнд хүндэтгэж харилцдаг. Ер нь улс орны хөгжил дэвшил эдийн засгийн тулгуур ойлголтоос өмнө харилцааны соёлын стандарт чухал гэдгийг дэлхийн орнууд мөрдлөгөө болгодог. Гэтэл манай улсын хувьд энэхүү хамгийн чухал зүйл орхигдож гээгдсэн нь бидний хөгжил дорой бүдүүлэг, зэрлэг омгийнхон шиг дур дураараа авирладаг, мөн нийгмийн эмх замбараагүй байдал зэргээс тодорхой харагдана. Төрийн үйлчилгээний ажилчид ард түмэнтэйгээ стандарт бусаар хэрхэн харилцдагийг бид өдөр бүр л харж байна. Стандарт бус гэдэг нь “Хөгшөөн, өвгөн гуай, ахмад настаан, хөөе эмэгтэй, чи, миний найз аа, миний ах аа, миний эгч ээ, миний дүү, эмгэн гуай, сайхан бүсгүй, хөдөөний залуу, намхан нөхөр өө, өвчтөөн” гэх зэргээр олны өмнө нийгмийн дунд харилцдаг. Эдгээр харилцаа нь сүүлийн 30 гаруй жил хэвшил болоод дадчихсан. Орчин үеийн хүн төрөлхтний хэв загварт байж боломгүй бүдүүлэг үйлдэл, хүнийг дээд зэргээр доромжилсон, басамжилсан, тохуурсан, хүний эрхэнд маш хэрцгийгээр хандсан явдал.

Ард иргэд ч ялгаагүй, өөр хоорондоо миний дүү, агаа эгээ, эмээ өвөө, анд нөхөр минь гэдэг. Огт уулзаж байгаагүй нэг нөхөр өөрийг тань “миний дүү” гэж ирээд үнсэж үлгэх нь холгүй харилцах нь ямар гутамшигтай вэ. Нэр усаа дөнгөж мэдэлцээд уулзаж буй үе тэнгийн залуу шуудхан “анд минь” гэж хэлэх бүр нэг зэвүү хүрмээр. Эмэгтэй хүн эр хүнийг уулзсан даруйдаа анд минь гээд налиганаж ирэх шиг муухай юм байхгүй. Манайхны харилцааны ийм доголдлыг хэдэн жилийн өмнө цэцэрлэгийн жаалхан хүү зурагтаар тов тодорхой хэлж билээ. Телевизийн сэтгүүлч бүсгүй хэлээ хазаж, нялхамсаж ирээд л “Миний дүүг хэн гэдэг вэ” гэж асуухад өнөө хүүхэд өөдөөс нь шууд “Би таны дүүг танихгүй ээ” гэсэн. Огт танихгүй эмэгтэй өөрийг нь дүү минь гэж налиганаж байгааг тэр хүү ойлгоогүй, харин өөрийнхөө дүүг асууж байна гэж бодоод танихгүй гэдгээ хэлсэн. Харваас өөрөөс тань хөгшин царайтай нөхөр агаа гэж дуудах, залуухан эмэгтэйг олны өмнө нэг хөгшин хар юм эгчээ гэж дуудах зэрэг бол дээд зэргийн бүдүүлгээс гадна доромж маягийн зүйл л дээ.

Монголчуудын харилцаан дахь ахаа эгчээ, эмээ өвөө гэсэн худлаа саймширч дүр эсгэсэн налигануур далигануур зан, зэвүү хүрмээр хуурамч хүндлэл зэрэг хэрээс хэтэрлээ. Бид их сайндаа л хүнийг та, өөрөө гэж хэлж, бусдаар бол харилцааны гажиг стандарт бус соёл үйлчилж байна. Сүүлийн үед Улаанбаатар хотын дүрмийн тухай асуудал гэж яригдаад байгаа. Бүр Бат-Үүл баатрыг хотын дарга байх үеэс хотын дүрэм яригдсан. С.Амарсайхан нийслэлийн захирагч байхдаа “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн төслийг 10 бүлэг 36 зүйлтэйгээр дахин боловсруулж хотын дүрмийн асуудлыг хөндсөн. Гэхдээ хотын дүрэм гэхээр засаг захиргааны бүтэц, үйл ажиллагааны загвар, нийтийн аюулгүй байдал, ногоон байгууламж, замын хөдөлгөөний зохицуулалт, гудамж талбайн ашиглалт гэх хөндлөн хөндлөн юм яригддаг. Хотын дүрмэнд тусгах хамгийн гол зүйл харилцааны соёлын стандарттай болох. Үнэхээр бид ийм стандарттай болж бусад хөгжингүй орнуудын жишгээр түүнийгээ ягштал мөрддөг, стандарт бусаар харилцвал торгууль өндөр, ял шийтгэлтэй байх хэрэгтэй.

Эхлээд хоорондоо найрсгаар мэндэлдэг болмоор байна. Мэндлэх ёс гэдгийг харилцааны хамгийн эхний соёл болгож нийтээр хэвшүүлэх ёстой. Тэгээд харилцааны соёлын стандартад юу гэж тусгах вэ гэхээр эрэгтэй хүнийг эрхэм ээ гэж дууддаг болъё, тэр нь дээр байх. Гадныхан ноёнтон гэдэг. Ноёнтон ноёд гэдэг үгэнд бид хэзээнээсээ дургүй, тиймээс эрхэм ээ гэх нь онох болов уу. Залуучууд, сурагчдыг “Залуу эрхэм ээ”, нас тогтсон бусад хүмүүс ахмадуудыг “настан гуай, хөгшөөн, өвгөн гуай” гэх зэргээр хүндлээд ч байгаа юм шиг, доромжлоод байгаа юм шиг харилцахын оронд зүгээр л “эрхэм ээ” гэж дуудах нь арай хүндэтгэлтэй байх.

Эмэгтэй хүнийг бол хатагтай гэж дуудаж хэвших нь зөв санагдах юм. Ямар ч хүнийг хатагтай гэж харилцахад дургүйцэхгүй. Түүнээс биш сайхан бүсгүй минь гэж хэлэх нь цаагуураа доромжлоод дооглоод ч байгаа юм шиг, эгчээ гэх нь хамгийн бүдүүлэг сонсогддог. Залуу гоё охидыг “Миний дүү” гэж найзархаад байгаа нь үнэн бүдүүлэг, соёлгүй, эрээ цээргүй харагддаг. Тэгэхээр охид бүсгүйчүүдийг “залуу хатагтай”, нас тогтсон бусад эмэгтэйчүүд, эхчүүдийг “хатагтай” гэж дуудах нь хамаагүй хүндэтгэлтэй. Их хурлын гишүүд нэгнээ эрхэмээ гэж дууддаг. Ухаандаа чуулганы үеэр “Эрхэм гишүүнээс асуулт асууя, эрхэм гишүүний асуултад хариулъя” гэдэг. Яагаад ингэж хэлэх болсон гэхээр Санжаасүрэнгийн Зоригтой холбоотой. Түүнийг Улсын бага хурлын гишүүн байхад нэг нь “Нөхөр Зориг” гэхэд, “Би чиний нөхөр биш” гэж хэлснээс үүдэн эрхэм ээ гэсэн үг гарсан. “Намайг нөхөр гэж хэллээ, би нөхөр чинь биш” гэж Зориг уурлаж ундуйцан, нөхөр гэхгүй юу гэх юм хэмээх яриа саарал ордонд үүсч сүүлдээ “эрхэм ээ” гэцгээж тэр нь Их хурлын танхимд хадгалагдан мөрдлөг болоод явж байна. Их хурлын гишүүд эрхэм, ард иргэд бид эрхэм биш хэрэг үү. Тиймээс нэг нэгнээ эрхэмээ гэж дуудаж хэвшицгээж харилцааны соёлын стандартын загварчлалыг бий болгох цаг нь болжээ.

Энэ стандартыг төрийн албан хаагчид ялангуяа олон нийттэй шууд харилцаж байгаа цагдаа нар сайтар хэвшүүлэх хэрэгтэй байна. Цагдаа бол хэв журам зохицуулах, дүрэм зөрчсөн бол тухайн жолоочийг торгож сануулах л үүрэгтэй. Гэтэл ямар дээрэнгүй, бүдүүлэг, наад захын соёлгүй, эрээ цээргүй хүмүүс гэдгийг ард түмэн хатуу хөл хорионы үед сайтар харлаа. Цагдаа шиг л эрх мэдэлтэй хүн алга. Харилцааны соёлын шинэ стандартаар цагдаа нар жолоочдыг саатуулахдаа “Сайн байна уу, уучлаарай эрхэм ээ” гэж найрсаг мэндлээд “Та сая ийм дүрэм зөрчлөө” гэдгийг нь хэлж зохих арга хэмжээг авах л үүрэг хүлээнэ. Мөн уг стандартад төрийн албан хаагчид иргэдтэй нам дуугаар, хүндэтгэсэн, талархсан, ёсорхсон дууны өнгөөр харилцана гэдгийг сайтар тусгаж өгөх хэрэгтэй байна. Өнөөдөр хууль хүчний байгууллагууд иргэдтэй яаж харилцаж байна, захын цагдаа л иргэнийг зогсоогоод “амрыг эрье” гэж хэлэхээсээ аваад дууны өнгө нь маш дээрэнгүй, тухайн иргэнийг зэвүүрхсэн, үзэн ядсан, доромжилсон, үгүйдээ гэхэд л захирсан, дээрэлхсэн ийм байдалтай байдаг.

Хууль хүчнийхнээс гадна банкны ажилчид гэж мөнгөний эзэн нь юм шиг жигтэйхэн их зантай, дээрэнгүй хүмүүс байдаг. Ямар ч банкны үйлчлэгч ёс юм шиг доошоо тонгойж байгаад амандаа үг хэлдэг. Юу хэлснийг сайн сонсолгүй дахин лавлаж асуухаар уурлачихна. Тухайн банкинд мөнгөө хадгалуулаад, дээрээс нь төлбөрөө төлөөд үйлчлүүлж байхад өөрөөс нь гуйлга гуйгаад зогсож байгаа юм шиг үл тоосон янзтай харилцах нь бүр нэг зэвүү хүрмээр. Төрийн үйлчилгээний албан хаагчид энэ мэт харилцааны гажигаасаа нэн даруй салж, шинэ стандартад суралцмаар байна. Хамгийн гол нь эрх баригчид харилцааны соёлын стандартыг бий болгож, хотын дүрмэндээ суулгаж өгч, ард нийтээрээ орчин цагийн харилцааны шинэ соёлыг мөрдөхгүй бол монголчууд энэ дэлхийн шаар шавхруу болсон, хамгийн хоцрогдсон зэрлэг бүдүүлэг ард түмэн болоход ойрхон байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд ОУВС-гийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзжээ

Монгол Улс Олон улсын валютын санд гишүүнээр нэгдэн орсны 30 жилийн ой 2021 онд тохиож байгааг Ерөнхий сайд онцлов. Цар тахлын эсрэг тэмцэх зорилгоор Түргэвчилсэн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг шуурхай шийдэж, төсвийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

2017-2020 онд хэрэгжүүлсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дүнд төсвийн алдагдал буурч, эдийн засаг тогтворжин, макро орчин сайжирсан зэрэг эерэг үзүүлэлт гарсныг тэмдэглэв. Мөн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, дархлаажуулалтын явцын талаар товч мэдээлэл өгөв.

Цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, 10 их наядын цогц төлөвлөгөө үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа ОУВС-ийн Суурин төлөөлөгч Юн Сок Хён тэмдэглэв. Мөн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, саарал жагсаалтаас богино хугацаанд гарч чадсан улсын нэг гэдгийг хэлэв.Талууд эдийн засгийг төрөлжүүлэх, төсвийн шинэчлэл хийх, Ковакс хөтөлбөрийн хүрээнд вакцин нийлүүлэх, авлигын индексийг бууруулах зэрэг асуудлаар санал солилцов.

Categories
мэдээ цаг-үе

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг авна

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан, уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авна.

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилохоор Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д тус тус заасны дагуу, Улсын дээд шүүхээс нэр дэвшин томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн гишүүний хоёр орон тоонд хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Нэр дэвшигчийн материалыг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд, ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр болон info@supremecourt.mn и-мэйл цахим шуудангаар /PDF форматаар/ хүлээн авна.

Нэр дэвшигч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

нэр дэвших тухай хүсэлт (гарын үсэг зурсан байх);

төрийн албан хаагчийн анкет;

иргэний үнэмлэхний хуулбар;

боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл ажил эрхлэлтийн талаарх нийгмийн даатгалын лавлагааны эх хувь.

Хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэйгээ тодорхойлсон холбогдох баримт:

а/ хууль зүйн мэргэшсэн салбар;

б/ улс төрийн мэргэшсэн байдал;

в/ мэргэшсэн ажлын туршлага, хугацаа;

г/ эрдмийн зэрэг, цол (хамгаалсан сэдэв, огноо, сургууль);

д/ ном, судалгааны бүтээлийн жагсаалт;

е/ дээрх шаардлагыг нотлоно гэж үзсэн бусад баримт;

Шаардлага хангасан нэр дэвших хүсэлт, ирүүлсэн материалыг Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын санал авсан хоёр нэр дэвшигчийн нэрийг УИХ-д хүргүүлнэ.

Нийт нэр дэвшигч болон Улсын дээд шүүхээс олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд цаг тухайд нь мэдээлэх бөгөөд олонхын санал аваагүй нэр дэвшигчийн талаар тайлбар гаргахгүй, нэр дэвшигчийн ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.

Бүртгэлтэй холбоотой мэдээллийг ажлын цагаар 51-261544, 51-261747 дугаарын утаснаас авах боломжтой.

Эх сурвалж: Улсын Дээд Шүүхийн Тамгын Газар

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Туваан: Миний бие намын дүрмийн нэг ч заалтыг зөрчиж, алдаа гаргасан үйлдэл хийгээгүй, хийх ч үгүй

УИХын гишүүн, АНын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваантай ярилцлаа.


Ардчилсан намын дотоод асуудал, нөхцөл байдалд та мэдэгдэл хийж, уриалга гаргасан байна. Намын дотоод асуудал өнөөдөр ямар байдалд орчихов оо?

-Сүүлийн үед намын дотор үүссэн нөхцөл байдлуудад тодорхой ойлголт өгөх үүднээс намынхаа гишүүддээ ард түмэнд хандаж миний бие болон намын эрх бүхий байгууллагуудтай хамтарч мэдэгдэл хийж, уриалга гаргасан. 2020 оны УИХ-ын сонгуульд АН 11 суудал авч ялагдал хүлээсэн. Энэ ялагдлын дараа намын удирдлагууд ямар нэг салаа утгагүйгээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог байгаа. Автоматаар огцордог гэсэн үг. Энэ дагуу намын өмнөх удирдлагууд огцорсон. Гэхдээ нам маань өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулах үүднээс аль нэг дэд дарга нь үүрэг гүйцэтгээд явдаг. Энэ хүрээнд нь миний бие дараагийн шинэ намын даргыг сонгогдтол төрийн сонгууль, намын бусад өдөр тутмын үйл ажиллагааг удирдаад явж байгаа.

Энэ хооронд манай намын хуучин дарга С.Эрдэнэ би намын дарга, тамга минийх гээд тамга тэмдгийг шинээр гаргуулж авахаар УБЕГ-т хүргүүлж, хууль бус үйл ажиллагаа явуулж тамгатай болсон мэтээр авирлаж байгаад цэг тавих үүднээс мэдэгдэл уриалга гаргасан юм. Тамгатай холбоотой маргаанд захиргааны хэргийн шүүхэд бид нар өргөдөл гаргаад өгсөн. Энэ өргөдлийг захиргааны хэргийн анхан шатны шүүх авч хэлэлцээд С.Эрдэнийн тамгыг хүчингүй болгож, Ц.Туваанд байгаа АН-ын тамга хүчинтэй юм аа гэдэг ийм шийдвэр гарсан байгаа. Тэгэхээр энэ шийдвэрийн дагуу бид бүхэн үйл ажиллагаагаа явуулж байна. Ер нь АН-ыг хоёр салсан мэтээр харагдуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН оролцох энэ чухал цаг үед намыг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулаад байгаа нь илт байна. Санаатайгаар, зохион байгуулалттайгаар С.Эрдэнэ гэж хүн өрсөлдөгч МАН-тай хавсарч зориудын ийм үйл ажиллагаа явуулж байна гэж шууд үзэж байна. Учир нь АН тамганы асуудал дээр АН-аас байр суурийг нь асууж, сонсолгүйгээр Хууль зүйн яамны харьяа байдаг УБЕГ нэг өдрийн дотор тамга хийж өгч байх жишээтэй. УДШ бол Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль журмын дагуу тухайн намын дүрэм нь хуульд нийцэж байгаа эсэх, бусад үйл ажиллагаа нь хуульд нийцэж байгаа эсэхэд, өөрөөр хэлбэл, терроризмтой тэмцэх үйл ажиллагаатай зөрчилдөж байна уу гэдгийг нягталж үзээд бүртгэх ёстой газар маань намын дотоод хэрэгт хэт оролцоод намын дүрмийг бүртгэхгүй байх, дээрээс нь хууль журмын дагуу намын даргын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа Ц.Туваан миний биеийг бүртгэлээс хасах зэрэг үйлдлүүдийг явуулаад байгаа нь цаанаасаа зохион байгуулалттай байна гэж хардахаас өөр аргагүй юм.

Улсын дээд шүүхээс ямар шийдвэр гарсан юм бэ. Шүүхийн шийдвэрийн дагуу бол хуулийн хүрээнд С.Эрдэнэ АНын үйл ажиллагааг явуулах эрх зүйн хувьд үндэслэлтэй боллоо гэж тайлбарлаж байгаа. Ямар хууль эрх зүйн нөхцөл байдал үүсээд байгаа вэ?

-С.Эрдэнэ гэж хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өндөр төлбөр төлж худал мэдээлэл тараагаад байна. УДШ дээр бид намын их хурлаа хуралдуулсан материалаа өгсөн. Бүртгэж өгөөч гэсэн эхний хүсэлтээ өгсөн. Энэ хүрээнд тодруулах, тодорхойгүй материал байна гэж хэлээд дахин материалаа бүрдүүлж ир гэдэг эхний шийдвэр гарсан. Энэ үед УДШ нэг хууль бус шийдвэр гаргасан нь тэнд өмнө нь бүртгүүлсэн байсан АН-ын төлөөлөх эрх бүхий субьект дээр Ц.Туваан гэдэг нэрийг хасч шийдвэр гаргасан. Хоёр дахь удаадаа бид бүх зүйлээ ном журмын дагуу бүрдүүлж өгөхөд хоёр дахь удаагаа бүртгэхээс татгалзаад, намын даргын төлөөлөх эрх бүхий хүснэгтэд байсан Ц.Тувааныг бүртгэх хүсэлтийг хангаагүй. Үүнтэй зэрэгцээд С.Эрдэнийг мөн намын даргын эрхтэй этгээдээр бүртгэж өгөөч гэсэн хүсэлтийг мөн хангаагүй. Аль аль талын хүсэлтийг хангаагүй гэж ойлгож болно. Тэгэхээр нэн яаралтай дараагийн намын даргыг сонгох нь чухал байна. Намын их хурлаас бүрддэг Дотоод сонгуулийн хороо хуралдаад гуравдугаар сарын 28-ны өдөр намын даргын сонгууль зохион байгуулахаар болж зарласан байгаа. Энэ сонгуулиар шинээр сонгогдсон дараагийн даргыг намын их хурлаар батламжлаад дахин Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгнө. Намын даргыг сонгох хуралд УДШ-ээс ирж оролцох урилга өгнө. Шаардлагатай гэвэл өөрсдөө ирж хараг. Ер нь бол хууль шүүхийн байгууллага нь АН-ын дотоод асуудал хэт орж байгаа энэ үйл ажиллагаа нь улс төрийн зохион байгуулалттайгаар АН-ыг хуваах, Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцуулах, АН-гүйгээр сонгуульд өрсөлдөх оролдлого гэж шууд хардаж байна.

С.Эрдэнэ, Ц.Туваан хоёр нэг ширээний ард сууж асуудлаа ярьж нэгдэх ёстой гэдэг байр сууринаас намын олон гишүүд та бүхэнд хандаж үгээ дайж байна. Тэгэхээр та хоёрын хувьд хувийн асуудал байна уу, намын төлөө нэгдэхэд юу нь болохгүй байна вэ. Таны хувьд нэгдэж, нэг ширээний ард суух талаар санал санаачилга гаргасан уу?

-Энэ хооронд миний зүгээс аливаа зүйлд асуудалд маш их хүлээцтэй, тэвчээртэй хандаж ирлээ. Хууль шүүхийн байгууллагын шийдвэрийг зөв үнэний талд гарах байх гэдэгт итгэж хүлээж байсан. Хамгийн сүүлийн шүүх хурал болоод долоо хоног өнгөрч байна. Шүүх хурлын дараа бидний хардлага бол тодорхой болсон. АН-ыг хүчгүй, хагаралтай мэт харагдуулах энэ зорилгыг агуулж өрсөлдөх улс төрийн хүчин оролцоод нөлөөлж байгаа юм байна гэдэг нь батлагдчихлаа. АН эв нэгдэлгүй юм шиг харагдаж байна, тиймээс нэгдэх хэрэгтэй гэдэгтэй мэдээж санал нийлнэ. Тиймээс миний хувьд гурав хоногийн өмнө болсон 100 -гаад хүн оролцсон ҮБХ-ны гишүүдийн цуглаан, хуралд орж үгээ хэлж, саналаа тавилаа. Намын эв нэгдэл чухал байгаа учраас энэ асуудлыг нэг талд шийдэх санал гаргасан юм. АН-ын Дотоод сонгуулийн хорооны байгууллагын шийдвэр гарсан байна. Үүнийгээ хамтдаа дагацгаая. Намынхаа даргын сонгууль руу орохыг дэмжиж байна. Шаардлагатай гэж үзвэл гуравдугаар сарын 28 -нд зохион байгуулагдах Намын даргын сунгаа хүртэл С.Эрдэнэ ч тэр, Ц.Туваан ч тэр намын тамгыг намынхаа эрх бүхий байгууллага Үндсэн дүрмийн хороонд хүлээлгээд өгьчихье. Үндсэн дүрмийн хороо бол АН-ын дотоод дүрэм, журмыг сахиулах учиртай ийм байгууллагын хувиар шинэ сонгогдсон даргад нь намын тамгыг хүлээлгэж өгье гэдэг ийм саналыг хэлэхэд хүлээж авсангүй. Тэгэхээр С.Эрдэнэ гэж хүн санаатайгаар намыг хоёр хуваах ийм үйл ажиллагаа хийж байгаагийн баталгаа нь энэ болж байна.

Тэгэхээр одоо яах вэ. Намын даргын сунгааг хоёр талд зохион байгуулбал УДШ дахиад намын даргыг бүртгэж авахгүй байдал бий болох юм биш үү. АН даргаа сонгож чадахгүй болчихбол удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй ийм байдал бий болох уу?

-АН-ын шинэчилсэн дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгээгүй. Гэхдээ өмнө нь Дээд шүүхэд бүртгэлтэй байсан АН-ын дүрэм бий. Энэ дүрмийнхээ хүрээнд АН-ын даргын сунгааг зарласан. Дээд шүүхэд бүртгэлтэй, хүчин төгөлдөр дүрмийнхээ дагуу намын даргын сунгааг зохион байгуулна. Намын 10 их хурлаар батлагдсан ч шүүхэд бүртгэгдээгүй намын шинэчилсэн дүрмийг дахин дараагийн намын их хурлаар оруулна.Ингээд явахад үүнд ямар нэг эргэлзээ, намын даргыг бүртгэхгүй байх ийм зүйл байх ёсгүй. Харин санаатайгаар УДШ дахин ийм асуудал гаргавал Ардчилсан намын 200 мянган гишүүдийн төлөөлөл бид нар улс төрийн тэмцэл гаргах акцууд руу орохоос өөр аргагүй. Илт нэг талыг барьсан буруу хууль бус шийдвэрийг бид нар тууштай эсэргүүцэнэ гэдгээ албан ёсоор хэлчихье.

АНын нийт гишүүдийн дунд хагарал байхгүй. Даргын асуудал л хагаралтай мэт харагдуулж байна гэж ярьж байгаа. Гэтэл одоогоос харахад дотоод хагарал нэлээд хурцдаж байна уу гэж харагдаж байна?

-Миний хувьд сая намын дэргэдэх байгууллагуудын эрх бүхий албан тушаалтангуудтай хамт мэдэгдэл, уриалга гаргалаа. АН-д Улс төрийн зөвлөл гэж байгууллага байдаг. Энэ байгууллага намын Үндэсний бодлогын хороог хуралдаагүй чөлөөт цагт хуралддаг намын эрх барих дээд байгууллагынхаа хувиар тодорхой шийдвэрүүдийг гаргаж явдаг юм. Өнөөдөр АН-ын Улс төрийн зөвлөл хуваагдаагүй, шийдвэрүүд нь хүчин төгөлдөр байна. Дээр нь Үндсэн дүрмийн хороо бүрэлдэхүүнээрээ дарга нь ирж оролцлоо. Дотоод сонгуулийн хороо шийдвэр дээрээ хатуу зогсож байгаа. Үндэсний бодлогын хорооны тухайд хуралдаад корона, Цагаан сарын баяр гээд хуралдаанаа хаалгүй түр завсарласан байсан. Өнөөдөр (өчигдөр) үргэлжлүүлэн 12 цагт хуралдуулах тов гарсан байна. Энэ хуралдаанаар ҮБХ шийдвэрээ гаргаад явна. Энэ байгууллагуудын гишүүд, аймаг дүүрэг, нийслэлийн намууд хуваагдаад хоёр талд явуулж байгаа үйл ажиллагаа байхгүй. Зөвхөн С.Эрдэнэ нарын хэдэн хүн л санаатайгаар хуваагдсан мэт харагдуулах үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр бид нар шаардлагатай гэсэн тайлбаруудыг гаргаж өгөөд явахад бэлэн байна.

С.Эрдэнэби дарга болох гэсэнгүй. Дараагийн даргад эрхээ шилжүүлж өгнөгэж хэлж байгаа. Тэгэхээр энэ хүнийг АНаас хөөсөн тухай та бүхэн мэдэгдэлдээ оруулсан байна?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар зургадугаар сарын 9-нд сонгууль болохоор болсон. Энэ хугацаанаас 40 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаа. Тэгэхээр энэ өдөр лүү намын даргын сонгуулийг тулгаж хийх зорилго байна. Энэ нь АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэх хугацаагүй болгож байна гэсэн хардлагыг шууд төрүүлж байна. Дээр нь би сая хэллээ шүү дээ. С.Эрдэнэ, Ц.Туваан хоёр хоёулаа ҮБХ хуралд цуг оролцсон. Шаардлагатай бол хоёулаа зэрэг намын эрх бүхий байгууллага ҮДХ-д тамгаа хүлээлгээд өгчихье. Намаа эв нэгдэлтэй байлгамаар байна, намаа нийгэмд муухай харагдуулмаар байна, энэ хугацаанд дүрмийн дагуу намын Дотоод сонгуулийн хороо өөрөө сонгуулиа зохион байгуулаад яваг гэтэл хүлээж аваагүй. Тэр байтугай миний хэлсэн үгийг шууд мушгин гуйвуулж АН-ын тамгыг Ц.Туваан С.Эрдэнэд хүлээлгэж өглөө гэсэн илт худлаа мэдээллийг хэвлэл мэдээллээр мөнгө төлж цацсан. Дээр нь миний бие сая хэвлэлийн бага хурал хийж, АН-ын үндсэн хүчин төгөлдөр байгаа тамгыг аваачиж харуулсан. Тамга хүлээлцсэн акттайгаар би авсан. Ямар нэг байдлаар тамга хулгайлаагүй, олоогүй. Тэр тамга бол өнөөдөр хүчинтэй үйл ажиллагаа явуулаад байж байна. С.Эрдэнэ гэж хүн үнэхээр л намын эв нэгдлийг хангахыг хүсч байсан бол Үндсэн дүрмийн хороонд хоёр талаасаа зэрэг ирээд тамгаа гардуулчихъя гэхэд үгүй гээд сууж байхгүй байсан. Намын эв нэгдлийг хангах сонирхолгүй нь батлагдаж байна. АН-д дүрмийг хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг дээд байгууллага нь Үндсэн дүрмийн хороо гэж байгууллага бий. Үндсэн дүрмийн хороо хуралдаад “АН-ын дүрмийг удаа дараа ноцтойгоор зөрчсөн С.Эрдэнэд хариуцлага тооцож намын гишүүнчлэлээс найман жилийн хугацаатай хасах шийдвэрийг гаргаж миний биед өгсөн. Миний бие энэ шийдвэрийг албажуулж С.Эрдэнийг намын гишүүнчлэлээс хассан шийдвэрийг гаргасан. Энэ хүн өнөөдөр АН-тай холбоотой ямар нэг үйл ажиллагаанд оролцож шийдвэр гаргах, намын гишүүдийг дуудаж ярилцах, үүрэг өгөх, ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулах хууль эрх зүйн чадамжгүй хүн байгаа шүү гэдгийг энэ дашрамд давтаад хэльчихье.

Тэгэхээр яавал энэ асуудалд цэг тавих боломжтой вэ?

-Хүмүүс бүх асуудлыг нарийн сайн ойлгохгүй байгаа учраас зарим мэдээлэл авч чадаагүй хүмүүст ойлгомжгүй, тодорхойгүй мэт харагдаж байгаа байх. Ер нь бол бүх асуудал тов тодорхой. Намын үндсэн дүрмийн дагуу намын бүх үйл ажиллагаа явж байна. Миний хувьд намын дүрмээс нэг ч заалт зөрчсөн, нэг ч алдаа гаргасан үйлдэл хийгээгүй, хийх ч үгүй. Намын дараагийн шинэ дарга хүртэл үйл ажиллагаа явуулсаар байгаа нь энэ. Бид нэлээд хүлээцтэй тэвчээртэй хандаж, хууль шүүх, агентлагууд нь шударга зөв ажиллах байх гэсэн байдалтай өнөөдрийг хүртэл явж ирсэн. Гэтэл асуудлын мөн чанар нь шал ондоо зүйл байгаа гэдэг нь өнөөдрийн байдлаас тодорхой харагдаж байна. Тэгэхээр С.Эрдэнэ гэдэг хүн цаашдаа асуудалд иймэрхүү байдлаар хандаад явбал өөрийнхөө ажиллаж байсан намыг ялагдуулах зорилго өвөртөлсөн байна гэдэг нь тодорхой болсоор байна гэсэн үг. Манай гишүүд ингэж л ойлгох хэрэгтэй. Одооноос эхлээд энэ намын үйл ажиллагаа энэ тамган дээрээ намын даргын гуравдугаар сарын 28-нд сонгох гэдэг дээр нэгдэх хэрэгтэй. Ямар нэг байдлаар салаа утга битгий ойлгоорой гэж хэлье. Намын дэргэдэх бүх байгууллагууд эндээ байж үйл ажиллагаагаа явуулж байна. С.Эрдэнийн хувьд, жишээлбэл, нэг хувийн компанийн гүйцэтгэх захирал нь хийж байсан нэг хүн тамга хийж байсан хүнтэй хуйвалдаад шинээр тамга хийчихээд, бусад хүмүүсээ өрөөнд нь оруулахгүй гээд сууж байгаатай адилхан процессыг хийж байна. Энэ үйдэлд нь төрийн байгууллагууд нь оролцож дэмжээд байгаа нь яалт ч үгүй өрсөлдөх намын улс төр орж байна гэж үзэхээс өөр аргагүй.

Таныг бас намын дараагийн даргыг сонгохгүй байна гэж шүүмжилсэн?

-Дараагийн даргыг сонгох процесс эхэлчихсэн явж байна шүү дээ.Хэрвээ би дараагийн даргыг сонгохгүй гэж байсан бол гуравдугаар сарын 28-нд болох намын даргын сонгуулийг эсэргүүцээд л юм яриад явж байна шүү дээ. Одоо намын даргын сунгаанд аль ч утгаараа зөрчилтэй зүйл харагдахгүй гэж ойлгож болно.

Намын даргын сунгаа хэрхэн зохион байгуулагдах вэ. Хичнээн хүн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байна вэ?

-Гуравдугаар сарын 5-ны өдрөөр намын даргад өрсөлдөх сонгуулийн бүртгэл хаагдсан. Энэ удаагийн сонгуулийг маш шударгаар эмх цэгцтэй, ил тод, нэр дэвшигчдийн менежерүүд, тэдний хүсэлтийг харгалзан үзэж зөв зохион байгуулна. Мэдээж ковидын нөхцөл байдлыг харгалзан үзэж тавигдсан шаардлагад нийцүүлж сонгуулийг зохион байгуулна.

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулж ирсэн байна. Монгол Улсын Ардчилсан Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших эрхтэй юү, үгүй юү гэдэг нь анхаарлыг төвд байна. Та улстөрч хүний хувьд, мөн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч хүний хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН Х.Баттулга гэдэг хүнээ дэвшүүлээд ялалт байгуулсан.Энэ хүн дахин нэр дэвших эрхтэй. Хууль эргэж өөрчлөгддөггүй. Хууль гарсан тэр цагаас хойш шинэ нөхцөл байдал тааруулж, одоогийн Ерөнхийлөгчөөс хойш хоёр удаа сонгогдох, сонгохдохгүй гэдэг ийм л зүйл яригдах ёстой. Өмнө нь та нэг сонгогдсон учраас шинэ үндсэн хуулиар дэвших эрхгүй гэдэг сонин ойлгомжгүй тайлбар хийгээд байгаа. Үүнийг гайхаж байна. Дээрээс нь ХҮН –ын дарга Т.Доржханд Үндсэн хуулийн Цэцэд Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй гэдэг утга бүхий гомдол өгсөн. Энэ бол маш утгагүй. Өөрөө хуулийг баталдаг хүн байж Үндсэн хуулийн Цэцэд ийм юм нэмж батлаач ээ гэсэн утга агуулга бүхий өргөдөл өгсөнд гайхаж байна. Товчохдоо хэлэхэд, хуулийг эргэж өөрчлөхгүй.

Та бүхэн намын дүрмийг өөрчилж батлуулахаар Дээд шүүхэд өгөхдөө Ерөнхийлөгч Х.Баттулгыг АНаас өрсөлдөгчгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэсэн заалт гишүүдээр хэлэлцүүлэхгүй нууцаар оруулсан байна гэдэг шүүмжлэл өнгөрсөн хугацаанд гарсан. Үүнд бас тайлбар өгөхгүй юү?

-Ийм зүйл байхгүй. Энэ асуудлыг байгаа мэтээр санаатайгаар явуулсан. Шинэчилсэн дүрмийн баримт бичгүүдийг аваад үзэж болно. Одоогийн Ерөнхийлөгч өрсөлдөөнгүйгээр давуу тал олгох хүсэл зорилго ерөөсөө байхгүй. Ардчилсан намын гишүүд дотоод сонгуульдаа болон төрийн сонгуульд өрсөлдөх эрх нь нээлттэй байдаг.Намын дүрмийн шалгуурыг хангасан хэн ч байсан нэр дэвших бүх хаалга нь нээлттэй байна. Тиймээс эртхэн шиг намын даргын сунгаагаа явуулаад шинэ даргатай болчихъё. Шинэ дарга маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх компанийг удирдаж орно.

Сонгуулийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Мэдээж улс төрийн намын хувьд, УИХ-ын, орон нутгийн, Ерөнхийлөгчийн гээд гурван том сонгуульд бэлддэг. Бусад үед ч байнгын бэлтгэлээ хийдэг, бодлогоо боловсруулдаг, санал асуулгаа явуулдаг, цаашид ямар бодлого явуулахаа төлөвлөдөг. Энэ хүрээнд бэлтгэл хангагдаж төлөвлөгдөн ажиллаж байна. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход 90 хэдэн хоногийн хугацаа үлдсэн байна. Энэ хугацаанд илүү эрчимжиж бэлтгэлээ сайжруулж механик ажлаа зохион байгуулах ажил тулж ирсэн байна.

Өнөөдөр Улс орны эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед АН сөрөг хүчний байр суурин дээрээ ажиллах нь чухал байна гэцгээж байна. Эрх барих нам, Засгийн газар ковидыг хумьж авах, эдийн засгаа сэргээх чиглэлд ажиллаж чадаж байна уу, Нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Улс төрийн намын тухайд өөрсдөө тодорхой бодлого концевц боловсруулаад түүнийгээ мөрийн хөтөлбөр болгоод тэндээсээ нэр дэвшүүлээд төрийн сонгуульд оролцдог. Төрийн сонгуульд оролцоод ард түмний дэмжлэгийг авч чадах юм бол бодлогоо хэрэгжүүлээд явдаг ийм л бүтэцтэй. Бид нар улс орны эдийн засаг, ковидын нөхцөл байдалтай холбоотой маш олон асуудлыг дотооддоо ярилцаж, сөрөг хүчнийхээ байр сууринаас хандсаар ирсэн. МАН, Засгийн газар хангалттай ажиллаж чадахгүй байна. Маш их хэмжээний хөрөнгө зарцуулж, олон хөл хорио, бүх нийтийн бэлэн байдал зарласан ч үр дүн нь дорвитой гарсангүй. Өнгөрсөн хугацаанд 5.1 их наяд төгрөг зарцуулсан байна. Дээрээс нь маш их хэмжээний гадаад зээл тусламж авчирлаа. Энэ бүхний нь үр дүн нь хаа байна. Дээр нь гуравхан сая хүнд хийчих вакцин өнөөдөр байхгүй байна. Энэ тэндээс гуйлга гуйгаад л янз бүрийн төрлийн вакцин оруулж ирнэ гээд яриад явж байна. Уг нь бол ард түмнээсээ асуугаад тодорхой сайн чанарын, эргэлзээ төрүүлэхгүй вакцин авчраад хийчих ёстой юм.

Мөн нөгөө талаар дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил иргэддээ, аж ахуйн нэгжүүд рүүгээ хандсан бодитой эдийн засгийг сэргээх үйл ажиллагааг явуулаач ээ гэдэг шаардлагыг удаа дараа АН-аас тавьсан. Харамсалтай нь эрх баригчид үүнийг юман чинээ тоохгүй байна. АН сөрөг хүчний байр сууринаас тэмцлээ үргэлжлүүлж, ард түмнийхээ дуу хоолой болж шаардлага хүргүүлнэ.

УИХын чуулган завсарласан хугацаанд таны хувьд ямар ажилд төвлөрч байв?

-УИХ-ын чуулганы завсарлагаанаар УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж байна. Би сая тойргийнхоо Төв аймгийн зүүн талын зургаан суманд ажиллаад ирсэн. Орон нутгийн иргэд маш олон асуудлыг тавьж байна. Хувийн хэвшлийнхэн маш хүнд байдалд орсон байна. Нааш, цааш явахыг хорьсон нь цаашид үйл ажиллагаа явуулах, наймаа арилжаагаа хийх боломжгүй, эдийн засгийн цусны эргэлтгүй болжээ. Хүүхдийн хувьд ялангуяа бага ангийн хүүхдийн хувьд хичээл нь маш их хоцрогдож. Хүүхдүүд хөдөө гэрээсээ сүлжээтэй цэг дээр ирж олуулаа бужигнаж байгаад гэрийн даалгавар энэ тэр авах төдийхнөөр явж байна. Орон нутгийн эцэг, эхчүүд хөдөө ковид гараагүй байхад сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хорьсон нь маш буруу байна гэдэг саналыг хэлж байна. Сургалт хоцрогдож байгаа нь тэр хүүхдүүдийн ирээдүйд маш их хортой зүйл. Тухайн цаг үедээ сурах ёстой зүйлээ сурч чадахгүй байдалд орж байна гээд олон асуудал байна. Боловсролын яам нь ярихаараа хүүхдүүд теле хичээлд бүрэн хамрагдаж чадаж байна, сургалтын чанар сайн байгаа, сэтгэл ханамж 80, 90 хувьтай байна гэж байгаа ч бодит байдал дээрээ ийм байна.

Дээр нь хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарт отор нүүдэл хийх асуудал тун хэцүү байна. Отор нүүдэл хийж байгаа малчид болон оторлуулж байгаа орон нутгийн иргэдийн аль альных нь асуудал маш хүнд байна. Малын тоо толгой өссөн. Бэлчээрийн даац хэтэрснээр цөлжилт их байна. Үүнд төр засгаас зөв бодлого явуулахгүй бол элсэн цөл болох нөхцөл байдал юу юугүй нүүрлэжээ. Гэх мэтээр орон нутагт хүнд асуудлууд байна. Чуулган эхлэхээр орон нутагт ажилласан энэ мэдээллүүдийг гаргаж тавина.

Засгийн газраас эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийн тухайд?

-Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан, улс төрийн оноо авах гэсэн зүйл гэж хардаж байна. Мэдээж иргэд рүү чиглэсэн бодлого байх нь зөв. Тэр бодлого нь яг эзэндээ, салбартаа хүрсэн ийм бодлого байх ёстой. Өмнөх яригдаж байсан нөгөө их мөнгө хаачсан бэ. ЖДҮ зээл гээд байсан хаачсан, бусад авч хэрэгжүүлсэн санхүүгийн арга хэмжээнүүдийн үр дүн ямар байна вэ гэдгээ эхлээд тайлагнаж үр дүнгээ танилцуулах ёстой. Дээр нь салбаруудынхаа судалгааг маш сайн авч ажлаа эхлүүлэхгүй бол үр дүнгүй их хэмжээний мөнгө гаргаж инфляци хөөрөгдсөн, эзэндээ хүрээгүй, үр дүнгүй хөтөлбөр болчихвий гэдэг дээр нэлээд санаа зовж байна. Маш олон зүйлийг сайн тооцоолж байж хийх хэрэгтэй. 10 их наяд гэдэг бол их мөнгө. Үүнийг нэг удаагийн сонгуулийн шоу болгож болохгүй.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин могой өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 10, Буд гариг. Билгийн тооллын 27, Яруу эгшигт одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 7:15 цагт мандан, 18:50 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 4-6 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Хур тунадас: Бүх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 11-16 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Хамгийн сүүлчийн бүтэлгүйтэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Үндэсний аюулгүй
байдлын зөвлөлийн (ҮАБЗ)
нарийн бичгийн дарга А.Гансүх “Над руу дайрах гээд
ҮАБЗ-ийн үйл ажиллагаа руу орж,
ажлаа хийж байгаа хүмүүсийг
гүтгэх хэрэггүй” хэмээн I-
II, IV нүүрт өгүүллээ.

Олон улсын харилцааны
судлаач-профессор Д.Баярхүү “Дэлхий дахин “Хүйтэн
дайн”-ы үеийнх шигээ маш гүн
хуваагдалд орох болов уу” хэмээн ярьсныг I, IX нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Хамгийн сүүлчийн бүтэлгүйтэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Цар
тахлын үед эдийн
засгаа дэмжих, иргэдээ
ажилтай, орлоготой
байлгахад анхаарсан
төсөв болсон” гэв.

Уул уурхайн үндэсний
ассоциацийн гүйцэтгэх
захирал Д.Энхболд: Монгол Улс уул уурхайн
өсөлтийн цикльд бэлтгэж, ашиглаж чадна
гэсэн итгэл алга” хэмээн “Эдийн засаг” нүүрт өгүүллээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт “Вакцин хийлгэсний дараа нэг хүнд дээд тал нь
13 шинж тэмдэг ажиглагдсан тохиолдол бий” гэв

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны гуравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 83 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгав.

Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 67 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Тухайн хугацаанд эрүүгийн 548 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Одоогоор ажиллагаанд 522 хэрэг шалгагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Нутаг буцах гадаадын иргэдийн анхааралд

Монгол Улсад түр ирэгч болон удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэн нутаг буцах бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Олон улсын авто замын “Алтанбулаг” боомтоор нутаг буцах ОХУ-ын иргэд паспорт, виз бүрэн тохиолдолд шууд хил нэвтрэх боломжтой. Энэ тохиолдолд Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авахыг шаардахгүй. Агаарын замын “Буянт-Ухаа” боомтоор хил нэвтрэх ОХУ-ын иргэд нь агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниудад хандан нислэгийн талаарх мэдээллээ авна уу.

БНХАУ-ын иргэд Монгол Улсад суугаа өөрийн улсын Элчин Сайдын яаманд нутаг буцах хүсэлтээ бүртгүүлж, дараагийн шатны мэдээллээ тодруулах боломжтой.

Бусад улсын иргэдийн хувьд нислэгийн тийзээ захиалж, иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч уг компаниас холбогдох хариуг хүлээнэ.

Хилээр гарах гадаадын иргэн нь зохих ангиллын хүчин төгөлдөр визтэй, эсвэл “хасалт” хийлгэсэн байх шаардлагатайг анхаарна уу. Уригч байгууллагын албан бичигтэй, баримт бичиг бүрэн тохиолдолд хилийн боомт дахь ГИХГ-ын нэгж дээр “гарах-орох” виз олгох, “хасалт” хийнэ.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар

Categories
мэдээ нийгэм цаг-үе

18:00 цагийн байдлаар 8110 иргэнийг вакцинжуулаад байна

Өнөөдөр вакцинжуулалтын байнгын 21, түр 14, нийт 35 цэг ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл ХӨСҮТ-өөс дахин таван цэг нэмж, нийт 40 цэг ажиллаж байна. Эдгээрт нийт 360 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, өнөөдөр 13470 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Харин 18:00 цагийн байдлаар 8110 иргэн буюу төлөвлөсөн хүнийхээ 60.2 хувийг дархлаажуулаад байна. Тодруулбал,

Баянгол дүүрэгт 1691

Баянзүрх дүүрэгт 1636

Сүхбаатар дүүрэгт 1312

Сонгинохайрхан дүүрэг 572

Налайх дүүрэг 449

Чингэлтэй дүүрэг 360

Багануур дүүрэг 243

Багахангай дүүрэг 40 иргэнийг тус тус вакцинжуулжээ.

Монгол Улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцинжуулалт өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Цаашид өдөрт 15-20 мянган хүнийг вакцинд хамруулах бөгөөд долдугаар сар гэхэд нийт хүн амынхаа 60 хувь буюу насанд хүрсэн бүх хүнийг дархлаажуулахаар төлөвлөж буй юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС