Categories
мэдээ нийгэм

Цоохор ирвэсийн түүхий эдийг хадгалсан иргэнийг 52 сая төгрөгөөр торгож, 3 жил хорих ял оноожээ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас нэн ховор амьтан болох цоохор ирвэсийн түүхий эдийг гэртээ хадгалж байсан иргэн А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр иргэн А-ийн хэргийг хэлэлцээд гэм буруутайд тооцож, 3 жилийн хорих ял оногдуулсан байна. Мөн прокурорын саналын дагуу экологид учирсан 52 сая төгрөгийн хохирол нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэжээ. Иргэн А нь гэртээ хоёр ширхэг цоохор ирвэсийн түүхий эд болох арьс, толгой, эрүүний яс зэргийг хадгалж байжээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Амьтны тухай хуульд зааснаар цоохор ирвэс нь нэн ховор амьтны ангилалд багтдаг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм

​Агаарын хил нээх бэлтгэлийг хангаж ажиллахыг даалгалаа

Өнөөдөр Засгийн газар хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдлээ.

Үүний дотор 2021 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс агаарын хил нээх бэлтгэлээ хангаж, ирэх, явах зорчигчдыг дархлаажуулалт хийлгэсэн эсэхэд хяналт тавих, тусгаарлалт, халдвар хамгааллын дэглэм, журмыг тодорхой болгоно.
2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудал ажиллаж эхлэхээс өмнө хилийн хяналтын байгууллагууд, агаарын тээврийн компаниудыг нүүлгэн шилжүүлэх, шинэ нисэх нисэх буудлын барилга байгууламж, ажлын бэлэн байдал, нислэгийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээ авахаар болжээ.
Categories
мэдээ нийгэм

Э.Тэмүүлэн: Иргэд вакцины хариу урвал бол энгийн зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй

Манай улс дархлаажуулалт эхэлснээс хойш 26 мянга гаруй иргэнээ вакцинд хамруулаад байна. Вакцины хариу урвал болон дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Тэмүүлэнгээс тодрууллаа.

-Вакцин хийлгэсэн иргэдэд халуурах гэх мэт шинж тэмдэг илэрч байгаа гэсэн. Вакцины хариу урвалын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Вакцинжуулалт эхлээд 10 гаруй хонож байна. Бид эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууддаа бага хэмжээгээр буюу хариу урвалыг нь шалгах зорилгоор цөөн тоогоор вакцин хийж байсан. Хариу урвал, шинж тэмдгийг тандсаны үндсэн дээр монгол хүний биед зохицох юм байна гэсэн дүгнэлтэд хүрч, энэ долоо хоногоос вакцинжуулалтаа өргөн хүрээтэйгээр хийж байна. Долдугаар сарын 1-нээс өмнө нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллана.

Вакцин бүр өөрсдийн гэсэн технологиор үйлдвэрлэгдсэн, өөрсдийн үйлчлэх механизмтай. Бүх вакцин хүний дархлааны системийг өдөөж байгаа учраас халуурах, толгой өвдөх, тарьсан хэсэг газар хөндүүрлэх, улайх, жихүүдэс хүрэх гэх мэт шинж тэмдэг түгээмэл илэрдэг. АстраЗенека вакцины хувьд гэхэд 10 хүн тутмын нэгээс дээшид ийм шинж тэмдэг илэрсэн. Бусад вакцины хувьд ч төстэй шинж тэмдэг илэрнэ. Вакцины заавар дээр тэр бүрийг бичсэн байгаа тул иргэд харах боломжтой. Эрүүл хүний дархлааны систем хариу урвал үзүүлдэг. Гэхдээ хариу урвал үзүүлэхгүй байна гээд та эрүүл бус гэсэн үг биш. Хүн бүрийн дархлааны систем, үзүүлэх хариу урвал өөр. Хариу урвал түгээмэл, энгийн зүйл гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

-Вакцины эхний тунг хийлгэснээс хойш хэдий хугацааны дараа хоёр дахь тунг хийлгэх вэ?

-АстраЗенека вакцины хувьд хоёр дахь тунг ДЭМБ-ын зөвлөснөөр хамгийн багадаа найман долоо хоногийн дараа хийнэ гэж заасан. Хятадын Синовак вакцины хувьд дөрвөн долоо хоног буюу 28 хоногийн зайтай тарихаар байгаа. Эхний тунг хийлгэснээр таны бие вирусийг дөнгөж таньж эхэлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эхний тунг хийлгэснээр вирусээс хамгаалах дархлаа бүрэн тогтохгүй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ вакцин хийлгээгүй хүний нэгэн адил баримтлах ёстой. Тухайн вакцинаас хамаараад тун хоорондын зай харилцан адилгүй. Хоёр тунгаа хийлгэсний хойш дор хаяж 7-14 хоногийн дараа бүрэн дархлаа тогтоно. Гэхдээ бүрэн тун хийлгэсэн ч халдвар авах магадлалтай. Гэхдээ өөрөө өвдөхгүй ч усдад халдвар тархаах боломжтой байж магадгүй. Энэ талаарх судалгаа, шинжилгээний эцсийн дүгнэлт гараагүй. Тиймээс бүрэн тунгаа хийлгэсэн ч гадуур гарахдаа амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих хэрэгтэй.

-Вакцинаа хийлгэсний дараа хэдий хугацаанд биеэ ажиглах вэ?

-Эмч тухайн хүнийг үзээд, биеийн байдлыг үнэлнэ. Вакцины эсрэг заалтгүй гэж үзвэл вакцин тарина. Хүлээх өрөө буюу ажиглах хэсэгт багадаа 15 минут байж, ямар нэг гаж нөлөө, хариу урвал гарах эсэхийг эмч ажигладаг. Судалгаанаас харахад, гаж нөлөө, хариу урвалын 90-ээс дээш хувь нь 15 минутын дотор илэрч байгаа. Халуурах, жихүүдэс хүрэх, толгой өвдөх, зарим тохиолдолд бөөлжих, дотор муухай оргих, тарьсан газар өвдөх, улайх шинж тэмдэг түгээмэл буюу 40 хүртэлх хувьд илэрнэ. Харин энэ урвал гурваас олон хоног үргэжилбэл эмчид хандах хэрэгтэй. Ер нь бол судалгаагаар хоёр хоногт хариу урвал арилж байгаа.

-Зарим иргэн вакцинд хамрагдах шаардлагагүй гэсэн бодолтой байгаа. Энэ иргэдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Монгол Улс вакцинжуулалтын 100-гаад жилийн түүхтэй. Халдварт өвчинтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт буюу вакцинжуулалт. Вакцинд аль болох олон иргэнээ хамруулж байж бид эргээд хэвийн амьдралдаа шилжинэ. Тиймээс иргэд вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй.

-Иргэд хэрхэн вакцинжуулалтад хамрагдах вэ?

-Зорилтот бүлгүүдээр нарийвчилсан төлөвлөгөө гаргасан. Мөн эрүүл мэндийн салбар болон үйл ажиллагаа нь зайлшгүй явах шаардлагатай аж ахуйн нэгж салбарын хүмүүсээ эхний ээлжинд вакцинжуулж байна. 50-аас дээш насны болон архаг суурь өвчтэй хүмүүс өвчлөл хүндэрч, нас барах эрсдэл өндөр байна. Иймээс энэ иргэдээ эхлээд вакцинжуулах хэрэгтэй. Хүн болгоны ээлж ирнэ. Тэгэхээр иргэд ээлжээ тэвчээртэйгээр хүлээх хэрэгтэй. Хэрэв та байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий түвшний хүн бол вакцин хийлгэсэн ажилтандаа маргааш өдөр нь чөлөө олговол вакцины үр нөлөө сайнаар гарахад нөлөөлнө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ спорт

Олимпийн наадмын байт харвааны төрөлд Э.Саруул шүүгчээр ажиллана

“Токио-2020” олимпийн наадмын байт харвааны төрлийн тэмцээнийг Монгол Улсын шүүгч Э.Саруул шүүхээр болжээ.

Ингэснээр Э.Саруул нь олимпийн наадмын байтын тэмцээнийг шүүх шилдэг 14 шүүгчийн нэг болж байгаа юм. Өнгөрсөн хоёрдугаар сард Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийн нэрсийг зарлахад мөн Монгол Улсаас тус холбооны дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг багтсанаар “Токио-2020” олимпийг шүүх эрхтэй болсон билээ.

Categories
мэдээ цаг-үе

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний зардалд 30.7 тэрбум төгрөг баталснаас 18.4 тэрбум төгрөгийг зарцуулжээ

Төрийн аудитын байгууллага Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн 2021 оны хоёрдугаар сарын 11-23-ны өдрүүдэд Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээнд бодит цагийн аудитыг хийжээ. Энэхүү аудитын дүгнэлтийг үндэслэн, Шадар сайдад 10, Эрүүл мэндийн сайдад 7, НОК-т 1 зөвлөмжийг хүргүүлсэн хэмээн ҮАГ-ын дөрөвдүгээр газрын захирал, тэргүүлэх аудитор Я.Самбууням мэдээлэв.

Тэрбээр “Бодит цагийн аудит нь үүсэж буй асуудал, алдаа дутагдлыг тухай бүрт нь холбогдох албан тушаалтнуудад зөвлөмж өгөх хэлбэрээр зөрчлийг арилгах зорилготой юм. Үндсэн гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд

  1. УОК, НОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь үр дүнтэй байгаа эсэх
  2. Санхүүгийн хөрөнгийн нөөцийг оновчтой зөв захиран зарцуулж буй эсэх,
  3. Шинжилгээ, оношилгооны ажил нь оновчтой зөв хэрэгжиж буй эсэхийг хянасан” гэв.

“Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд урьдчилсан гүйцэтгэлээр 442.3 мянган иргэнийг хамруулж, анхны шинжилгээгээр халдварын 56 тохиолдлыг илрүүлсэн байна.

Энэ үеэр гарсан нийтлэг гарсан зөрчлөөс дурдвал:

  1. УОК, НОК болон холбогдох төрийн байгууллагуудын батлан гаргасан төлөвлөгөөнүүдэд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулах хариуцан, зохион байгуулах ажлын хэсэг, байгууллага нэгжийг томилохдоо Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, удирдлагын зохицуулалт, чиг үүрэгтэй уялдуулаагүй, хуулийн этгээд, иргэний оролцоог тусгаагүй, Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд суурилаагүйгээс уг арга хэмжээний хэрэгжилт доод болон дунд шатанд хэрэгжүүлэх, биелэлтийг тооцоход хүндрэлтэй байдлыг үүсгэсэн.
  2. Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэхээс өмнө хязгаарлалт тогтоох, шинжилгээ авахтай холбоотой ерөнхий мэдээллийг иргэдэд өгсөн ч зохион байгуулалтын талаарх нарийвчилсан, системтэй мэдээллээр бүрэн хангаагүй байв.
  3. Шинжилгээ авах байнгын цэг, явуулын баг төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулсан боловч цэгүүдийн ажлын ачааллыг жигд зохион байгуулаагүй байна.
  4. Аудитын дүгнэлтэд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хэрэгжилтэд МХЕГ, ЭМЯ, НЗДТГ-ын ХШҮХ-ээс хяналт тавьж, тодорхой зөрчлүүдийг арилгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан гэдгийг онцолж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 94.5%, нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон иргэдийн хөдөлгөөнийг 96.5% хүртэл хязгаарлан дэглэмийг сахиулж ажилласан байна.

Харин “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээнд зарцуулсан хөрөнгийн талаар Тэргүүлэх аудитор Я.Самбууням “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр уг арга хэмжээг зохион байгуулахад 57 тэрбумыг төлөвлөжээ гэх мэдээлэл гарч байсан ч Засгийн газраас 30.7 тэрбум төгрөгийн зардал гаргахаар баталсан. Үүнээс 18.4 тэрбум төгрөгийг зарцуулсан” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Баянгол дүүрэгт 6662 иргэн вакцинжуулалтад хамрагдаад байна

Монгол Улсын хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалт өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар /2021.03.10/ Баянгол дүүрэг цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 800 гаруй хүн хамрагдсан бөгөөд нийт 6662 иргэнийг хамруулаад байна. Уг вакцинжуулалтын ажил хуваарийн дагуу Баянгол дүүрэгт байнгын дөрөв, түр д цэг дээр үргэлжилж байна. Тухайлбал,

БАЙНГЫН 4 ЦЭГ:

  • Ахмадын эмнэлэг,
  • Хүүхдийн эмнэлэг,
  • Төмөр замын нэгдсэн эмнэлэг,
  • UB мед

ТҮР 4 ЦЭГ:

  • 40-р сургууль,
  • 78-р сургууль,
  • Гэмтэл согог судлалын үндэсний төв,
  • ДЦС-4 цэгүүдэд улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэн, цагдаа, онцгой байдлын алба хаагчид, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний албан хаагчдыг вакцинжуулалтад хамруулжээ.

Вакцинд хамрагдах албан байгууллагын албан хаагч нар цагийн хуваарийнхаа дагуу ирж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ сахин үйлчлүүлэхийг БГД-ийн Эрүүл мэндийн төвийн Дархлаажуулалтын эмч Ц.Даваажав зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Халамжийн тэтгэврийн дөрвөн төрлийг энэ сарын 15-наас цахимаар олгоно

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд халамжийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлж байгаа.

Уг ажлын хүрээнд эхний ээлжинд “Жирэмсэн эхийн тэтгэмж”, “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж”, “Ихэр хүүхдийн тэтгэмж”, “Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж”, насны хишиг, Эхийн алдар 1 болон 2 дугаар одонтой эхэд олгох мөнгөн тусламж зэрэг нийт 6 төрлийн үйлчилгээг 2020 оны 08 дугаар сараас эхлэн уг цахим системд бүртгэж эхэлсэн.

Өнөөдрөөс Нийгмийн халамжийн сангаас олгодог

  1. Ахмад настны халамжийн тэтгэвэр,
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох тэтгэвэр,
  3. Одой иргэнд олгох тэтгэвэр,
  4. Өрх толгойлсон эцэг, эхэд олгох халамжийн тэтгэврийг тус системээр дамжуулан олгох боломжтой боллоо. Ингэснээр нийт 10 төрлийн халамжийн үйлчилгээг цахим системээр дамжуулан олгох нөхцөл бүрдлээ.

Дээрх 4 төрлийн тэтгэврийн үйлчилгээг энэ оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн www.ehalamj.mn систем-ээр дамжуулан олгоно.

Categories
мэдээ нийгэм

Ж.Чинбүрэн: Үйлчилгээний газруудыг 21 цагт хаах санал хүргүүлнэ

Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн уг ажлын хэсгийн ахлагчаар, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа нар ажиллаж байна.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд дархлаажуулалтын цэгүүдэд ажиллаж, санал дүгнэлт боловсруулжээ. Энэ талаар ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2021.03.10/ мэдээлэл хийлээ.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Халдварын тархалтын хурд, вакцинжуулалтын хурд хоёр урвуу хамааралтай байх шаардлагатай

Гуравдугаар сарын 9-ний өдрийн байдлаар нийт 30446 хүнийг вакцинд хамруулсан байна. , Халдвар авч байгаа хүмүүсийн тоог цөөн байлгаж байж вакцинжуулалтыг хурдан хийхгүй бол үр дүн муу болно. Вакцин хийлгэсний 40 хоногийн дараа дархлаа тогтож байгаа учраас үүнээс өмнө халдвар авлаа гэхэд вакцины үр дүн гарсангүй гэсэн сөрөг мэдээлэл ч гарах аюултай.Вакцин хийлгэлээ гээд тайвширч болохгүй. Иргэд тайвширснаас үүдэж халдварын тархалт эрс нэмэгдэж байна. Өнөөдөр УОК-ын даргатай ажлын хэсгийн гишүүд бид уулзана. Бүтэн хөл хориог тогтоохгүйгээр улбар шар түвшин рүү оруулж, 21.00 цагаас хойш үйлчилгээний газруудыг ажиллуулахгүй байх зэрэг саналыг гаргана” гэлээ.

Түүнчлэн ажлын хэсэг вакцин хийлгэсэн хүмүүст үзүүлсэн хариу урвалуудыг судалжээ. 10 хүн тутмын нэгээс илүүд нь тарилга хийсэн хэсэгт эмзэглэлтэй, өвдөх, улайх, хавдах, хөхрөх, бие сулрах, ядрах, халуурах, толгой өвдөх, дотор муухайрах, үе мөч эсвэл булчингаар өвдөх зэрэг нийтлэг хариу урвал явагдсан байна. Энэ нь хэсэг газрын хариу урвал юм. Мөн 10 хүн тутмын нэгд нь тарилга хийлгэсэн газар нь хатуурах, дотор муухайрах, бөөлжих, хоолой өвдөх, нус гарах, ханиалгах, чичрэх зэрэг ханиад томууны шинж тэмдэг нийтлэг илэрчээ.

Categories
мэдээ спорт

Хасан Яздани хоёр дахь олимпдоо оролцоно


Ираны чөлөөт бөхийн холбоо өчигдөр Тегеранд олимпод оролцох хоёр жиндээ сорилт барилдаан хийлээ. 86 кг-ын жинд “Рио-2016” олимпийн наадмын аварга, дэлхийн хошой аварга, Ираны шигшээ багийн ахлагч Хасан Яздани Чирати нэг нутгийн, нэг багшийн шавь, 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга Камран Гасемпурыг 5:2-оор ялснаар хоёр дахь олимпдоо оролцохоос гадна цолоо хамгаалах аянд мордлоо. Түүнчлэн 57 кг-ын жинд Реза Атри Рахман Амузадуг 6:4-өөр ялж олимпийн наадамд анх удаа зодоглох эрхээ авав. Тэгвэл хоёр жилийн өмнө Нур-Султаны дэлхийн аваргад эрх авсан 125 кг-ын жинд “U-23” дэлхийн аварга Амир Заре, Ираны аварна Амин Тахеригийн нарыг олон улсын тэмцээнд хамтад нь оролцуулж үзүүлсэн амжилтыг харгалзан сонголтоо хийнэ. Тэгвэл үлдсэн гурван жингийн тамирчид дөрөвдүгээр сарын 8-11-нд Казахстаны Алматыд болох Азийн эрх олгох тэмцээнд оролцох бөгөөд Мохаммад Мохаммадиан (97 кг), Юнес Эмами (74 кг), Амир Яздани (65 кг) нар тус тус зодоглоно. Сонирхуулахад, 2016 оны Риогийн олимпод Иран улс бүтэн багаараа оролцож байсан бөгөөд 74 кг-ын жинд Хасан Яздани алт, 125 кг-д Комейл Гасеми мөнгө, 57 кг-д Хасан Рахими хүрэл медаль хүртэв.

Categories
мэдээ цаг-үе

Ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад өөрчлөлт хийнэ

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн өмчлөлийн хэлбэр, чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох зэрэг чиглэлээр хийж байгаа ажлын талаар сайд Б.Жавхлан танилцуулав.

Засгийн газар олон жил ашиггүй, үр дүнгүй, алдагдалтай, зардал ихтэй ажилласан төрийн өмчит компаниудтай холбоотой асуудлыг эхний 100 хоногтоо багтаан эцэслэхийг зорьж байна.
2019 оны байдлаар төрийн өмчит 107, орон нутгийн өмчит 339 компани 37 их наяд төгрөгийн өр төлбөртэй, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. Тодруулбал “Эрдэнэт үйлдвэр” 1.1 их наяд, “Эрдэнэс таван толгой” компани 440 тэрбум төгрөгийн ашигтай, бусад нь алдагдалтай байсан гэсэн үг юм.
Цаашид:
– Стратегийн ач холбогдол бүхий компаниудыг олон нийтэд зарлаж, 100 хувь төрийн өмчит хэлбэрээр үйл ажиллагааг нь тогтвортой үргэлжлүүлэх
– Олон жил үр ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа, чиг үүргийг нь хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой компаниудыг татан буулгах, нэгтгэх
– Зарим компанийн 34 хүртэл хувийг нээлттэй арилжих замаар олон нийтийн хяналтад оруулж, зөв засаглалтай болгох
– Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авах юм.