Categories
мэдээ спорт

Үндэсний шигшээ багуудын дэд ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан боллоо


“Токио-2020” олимпын наадамд оролцох Үндэсний шигшээ багуудын бэлтгэл ажлыг хангах дэд ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан боллоо.

Энэхүү хуралдаанд МҮОХ-ноос дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож, олимпын наадамд баг тамирчдаа бэлтгэн оролцуулахтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний мэдээллийг танилцуулсан юм.

Тодруулбал олимпод оролцох баг тамирчдын вакцинжуулалт, оролцогчийн квот болон тамирчдын хотхонд орох, гарах хугацааны мэдээллийг өглөө.

МҮОХ-ны зүгээс УОК болон ЗГХЭГ-т хандаж баг тамирчдаа вакцинд хамруулах хүсэлт гаргаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдлыг шалгажээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2021 оны 3 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, мэдээллийг шалгажээ.

Өнгөрсөн долоо хоногт 23 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд одоогоор 55 гомдлыг шалгаж байна.

Мөн гуравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 130 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 90 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 568 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор 438 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт хүргүүлэн, ажиллаж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Визийн зөвшөөрөл хүсэх гадаадын иргэдийн анхааралд

Тусгай үүргийн нислэгээр ирэх гадаадын иргэн, эсвэл улс хоорондын тээвэрлэлт хийж буй жолооч нарт уригч байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь зохих ангиллын “визийн зөвшөөрөл”-ийг Гадаадын иргэн, харьяатын газарт урьдчилан мэдүүлж, зөвшөөрөл гарсны үндсэн дээр хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын газраас тухайн гадаадын иргэн нь “орох” зориулалтын виз авсан байна.

Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар байхгүй улсаас ирэх гадаадын иргэн визийн зөвшөөрөл хүсэх тохиолдолд уригч нь хилийн боомт дээр виз олгуулах хүсэлтээ тухайн гадаадын иргэнийг Монгол Улсад ирэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө гаргахыг анхаарна уу.

Визийн зөвшөөрлийг Гадаадын иргэн, харьяатын газарт биечлэн ирж мэдүүлэх буюу А, Т, В, О ангиллын визийг цахимаар мэдүүлэх боломжтой бөгөөд ажлын 3-5 хоногт шийдвэрлэгдэнэ.

Визийн зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх материалын жагсаалтыг http://mn.immigration.gov.mn/visa/4 цахим хаягаар авна уу.

Цахимаар визийн зөвшөөрөл мэдүүлэх бол https://evisa.mn/login/?next=/document/ хаягаар хандана уу.
Categories
мэдээ эдийн-засаг

Энэ онд дэлхийн эдийн засаг 5.6 хувиар өснө гэж үзжээ

Энэ онд дэлхийн эдийн засаг 5.6 хувиар өсөх төлөвтэй байна. Харин эдийн засгийн тогтвортой сэргэлтийн гол түлхүүр нь дэлхийн хэмжээнд коронавирусийн эсрэг вакциныг эрчтэй, үр дүнтэйгээр хувиарлах явдал гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шинэ тайлан илтгэлд тэмдэглэжээ.

Тус байгууллагын мэргэжилтнүүдийн урьдчилан тооцоолсноор энэ оны дундуур дэлхийн аж үйлдвэрлэлийн хэмжээ коронавирусний цар тахлын өмнөх түвшинд хүрэхээр байна. Харин 2022 онд дэлхийн эдийн засаг 4 хувьтай өснө гэж таамагласан байна. Хэрэв вакцины үйлдвэрлэл хурдасвал дэлхий даяар “Ковид 19”-ийн шинэ мутацид орсон хувилбар тархахаас өмнө хувиарлалт түгээлт нь жигдэрч цар тахлаас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмүүдийг тэр хэрээр хурдан сулруулах боломж бүрдэнэ гэж тооцоолжээ.

Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ерөнхий эдийн засагч Лоуренс Бун “Засгийн газрууд юуны түрүүнд вакцины үйлдвэрлэл, хувиарлалт түгээлтээ хурдасгаж хүн амаа шуурхай дархлаажуулалтад хамруулах хэрэгтэй байна. Энэ нь эдийн засгийг сэргээх хүчин чармайлтыг идэвхжүүлэхэд чухал. Шуурхай, бүгдийг вакцинд хамруулах нь хямралаас гарах гарц. Улс орнууд вакцинжуулалтын хөтөлбөрийнхөө явцыг түргэсгэж эдийн засгаа нээх хэрэгтэй байна. Бид вирустай дайтаж байгаа л юм бол дайны байдалд шилжиж үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Энэ нь холбогдох зөвшөөрлийг нь шуурхай, олноор өгөх, технологио харилцан илүү солилцох хэрэгтэй гэсэн үг. Мөн дархлаажуулалтын төвүүдээ 7 хоногийн 7 өдөр ажиллуул гэсэн үг. Вирусний халдвар тархаж байгаа цагт, шинээр мутацид орж байгаа үед бид хилээ хаахаас өөр аргагүй. Энэ л эдийн засгийн идэвхжил, үнэнд сөргөөр нөлөөлж, бүх салбар дахь үйл ажиллагааг доголдуулж байна.” хэмээн мэдэгдсэн байна.

Тайлан илтгэлд мөн санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүдийг улс орнуудын засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байгаа нь эдийн засгий идэвхжлийг сэргээхэд хүчтэй түлхэц өгч байна гэж дүгнэсэн байна. Үүний хамтаар цар тахал эдийн засгийн төрөл бүрийн субьект, салбаруудын ялгааг улам нэмэгдүүлж нийгмийн эмзэг давхаргынханд хүчтэй нөлөөлөн тэгш бус байдал газар авахад хүргэж байгаа нь урт хугацаандаа хөдөлмөрийн зах зээл дээрхи олон хүний ирээдүйг үгүй хийж, амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлөхийг тэмдэглэсэн байна.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” кино маань монголчуудын шинэ идеалыг бий болгоно

МЗЭ, МСНЭ-ийн болон нэрт найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит шагналт, Олон улсын театрын “Гэгээн Муза” академийн алтан цомын эзэн, МЗЭ-ийн оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын хошой шагналт зохиолч, сэтгүүлч, нийтлэлч Битогтохын Цогнэмэхтэй ярилцлаа.


-Юуны өмнө МЗЭ-ийн оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын эзнээр хоёр дахь удаагаа тодорсонд баяр хүргэе?

-Баярлалаа. Ам цагаан хулгана жил маань мөнгөн сүүлээрээ илбэлээ. 2021 оны уран бүтээлээ “алт”-аар өнгөлөн эхэлж буйдаа бэлгэшээж байна.

-Та “Алтан-Өд”-ийн хошой шагналаа жүжгийн төрлөөр хүртлээ. Тайзны бүтээлээр дагнан туурвиад байна уу?

-Хан Хөхүйн их соён гэгээрүүлэгч, XIX-XX зууны үеийн нэрт улстөрч, яруу найрагч Лу жанжин гүнийхээ тухай бичсэн “Бурхан жанжин ноён” түүхэн дуулалт жүжгээ сойн цоллуулсандаа ихэд огшино. Өмнө нь би “Цагаан морины домог” номоороо баримтат уран зохиолын төрөлд шалгарч байсан юм.

Лу жанжин гүнд зориулсан Цагаан суварга барих үеэр. 1991.06.09.

-Тийм ээ, санаж байна..

-Эдүгээ манайд, ялангуяа хилийн чинадад ч баримтат уран зохиол л уншууртай, сонирхолтой, хүмүүний оюуны цэцгийг дохилзуулан буй нь мэдэгдэнэ. Энэ төрлөөр бичсэн цөөнгүй бүтээл цүнхний ёроолд бий. Харин жүжгийн тухайд би түүхэн туульсын төрлөөр бичсэн нь олонтаа. Энэ жилийн хувьд УДЭТ-ын 90, Ардын хувьсгалын 100 жилийн зэрэг түүхт ойнууддаа их эзэн Чингис хааны тухай “Хаадын хаан” үндэсний сонгодог түүхэн жүжгээ өргөн барих гэж байгаа.

-Энэ талаар удахгүй дэлгэрүүлнэ. Гэхдээ таны өгүүллэгүүд, туужаас бүрдсэн ном “Алтан-Өд”-д их чамбай байсан шүү. Миний ажигласнаар сүүлийн үед нэлээд өгүүллэг бичлээ. Энэ талаар өгүүлэх үү?

-Тийм ээ. Өнгөрсөн оны намар өвс шарлахаас өмнөхөн хэдэн өгүүллэгээ “Сарны гэрэл” хэмээх ном болгон баринтагласан юм. “Хорин бугатын будан” зөн сэрэхүйн тууж маань ч багтсан. Дунд сургуулийн ахлах ангид байхаасаа хийж байсан уран зохиолын эрэл хайгуул, сэтгэлгээний айгаа ойллого, сэтгэмж дүрслэл, баримтат эссэ, чөдөрлөгө, өртөө үг, цалигчлал, чөлөөт өгүүллэг гэх мэт савд хуваан дээрх номдоо оруулсан. Сүүлийн жилүүдэд хааяадаа бичсэн богино өгүүллэгүүд ч бий. Гэвч би жүжигтээ улайраад хүүрнэл төрлөөр хэтийдэн ороогүй байдлаа нөхөж эхэлж байна. Яруу найргаа ч яаран орхихгүй.

-Тэгэхээр роман руу орох нь ээ?

-Өмнө нь хүүхдийн роман бичсэн л дээ. Лу.Гантөмөр сайдын үед яамнаас хүүхдийн уран зохиолын монгол баатрын дүр бий болгох, хүүхдийг багаас нь номтой сундалдуулах хаврын урь шиг сайхан үйлс соёолоод хагдрах шив. Тийм сэдлээр зарласан улсын уралдаанд “Модуны анд Улаадай” хэмээх цаг хугацааны зэрэгцэн оршихуйтай, релятив хэв шинжтэй түүхэн роман маань тэргүүлж байсан шүү. Хүүхэд хойчсыг, үндэстнийхээ залуу үеийг Монголын түүхээрээ, язгуур соёлоороо зөв залуурдвал “Хүн болох багаасаа”, нөгөө яамны “Зөв монгол хүн” хөтөлбөрийн хариулт сайхан үндэслэнэ.

-Дэлхийн түүхийг ярья гэвэл Монголын түүхийг ярих болдог гэдэг дээ. Та жүжиг төдийгүй үргэлжилсэн үгээ ч түүхэн сэдэвт тулгуурлаж бүтээх нь ээ?

-Их эзэн Чингис хааны ноцоосон дэлхийг тохинуулах, энх амгаланг тогтоох, тэнгэрийн зарлигаар муу хаадыг гэсгээж “Хүн нь хүнээ, гөрөөс нь гөрөөсөө идэх” болсон гамшигт хүчирхийллийг үгүй хийх гэсэн хөлгөн аян дайн, нүүдлийн соёл иргэншлийн түрэлт дэлхийг сэрээсэн юм. Өрнө дорныг холбосноороо глобализмыг үндэслэсэн. Их эзний байлдан дагуулал хүртэл дэлхийн ард түмэнд нэгэн түүх гэж байсангүй. Тэр дэлхийн түүхийг Монголчууд бичихэд хүргэв. Өөрөөр хэлбэл, тухайн үед Газар дундын тэнгис орчмыг өгүүлсэн дэлхийн түүхийн эцэг гэгддэг Геродотын түүх бичлэг байлаа. Хожуувтар дорно дахины түүхийн эцэг гэгддэг Хятадын Сыма Цяны түүх бичлэг гарч ирсэн. Эд нарын бичсэн түүх нь салангид, бүс нутгийн шинжтэй. Хоёуланд нь, тухайлбал, Геродотын бичлэгт Хүн гүрнээс өмнөх төрт улстай байсан бидний өвөг буган сүлдтэний улсыг скиф нэрээр оноон өгүүлсэн нь бий. Сонирхолтой нь эх нутгаасаа баруунш нүүдэл, аян дайн хийсэн буган сүлдэт төрт улсын эзэд маань Хар тэнгисийн хөвөөнд агт морьдоо амрааж, Бага Ази дахь Амазоны домогт дайчин бүсгүйчүүдээс бүрдсэн улс аймгийг ч хурааж, Персүүдийг ч бут цохиж явсан. Хэдэн жилийн өмнө Амазон дайчдын генийн ул мөрийг Монголын говиос илрүүлсэн шүү дээ.

-Тэр талаар тодруулбал?

-Амазон гэдэг нь өрөөсөн хөхт гэсэн утгатай үг юм гэнэ лээ. Тэд нум сум харвахад саад болохгүйн үүднээс охидынхоо баруун хөхийг төөнөж хатаадаг байж л дээ. Тэдний эртний булшнаас олдсон ДНК-г Германы генетикчид, түүхчид, төв телевизийн баг эрж хайсаар Өмнөговь аймгийн малчин өрхийн охиныхтой харьцуулснаар Амазон хатан хааны ДНК-тай 99 хувь тохирсон гэсэн сонирхолтой судалгаа гарсан. Өмнөх яриандаа оръё. Харин Сыма Цяны “Түүхэн тэмдэглэл”-д монголчууд бидний өвөг Хүнчүүдийн тухай тусгай бүлэг бий. XIII зуунд өрнө дорныг сүлж, энх амгаланг тогтоосноор монголчууд дэлхийн түүхийг ялагдсан орны эрдэмтэн мэргэдээр анх бичүүлэхэд хүргэсэн юм даа. Түүхэн роман бичнэ гэдэг Б.Номинчимэд зохиолчийн хэлдгээр нэг бол тэнэг мунхаг хүний ажил, эсвэл зиндаагаа мэдэрсэн зохиолчийн даялал юм. Одоо ч олон зохиолч Монголын түүхийг нэгжин орцгоожээ. Олны хөөрөгддөгөөр бестселлер болгох гэж, хүний сониучийг хөдөлгөх гэж түүхэн үйл явдлыг жагсааснаараа бус роман хэмээх хөлгөн далайн бүтэц, зиндаанд нийцүүлэн мөн чанараар нь түүхэн романыг бичвэл догь болох биз.

-Та энэ төрлөөр бичиж эхлээ юү?

-Түүхэн жүжиг чамгүй бичсэн. Түүхэн роман руу биеэ шавхуурдан орно. Оюун сэтгэлээ ч элээж бүтээнэ. Хойтон нэг “юм” гаргана аа. (инээв).

-Таны хувьд их сэтгэгч Д.Урианхайн гарын цөөхөн шавь нарын нэг. Багш шавийн барилдлага тогтоосон тухайгаа өгүүлнэ үү?

-Гүрү багшдаа би шавилаад хүмүүний хоёр үеэс илүү хугацааг туулжээ. Анх 1990-1991 оны өвөл Пү ах маань (зураач, яруу найрагч Б.Пүрэвсүрэнг хэлж байна) хот орж гойд сонинтой ирэв. Эдүгээ Дарханд буй “Зүс бүгэг андууд”-ын нэг болох Ц.Цэнд ахын авсан багшийн маань зургийг надад дурсгаад “Энэ хүн ирээдүйд чиний багш болно” гэж билээ. Ерөөлөөр ч болсон. 1991 онд “Найргийн даага”-д орохдоо багшаасаа анх адис авч байлаа. Хожим 1996 оны хавар Пү ах бид хоёр Улаанбаатарт орж ирээд, төв Гандангаас хадаг, аяга, сүү тэргүүтнийг бэлтгэн гэрт нь бараалхаж, “албан ёс”-оор багш шавийн барилдлага тогтоосон юм. Гүрү багш маань хамгийн анх надад айлдсан сургаал бол “Эхлээд хүн бол. Хүний амьдрал гэдэг хүн болохын төлөөх тэмцэл. Оршихуйн гүнд бядаж, сэтгэлийн дотоод чинадаа сэрж мэдэр” гэхчлэн олон амь цогийг өгүүлж байжээ. Саяхан Цагаан сарын дараа багшдаа золгохдоо Пү ахын дурсгасан өөрийнх нь зургийг үзүүлсэн чинь “Хөө, хөө. Би чинь “зэрлэг” амьтан байжээ. Энэ зургийг удахгүй гаргах яруу найргийн номдоо оруулъя. Огт үзээгүй зураг байна” гэж олзуурхсан даа. “Цагаан морины домог” ном доторх “Бурхан” эссэдээ би багшийнхаа тухай сэтгэлийн өргөлөө оруулсан байдаг юм. Ирэх жил гаргах бүтээл маань багшийн маань надад өгсөн том үүрэг даалгаврын нэг тул ихэд зүрхшээн өөрийгөө сойж байна.

-Та сая өгүүлсэн зураач, яруу найрагч Б.Пүрэвсүрэн хэмээх сайхан хүний тухай “Хөхүй хааны дияанч” ном бичсэн. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-Тэнгэрт дэвшсэн тэр их хүмүүн миний ах ч, найз ч, багш ч байсан. Хөдөөгийн буйд сумын сурагч надад хот орны өөрчлөлт, Д.Урианхай, Б.Лхагвасүрэн, О.Дашбалбар нарын аваргуудын тухай, Францад үзэсгэлэн гаргасан зэргээ сонирхуулан ярьж, үзэл бодлоо хуваалцаж, өөхөн дэнгийн гэрэлд ноорхой дэвтэр дээрх шүлгийг минь задлан ярилцаж байсан сан. Оюутан болоод ирсэн хойноо бид хоёр хатуу дарсыг ханзлан, Хөхүйн оройд манан будан дунд ч алхаж.. Дэлгэр овоо хэмээх аглагт даяан хийж ахуйд нь огторгуйд маанийн үсэг байрлуулан бясалгацгааж, басхүү намайг хот руу хөөж туух “шийдвэрт” хүрсэн тухайгаа надад тулган хайрлаж явсан он жилүүд хойно улирчээ. Надаас түүх шалгаан, өөрийн сэцээр шавхуурдан, оршихуйн үндсийг цугтаа тэмтэрцгээж байлаа. Энэ бүхэн дээр өгүүлсэн номд цөм багтсан. Түүний Хан Хөхүй нутагтаа Лу жанжин гүнд зориулж суварга бүтээж, Чингисийн цагаан сүлдийг тахиж, Гандандаржаалин хийд юүгээн сэргээн байгуулж, баруун аймгууд хийгээд Гандантэгчэнлин, Амарбаясгалант хийдэд шашин соёлын олон үйлсийг цогцлоон бүтээснийг эдүгээ олон хүн хүндэтгэн дурсдаг. Тэр хувилгаан төрхтэй, бодь сэтгэлтэй, өвсөөр хад зором үнэнч нөхөрлөлтэй Засагт ханы хөх харчуулын нэг, Чингисийн цагаан сүлдэт Хан Хөхүйн Элжигэн эр байсан юм..

-Та “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийнхээ тухай хэвлэлд олонтаа ярилцлага өгсөн. Бас л асуумаар санагдлаа?

-“Тэнгэрийн хүү” жүжиг минь миний нэрийн хуудас. Хүмүүс, зэргийн нөхөд маань “Тэнгэрийн хүү”-гийн Цогнэмэх гэж дууддаг. Овог минь болчихсон хүндтэй бүтээл. Нөгөөтэйгүүр зөвхөн Чингисийн Монгол гэж 800 гаруй жилээр эх түүхээ тоймлодог байсныг бид хоёр гурван мянган жилийн түүхтэй ард түмэн гэдгийг тайзнаа тунхагласан амин бүтээл. Нүүдэлчдийн сонгодог төрт ёсыг үндэслэсэн догшин Модуныг их эзэн Чингис хааны адил дээд тэнгэрийн заяагаар, олон монгол хүний захиалгаар заларсан их хүн төдийгүй уярдаг, уйлдаг, энэрдэг ч, цаазалдаг ч, өөрийгөө ч, өрөөлийг ч золиослон байж төр улсаа төвхнүүлсэн нэгэн гэдгээр харуулсан. “Газар бол улсын үндэс” гэсэн алдарт үг нь уг жүжгийн үндсэн шугам юм. Өнөөгийн төрд үүрлэсэн авлига, хээл хахууль, урвалт, өшрөл, эх орноо худалдаж буй жигшүүрт үйл явдлыг ч тусгаж, “Монголчууд аа, сэрэмжлээрэй. Гараан алдлах газар нутаг, хөлөөн амраах эх оронгүй бол бид өт хорхойноос дор болъюу” гэдгийг сануулахаас гадна төрийн хүн, удирдагч байхыг “Хаан хүн гэдэг ард түмнийхээ зарц нь байхын нэр, харь дайсныхаа зүрхэнд нь хөвсөн мөс билээ” зэрэг Модуны үгүүдээр илэрхийлж, төрт ёс ямар байх ёстойг тусгасан. Та бүгд мэдэж байгаа шүү дээ. Өнөөдөр бидэнд Модун Шаньюй, их эзэн Чингис хаан хэрэгтэй байна. Энэ бурхад маань хуулийн дор бүгд шударга л байвал амар амгалан, аз жаргалтай байж болох нөхцөлийг, монгол хүн монгол хүнээ дээдэлдэг ертөнцийг бий болгосон юм. Энэ бүхэн “Тэнгэрийн хүү”-д нэвт шингэсэн.

-Та бол сүүлийн хэдэн жилийн наадмын хөтөлбөрийг бичиж, шинэхэн гавьяат, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчтай гар нийлж ажилласан уран бүтээлч. Энэ тухай мөн асууя?

-Паараа маань надад санал болгосны дагуу би “Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол”-ын ерөнхий зохиолчоор 2016 онд ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш 2017, 2018 онд ч гар, сэтгэл нийлж зүтгэсэн. 2019 онд Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл маань наадмын ёслолыг найруулах болж урьсны дагуу багт нь орсон. Бас 2018, 2019 оны “Төрийн их концерт”-ын зохиолчоор ч ажилласан. Их ч зүйл сурсан, судалгаа ч хийсэн. Туршлага ч хуримтлуулсан. Энэ бүхний эцэст би Монгол төрийн, Монгол хүний, Монгол үндэстний мөн чанар юу болохыг, элэг нэгтнүүддээ, харийн гийчдэд өв соёлынхоо аль гайхамшгийг толилуулбал зохистойг язгуураасаа мэдэрсэн шүү. Паараа бид хоёр нас чацуутнууд. Ертөнцийг үзэх үзэл, сэтгэлгээ, оюуны таалал, газар шороогоо эрхэмлэх нэг агаартай. Уран бүтээлийн эрэл хайгуулын мэтгэлцээн ихтэй хоёр. Бид “Тэнгэрийн хүү”-гээ уран сайхны кино болгох гээд цөөнгүй жил зүтгэж байна. Төр засагтаа ч хандсан. Дэмжлэг үзүүлнэ гэх хариу ч авсан. “Цогт тайж”, “Мандухай цэцэн хатан”-ы адил монголчуудын зүрх сэтгэлийг сэрээсэн, уран бүтээлийн чансааны хувьд дээд эрэмбийн зиндаатай бүтээл болно. XXI зууны монголчуудын шинэ идеалыг бий болгоно. Үүнд итгэж болно. Харин төр засгаас биднийг, манай туршлагатай уран бүтээлийн багийг хөрөнгө санхүү, бодлогын хувьд тууштай дэмжмээр байна. Өнө эртний түүхийг минь гадныхан өмчлөх уралдаанд орчихсон үед ийм дэлгэцийн бүтээл тун хэрэгтэй. Үр хойчсоо үндэсний үзлээр “өвчлүүлж”, өв соёл, эх түүхээр өлгийдөхгүй бол бид ирээдүйгүй. Үүнд Паараа бид хоёр гар атгалцан зүтгэж байна. Зарим хүний өнгөрсөн баларсан түүхээр юу хийх вэ. Ирээдүйгээ харъя гэж хоосон сүржигнэн сурталдахыг би ойлгодоггүй юм. Бахархалт түүх, өвөг дээдсээ эрхэмлэж, судалж, өв соёлоо залгамжилж байж гэрэлт ирээдүйгээ зурдаг юм шүү дээ. Бид хоёр энэ жил “Хаадын хаан” үндэсний сонгодог түүхэн жүжгээр их ойнууддаа өргөл болгон зориулж, үзэгчдэдээ бэлэг барих гэж байна.

-Та сэтгүүл зүйн бүтээлүүд, мөн жүжиг, өгүүллэг зэрэг үргэлжилсэн үгийн төрлөөр тэгш туурвиж байгаа. Нэгээс нөгөөд шилжин бичихэд ямар байх юм бэ?

-Уран бүтээлийн мөн чанар, оршихуйн чинадыг тэмтэрсэн минь нэг гялбаатай болохоор онцын бэрхшээлгүй. Гүрү багш Д.Урианхай бурхан маань анх шавиар ороход л “Нэг хэвээр бүү урс. Олон нүхээр шахагд. Уран зохиолын бүх төрлөөр бичиж өөрийгөө тэл. Сурч мэдсэнээ сайтар хувирган тээрэмд” гэсэн ёсоор явж байна. Би нийтлэл, ярилцлага, судалгааны өгүүллээс бүрдэх сэтгүүл зүйн хоёроос гурван боть ном гаргах бодолтой. Завдаж амжихгүй байна. Уран зохиол дотроо хэт “шатаад”, сэтгүүл зүйгээсээ хөндийрсөн тал байгаа. Гэхдээ нийгэм, улс төр, эргэн тойронд болж буй үйл явдал, гадны таагүй түрэлт, хүрээлэл намайг үзгээ шүүрэн авахад хүргэх нь бий. Сэтгүүл зүйн бүтээл бол түүхийн судалгааны үнэт эх сурвалж, баримт болон үлддэг. Тавин жилийн дараахь судлаачид эдүгээгийн бидний бичсэнийг харьцуулаад анализ хийж, тухайн үеийнхээ, дараагийн тавин жилийн ирээдүйгээ төсөөлөн зураглана. Сэтгүүлч гэдэг бол нийгмийн эрүүл мэндийн чагнуур мөн. Хувь хүний хэтэвч, хөшиг рүү хамаагүй өнгийх нь сэтгүүлч хүний ёс зүйд байж болохгүй гэж манай хэвлэлийн магнат, миний эрхлэгч Б.Ганболдын сургасан замаар өдийг хүрчээ. Одоо санах нь ээ, сонины зай талбайнаас хамааран нягт нямбай, богино бичиж, мэдээллийг боловсруулах, үйл явдлыг түгээх сэтгүүл зүйн ажлууд маань уран зохиол бичихэд маань их суурь болоод байдаг шүү. Өгөөж их ээ, сэтгүүлчийн амьдрал. Олон хүнтэй танилцана, оюун санааг тэлж өгнө. Өдөр тутмын сонины гал тогоонд гайгүйхэн чанагдвал нийгэм, түүхийг үзэх субьектив хандлагаас зайлсхийдэг болдог гэх үнэт чанаруудыг эзэмшдэг л дээ.

-Одоо утга зохиолд хэн хэнтэй ойр явж байна вэ?

-Та нарын шижгэр залуусаас эхлээд “Зүс бүгэг андууд”-ын ах нарын зэрэг олон уран бүтээлчтэй ойр явж байна. Ер нь найрагч, зохиолч заяанд өөрийгөө тушаасан бүхэн надтай ойр шүү дээ. Хөх тэнгэрийн дээвэр дор, бор газрын буйран дээр Монголоо гэсэн туурвигчид бүгд сэтгэлийн нэг тоонотой, оюун ухааны нэг бүслүүртэй, эх түүх, өв соёл гэсэн хос баганатай байж гэмээнэ Монголын хэмээх уран зохиолын их өргөөний ханыг шийрлэж, унийг өлгөлцөнө. Харин бид бие биенээ уншдаггүй, хамтардаггүй, бие биенээсээ суралцдаггүй. Хаа хүрэх нь манан будантай харагдана. Дэм дэмэндээ дэлхий рүү гарцгаах сан.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Байгалийн хийн хоолойн маршрутын дагуу агаарын, газрын тандалт хийх талаар хэлэлцэж байна

Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркeлов тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж байна.

Энэ удаагийн айлчлалаар байгалийн хийн хоолойн маршрутын дагуу агаарын, газрын тандалт судалгаа хийх, 2021-2022 оны нэгдүгээр улиралд багтааж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж батлах юм.

Хийн хоолойн төсөл хоёр орны хөгжүүлж буй иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлэхэд чухал үүрэгтэй төсөл учраас хоёр улсын төр, засгийн түвшинд өндөр ач холбогдол өгч буйг талууд уулзалтын эхэнд онцоллоо гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшинэ

Хотын дарга асан Э.Бат-Үүл Нийслэлийн АН-ын даргад нэр дэвших эрхээ авч, үнэмлэхээ гардлаа.

Дунд шатны дарга нарын нөхөн сонгуулийн санал хураалт энэ сарын 17-ны өдөр цахимаар болох бөгөөд 13 аймаг, 7 дүүрэгт нэр дэвшихээр хүсэлтээ гаргасан гишүүд үнэмлэхээ авч байгаа аж.

Хотын дарга асан Э.Бат-Үүл “Бидний үед хийсэн ажил зогсонги байдалд орсон. Тиймээс энэ бол миний нэр дэвших шалтгаан. Гэхдээ хамгийн гол дэвшиж байгаа шалтгаан нь Улсын Дээд шүүхийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас АН-ын дотор зөрчилтэй байдал үүссэн. Намын гол зүрх болсон нийслэлийн АН-ын даргад өөрийгөө дэвшүүлж, сунгаанд амжилт үзүүлбэл, намыг нэгтгэхэд хүчээ дайчлан ажиллана” гэлээ.

Дунд шатны нөхөн сонгуульд нэр дэвшигчид гуравдугаар сарын 15-ны 22:00 цаг хүртэл сурталчилгаагаа явуулж, 17-ны өдөр цахимаар санал хураалтад оролцох юм байна.

Categories
мэдээ спорт

Томас Бах ОУОХ-г 2025 он хүртэл удирдана

IOC буюу Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны 137-р чуулга уулзалтын эхний өдөр өчигдөр /2021.03.10/ цахимаар болжээ.

Олон улсын олимпийн хорооны одоогийн Ерөнхийлөгч, Герман улсын иргэн, 67 настай, хуульч Томас Бах тус байгууллагын Ерөнхийлөгчөөр 2025 он хүртэл гишүүдийн санал нэгтэй улиран сонгогдлоо.

Томас Бах өчигдрийн чуулганы үеэр хилийн чинадаас Японд ирж, Токиогийн олимпийг үзэх үзэгчдийн асуудлыг аль болох хурдан шийдэхээ дурджээ. Гэвч зохион байгуулагч Японы талаас хэчнээн үзэгчийг цэнгэлдэхэд оруулахыг зохицуулах аж.

ОУОХ-ны 137 дугаар цахим чуулганд оролцсон 94 гишүүний 93 нь Томас Бахыг ерөнхийлөгчид дэмжиж, нэг гишүүн түдгэлзсэн байна. Тус чуулганд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын бадминтоны холбооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож байна.

“Монреаль-1976” олимпийн наадмын туялзуур сэлэмний аварга Т.Бах нь Буэнос-Айрес хотноо болсон 2013 оны ОУОХ-ны сонгуульд Р.Каррион (Пуэрто-Рико), Сэр Мяан (Сингапур), С.Бубка (Украин) нарыг ялж, анх удаа ОУОХ-ны 9 дэх Ерөнхийлөгчөөр тодорсон түүхтэй. Тэрбээр ОУОХ-ны Дэд ерөнхийлөгчийн алба хаших үедээ 1999 онд Монгол улсад айлчилсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО – MNOC, INSIDETHEGAMES

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 146 иргэн эх орондоо ирнэ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 20:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор Япон, АНУ, Австрали, Өмнөд Судан, Папуа Шинэ Гвиней, Малайзаас нийт 146 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийн 1 нь өндөр настан, 4 нь жирэмсэн, 6 нь эрүүл мэндийн шалтгаантай, 96 нь хүндэтгэх үзэх бусад шалтгаантай иргэн байна.

Иргэдийг Парк, Би Жи, Альфа зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Аймаг, Нийслэлийн Засаг дарга нарын нэгдсэн уулзалт болж байна

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинарыг өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулж байгаа юм. Энэхүү уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр үг хэлж, үүрэг даалгавар өгснөөс гадна аймаг, нийслэлийн Засаг дарга нартай батламж байгуулж, албан тушаалын үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа. Мөн ИТХ-ын дарга нарт энгэрийн тэмдэг, албан тушаалын үнэмлэх гардуулсан юм.

Уулзалтаар аймаг, нийслэлийн Засаг дарга нар Ерөнхий сайдтай байгуулах батламжинд гарын үсэг зурж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, 2021 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх, Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулна.

Түүнчлэн уулзалт, семинарын үеэр салбарын сайд нар мэдээлэл хийхийн зэрэгцээ аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, санал хэлэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС