Categories
мэдээ цаг-үе

Баянхонгор аймагт дотуур байрны 24 сурагч хоолны хордлогод орж, эмнэлэгт хүргэгджээ

Баянхонгор аймагт дунд сургуулийн сурагчид хоолны хордлогод орж, эмнэлэгт хүргэгджээ.

Тодруулбал, өчигдөр буюу гуравдугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн дотуур байранд амьдарч байсан сурагчид хоолны хордлогод оржээ.

Одоогоор нийт 24 сурагч хордлого тайлах эмчилгээнд хамрагдаж байгаа ба тухайн өдөр сурагчдын идсэн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс дээж аван, лабораторид шинжилж эхэлжээ.

Энэ тухай Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхантай утсаар холбогдож тодруулахад “Гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн манай аймгийн Ерөнхий боловсролын сургуулиуд танхимын хичээлээ эхлүүлсэн. Шинэжинст сумын дунд сургуулийн дотуур байрны хүүхдүүд хордлогод орсон нь үнэн. Аймгаас мэргэжлийн хяналтын албаныхан очиж, шалгалт явуулж байгаа. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна гэсэн мэдээлэл авсан. Юунаас хордсоныг шалгаж тогтоох байх” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Ууганбаяр: Тусгаар тогтнолын ордонд халдвар гарсан гэдэг худал мэдээлэл

Тусгаар тогтнолын ордонд 66 хүнээс халдвар илэрсэн гэх мэдээлэл ташаа гэдгийг ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

Тэрбээр “Өчигдөр Тусгаар тогтнолын байрнаас 60 гаруй тохиолдол батлагдсан тухай мэдээлэл цахим орчинд тарсан. Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг хэлье.

Яг Тусгаар тогтнолын ордонд халдвар бүртгэгдээгүй бөгөөд халдвартай хүнтэй хавьтал болсон хүн түүгээр ороод гарсан тул Тусгаар тогтнолыг ордныг тусгаарлаж, халдваргүйжүүлэлт хийсэн юм” хэмээн өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тайлбарлав.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн эсрэг вакциныг жирэмсэн болон архаг өвчтэй хүнд хийхгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн эсрэг вакцин хийлгэх
боломжгүй нөхцөлүүдийг танилцууллаа. Тухайлбал, унаж татах өвчтэй, дархлал
дутмагшилтай, даавар эмчилгээ хийлгэж байгаа болон хорт хавдраар өвчилсөн
иргэдэд коронавирусийн эсрэг вакциныг хийх боломжгүй аж.

Categories
мэдээ цаг-үе

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан караоке, бааруудыг хаажээ

Үйл ажиллагаа нь нээгдсэн худалдаа үйлчилгээний газрууд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж байгаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн талаар мэдээллээ. Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгор

“Хоёрдугаар сарын 23-наас үйл ажиллагаа нь нээгдсэн хоол, нийтийн үйлчилгээний 3,000 орчим ААН-д НМХГ-ын алба хаагчид давхардсан тоогоор 8,300 удаагийн хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлжээ.

Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гуравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд хоол, нийтийн үйлчилгээний 1175 ААН, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд 668 зөрчил дутагдал илэрснээс 343-ыг нь газар дээр нь арилгуулсан байна.

Тус өдрүүдэд нийтлэг илэрсэн зөрчлүүдээс дурдвал:

  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт QR код байршуулаагүй, уншуулдаггүй -45 ААН, байгууллага
  • Гаднаас орж ирж байгаа үйлчлүүлэгч болон ажиллагсдынхаа халууныг хэмжиж, тэмдэглээгүй зөрчил- 118 ААН, байгууллага
  • Үйлчилгээний танхимын ширээ хоорондын зайг хоёр метрээс доошгүй, ширээнд суудал алгасаж суухаар тооцон тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй- 66 ААН,
  • Тусгай өрөө /VIP/, караокены өрөөний талбайн багтаамжийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож үйлчлүүлээгүй -27 ААН
  • Микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч тус бүр дээр солих, үйлчилгээний дараа микрофон, дууны цэсийг цэвэрлэх, халдваргүйжлүүлээгүй- 16 ААН
  • Хэрэглэсэн аяга, таваг, хэрэгслийг гурван дамжлагат угаалгаар зааврын дагуу угааж, халдваргүйжүүлсний дараа хэрэглээгүй -11 ААН

Мөн тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан караоке бааруудын үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон” гэв.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: 103 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 3664 боллоо

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгальмаа “Сүүлийн хоногт 19341 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 103 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 3664 болж байна.

Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдлээ. Шинээр батлагдсан 103 тохиолдлын 92 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 11 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Сүүлийн хоногт 60 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2907 боллоо.

Өнөөдрийн байдлаар нийт 740 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 692 хүндэвтэр 41, хүнд 5 , маш хүнд 2 хүн байна” гэв.

Categories
гадаад мэдээ

Жингийн илүүдэлтэй хүүхдүүдийг асрамжийн газарт шилжүүлэх шийдвэр гаргажээ

Английн баруун Сасикс мужийн шүүх саяхан нэгэн айлын жингийн хэт илүүдэлтэй өсвөр насны хоёр хүүхдийг гэр бүлээс нь салгаж, асрамжийн газарт шилжүүлэх шийдвэр гаргажээ. Орон нутгийн нийгмийн ажилтнууд тэдний эрүүл мэндэд санаа зовж, олон арга хэмжээ авч байсан гэнэ.

Тухайлбал, биеийн жингээ хянах Fitbit зүүдэг төхөөрөмж болон фитнесст явах эрхийн бичиг ч өгч байж. Мөн хүүхдүүдийн эцэг, эхийг сургалтад хамруулж, тэдэнд зөв амьдралын дадалд сургах, эрүүл хооллолттой холбоотой зөвлөмж олгохыг үүрэгдсэн байна. Тодорхой хугацаанд ажиглалт явуулсан ч үр дүнгээ өгөөгүй байна.

Эцэст нь аргаа барсан тэд шүүхэд хандсанаар тэдгээр хүүхдүүдийг асрамжийн газарт шилжүүлэх шийдвэр гаргасан байна.

Энэ нь анхны тохиолдол бус аж. 2012 онд Уэльсийн Ньпорт хотын зөвлөлөөс 65 кг жинтэй таван настай охиныг мөн гэр бүлээс нь салгаж, асрамжийн газарт өсгөх шийдвэр гаргаж байсан удаатай.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ цаг-үе

Коронавирусийн халдвар тархах эрсдэл бүхий хороод

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний баг “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдлуудыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагын тооцоолж байгаа билээ. Тус багийн тусгай аргачлалаар тооцоолж гаргасан халдвар тархах магадлалтай хороодыг танилцуулж байна. Үүнд,

  • Баянгол дүүргийн 2, 3, 5, 6, 7, 11, 19, 20, 24, 25 дугаар хороо,
  • Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 6, 8, 12, 14, 15, 16, 18, 19, 22, 25, 26 дугаар хороо,
  • Чингэлтэй дүүргийн 2, 3, 4, 6, 8, 9, 13, 16, 18, 19 дугаар хороо,
  • Сүхбаатар дүүргийн 2, 3, 6, 9, 11, 15 дугаар хороо,
  • Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 4, 6, 7, 10, 11, 12, 15, 16, 17, 18, 19, 20, 21 дүгээр хороо,
  • Сонгинохайрхан дүүргийн 2, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 15, 16, 18, 19, 20, 26, 27, 29, 30, 33, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдвар илрэх магадлал өндөр гэж гарчээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
гадаад мэдээ

Европын орнууд АстраЗенека вакциныг хэрэглэхийг зогсоожээ

Дани, Исланд, Австри, Норвеги, Итали, Литва, Латви, Эстони, Люксенбург зэрэг улсууд өчигдөр (2021.03.11) АстраЗенека болон Оксфордын их сургуулийн хамтран боловсруулсан Covid-19-ийн эсрэг вакциныг аюулгүй байдлын үүднээс түр хугацаагаар хэрэглэхийг зогсоолоо.

Дани улсад энэхүү вакциныг хийлгэсэн хэд хэдэн хүнд цусны бүлэгнэлийн шинж тэмдэг илэрч, нэг хүн нас барсан бол Итали улсад хоёр хүн АстраЗенека вакцины хоёр тун тариулсныхаа дараа цусны бүлэгнэл оноштойгоор нас барсан учир Данийн Эрүүл мэндийн яам энэхүү вакциныг тодорхойгүй хугацаагаар хориглосон байна. Үүний дараа бусад улсууд ч тодорхойгүй хугацаагаар дээрх вакцины хэрэглээг зогсоосон юм.

Европын Эмийн агентлаг АстраЗенека вакцины талаар судалгаа, шалгалт явуулж эхэлсэн ч гишүүн орнууддаа үргэлжлүүлэн хэрэглэж болно хэмээн мэдэгдсэн бол Их Британийн зүгээс дээрх мэдээллийг эрс няцаан, тэдгээр хүмүүсийн цус бүлэгнэсэн гэх асуудал нь вакцинтай ямар ч холбоогүй хэмээн мэдэгджээ. Дээрх мэдээллийн улмаас “АстраЗенека” компанийн хувьцаа огцом унажээ. “АстраЗенека”-гийн вакцин нь ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон хоёр вакцины нэг юм.

Categories
гадаад мэдээ

Хятад улс ирэх таван жилийн төлөвлөгөөгөө баталжээ

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал (БХАТИХ) пүрэв гаригт өндөрлөлөө. 13 дахь удаагийн сонгуулийн БХАТИХ-ын дөрөвдүгээр чуулган нийслэл Бээжинд энэ сарын 5-нд эхэлсэн. Тус хурлаар төлөөлөгчид үндэсний нийгэм, эдийн засгийн хөгжлийн 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө, 2035 он хүртэлх хөгжлийн зорилтуудыг тус тус баталжээ. Мөн 2021 онд хүн амын амьдралын сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх, бэхжүүлэхэд түлхэц өгөх хөтөлбөрийг дэмжлээ. Тодруулбал, Хятадын хууль тогтоогчид шинэ таван жилийн төлөвлөгөөндөө анх удаа ДНБ-ий өсөлтийн тодорхой тоо заагаагүй байна. Мөн өсөлтийн доод хязгаараас бууруулахгүйгээр жил бүр тодорхой нөхцөлүүдийг үндэслэн зорилтуудыг тавихаар болжээ.

Энэ удаагийн төлөвлөгөөндөө дотоодын эдийн засгийн нөхцөлийг сайжруулах, үндэсний аюулгүй байдлын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх, хүнс, эрчим хүч, санхүүгийн аюулгүй байдлыг хангах зохицуулалтыг бий болгоход чиглэсэн хөгжлийн аюулгүй байдлын тусгай хөтөлбөрийг оруулах юм. Мөн хот суурин газрын ажилгүйдлийн түвшинг 5.5 хувиас хэтрүүлэхгүй байх, хот суурин газрын оршин суугчдын тоог нийт хүн амын 65 хувьд хүргэхээр зорьж байгаа аж. Түүнчлэн ногоон эдийн засгийг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний салбарын төсвийг долоон хувиар нэмэгдүүлэх, Бүс ба зам санаачилгыг илүү өргөжүүлэн тэлж, сурталчлах зэрэг зорилтуудыг тавьжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улс ирэх жилүүдэд цар тахлын дараах сэргэлтээр дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгална хэмээжээ.

БХАТИХ энэ удаагийн чуулганаар Хонконгийн сонгуулийн тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг боловсруулах тухай тогтоолыг баталсан байна. Энэ тухай асуудлыг хурлын сүүлийн өдөр хэлэлцсэн агаад санал хураалтыг телевизээр шууд дамжуулсан байна. Хуралд 2896 төлөөлөгч оролцсоны нэг нь түдгэлзсэн байна. Дээрх хуулийн төслийг БХАТИХ-ын Байнгын хороо боловсруулж, Хонконгийн Үндсэн хуулийн 1, 2 дугаар хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах юм. Үүний дараа Хонконгийн Засгийн газар орон нутгийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах ёстой юм байна. Тодруулбал, шинэ тогтолцоо нь “Хонконгийн эх оронч засаглал” -ын зарчмыг хангахад чиглэгдэх аж. “South China Morning Post” сонины онцолсноор Хятадын эрх баригчид Хонконгийн парламентын гишүүдийн тоог одоогийн 70-аас 90 болгож нэмэх гэнэ. Мөн засаг захиргааны тэргүүнийг сонгодог сонгогчдын коллегийн 1200 гишүүнийг 1500 болгож өргөжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ цаг-үе

Өчигдөр 19643 хүн дархлаажуулалтад хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд өчигдөр буюу гуравдугаар сарын 11-ний өдөр 672 эмч, ажилтны бүрэлдэхүүнтэй 93 баг дархлаажуулалтын 44 цэгт ажиллалаа. Цэгүүдэд үйл ажиллагааг нь зогсоохгүй, тогтвортой ажиллуулах шаардлагатай төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагчдыг хамруулж, 15 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөөд байсан юм. Тэгвэл өчигдөр нийслэлийн хэмжээнд ажилласан 44 цэгт 19643 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна.

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлд нийт 67489 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС