Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл аймгийн Ханх суманд 5.1 магниутын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Долоон-Уул, Хөвсгөл нуурт өнөөдөр (2021.03.12) 15.05 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ газар хөдлөлт Ханх, Мөрөн зэрэг сумын иргэдэд хүчтэй мэдрэгдсэн байна.

Тус аймгийн Ханх сумаас 35 км газарт хоёр сарын өмнө (2021.01.12) 05.32 цагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар хотын зарим хэсэгт мэдрэгдсэн билээ.

Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтэн Ч.Батсайхан “Хөвсгөл аймгийн Ханх сумаас 35 км газарт 05.32 цагт 6.5 магнитудын газар хөдөллөө. Хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар хотын олон газар мэдрэгдээд байна. Нийслэлд ойролцоогоор 3 баллыг хүчтэй газар хөдөллөө. Мөн Хөвсгөлтэй залгаа аймгуудад чичиргээ мэдрэгдсэн. Хөвсгөл аймгийн Их-Уул суманд гэхэд 4-5 магнитудын газар хөдлөлт мэдрэгдсэн. Тус аймагт одоогийн байдлаар 40 удаа хүчтэй газар хөдлөлт боллоо. Өмнө нь 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт 1991 оны арванхоёрдугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол орчимд болж байсан. Энэ удаагийн газар хөдлөлт голомтдоо 9 баллаар мэдрэгдэх ёстой. Хэрэв тэр хэсэгт барилга, байшин барьсан бол нурах аюултай” гэж мэдээлж байв.

Categories
мэдээ цаг-үе

Ломбардууд зардлаа нөхөх боломжгүй болсноор хорин хувь нь хаалгаа барьжээ

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний сарын хүүг 3%, алдагдлыг 0.2%-аас хэтрэхгүй байхаар заасан.

Энэхүү шийдвэр нь дээрх бизнес эрхлэгчдийг алдагдалд оруулж байгаа тул хүчингүй болгохыг шаардан Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн холбооноос дараах шаардлагыг хүргүүлжээ.. Шаардлагад:

  1. Үндсэн хуулийн 19.2 заалтыг зөрчсөн тул Үндсэн хуулийн цэцэд хандаж тус хуулийг хүчингүй болгуулах. Учир нь онц болон дайны байдал зарлаагүй нөхцөлд хүний эрх зөрчсөн, компаниудын үйл ажиллагааг алдагдуулсан хуулийг цар тахлын үед авах онцгой нөхцөл байдал гэдэг шалтгаанаар баталсныг эсэргүүцэж байна.
  2. Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтууд зөрчиж байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/ын үндсэн чиг үүргийнх нь эсрэг үйл ажиллагаа явуулах үүрэг даалгаврыг УИХ-аас өгчээ. Учир нь ШӨХТГ нь аж ахуйн нэгжийн эрхийг хамгаалах ёстой байгууллага атал дээрх хуулийн хэрэгжилтийн хянах, биелүүлээгүй тохиолдолд торгох, шийтгэх байгууллага болоод байна. Иймд хуулиар хүлээсэн өөрийн үүргээ биелүүлж ажиллах боломжийг олгохыг шаардаж байна.
  3. Иргэний хуулийн дагуу зээлдэгчийн эрх ашгийг хамгаалж, хүүг багасгах ёстой атал уг хуулийн зүйл заалтыг үгүйсгэсэн хууль баталсан тул хэрэгжих боломжгүйг бодолцон Иргэний хуульд нийцүүлэн арга хэмжээ авах
  4. Энэхүү хуулиас болж алдагдалд орсон, үйл ажиллагаа нь хаагдсан барьцаалан зээлдүүлэх газруудад нөхөн олговор олгох
  5. Төр аж ахуйн нэгжүүдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээх, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагыг тавьж байна” гэв.

Мөн “Ломбард нь Монгол Улсын бүх хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа явуулдаг. Санхүүгийн зах зээлийн нэг хувьд ажилладаг тоо бий. Ломбард хаагдсанаар хар зах зээл, далд эдийн засаг нэмэгдэж, хулгайлах гэмт хэрэг өсдөг тоо баримт байдаг бөгөөд үүнийг шийдэх гарц нь ломбард байдгийг олон улсад судлан гаргасан бөгөөд хууль эрх зүйн орчныг нь сайжруулан, стандартыг тогтоон ажиллуулдаг” гэв.

Зах зээлд 1,000 гаруй ломбард үйл ажиллагаа явуулж байсан бол зардлаа нөхөх боломжгүй болсноор 20 хувь буюу 200 гаруй нь хаагджээ.

Categories
гадаад мэдээ

Японд Засаг даргад нэр дэвшигч Жокерын дүрд хувирч, сонгуулийн сурталчилгаагаа хийжээ

Японы Чиба аймгийн засаг даргын суудлын төлөө өрсөлдөж буй Юүсүкэ Кавай сурталчилгаандаа Жокерын дүрийг ашиглажээ.

Тодруулбал, “Чиба аймгийг мөрөөдөл, ид шидийн орон болгоё” намын гишүүн Юүсүкэ Кавай удахгүй тэтгэвэрт гарах гэж байгаа аймгийн засаг дарга Кенсакү Моритаг залгамжлахаар төлөвлөж, сурталчилгааны ажлаа эхлүүлсэн байна.

Тэрбээр сурталчилгааны кампанит ажлынхаа хүрээнд дуу гаргаж, Токио хотын гудамжинд бүжиглэж буй клипээ цахим орчинд цацжээ. Түүний энэхүү өвөрмөц сурталчилгаа олон хүний анхаарлыг татаж, зарим залуу сонгогч аль хэдийн шийдвэрээ гарган түүнийг сонгохоо илэрхийлсэн байна. Мөн тэрбээр “Алиалагч өмнө нь сөрөг талын дүр байсан ч өдгөө баатар болон мандах хандлага гарч эхэлсэн байна. Би нийт ард иргэдийн массыг төлөөлөх гэж энэ аргыг сонгосон юм” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Ариунболд: Хэвлэлээр мэдээлсэн хэргүүдийг шуурхай шийдэх ажлын хэсэг байгууллаа

Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас өнөөдөр (2021.03.12) мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус газрын хэлтсийн дарга Ц.Ариунболд мэдээлэхдээ “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэргүүд удаан шалгагдаж байна. Үүнд хууль хяналтын байгууллагын албан тушаалтнууд оролцлоо гэх мэдээлэл гарсан.

Монгол Улсын Ерөнхий прокурор өнөөдөр тушаал гаргаж, ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн хэргүүд болон одоо мөрдөн шалгах байгууллагаар шалгагдаж байгаа, хууль хяналтын байгууллагын ажилчид холбогдсон хэргүүдийг хянаж, түргэн шуурхай шийдвэрлэхээр боллоо.

Энэ ажлын хэсэг хэргүүдийг судалж, орон нутгийн прокурорын байгууллагуудад чиглэл өгч ажиллана. Шаардлагатай зарим нэг хэргийг татан авч, хянаж шалгана. Энэ ажлын хүрээнд гомдол гаргагч, хяналт тавьж буй мөрдөгчид, иргэдээс тайлбар авахаар төлөвлөж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирдэг асуултын хариултууд

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. Гуравдугаар сарын 11-ний өдөр иргэдээс нийт 293 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.41 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 27 иргэн хандсанаас гурван иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 24 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 59 буюу 20.1 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын утас, хаяг, байршил, үзүүлж буй үйлчилгээний талаар, 56 буюу 19.1 хувийг шинжилгээний цэгүүдийн хаяг, байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг хэрхэн захиалах, вакцинаар дархлаажуулах үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэлж байна.

Иргэдийн 1800-1200 тусгай дугаарт холбогдон, түгээмэл асууж байгаа асуултад хариулт өгье.

-Коронавирусийн эсрэг вакциныг заавал хийлгэх ёстой юу?

-Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Вакцин хийлгэснээр таныг “Ковид 19”-өөс өвдөхөөс хамгаална. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс хамгаалах, мөн ойр дотны хүмүүсээ халдвар авахаас сэргийлэх ач холбогдолтой.

-Хүүхдэд коронавирусийн эсрэг вакциныг хийх үү?

-Үгүй. Одоогоор хүүхдэд вакциныг хэрхэн хийх талаар эмнэлзүйн туршилт судалгаанууд хийж эхэлж байгаа.

-Вакцин хийлгэснээр биед ямар нэгэн зовуурь илрэх вэ?

-Вакцин хийлгэсний дараа гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх шинжүүд илэрч болно. Эдгээр нь 1-2 өдөрт аяндаа зүгээр болно. Ийм шинжүүд илрэх нь та өвчний халдварыг авсан гэсэн үг биш. Харин эдгээр шинж тэмдэг нь таны биед халдвараас сэргийлэх дархлаа бий болж байгааг илтгэнэ. Хэрэв танд эдгээр шинж тэмдэг арилахгүй олон хоног үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Согтуурсан үедээ цахилгаан шатанд гацсан эмэгтэйчүүдийг эсэн мэнд гаргажээ

Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “Залуус” хороололд цахилгаан шатанд гацсан согтуу эмэгтэйчүүдийг эсэн мэнд гаргасан байна. Тус хорооллын 48/В байрны дөрөвдүгээр давхарт цахилгаан шат гацсаны улмаас хүн унах гэж байна гэх дуудлага өнгөрсөн шөнө 01:40 цагийн үед бүртгэгджээ. Энэ дагуу Онцгой байдлын алба хаагчид очиж, согтуурсан үедээ цахилгаан шатанд гацсан 35, 37 настай эмэгтэй Я, Б нарыг эсэн мэнд гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулах хүсэлтийг хүргүүллээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн яаманд хандан коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараас нэн түрүүнд хамрагдах стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч аж ахуй нэгжийн ажилтнууд болон тээврийн жолооч нарын судалгааг хүргүүлээд байна.

Зарим томоохон аж ахуйн нэгжүүд бүх ажилчдаа халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул яамны зүгээс аж ахуй нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр вакциныг худалдан авч хийлгэхийг зөвшөөрөх эсэх талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос чиглэл авах албан тоотыг хүргүүлээд байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгчийн сонгуулиар 100 хувь хяналтын тооллого хийнэ

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан болж, Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд мөрдөгдөх зарим журам, зааврыг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал авах ажиллагаа дууссанаас хойш санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсуудыг төхөөрөмжийн дүнтэй тохирч байгаа эсэхийг нягтлах зорилгоор сонгуулийн бүх хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийх зохицуулалт шинээр орсон. Хяналтын тооллогыг санал хураалт дууссаны дараа эхлүүлж, завсарлагагүйгээр явуулж дуусгана. Гар тооллогын ажиллагааг зохион байгуулагчид буюу хэсгийн хорооны гишүүд нэг удаагийн зориулалт бүхий бээлий, богино ханцуйтай цамц өмсөх ба хяналтын тооллогын үйл ажиллагааг бүхэлд нь хяналтын камерт буулгаж баталгаажуулах юм.
“Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээ хийх заавар”-ыг баталлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэхүү зааврыг боловсруулахдаа сонгогчийн хуруун дээр тэмдэглэгээ хийхдээ эрүүл ахуйн зохих шаардлага хангасан халдвар хамгааллын дэглэм баримтлах, тэмдэглэгээ хийх дараалал, хадгалалт, хамгаалалт, хариуцлагын талаарх зохицуулалтыг оруулжээ. Бэхэн тэмдэглэгээ хийх боломжгүй буюу хөгжлийн бэршээлийн улмаас гарын хуруунд тэмдэглэгээ хийх боломжгүй бол энэ талаар тэмдэглэл хөтлөх юм. Тэмдэглэгээ хийх бэхийг хүний биед болон гадна орчинд хоргүй болох талаар мэргэжлийн байгууллагуудад хандан баталгаа, дүгнэлт гаргуулна.
Өнөөдрийн хуралдаанаар сонгууль ажиглах журмыг шинэчлэн баталж, сонгууль ажиглаж байгаа бүх ажиглагчид ёс зүйн дүрэм мөрдөн ажиллахаар болов. Журамд сонгуулийн санал авах ажлын явцыг цахимаар болон хяналтын камераар ажиглах зохицуулалтыг тусгалаа.
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
Categories
мэдээ цаг-үе

Н.Энхбаяр: С.Ганбаатар бидэнтэй зөвлөлдөлгүйгээр Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэж мэдэгдсэн

Өнөөдөр МАХН-аас хууль шүүхийн байгууллагын ажилтнуудын ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцуулах талаар мэдээлэл хийх үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр С.Ганбаатарын талаар байр сууриа илэрхийллээ.

Н.Энхбаяр “С.Ганбаатар бол улстөрийн хүчний хувьд хэлсэндээ байх зарчим баримталдаг гэдэг. Гэтэл УИХ-ын сонгуулийн дараа С.Ганбаатар бидэнд мэдэгдэлгүйгээр ярилцлага өгч, ирэх дөрвөн жил зөвхөн Эрдэнэтчүүдийнхээ төлөө ажиллана, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гээд мэдэгдчихсэн. Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр бүрэлдсэн УИХ-ын бүрэн эрхийг нээхээс өмнө УИХ-д суудалтай намын дарга болон гишүүдийг хүлээж авч уулзсан.

Энэ үеэр С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ дахин хэлээд нутгийн ах Х.Баттулга Ерөнхийлөгч таныг дэмжиж ажиллана хэмээн надтай зөвлөхгүйгээр мэдэгдчихсэн. Бас нэг зүйл хэлсэн. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Х.Баттулга танд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэж амлаж байсан. Гэтэл МАХН-ынхан нэр дэвш гэсээр байгаад дэвшүүлсэн. Тиймээс таниас уучлалт гуйж байна гэсэн. Тухайн үед Х.Баттулга ийм яриа болсон нь үнэн. Гэхдээ С.Ганбаатар нэр дэвшиж байж, МАН-ын саналыг хувааж байж сонгуульд амжилттай оролцох нөхцөл бололцоо бүрдсэн юм. Тиймээс МАХН-д баярлаж байгаагаа илэрхийлж байсан.

Би бол хоёр хүн хоорондоо ярьж улстөр хийх нь зохимжгүй гэж үздэг. Үүнийг өөрчлөх ёстой. Гэтэл сүүлийн үед С.Ганбаатар нэр дэвших ч юм шиг зүйл ярих болсон. Уг нь намынхантайгаа зөвлөлдөөд Х.Баттулга Ерөнхийлөгчид хэлж байсан үгнээсээ буцсан шүү эсвэл бид хоёрын хооронд бас нэг яриа болсон. Намайг дэвш гээд байгаа ч гэдэг юмуу ний нуугүй ярьвал ойлгох байсан” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Танхимаараа гаргасан шийдвэрүүд нь Л.Оюун-Эрдэнийг хуулийн хариуцлага хүлээхэд хүргэж болзошгүй

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдэгдэл хийлээ. Тэрээр

“Эргэн сануулахад Ж.Эрдэнэбатын толгойлж байсан Засгийн газар танхимаараа шийдвэр гаргасныхаа төлөө Ж.Эрдэнэбат шоронд орсон. Үүнээс сэргийлэхийн тулд Захиргааны ерөнхий хуулинд өөрчлөлт оруулж, танхимын шийдвэрийг шүүх хэлэлцэхгүй байх заалтыг оруулахгүй бол Л.Оюун-Эрдэнэ дараа нь асуудалд орно гэдгийг анхааруулмаар байна. Монгол Улсын эдийн засагтай холбоотой томоохон төсөл, хөтөлбөрийг УИХ хэлэлцэж шийдэх бүрэн эрхтэй. Уг эрхийг цар тахлын хууль нэрийдлээр Засгийн газар авчхаад хуулийн асуудалд орох вий гэдгээс болгоомжилж байна. Цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэл бол АН, МАН гэлтгүй бүх нийтийн асуудал. Тиймээс 10 их наядын хөтөлбөрийг УИХ-д оруулж ирвэл асуудлыг нь хэлэлцэж дэмжинэ. Эцэст нь хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ ээ, 5.1 их наяд төгрөгийн цар тахлын төсвөөс 2.4 их наяд төгрөг нь л ил болсон. Үлдсэн 2.7 их наяд төгрөг нь тодорхой бус байгаа. Би үүнийг нэхэл хатуутай шаардах болно гэдгийг хариуцлагатай мэдэгдье” гэлээ.