Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан бич өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 13, Санчир гариг. Билгийн тооллын 30, Шувуун хошуут одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 7:09 цагт мандан, 18:54 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УОК “28 хоног хөл хорио тогтооё” гэсэн ЭМЯ-ны саналыг дэмжсэнгүй

Эрүүл мэндийн яамнаас зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэгт гаргажээ.

Ковидын халдварыг хумих ажлын хүрээнд зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Улсын онцгой комиссын даргад уламжилсан бөгөөд энэ саналыг дэмжээгүй байна.

Цар талын үeийн шар буюу хоёрдугаар зэрэглэлд дагаж мөрдөх түр журмын хүрээнд зарим үйл ажиллагааг нэмэлт зохицуулалтаар зохион байгуулахаар заасан. Энэ дагуу хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж танилцуулахыг Шадар сайд холбогдох албаныханд даалгалаа.

Өчигдрийн 19 цагийн байдлаар 16481 иргэнийг вацкинжуулсан бөгөөд энэ хүрээнд нийт 80 мянга гаруй иргэдийг хамруулжээ. Ирэх долоо хоногт 50-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулж эхэлнэ.

УОК-ын Шуурхай штабаас ковидын цар тахлын голомтыг илрүүлэх ажлын хүрээнд эрсдлийн үнэлгээ хийсэн талаар танилцууллаа. Эрсдлийн үнэлгээгээр буяны ажилд оролцож байгаа иргэдээс голомтод халдварууд нэмэгдэж байгаа нь тогтоогдсон учраас оролцож буй хүний тоог цөөлөх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлагатай байгааг хэлсэн гэдгийг УОК-оос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 12-14 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Categories
мэдээ

Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргууд

Хүнд хамгийн ихээр таашаал өгдөг зүйл бол шинээр сэтгэж, түүнийгээ бүтээх явдал байдаг. Гэвч өдөр тутмын ажил амьдралдаа түүртэж, нэгэн хэвийн хэмнэлд орох тутам бидний бүтээлчээр сэтгэх хаалга хаагдаж байдаг. Тэгвэл бүтээлч сэтгэхүйгээ ажил, амьдралынхаа хажуугаар хэрхэн хөгжүүлэх талаар суралцья.

Бүтээлч чанар нь зохион бүтээх чадвар, шинэлэг байдал, аливааг өөр өнцгөөс харах чадвар болоод ойлголтуудыг өвөрмөц аргаар нэгтгэх чадваруудын цогц шинж юм.

Бүтээлч хүмүүс шинэ боломжуудыг эрэлхийлдэг эсвэл асуудал шийдвэрлэхдээ нэгээс илүү шийдлийг олж харах чадвартай байдаг.

Уламжлалт хандлагаар бүтээлч байдал бол тодорхой бүтэцгүй, ямар нэг хэв загвар, дүрэмд баригддаггүй гэж тодорхойлдог. Энэ хүрээнд “Brainstorming” бүлэгүүд бий болж, оролцогчдыг шинэлэг, “галзуу” санаануудыг төрүүлж, бодож олохыг нь дэмжин ажилладаг. Чухал нээлт хийхийн тулд “хайрцагнаас гадна” сэтгэхийг уг бүлгүүд урамшуулж өгдөг байна. Мэргэжилтнүүдийн зөвлөж буй өөр нэг ойлголт бол бусад хүмүүсийн хийснийг хуулбарлаж эсвэл даган дуурайж байснаас тухайн салбарын дүрэм журмыг эвдэж, дахин тодорхойлох хэрэгтэй гэсэн санаа юм.

Бүтээлч байдал ба Сэтгэл санаа:

Бүтээлч байдал болон сэтгэл санаа хоорондоо холбоотой.

Судалгаагаар сэтгэл санааны байдал сайхан байхын хэрээр бүтээлч байдал нэмэгддэг.

Туршилтын явцад сэтгэл санааны түвшин эерэг байхын хэрээр “дивергент сэтгэлгээ”-ний даалгаварууд дээр өндөр оноо авч байжээ. Асуудлыг шийдвэрлэх явцад бэрхшээлтэй тулгарахад бид гунигтай, ууртай, бухимдсан байдалд орох нь амархан байдаг. Тиймээс “түр завсарлага” авах нь үр дүнтэй.

Ийм үед таны сэтгэл санааг өргөх хөгжилтэй үйл ажиллагаанд оролцож яагаад болохгүй гэж. Сэргэж, хүч чадал орсоныхоо дараа асуудал шийдвэрлэх үйл явц илүү амжилттай болно.

Бүтээлч байдлыг хөгжүүлэх зөвлөмжүүд:

  • Асуудлыг шийдэх үед чөлөөтэй сэтгэ, шүүмжлэлт бус хандлагаар ханд.
  • “Бүтээлч урлагийн тэнгэр” хэзээ гэнэт тань дээр зочлохыг та мэдэхгүй. Тэмдэглэл хөтлөх бэлэн байдалтай байж, санаа төрмөгц цаасан дээр буулга.
  • Сэтгэл санаа тань тавгүй байвал гадагш гар, гүй эсвэл бүжиглэ. Бүх биеийн хүч шаардсан үйл ажиллагаа, дасгалууд сэтгэлгээнд тустай. Учир нь тархинд эндорфин (аз жаргалын гормон) ялгардаг.
  • Тархины үйл ажиллагаанд саад болох мансууруулагч бодисоос татгалз. Нэн ялангуяа депрессантууд (сэтгэл гутралын эсрэг эм, бэлдмэл).
  • Шинэ зүйлд байнга суралцаж, оюун ухаанаа хөгжүүл. Өөрийг тань сорих үйл ажиллгаануудыг туршаад үз. Бүтэлгүйтлээс бүү ай. Бүгд л танд тустай.
  • Таныг амьд гэдгийг мэдрүүлэх үзэл бодол нэгтэй хүмүүстэй холбогд.
  • Инээд хөөрийг бий болгох арга замыг олж илрүүл.
  • Сэтгэл сэргээсэн, зоригжуулах дуу хөгжмийг олж сэтгэл санаагаа дээшлүүл.
  • Стрессээс ангижар. Бясалгал хий. Агаарт гар. Тархиндаа “альфа долгион”-ыг ялгаруул. Энэ долгион нь тайван түвшинд үүсдэг ба бүтээлч байдлын дохио
  • Зүүдний тэмдэглэл хөтлө. Олон агуу санаанууд зүүдэнд орж ирдэг.


Categories
мэдээ цаг-үе

Зургаан дүүргийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудад 464 сая төгрөгийн нэмэгдэл олгожээ

Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/172 тоот тушаалаар коронавируст халдварыг илрүүлэх, тандах “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаанд ажилласан нийслэлийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн илүү цагийн хөлсийг зохих ёсоор тооцож, нийт 776.7 сая төгрөгийг олгохоор баталсан билээ.

Өнөөдрийн байдлаар, төвийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажлын гүйцэтгэлийн дагуу 464.3 сая төгрөгийг олгосон байна.

Мөн Чингэлтэй, Баянзүрх, Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийг хүлээн авч 303.2 сая төгрөгийн санхүүжилтийг олгоход бэлэн болжээ.

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан тус үйл ажиллагаанд Өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн 2,000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилласан гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

УОК-ын Нарийн бичгийн даргаар ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан томилогдлоо

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар томилогджээ.

Түүнийг цар тахлын аюулаас сэргийлэх 10 сарын хугацаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтран үр дүнтэй ажилласан, хөл хорио тогтоож, хэв журмыг сахиулах ажлыг гардан гүйцэтгэсэн туршлагатай гэж үзэн, ЦЕГ-ын дэд даргаас Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар шилжүүлэн томилох шийдвэрийг Шадар сайд гаргасан байна.

Хурандаа Ж.Амгалан нь 1991-2014 онд цагдаа, дотоодын цэргийн байгууллагад албаны офицер, мэргэжилтэн, ахлах офицер, хэлтсийн дарга, Дотоодын цэргийн штабын орлогч дарга, ЦЕГ-т албаны дарга, ЦЕГ-ын дэд даргаар тасралтгүй ажиллажээ.

Categories
мэдээ цаг-үе

Сүхбаатар аймагт хээрийн түймэр гарч, 750 га талбай шатжээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн “Улаан хужирын нуруу” гэдэг газар өчигдөр хээрийн түймэр гарч, 750 га талбай шатжээ. Тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, Асгат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 16:03 цагт түймрийг цурамд оруулж, 17:08 цагт бүрэн унтраасан байна.

Цаг уурын байгууллагын мэдээллээр гурав, дөрөвдүгээр сард хуурайшилт ихтэй байх тул иргэдийг ой хээрийн болон ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжлүүлэв.

Categories
мэдээ цаг-үе

Баянгол дүүрэгт зам дээр их хэмжээний шатахуун асгарчээ

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын “Акума” төвийн хажууд шатахуун асгарсан дуудлага өнөөдөр (2021.03.12) 09:19 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Тус дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллан, саармагжуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Шатахуун 100 метрийн зайд асгарсан бөгөөд мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтаар шалтгаан нөхцөлийг тогтоох юм.

Эх сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ цаг-үе

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад 3558 багш, ажилтнууд хамрагдаад байна

Нийслэлийн багш нарыг вакцинжуулах ажил эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 3558 багш вакцинжуулалтад хамрагдаад байна. Вакцинжуулах ажлыг нийслэлийн дүүрэг бүрд Онцгой комисс, Эрүүл мэндийн нэгдэл зохицуулалтыг хийн ажиллаж байна.

Боловсролын байгууллагын багш, ажилтнууд нийт 34641 байгаа бөгөөд тэд сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдаж байна. Вакцинжуулалтын үед ерөнхий боловсролын сургууль дээр манаач, цахилгаанчин, эмч, үйлчлэгч, мэдээлэл зүйн багш нараас бусад багш, ажилтан, захирал удирдах ажилтанг байлгахгүй гэдэг шаардлагыг дүүргийн Онцгой комисс тавьж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн төвийн барилгын зураг төслийг дутуу зурсан компанийн эсрэг гомдол гаргана

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг 2020 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Гэвч тус барилгын зураг төслийг гүйцэтгэгч эмнэлгийн өргөтгөлийн зургийг дутуу зурснаас нэмэлт санхүүжилт шаардлагатай болж, ашиглалтад орох боломжгүйд хүрээд байна. Зураг төслийг хийсэн “Карказ зураг” ХХК эмнэлгийн байгууламжийг гал тогоогүй, тусгай зориулалтаар тоноглосон мэс заслын өрөөнүүдийг зурагт тусгаагүй, нийтийн эзэмшлийн талбай бүхий өрөөнүүдийг таазны шийдэлгүй зуржээ. Барилгын явц 80 гаруй хувьтай байгаа хэдий ч зураг төслийн энэ алдаанаас үүдэн ашиглалтад орох боломжгүй болж, он дамжаад байна. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Э.Ниндэв нар ажиллалаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Зураг төсөл хийх тендерт “Карказ зураг” ХХК 7.9 тэрбум төгрөгийн санал өгч, шалгарсан. Өнгөрсөн хугацаанд санхүүжилтээ гүйцэд төсвөөс авсан атлаа таазгүй барилгын зураг зурсан асуудлыг ойлгох боломжгүй. Тиймээс энэ компанийн эсрэг гомдол гаргана. Компанийн зүгээс хариу тайлбараа бэлтгээрэй. Төрийн байгууллагуудын зүгээс барилгын өргөтгөлтэй холбоотой саатсан асуудал байвал түргэвчлэх арга хэмжээ авна. Цаашид нийслэлийн эрүүл мэндийн үйлчилгээний ачааллыг хуваалцдаг томоохон эмнэлгүүдийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад богино хугацаанд оруулахад анхаарч ажиллана” гэлээ.

Харин зураг төслийг гүйцэтгэгч “Карказ зураг” ХХК-ийн зүгээс “Уг эмнэлгийн өргөтгөл орчин үеийн стандартын дагуу тоноглогдох цогцолбор барилга тул биднээс нарийн зураг зуруулахгүй гэж зургийн даалгавар өгсөн. Тэр дагуу ажлаа гүйцэтгэсэн” гэсэн тайлбарыг өгч байлаа.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 1993 оноос зочид буудлын зориулалттай барилгад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ашиглалтад орсон цагаасаа төсвийн хөрөнгөөр нэгдсэн их засвар хийж байгаагүй. Тиймээс барилгын үндсэн хийц муудаж, цахилгаан, дулааны шугамууд ч ачааллаа дийлэхээ больжээ. Энэ талаар тус Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан “Эмнэлэг маань 30 орчим жил зориулалтын бус буюу зочид буудлын зориулалттай байранд үйл ажиллагаа явуулж ирсэн. Үүний зэрэгцээ өнөөдрийг хүртэл нэгдсэн засвар хийгдэж байгаагүй тул эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд хүндрэлтэй байна. Мөн эмнэлэг маань харьцангуй ачаалал өндөр буюу өдөрт 900 орчим хүнд үйлчилдэг. Тиймээс зайлшгүй өргөтгөлийн барилга шаардлагатай байна. Өргөтгөлөө богино хугацаанд ашиглалтад оруулж чадвал эрүүл мэндийн байгууллага онцгой ачаалалтай байгаа энэ үед эмнэлгийн үйлчилгээний, чанар хүртээмжид шууд нөлөөлнө. Эмч, ажилтнууд төдийгүй иргэдийн хувьд ч өргөтгөлийн байрыг богино хугацаанд ашиглалтад орно гэсэн хүлээлттэй байна” гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС