Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 20158 иргэнийг дархлаажуулалтад хамруулна

Дархлаажуулалтад өнөөдөр үйл ажиллагааг нь зогсоохгүй, тогтвортой ажиллуулах шаардлагатай төр, хувийн хэвшлийн аж, ахуйн нэгж, байгууллагын 20158 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн байна.

Төлөвлөгөөний дагуу 43 цэгт 102 багийн 746 эмч ажилтан ажиллах юм.

Өчигдөр буюу 12-ны өдрийн 19:00 цагийн байдлаар 16481 иргэн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Амралтын өдрүүдэд цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдээр буюу 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, салхины хурд 18-20 м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна.

Харин 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар эрс хүйтрэх төлөв гарчээ.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Дундговь аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал очжээ

ДУНДГОВЬ АЙМАГ ЗДТГ

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал Дундговь аймагт очжээ. Тэрээр PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүнээр автомашинаа бариулж, тус аймагт очсон бөгөөд тус жолооч нь халдварын нууц үедээ явсан байна.

Тухайн жолооч нийслэлд очсон даруйдаа халдвартайгаа мэдэж, Дундговь аймагт үлдсэн иргэндээ мэдэгджээ. Харин тус аймагт үлдсэн иргэн нь аймгийн онцгой комиссдоо мэдэгдэж, тус аймаг шуурхай арга хэмжээ авч эхлээд байна.

Дундговь аймагт очсон иргэний ойрын хавьтлууд 3,4-р сургууль, 2-р цэцэрлэгээр явсан тул дээрх сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоон, тандалт хийхээр болжээ. Харин бусад сургууль хэвийн үйл ажиллагаа явуулах аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Э.Тэмүүлэн: Одоогоор 13 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Өчигдөр 19318 шинжилгээ хийснээс 169 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр гарсан халдвар бүгд Улаанбаатар хотод гарлаа. Ингэснээр Улаанбаатарын нийт өвчлөл 2958 болж байна. Эдгээрээс 156 нь ойрын хавьтал. 136 хүнд эхний шинжилгээгээр, 18 хүнд хоёр дахь удаагийн, хоёр хүнд гурав дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрчээ. Одоогоор 13 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг тодорхойлж буй хүмүүсийн оршин сууж байгаа байршлыг харахад нийслэлийн төвийн зургаан дүүргийн хороодод байна.

Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч гарсан. Нийт эдгэрсэн хүний тоо 2955 боллоо.

Улсын хэмжээнд 861 хүн эмчлэгдэж байна. Үүнээс 811 хүний биеийн байдал хөнгөн, 42 хүндэвтэр, 6 хүн хүнд, 2 хүн нэн хүнд байна” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 169 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн ” Сүүлийн 24 цагт 19318 хүнд шинжилгээ хийхэд 169 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 169 тохиолдлын 156 нь ойрын хавьлууд байна. Мөн 13 тохиолдлын халдварын эх үүсвэрийг олохоор судалж байна. Мөн тэрээр биеийн байдал нь нэн хүнд хүний тоо 6, хүн хүн 42 болж өссөн гэв.

Халдварын тоо огцом өссөн тул ХӨСҮТ, ЭМЯ-наас УОК-д т дараах саналуудыг хүргүүлжээ:

-Нэг дор 10-аас дээш хүн цуглуулахгүй байх
-Үйлчилгээний байгууллагуудын цагийг хязгаарлах.

Хоёр дахь тунгаа хийлгэсний дараа л танд дархлаа тогтоно” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малчид 2022 оноос өмнө шимтгэл нөхөн төлж, 5 жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжтой

Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, уг хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн.

Тус хуулийн үйлчлэлд Халамжийн болон нийгмийн даатгалын сангаас өндөр насны, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй, 1995-2019 онд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа шимтгэл төлөөгүй, 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч Монгол Улсын иргэн хамаарах юм.

Малчдын сард нөхөн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөгийн 10 хувь буюу 42.000 төгрөг байхаар тогтоосон байна. Шимтгэлээ нөхөн төлөхийн тулд албан татвар төлсөн мэдээллээ заавал татвар дээр очиж лавлах шаардлагагүй, шууд нийгмийн даатгалын хэлтэст хандаж хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах 12 төрлийн татвар төлөлтийн мэдээллийн сангаас шүүлгэх боломжтой болжээ.

Түүнчлэн мал маллаж байсан гэдгийг нотлох үндсэн баримт нь Үндэсний статистикийн хорооноос бүртгэсэн ‘’Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого’’-ын бүртгэл буюу малын ‘’А’’ данс юм. Малын ‘’А’’ дансны лавлагаа нь архиваас олдохгүй, бичиг баримт нь байхгүй малчид сумынхаа “иргэний малчнаар ажилласан хугацааг тодорхойлох” орон тооны бус зөвлөлд хандах шаардлагатай.

Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлснөөр малчдын тухайд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломжтой буюу 5 жилийн өмнө өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй болох юм. Тодруулбал, 55 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй; 50 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Эх сурвалж: ХААХҮЯ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сөүлээс 166 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр/2021.03.12/19:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 166 иргэн эх орондоо ирсэн бөгөөд 112 нь хүндэтгэн үзэх шалтгаантай, 34 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь эрүүл мэндийн шалтгаантай, 5 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн байгаа юм.

Иргэдийг Тайж, Мөнххустай, Мичид-2, Корпорейт зочид буудалд тусгаарлав гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр вакцинжуулалт хийх цэгүүдийн байршил

Өнөөдөр вакцин хийх цэгүүдийн байршлыг танилцуулж байна.

Нийслэлийн есөн дүүргийн 43 цэгт 102 багийн 746 эмч ажилтан ажиллаж, үйл ажиллагааг нь зогсоохгүй, тогтвортой ажиллуулах шаардлагатай байгууллагуудын 20158 хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Уйгаржин бичигт орох хуулиа хүчингүй болгох хэрэгтэй

УИХ-аас Монгол хэлний тухай хуулийг 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр баталсан. Энэ хуулиар бол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс монголчууд уйгаржин монгол бичигт шилжинэ. Уйгаржин, кирилл хос бичигтэн болж, тэгээд алсдаа нийтээр уйгаржин бичигтэн болцгоох тийм үзэл баримтлалтай хууль юм билээ. Энэ бол баярт үйл явдал огт биш. Яагаад гэвэл өнөөдөр Монголын насанд хүрсэн нийт иргэдийн таван хувь нь уйгаржин бичгийг мэднэ гэсэн судалгаа гарсан байна. 95 хувь нь мэдэхгүй гэжээ. Тэгэхээр бид XX зууны эхэн үеийн бичиг үсэггүй, харанхуй мунхаг, мөхөж явсан гунигт түүхэн цаг үедээ эргэн очих нь. Ард түмнийг бичиг үсэгжүүлэх үйл явц дор хаяж 40 жил үргэлжилдэг дэлхийн практик байна. Монгол Улс 1921 оноос хойш 1965 оныг хүртэл ард түмнээ бичиг үсэгт сургасан гэж үздэг. Энэ нь монголчууд 55 жил буюу хагас зуун жил бичиг үсэгтэй болох гэж үзэж таржээ гэсэн үг. Одоо Монголын шинэ үеийнхэн уйгаржин бичигт суралцах гэж хэдэн жил үргэлжлэх, тэр хэрээр хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтээс хэдэн арван жилээр хоцорч мунхрахыг мэдэхгүй. Уйгаржин бичигтээ шилжиж дууслаа гэж зарлах тэр үед улс орон нь ямаршуу болчихсон байх юм. Бүрэн бүтэн байх нь эргэлзээтэй тийм хугацаа, түнэр харанхуйг туулна. Энэ бүгдийг яагаад дахин бичээд эхлэв гэвэл сая Өмнөд Монголд уйгаржин монгол бичигтэй салах ёс хийх сүүлийн хичээл орлоо гэсэн мэдээ, бичлэгийг хараад өмнөдүүд маань маш зөв зүйл хийлээ гэсэн бодлоос үүдэлтэй юм. Тэд биднээс илүү ухаалаг байх шиг байна.

УИХ-д байсан эмэгтэй гишүүдийн онцгой лоббигоор энэ хууль батлагдах үед учир мэдэх зарим хүмүүс “Тайванийн мөнгөөр энэ хууль хийгдлээ дээ” гэж байсан юм шүү. Тайванийн зүгээс Монголыг яагаад ингэх болов. Өнөөдрийн цаг үеэс эргээд харахад Тайвань нь Бээжингийн засаг захиргаа Өмнөдмонголчуудыг ингэхийг, уйгаржинг нь устгаж хүн төрөлхтний хэл соёлтой нэгтгэхийг мэдэж байж. Тийм болохоор эртхэн шиг төв Монголыг уйгаржин руу нь оруулж хатаах, ертөнцөөс таслах, хүн төрөлхтнөөс бичиг үсгээр нь салган тусгаарлах бодлого гаргаж, өөрсдийн гар хөл бологсдоороо дамжуулан хэрэгжүүлсэн юм байна. Ер нь бол Д.Нацагдоржийн “Хуучин хүү” дээр гардаг шиг “Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэн, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ..” хэмээн бичсэн шиг хөмөрсөн тогоон доторх Монгол орон болох бодит үйл явц энэхүү уйгаржин бичигтэй хамт ирж явна. Ийм болгох, ингэж уйгаржин бичигтэй нь гандаах, гундаах бодлого гадны нөлөөтэйгөөр хэрэгжжээ. Уйгаржин бичиг бол сурсан хүмүүс нь өөрсдөө бараг ойлгохгүй бичиг үсэг, хэл яриа шүү дээ. Дөрвөн жилийн дараагаас монголчууд уйгаржин бичиг үсэгт суралцах үед өмнөдмонголчууд уйгаржин бичгээрээ ярьдаг шиг бид бас ярих уу. Монгол хэлний хуулиар бичдэг шигээ ярихыг хуульчилсан уу. Энэ талаар тухайн хуулийг батлах үед УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга асан С.Бямбацогт хэлж байсан, “Бичиж байгаа шигээ ярьж сурах хэрэгтэй болох нь ээ, жишээ нь уулыг агула гэж бичих ёстой учраас би “Цамбагарав агула…” гэж ярих юм байна. Аавыгаа “Абуу…” гэж дуудах нь, энэ тэгээд зөв үү гэхэд цөөнгүй гишүүд “Бид юу хийчихэв ээ…” гэсэн байдалтай бие биен рүүгээ харж, хууль батлахад гол үүрэг гүйцэтгэсэн хэдэн эмэгтэй гишүүд рүүгээ сонин харцгааж билээ. Гээд яахав дээ, монголчуудын “Сүх далайтал үхэр амар” гэдэг шиг хаа байсан 2025 он хүртэл лай ч байна, зай ч байна гэж бодоцгоосон бололтой тэр чигээр нь хуулийг явуулсан. Одоо тэгвэл тэр лай чинь хаяанд ирж байна, ердөө дөрвөн жил үлдлээ. Юу бодоцгоож байдаг юм бол. Их сургуулийн багш, түүхч, судлаач хэдэн хүний үгийг эс тооцвол ард түмэн чинь тэр чигээрээ уйгаржин бичигт орох хуулиа хүчингүй болгох хэрэгтэйг ярьж байна.

Хятадын коммунист нам /ХКН/-аас өмнөд монголчуудыг уйгаржин бичгээс нь салгаж байгаа хүндэтгэх шалтгаанаа тайлбарлахдаа айхавтар үндэслэл хэлснийг “Өдрийн сонин” хэдэнтээ бичсэн. Дахин сануулъя. ХКН-аас тайлбарлахдаа “Бээжингээс Өмнөд Монголыг хөгжүүлмээр байна. Өмнөд монголчуудаас дэлхийн иргэн төрүүлмээр байна. Дэлхийн хэмжээний эрдэмтэн мэргэдийг төрүүлж, Өмнөд Монголыг цэцэглэн хөгжүүлэх бодлого баримталж байна. Гэтэл юу саад болж байна гэхээр бичиг үсэг нь саадтай байна. Өмнөд монголчуудын хэрэглэж ирсэн уйгаржин монгол бичиг үсэг тэднийг дэлхийгээс холдуулж байна. Уйгаржин бичгээр бичигдсэн Шинжлэх ухааны ганц ширхэг товхимол ч дэлхийд алга. Шинжлэх ухааны нарийн ширийнийг уйгаржин бичгээр заах гэхээр болохгүй байна…” гэж эрүүл саруул хэн ч байсан ёг хиймээр тайлбарыг хийсэн. Үүнийг Өмнөд Монголын сэхээтэнлэг хэсэг шууд хүлээж авсан юм билээ шүү. Үнэндээ уйгаржин бичгээр байдаг хэдэн үлгэр домог, цөөн хаадын намтар түүхийг уншсанаар энэ улс орон хөгжихгүй нь тодорхой юм. Тодорхой хүрээний түүхч, судлаачдын хувьд судлагдахуун, түүхийн эх сурвалж болж байх нь тодорхой. Тэрнээс биш нийгмийн хөгжилд, нийгэм эдийн засгийн хөгжилд нэмэртэй юм юу ч байхгүй. Мэдээж түүхээ үгүйсгэж болохгүй. Гэхдээ хэт түүхжсэн, шашинжсан, үндэсний үзэл, үндэсний ухамсар соёлоо дөвийлгөн ярих болсон энэ цаг үеийн монголчуудыг дагуулан тонгорч, үндэсний үзлийг нь хийрхэл болгон мунхруулах эрх хэнд ч байхгүй. Уйгаржин бичигтээ шилжинэ гэх хийрхэл хэмжээндээ баймаар байгааг хэлье.

Хоёр жилийн өмнө хуучин монгол бичигтэй, судлаач, түүхч нэгэнтэй таарч билээ. Тэр хүн Чингүнжавын тамга гээд хуучин бичгээр бичсэн тамганы дардас үзүүлсэн юм. Улмаар надад уншиж өглөө. Юу ч ойлгосонгүй тул тайлбарлаад өг гэтэл өнөө судлаач өөрөө бас мэддэгүй. Тэгээд яах юм бэ гэсэн чинь толь бичиг харна гэв. Ингэхээр чинь уйгаржин монгол бичгээ толь харж сурна, дээр нь гадаад хэл сурахаараа толь харна. Хоёр толь харж сурах нь. Мэдээллийн энэ их эрин зуунд цаг минут тутамд шинэчлэгдэж байгаа мэдээллийг хоёр толь дамжуулж авах хэрэг үү. Ийм тэнэглэл байж болохгүй л дээ. Бид дундад зуун руу ухарч байна гэхээс өөр үг олдоогүй дээ. Улс орон урагшаа хөгждөг болохоос хэзээ хойшоо алхаж байсан юм бэ. Уйгаржин бичгийг сурна гэж 40 жил зовж байхаар шинэ залуу үе маань кириллээрээ зөв бичиж сурах, англи хэлээр дэлхийтэй танилцахад цаг хугацаагаа зориулж байх нь зөв байлгүй.

Ийм дэмий юмны оронд харин эсрэгээрээ манай төр засгийн зүгээс өмнөд монголчуудаа кирилл бичиг үсэгтэй болгох ажлыг ХКН-тай ярьж ойлгуулах ажил хийж болдоггүй юм уу. Бид нэг үндэстэн, нэг мах цусны тасархайнууд учраас бичиг соёлоороо заавал хүйн холбоотой байх ёстой гэж үзвэл хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг өгсөн кирилл үсэгт өмнөд монголчууд суралцаж, хамтдаа хэрэглэж, ижилдэн явцгаах нь амьдралд болон шинэ дэлхий ертөнцөд хамгийн үр дүнтэй биш үү.

Монгол Улс бол ардчилсан орон. Хүн бүр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Уйгаржин бичгийн талаар хүмүүс янз бүрийн л байр суурьтай байна. Гэхдээ үзэл бодол бүхэн бодит үнэн, бодит үр дагавар дээр очиж эцэслэгддэг. Их түүх, өв соёл, үндэс угсаагаа авч явахад уйгаржин монгол бичиг маань бидэнд үнэ цэнэтэй хэдүй ч бодит үр дагавар нь Монголын хөгжлийг хагас зуунаар хойшлуулах аюултай нүүр тулах болчихоод байна. Уйгаржин бичигт монголчууд шилжиж дууслаа гэх тэр цаг дор энэ улс орон чинь хөгжил цэцэглэлтийн ямар доод түвшинд очсон байхыг урьдчилан харах ёстой. Үүнд сэтгэлийн хөдөлгөөнөөр бус дор бүрдээ ухаалгаар тунгаан бодох хэрэгтэй. Улс орноо урагш нь хөгжүүлье гэвэл уйгаржин бичигт орох хуулиа даруй хүчингүй болгох хэрэгтэй. Үүнийг цаг үе шаардаж байгаа. Цаг хугацаа өнгөрөх тусам бүр их шаардана байх…

Б.НЯМАА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Цэрэннадмид: Турк улс бүс нутагтаа геополитикийн шинэ тоглолт хийж байна

Турк судлаач, доктор Ч.Цэрэннадмидтай ярилцлаа.


-Турк улсын өнөөгийн дотоодын нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхэлье. Улс төрийн нөхцөл байдал нь ямархуу дүр зурагтай байгаа вэ?

-Шударга ёс, хөгжлийн нам засгийн эрхийг барьсан өнгөрөгч 20 орчим жилийн хугацаанд тус улсын эдийн засаг, нийгмийн салбарын хөгжил хурдацтай нэмэгдэж, дэд бүтцийн салбарууд эрчимтэй хөгжиж эхэлсэн. Дотоод улс төрийн амьдралд ч томоохон өөрчлөлт, шинэчлэлтүүд хийгдэж эхэллээ. 2017 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хууль тогтоох байгууллагын болон ерөнхийлөгчийн сонгуулийг нэг жил явуулах хууль эрх зүйн орчин бүрдэж, 2018 оны зургадугаар сард ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль явагдсан. Ерөнхийлөгчөөр Таийп Реджен Эрдоган сонгогдсон ч түүний Шударга ёс, хөгжлийн нам олонх болж чадаагүй тул Үндэсний хөдөлгөөний намтай хамтарч Ардын эвслийн засгийн газрыг байгуулсан. Ийнхүү 2002 оноос хойш дөрвөн удаагийн бүрэн эрхийн хугацаанд Шударга ёс, хөгжлийн нам тасралтгүй дангаар төр, засгийн эрх барьсан уламжлал эвдэгдсэн юм. Эдгээр өөрчлөлт, шинэчлэлийн жилүүд дотоод улс төрийн амьдралыг харьцангуй тогтворгүй, сөргөлдөгч хүчнүүдийн хооронд ширүүн мэтгэлцээн, тэмцлийг өрнүүлсөн. Өнөөдөр Турк улсад парламентад суудалтай улс төрийн намуудын өрсөлдөөн, гол сөрөг хүчин байсан, одоо ч байгаа Ардын Бүгд Найрамдах нам доторх зөрчил мөргөлдөөн дотоод улс төрийн амьдралын анхаарал татсан асуудал болж байна. Мөн сүүлийн жилүүдэд ард иргэдийн дунд нэр хүнд нь тодорхой хэмжээнд өсч, парламентад суудалтай болсон Сайн намын удирдагч хатагтай Мерал Акшенер, ерөнхийлөгч Таийп Реджен Эрдоган нарын хооронд маргаан дагуулсан мэдэгдлүүд дотоод улс төрийн амьдралын гол сэдвүүдийн нэг болоод байна.

-Туркийн аюулгүй байдал, гадаад бодлогын газрын гишүүн Месүт Хакки Оростой дахин байлдсан ч чадна гэж мэдэгдсэн. Энэ нөхцөл байдал цааш хэрхэн яаж үргэлжлэхээр байна вэ?

-Мэсүт Хакки Жашиний хийсэн дүгнэлттэй холбоотой дайн, зэвсэг техникийн талаарх нарийн мэдээлэл, баталгаатай эх сурвалжийн мэдээлэл одоогоор надад алга, тиймээс судлаачийн хувьд тодорхой мэдээлэл өгөх боломж хязгаарлагдмал байна. Энэ бол цэрэг, стратегийн нарийн асуудал. Ер нь орчин үеийн дэлхий ертөнцөд дайн дажин хийх хүртлээ асуудал тийм ч амархан хурцдахгүй.

Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд бий болсон хамтын ажиллагааны үр дүн, харилцааны хандлагаас харахад ойрын хугацаанд Турк, Оросын харилцаа огцом муудах үндэсгүй. Хэдийгээр Сири улс дахь иргэний дайн, хямралтай холбоотойгоор хоёр орны харилцаанд цэрэг, батлан хамгаалахын салбарын үйл ажиллагаатай холбоотой үл ойлголцол, сорилтууд тодорхой цаг хугацаанд байсан ч харилцаагаа хэвийн хэмжээнд барих хоёр орны хүсэл зориг хэвээр байгаа. Үүний дүнд харилцаа сайжрах үйл явц 2016 оноос эхэлсэн, цаашид энэ хандлага тодорхой хугацаанд хадгалагдах магадлалтай. Учир нь Турк улс 2016 оны арванхоёрдугаар сараас ОХУ, Иран улстай хамтран Сири улсад гал зогсоох яриа хэлэлцээг зуучилсан, батлан даагч орнууд болсон. Сири улсад энх тайвныг бий болгох яриа хэлцлийн гол тоглогчид хэвээр байгаа. 2018, 2019 онуудад Сирийн гал зогсоох яриа хэлцлийг зуучлагч, батлан даагч орнуудын хувиар Турк, Иран, ОХУ удаа дараа гурвалсан уулзалтуудыг зохион байгуулж Сирийн дүрвэгсдийг эх орон руу нь буцаах, Идлиб, Сирийн умард нутгийн аюулгүй байдалд анхаарч, терроризмд цохилт өгөх, улс төрийн үйл явцыг ахиулах зэрэг асуудлыг хамтран хэлэлцсэн юм.

-Хоёр орны харилцааг хурцадмал байдалтай байна гэж харах нь өнгөц дүгнэлт болох нь ээ?

-Туркийн зарим судлаачид Турк, Оросын хооронд зөрчил их байдаг ч хоёр орон ямар ч хэлбэрээр сөргөлдөхийг хүсэхгүй. Яагаад гэвэл энэ нь хоёр орны ашиг сонирхолд нийцэхгүй. Турк, Орос бие биедээ хэрэгтэй, Ойрхи Дорнодод хэрэгжүүлж буй АНУ-ын бодлого зөрчил маргаантай байсан нь энэ хоёр орныг улам ойртуулж байна гэж үздэг. Нөгөө талаас, эрчим хүч, эдийн засаг, худалдааны салбарын харилцаа тус хоёр орны хамтын ажиллагааны гол хөдөлгөгч хүч. ОХУ бол Турк улсын гадаад худалдааны гол түншүүдийн нэг. 2019 оны эцсийн байдлаар хоёр орны хооронд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ тус бүр 10 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн.

Турк болон ОХУ-ын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа зөвхөн байгалийн хий, нефьтийн салбараар хязгаарлагдах бус цөмийн эрчим хүчний салбарт эрчимжсэн. Тухайлбал, 2023 онд буюу Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдсаны 100 жилийн ой тохиох үед дөрвөн реактор бүхий мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий цөмийн эрчим хүчний станцын эхний хэсгийг ашиглалтад оруулахаар төлөвлөснөө 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдөр болсон, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин цахимаар оролцсон гурав дахь реакторын шав тавих ёслолын үеэр ерөнхийлөгч Таийп Реджен Эрдоган мэдэгдсэн юм. Тус станц бүрэн ашиглалтад орвол Турк улсын эрчим хүчний хэрэглээний 10 хувийг дангаар хангах боломжтой, нийт 60 жил тасралтгүй ажиллах хүчин чадалтай байх юм. Үүгээр зогсохгүй 2026 оноос эхлэн жил дараалан үлдсэн гурван реакторыг ажиллуулж эхлэхээр төлөвлөсөн.

-Ер нь Турк улсын гадаад бодлого ямархуу чиг шугамтай байдаг юм бэ?

-Бүгд Найрамдах Турк Улс бол уламжлалт геополитикийн хувьд дэлхийн хуурай газрын хоёр тивийн заагт оршиж, өнө эртнээс өрнө, дорно дахиныг холбосон худалдаа арилжааны гол зангилаа боомт байж ирсэн. Түүндээ нийцүүлэн улс орныхоо үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалах дотоод, гадаад улс төрийн бодлогоо геополитикийн хувьд тодорхойлж ирсэн улс. Уламжлалт геополитикийн энэ үндсэн үзэл баримтлал нь дэлхий дахины хүчний тэнцвэр, геостратегийн орон зайд гарч буй томоохон өөрчлөлтүүдийг тусган шинэчлэгдэж байдаг. Иймэрхүү өөрчлөлтийн талаар гадаад бодлогын судлаачид тухай бүр тодорхой дүгнэлт хийсэн байдаг. Тухайлбал, судлаач Н.Соёлгэрэл “Каспийн тэнгис орчмын бүс, Ойрхи Дорнодоос түүхий эд тээвэрлэлт, Торгоны зам санаачилга болон Орос, Өрнөдийн зөрчил зэрэг нь Турк Улсыг Ази, Европыг холбох гүүр болгож, Еврази, Дорно дахины улсуудтай илүү нягт харилцах суурь болдог”, “Хойд Африкт өрнөсөн Арабын үйл явцын дараа Африк, Ойрх Дорнодын улс, Туркийн улс төр, төрийн удирдлагын загварыг ихээхэн сонирхож буй нь эргээд тус бүс нутагт Анкарагийн гадаад бодлого чиглэх хөрс болж” өгсөн тухай тэмдэглэсэн байна.

-Турк цаашдаа улам хүчирхэгжих нь тодорхой болсон тухай олон улс судлаачид хэлэх боллоо. Холбоотны том бүлэглэл үүсгэж байгааг ч дурдаж байна. Энэ тухайд?

-Сүүлийн 20, 30 жилийн туршид дэлхий дахинаа өрнөсөн зөрчилт үйл явдлууд тухайлбал Украин, Сирийн дайн, олон оронд өрнөсөн өнгөт хувьсгалууд, үндэстэн дамнасан алан хядах ажиллагаа зэрэг нь цаашид дэлхийн аль ч улс оронд бүс нутгийн хөгжилд хүчтэй нөлөөлөх болжээ. Тиймээс өнөө цагт бүс нутгийн болон тодорхой улс хоорондын харилцааны асуудлыг олон улсын харилцаанд үүссэн шинэ нөхцөл байдал, хандлагаас салгаж үзэх боломжгүй юм. Бүгд Найрамдах Турк Улс, дэлхийн болон бүс нутгийн олон улсын харилцаанд ямар байр суурь эзэлж, ямар хэмжээний тоглогч болж байгааг ч мөн л энэ өнцгөөс харах ёстой болов уу.

Орчин үеийн геостратеги, геополитикийн нэр нөлөө бүхий судлаачид дэлхий дахины болон бүс нутгийн геостратегийн ирээдүйн дүр зургийг янз бүрээр таамагласан судалгаанууд хийсэн байдаг. Тэдгээрийн дотор Турк Улс бүс нутгийн нөлөө бүхий тоглогч болох талаар зарим нэг анхаарууштай санаа байгааг судлаач, профессор Д.Баярхүү судалгаандаа тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, Оросын футурлогч Виктор Феллер ирэх 200 жилд дэлхий дээр нэгдмэл байснаа сүүл рүүгээ Латин, Герман давамгайлж эцэст нь Слав-Туркийнх болох Европ, Иран давамгайлж байснаа Түрэг угсааны, сүүлдээ Арабуудынх болох Исламын ертөнц зэрэг том төв оршин байх тухай төсөөлөл дэвшүүлсэн байсныг энд дурдаж болно. Мөн Оросын судлаач В.А.Русаков “Якутаас Сараево хүртэлх Их Туран” хэмээх Турк төвтэй лалын үзэл баримтлалыг төсөөлж, ирээдүйн Түрэг угсаатны хамтын нөхөрлөл нь ТУХН-ийн исламын орнуудтай холбоотон болж, улмаар слав туургатан Украин, исламын Ираныг хамруулсан Оттоманы эзэнт гүрнийг сэргээх” магадлалын тухай таамаг дэвшүүлжээ. Эдгээр судлаачдын дэвшүүлсэн төсөөлөл, таамаглалын үндэслэл болон үнэн магадлалтай шинжийн тухай ярихаас илүүтэй гагцхүү дэлхийн болон бүс нутгийн геополитикийн төвүүд хэрхэн үүсч хөгжих, геостратегийн хандлага ямар байх талаар өрнүүлж буй чөлөөт үзэл бодлын орон зайд исламын ертөнц, түрэг угсаатан, Турк Улс ямар нэг байдлаар тодорхой байр суурь эзэлж байгаа нь сонирхол татаж байна.

-Бүс нутгийнхаа давамгайлах гүрэн болохоор зорьж буй нь ямар учиртай вэ?

– Ардчилсан дэглэм, чөлөөт зах зээлийн эдийн засагтай, исламын шашны уламжлалт соёлыг орчин үеийн нийгмийн ололт дэвшилтэй хослуулан хөгжиж буй энэ улсын Ази, Европ тивийн зааг дээр орших газарзүйн онцгой байрлал нь өрнө, дорнын соёл аль аль нь дэлгэрэх, Европын Холбоо, Еврази, Төв Ази, Ойрхи Дорнодын улс орнуудтай эдийн засаг, соёлын харилцаагаа өргөн хүрээнд хөгжүүлэх, улмаар бүс нутагтаа төдийгүй дэлхийн улс төр, эдийн засгийн гадаад харилцаанд нөлөө бүхий байх боломжийг бүрдүүлдэг. Энэ ч боломжоо ашиглаж Турк улс бүс нутагтаа геополитикийн шинэ тоглолт хийж байна.

Тус орны геостратегийн онцлог, улс төрийн дэглэм, төрийн байгууламжийн онцлог, дэлхийн болон бүс нутгийн олон улсын байгууллагууд дахь оролцоо, нөлөөлөл, олон талт, өргөн хүрээтэй гадаад харилцаа, идэвхтэй гадаад бодлого зэрэг үндсэн хүчин зүйлүүд Турк Улсыг бүс нутгийн нөлөө бүхий гол тоглогчдын нэг болгож байна. Бүс нутгийн нөлөө бүхий тоглогч болох нь Турк улсын үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах, газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэстний нэгдмэл шинж чанараа хадгалах, улмаар хөрш зэргэлдээ улс орнуудтай энх тайвныг эрхэмлэсэн, найрсаг харилцаатай байж, олон улсын алан хядах үйл ажиллагаа, салан тусгаарлах хийгээд хэт үзлийг дэлгэрүүлэхэд чиглэсэн аливаа эрсдэлт байдлаас сэргийлэх бодлогын зорилтуудтай тодорхой хэмжээнд холбоотой.

-Туркийн энэ бодлого дэлхийн болоод төв Азийн геополитикт ямар үр дүн бий болгох бол?

-1980-аад оны сүүл үеэс буюу ЗХУ задран унасны дараагаас Туркийн ерөнхийлөгч агсан Тургут Озалын удирдлага дор тус улс Каспийн тэнгис, Төв Азийн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогоо эрчимжүүлж, өөрийн өнгө аяс бүхий стратегийн зөөлөн хүч-пантуркизм буюу соёл, үндэс угсаа гарлын хувьд ижил төстэй, харилцан хамааралтай ард түмнүүдийг нэгтгэх бодлого явуулж эхэлсэн. Энэ нь Евразийн бүс нутаг шатрын нүүдлийн талбар болж эхэлснийг харуулж байлаа хэмээн зарим барууны судлаачид дүгнэсэн байдаг. ЗХУ задран унасан нь Турк улсад Грекийн эрэг орчмоос Хятад хүртэл долоон орныг хамарсан түрэг иргэншлийн сэргэн мандлын манлайлагч болох хосгүй боломжийг олгосон гэж барууны судлаач С.Хантингтон мөн үзсэн нь бий.

Туркүүдтэй угсаа гарал, соёл, шашин шүтлэг нэгтэй Төв Азийн шинэ тулгар төр улсуудад анх байгуулагдсан цагаас нь эхлэн өөрийн төрийн үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэхээр Турк улс санаархаж, идэвхтэй ажиллаж эхэлсэн байдаг. Эдгээр орнуудад бараг бүгдэд нь шашнаас тусгаар, иргэний, гэхдээ нэг хүний өргөн эрх мэдэл бүхий засаглалтай, ганцаар захирах бүгд найрамдах төр тогтсон. Турк улс өөрийгөө Улс Төв Ази, Каспийн тэнгис, Кавказын тэнхлэгийн бүс нутаг дахь тогтвортой байдлыг бий болгох баталгаа болж чадахаас гадна Төв Азийн бүгд найрамдах улсууд болон Кавказын орнууд дэлхийн хамтын нийгэмлэгт зохистой байр сууриа олоход ч тодорхой үүрэг гүйцэтгэж чадах бололцоотой гэж үздэг. Энэ бүс нутгийн улс орнуудын хувьд магадгүй исламын шашинт цорын ганц түнш улс нь байх нөхцөл үүссэн, энэ байдал нь Бүгд Найрамдах Турк Улсын бүс нутагт нөлөөгөө тэлэх бодлогоо хэрэгжүүлэх суурь болсон байх талтай.

-Манай хоёр орны харилцаа өнөөдөр чамалхааргүй түвшинд хүрсэн гэж хардаг. Мэдээж цаашдаа ч улам өргөжүүлэхэд анхаарах биз ээ. Ер нь ямар салбаруудыг түлхүү анхаарах нь зөв бэ?

-Монгол, Турк хоёр орны гадаад бодлогын хэрэгжилтийн явц дахь хоёр талын найрсаг харилцаа нь 1995 оноос өргөтгөсөн түншлэлийн, 2004 оноос иж бүрэн түншлэлийн шатлалаар хөгжиж, 2013 оноос стратегийн түншлэлийн харилцаанд шилжих зорилт тавин хөгжиж байна. Энэ хугацаанд улс төр, батлан хамгаалах салбарын харилцаа, нийгэм, хүмүүнлэгийн салбарын харилцаа өргөжин хөгжиж байгаа. Тухайлбал батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт, түүний дотор цэрэг, хууль сахиулах, шүүх прокурор, цагдаа, аудит, статистик зэрэг төрийн удирдлагын янз бүрийн мэргэжлийн байгууллагууд хооронд шууд харилцаа тогтож, идэвхтэй хамтын ажиллагаа хөгжүүлж байна. Хоёр улс газарзүйн хувьд алслагдмал, далайн болон төмөр замын тээврийн боломж тааруу нь эдийн засгийн харилцаанд сул тал үүсгэдэг. Турк хүртэл авто замаар ачаа тээвэрлэхэд хугацаа их ордог, өртөг, эрсдэл өндөртэй. Агаарын тээврийн өртөг өндрөөс гадна хүчин чадал нэн хязгаарлагдмал. Турк, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа жилээс жилд бага боловч хөгжих хандлагатай явж ирсэн ч хөрөнгө оруулалт, гадаад худалдааны чиглэлийн боломжууд хүссэн хэмжээнд хүрч хөгжиж чадахгүй байна. Цаашид Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулах талаар хоёр тал ярилцаж байгаа. Үүнийг хэрэгжүүлэх ажлыг хурдасгах нь чухал. Гэхдээ Туркийн иргэдийн очих дуртай Орхоны хөндий дэх Билгэ хаан, Культегин жанжны гэрэлт хөшөө хүртэл жижиг онгоц нисэхгүй байгаа. Улаанбаатараас машинаар явж, ирэхэд хоёр өдөр шаардагддаг зэрэг нь аялал жуулчлалын үйл ажиллагааг өргөтгөхөд саад болж байна.

Дэлхийн аливаа улс оронд компани, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд шаардлагатай мэдлэг, мэдээлэл хийгээд материаллаг боломж бололцоо нэг дор байх нь чухал хэмээн үзэж байгаа. Ингэснээр шинээр гарах бүтээгдэхүүн үйлчилгээний эдийн засгийн үр ашиг, өртөг нь тодорхой болж эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах боломж бүрдэх юм. Энэ салбарт Бүгд Найрамдах Турк Улс сүүлийн 30 гаран жилийн турш томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж, төр, засгийн түвшинд бодлогоор дэмжиж ирсэн нь Европын улс орнуудтай өрсөлдөхүйц түвшний ШУ, инновацийн төв, технологийн паркуудтай болоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Манай улс энэ чиглэлд тус улстай хамтран ажиллах, тэдний туршлагыг судлах, нэвтрүүлэх нь бусад салбарын хамтын ажиллагааны суурь үндэс болох юм.

-Турк сургуулийн захирлыг тусгай үүргийн онгоцоор авч явах нь, авч явлаа гэх зэргээр шуугьж байсан цаг саяхан. Ер нь турк сургуулиудтай холбоотой асуудал юу болсон бэ?

-Сүүлийн жилүүдэд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй турк сургууль тодотголтой турк, монгол иргэд хамтран хөрөнгө оруулж байгуулсан Ерөнхий боловрсролын сургуулийн асуудал хоёр орны харилцааны тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Бүгд Найрамдах Турк улсын зүгээс турк сургуулиудын үйл ажиллагааг хаах хүсэлтээ зөвхөн Монгол Улс бус Төв Ази, Африкийн олон улсад хүргүүлсэн байдаг. Эдгээр сургуулиудын үйл ажиллагааг хаагаагүй нөхцөлд алан хядах үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг санхүүжүүлэгч мэт ойлгогдоно гэсэн Турк Улсын төр, засгийн албан ёсны байр суурь хэдий хурц боловч тодорхой түвшинд анхаарч үзэх ёстой асуудал юм. Цаашдаа эдгээр сургуулийн асуудлыг гадаад харилцааны шугамаар, Монгол Улсын ГХЯ-нд тавьж буй Туркийн Засгийн газрын саналыг сайтар судалсны үндсэн дээр, БШУЯ-ны холбогдох дүрэм, журам, стандартын дагуу шинэчлэн ажиллуулах, ингэхдээ эдгээр сургуульд суралцаж буй монгол сурагчдын эрх ашгийг үл хохироох нөхцөлтэйгөөр шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх нь зүйтэй.