Categories
мэдээ спорт

Хасан Яздани Токиогийн олимпын эрхээ авлаа

Ираны нийслэл Тегеранд Токигийн олимпын шигшээ багийн сонгон шалгаруулалт 2 жинд явагдлаа.

2019 оны Нурсултаны ДАШТ-д түрүүлсэн Хасан Яздани (86 кг), тавдугаар байр эзэлж, олимпын эрхийг эх орондоо авчирсан Реза Атри (57 кг) нар сонгон шалгаруулалтад оролцлоо.

Яздани U-23 дэлхийн хошой аварга Камран Гасемпурыг 5-2 ялж, олимпын шигшээд багтсан. Тэрээр Риогийн олимпод 74 кг-ийн жинд түрүүлж байсан билээ.

Реза Атри 2020 оны Дэлхийн Цомын хүрэл медальт Рахман Амузадыг 6-4 ялжээ.

Нурсултанд иранчууд 125 кг-ийн жинд олимпын эрх авсан. Энэ эрхээр Токиогийн олимпод очихын төлөө U-23 дэлхийн аварга Амир Заре, улсын аварга Амин Тахери хоёр өрсөлдөж байгаа. Тэдний олон улсын тэмцээнд хэн амжилттай оролцсон нь Токио явах юм.

Ирэх дөрөвдүгээр сарын 9-11-нд Алма-Атыд болох Азийн эрхийн тэмцээнд Мохаммад Мохаммадиан (97 кг), Юнес Эмами (74 кг), Амир Яздани (65 кг) нар олимпын эрхийн төлөө барилдах юм

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дөрөвдүгээр сарын 10-н гэхэд 500 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулна

Нийслэлийн хүн амыг коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах ажил 18 дахь хоногтоо үргэлжилж байна.

Дархлаажуулалтын төлөвлөлтийн дагуу эхний ээлжинд эрүүл мэндийн салбар, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, хороо, худалдаа, үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсолтгүй явах шаардлагатай байгууллагын ажилчдыг түлхүү хамруулж буй. Өчигдөр буюу гуравдугаар сарын 12-ны байдлаар нийт 84017 хүн вакцинжуулалтад хамрагдаад байгаа юм.

Тэгвэл коронавирусийн халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад гуравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд 200 мянга, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 300 мянга, нийт 500 мянган хүнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Гуравдугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд хариу арга хэмжээний үйл ажиллагаанд оролцож байгаа болон үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах шаардлагатай, стратегийн ач холбогдол бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулна. Үүнээс хойш зорилтот насны иргэдийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 51 бүтээлд патент олгожээ

Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 51 бүтээлд патент олгожээ.

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2021 оны эхний хоёр сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 67 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3 (4.3хувь)-аар буурсан үзүүлэлт юм.

Шинэ бүтээлд олгосон патент (давхардсан тоогоор)-ыг олон улсын ангиллаар авч үзэхэд 12 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 10 нь хими, төмөрлөг, 6 нь физик, 3 нь технологийн төрөл бүрийн арга ажиллагаа, тээвэрлэлт, 6 нь бусад ангилалд хамаарч байна.

Categories
мэдээ нийгэм

Тонн тутамдаа 177-200 кг дутуу, чанаргүй арматур импортолж байсан компанийн үйл ажиллагааг зогсоожээ

Нэг тонн тутамдаа 177-200кг дутуу, чанарын шаардлага хангахгүй арматур импортолж байсан “Цамхаг гүүр” компанийн үйл ажиллагааг зогсоолоо.

БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Л.Ганбаатар нараар ахлуулсан Ажлын хэсэг чанарын шаардлага хангаагүй компаниудыг шалгажээ.

БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг “Арматур импортлогч аж ахуйн нэгжүүдэд удаа дараа шалгалт хийж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалттай “Цамхаг гүүр” ХХК-ийн арматурын дээж бүрээс нэг метрийг лабораторид шинжлүүлж, тухайн газар дээр нь кранаар хэмжихэд тонн тутмаас дутаж, механик шинж чанар нь алдагдсаныг тогтоолоо. Тухайлбал, наймын арматур нь тонн тутамдаа 6 кг, 25-ын арматур 190 кг, 18-ын арматур нэг багцдаа 632 кг дутуу байна. Энэ нь тонн тутамдаа 177-200 кг дутуу гэсэн үг. Ингэснээр барилгын чанарт нөлөөлөх, хэрэглэгчид хохирох эрсдэлтэй” гэв.

Өнгөрсөн онд “Цамхаг гүүр” ХХК 24 мянга орчим тн арматурыг тонн тутамдаа 2,1 сая төгрөгөөр худалдан борлуулжээ. Тухайн компани БНХАУ-ын Тяньшианаас импортолж байхдаа мэдээгүй гэсэн тайлбарыг мэдүүлсэн байна.

Түүнчлэн, ШӨХТГ-тай хамтран 2020 оноос хойш худалдаж авсан аж ахуйн нэгж, байгууллагын хохирлыг барагдуулах, барилга байгууламжид хэрэглэсэн бол зураг төслийн тооцоог дахин шинээр хийлгэх аж.

МХЕГ-ын улсын ахлах байцаагч Л.Ганбаатар “Импортоор орж ирдэг арматурыг шалгахад зөрчил их гарах боллоо. Засгийн газраас аж ахуйн нэгж, байгууллагаа дэмжихээр хилээр шалгах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг цөөрүүлснээр арматурыг шалгахгүй оруулж ирэх болсон. Үүнийг далимдуулан шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн оруулж ирж байгаа нь харамсалтай. “Цамхаг гүүр” ХХК-д зөрчлийн хэрэг нээн, үйл ажиллагааг нь зогсоож, торгууль ногдуулна. Цаашид худалдаж авсан байгууллага, барилгадаа ашигласан газрыг олж, хохирлын хэмжээг тооцох, барилгын үнэлгээ дахин хийлгэнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Өрхийн тариалан” хөдөлгөөн хүнсний ногоо тариалалтыг нэмэгдүүлнэ

2020 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 9.7 мянган га-д хүнсний ногоо тариалж, 115.0 мянган тонн ургац хураан авсан бөгөөд энэ нь дотоодын хэрэгцээний 46 хувийг хангах хэмжээний үзүүлэлт юм. Тиймээс цаашдаа хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, усалгааны техник тоног төхөөрөмж, бага оврын механикжилтын түвшинг дээшлүүлэх шаардлагатай байна.

“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр төмс, хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлж иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, улмаар “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор 10 нэр төрлийн 147.5 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр, 50 тонн төмсний супер элит үрийг тариалалтаас өмнө нийлүүлэх ажлыг зохион байгуулж эхлэв. Энэхүү хөнгөлөлт дэмжлэгт урьдчилсан байдлаар хот, хөдөөгийн 10.5 мянган өрхийг хамруулахаар төлөвлөж байна.

Хүнсний ногоо тариалалтыг дэмжих төслүүд

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба Усалгаатай хөдөө аж ахуй” зээлийн төслийн хүрээнд хүнсний ногооны 7.7 мянган га талбайг услах хүчин чадал бүхий инженерийн хийцтэй услалтын системийг шинээр барих, сэргээн засварлах ажлыг эхлүүлж барилгын зураг төсөл, ТЭЗҮ хийгдэж 2022 оноос баригдаж эхлэнэ. Энэхүү төсөлд Баян-өлгий, Ховд, Говь-алтай, Завхан, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн тариалангийн бүс нутгуудад хайгуул хийгдсэн талбай хамрагдах юм.

Азийн хөгжлийн банкны 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Хоршоолсон хэлбээрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах” төслийн хүрээнд Сэлэнгэ, Төв, Дархан-уул, Увс аймгийн зорилтот 4 сумын 1048 өрхөд нийтдээ 310 тоннын багтаамжтай хүнсний ногооны зоорь, Дархан-Уул аймгийн Орхон суманд хүнсний ногоо боловсруулах цех, нийслэл хотод 1000 м2, Сэлэнгэ аймагт 120 м2 өвлийн хүлэмж барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Хүнсний ногооны механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 3,2 сая еврогийн санхүүжилтээр 35-82 морины хүчин чадалтай трактор 132 ширхэг, хүнсний ногооны зориулалттай тоног төхөөрөмж 330 ширхэгийг тус тус нийлүүлж, ногоочиддоо хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор ажиллаж байна. Мөн Беларусь Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хүнсний ногооны үйлдвэрлэлд зориулсан 35 морины хүчтэй трактор, дагалдах тоног төхөөрөмжийн хамт 30 иж бүрдлийг нийлүүлнэ. Эдгээр төсөл хэрэгжсэнээр хүнсний ногооны 600 гаруй га талбайн гар ажиллагааг механикжуулах юм

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногоос 60-64 насны иргэдийг вакцинжуулалтад хамруулна

Вакцинжуулалттай холбоотой гарч буй түгээмэл асуултад ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмын өгсөн хариултыг хүргэж байна.

-Өнөөдрийн байдлаар вакцинжуулалтын эхний тунд ямар бүлгийн хүмүүсийг хамруулж байна?

-Манай улс дархлаажуулалтад хамрагдах ёстой нийт хүн амынхаа 12 хувийг хамруулах хэмжээний вакциныг хүлээж авсан. Энд халдварын эсрэг хариу арга хэмжээ авч, халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон бусад албан хаагчдыг хамруулж байна.

Мөн халдвар авсан, хүндрэх эрсдэлтэй бүлэг буюу 60-64 насны хүмүүсийг ирэх 7 хоногоос хамруулахаар төлөвлөсөн. Учир нь вакцин хийж буй эмч, ажилтны хүний нөөц, цэгүүдийг хуваарилж, нэн түрүүнд хөдөлгөөнт хүн амаа вакцинжуулахаар ажиллаж байна. Энэ нь олон хүнтэй харьцан үйлчилж буй худалдаа, үйлчилгээний салбарын ажилтан ажилчид юм. Вакцины 2 дахь тунг хийх хугацааг иргэдийн гар утсанд очих мессежээр мэдээлнэ.

-Вакцин хийлгэсэн иргэдийн хэдэн хувьд сөрөг урвалын хүндрэл илэрч байна вэ?

-Бид вакцин хийсний дараа гарах урван хүндрэлийг байнга хянаж байна. Нийт хамрагдсан хүмүүсийн 44,8 хувьд халуурах, 48,8 хувьд вакцины зааварт тусгасан урвалууд шинж тэмдэг илэрч байна. Хариу урвалын шинж тэмдэгүүд 2-3 хоногоос дээш удаан хугацаанд үргэлжилж зовуурьтай байвал эмнэлэгт, эмчид хандаэ шинж тэмдэгийн эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.

-Вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүст 2 дахь тунг хэзээ хийх вэ?

-Вакцины дараагийн тунг товлосон хугацаанд хийнэ. Товлосон хугацааг иргэдийн гар утсанд мессежээр мэдээлнэ. Түүгээр баримталж хийнэ. Одоо хийж байгаа вакцинуудын хувьд интервал буюу хоёр тунгийн хоорондох зай ялгаатай байгаа. Жишээ нь, “АстраЗенека” вакцины хувьд 28 хоногийн хугацаатай хийгдэхээр байсан ч ДЭМБ болон олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийн дагуу хамгийн багадаа 8 долоо хоногийн дараа 2 дахь тунг хийснээр тухайн вакцины үр дүн нэмэгдэж буй нь судалгаагаар гарсан. Тиймээс энэ талын мэдээлэл таны гар утсанд очино.

-ДЭМБ-аас “АстраЗенека” вакцинтай холбоотой, түр хориглосон уу. Манай улсад энэ вакциныг одоогоор хэдэн хүнд хийсэн бэ?

-ДЭМБ-аас тус вакциныг үргэлжлүүлэн хэрэглэх зөвлөмж бүхий уриалгыг хүргүүлж байгаа. Зарим улс оронд түр зогсоосон байгаа хэдий ч энэ вакцин нь халдвараас, хүндрэлээс сэргийлэх үр дүнтэй байгаа тул үргэлжлүүлэн хийж иргэдийг халдвараас хамгаалж сэргийлж байна. Тиймээс улс орнууд судалгаа, шинжилгээний үндсэн дээр дээрх вакциныг үргэлжлүүлэн хийх шийдвэрээ гаргасаар байна.

Categories
гадаад мэдээ

ДЭМБ “Johnson & Johnson”-ий вакцинд зөвшөөрөл олголоо

ДЭМБ өчигдөр /2021.03.12/ энэхүү вакциныг яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг олгожээ.

Ингэснээр уг вакцин нь ДЭМБ-аас зөвшөөрөл авсан гурав дахь вакцин болж байна. Үүнээс өмнө АНУ-ын “Pfizer/BioNTech” болон Оксфордын их сургууль, “AstraZeneca” компанийн хамтран бүтээсэн хоёр вакцинд зөвшөөрөл олгоод байсан юм.

“Johnson & Johnson”-ий вакцин нь бусад вакцинуудыг бодвол нэг тунгаар хийдэг учир өртөг хямдаас гадна энгийн хөргөгчинд хадгалж болдгоороо давуу талтай юм. Гэхдээ уг вакцин нь “Сovid-19”-ийн мутацид орсон шинэ хувилбаруудаас хамгаалах чадвар сул болох нь туршилтаар ажиглагдсан. Энгийн “Сovid-19” халдвараас 85 хувь хамгаалж байгаа бол шинэ мутацийн эсрэг 66 хувийн дархлаа тогтоожээ.

ДЭМБ-аас санаачлан хэрэгжүүлж буй дэлхийн улс орнуудад “Сovid-19”-ийн вакциныг тэгш хуваарилах “COVAX” хөтөлбөр дээрх вакцинаас 500 сая тунг захиалсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Азийн хөгжлийн банк сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэлийн уралдаан зарлалаа

Монгол Улс Азийн Хөгжлийн Банк (АХБ)-нд гишүүнээр элссэний 30 жилийн ой энэ онд тохиож байна. Тэмдэглэлт ойд зориулан бүтэн жилийн турш зохион байгуулах цуврал арга хэмжээг нээж, АХБ Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубтэй хамтран цахим хэлэлцүүлэг хийлээ.

Ойн ажлын хүрээнд АХБ-наас Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, хэвлэл мэдээллийн байгууллагууд зэрэг бүх хамтрагч талуудаа оролцуулан хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагыг тодорхойлох арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм. Үүнд, бүсчилсэн уулзалт-семинар, үндэсний хэмжээний тэмцээн уралдаан, өндөр түвшний хэлэлцүүлэг, хүндэтгэлийн арга хэмжээнүүд зэргийг төлөвлөөд байна. Өнөөдөр зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр “КОВИД-ын дараах шинэ эхлэл” сэдвээр сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг зарлалаа.

No description available.

No description available.

“Сүүлийн 30 жилд Монгол Улсад өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжиж, итгэлтэй түнш нь байж ирсэндээ бид баяртай байна. Энэхүү тэмдэглэлт ой бидэнд 30 жилийн хамтын ажиллагааны түүхээ эргэн харж, ололт амжилтаа бататган, хуримтлуулсан туршлага, сургамжаа хуваалцан, цаашдын түншлэлийн зорилгоо тодорхойлох боломжийг олгож байгаа юм. Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг цогцлооход дэмжлэг үзүүлэх эрмэлзэл, хүчин чармайлтаа бид эдгээр үйл ажиллагаагаар дамжуулан бататгах болно” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран тэмдэглэв.

АХБ нь 1991 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын хамгийн том олон талт хөгжлийн түнш байж, зах зээлийн эдийн засагт суурилсан дундаж орлоготой улс болон хөгжихөд нь чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Эдийн засгийн бүтцийг шинэчлэн тогтворжуулах, институц, хүний нөөцийг бэхжүүлэх, шилжилтийг амжилттай давахад шаардлагатай дэд бүтцийг бүтээн байгуулах Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд АХБ дэмжлэг үзүүлсээр ирсэн.

АХБ нь Монгол Улсын хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэн Засгийн газартай нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, нийгмийн хүртээмжтэй хөгжлийг цогцлоох, бүс нутгийн уялдаа, өрсөлдөх чадвар бүхий өсөлтийг бий болгох зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн, шинэчилсээр байна. Өнөөдрийн байдлаар хөдөө аж ахуй, боловсрол, эрчим хүч, санхүү, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, тээвэр, хотын болон хөдөөгийн хөгжил, аж үйлдвэр, худалдаа, харилцаа, холбооны технологи зэрэг салбарын төслүүдэд нийт 3.3 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааг олгоод байгаа юм.

Засгийн газрын санхүүжилтээс гадна АХБ нь Монгол Улсын хувийн хэвшлийн байгууллагуудтай шууд хамтран ажилладаг бөгөөд эрчим хүч, санхүү, аж үйлдвэр, худалдааны салбарт зээл олгох, хувьцааны хөрөнгө оруулалт хийх болон Худалдааны санхүүжилтийн хөтөлбөрөөрөө дамжуулан дотоодын санхүүгийн байгууллагууд болон түншлэгч банкуудад санхүүжилт олгодог. АХБ-наас Монгол Улсын хувийн хэвшилд олгосон хөрөнгө оруулалтын хэмжээ өнөөдрийн байдлаар 490 сая ам.долларт хүрээд байна.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар ХӨСҮТ, ЭМЯ-наас хүргүүлсэн саналыг хэлэлцэнэ

Өнөөдөр УОК-ын хурал Төрийн ордонд 14:00 цагаас хуралдана. Хуралдаанаар халдварын нөхцөл байдал ХӨСҮТ, ЭМЯ-наас хүргүүлсэн саналыг хэлэлцэх юм.

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцуулах үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас халдварын энэ тархалтыг их гарч байгаатай холбогдуулан Улсын Онцгой комисст маш тодорхой саналуудыг хэд хэдэн хувилбараар гаргана явуулж байна. Боломжтой бол хамгийн үр дүнтэй арга нь бүх нийтийн хөл хориог тогтоох юм. Ялангуяа хоёр нууц үеийн хугацаанаас дээш буюу 28 хоногоор тогтоох нь хамгийн үр дүнтэй арга гэдэг нь нотлогдсон. Хэрвээ ийм арга байхгүй гэвэл бид маш тодорхойгоор үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг багасгах, нэг дор 10-аас дээш хүн цугларахыг хориглох, 10-аас дээш хүн заавал цугларах шаардлагатай байгаа бол цахим хэлбэрээр арга хэмжээгээ зохион байгуулах хэрэгтэй. Мөн халдвар ихээр тархах эрсдэлтэй фитнесс, караоке, баар, ресторан зэрэг газруудын үйл ажиллагааг 14-өөс 21 хоног түр зогсоох гэх мэт тодорхой саналуудыг бол салбарын зүгээс хүргэсэн байгаа” гэсэн.

Мөн Эрүүл мэндийн яамнаас гаргасан нийслэлд 28 хоногийн хөл хорио тогтоох саналыг УОК-ын Шуурхай ажлын хэсгийн өчигдрийн хуралдаанаар дэмжээгүй юм.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдав

“Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” дэд зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүнийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2021 оны хоёрдугаар 9-ний өдрийн хуралдаанаар баталсан.

Уг дэд зөвлөлийн ээлжит хуралдаан 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо.

Хуралдаанаар дэд зөвлөлийн 2021 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, иргэд олон нийтийн эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл бодлогоо тодорхойллоо.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдав

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНЫ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС