Categories
мэдээ цаг-үе

ОХУ-д болсон цасан шуурганы улмаас баруун аймгуудын цахилгаан тасарчээ

ОХУ-ын Тувагийн БНУ-ын нийслэл Кызыл хотод хүчтэй цасан шуурганы улмаас цахилгаан эрчим хүч тасалджээ. Улмаар Монгол Улсын баруун аймгуудын цахилгааныг тасалсан байна.

Одоогоор Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийг Дөргөний усан цахилгаан станцаас тэжээл авч цахилгаан эрчим хүчээр хангаж байна гэж Баруун бүсийн Эрчим хүчний систем ТӨХК-аас мэдээлэв. Тухайлбал, эмнэлэг, дулаан үйлдвэрлэгчид нэгдүгээр зэрэглэлийг хэрэглэгчдэд багтдаг тул цахилгаан тасалдуулалгүй, эрчим хүчээр хангаж байгаа юм.

Хойд хөршид цаг агаарын аюултай үзэгдэлтэй холбоотойгоор эрчим хүчний доголдлыг засварлахаар Тиваенерго компанийн шуурхай ажиллагааны 4 бригад шугамын үзлэгт ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Өндөр настнуудыг вакцинжуулах ажил маргаашаас эхэлнэ

Гуравдугаар сарын 15-наас буюу маргаашаас эхлэн өндөр настнуудыг вакцинжуулж эхэлнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд нийт 99228 хүнийг вакцинд хамруулаад байгаа ба өдөрт доод тал нь 15 мянган хүнийг дархлаажуулахаар төлөвлөн ажиллаж байна гэв.

Дархлаажуулалтад гуравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд 200 мянга, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 300 мянга, нийт 500 мянган хүнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Завхан аймагт дөрвөн тохиолдол батлагдлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн хоногт 17894 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 128 хүнээс халдвар илэрсэн.

Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн. Шинээр илэрсэн 128 тохиолдлын 122 нь тохиолдлуудын хавьтал бол таван хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Завхан аймагт дөрвөн тохиолдол батлагдснаас ойрын хавьтлын 8, хоёрдогч хавьтал болсон 78 хүн байна.

Сүүлийн 24 цагт 46 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт халдварын тохиолдлын 75 хувь буюу 3001 хүн эдгэрээд байна.

Одоогоор 943 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь

Хөнгөн- 872

Хүндэвтэр 63

Хүнд- 7

Маш хүнд- 2 байгаа” гэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

ЭМЯ: 128 тохиолдол илэрсний таван хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн хоногт 17894 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 128 хүнд халдвар илэрсэн. Шинээр илэрсэн 128 тохиолдлын 122 нь хяналтад авсан голомтод илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс, таван хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Сүүлийн 24 цагт 46 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Одоогоор 943 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 2, хүнд 6 хүн байгаа” гэв.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 3961 боллоо. Нийт тохиолдлоос 3001 нь буюу 75 хувь нь эдгэрээд байна.

Иргэд олон хүнтэй газраар явахдаа амны хаалтаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар дагаж мөрдөхийг анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Цаг агаарын аюулт үзэгдлээс болгоомжлохыг анхааруулж байна

Цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй тул хол замд зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас сануулав. Өчигдрөөс эхлэн орон нутагт цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангараад байна. Ойрын хоёр хоногт нийт нутгаар цас орж, салхины эрч 24-28 м/секунд хүртэл ширүүсэх тул цаг агаарын аюулт үзэгдлээс болгоомжлохыг цаг уурчид сануулж байна.

Тодруулбал, говийн аймгийн нутгуудаар буюу Говь-Алтай, Баянхонгор Дундговь, Дорноговь, Өмнөговь, Дорнод, аймгийн нутгаар өнөөдөр салхи 18-20 метр, зарим үед 28 метр хүрч, хүчтэй шороон болон цасан шуургатай. Мөн Увсын зүүн, Ховд Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Завханы нутгаар цас орж, цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдах төлөвтэй байна. Энэ үеэр зарим газраар хур тунадас, нойтон цас орж, өмнөх хоногоосоо 15-20 градусаар эрс хүйтрэх тул замд халтиргаа гулгаа үүсэх, зам, даваа цас, шороонд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй тул малчид гэртээ байж, малаа холын бэлчээрт явуулахгүй байх, хол замд гарахгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд вакцинд хамрагдсан хүний тоо 99 мянгад хүрлээ

Үйл ажиллагааг нь зогсоохгүй, тогтвортой ажиллуулах шаардлагатай байгууллагуудын 15,182 хүнийг өчигдөр коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулжээ. Ингэснээр манай улсад дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 99,228 хүнийг вакцинд хамруулаад байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр дархлаажуулалтын 43 цэгт 102 багийн 746 эмч, ажилтан ажиллажээ.

ЭХ сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Одгэрэл: Баянхонгор аймгийн Байдрагт 2.7 тэрбум жилийн настай чулуулаг тархсан байдаг

ШУАийн Геологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Одгэрэлтэй ярилцлаа.


Танай хүрээлэн геологийн чиглэлээр онолын суурь судалгаа явуулдаг ганц байгууллага. Ямар судалгааны үр дүнгээ онцлох вэ?

-Геологийн хүрээлэн анх 1966 онд байгуулагдсан. Тухайн үед Монгол Улсад геологийн онолын суурь судалгаа чухал гэдэг шаардлага тавигдаад, байгуулагдаж байсан хүрээлэн. Би энэ хүрээлэнд 1994 оноос одоог хүртэл ажиллаж байгаа. Манай хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын гол амжилт томоохон зураг зүйн бүтээлүүд болох Монгол Улсын нутаг дэвсгэрийн Геологийн, Тектоникийн зэрэг анхны 1:1000000-ын масштабын өнгөт зургуудыг өөрсдийн хүчээр зохиосон. Эдгээр бүтээлүүд нь манай орны геологийн үйлдвэрлэл, практикт нэвтэрч, их сургуулиудын сургалтын шинэлэг хэрэглэгдэхүүн болсны сацуу геологи, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Та боржин чулуу судалдаг гэсэн үү?

-Миний судалгааны чиглэл Монгол оронд тархсан мезозойн настай гранитоид чулуулгийн судалгаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэн уулын чулуулгуудын дотор төрөл бүрийн найрлагатай магмын чулуулаг хамгийн өргөн тархсан байдаг. Магма гэдэг нь дэлхийн гүнд бүрэлдэн тогтох нарийн найрлага бүрэлдэхүүнтэй халуун хайлмал бодис, магмын чулуулаг гэдэг нь магма царцаж хатуурахад бүрэлдэн тогтсон чулуулаг юм. Эдгээр магмын чулуулаг нь палеозой (541-252 сая жил), мезозойн (252-145 сая жил) эринд өргөн тархдаг. Энгийн жишээ хэлэхэд, Богд уулыг үүсгэсэн чулууг судалдаг гэсэн үг.

Боржин чулууг юунд ашигладаг вэ?

-Сүүлийн үед чулууг ашиглан дөрвөлжин шоо болгон гэр хороолол доторх замуудыг хийсэн харагддаг. Түүнчлэн хөшөө дурсгалууд хийгдэж байна. Ер нь мезозойн үед үүссэн боржингоор барилгын материал буюу цонхны тавцан, чулуун шал, ширээний тавцан зэргийг хийдэг. Харамсалтай нь үндэсний үйлдвэрлэгч ховор, ихэнх нь гадаад улсуудаас оруулж ирж байна. Миний бодлоор энэ бүхнийг Монголдоо үйлдвэрлээд, эх орныхоо түүхий эдийг ашиглаад гадагшаа урсаж буй мөнгөн урсгалын тал нь боловч дотооддоо үлдвэл хэрэгтэй болов уу. Улсаас бодлогоор дэмжээд олборлох эрхийг нь олгоод харин үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд орчин үеийн үйлдвэрийн багаж, тоног төхөөрөмж ашиглаад хийвэл үр дүнд хүрэх л байх. Сүүлийн үед ашиглаад байгаа ногоовтор туяатай чулуу нь ховор металл агуулагддаг амазонит-альбитат боржин юм. Гандангийн дотор, Содон хорооллын урдуур гэр хороолол дотор ийм боржин харагддаг. Манайхан шоо шиг зүсээд, зам тавихад хэрэглэж байна. Барилгын материалд ашиглаж байгаа бүтээгдэхүүний зарим нь шахмал, зарим нь жинхэнэ чулуу байдаг.

Ийм боржин чулуу хаа сайгүй байх уу?

-Манай оронд өргөн тархсан. Хээрийн судалгааны ажил хийгээд явж байхад Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Жанчивлангийн рашааны баруун урд уул, хуучнаар Авдрантын хорих анги зэрэгт мезозойн боржингоор үйлдвэрлэл явуулж эхэлж байсан. Тэд уулын чулуулгийг том томоор нь хөрөөдөж зүсээд бэлтгэж байна лээ. Нарийн боловсруулах механизм тухайн үед байгаагүй.

Залуу насны чулуулаг гэж ярьж байна. Монголын нутагт 10 галавт хамаарах чулуулаг тархсан гэж сонслоо. Манай чулуулаг баялаг бүтэцтэй гэсэн үг үү?

-Монгол Улс Төв Азийн ороген бүсийн төв хэсэгт оршдог нь гадаад, дотоодын судлаачдын сонирхлыг их татдаг. Эртний чулуулаг нь ч байна, залуу нь ч бий, бүх насны чулуулаг байдаг. Монголын Геологийн холбооноос Монгол орны “Хамгийн хөгшин 2.7 тэрбум жилийн настай саарал гнейс” Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт Байдрагийн голын орчимд тархсан гэдгийг баталгаажуулсан пайз хүртэл тавьсан байдаг.

Эртний чулууг эм танд хэрэглэдэг үү?

-Уламжлалт анагаах ухаанд эрт дээр үеэс чулууг эм тан хийхэд ашиглаж ирсэн түүхтэй юм билээ. Хүмүүс энэ талаар асууж сурдаг. Боломж гарсан үед хамтарч ажиллах тохиолдол ч байдаг. Уламжлалт анагаах ухаанаар суралцдаг нэг залуу судлаач саяхан “Жонш гэдэг чулуу эмэнд ордог юм аа, энэ Монголд хэр тархалттай вэ, энэ талд танай судлаачид туслаач” гээд ирж байсан. Бид туслаад л явуулсан. Судалгаа хийж байгаа хүмүүс багаар ажиллаад, бие биенээ дэмжээд, анагаахын судлаачдад чулуу хэрэгтэй бол бидэнд ханддаг, бидэнд анагаахын мэдээлэл хэрэгтэй болоход тэдэнд хандах зэргээр зарим зүйлд хамтын хүчээр зүтгэх нь илүү үр дүнтэй юм болов уу гэж бодогддог.

Дээр залуу судлаачдын хурал дээр таны хэлснийг саналаа. Баруун аймгийн иргэдэд хавдар их байгааг амьдралын хэв маягтай нь холбож тайлбарлахаас гадна уух ус, эрдэс чулуулагтай нь холбож судлах хэрэгтэй гэсэн санаа хэлж байсан?

-Анагаахын нэг судлаач баруун аймгийн хүмүүсийн дотор ходоодны хавдар, элэгний өвчлөл их илэрч байна гэсэн судалгаа гарсан гэж хэлж байсан. Энэ хурдас чулуулагтайгаа холбоотой, түүн дээгүүр урсаж байгаа уснаас ч болж магадгүй гэсэн бодол төрөөд асууж байсан юм. Энэ төрлийн судалгааг манай доктор С.Ариунбилэг ОХУ-ын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай хамтран хийж байсан юм. Тэр судалгаанд юу ажиглагдсан гэхээр баруун болон зүүн аймгуудын усанд шинжилгээ хийж үр дүн гаргаж байсан. Тэгэхэд баруун аймгуудаас авсан усны дээжинд уран, хар тугалга, лити байх ёстой хэмжээнээсээ өндөр гарч байсан. Тэгээд бид урсаж байгаа чулуулгаасаа болоод усных нь найрлага хүртэл өөрчлөгддөг юм байна гэж ярилцаж байсан юм. Хүнд металлууд өндөр байхаар хүний биед яаж нөлөөлөх вэ гээд л цаашаа судалбал илүү сонирхолтой байх болов уу. Ийм цогц судалгаанууд бодлогоор дэмжигдээд хийгдвэл илүү нарийн үр дүн гарах юм болов уу гэж ярьсан юм.

Манай геологичид шинэ ашигт малтмалын уурхай нээж байгаа болов уу, хайгуул хийж байгаа болов уу гэж хүмүүс сонирхох байх?

-Ер нь Монгол ашигт малтмалаараа баялаг орон шүү дээ. Эрэл хайгуулын шатандаа яваа, цаашлаад орд болох магадлалтай зөндөө л газар байгаа. Хүмүүс геологи, уул уурхай хоёроо ялгаж салгаж ойлгодоггүй. Геологийн судалгааны ажил нь уул уурхайн ажил эхлэхээс 5-10 жилийн өмнө хийгддэг. Манай хүрээлэнгийн хувьд таны асууж байгаа шиг эрэл хайгуулын шатны ажил хийдэггүй. Шинжлэх ухааны онолын судалгаа хийж, энэ хурдас чулуулгийн геологийн тогтоц, хил зааг, үүссэн геодинамик орчин, гарал үүсэл, бодисын найрлага гэх мэтчилэн нарийн зүйлүүдийг судалдаг. Бид бүхэн шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлж хамтарч ажиллахыг зорьдог доо. Сүүлийн үед ашигт малтмал эмх замбараагүй олборлодог, гадныхан явдаг болсноос үүдээд судалгаа хийгээд явж байгаа хүмүүсийг хүртэл орон нутагт мод, саваа бариад хөөх нь холгүй болчихоод байгаа.

Сансрын тандан судалгааг манайхан хэр ашигладаг вэ. Монгол ямар ашигт малтмалтайг бусад улсууд сансрын зургаар тандах боломжтой юу?

-Ер нь манай геологийн судалгаанд сансрын зургийн боловсруулалт хийгээд, хурдас чулуулгийн өнгө өгч байгаа байдлаар нь энэ нутаг дэвсгэрт ийм чулуулаг тархсан байна гэдгийг тодорхойлж программ дээрээ сайн боловсруулалт хийгээд, түүнийгээ зөв тайлж чадвал эрж хайж байгаа юмаа олох боломж нь өндөрсөнө. Дээр үед агаарын зураг ашигладаг байсан шүү дээ. Одоо бол ихэвчлэн сансрын зураг гэж ярьж байгаа. Манай ашигт малтмалыг сансрын зураг ашиглаад тогтоочихно гэж бас ойлгож болохгүй. Сансрын зурагнаас “Энд ийм хурдас тархсан байна” гэж харна. Үүнтэй холбоотой ямар ашигт малтмал үүсч болохыг тогтооно. Энэ чулуулаг ямар ашигт малтмал дагуулах зүй тогтолтой билээ гэж харна. Түүнээс биш шууд сансрын зураг хараад, энд ийм ашигт малтмал байна гэх боломжгүй шүү дээ. Шат шатны боловсруулалт, судалгаа хийж байж л эцсийн үр дүн гарна.

Та бүхэн шинэ технологи, судалгааг хэр нэвтрүүлж байгаа вэ?

-Бидний хувьд аль болох дэлхий нийтэд гарч байгаа шинжлэх ухааны онолын шинэ судалгаануудыг судалж, Монголдоо нэвтрүүлэх, манайд гарч байгаа шинэ судалгааг гадаадын оронд түгээн дэлгэрүүлэх ажил хийж байгаа. Манайд геологийн судалгаа хийх дээж материал цуглуулахад боломжтой шүү дээ, ядаж л шинжилгээний дээж авахад гарц сайтай. Бид гадаадын судлаачидтай хамтран хээрийн судалгаа явуулж, тэдний нарийн багаж төхөөрөмжтэй их сургууль, хүрээлэнгүүдэд очиж боловсруулалтаа хийж ажилладаг.

Гадныхантай хамтарсан баг ажиллаж байгаа юу, ямар чиглэлээр судалдаг вэ?

-1960-1990-ээд оны үед оросуудтай хамтарсан экспедици их ажиллаж байсан. Монголын геологийн нэлээд их судалгааг энэ үед хийсэн байдаг. Сүүлийн үед экспедици социализмын үеийнх шиг бүрэн утгаараа хэрэгжсэн юм байхгүй. Хамтарсан төслийн хүрээнд гадны улсуудтай хамтарч судалгаа хийж байгаа. Ийм хамтарсан судалгаанууд хүрээлэнгүүдэд маш их шинэ үр дүнг бий болгож судалгааны ажил шинэлэг мэдээллээр баяждаг.

Манай орны чулуулаг, геологийн бүтэц тогтоц хоёр хөрштэйгөө адилхан байдаг юм уу, эсвэл өөр онцлогтой байх уу?

-Геологийн хурдас чулуулаг нь ОХУ-ын нутагт өөр, Монголын нутагт өөр гэхгүй. Хил дамнаад л явна шүү дээ. Монголд орж ирээд дуусах, эсвэл Монголоос гараад Хятадад дуусах жишээтэй. Тайраад хөрөөдсөн түлээ шиг биш. Цэцэг ургаж байснаа бургас болно гэж үгүй. Тийм учраас геологийн ямар орчин нөхцөлд үүссэн байна, түүгээрээ хэдий хэрийн газар нутгийг хамран тархсанаараа л хэмжигдэнэ.

Хатгал тосгон дахь геологийн судалгааны төвийг өргөжүүлэн геотуризм хөгжүүлнэ гэсэн үү. Хатгалыг сонгосон нь ямар учиртай вэ?

-Манай хүрээлэн 2003 онд гурван улсын хамтарсан төсөл хэрэгжүүлсэн юм. Орос талдаа Байгал нуурын гүнийг өрөмдөж судалсан. Монголд анх удаа манай хүрээлэн Хөвсгөл нуурын гүнийг өрөмдөж судалсан юм. Хамгийн гүн нь 80 гаруй метр өрөмдсөн байх шүү. Хөвсгөл нуурын хурдсын судалгааг хийсэн. Тэгэхэд Хөвсгөл аймгийн Хатгал сумын төвд байрлах Геологийн судалгааны төвийг бий болгосон. Одоогоор Геологийн судалгааны төв Геологийн хүрээлэндээ ч эргэж ирээгүй л байгаа. Удахгүй энэ асуудал шийдэгдэж байгаа тул цаашид Геологийн судалгааны төвөө түшиглээд, шинжлэх ухааны судалгааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх төв болгоод сонирхол татахаар болгоно гэж мөрөөдөөд л яваа.

Манайхан хөөрөг зөрүүлэх соёлтой. Танаас хүмүүс чулуу асуудаг уу, хөөрөг таниулах уу?

-Тийм хүсэлт зөндөө ирдэг. Энэ яг ямар чулуу вэ гэж асуудаг. Ийм учиртай юм аа гээд тайлбарладаг. Хөөрөгний чулуу өөрийн мэдэх хэмжээндээ танина аа. Манайхан мана, гартаам, хаш хөөрөг гээд ярьдаг. Монголд цагаан хашийн орд олдсон юм одоогоор байхгүй. Хөвсгөлд ногоон хаш байдаг. Гэхдээ тэр нь бүтцийн хувьд Оросынх шиг гоё байдаггүй л юм билээ. Хөөрөг хийе гэвэл ямар ч чулууг амьдруулж болно. Ээлтэй, үзэмжтэй чулуу гээд хувь хүний сонирхол янз бүр байдаг даа.

Categories
гадаад мэдээ

Шри Ланкад исламын шашны 1000 гаруй сургуулийг хаана

Энэтхэгийн далайн арал улс Шри Ланка үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс исламын шашны эсрэг томоохон арга хэмжээ авах болсноо өчигдөр зарлажээ.

Тухайлбал муслим эмэгтэйчүүдийн нүүр, биеэ халхалдаг өмсгөл буюу буркаг бүрэн хориглохоор болсон байна.

Шри Ланкын дотоод хэргийн сайд Сарат Верасекара өчигдөр болсон арга хэмжээний үеэр хэлэхдээ “Бурка нь манай үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлж байна. Олон жилийн өмнө бид маш олон муслим найзтай байсан. Тэр үед муслим эмэгтэйчүүд бурка огт өмсдөггүй байлаа. Харин саяхнаас ийм соёл дэлгэрсэн нь шашны экстремист үзэл нэмэгдсэний шинж юм. Тиймээс бид үүнийг хориглоно” гэжээ.

Үүнээс гадна Шри Ланка улсад оршдог 1,000 гаруй исламын шашны сургуулийг хаахаар бэлдэж байгааг сайд мэдэгдсэн юм.

Эдгээр сургуулиудыг тус улсын боловсролын хөтөлбөрийг дагадаггүй, голдуу араб хэл, коран судар заадаг гэж буруутгажээ.

Исламын шашныг хязгаарлах энэхүү шийдвэрийг удахгүй засгийн газрын хурлаар оруулж, батлуулахаар болсныг Сарат Верасекара мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Associated Press

Categories
мэдээ эдийн-засаг

Жилийн гурван хувийн хүүтэй зээлийг 20-25 мянган иргэн авах боломжтой

Эдийн засгийг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах 10 их наяд төлөвлөгөөний хүрээнд арилжааны банкуудаар дамжуулж хоёр их наяд төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэйгээр гурван жилийн хугацаатай олгохоор болсон. Уг зээлийг өрхийн болон бичил бизнес эрхлэгчид, мөн аж ахуйн нэгжүүдэд гэсэн хоёр хэсэгт ангилж олгох аж. Банкууд зээлийн материалыг судалж, хөнгөлөлттэй зээлийг эздэд нь хүргэх ажил албан ёсоор эхэлсэн байна. Бичил бизнес эрхлэгчдэд 50 хүртэл, аж ахуй нэгжүүдэд 500 хүртэлх сая төгрөгийн зээлийг олгож, Зээлийн батлан даалтын сангаас 60 хүртэлх хувьд нь барьцаа гаргах боломжтой юм. Бичил гэдэгт өрхийн болон зах дээр худалдаа эрхлэгчид, хувь хүн бүгд хамаарч байгаа юм. Гэхдээ үүнд хэрэглээний зээл орохгүй. Өөрөөр хэлбэл, автомашин, бусад эд хогшил худалдан авах зорилгоор зээл хүсэх боломжгүй гэсэн үг. Өнөөгийн байдлаар төв банкин дээр арилжааны банкуудын найман их наяд гаруй төгрөгийн эх үүсвэр хүүтэй байршиж байгаа юм. Уг эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулж хоёр их наядын зээлийг гаргах бөгөөд иргэдэд долоо, аж ахуйн нэгж дээр зургаан хувийн хүүгийн дэмжлэгийг улсын төсвөөс гаргана. Өөрөөр хэлбэл, хөнгөлсөн зээлийн хүүгийн зөрүүг төр даана гэсэн үг. Хоёр их наяд төгрөгийн зээл бүрэн гарна гэж тооцвол төсвөөс жилд 70-80 тэрбум төгрөг гарахаар байгаа аж. Бичил бизнес эрхлэгчдэд ямар шаардлага тавьж байгаа талаар холбогдох албаны хүмүүс дараах тайлбарыг өгч байна.

Сангийн сайд Б.Жавхлан: Иргэдэд 500-600 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлнэ

-Зээлийн үйлчилгээнд ковидын нөлөөнд хамгийн их нэрвэгдэж, зах дээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах аргагүй болсон лангуу түрээслэгчид, өрхийн бизнес эрхлэгчид хамрагдана. Өөрөөр хэлбэл, иргэд хамрагдах юм. Арилжааны хэд хэдэн банкин дээр судалгаа хийсэн. Судалгаагаар иргэдийн 80-90 хувь нь 50 хүртэлх сая төгрөгийн зээл авдаг юм байна. Тиймээс иргэдийг дэмжсэн бизнесийн зориулалттай зээлийг гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай олгож байгаа. Үлдсэн хүүгийн долоон хувийн зөрүүг төрөөс дааж байна. Банкууд иргэдээс зээлийн хүсэлт авсан. Одоо ирсэн хүсэлт болон зах зээлийн даацаас харахад 500-600 тэрбум төгрөгийг 20-25 мянган иргэнд олгох судалгаа гарсан. Иргэн буюу бичил бизнес эрхлэгч зээл хүссэн тохиолдолд НӨАТ төлөгч байх шаардлагагүй. Өмнө нь банктайгаа харилцаж байсан, зээлийн түүх, бусад мэдээлэл нь байгаа. Үүн дээр үндэслээд арилжааны банк нь шийдвэрээ гаргаад явна. Үүнд төрөөс ямар нэг шаардлага, нөхцөл тавьж оролцохгүй. Гэхдээ иргэдэд чиглэсэн зээлд хэрэглээний зээл хамаарахгүй гэдгийг анхаараарай. Зөвхөн бизнес эрхлэх, ажлын байр бий болгох зорилгоор зээл олгоно. Мөн зээлийг аваад зориулалтын бусаар ашиглах, дамжуулж хүүлэх зэрэг үйлдэл гаргавал хөнгөлөлттэй зээлийг шууд арилжааны нөхцөл рүү нь шилжүүлнэ. Мөн барьцаа хөрөнгийн батлан даалтыг хүчингүй болгоно. Арилжааны банкууд энэ нөхцөл байдлыг хянахад тийм ч төвөгтэй биш. Тэгэхээр энэ тал дээр анхаарах шаардлагатай.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлнэ

-Монголбанк гурван хэсэг дээр Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа. Эхнийх нь репо санхүүжилт. Хоёр дахь нь ипотекийн зээл юм. Арван их наядын төлөвлөгөөний хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлж оролцоно. Энэ онд 700 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгоно. Гурав дахь нь ажлын байрыг дэмжих хоёр их наядын хөтөлбөр юм. Төв банкин дээр найман их наяд гаруй төгрөгийн эх үүсвэр цугларсан. Энэ эх үүсвэрийг эдийн засгийг дэмжихэд нь эргүүлж хэрэглэж байна. Гурван хувийн хүүтэй олгоно. Үлдсэн хүүгийн зөрүүг төсвөөс санхүүжүүлнэ.

Одоо гаргах зээлийг зах зээл шингээж авах эсэх асуудал яригдаж байна. Өнгөрсөн онд зээл олголт нийт дүнгээр зургаан хувь буурсан. 18 их наядаас 17 их наяд болж буурсан байгаа. Тийм учраас эдийн засагт санхүүжилт дутагдаж байгаа гэсэн үг. Төлөвлөгөө зарлагдсанаас хойш банкууд зээлийн хүсэлтийг харилцагч нараасаа авч эхэлсэн. Тэгэхээр зээлийн эрэлт хангалттай байгаа. Хоёр их наядыг эдийн засаг шингээгээд авчих боломжтой юм. Аж ахуйн нэгжийн зээл дээр 70 хувь нь дахин санхүүжүүлэх, 30 хувь нь шинэ зээл байгаа. Бичил зээл дээр 70 хувь нь шинэ зээл, 30 хувь нь дахин санхүүжүүлэхээр байна.

Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэхзахирал Ш.Алтанчимэг: Зээлийн батлан даалт гаргуулахын тулд заавал манайх руу ирэх шаардлагагүй

-Зээлийн батлан даалтын сан нь үндсэн хоёр бүтээгдэхүүнтэй байдаг. Энэ нь үндсэн болон төслийн батлан даалт юм. Өнөөдрийн хэрэгжиж байгаа төлөвлөгөө маань үндсэн батлан даалт буюу бүх банктай хамтран явуулдаг. Тухайн зээлдэгч барьцаа хөрөнгийн дутагдалтай бол төрөөс 60 хүртэл хувьд нь батлан даалт гаргаж явна. Барьцаа хөрөнгийг хэрхэн тодорхойлох вэ гэхээр тухайн аж ахуйн нэгжийн нэр дээр байгаа хөрөнгө, тухайн компанийн 50 болон түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа этгээдийн өмч хөрөнгүүдийг барьцаа хөрөнгөд оруулж тооцдог. Банкууд энэ шаардлагын дагуу үнэлж үзээд барьцаа хүрээгүй тохиолдолд манайх зөрүү дээр нь орно. Бид жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн хүрээнд ажиллах ёстой. Энэ талаар 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум хүртэл төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэж тодорхойлсон байдаг. Энэ нотлох баримтаа гаргаж ирэх, эсвэл манайх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас холбогдох тодорхойлолтыг авчихад зээлийн батлан даалт авч болно. Иргэд, аж ахуйн нэгж зээлийн батлан даалт гаргуулах бол заавал манайх руу хандах шаардлагагүй. Тухайн арилжааны банк уг ажлыг хамт зохион байгуулаад, таны зээлийг шийдэж өгнө.

Хаанбанкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа: Банкны сайт дээр бичил бизнес эрхлэгчдийн зээлийн шалгуурыг оруулсан

-Бид харилцагч нараа ковидын шууд болон дам нөлөөтэй гэж ангилсан. Шууд нөлөөтэй гэдэг нь бизнесийн үйл ажиллагаа нь 10-15 сар зогссон зээлдэгч дээр хоёр удаа гэрээний бүтцийн өөрчлөлт хийгээд өнөөдрийг хүртэл хэвийн зээл дээр явж байна. Эдгээр зээлдэгч боломжтой байвал хүүгээ төлж байсан. Болохгүй байвал хүү, үндсэн зээлээ ч хойшлуулсан байсан. Эдгээрийг хөтөлбөрт хамруулаад дахин зээлдэгч гэсэн хэсэгт оруулна.Хоёрдугаарт, шинээр олгож байгаа зээлүүдийн хувьд өмнө нь манай банктай харилцаж байсан хүмүүс гурваас зургадугаар сар хүртэл харилцагчийн аян зарлаад жил болгон 12-18 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээл олгоод явж байгаа. Эдгээр зээлдэгчийн эргэлтийн хөрөнгө, барьцаа хөрөнгө гэх зэргээр бүх мэдээлэл бий. Шинээр зээл хүсэхэд харилцагчийн мэдээлэл манайд бий гэсэн үг. Үүн дээр нэмээд банк сүүлийн хоёр жилийн турш банктай тасралтгүй хамтарч ажилладаг харилцагч нартаа зан байдлын оноо тавьсан. Энэ нь тухайн бизнес эрхлэгчийн бизнесийн орлогоо дамжуулдаг харилцах дансан дээр дүн шинжилгээ хийгээд энэ хүний тогтвортой орлого ийм, сар, улиралд тэдэн төгрөгөөр эргэлддэг гэсэн гээд бүх мэдээлэл бий. Тэгэхээр харилцагчийн харилцах дансны мэдээллийг боловсруулаад хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар ашигласан эсэхийг хянаад явах боломжтой. Хэрэв шинээр манай харилцагч болох гэж байгаа бол тухайн зах дээрээ лангуу түрээслэгч гэсэн гэрээ бий. Тэр гэрээгээ бариад ирэхэд бизнесийн үйл ажиллагаа эрхлэгч гэж үзээд таны зээлийг судална.

Барьцаа хөрөнгийн тухайд 15 сая хүртэлх төгрөгийн зээлд үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүй, эргэлтийн хөрөнгө шаардана. Эргэлтийн хөрөнгө гэдэг нь өөр дээр нь байгаа бараа материалыг 40 хувиар үнэлж авах боломжтой байгаа. Шаардлагатай гэж үзээд үл хөдлөхөө барьцаална гэвэл Улаанбаатар хотод 60 хувь, орон нутагт 50 хувиар, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орон сууцны биш барьцаа хөрөнгийг 40-70 хувиар үнэлж авч байгаа. Үүн дотор агуулахаас эхлээд үйлдвэрийн байр, оффисын барилга бүгд орно. Зээл дээр тавих шалгуурыг www.khan­bank.com гэсэн сайт руу ороод иргэдийн өрхийн зээл гэсэн хэсгээс дэлгэрэнгүй харах боломжтой.

Г.БАТ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин тахиа өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 14, Адъяа гариг. Билгийн тооллын 1, Могойг хүлэгч одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7:07 цагт мандан, 18:55 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гаригийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.