Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Өмнөговь аймаг: Далангийн цөөрөмд гангар хун нүүдэллэн иржээ

Хүчтэй салхи шуургийг сөрөн ирсэн гангар хунгууд өнөөдөр өглөө Өмнөговь аймгийн Далангийн голын цөөрөмд ирж буужээ.

“Гайхамшиг говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр “Даланзадгад хотын төвийн баруун өмнө орших Далангийн цөөрөм нь Монгол орны нүүдлийн шувууд холын орноос төрсөн нутаг руугаа явахдаа дамжин өнгөрдөг, амардаг гол цэгийн нэг. Урд шөнийн салхи шуургыг сөрөн ниссээр ирсэн гангар хунгууд цөөрөмд буусан байна” гэлээ.

Алс холоос төрсөн эх нутгаа зорин ирэх нүүдлийн шувуудын хаврын нүүдэл ийнхүү Далангийн голд бууж амардаг. 2019 оны 3 дугаар сарын 8-нд, 2020 оны 3 дугаар сарын 6-нд, 2021 оны 3 дугаар сарын 5-нд Далангийн цөөрөмд зусдаг хондон ангирууд нүүдлийн шувуудыг түүчээлэн ирж байсан. Одоо Далангийн голын цөөрөмд гангар хун 34, хондон ангир 14, бор нугас 3, цээжмэг гал сүүлт хэмээх шувуу нэг иржээ.

2021-2025 онд Далангийн цөөрмийг түшиглэн Даланзадгайн цэцэрлэгт хүрээлэн байгуулах томоохон төсөл энэ хавар эхлэх юм. Энэ нь хүүхэд залуучууд, иргэд амарч зугаалах байгаль орчны боловсрол мэдлэгээ хөгжүүлэх томоохон орчин болно.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймгийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэртэй танилцлаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэдэх Агаарын бохирдлын асуудлын Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, Дэд хорооны гишүүн Г.Ганболд, ОББҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзул болон холбогдох албаны хүмүүс Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний уурхайн сайжруулсан шахмал түлшний үйлдвэртэй танилцлаа.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын гэр хорооллын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангаж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор анх 2019 оноос эхлэн Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг барьж байгуулсан бөгөөд, хоногт 120 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулж үйлдвэрлэлийг өргөтгөж сайжруулсан шахмал түлшийг айл өрхүүдийн хэрэглээнд нэвтүүлэхэд эхний ээлжинд 2,3 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгааг танилцуулгын үеэр “Баянтээг” ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Данзан уламжилж байлаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр агаарын чанарын стандартад нийцсэн хүхэрлэг хий (SO 2 ), РМ10 тоосонцор, Азотын давхар исэл (NO 2) буурч, нам даралтын зуух болон айл өрхүүд шахмал түлшийг хэрэглээндээ өргөнөөр нэвтрүүлнэ. Улмаар Өвөрхангай аймаг төдийгүй Архангай, Баянхонгор, Булган аймгуудыг ч шахмал түлшээр бүрэн хангаж агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах эдийн засгийн ач холбогдолтой тул санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Дашрамд мэдээлэхэд Баянтээгийн уурхай нь эдүгээ 59 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд нүүрснийх нь нөөц анх 29 сая тонн гэж тогтоогдсон аж. Баянтээгийн уурхайн нүүрс нь илчлэг өндөртэй ч дэгдэмхий хий, тортог, хүхэр ихтэй, илчлэгийн хувьд нэг тонн шахмал түлш хоёр тонн нүүрстэй тэнцдэг байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Байгалийн гамшигт үзэгдэл болсон Дундговь аймгийн Онцгой комисстой цахимаар хуралдав

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдэн эрдэнэт хүний амь нас эрсдэж, иргэд малчидад эд малын хохирол учирсан Дундговь аймгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл солилцохоор аймгийн Онцгой комиссын гишүүдтэй онлайнаар холбогдлоо.

Тус аймагт өчигдөр буюу 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 10-15 цагийн турш үргэлжилсэн цаг агаарын гамшигт үзэгдлээс болж, 468 иргэн сураггүй алга болсон дуудлага мэдээлэл аймгийн Онцгой комисст ирж, комиссоос 578 ажилтан албан хаагч 186 техник тусламжтайгаар аврах, эрэн хайх ажиллагаагхэрэгжүүлсэн байна.

Онцгой комиссоос шуурхай арга хэмжээг зохион байгуулж ажилласны үр дүнд өнөөдрийн 15:00 цагийн байдлаар 459 иргэнийг эсэн мэнд олсон байна. Харамсалтай нь 9 хүний амь эрсэджээ.

Хүчтэй шороон шуурга 34-40 м/секунт хүртэлх хурдтай үргэлжилж, 1.6 сая мал салхинд уруудаж, 69 барилга, обьектын дээвэр хууларч, 30 автомашины шил хагарч, 587 хашаа хороо унаж, 92 гэр нурж, 9 иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг болжээ.

Аймгийн хэмжээнд хохирлын үнэлгээг гаргаж байгаа бөгөөд сумдад шаардлагатай тусламжийн баг ажиллуулж, гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн тухай мэдээллийг АОК-оос Шадар сайдад уламжлав.

May be an image of 1 person, sitting, standing, screen and indoor

Гамшигт өртөж амь эрсэдсэн малчдын ар гэрийнхэнд Шадар сайд гүн эмгэнэл илэрхийлээд, УОК, АОК-аас цаг уурын аюулт үзэгдлийн талаарх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд малчидад урьдчилсан сануулж, хүргэсээр байтал золгүй явдал тохиолдож байгааг АОК анхааралдаа авч, цаашид эрсдэлтэй бүс нутагт хаваржиж байгаа малчдын судалгааг нэн яаралтай гаргаж, эрсдэлээс урьчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж ажиллахыг АОК-т үүрэг болгов.

Мөн аймгийн хэмжээнд хохиролын хэмжээг бодитой гаргах, шаардлагатай тусламж үйлчилгээний хүсэлтийг ирүүлэхийг аймгийн Онцгой комисст даалгав.

Цаг агаарын гамшигт үзэгдэл дахин давтагдаж болзошгүй тул бэлэн байдлыг хангаж, сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд, малчидад бүх хэлбэрээр түгээх, Улсын онцгой комисст цаг тухай бүрийн мэдээллийг өгч ажиллахыг уламжлаад, аймгийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг сайтар хийхийг чиглэл болгов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгджээ

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 08-14-ний өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 49 суманд нийт 99 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Тохиолдсон аюулт, үзэгдлийн 21 нь ус цаг уурын гаралтай, 66 нь гал түймэр, 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 3 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 3 иргэн нас барсан бол гэмтэж, бэртсэн, өвчилсөн нийт 737 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.

Энэ сарын өдөрлөг 2021 оны гуравдугаар сарын 17-ны 09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ. Иргэд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсанд холбогдож хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс

Categories
мэдээ нийгэм цаг-үе

18 цагийн байдлаар 12838 иргэн дархлаажуулалтад хамрагдлаа

Вакцинжуулалтын явцад тухайн хүний биeийн онцлогоос хамаарч толгой өвдөх, халуурах, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, ажилчид зөвлөж байна.

Өнөөдөр 18:00 цагийн байдлаар 12838 иргэн дархлаажуулалтад хамрагдлаа.

Хуваарийн дагуу худалдаа үйлчилгээ болон боловсролын салбарын ажилчин, албан хаагчид вакцинжуулалтад хамрагдаж байна.

Categories
мэдээ спорт

“Токио-2020” олимпод оролцох Гандболын эрэгтэй багууд тодорлоо

“Токио-2020” олимпийн наадмын эрхийн төлөө эрэгтэй Гандболчдын тэмцээн гурван улсад нэгэн зэрэг 2021 оны гуравдугаар сарын 12-14-нд амжилттай явагдаж дууслаа.

Эдгээр багууд гурван хэсэгт нийтдээ дөрвөн багт хуваагдан 12 баг болж гурван өдөр тоглов.

Эхний тэмцээн Монтенегро улсын Подгорика хотноо болж, Чили, БНСУ, Норвеги, Бразилын багууд оролцсон юм.

Багуудын тоглосон дүнг сонирхуулья.

03 дугаар сарын 12-ны өдөр

17:30 Чили -БНСУ 35:36

20:00 Норвеги-Бразил 32:20

03 дугаар сарын 13-нд

17:30 Бразил-БНСУ 30:24

20:00 Норвеги-Чили 38:23

03 дугаар сарын 14-нд

17:30 Бразил-Чили 26:24

20:00 Норвеги-БНСУ 44:31

Хоёр дах тэмцээн нь Францын Монтпеллер хотноо болж багууд доорх амжилтыг гаргалаа.

03 дугаар сарын 12-ны өдөр

18:30 Tунис-Португал 27:34

21:00 Франц-Хорват 30:26

03 дугаар сарын 13

18:30 Хорват – Португал 25:24

21:00 Франц-Тунис 40:29

03 дугаар сарын 14

18:30 Хорват-Тунис 30:27

21:00 Португал-Франц 29:28

Гурав дах тэмцээн нь Германы Берлин хотноо амжилттай явагдаж өнгөрөв. Багуудын тоглолтын дүнг танилцуулья.

03 дугаар сарын 12-нд

15:15 Герман -Швед 25:25

17:45 Словен -Алжир 36:28

03 дугаар сарын 13

15:35 Герман -Словен 36:27

18:00 Швед-Алжир 36:25

03 дугаар сарын 14

15:45 Алжир- Герман 26:34

18:15 Швед-Словен 32:25

Ийнхүү Токио 2020 наадмын гандболын тэмцээнд оролцох эрэгтэй багуудын сонгон шалгаруулалт явагдаж дууслаа. Дээрх тэмцээний хэсэг тус бүрээс хоёр баг нийт 6 баг шалгарав. Үүнд: Норвеги, Бразил, Франц, Португал, Герман, Шведын багууд хэсэгтээ эхний хоёр байрт орж, олимпийн эрхээ авч чадлаа.

Токиогийн олимпод оролцохоор дэлхийн аварга Дани, тивийн аварга Испани, Египет, Бахрейн, Аргентин, талбайн эзэн Японы багууд шалгарч, эрхээ аваад байсан юм. Токио олимпод гандболын эрэгтэй шилдэг 12 баг тоглож аваргаа шалгаруулна. Эдгээр 12 баг сугалаанд дараах байдлаар оролцно. Үүнд:

Дани, Норвеги

Франц, Швед

Герман, Португал

Бразил, Япон

Испани, Египет

Аргентин, Бахрейн

Багуудын сугалааг Олон улсын гандболын холбоо удахгүй явуулж, тоглолтын хуваарийг гаргана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны даатгалын буцаан олголтыг авах боломжтой

Бүгд Найрамдах Солонгос Улсад Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Монгол Улсын иргэд ажилласан хугацааны 13 дахь сарын цалин болон нутаг буцах замын зардлын даатгалд хамрагддаг.

Эдгээр даатгалаас буцаан олголт нэхэмжлээгүй нэр бүхий иргэд дараах материалыг бүрдүүлэн доорх хаягаар холбогдож мэдээлэл аваарай.

Бүрдүүлэх материал:

1. Гадаад паспорт, иргэний үнэмлэхийн эх хувь.

2. Нэхэмжлэгчийн нэр дээрх харилцах дансны тодорхойлолт.

Жич: Нэхэмжлэл гаргаж буй иргэн өөрийн биеэр хүсэлт гаргах ба ар гэрийнхэн нь /эхнэр, нөхөр, эцэг эх, ах дүү г.м/ төлөөлөхгүй болохыг анхааруулж байна.

БНСУ-ын Аж Үйлдвэрийн Хүний Нөөцийн Хэрэг Эрхлэх Газрын И ПИ ЭС Төвийн хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Гэгээнтэн цогцолбор хотхон 1-р байр, Жигүүр гранд оффис 7 давхар 701 тоот

Холбоо барих утас: 11-310949, 7000-0949

Тухайн хугацаанд таны мэдээлэл шинэчлэгдсэн бол дараах хаяг, утасны дугаарт холбогдоно уу.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хаяг: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, 2 давхар 207 тоот

Холбоо барих утас: 7712-1285

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Эх сурвалж: ХНХЯ

Categories
мэдээ нийгэм

​Б.Жавзан: Хаврын улиралд хүний сэтгэл зүйд гурван үндсэн хүрээнд өөрчлөлт ордог

Сэтгэл зүйч Б.Жавзантай ярилцлаа


-Хаврын улиралд хүний сэтгэлзүйд олон өөрчлөлтүүд илэрдэг. Яагаад заавал хаврын улиралд эдгээр шинжүүд илэрч, сэтгэл санаа тогтворгүй болдог вэ?

-Энэ талаар Харвардын их сургуулийн сэтгэцийн эмч Жон Шарпийн хийсэн судалгаа бий. Хаврын улиралд хүний сэтгэл зүйд гурван үндсэн хүрээнд өөрчлөлт ордог гэж үздэг. Нэгдүгээрт бие физиологийн хүрээнд өөрчлөлтөд ордог. Учир нь өдөр уртсаж, дулаарах үед серотонин, допамин зэрэг даавруудыг нэмэгдснээр амархан ядрах, сэтгэл хөдлөлдөө хэт автах зэрэг олон өөрчлөлтүүд илэрдэг. Зарим хүмүүс эрч хүчтэй болж, сэтгэл хөдөлж, зарим нь ядарч сульддаг. Энэ нь тухайн хүний онцлогоос шалтгаалдаг. Иргэдийн дунд улирлын шинжтэй депресс гэж байдаг. Энэ нь өвөл, хаврын цагт түгээмэл тохиолддог. Ялангуяа зан аашинд тулгуурладаг сэтгэцийн асуудалтай буюу депресстэй, хоёр туйлд эмгэгтэй хүмүүс илүүтэй өртдөг.

-Тэгэхээр хаврын цагт сэтгэл санаа тогтворгүй болдог нь дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй гэж ойлгож болох уу. Улирлын шинжтэй депрессийн талаар илүү дэлгэрүүлбэл?

-Товчоор бол цаг агаар дулаарахаар нарны гэрлийн нөлөөгөөр дааварт өөрчлөлт орж, өөрийн эрхгүй зан ааш тогтворгүй болдог. Улирлын чанартай депресст өртсөн хүн өглөө нар мандахад сэтгэл санаа сайхан байсан мөртлөө үд дунд гэнэт уур хүрэх, ядрах зэргээр өдрийн туршид ааш зан олон янзаар хэлбэлздэг. Зарим нь шинэ юм хийж үзмээр санагдаж, идэвхтэй үйлдэл хийж байхад зарим нь ядарч сульдаж, нойрны хэм алдагдана. Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн шийдэл бол өөрсдийн сэтгэлзүйн эрүүл мэнддээ үргэлж анхаарч, цаг гаргах явдал юм.

-Улирал солигдохоос үүдэлтэй уг сэтгэл зүйн хямрал хэдий хугацаанд үргэлжилдэг гэж үздэг вэ?

-Ерөнхийдөө сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлдэг бүх байгууллагууд зун хүртэл үргэлжилдэг гэж хариулах байх. Сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ авч буй хүмүүсийн тоог харвал хавар нэмэгдэж, зуны улиралд буурах хандлагатай байдаг.

-Аливаа хямралд өртөхгүй сэтгэлзүйгээ хэвийн байлгахын тулд юунд анхаарах вэ?

-Сэтгэцийн эрүүл мэнд, физиологийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой байдаг. Тэгэхээр сайн унтаж амарч, нойрны хэмнэлээ зөв зохицуулах нь чухал. Түүнчлэн дасгал хөдөлгөөнийг хэт огцом хийхгүй, аажмаар дасгаж, өөрийн биеийн онцлогтоо тохируулж хийх хэрэгтэй. Хаврын дулаан өдрүүдэд гадаа алхах, ааш зангаа огцом өөрчлөгдөхөөс сэргийлж, өөрийнхөө сэтгэл зүйг жолоодож сурах зэрэг аргууд энэ үеийг хямралгүй даван туулахад тусална. Мөн эмчид үзүүлж, эмчийн заавраар өөрт шаардлагатай амин дэмүүдийг уух зэргийг мэргэжлийн сэтгэлзүйчид зөвлөдөг.

-Сүүлийн үед хүмүүсийн дунд “далд хэлбэрийн сэтгэл гутрал” гэдэг нэршил олонтоо сонсогдох боллоо. Сэтгэл гутралд өртсөн гэдгээ мэдэхгүй удаан явснаар ийм хэлбэрт шилждэг үү. Сэтгэл гутарлыг хэрхэн таних вэ?

-Далд хэлбэр гэдэг нь сэтгэл гутрал нэгэнт явагдаад эхэлчихсэн л гэсэн үг. Сэтгэл гутрал нь хүнд дөрвөн төрлийн өөрчлөлтийг бий болгодог. Нэгдүгээрт физиологийн буюу бие махбодийн хувьд чичрэх, зүрх савлах, гар хөлийн үзүүр хөрөх, хөлрөх, тайван биш болох зэрэг шинжүүд илэрнэ. Хоёрдугаарт сэтгэл хөдлөлийн хувьд ааш зан тогтворгүй болж, гэнэт өөдрөг байснаа сэтгэлээр унаж, юу ч хиймээргүй санагдана. Оюун ухааны хувьд ой тогтоолт муудаж, нойр тогтворгүй, хэдэн цаг ч унтсан гүйцэт амарч чадаагүй мэдрэмжтэй сэрдэг.Мөн хоолны дуршил нэмэгдэж эсвэл буурдаг. Харилцааны хувьд гэр бүл, найз нөхдийн харилцаанд өөрчлөлт гарч, огцом ширүүн аашлах, амархан гомдох, үг сөрөх, эсвэл хэнтэй ч харилцмааргүй санагдах гэх мэтээр депрессийн шинжүүдийг гэнэт анзаарахыг л “далд хэлбэрийн сэтгэл гутрал” гэж нэрлээд байгаа.

-Нэгэнт сэтгэл гутралд орсон бол ямар арга хэмжээ авах вэ?

-Сэтгэл гутрал гэдэг бол стресс хүнд түвшинд байгаагийн шинж. Хүмүүс депресст орсон байгаагаа мэдэхгүй ном зохиол, элдэв зөвлөгөөний групп дээр бичиж байгаа харагддаг. Хэрвээ хүчтэй депресст орсон тохиолдолд мэргэжлийн сэтгэл засалч, сэтгэцийн эмч нар танд тусалж чадна гэсэн үг. Сэтгэл бол уураг тархины бүтээгдэхүүн. Тиймээс сэтгэл засалч болон сэтгэл зүйчид хандахаас айх хэрэггүй.

-Мэргэжлийн хүнд хандахаасаа илүү найз нөхөдтэйгээ ярилцахыг илүүд үзэх хандлага түгээмэл байдаг?

-Бие сэтгэл хоёр харилцан уялдаатай. Залуучуудын дунд найз нөхөдтэйгээ суугаад асуудлаа яривал сэтгэлээ засна гэж боддог. Гэвч тэдгээр хүмүүс таны асуудлыг шийдэхгүй. Тухайн өдөртөө уугаад сэтгэл санаа сайхан болсон ч маргааш өглөө нь асуудал нь хэвэндээ байдаг. Бие өвдөхөд эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэдэг шиг сэтгэцийн эрүүл мэнд ч бас физиологийн эрүүл мэндээс ялгаагүй гэдгийг ойлгож, сэтгэл гутралд орсон бол заавал мэргэжлийн хүмүүст хандах хэрэгтэй.

Ч.Биндэръяа

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Н.Учрал эдгэрч, эх орондоо иржээ

УИХ-ын гишүүн Н.Учрал Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хоёр сар гаруйн хугацаанд хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд БНСУ-аас даатгалын яаралтай тусламжийн онгоцоор /2021.01.05/-ны өдөр гадаадад эмчлүүлэхээр ниссэн байсан юм.

Тэрээр эмчлэгдэн эх орондоо ирж, одоогоор тусгаарлатад байгаа юм.