Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эдгэрсэн хүн дахиад халдвар авах магадлалтай тул вакцин хийлгэх шаардлагатай

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь долоо хоногийн турш 24 цагаар иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Гуравдугаар сарын 15-ны өдөр иргэдээс нийт 355 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.25 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 18 иргэн хандсанаас зургаан иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 12 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажилласан.

Иргэдээс ирсэн дээрх дуудлагын 123 буюу 34.6 хувийг машин ачилтын талаар, 69 буюу 19.4 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаарх мэдээлэл эзэлж байна.

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт вакцины үр дүн, аюулгүй байдлын талаарх иргэдээс ирдэг түгээмэл асуутанд хариулт өглөө.

Коронавирусийн эсрэг вакциныг заавал хийлгэх ёстой юу?

-Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Гэхдээ вакциныг заавал хийлгэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Учир нь вакцин нь таныг коронавирусээр өвдөхөөс хамгаална. Мөн вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс хамгаалах ач холбогдолтой. Мөн вакцин хийлгэснээр ойр дотны хүмүүсээ халдвар авахаас сэргийлнэ.

Коронавирусийн вакцинаас халдвар авах уу?

-Үгүй. Одоогоор хүн амд хэрэглэхээр баталгаажсан вакцинууд нь амьд вирус агуулаагүй тул вакцинаас ямар нэгэн халдвар авахгүй.

Вакцин хийлгээд дархлаа тогтож амжаагүй байхад халдвар авч болох уу?

-Вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дараагаас дархлаа тогтоно гэж үзэж байгаа. Тиймээс вакцин хийлгэхийн өмнө, эсвэл дөнгөж хийлгэсний дараа дархлаа тогтох хүртэлх хугацаанд вирусийн халдвар авах боломжтой.

Хэрэв би халдвар аваад эдгэрсэн бол заавал вакцин хийлгэх ёстой юу?

-Тийм. Халдвар аваад эдгэрсэн хүн дахиад халдварлах магадлалтай тул вакцин хийлгэх нь зөв. Халдвар аваад эдгэрсний дараах дархлаа хэр удаан хугацаанд хамгаалдаг тухай одоогоор мэдээлэл байхгүй, судлагдаагүй байна.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Categories
мэдээ цаг-үе

Мөнгө авсан гэх таван шүүгчид өөрийн хүсэлтээр шалгуулах тухай мэдэгдэл хүргүүлжээ

Нэр бүхий шүүгчид өмгөөлөгч Н.Баасанцогтоос мөнгө авсан тухай мэдээлэл цахим ертөнцөд тархаад буй. Тус асуудалд нэр холбогдсон 5 шүүгч, шүүхийн захиргааны зургаан ажилтанд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл хүргүүлжээ.

Мэдэгдэлд “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр гарч буй уг асуудал нь үнэн бодитой эсэх, хууль тогтоомж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ, зөрчсөн эсэхийг холбогдох эрх бүхий байгууллагад хандан өөрийн биеэр шалгуулж, шүүхэд итгэх иргэдийн итгэл, нийт шүүгчдийн нэр хүндийг хамгаалах талаар арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдье” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

“Өвсний үндэс” хөтөлбөр Дархан-Уул аймагт хэрэгжинэ

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Шарын гол сумын 17-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Оюунцэцэг нар Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х. Кобаяашитай уулзаж, буцалтгүй тусламжийн гэрээ байгууллаа.

Тодруулбал, Япон улсын Засгийн газраас хөгжиж буй орнуудад хэрэгжүүлдэг “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17-р цэцэрлэгт 400 сая төгрөгийн хөрөнгө оруулахаар болжээ. Уг санхүүжилтийг цэцэрлэгийн барилгыг засварлан өргөтгөх, тоног төхөөрөмжийг сайжруулахад зарцуулах аж.

“Өвсний үндэс” хөтөлбөр нь төрийн бус байгууллага, эмнэлэг, ерөнхий боловсролын сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн болон бусад ашгийн бус байгууллагуудад хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхэд нь санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлдгээрээ онцлогтой юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэл хотод дархлаажуулалтын 41 байнгын цэг ажиллаж байна

2021.03.16-нд нийслэл хотод дархлаажуулалтын байнгын 41 цэгт 95 баг ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлэв

Манай улсад нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 10 иргэн, түүний дотор хоёр хүүхэд амь насаа алдаж, нөхөж баршгүй гарз тохиосонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд гүнээ харамсаж, эмгэнэл илэрхийлж байна.

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 590 иргэн сураггүй алга болсон ч эрэн хайх ажиллагаа хийсний үр дүнд 579 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.

Байгаль, цаг уурын эрхээр амьдардаг малчин түмэнд тулгарсан байгалийн давагдашгүй хүчин зүйлс цаашид ч дахин нүүрлэхгүй гэх баталгаа байхгүй тул бид эрдэнэт хүний амь насыг хамгаалах, давагдашгүй нөхцөл байдлын үед малчид болон онцгой байдлын албан хаагчид хэрхэн мэдээлэл солилцох, цаг алдалгүй эрэн хайх ажиллагаа явуулах асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна.

Жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд Монгол Улсын Засгийн газар малчдыг онцгой нөхцөлд хэрэглэдэг утаат дохиолол, олон улсад өргөнөөр хэрэглэдэг 48 цагийн турш тусламжийн дохиолол илгээх галт дохиолол болон байршил тогтоох GPS гэх мэт шаардлагатай төхөөрөмжөөр хангах бодит шаардлага үүссэн байна.

Техник технологи хөгжсөн 21 дүгээр зуунд малчдыг дээрх төхөөрөмжүүдээр хангаж чадвал үер усны аюул, цасан болон шороон шуурга, ойд төөрөх зэрэг тохиолдолд цаг алдалгүй тусламж авах нөхцөл бүрдэнэ. Иймд олон улсад өргөнөөр хэрэглэгдэж туршигдсан ийм төхөөрөмжүүдээр малчдыг хангах ажлыг цаг алдалгүй хийх шаардлагатай байгааг Монгол Улсын Засгийн газарт сануулж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд, Монгол Улсын иргэн бүр 1/ Амьд явах эрхтэй…, 2/ Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй хэмээн заасан байдаг.

Иймд эрдэнэт хүний амь насыг хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан дээрх заалтыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт дахин сануулъя.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн БАТТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

Архангай аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын есөн хүнийг тусгаарлажээ

Архангай аймгийн Хайрхан суманд батлагдсан нэг тохиолдлын нэг иргэнийг Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тусгай эмнэлэг рүү хүргэж, түүний нэн ойрын хавьтлын 9 иргэнийг Хайрхан суман дахь тусгаарлах байранд шилжүүлээд байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Хайрхан сумын орох гарах хөдөлгөөнийг хааж, худалдаа үйлчилгээний төвүүд болон сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн хаажээ. Аймгийн онцгой комиссоос хариу арга хэмжээний мэргэжлийн баг Хайрхан суманд ажиллаж, халдвар хамгааллын дэглэм сахин ажиллаж байна.

Сануулахад, тус суманд батлагдсан тохиолдол нь нийслэлээс ирэхдээ PCR шинжилгээний сөрөг хариутай байсан боловч хоёр хоногийн дараах давтан шинжилгээгээр халдвар илэрсэн юм.

Иймд иргэн бүр хариуцлагатай байж, голомтот бүсээс ирсэн бол гэрийн тусгаарлалтын дэглэмээ чанд сахихыг Архангай аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Монгол Улсын анхны сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, “Монгол-Оросын найрамдал” нийгэмлэгийн ерөнхийлөгч, бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчааг ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан хэмээн ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнажээ.

Дашрамд дурдахад, Гэгээн Александр Невскийн одонг анх 1725 оноос I Екатерина Хатан хааны зарлигаар онцгой гавьяа байгуулсан цэргийн алба хаагч болон иргэдэд олгож эхэлжээ. Монгол Улсын түүхэнд тус одонгоор шагнуулсан анхны хүн нь бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчаа болж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Г.Болдмаа: Өнөөдөр 19 мянган хүнийг вакцинд хамруулна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа дархлаажуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Гуравдугаар сарын 15-ны өдөр нийслэлд дархлаажуулалтын 40 цэгт 74 багийн 561 эмч ажилтан ажиллаж, 13381 хүнийг дархлаажуулалтад хамруулсан. Нийслэлийн хэмжээнд нийт 126449 хүнийг дархлаажуулалтад хамруулсан нь зорилтот бүлгийн 6 хувь юм. Өнөөдөр 19793 хүнийг дархлаажуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Бид ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу вакцины тоо хэмжээндээ тааруулан эрэмбэлэн ангилалт хийдэг. Хамгийн түрүүнд эрүүл мэндийн ажилтнууд, халдварын голомтод ажиллаж буй хариу арга хэмжээний багийнхан, халдварт өртөх эрсдэл бүхий насны бүлгийнхэн, боловсролын салбарынхныг дархлаажуулалтад хамруулж байна.

Манай улсын хүлээн авсан нийт 464400 тун вакцинаар 232200 хүнийг дархлаажуулах бөгөөд одоогийн байдлаар 126449 хүнийг дархлаажуулж, 105000 хүн тун үлдээд байгаа. Үлдсэн вакцинаараа зорилтот бүлгийнхнийг дархлаажуулна. Зорилтот бүлгийн нийт 507000 хүний 25 хувь дархлаажуулалтад хамрагдаад байна” гэдгийг хэллээ.

Энэ долоо хоногийн сүүлээр, дараа долоо хоногийн эхээр гээд вакцины татан авалт тасралтгүй үргэлжлээд явахыг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр нэмж хэлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд товлолоо

УИХ‑ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг хэлэлцэв.

Уг саналд Монгол Улсын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдрийг хойшлуулах асуудлыг тусгасан байна.

Тодруулбал, 28 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшин, УИХ-д сонгогдсон Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөж, нийслэлийн Засаг даргаар томилогдсон.

Гурван мандаттай тус тойрогт явуулах нөхөн сонгуулийн санал хураах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-н буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөртэй хамтатгах шийдвэрийг УИХ гаргасан билээ.

Гэвч хоёр өөр хуулиар зохицуулагддаг сонгуулиудыг нэг өдөр зохион байгуулах нь хүндрэлтэй тул санал авах өдрийг өөрчлөх саналыг СЕХ-ноос гаргажээ.

Уг саналыг байнгын хороогоор хэлэлцээд 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр товлов.

Байнгын хорооны боловсруулсан тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэн эцэслэн батлана.

Categories
мэдээ цаг-үе

Баруун аймгуудын цахилгааны гэмтлийг бүрэн засварлаж дууслаа

Гамшигт үзэгдлийн улмаас баруун аймгуудад эрчим хүч доголдож, цахилгаангүй болсон. Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК, УВС ЦТС ХХК-ийн мэдээлснээр Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчид өнгөрсөн шөнө цахилгаан эрчим хүчинд бүрэн холбогджээ. Тодруулбал, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК, УВС ЦТС ХХК-ийн ажилчид гэмтсэн тулгуурыг буулган, шинэ тулгуур угсран босгох ажлыг гүйцэтгэж, богино хугацаанд сэлбэж засчээ. Мөн ОХУ-аас хүчдэл авах захиалга өгсөн байна.

ОХУ-д өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй цасан шуурганы улмаас эрчим хүчний доголдол үүсч, улмаар баруун аймгуудад цахилгаан тасарсан билээ. Мөн цаг агаарын тогтворгүй байдлын улмаас эрчим хүчний цамхаг нурсан тул Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иас нэгдүгээр зэрэглэлийн цахилгаан хэрэглэгчдийг түр цахилгаанд холбоод байсан юм.