Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Түрэгийн эзэнт гүрэн” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Хэзээ нэгэн цагт хэрэгтэй биш, байнга хэрэгтэй Зэвсэгт хүчин байна” хэмээн I, VI нүүрт өгүүллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Шүүх, хууль хамгаалах байгууллагуудын оршин тогтнох үндэс нь ард түмний итгэл” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Түрэгийн эзэнт гүрэн” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг хаврын технологит ажил эхлэхээс өмнө олгохоор төлөвлөсөн” хэмээснийг I, XII нүүрнээс уншаарай.

Анагаах ухааны доктор, дэд профессор, вирус судлаач М.Алтанхүү “Цусны бүлэгнэлтээс болсон нас баралт нь AstraZeneca вакцинтай холбоогүй нь тогтоогдсон” гэлээ.

“Анна Каренина ба Корона” хэмээн “Улс төр” нүүрт өгүүллээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог энэ сарын 31-нээс өмнө байгуулна

Монгол Улсын ᠎зургаа дахь Ерөнхийлөгчийг ирэх зургаадугаар сарын 9-нд сонгох билээ. Сонгуулийн ерөнхий хорооноос сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны хөтөлбөрийг хуульд заасан хугацаанд тохируулан баталсан. Үүний дагуу энэ сарын 31-нээс өмнө аймаг, нийслэлийн сонгуулийг хороог байгуулах юм. Мөн энэ сарын 31-нээс өмнө сонгуулийн төв комисс байгуулна.

Харин хуулийн дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэг улстай хамтран ахлах ангийханд программ бичих мэдлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Ахлах ангийнханыг мэдээллийн технологийн программ бичих хэмжээний мэдлэг олгох хөтөлбөрийг Энэтхэг улстай хамтарч хэрэгжүүлнэ.

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2021.03.16/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй уулзлаа.

Энэтхэгийн Засгийн Газраас ковидын эсрэг 150.000 тун вакцины нийлүүлэх асуудлыг түргэн шуурхай шийдвэрлүүлэхэд ноён элчин сайдын үүрэг маш их байсныг илэрхийллээ.

Уулзалтын талаар БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Эхний ээлжинд нийслэлийн 14.000 багшаа вакцинд хамруулж танхимын хичээл нээхэд бэлтгэлтэй байх ёстой, дараагийн ээлжинд улсын хэмжээний 47.000 багшаа хамруулах төлөвлөгөө байгаа.Монгол Энэтхэгийн хамтарсан 1200 хүүхдийн суудалтай сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэсэн. Багш нарынхаа англи хэлийг сайжруулах анхан, дунд шатны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлье. Мэдээлийн технологийн төв байгуулж Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэг, сургалтын тоог нэмэгдүүлье.

Өнөөдрийн байдлаар Энэтхэгт 200 орчим мэргэшүүлэх сургалтын, 60 орчим урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийн квот байдаг.Энэтхэг Улсын ЗГ-ын тэтгэлгийн тоог 100 квотоор нэмж мэдээллийн технолгийн чиглэлээр нарийвчлан сургах боломжтой. Энэтхэгийн талаас тэтгэлэгт хөтөлбөрийн тавигдах шаардлагуудыг тодорхой нөхцлөөр хөнгөлсөн. Насны ангилал, заавал төрийн албан хаагч гэдэг заалтыг байхгүй болгосон. Англи хэлний шалгалтаас бусдыг нь онлайнаар өгөх боломжийг бүрдүүлсэн байна.

Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлттэй зээлийн 5,6 сая долларын санхүүжилтээр Мэдээлэл технологийн боловсрол, аутсорсингийн төвийн бүтээн байгуулалтын ажил, мэргэшүүлэх сургалтууд хийгдэнэ. Гэхдээ энэ барилгын ажлыг хүлээлгүйгээр төрийн албан хаагчдад мэдээллийн технологи тэргүүтэй 17 чиглэлийн сертефикаттай сургалтуудаа цаг алдалгүй явуулж эхэлье.

Цаг алдах тусам энэ хөнгөлттэй зээл өр гэдгийг анхаарах ёстой. Энэ хөтөлбөрөөр зөвхөн төрийн албан хаагчдыг хамруулах бус Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдынхаа хүрээнд давхар хэрэгжүүлье. Ахлах ангийнхан маань өөрсдөө программаа бичдэг, зохиодог болчихсон байхад бид түүнийг нь бодлогоор дэмжих ёстой” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Сонгуулийн хэрэгжилтийг төрийн найман байгууллага хянана

Зөрчлийн тухай хуульд заасан 36 зөрчлийн хэрэгжилтийг хангах, хянах үүргийг хамаарал бүхий чиг үүрэгтэй төрийн байгууллагад хуваарилжээ. Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүргийг Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуул, Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, ШӨХТГ-ын улсын байцаагч, Монголбанкны хянан шалгагч, Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч, Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч, Эрүүгийн хэргийн шүүх гэсэн нэр бүхий найман субьект хэрэгжүүлнэ.

Зөрчлийн тухай хуулийн 17.1-т заасан 36 зөрчлийн аль заалтыг эдгээр найман субьектээс хэн хянах талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд тодорхой заажээ. Жишээ нь Мэргэжлийн хяналтын байгууллага Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 14, 15, 17 болон 20 дахь хэсэгт заасан зөрчлийг шийдвэрлэнэ. Энэ нь дараах дөрвөн зөрчил хамаарна.

  • 14. Үүрэн холбооны болон интернетийн үйлчилгээ эрхлэгч нь эрх бүхий байгууллагын шийдвэрт заасан зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаагаагүй бол;
  • 15. Эрх бүхий байгууллагаас баталсан цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам зөрчсөн бол;
  • 17. Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдээс бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийсэн бол;
  • 20. Нам, эвслийн дарга, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад оролцсон, эсхүл сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлсэн, нийтэлсэн бол

Зөрчлийн тухай хуулийн 17.1-ийн 26-д “Сонгуулийн зардлын данс байршуулсан банк сонгуулийн санал авах ажиллагаа дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор нам, эвсэл, нэр дэвшигчийн дансны гүйлгээний мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” Гэж заажээ. Энэ харилцаанд Монголбанкны хянан шалгагч хяналт тавих юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Орхон аймаг 17 цагаас Улаанбаатарын чиглэлд автомашин явуулахгүй

Орхон аймгийн Цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Цар тахлын дэгдэлт их байгаа Улаанбаатар хот 23.00- 06.00 цаг хүртэл Нийслэлийн хэмжээнд 0 зогсолт хийх болсон . Үүнтэй уялдуулаад 17.00 цагаас хойш Улаанбаатар хотын чиглэлд Орхон аймгаас автомашины хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй, хязгаарлах болсныг албан ёсоор мэдэгдлээ.

17.00 цагаас хойш Эрдэнэтээс гарсан машин 23.00 цагт эхлэх 0 зогсолтоос өмнө Улаанбаатарт нэвтрэх боломжгүй, очиж амжихгүй тохиолдолд гадаа хонох эрсдэлтэй тул Орхон аймгийн Цагдаагийн газраас дээрх зохицуулалтыг хийж байна.

Categories
мэдээ цаг-үе

Маргааш хүчтэй шороон болон цасан шуурга шуурна

Маргааш буюу 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдрөөс дахин шороон болон цасан шуурга шуурна. Нөөлөг салхитай, салхины хүч бага ч нойтон цастай байна.

Малчид малаа ойр бэлчээх, хаших, шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй байх, шатах тослох материалын нөөцийг бүрдүүлэх, ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ нийгэм

Америкийн талд “Файзер” вакциныг татахад цаашид хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэв

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-ын Төрийн департаментын зөвлөх Дерек Шоллэтэй өнөөдөр /2021.03.16/ утсаар ярьсан байна.

Талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу идэвхтэй өрнөж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, энэхүү ойр дотно харилцаагаа бататган бэхжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов. Улмаар 2020 онд болсон ГХЯ-д хоорондын Зөвлөлдөх уулзалтын үеэр ярилцаж тохиролцсон арга хэмжээнүүд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэж, цар тахлын нөхцөл байдал сайжирмагц төлөвлөсөн айлчлал, уулзалт, арга хэмжээнүүдийг идэвхтэй явуулахаар ярилцлаа.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр цар цахлын эсрэг манай улсын хүч чармайлтад АНУ дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархах ялдамд Засгийн газар иргэдээ вакцинжуулах аяныг түргэсгэж буй, мөн ойрын хугацаанд КОВАКС хөтөлбөрийн шугамаар “Файзер” вакциныг хүлээн авах гэж байгааг мэдээлж, цаашид ч хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэв.

Мөн тэрбээр хоёр орны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэлээ гэж ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Архангай аймгаас сонгогдсон гишүүд малчдын асуудлыг шийдвэрлэж өгөхийг Шадар сайдаас хүслээ

Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нартай өнөөдөр /03.16-ны өдөр/ уулзлаа.

УИХ-ын гишүүдийн зүгээс Архангай аймгийн сумдад байгалийн гамшигт үзэгдлээс болж учирсан хохирол, эндсэн иргэний ар гэрийн байдал, хорогдсон малын мэдээ мэдээлэл, хохирлын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар асуудал тавьж, Шадар сайд С.Амарсайхантай зөвлөлдсөн юм.

Байгалийн гамшигт нэрвэгдсэн малчид, орон гэргүй болсон айл өрхөд яаралтай гэр орныг нь шийдэх, учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр улсын онцгой комиссын зүгээс анхаарал хандуулж, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүн Улсын Онцгой комисст уламжилсан юм.

Мөн уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболдод Архангай аймгийн “Хавдрын эрт илрүүлгийн төв”-д шаардлагатай байгаа техник тоног төхөөрөмж, “Хавдрын аюулгүй – Архангай” төслийг энэ хавартаа эхлүүлэх эмч мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулах ажлыг яаралтай шийдвэрлэх хүсэлтийг тавилаа.

Categories
мэдээ нийгэм

Ардчилсан намын даргад нэр дэвшигчид цахим уулзалт зохион байгууллаа

АН-ын даргын сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчид цахим уулзалт зохион байгууллаа.

Нэр дэвшигчид болох Отгондаваагийн Амартүвшин, Даваахүүгийн Пүрэвдаваа, Одонгийн Цогтгэрэл, Сүхбаатарын Эрдэнэболд нарын мөрийн хөтөлбөрөө гишүүдээ танилцуулах уулзалт, цар тахлын нөхцөл байдлаас улбаалж, УОК-аас гаргасан дүрэм журмын хүрээнд зайнаас буюу цахимаар зохион байгуулагдаж байгаа юм. Анхны онлайн уулзалт Архангай, Булган, Баянхонгор аймаг болон Нийслэлийн БЗД-ээс эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энхийг сахиулагчидтай цахим уулзалт хийлээ

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс болон Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багуудын бие бүрэлдэхүүнтэй өчигдөр (2021.03.15) цахим уулзалт хийв.

Уулзалтын эхэнд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийн захирагч, хурандаа Д.Энхбаатар, Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны цэргийн багийн захирагч, дэд хурандаа М.Түвшинжаргал, мөн ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийн захирагч, дэд хурандаа Г.Амартүвшин нар үүрэг гүйцэтгэлт, ажиллагааны газар орны цагийн байдлын талаар тус тус илтгэлээ.

Үүний дараа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Юуны өмнө дэлхий нийт Covid-19 цар тахалтай тэмцэж байгаа амаргүй цаг үед Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид төр, засгийнхаа шийдвэрээр дэлхийн энх тайвны үйл хэрэгт хувь нэмрээ оруулан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаад Батлан хамгаалахын сайдын хувьд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Ажиллагааны газар оронд үүсч байгаа нөхцөл байдалд маш мэдрэмжтэй хандаж, өдөр тутмын мэдээллүүдийг нэгтгэн цэргийн алба хаагчдаа цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг зохион байгуулалтын өндөр түвшинд авч хэрэгжүүлэх хэрэгтэй” гээд цэргийн багуудын захирагч, удирдлагын бүрэлдэхүүнд албан даалгавар, үүрэг чиглэл өглөө.

Уулзалтын төгсгөлд энхийг сахиулагчдад хандан Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа амжилт хүсээд, удахгүй тохиох Зэвсэгт хүчний 100 жилийн ойн мэндийг дэвшүүлэв.