Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 2.850.543 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны гуравдугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 799.412.668.44 төгрөгийн үнийн дүн бүхий 2.850.543 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 24 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК (JLT+14.51%) болон “Монгол шилтгээн” ХК (MSH +12.50%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Глобал монголиа холдингс” ХК (HML -13.64%) болон “Э-Транс ложистикс” ХК (ETR -10.36%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 473.322 ширхэг нэгж эрхийг нийт 111.697.815 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.52 хувиар буурч, 34297.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,653,860,048,734.36 төгрөг боллоо.

Categories
мэдээ цаг-үе

Дүнжингарав худалдааны төв энэ сарын 23-ныг хүртэл ажиллахгүй

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хөл хорио тогтоосонтой холбогдуулан Дүнжингарав худалдааны төв энэ сарын 23-ныг хүртэл ажиллахгүй.

Тус дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар голомтлон гарах эрсдэл үүссэн тул өнөөдөр буюу гуравдугаар сарын 17-ны 06.00 цагаас энэ сарын 21-ний 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоох тухай захирамжийг Засаг дарга Н.Баярмөнх гаргасан.

Энэхүү хязгаарлалтын бүсэд Дүнжингарав худалдааны төвийн урд талын авто зам 133 дугаар сургууль багтсан юм.

Categories
мэдээ нийгэм

Алтанбулаг боомтоор сүүлийн 24 цагт 41.9 тонн алим, 37 тонн зайрмаг импортолжээ

Замын-Үүдийн боомтоор өнгөрсөн 24 цагт нийт 72 тээврийн хэрэгсэл гарснаас 14 тээврийн хэрэгслээр 980 тонн нүүрс, нэг тээврийн хэрэгслээр 24 тонн ноос, таван тээврийн хэрэгслээр 138 тонн шир экспортолжээ. Харин нийт 161 тээврийн хэрэгсэл орж ирсний 48 тээврийн хэрэгслээр 1885 тонн барилгын материал, 10 тээврийн хэрэгслээр 105 тонн гэр ахуйн бараа, 16 тээврийн хэрэгслээр 355 тонн хүнс, 24 тээврийн хэрэгслээр 498 тонн тоног төхөөрөмж, 43 тээврийн хэрэгслээр төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн, нийт 4046 тонн ачаа импортоор оруулж ирсэн байна.

  • Ханги боомтоор 69 тээврийн хэрэгслээр 6143.35 тонн нүүрс, найман тээврийн хэрэгслээр 798.2 тн төмрийн хүдэр, нийт 77 тээврийн хэрэгсэл гарсан. Импортын машин нэг орж ирсэн 78 тээврийн хэрэгсэл орж ирсэн.
  • Баянхошуу боомтоор 20 тээврийн хэрэгслээр 5533.82 баррель газрын тос оруулсан.
  • Бичигт боомтоор 35 тээврийн хэрэгслээр 8925.12 баррель газрын тос, 28 тээврийн хэрэгслээр 2521.8 тонн нүүрс экспортолсон байна.
  • Булган боомтоор 91 тээврийн хэрэгслээр 6583.8 тонн нүүрс экспортолжээ.
  • Шивээхүрэн боомтоор нүүрс ачсан 207 тээврийн хэрэгсэл гарч, ачаагүй 336 тээврийн хэрэгсэл орж ирсэн. Нүүрс тээврийн 550 жолооч БНХАУ-ын Сэхэ хилийн боомтод PCR шинжилгээ өгсөн.
  • Гашуунсухайт хилийн боомтоор нүүрс чингэлэг ачаатай 61 тээврийн хэрэгсэл, тэвш ачаатай 139 тээврийн хэрэгсэл, нийт 200 тээврийн хэрэгсэл гарсан.
  • Алтанбулаг боомтоор хоёр тээврийн хэрэгслээр 41.9 тонн алим, нэг тээврийн хэрэгслээр 7.8 тонн тоног төхөөрөмж, хоёр тээврийн хэрэгслээр 30.6 тонн ундаа, хоёр тээврийн хэрэгслээр 37 тонн зайрмаг, нэг тээврийн хэрэгслээр 31.9 тонн гахайн өөх, нэг тээврийн хэрэгслээр 40.2 тонн өндөг, 18.6 тонн сүүн бүтээгдэхүүн, нэг тээврийн хэрэгслээр 35.5 тонн тоног төхөөрөмж, нийт 21 тээврийн хэрэгслээр 263.6 тонн импортын ачаа оруулж ирсэн гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
Categories
гадаад мэдээ

БНСУ зургаадугаар сар гэхэд хүн амынхаа 25 хувийг вакцинжуулна

БНСУ ирэх зургаадугаар сар гэхэд 52 сая хүн амынхаа дөрөвний нэг буюу 12 сая хүнийг коронавирусний вакцинд бүрэн хамруулах зорилт тавьж байна. Одоогоор тус улс өндөр настан, эмч, эмнэлгийн ажилтан болон бусад халдвар авах эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг коронавирусний эсрэг вакцинд хамруулж байна.

Ирэх сараас тус улс вакцинжуулалтад 65-аас дээш насны иргэд, эрүүл мэндийн салбарын бусад ажилчид, цагдаа, онцгой байдал, цэрэг, нислэгийн бүхээгийн ажилтан зэрэг өргөн хүрээг хамруулахаар төлөвлөж байна. Тус улс цар тахлын гурав дахь давалгаа эхлэх үеэр буюу хоёрдугаар сарын сүүлээр вакцинжуулалтаа эхлүүлсэн. Ирэх 11 дүгээр сар гэхэд хүн амынхаа 70 хувийг дархлаажуулахаар зорилт тавьсан юм.

Ням гарагийн байдлаар тус улсад вакцин хийлгэсэн 590 гаруй мянган хүний 95 хувь нь “Астразенека”, “Пфайзер”-ын вакцин хийлгэжээ. Тус улсын 68 настай ерөнхийлөгч Мун Жэ Ин ирэх зургаадугаар сард “Долоогийн бүлэг”-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Британи улсад айлчлах учраас энэ сарын 23-ны өдөр “Астразенека” компанийн вакциныг хийлгэхээр төлөвлөж байна.

Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн салбарынхан “Астразенека”-гийн вакцины өндөр настай хүнд хийхэд туршилтын мэдээлэл дутмаг гэсэн үүднээс өнгөрсөн сард 65-аас дээш насныханд хийхийг түр хорьсон. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт тус улс уг вакциныг 65-аас дээш насныханд хийхийг зөвшөөрсөн юм.

Categories
мэдээ цаг-үе

Гуравдугаар сарын 20-ныг хүртэл ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээгээр 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд цас орж, цасан шуурга болох төлөвтэй байна.

Тухайлбал, 16-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуургатай байх мэдээтэй байна.

Энэ хугацаанд агаарын температур хүйтэрч, 18-ны өдөр нутгийн баруун хагаст, 19-ний өдөр нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж цасан болон шороон шуурга шуурч, авто зам, даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэж мал аж ахуйн салбарт хүндрэл учирч болзошгүй байна.

Иймд сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг малчид, ард иргэдэд шуурхай хүргэх, малаа бэлчээрлүүлэхгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, малын хашаа, хороогоо дулаалах, гэр орноо салхи, шуурганаас хамгаалах зэрэг бүрэн бэлтгэлтэй байхыг Аймаг, орон нутгийн Засаг дарга нарт болон малчдадаа анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Гавьяат жүжигчин С.Ганзоригийн гэр бүлд гурван ихэр хүүхэд мэндэлжээ

Гавьяат жүжигчин С.Ганзоригийн гэр бүл гурван ихэр хүүхдээ өлгийдөн авчээ. Ихрүүд хоёр охин, нэг хүү төрсөн аж. Гавьяат жүжигчин С.Ганзориг “Богд хаан уул”, “Ардын дуу шиг амраг”, “Миний нутгийн бараа” зэрэг сэтгэлд хоногшсон олон бүтээлийг дуулж, олны хүртээл болгосон. Түүний гэр бүлд гурван ихэр мэндэлснээр таван хүүхдийн аав болж буй юм.

Categories
мэдээ цаг-үе

Дундговь аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудын шинжилгээ бүгд сөрөг гарлаа

Улаанбаатар хотод гуравдугаар сарын 12-ны өдөр батлагдсан тохиолдлын дагуу Дундговь аймагт хийсэн тандалт судалгаагаар гарсан ойрын болон дам хавьтал болсон иргэдээс коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээний сорьцыг авах ажлыг гуравдугаар сарын 15-16-ны өдрүүдэд шинжилгээний явуулын 5 баг гарган, зохион байгуулжээ.

Нийт 340 сорьцыг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлэн шинжилгээнд оруулахад өнөөдрийн 09:00 цагийн байдлаар ойрын хавьтал 26 хүний шинжилгээний хариу бүгд “сөрөг” буюу коронавирусийн халдваргүй гарлаа.

Дам хавьтал иргэдийн шинжилгээний хариу одоогоор гараагүй байна гэж Дундговь аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Өмнөговь аймагт иргэдийн утсанд GPS төхөөрөмж суурилуулж эхэлжээ

Оюутолгой уурхайд Covid-19 халдвар гарсан тул Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар өнөөдөр /2021.03.17/ танилцууллаа.


Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ч.БАЯРЖАРГАЛ:

-Өмнөговь аймгийн Оюутолгойн уурхайд энэ сарын 15-нд Covid-19 халдварын нэг тохиолдол батлагдсан. Тухайн тохиолдлыг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж байгаа, биеийн байдал нь дунд зэрэг гэсэн мэдээлэл бий. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 43 хүнийг тусгаарлан, PCR шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг буюу халдваргүй гарсан. Мөн дам хавьтлуудыг тусгаарласан PCR шинжилгээг Гашуунсухайт болон Оюутолгойн лабораторид хийхэд бүх хариу сөрөг гарсан. Өчигдрийн байдлаар Оюутолгойд батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтлаас сэжигтэй тохиолдол илэрсэн учраас ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. PCR шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Мөн ээлж солилцоод 10 аймагт очсон иргэд байгаа учраас аймгуудын Онцгой комисстой мэдээлэл солилцоод тэдгээр иргэдийг тандах ажлууд хийж байна.

Даланзадгад хотод өчигдөр иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор GPS төхөөрөмжийг утсанд суурилуулсан байна. Өнөөдрөөс сэжигтэй тохиолдлуудтай холбоотой аймгийн иргэдийн утсанд дээрх төхөөрөмжийг суулгаж эхлээд байна Оюутолгойн ойрын бол дам хавьтлуудыг тодорхойлж , PCR шинжилгээ хийх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажил зохион байгуулагдаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Сумъяабазар: Хотын даргын үндсэн ажил бол 1.5 сая иргэнийхээ талд байх явдал

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын “Хотын түгжрэл ба нийтийн тээвэр” сэдвийн хүрээнд сэтгүүлчидтэй хийсэн “Хотын дарга ба сэтгүүлчид” уулзалт, ярилцлагаас онцлох 12 эшлэлийг хүргэж байна.

Эшлэл 1
Хот гэдэг бол их айл. Тулгамдаж байгаа олон асуудал байна. Улаанбаатар хотын иргэдийг эрх чөлөөтэй, аюулгүй, эрүүл орчинд амьдруулах үүргийг бид хүлээж байна. Бидний хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын түгжрэл дээд түвшиндээ буюу 85 хувьд хүрсэн. Түгжрэл амьдралд маш сөргөөр нөлөөлж байна. Түгжрэлийн шалтгаан бол автомашины тоо, зогсоолын хүрэлцээ, жолоочийн ур чадвар, хот төлөвлөлт. Улаанбаатарыг олон улсын түвшинд хүрсэн, стандартад нийцсэн, аюулгүй хот болгох ёстой. Энэ зарчмыг баримтлан өргөн хүрээнд далайцтай бодлого баримталж ажиллана.

Эшлэл 2
Улаанбаатар хотын үе үеийн дарга нарын толгойн өвчин бол нийслэлийн төсөв, санхүүгийн бие даасан байдал. Хотын бүх дарга нар хотоо сайхан болгох, хотын хөгжлийг зөв болгох, орчин үеийн шийдэлтэй Улаанбаатар хот болгохыг зорьсоор ирсэн. Гэтэл нэгдүгээрт систем нь, хоёрдугаарт тогтолцоо нь болдоггүй, гуравдугаарт санхүүгийн эрх мэдэл нь хумигдмал. Улаанбаатар хотын энэ тулгамдаж байгаа асуудал сүүлийн 28 жил хуримтлагдаж иржээ. Бид Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхээр Засаг даргын мөрийн хөтөлбөртөө оруулж, хэрэгжүүлээд явж байгаа.

Эшлэл 3
Хотын иргэн бол соёлтой, ухаантай, үнэ цэнтэй, үнэлэмжтэй байх ёстой. Улаанбаатар хотын иргэн гэдгээрээ бахархах ёстой гэж би боддог. Тийм болгохын тулд бид бас хичээх ёстой. Төрийн захиргаа нь хүнд сурталгүй, төрийн албан хаагч нь түргэн шуурхай үйлчилдэг, төрийн ажлууд нь цахимжаад ирэхээр хүнд суртал, хардлага, сэрдлэг, авлига, хээл хахууль цэгцрээд ирнэ. Ер нь Улаанбаатар хот цахим болох ёстой. Тийм учраас дижитал эрин зууны энэ үед хөгжилтэй хөл нийлүүлж, хотынхоо татвар, хураамжуудыг хэн нэгнийг стресст оруулахгүйгээр шийддэг зөв зохицуулалт руу бид шуурхай орох ёстой.

Эшлэл 4
Нийтийн тээврийн хөгжил муу байгаа, энэ бол үнэн. Нийтийн тээврийн үйлчилгээнд санал асуулгад оролцсон иргэдийн 84 хувь нь муу дүн тавьчихсан байгаа. Бид шинэчлэл хийхээр бэлдээд, тооцоод явж байна. Түгжрэлийг бууруулахаар ярьж байгаа ажлууд байгаа. Гэхдээ би попрох дургүй. Би судалгаа, шинжлэх ухаан, тооцоолол дээр суурилж хөдлөх дуртай. Мэдээж авах ёстой арга хэмжээнүүд байгаа. Болж байгаа зүйлүүдийг нь богино хугацаанд хийж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Өнөөдөр Засаг даргын үйл ажиллагааны үндсэн мөрийн хөтөлбөр гараад, хэрэгжээд явж байгаа.

Эшлэл 5
Улаанбаатар хотод 450 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа. Тээврийн хэрэгслийн дундаж хурд 13 км цаг байна. Бидний зорилт бол 25 км цагт хүргэх. Автомашин эзэмшиж байгаа хүний тоо 2-3 дахин нэмэгдсэн. Гэтэл авто зам нь 10 гаруй жилийн хугацаанд 954 км-ээс 1136 км л болж нэмэгдсэн байна. Энэ байдал удаан үргэлжилбэл 2030 он гэхэд тээврийн хэрэгслийн дундаж хурд зургаан км цаг болох нь. Автомашины тоо ч нэмэгдэж, 927 мянгад хүрэх тооцоо байна. Иймээс бид яаралтай арга хэмжээ авахгүй бол хотын замын хөдөлгөөн уналтынхаа доод шатанд очно.

Эшлэл 6
Өнөөдөр захуудыг хотоос гаргана гэхээр тэнд олон мянган хүний ажлын байр байгаа. Орлогоо тасалдуулахгүй аваад явж байгаа иргэдээ тийшээ нүү, эсвэл ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг наадхаа зогсоо гэж болохгүй. Би бол ийм алхам хийхгүй. Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудалд заавал цаг хугацаа орно. Би буруу шийдвэр гаргавал гудамжинд явж байгаа иргэн Дорж гуайд маргааш шууд очиж буудаг. Тийм учраас бид маш сайн судалж, цаг хугацаагаа зөв тооцож байж шийдвэр гаргана. Иргэдийнхээ сэтгэл зүрх, ажил, амьдралыг нь дэмжсэн шийдвэрийг л хотын дарга гаргана. Хотын даргын үндсэн ажил бол 1.5 сая иргэнийхээ талд байх.

Эшлэл 7
Улаанбаатар хотын иргэд өөрсдөө орлоготой байх ёстой. Татвар төлж байгаа улсууд бол заавал орлоготой байх ёстой. Хотын иргэд буузаа, баншаа, гамбираа, боорцгоо, шөлөө хийнэ үү хамаагүй, хамгийн гол нь эрүүл, аюулгүй байдлаа хангасан байх ёстой. Бусад дүрэм, журам, захиргааны хүнд дарамтыг арилгана. Мэргэжлийн хяналт бол зөвлөн туслах үйлчилгээгээ үзүүлнэ. Хянаад, шалгаад л, цуцлаад, торгоод явдаг юм байхгүй. Хүнд суртлыг байхгүй болгоно. Улаанбаатар хотын иргэд бол хөдөлмөрлөх шуналтай байгаасай. Улаанбаатар хотын иргэн болгон хөдөлмөрлөөсэй, өөрсдийн бизнесээ хийгээсэй. Үүнийг хотын даргын хувьд дэмжиж ажиллана.

Эшлэл 8
Би хотын захиргааг нүүлгэхгүй гэж бодож байгаа. Яагаад тэнд Эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын залуучуудын инновацын төв, Шинжлэх ухааны хүрээлэнгүүд байж болохгүй гэж. Би залуучуудаа, старт-ап компаниудыг дэмжиж, Монголын залуучуудын инновацын төв болгож, тэнд залуучууд цугласан, өөрсдийнхөө мэдлэг, чадвараа хөгжүүлж, дэлхийн хөгжилтэй уралдсан байдлаар хөгжөөсэй гэж хүсэж байна. АНУ-ын цахиурын хөндий гэдэг шиг Яармагийн хөндийгөөс дэлхийд Монголын старт-ап компаниуд, Монголын технологиуд гараасай л гэж бодож байна.

Эшлэл 9
Аливаа асуудлыг шийдэхэд төсөв, санхүүгийн асуудал толгойн өвчин болж байна. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Урьд өмнөх Хотын дарга нарын хэн нь ч ийм цар тахлын хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаагүй. Манай удирдлагын баг хотын төсөв, санхүүг нэмэгдүүлэх тал дээр тал бүрээр анхаарч ажиллаж байгаа.

Эшлэл 10
Миний нэг суурь зарчим бол худлаа ярихгүй, хулгай хийхгүй. Бас нөхдөөсөө, иргэдээсээ урвахгүй, шарвахгүй, энэ ажлыг хийгээд дуусгана гэсэн бодолтой л байгаа. Тийм учраас тооцоо, судалгаан дээр суурилж ажиллаж байна. Хотын захиргааны өдөр тутмын ачаалал бол аль ч яамтай харьцуулшгүй их. 6-7 яамны ажлыг нийслэлийн захиргааны бүтэц, зохион байгуулалт буюу 34 агентлаг, 103 харьяа байгууллагуудын 35 мянган төрийн албан хаагчид хийж байгаа.

Эшлэл 11
Метроны асуудлаар япончуудтай, Хятадын компаниудтай, бүр солонгосчуудтай уулзсан. Хамгийн мэргэжлийн түвшинд явж байгаа нь ЖАЙКА юм билээ. ЖАЙКА-гийнхан Улаанбаатар хотод метро бариад ашиггүй гэдэг зүйл хэлээд байгаа. Ашигтай, ашиггүй нь хамаагүй. Улаанбаатар хотын энэ газар доорх инженерийн дэд бүтэц, хангамжийн гол шугамуудыг шинэчлэх цаг нь болсон. Улаанбаатар хотын шугамуудыг хурдан, шуурхай засдаг зохицуулалтыг хийж байж, энэ хотын аюулгүй байдал үндсээрээ хангагдана шүү дээ. Тэгэхээр асар их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй болно.

Эшлэл 12
Аль ч нам ялсан, хэн ч гарч ирсэн өмнөх улсуудынхаа залгамж чанарыг цааш нь үргэлжлүүлж явах ёстой. Жишээ нь, Бат-Үүл баатрын “Найрсаг Улаанбаатар”-ыг үргэлжлүүлнэ, төгс болгоно. Гэр хорооллыг барилгажуулах төслийг эхлүүлсэн нь, мөн IT нь зөв байсан ч гүйцэтгэл дээрээ алдчихсан. Зөв зүйтэй ажлуудыг манай баг залгамж чанараар нь үргэлжлүүлээд, дэмжээд ажиллана. Тэгж байж бид хугацаа хожно, хөрөнгө мөнгөө хэмнэнэ.

Эх сурвалж: НЗДТГ-ын ХМХХ

Categories
мэдээ цаг-үе

Гадаад улс орнуудаас эх орондоо ирсэн иргэдийн анхааралд

Гадаад улс орнуудаас тусгай үүргийн нислэгээр 2020 оны 03 дугаар сараас 10 дугаар сард эх орондоо ирсэн иргэд гадаад паспортаа Хил хамгаалах ерөнхий газраас ирж авна уу.

Ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд гадаад паспортыг олгож байгаа бөгөөд 51-266828 дугаарын утсаар холбогдох боломжтой гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.