Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Сумъяабазар: Төвийн зургаан дүүргийн 120 хороо халдварын тархалттай байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар халдварын голомт нэмэгдэж буйтай холбоотойгоор НОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийжээ.

Тэрбээр “НОК-ын бүрэлдэхүүн 24 цагаар ажиллаж байна. Орон зайн дүн шинжилгээний төвийн тархвар зүйч, судлаач нар системд мэдээлэл оруулж, тархварын явц, аль дүүрэг, хороодоор халдвар илүү тархах өндөр магадлалтай байна вэ гэдгийг тооцооллын үндсэн дээр гаргаж ирж байна. Иргэд шинжилгээ өгөөд эрүүл гарахаар, эсвэл вакцинжуулалтын эхний тунг тариулаад дархлаа тогтоно гэж ойлгож болохгүй. Хоёр дахь тунг тариулснаас хойш 14 хоногийн дараагаас дархлаа тогтоно. Мөн иргэд амны хаалтаа зүүхгүй, гараа ариутгахгүй, хүн хоорондын зайгаа барихгүй байгаагаас болж бизнесийг нь дэмжих үүднээс үйл ажиллагааг нь эхлүүлсэн газруудад хүндрэл гарч байна.

Вакцинжуулалтад Улаанбаатар хотын иргэдийг бүрэн хамруулж байж, 2021 оны хоёрдугаар хагасаас хэвийн амьдралдаа орохоор төлөвлөж ажиллаж байна.

Хөл хориог 14 хоног, 28 хоног тогтоох асуудлыг мэргэжлийн байгууллагын түвшинд ярьж байгаа. Бид хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоохоор байр сууриа нэгтгээд, санал нэгдсэн. Хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоож, халдварын өндөр эрсдэлтэй байгаа хороодын тархалтыг хумих ажил эхлээд явж байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд долоо хоногийн хугацаатай хэсэгчилсэн хөл хорио тогтоох шийдвэрийг УОК, НОК, ДОК ярилцаж гаргасан. Энэ хороо халдварын өндөр эрсдэлтэй, голомт болсон. Иргэдэд бухимдалтай, хүндрэлтэй байгааг ойлгож байна. Гэхдээ бусдад халдвар тараахгүй, Улаанбаатар хотын нийгэм, эдийн засагт бүхэлдээ хөл хорио тогтоохгүй байх үүднээс өндөр эрсдэлтэй хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Иргэд хариуцлага, сахилга баттай байж чадвал халдвар тархахгүй байх бололцоо байна.

Төвийн зургаан дүүргийн 120 хороо халдварын тархалттай байна. Цаашид Чингэлтэй дүүргийн 6, 13, 14, Сүхбаатар дүүргийн 6, 9, 10, 11, 15, Баянзүрх дүүргийн 8, 14, 16, 18, 25, 26, 28, Хан-Уул дүүргийн 15, 16, 21, Баянгол дүүргийн 4, 5, 6, 25, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 18, 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдвар тархах өндөр магадлалтай. Эдгээр хороонд амьдарч байгаа иргэд хариуцлага, сахилга баттай байж, иргэний үүргээ ухамсарлаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа бариарай” хэмээн ярилаа.

Мөн цахим орчинд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргыг сольсон гэх мэдээлэл олны анхаарлын төвд байсан. Үүнд Хотын дарга хариулт өгч “Нийслэлийн Засаг дарга хорооны Засаг даргыг томилдог субъект биш. Баянзүрх дүүргийн удирдлагууд үүн дээр анхаар. Өвчин зовлонтой байгаа үед удирдах албан тушаалтнууд хүмүүстээ зөв ойлголт өг. Ямар учраас сольсон гэдгээ тодорхой мэдээлэх хэрэгтэй. Хүнд үед боловсон хүчний бодлогоор оролдох биш, бодлогоо нийлүүлж, иргэдтэйгээ үйл ажиллагаагаа уялдуулж, коронавирусийг богино хугацаанд хумьж, иргэдээ вакцинжуулах хэрэгтэй байна. Хотын иргэдийг яаралтай вакцинд хамруулж, Улаанбаатар хот шар бүс болж, нийгэм, эдийн засгийн амьдралаа шуурхай босгож ирэхгүй бол бид хүнд нөхцөлд байна” гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монгол цэргийн өдөр” буюу Зэвсэгт хүчний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна

“Монгол цэргийн өдөр” буюу Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна.

БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны 32 дугаар хурлын тогтоолоор Монгол Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг.

Харин 2011 онд УИХ-аас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн юм.

Харин 3 дугаар сарын 18-ны энэ өдөр буюу “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, буулгах ажиллагаа болж, ёслолын буудлага хийнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 168 иргэн эх орондоо ирлээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр Швед, Герман, Швейцарь, Польш, Ирланд, Итали, Финланд, Чех, Бельги, Турк, Франц, Австри, Замби, Йордан, Болгар улсаас нийт 168 иргэн эх орондоо ирсэн юм.

Эдгээр иргэдийн 17 нь өндөр настан, 2 нь жирэмсэн, 15 нь эрүүл мэндийн шалтгаантай, 40 бага насны хүүхэдтэй гэр бүл, 94 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байна.

Иргэдийг “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: Элчин сайдыг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагаас эхэлнэ.

Өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дархлаажуулалтын явцын талаар” мэдээлэл өгнө.

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
  • “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
  • Элчин сайдыг эгүүлэн татах тухай асуудал;
  • УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа;
  • Цаг үеийн шинжтэй асуудлаарх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Дархлаажуулалтын явцын талаар”.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ц.Болорчулуун: Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг хаврын технологит ажил эхлэхээс өмнө олгохоор төлөвлөсөн

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.


-Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэ хүрээнд 500 тэрбумын хөнгөлөлттэй зээлийг мал аж ахуй, ноолуур, газар тариалангийн салбарт олгохоор болсон. Зээл хэзээнээс эзэддээ хүрэх боломжтой вэ?

-Засгийн газраас баталсан 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум, ноолуурын салбарт 200 тэрбум, малчдыг дэмжихэд зориулж 200 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарсан.

Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээлийн тухайд эх үүсвэрийг арилжааны банкууд гаргана.

Энэ ажилд Төрийн болон Хаан банк оролцож байна. Хоёр банкны удирдлагатай уулзах, хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэх, шаардлагатай бичиг баримтыг яамны зүгээс бүрдүүлэн өгөх зэрэг бэлтгэл ажилд нэг сар орчмын хугацаа орох байх. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 20-ноос хойш малчдад зориулсан зээл олгогдох болов уу гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй байна.

Газар тариалангийн 100,ноолуурын салбарын 200 тэрбум төгрөгийн зээлийн тухайд эх үүсвэрийг Монгол Улсын Хөгжлийн банк гаргахаар ажиллаж байна. Манай яамнаас тус банкны удирдлагуудтай уулзалтууд хийж,асуудлаа харилцан ярилцаж, ойлголцолд хүрч байна. Зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргаж, шаардлага хангасан арилжааны банкуудаар дамжуулан олгоно.

Энэ сарын 15-наас эхний байдлаар зүүн аймгуудаас ноолуур гарч эхэлнэ. Тиймээс ноолуур бэлтгэлийн ажилд зориулах зээлийг яаравчлах шаардлагатай. Хаврын тариалалт ч гэсэн дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлнэ. Тиймээс эдгээр ажил эхлэхээс өмнө зээлийг олгохоор хоёр тал хамтран ажиллаж байна.

-Малчдад 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсөн байна. Гэхдээ энд нэг онцлог бий. Малчид хүүхдийн сургалтын төлбөр, ахуйн хэрэгцээ гэх зэргээр ихэвчлэн хэрэглээний зээл авдаг. Тэгвэл малчдын бизнес, үйлдвэрлэлийг дэмжсэн өгөөж тал руу 200 тэрбумыг яаж чиглүүлэх вэ?

-Энэ мөнгийг хэрэглээний зээл болгоод өнгөрөх бус мал аж ахуйн үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд бодлогоор чиглүүлье гэж төлөвлөсөн. Арилжааны банкуудад малчдад зээл олгож байсан туршлага бий. Гэхдээ ихэвчлэн хэрэглээний зээл гардаг байсан. Тэгэхээр одоо банкууд орон нутгийн салбаруудаасаа судалгаа аваад, яамнаас өгсөн чиглэлийн дагуу зээл олгохоор тохирсон.

-Аливаа нөлөөллөөс ангид байж, зээлийг зориулалтынх нь дагуу хүртээмжтэй, шударга хуваарилахад салбарын яам ямар чиглэл барьж байгаа вэ?

-Уг зээл арилжааны банкуудаар дамжина. Мэдээж банкууд өөрсдийн санхүүгийн эрүүл мэндээ бодож зохих шаардлагуудаа тавиад явах учир хөндлөнгийн нөлөө орохгүй. Мөн авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналтаа тавиад явна. Үүнээс гадна мал аж ахуйн үйлдвэрлэлд хэр үр нөлөөтэй байна гэдэгт яам бодлогын хяналт тавина. Тухайлбал, яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас арилжааны банкаар олгож байгаа зээлүүдэд судалгаа хийж, үр дүнг тооцоход анхаарч ажиллана.

-Зарим улаанбуудай тариалагч зээлээ зориулалтын бусаар ашиглаж, тэжээлийн ургамал, рапс тариалах зэргээр эрсдэл багатай, амархан борлуулах боломжтой тариалалт руу хийгээд байна гэх шүүмжлэл бий. Ер нь зээлийг зориулалтын бусаар ашиглах эрсдэлийг хэрхэн хаах вэ?

-Банк зээлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьж байгаа. Хүнсний улаанбуудай тариалах зориулалтаар зээл авчихаад намар болц гүйцээгүй, хурааж амжаагүй байдлаас шалтгаалж тэжээл рүү шилжүүлэх асуудал ажиглагдаж байсан. Цаашид яам болон орон нутгийн түвшинд зээлийг яг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хэсэгчилсэн мониторинг тухай бүрт нь хийгээд явна. Тухайлбал, хаврын тариалалтын явцын үед орон нутагт ажиллаж, зээлээ зориулалтын дагуу хэр үр дүнтэй ашиглаж байгаад хяналт тавьж ажиллана.

-Энэ жил манай улс 470 гаруй мянган тонн улаанбуудай хурааж авна гэж төлөвлөжээ. Гэвч сүүлийн жилүүдэд намар хурааж авсан буудай анх төлөвлөснөөс дутах тохиолдол их гарах боллоо. Дээрх төлөвлөгөөнд хүрэх боломжтой юу?

-Сайд жил болгон аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэрээ байгуулдаг. Тухайн аймгийн тариалангийн талбай, сүүлийн жилүүдэд авч байсан улсын дундаж ургац хэмжээг тооцоолоод тариалалтынхаа үндсэн зорилтуудыг гаргадаг. Уг зорилтыг үндэслэж намар хурааж авах ургацынхаа хэмжээг тодорхойлдог. Энэ хүрээнд төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Гэхдээ зарим жил төлөвлөгөөндөө хүрэхгүй байх, мөн бага хэмжээгээр давуулах нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр ямар ч байсан хаврын тариалалтыг технологийнхоо хугацаанд хийж гүйцэтгэх зайлшгүй шаардлага байна. Үүний тулд тариаланчид маань бэлтгэл ажлаа чамбай хангаад, яг технологийнхоо хугацаанд тариалалтаа эхлүүлэх хэрэгтэй.

Жил бүр Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгээс зөвлөмж гаргуулдаг. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулаад хавар тариалалтыг хэрхэн зохион байгуулах, хэдий үед эхлэх нь оновчтой тухай нарийвчилсан зөвлөмжийг тариаланчдад хүргүүлдэг. Тиймээс гарсан зөвлөмжийн дагуу хаврын тариалалтаа технологийн хугацаанд хийж гүйцэтгэх нь хамгийн чухал ажил юм. Дараа нь мэдээж ургамал хамгааллын бодис, бордоог цаг тухайд нь зохистой хэрэглэх зайлшгүй шаардлага бий. Үүнийгээ бас технологийнхоо хугацаанд хийж гүйцэтгэх нь ургацын чанарт чухал нөлөө үзүүлнэ. Энэ харилцан уялдаатай арга ажиллагааг үе шаттай авсны дараа ургац хураалтын ажил эхлэхэд хураалтын техникийн бэлтгэл ажлыг хангасан байх шаардлагатай.Техникийн болон хүч хүчний нөөц, бусад санхүүгийн бэлтгэлийг сайтар хангах нь маш богино хугацаанд ургацаа алдагдал багатай хурааж авах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэж байж бид төлөвлөсөн ургацаа хурааж авах бүрэн боломжтой. Хураагаад авсны дараа цэвэрлэх, хатаах зэрэг ажил байна. Мөн үйлдвэрүүдэд тушаах, борлуулах зэргээр үе шаттай явна. Энэ бүх ажлыг цогцоор нь технологийн үе шатуудад урьдчилсан бэлтгэлийг сайн хангаж, маш сайн сахилга баттай байж төлөвлөсөн ургацаа авна. Бидний хамтын хөдөлмөр нэн чухал юм.

-Манай улс улаанбуудайгаа дотоодоосоо бүрэн хангах зорилт тавьдаг ч сүүлийн жилийн жишээг харахад энэ зорилтод хүрч чадахгүй байна. Стратегийн хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангахад ямар чиглэл барьж байна вэ?

-Стратегийн хүнсний бүтээгдэхүүн гэдэгт хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай орж байгаа юм. Жил бүр яамнаас гаргасан зорилтын хүрээнд намар хурааж авах ургацаа дотоодын хэрэгцээгээ хангахуйц хэмжээнд хүргэнэ гэж төлөвлөдөг. Сүүлийн жилүүдэд төлөвлөгөөнд бага зэрэг дутах асуудлууд байгаа. Энэ нь олон хүчин зүйлээс хамаарч байна. Ер нь цаашид бид газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх нөхцөлийг л бий болгох ёстой. Тогтвортой байна гэдэг нь цаг агаарын ямар ч нөхцөл тулгарсан зорилтот ургацаа хурааж авдаг байх явдал юм. Эхлээд тогтвортойгоор хөгжүүлье. Улмаар илүү үйлдвэрлэж экспортолъё гэсэн зорилтыг дэвшүүлж байгаа. Тэгэхээр үүнд олон хүчин зүйл нөлөөлнө. Нэгдүгээрт, үрээ дотооддоо бүрэн үйлдвэрлэх асуудал нэн чухал. Үр улаанбуудайн үйлдвэрлэлийн зардлын 25-30 хувийг эзэлдэг. Иймд үр чанартай найдвартай, мөн дараа жилийнхээ үрийг нөөцөлж авч үлдэх асуудал нэн тэргүүний чухал зорилт юм.

Дараагийн асуудал бол хэдэн га газар тариалж байна, түүнд таарсан техник тоног төхөөрөмжийн нөөцтэй байх ёстой. Ингэж байж технологийн хугацаанд тариалах боломж нөхцөл үүснэ. Мэдээж нэмэгдэл орцууд байна. Тухайлбал, шатахуун, ургамал хамгааллын бодис, бордооны хэрэглээ бий. Эдгээрийг шаардлагатай үед нь аваад хэрэглэчих санхүүгийн боломжтой байвал тогтвортой ургац авах, цаашлаад экспортлох боломж бүрдэнэ. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 880 гаруй мянган га эргэлтийн талбай ашиглаж байна. Энд тариалж байгаа га-гийн ургацаа бага зэрэг нэмэгдүүлж чадах юм бол дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй, экспортлох боломжтой. Манай хэрэглээ бага шүү дээ. Жилдээ 300 гаруй мянган тонн хүнсний улаанбуудайг гурил үйлдвэрлэлд нийлүүлэх шаардлагатай. Манай улс урьд нь нэг сая хүртэл тонн хүнсний улаанбуудай хурааж байсан туршлага бий.

-Ноолуурын үнэ ханш дээр ямар таамагтай байгаа вэ?

-Ноолуур гуравдугаар сарын 15-наас зүүн аймгуудаар гараад эхэлнэ. Улсын хэмжээнд 9 мянга гаруй тонн ноолуур үйлдвэрлэдэг. Үүнээс манай боловсруулах үйлдвэрүүд 3 мянга орчим тонныг авч байна.

Өнгөрсөн жил ковидтой холбоотойгоор урд хөршөөс орж ирж ноолуур авдаг байсан аж ахуйн нэгжүүд ирж чадаагүй. Үүнтэй холбоотойгоор үнийн хэлбэлзэл үүссэн. Тиймээс төрөөс зохицуулалт хийж 20 мянган төгрөгийн зөрүү олгосон. Энэ жилийн тухайд гадаадаас ноолуур худалдан авах аж ахуйн нэгжүүд хүсэлтээ яаманд ирүүлсэн. Үүнийг ХХААХҮ-ийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай хамтран Засгийн газрын хуралдаанд танилцуулж ноолуурын худалдан авагч, хөрөнгө оруулагч нарыг ажиллах хүчний жагсаалтад оруулсан.

-Засгийн газар ноолуурын ханшид хөндлөнгөөс оролцохгүй, зах зээлийнх нь жамаар явуулах байр суурьтай байгаа гэсэн үг үү?

-Аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн боломжийг нь гаргаж өгч байна. Мөн гадны компаниуд орж ирээд ноолуур авах нөхцөлийг нь бүрдүүлж өгч байгаа. Тиймээс ноолуурын ханш өнгөрсөн жилтэй харьцуулахад өсөлттэй байх болов уу гэж харж байгаа. Төр оролцох нөхцөл шаардлага үүсэхгүй.

-Сүүлийн жил гаруйн хугацаанд дулааны аргаар боловсруулсан махыг харьцангуй өндөр үнээр экспортлох болсон гэж үйлдвэрлэгчид ам сайтай байна. Манай улс махны экспортыг нэмэгдүүлэхэд ямар бодлого барьж байна вэ?

-Манай улс хэд хэдэн оронтой махны экспортод хамтран ажиллаж байна. Бид жилд ойролцоогоор 50-70 мянган тонн мах экспортолж байгаа. Үүний ихэнх буюу 80 гаруй хувийг БНХАУ руу гаргаж байна. Энэ жил аж ахуйн нэгжүүдэд олгох квотыг ковидоос үл хамаарч зохион байгуулсан. Одоогийн байдлаар махны экспорт хэвийн явагдаж байна.

Улс орнууд жилийн турш мах авъя гэсэн хүсэлт тавьж байгаа. Тийм учраас малынхаа үүлдэр угсааг сайжруулах зэргээр анхаарах асуудал бий. Бид малынхаа үүлдэр угсаа, чанар чансааг сайжруулснаар импортлогчдыг жилийн турш шинэ махаар хүссэн хэмжээгээр хангахад анхаарах нь гол зорилго юм. Үүний тулд газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, зөвхөн бэлчээрийн мал аж ахуйгааас экспорт хийх бус, эрчимжсэн мал аж ахуйгаа түлхүү хөгжүүлж махны экспортоор тэргүүлэгч улс орнуудын хэмжээнд хүрэх зорилт тавьж байгаа. Тиймээс энэ жилээс газар тариалангийн бүс нутгуудад эрчимжсэн мал аж ахуйгаа түлхүү хөгжүүлэх чиглэлд хэд хэдэн улстай томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлэхээр ярьж байна.

Г.БАТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХУД-ийн 15 дугаар хорооны “Рапид харш” хотхонд 3 хоног хөл хорио тогтоолоо

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Рапид харш”-д 72 цагийн хязгаарлалт тогтоосныг тус дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.

Хоёрдугаар сарын 1-нээс хойш 36 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тул хэсэгчлэн хязгаарлалт тогтоолоо. Тус байршлын бүх өрхөөс 72 цагийн хугацаанд шинжилгээ авч, вакцинжуулалтад хамруулах аж.

Гурав хоногийн хөл хорионы дараа хэвийн горимд шилжих тул “Рапид харш” хотхоны иргэдэд мэргэжлийн байгууллагуудаас гаргасан санамж , зөвлөмжийг мөрдөн, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг хүсье гэлээ.

Зөвлөгөө, мэдээлэл авах бол:

  • Хан-Уул дүүргийн Онцгой комиссын Шуурхай штаб – 83120466
  • Эрүүл мэндийн шуурхай штабын утас: 11341170
  • 15 дугаар хороо – 7719-6515
  • Хорооны Засаг дарга П.Мөнх-Эрдэнэ – 9999-6632
  • Хорооны Зохион байгуулагч Ш.Алтанхундага- 8998-8799
  • Хорооны хэсгийн ахлагч Г.Удвал – 9996-2503
  • Өрхийн Эрүүл мэндийн төв – 99155266, 99063478
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Сайханбаяр: Хэзээ нэгэн цагт хэрэгтэй биш, байнга хэрэгтэй Зэвсэгт хүчин байна

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай ярилцлаа.


-Энэ жил Батлан хамгаалах яам үүсэн байгуулагдсаны 110 жил, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Зэвсэгт хүчний түүхийн хуудсыг эргээд сөхөхөд өнгөрсөн хугацаанд ямар замналаар явж өдийг хүрсэн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Тэгье. Юуны өмнө цэргийн тангараг өргөж цэргийн алба хаасан Монголын бүх эрчүүддээ болон Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ “Монгол цэргийн өдөр”, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье. 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, төрт улсаа сэргээн мандуулж, Монгол Улсад анхны таван яам байгуулагдсаны нэг нь Цэргийн явдлын яам байсан. 300 гаруй жил Манжийн дарлалд байж, дотоодын хямрал тэмцэл үргэлжилж ирсэн тэр цаг үед Монгол төрийн өмнө улс орноо төвхнүүлэх, шинээр эмхлэн байгуулах, эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хангах том зорилт тулгарч байсан нь Цэргийн явдлын яам байгуулагдах үндэс суурь болохын зэрэгцээ аливаа төрт улсын тусгаар тогтнолын баталгаа нь цэргийн хүч байсаар ирснийг нотолсон явдал болсон юм.Улмаар 1921 онд Ардын журамт цэргийг эмхлэн байгуулж, цэрэг, зэвсгийн хүчээр улс үндэстнээ харийн дарлалаас чөлөөлж, туурга тусгаар улсаа сэргээн мандуулах үндэсний ардчилсан хувьсгалыг эхлүүлснээр зуун, зууны түүхийн хуудсыг өртөөлсөн “Монгол цэрэг”-ийн шинэ үе, орчин үеийн Зэвсэгт хүчний түүх эхэлсэн. 100 жилийн хугацаа гэдэг Монгол Улсын хувьд ч Зэвсэгт хүчин батлан хамгаалах салбарын хувьд ч түүхийн бүхэл бүтэн үе гэж хэлж болно.1921-1930-аад онд Монгол Ардын Хувьсгалт Цэрэг нь морьт цэргийн хороо, дивиз, корпустай болж түүний бүрэлдэхүүнд хуягт танкийн, их бууны, нисэхийн, холбооны цэргийн ангиудыг шинээр байгуулж, ардын хувьсгалт улаан цэргүүдийг болон олон ардуудыг цэргийн эрдэмд боловсруулах, байлдааны шинэ зэвсэг техник, мэргэшсэн хүн хүчээр хангах, байлдааны болон улс төрийн бэлтгэлийг дээшлүүлэх, цэргийн сахилгыг бэхжүүлэх талаар олон арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлсэн байдаг.Монгол Улсын газар нутаг, тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд халдсан харийн дайсны эсрэг 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэрэг Зөвлөлтийн дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж, эх орон, ард түмэн, тусгаар тогтнолоо хамгаалах ариун үүргээ нэр төртэй биелүүлэхийн хамт зүүн хойд Хятадыг чөлөөлөх цус асгаруулсан ширүүн тулаанд оролцож, Дэлхийн дайны ялалтад хувь нэмрээ оруулсан түүхэн гавьяаг байгуулсан.Түүхийн нугачаанд хэлмэгдүүлэлтэд цэргийнхэн ч их өртсөн байдаг. 100 жилийн түүхийг яривал олон зүйл ярьж болно.

Иймээс товчлох нь зүйтэй байх. Дэлхийн болон бүс нутгийн цэрэг-улс төрийн байдал, цэргийн хэрэгт гарсан хувьсал, зэвсэгт тэмцлийг явуулах онол, практикийн өөрчлөлтөд нийцүүлэн 1960-аад оны дундуур Монголын Ардын Армийг байгуулж, 1979-1989 онд түүнийг өргөтгөн зохион байгуулж Ерөнхий цэргийн армийн зохион байгуулалтад шилжүүлж, төрөл, тусгай мэргэжлийн цэргийн анги, салбаруудыг байгуулж, цэргийн даргалах бүрэлдэхүүнээ Зөвлөлт Холбоот Улсын цэргийн академи, их, дээд сургуулиудад бэлтгэж, орчин үеийн байлдааны зэвсэг, цэргийн техникээр хангаснаар манай Зэвсэгт хүчин үүрэг гүйцэтгэх чадавхаараа хөрш орнуудын түвшинд ойртсон тийм түүхэн цаг хугацаа байсан юм.

1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд “Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдлыг хангах нь төрийн үүрэг мөн” болохыг тунхаглаж, “Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна” хэмээн тодорхойлж, иргэн бүр эх орноо батлан хамгаалах, цэргийн алба хаах үүрэгтэйг хуульчлан баталгаажуулснаар Монгол Улсын батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний шинэчлэлийн эрх зүйн үндсийг тавьсан юм. Монгол Улс 1990-ээд оны эхээр тайван цагт улс орныхоо батлан хамгаалах хэрэгцээ шаардлага, эдийн засгийн боломжид нийцсэн “Цомхон, чадварлаг Зэвсэгт хүчинтэй байна” гэж тодорхойлсны дагуу төр, засгийн өмнө нэн шинэ үеийн Зэвсэгт хүчнийг байгуулах, бэхжүүлэх томоохон зорилт тавигдаж, түүний хүрээнд бүтэц, зохион байгуулалтыг нь хураангуйлах,тайван цагт байлдааны, сургуулийн болон хураангуй бүрэлдэхүүн бүхий холимог зохион байгуулалтад шилжүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн.

-Зэвсэгт хүчний өнөөгийн хөгжлийн түвшин ямар байна вэ?

-Дээр дурдсан 1992 оны Үндсэн хуульд заасны дагуу мэргэжлийн чиг хандлагатай, цомхон чадварлаг Зэвсэгт хүчин байгуулах зорилт 2000 он гэхэд үндсэндээ хангагдсан. Үүний дараа цомхон гэдэг зорилт бол төрийн бодлогын хэмжээнд тавигдах асуудал биш байна гэж үзээд мэргэжлийн чиг хандлагатай чадварлаг зэвсэгт хүчинтэй болох нь зүйтэй юм байна гэсэн концепцийг 2000 оноос дэвшүүлж 2015 оныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн. Энэ зорилт ч мөн амжилттай хэрэгжсэн. 2015 онд батлан хамгаалахын эрх зүйн хоёр дахь шинэчлэлийг эхлүүлж, түүний хүрээнд мэргэшсэн бие бүрэлдэхүүнд суурилсан чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлж, бэхжүүлэх том зорилтыг тавиад одоо хэрэгжүүлээд явж байна. Үүнийг дагаад Монгол Улсын Зэвсэгт хүчний гүйцэтгэж байгаа үүрэгт нэлээд томоохон өөрчлөлтүүд орсон. Хуучин Зэвсэгт хүчин, цэргийн алба хаагчийг 1000 өдөр төр тэжээж, нэг өдөр хэрэглэнэ гэсэн философитой явж ирсэн бол өнөөдөр Зэвсэгт хүчин төрдөө, ард түмэндээ байнга хэрэгтэй байж, байнга хүчин зүтгэж байх ёстой гэсэн философитой ажиллаж байна.Хэзээ нэгэн цагт хэрэгтэй биш, байнга хэрэгцээтэй Зэвсэгт хүчин байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар манай Зэвсэгт хүчин дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Зэвсэгт хүчин болон хөгжиж байгаа гэдгийг Батлан хамгаалахын сайдын хувьд нүүр бардам хэлэх байна.Бид Монгол Улсын Зэвсэгт хүчнийг 2050 он гэхэд цэргийн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчин болсон байна гэж “Алсын хараа”-гаа тодорхойлоод байгаа. Монгол Улс Батлан хамгаалах нэгдмэл тогтолцоотой орон. Гэхдээ хууль ёсоор зэвсэгт хүчний бүтэц дотор манай агаарын цэргийн хүчин, хуурай замын цэргийн хүчин, барилга инженерийн цэргийн хүчин, кибер цэргийн хүчин, тусгай хүчний цэргийн хүчин орохоос гадна дайны байдлын үед хилийн болон дотоодын цэрэг, онцгой байдлын алба зэвсэгт хүчний бүтцэд шууд ордог хууль эрх зүйн зохицуулалттай. Тайван цагт тусгай чиг үүргийн байгууллагууд батлан хамгаалах нэгдмэл тогтолцоонд орж, улс орныг батлан хамгаалах үйл ажиллагааг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай юм байна гэж харагдаж байгаа.

-Манай улсын цэргийн алба хаагчид дэлхийн энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэдэн оронд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна вэ?

-Монгол Улсын Зэвсэгт хүчин батлан хамгаалах салбар цэрэг стратегийн үнэлгээ дүгнэлтийг улсын хэмжээнд хийдэг томоохон институци. Дэлхийн хэмжээнд болон бүс нутгийн хэмжээнд цэрэг-улс төрийн байдал ямар түвшинд байна, хаанаас аюул заналхийлэл гарч ирж болзошгүй зэргийг стратегийн үнэлгээнд үндэслэн батлан хамгаалах бодлогыг тодорхойлох суурь судалгаа, суурь бодлогын концепцийг Батлан хамгаалах яам боловсруулж гаргадаг. Түүнийг хэрэгжүүлдэг байгууллага нь Зэвсэгт хүчин. Дэлхийн энх тайвны үйл хэрэгт оролцох замаар Монгол Улсын аюулгүй байдлын дархлааг баталгаажуулдаг чиг үүрэгтэй. Монгол Улс зөвхөн өөрийнхөө аюулгүй байдлыг хангах биш хүн төрөлхтөн,дэлхийн улс орнуудын аюулгүй байдлыг хангах үүрэгт онцгойлон 2002 оноос оролцож ирсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн энхийг сахиулах ажиллагаа буюу НҮБ-ын мандаттай энхийн сахиулах ажиллагаанд дэлхийн 100 гаруй орон цэргээ илгээж энх тайвны үйл хэрэгт оролцож байна. НҮБ-ын тогтоосон үнэлгээгээр Монгол Улс 22-т жагсаж байна. Хэдийгээр бид жижигхэн Зэвсэгт хүчинтэй ч дэлхийн энх тайвны үйл хэрэгт оролцож буй хувь нэмрээрээ дэлхийд аль хэдийнэ танигдчихсан. “Монгол цэрэг”гэдэг брэндийг бий болгочихсон. Монгол цэрэгтэй холбоотой асуудлаар энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн томоохон зүтгэлтнүүд,НҮБ-ын ажиллагааны командлагчид их ам сайтай байдаг. Монгол цэргүүдээр цэргийн багаа, байрлаж байгаа баазаа, улс орны төлөөллөгчдөө хамгаалуулъя, хамтран үүрэг гүйцэтгэе гэсэн хүсэлт НҮБ-аас маш их ирдэг. Монгол Улсын цэргийн алба хаагчид маш их чадваржиж байна. Манай цэргийн алба хаагчид 2002 оноос энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 19000 гаруй офицер, ахлагч үүрэг гүйцэтгэсэн байна. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин улстөр-дипломатын аргаар улс эх орныхоо аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Үндсэн хуульд заасан гадаад бодлогын үзэл баримтлалд заасан бодлогын хүрээнд гадаадын улс орнуудтай цэргийн хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байна. Энэ нь аюулгүй байдал тусгаар тогтнолын баталгаагаа хангаж байгаа нэг хэлбэр юм шүү.

-Түүнчлэн Зэвсэгт хүчний албан хаагчид улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож байна. Сайдын хувьд энэ талаар цаашид ямар бодлого баримталж ажиллах бол?

-Батлан хамгаалахын багц хуулийн нэг Зэвсэгт хүчний тухай хуулиар улс орныг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтад Монгол Улсын Зэвсэгт хүчин оролцох ёстой гэсэн шинэ үүргийг тодорхойлсон. Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц томоохон стратегийн бүтээн байгуулалтын ажлуудад манай Зэвсэгт хүчин оролцож байна. Өнгөрсөн хугацаанд Баян-Өлгий аймгийн Асгатын мөнгөний ордын төмөр бетон гүүр, Дорнод аймгийн Халх гол сумын шинэ бүтээн байгуулалт, газрын тосны үйлдвэрийн хүнд даацын авто зам, Зүүнбаян Таван толгой чиглэлийн төмөр замын доод суурь, дээд бүтцийн ажил, тус төмөр замыг дагасан дэд бүтэц буюу нэг өртөө, зургаан зөрлөгийн барилгын ажлыг Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ. Өнөөдөр газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц буюу орон сууцны хорооллуудыг барих ажлыг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хийж байна. Зэвсэгт хүчний чиг үүрэг улс орон, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах бэлтгэлийг хангахаас гадна улс орныхоо хөгжилд нь тодорхой хувь нэмэр оруулсаар байна. Иргэд залуучуудад эх оронч хүмүүжил төлөвшүүлэх. Залуучуудыг төлөвшүүлж хүмүүжүүлэх зөв чиг хандлагатай болгох үүргийг Зэвсэгт хүчин хэрэгжүүлж байна. Энэ бол Зэвсэгт хүчинд хуулиар хүлээлгэсэн нэг томоохон үүрэг чиглэл. Цэргийн албаар дамжуулж залуучуудын хандлагыг өөрчлөх, цэргийн мэргэжилд сургах, ар гэрээ аваад явах чадвартай сэтгэлийн хаттай гэрийн эзэн эр хүнийг төлөвлөшүүлэх зэрэг нийгэмд өөрчлөлт авчрах үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Түүнээс гадна Засгийн газраас иргэд залуучуудад эх оронч хүмүүжил төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр 2019 онд батлагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд ХНХЯ, БШУЯ, СоЯ-тай хамтраад улсын хэмжээнд залуучууд руу хандсан зорилтот ажлыг төлөвлөж, хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Ер нь батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт эх орныхоо үнэ цэнийг мэдрүүлэх, эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх заалт нэлээд туссан. Энэ чиглэлээр боловсролын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.

-Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн шинэчлэлийн асуудлыг хөндөх нь зүйтэй байх. Өнөөдрийн байдлаар зэвсэглэл, техникийн шинэчлэл ямар түвшинд хийгдэж байгаа вэ?

-Зэвсэгт хүчний үндсэн хэрэгсэл бол байлдааны зэвсэг, техник.Байлдааны зэвсэг, техникийн шинэчлэлийг 1990-ээд оны дунд үеэс хойш нэлээдгүй хэрэгжүүлж байна. Хуучин нэг улсаас хамааралтай байсан бол өнөөдөр цэрэг техникийн хамтын ажиллагаатай зургаан орноос зэвсэг техникийн шинэчлэлээ хийж байна. Манай Зэвсэгт хүчин өнөөдрийн байдлаар ОХУ, АНУ,БНХАУ болон зарим цэрэг техникийн хамтын ажиллагаатай улсын зэвсэглэлийг хэрэглэж байгаа бөгөөдхөнгөн хуягт техник, байлдааны шинэ төрлийн зэвсэг техникийг Зэвсэгт хүчний зэвсэглэлд нэвтрүүлж байна. Зэвсэг техникийн шинэчлэл удаашралтай, чамлалттай хэрэгжиж байгаа боловч ямар ч байсан зохих түвшинд хүрээд байгаа. Ер нь энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө шаарддагаас сүүлийн жилүүдэд гадаадын зээл тусламжид тулгуурлан шийдвэрлэж байгааг анхаарах цаг болсон.Бид Зэвсэгт хүчнийхээ зэвсгийг шинэчлэх тал дээр дотооддоо бүтээх, турших, үйлдвэрлэх бодлогыг баримталж байгаа. Батлан хамгаалахын сайдын дэргэд Шинжлэх ухаан технологийн зөвлөл ажилладаг. Мөн энэ чиглэлээр сүүлийн 10 гаруй жил Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн нэлээд судалгаа хийсэн. Энэхүү судалгааны үр дүнд өнгөрсөн жилээс дотооддоо цэргийн зориулалттай техник, хэрэгсэл үйлдвэрлэх, сэргээн сайжруулалтын шинж чанартай ажлуудыг хийж эхэлсэн. Тухайлбал,манай зэвсэгт хүчний залуу инженерүүд анхны дрон, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг хийсэн. Гадаадад боловсрол эзэмшсэн манай цэргийн албан хаагчид өөрсдөө зохион бүтээсэн зүйлс. Оюуны өмчийн газраар, цэргийн шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр Батлан хамгаалахын их сургуулийн эрдмийн зөвлөлөөр ороод албан ёсоор патент авсан. Бид цэргийн техник хэрэгслээ хийгээд эхэлчихлээ. Дээрээс нь зэвсэг засвар үйлдвэрлэлийн тусгай анги дээр байлдааны шинэ техникүүд үйлдвэрлэж байна. Монголын машин үйлдвэрлэгч холбооны залуучуудтай хамтраад байлдааны хуягт тээвэрлэгчүүдийг Монгол Улс өөрсдөө хийдэг болсон.Хэд хэдэн төрлийн байлдааны техникүүд үйлдвэрлэсэн. Түүнчлэн байлдагч нэг бүрийн хувийн зэвсэглэлийг сайжруулах ажлыг өөрсдөө хийж байна. 100 жилийнхээ босгон дээр бид энэ үйлдвэрлэлээ эхлүүллээ. Энэ бүгдийг ард түмэндээ Ардын хувьсгалын 100 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалаар харуулах болно. Монголд үйлдвэрлэсэн цэргийн техникүүдээ парадад явуулна. Манай цэргийн алба хаагчид өөрсдийн сайжруулсан буудлагын зэвсгээ агсаж жагсаалдаа оролцоно.Монголын Зэвсэгт хүчин хөгжлийн ямар түвшинд хүрсэн байгааг харуулах юм.

-Сумны үйлдвэртэй болно гэсэн зорилтыг дэвшүүлээд байгаа. Ер манай улс дотооддоо сумаа үйлдвэрлэх боломж бололцоо бий юү?

-Бид ойрын хугацаанд сумны үйлдвэрээ байгуулахаар ажиллаж байна. Галт хэрэглэлээ өөрсдөө үйлдвэрлэх судалгааны ажлыг манай цэргийн эрдэмтэн судлаачид хийж байна. Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд сумны үйлдвэрээ барина. Дотооддоо сумаа үйлдвэрлэнэ. Ангийн зориулалттай сум, байлдааны зориулалттай сумаа үйлдвэрлэнэ. Цаашлаад экспортлох ч боломж бий болох байх гэж харж байна. Зэвсэгт хүчний зэвсэглэл техникийг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадвараа дээшлүүлэх нь Зэвсэгт хүчний том үүрэг.Иймээс л энэ зорилтыг хэрэгжүүлэх учиртай.

-Төрлийн цэргийн талаар ярицлагаа үргэлжлүүлье. Төрлийн цэрэг хүрээгээ тэлж кибер цэрэг нэмэгдсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-2020 онд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Монгол Улсын Зэвсэгт хүчин түүхэн хөгжлийнхөө явцад урьд байгаагүйгээр өргөжин хөгжих эрх зүйн зохицуулалттай болсон. Ингэснээр Зэвсэгт хүчин нь хуурай замын цэрэг, агаарын цэрэг, барилга-инженерийн цэрэг, кибер аюулгүй байдлын цэрэг болон тусгай хүчний цэргээс бүрдэхээр хуульчлагдсан. Төрлийн цэргүүд нь бүтэц, зохион байгуулалт, удирдлагын хувьд мөн хууль эрх зүйн хувьд бүрэн бие дааж үйл ажиллагаа явуулна. Ямар ч тохиолдолд даалгасан тайван болон байлдааны үүрэг даалгаврыг хэнээс ч хамааралгүй бие даан үүрэг гүйцэтгэх чадвартай нэгжийг төрлийн цэрэг гэж ойлгодог. Боловсон хүчин зэвсэглэл, техник, материал хэрэгсэл хангалтын хувьд бүх зүйл бүрэн хэмжээнд бие даасан байна гэсэн үг. Үүний дагуу төсөв хөрөнгө удирдлага зохион байгуулалтын хувьд бүрэн бие даасан зохион байгуулалтад шилжүүлсэн. Хуурай замын цэрэг, агаарын цэрэг үндсэн суурь бааз дээрээ тулгуурлаад үйл ажиллагаагаа бие даан явуулж байна. Шинэ төрлийн цэргүүдээ бэхжүүлэх ажлыг эхлүүлээд явж байна.Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин эрчимтэй хөгжлийнхөө үе шат руу ороод явж байна. Энэ том газар нутгийн аюулгүй байдлыг хангахад агаарын цэргийн хүчин бүх төрлийн онгоц техниктэй байх ёстой. Монгол Улсын агаарын хяналтыг цоо шинэ шатанд гаргая. 50 жилийн дараа гэхэд агаарын цэрэг тавьсан зорилтдоо хүрэх юм гэж үзсэн. Түүнчлэн монгол цэрэг цахим цэрэг байх ёстой. Дэлхий дахинд мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил асар хурдтай явагдаж, кибер орон зайд тэмцэл явуулах чиг хандлагатай байна. Гадаадын олон улс цахим мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг үндэсний аюулгүй байдлынхаа тэргүүлэх зорилтуудын нэг хэмээн зарлаж, үндэсний хэмжээний стратеги хэрэгжүүлэх, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, техник, технологи, хүний нөөцөө бэхжүүлэх, Зэвсэгт хүчний бүтэцдээ Кибер командлалыг байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Манайх кибер цэрэгтэй байх асуудлыг албан ёсоор хуульчлаад удаагүй боловч кибер халдлагаас хамгаалах чиглэлээр нэлээд зүйлсийг хийж хэрэгжүүлсэн. Батлан хамгаалах сайдын ажлыг авснаас хойших хугацаанд кибер төвөө нэлээд бэхжүүлсэн. Батлан хамгаалах яам, Жанжин штаб ангиудын мэдээллийн урсгалыг хамгаалахад онцгой анхаарч байна. Кибер аюулгүй байдлын төвийн гаргасан судалгаагаар өдөрт 2000 гаруй гадны хандалтууд орж ирдэг юм билээ. Тэр бүрийг илрүүлэх, нэвтрүүлэхгүй байх, хариу өгөх, саармагжуулах ажиллагаануудыг хийх, мэдээллийн аюулгүй байдлаа хангах ёстой. Зэвсэгт хүчинд хамгаалах ёстой зүйл бол цэргийн мэдээлэл цэргийн нууцтай холбоотой асуудал байдаг.

-Зэвсэгт хүчний тухай хуульд ойрхон хоёр удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Эхний өөрчлөлтийн талаар та сая дурдлаа. Хоёр дахь өөрчлөлтөөр ямар эрх зүйн зохицуулалт тусгагдсан бол. Цаашид батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэл хэрхэн үргэлжлэх вэ?

-Энэ хуулиар зэвсэгт хүчний хөгжилтэй холбоотой маш чухал эрх зүйн зохицуулалт бий болсон. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулагдаж байсан Зэвсэгт хүчний хөгжлийн сан нь найман төрлийн эх үүсвэрээр хөрөнгөө бүрдүүлэхээр хуулийн зохицуулалттай хэдий ч сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тус сан нь зөвхөн энхийг дэмжих ажиллагааны нөхөн төлбөрөөс хөрөнгөө бүрдүүлж ирсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээс орлого бүрдүүлж байгаагүй юм. Энэ хууль батлагдсанаар Зэвсэгт хүчий өөрийн үйл ажиллагаанаас олсон орлогоо өөрсдөө зарцуулах эрх зүйн зохицуулалт үлдэж байгаа юм. Тусгай сангаар зохицуулагддаг байсан харилцаа Зэвсэгт хүчнийхээ хуулиар зохицуулагдаад энэ хуулийнхаа хүрээнд аливаа орлого, хуримтлалаа өөрийнхөө санд оруулаад зарцуулах ийм хууль эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаа юм. Үүний үр шим удахгүй гарч эхэлнэ. Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэр нэмэгдэж, Зэвсэгт хүчний хөгжилд бодитой үр дүн үзүүлэх ач холбогдолтой.

-Та сайдын албан тушаалаа аваад “Жишиг цэргийн хотхон” бий болгоно гэж байсан. Энэ ажил өдгөө ямар түвшинд явж байна?

-Зэвсэгт хүчний зарим анги, салбарыг орчин үеийн хэв маягийг харуулсан инженерийн шинэлэг шийдэл бүхий “Жишиг цэргийн хотхон” болгох зорилтыг Сайдын албан тушаалаа аваад дэвшүүлсэн.Түүнийгээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж батлуулаад байна. Мөн “Жишиг цэргийн хотхон” төслийн зураг, төсөл, тооцоо, судалгаа бүрэн хийгдсэн. Ангиудын бүтэц зохион байгуулалтаас шалтгаалаад 2-3 түвшний стандарт гаргасан. Энэ жилээс томоохон ангиудаас эхлүүлэхээр төлөвлөж байна. Эхлээд Төв аймагт байрлах Зэвсэгт хүчний 016 дугаар ангиас эхлүүлнэ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Зэвсэгт хүчний хэмжээнд баригдаж буй барилга, байгууламжууд орчин үеийн нэгдсэн стандарт, хэв маягтай болох, сургалт, дадлагыг зохион байгуулах, ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх юм.

-Манай улс хоёр том гүрний дунд оршиж байгаа ардчилсан улс. Цэргийн бодлого нь ямар байх ёстой гэж та хардаг вэ?

-Өнөөдөр дэлхийд улс орнуудын аюулгүй байдлаа хангах цэргийн бодлого өөр өөрийн онцлогтой. Монгол Улсын хувьд Үндсэн хуулиараа өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна гэж тодорхойлсон. Монгол Улсын цэргийн бодлого Монгол Улсыг гадны зэвсэгт түрэмгийллээс хамгаалахад, улс орныхоо тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдэх учиртай.Бүс нутгийн цэрэг-улс төрийн байдал,улс орнуудын явуулж байгаа цэрэг-стратегийн бодлого зэргээс хамаараад батлан хамгаалах бодлогод өөрчлөлтүүд орж байдаг.Монгол Улсын гадаад, дотоод аюулгүй байдалд үнэлгээ, дүгнэлт, шинжилгээг тогтмол хийж байдгийн гол утга учир нь манай төрийн батлан хамгаалах бодлого улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил болон гадаад аюулгүй байдлын орчинтой нийцэж байна уу, үгүй юү гэдэгт оршиж байгаа юм. Түүнчлэн Монгол Улс аливаа цэргийн эвсэл холбоонд нэгдэхгүйгэж төрийн бодлогоор тодорхойлсон. Энэ бол маш чухал заалт. Монгол Улсын батлан хамгаалах бодлогын тулгуур гурван үндсэн ойлголт байдаг. Батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны үндсэн амин сүнс нь нэгдүгээрт мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин, хоёрдугаарт, бүх ард иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, гуравдугаарт, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа байдаг. Бид батлан хамгаалахын энэ гурван тулгуураа бат бэхжүүлж чадсан тохиолдолд ямар ч аюул, заналын өмнө сөрөн зогсох чадвартай болох юм.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин үхэр өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 18, Бархасбадь гариг. Билгийн тооллын 5, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 6:59 цагт мандан, 19:01 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 4-6 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Цагаа түлхэж, цаг нөхнө” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт ХӨСҮТ-ийн эмч Ч.Гантуул “Сумын иргэд сандарч байсан ч өвчтөнүүд эхнээсээ эдгэрсэн болохоор сэтгэл нь уужирсан” хэмээн I, IX нүүрт өгүүллээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Насан туршийн боловсролын асуудал учраас зуны амралтыг богиносгоё гэж ярьж байгаа” хэмээснийг I,V нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт “Цагаа түлхэж, цаг нөхнө” хэмээн өгүүллээ.

Хуульч Б.Мэргэн “С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэгтэй холбоотой улстөржилт хэрээс хэтэрлээ” гэв.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Ерөнхий инженер Д.Нямлхагва “Таван толгой Зүүнбаянгийн төмөр замаар хоёрдугаар улиралд багтаан туршилтын галт тэрэг аялуулахаар төлөвлөж байна” хэмээснийг I, VI нүүрнээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ