Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр 81 жолооч согтуугаар жолоо барьж, 231 хүн эрүүлжүүлэгджээ

Энэ сарын 17-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1311 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1111, хулгайтай холбоотой 8, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 103, гэмт хэргийн шинжтэй 49 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 81, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 102, хүний биед халдсан 41, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 90, эрүүлжүүлэх байранд хоносон 231, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 69 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө

Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшин сонгогдсон Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 13-р тойрог Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн саналын дүнгээр тойрогтоо нэгдүгээр бичигдсэн. Сонгуулийн сурталчилгааныхаа хугацаанд цагдан хоригдож, хорих ангиас сонгуульд өрсөлдсөн түүнд Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны зургадугаар сарын 26-ны өдөр гишүүний үнэмлэх олгосон юм.

Гэвч тэрбээр цагдан хоригдож байсан тул тангараг өргөх ёслолд оролцоогүй бөгөөд түүнийг суллах шийдвэрийг 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан бөгөөд ийнхүү өнөөдөр тангараг өргөж, УИХ-ын гишүүн болж байна.

Түүнийг хэрэг нь шийдэгдээгүй энэ цаг үед тангараг өргүүлэх нь буруу хэмээн Ерөнхийлөгч чуулганы танхимд үгээ хэлсэн бол УИХ дахь АН-ын бүлэг тангараг өргөхийг эсэргүүцэж, чуулганы танхимыг орхисон юм.
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд товлолоо

“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй
холбогдуулан УИХ-ын гишүүдээс Нөхөн сонгуулийг 2021 оны аравдугаар сарын 10-нд
зохион байгуулах талаар гишүүдээс санал асуулга авав.

УИХ-ын 2020 оны сонгуулийн
Сонгинохайрхан дүүргийн 26-р тойргоос нэр дэвшсэн Д.Сумъяабазар Хотын дарга
болсон учраас түүний оронд нөхөн сонгуулийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай
хамтатгахаар УИХ тогтоол баталсан ч энэ удаад өөрчлөлт оруулж, 2021 оны
аравдугаар сард зохион байгуулахаар болсон юм.

Харин өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар техникийн хүндрэл үүсэж болзошгүй гэсэн үндэслэлээр уг сонгуулийн санал хураалт явуулах өдрийг өөрчлөх тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр явуулах тогтоолын төсөл боловсруулжээ.

“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг
батлах санал хураалтад нийт 68 гишүүнээс 35 дэмжиж, 51.5 хувийн саналаар
баталлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Биеийн байдал хүнд найм, маш хүнд гурван хүн эмчлүүлж байна

Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-д 24 дэх хоногтоо эмчлүүлж байсан 89 настай иргэн нас барсан бол биеийн байдал нь маш хүнд 3 хүн байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.

Тэрээр “Нас барсан иргэн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр өвчилсний зэрэгцээ артерийн даралт, амьсгалын дутагдал, зүрх судасны архаг дутагдал зэрэг хавсарсан эмгэгтэй байсан аж. 16 хоногийн турш эрчимт эмчилгээ хийлгэж байгаад амьсгалын болон зүрх судасны дутагдлаар нас барсан” гэлээ.

Өнөөдрийн байдлаар 1201 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлаар нь үнэлбэл,

  • Хөнгөн-1075
  • Хүндэвтэр-115
  • Хүнд-8
  • Маш хүнд-3 хүн байна.

Өчигдөр 81 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 3212 болсон нь нийт 4498 тохиолдлын 71 хувь юм.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүрэгт 55-59 насны иргэдийг өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинд хамруулна

Сүхбаатар дүүргийн 1-20 дугаар хорооны 55-59 насны иргэдийг өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинд хамруулна.

Иргэд дараах хуваарийн дагуу дараах цэгүүдэд очиж дархлаажуулалтад хамрагдана. Үүнд,

-1-5 дугаар хорооны иргэд: Улсын Нэгдүгээр төв эмнэлэг

-6-8 дугаар хорооны иргэд: Монголын Хүүхдийн ордон

-9-11 хорооны иргэд: Монгол 3 дугаар сургууль

-12-14 хорооны иргэд: Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль

-15-20 хорооны иргэд: Сүхбаатар сувилалын газарт тус тус дархлаажуулалт хийнэ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Мөнхбатыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилов

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга боллоо.

Төрийн байгуулалтын Байнгын хорооны даргыг томилох асуудлаар санал хураалтад нийт 61 гишүүн оролцож, 48 гишүүн дэмжиж, 71.8 хувийн саналаар баталлаа.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгаланг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилсон тул түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томилохоор МАН-ын бүлэг, холбогдох байнгын хороо дэмжээд байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга мэндчилгээ дэвшүүллээ.

Тус мэндчилгээнд:

“Эрхэм генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид аа,

Энхийг сахиулагчид аа,

Үе үеийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, бэлтгэлд болон чөлөөнд байгаа ахмад дайчин, цэргийн бэлтгэл үүрэгтэн, Монгол Улсын нийт иргэд ээ!

Та бүхэнд орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн гал халуун мэндийг дэвшүүлье!

Хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээсэн нүүдэлчдийн төрт улсууд, Хүннү гүрнээс улбаалаад Эзэн Богд Чингис хааны туг дор ертөнц дахинаа алдраа дуурьсгаж явсан талын дайчдын хойчис орчин цагийн цэргийн зохион байгуулалтад орсноос хойш өнөөдөр 100 жилтэй золгож байна.

Монгол үндэстэн бүрэлдэн тогтсон найман мянган жилийн туршид хөрш улсуудын түүхчид “… эр бүр нь аян дайнд оролцох ёстой. Нум татаж чадах насанд хүрсэн эр бүр хуягт морьт цэрэг болдог” гэж онцлон тэмдэглэж ирсэн байдаг.

Тийм ээ, бид бол энэ дэлхий дээр хуруу дарам цөөхөн байдаг цэргийн, дайчин үндэстний нэг. Цэргийн урлагийн түүхэнд ул мөрөө үлдээсэн Их Монгол Улсын аугаа дайчин цэргүүдийн залгамж хойч билээ.

Шинээр эмхлэн байгуулагдсан Монгол Ардын Журамт цэрэг 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлснээр орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэн бий болсон. Энэ цагаас хойш Монголын Зэвсэгт хүчин 1939 онд Халхын голын, 1945 онд Чөлөөлөх дайнд оролцон бахдам ялалтуудаар түүхээ зузаатгасан. Энхийн цагт хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, дэд бүтэц, барилгын талбарт гар бие оролцон ажиллаж үнэлж баршгүй хувь нэмэр оруулан ард түмнийхээ бахархал болсон билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар миний бие энэ баярт өдрийг тохиолдуулан Монголын Зэвсэгт хүчний түүх, Зэвсэгт хүчний гадаад харилцаа, хамтын ажиллагаа, эх орныхоо хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг, тусгаар тогтнолын төлөө алтан амиа зориулсан баатрууд, ахмад дайчдаараа бахархан омогшиж, үйл хэргийг нь мөнхжүүлэхийг нийт ард түмэн, ялангуяа залуу үеийнхэн, хүүхэд, багачууддаа уриалж байна. Та нар бол энэ улсын ирээдүй, залгамж халаа. Тийм учраас түүхээ мэдэж, түүнийг бахархалтайгаар, нэр төртэйгөөр үргэлжлүүлэх үүрэг хариуцлагаа эртнээс ухамсарлаж, дээдэлж явах учиртай.

Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин эх орныхоо халдашгүй дархан байдлыг сахин хамгаалахын зэрэгцээ энхийг дэмжих болон олон улсын цэргийн бусад ажиллагаанд амжилттай оролцон улс орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж явна.

Түүнчлэн улс орны стратегийн бүтээн байгуулалтын ажилд мэргэжлийн болон техникийн өндөр бэлтгэлжилт, зохион байгуулалттайгаар оролцсоноороо монголчууд бие даан том бүтээн байгуулалтыг өрнүүлж, гүйцэтгэж чадахыг ард түмэндээ нотлон харууллаа.

Та бүхэнд орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн мэндийг дахин хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Бүх Цэргийн Их Хар Сүлд амгалан цэнгэж, аюул занал түүн дор сөхрөн мөхөстөх болтугай.

Монгол Улс, монгол цэрэг мөнхөд оршиг!” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 158 хүнээс халдвар илэрч, 21 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн ” Сүүлийн 24 цагт 17044 хүний сорьцод шинжилгээ хийхэд 158 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн 149 нь Улаанбаатар хотод, 9 нь Хөвсгөл 7, Төв аймагт 2 бүртгэгдлээ. 21 хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалт судалгаа хийж байна.

Улсын хэмжээнд нийт халдварын батлагдсан тохиолдол 4498 боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 81 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3212 боллоо. Энэ нь нийт халдварын 71 хувийг эзэлж байна. Мөн коронавирусийн халдварын улмаас эмчлэгдэж байсан 89 настай нэг хүн нас барлаа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд 155489 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 41 цэгт өчигдөр 15748 хүнд вакцин тарьсан байна. Ингэснээр нийслэлд, нийт 155489 хүн дархлаажуулалтад хамруулсан тухай Шадар сайдын Хэвлэлийн алба мэдээлжээ.

Нийслэлд өнөөдрийн байдлаар, дархлаажуулалтын 41 цэгт 97 багийн 671 ажилтан ажиллаж байна.

Дашрамд дурдахад, манай улс эмийн бүртгэлдээ Оксфордын их сургуулийн эрдэмтдийн гарган авсан “Астразенека”, БНХАУ-ын “Синофарм”, ОХУ-ын Спутник, АНУ-ын Файзер вакциныг эмийн бүртгэлдээ авсан. Манай улсад насанд хүрсэн нийт хүн ам буюу хоёр сая иргэнийг вакцинжуулахад дөрвөн сая тун вакцин шаардлагатай бөгөөд дархлаажуулах ажил өнгөрсөн сарын 23-нд эхэлснээс хойш “Астразенека” 164 мянга, “Синофарм” 300 мянга, “Спутник-V” 10 мянга, нийт 474 мянган тун вакцин импортлоод байна.

Засгийн газраас 3, 4 дүгээр сарыг дуустал нийслэлийн иргэдийг, 5, 6 дугаар сарыг дуустал орон нутгийн иргэдийг дархлаажуулалтад хамруулж долоодугаар сарын 1 гэхэд насанд хүрсэн нийт хүн амдаа вакцин тарихаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​ТҮҮХИЙН ХУУДАСНАА: 1921 оны 3 сарын 18

Монгол Ардын Журамт цэрэг Нийслэл хүрээнд орж ирж буй нь.

1919 онд Оросын консулын сургуулийн багш Догсомын Бодоо Консулын дэнжийн нууц бүлгэмийг, гаалийн хорооны түшмэл Солийн Данзан Зүүн хүрээний нууц бүлгэмийг үүсгэн байгуулжээ. Консулын бүлгэмд Х.Чойбалсан, Д.Чагдаржав, Сангийн яамны түшмэл Жамьян, лам Д.Лосол, Жигмиддорж зэрэг хүмүүс байсан бол Зүүн хүрээний нууц бүлгэмд Цэргийн яамны түшмэл Д.Догсом, Магсаржав хурцын Дугаржав, Д.Сүхбаатар, Галсан, Тогтох, Даш, буриад Балсанов зэрэг хүмүүс байжээ. 1920 оны эхээр уг хоёр бүлгэм нэгдэж Хятадын дарангуйлал, феодализмыг эсэргүүцэн ухуулах хуудсууд тараах, Их Хүрээн дэх гамин цэргийг хүч, байрлалыг судлах, Богд хаан болон бусад томоохон ноёд язгууртнуудын үзэл бодлыг тандах зэрэг ажлуудыг хийж байжээ. Бодоогийн холбоо тогтоосон большевик оросуудаар дамжуулан уулзсан Коминтерны хэсэг төлөөлөгчид нууц бүлгэмийнхэнд Зөвлөлт Орос улс руу очиж тусламж хүсэхийг зөвлөсөн байна.

1920 оны 6-р сарын 25-ны хурлаар Монгол Ардын Нам гэж нэрийдэж Анхны долоо Зөвлөлт Орос улс руу явахаар болжээ.1920 оны 7-р сарын эхээр Данзан, Чойбалсан нар Оросын зүг хөдөлсөн ба уг сарын дундуур Бодоо, Чагдаржав нар араас нь хөдөлжээ. Бүлгэмийн үлдсэн гишүүд хятадын түрэмгийллийн эсрэг Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн Богд хааны тамгатай бичгийг Далай лам Пунцагдоржийн тусламжтайгаар олж аван Сүхбаатар, Лосол, Догсом нар 7-р сарын эцсээр Орос руу явжээ. 1920 оны 8 сард Ардын намын төлөөлөгчид бүгд Эрхүү хотод очиж Зөвлөлт засгийн төлөөлөгч нартай уулзсан байна. 9-р сарын эхээр Данзан, Лосол, Чагдаржав нар Москва руу явж, Сүхбаатар, Чойбалсан нар Эрхүүд үлдэн, харин Бодоо, Догсом нар Их Хүрээ луу буцаад иржээ.1921 оны 3-р сарын 1-нд Дээд Шивээд эхэлсэн хуралдаанаар Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулж, Түр засгийн газрыг байгуулан намын даргаар Данзан, Түр засгийн газрын ерөнхий сайдаар Чагдаржав, гадаад хэргийн сайдаар Бодоо, бүх цэргийн жанжнаар Сүхбаатар томилогдсон байна.1921 оны 3-р сарын 18-нд Сүхбаатараар удирдуулсан Ардын цэрэг хүчээр хэд дахин давуу Хятадын гамин цэргийн хүчийг бут цохин Хиагтыг чөлөөлөх тулааныг хийн уг хотыг эзлэн авчээ. 1921 оны 7-р сарын 6-нд Ардын цэрэг Их Хүрээнд орж ирсэн ба 11-нд Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улс ба Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхагласан байна.