Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Алба хаагчид цол нэмлээ

Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн албандаа амжилт гаргасан зарим алба хаагчдад Шадар сайдын нэрэмжит шагнал болон цол гардууллаа.

Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр тушаалаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир, Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Хишигбаатар, Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хошууч Ч.Мэндэлмаа, мөн хүрээлэнгийн лабораторийн техникч, ахлагч Отгон-Очирын Баттулга нарыг Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр шагналаа.

Харин Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/234 дүгээр тушаалаар:

Дэд хурандаа цолоор, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Р.Батсайхан,

Хошууч цолоор, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, ахмад С.Солонго,

Ахмад цолоор, Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн мэргэжилтэн, ахлах дэслэгч П.Үүрцайх, ОБЕГ-ын дэргэдэх 115 дугаар ангийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Н.Сайнжаргал, ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн багш, ахлах дэслэгч С. Мөнгөншагай нарыг,

Ахлах дэслэгч цолоор, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын архив, нууцын эрхлэгч, дэслэгч Т.Мөнхчимэг,

Дэслэгч цолоор, Улсын Онцгой комиссын мэргэжилтэн Ж.Бундхорол, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, ахлах ахлагч Б.Должинхорол, Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн мэргэжилтэн, ахлагч О.Цэдэндулам нарыг,

Дэд ахлагч цолоор, Шуурхай удирдлагын зарлан мэдээллийн төвийн Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан оператор Ү.Энхгэрэл нарыг тус тус шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Оюутолгойн гүний уурхайн 3000 гаруй ажилтныг коронавирусийн шинжилгээнд хамруулна” гэв

Оюутолгой компанийн нэг ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн. Мөн нэг иргэн халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол илрээд байгаа.

Иймд Өмнөговь аймагт тус уурхайн ажилчдыг шинжилгээнд хамруулах болон тандалт судалгааны ажил эхлээд байгаа билээ. Энэ талаарх мэдээллийг тус аймгийн Эрүүл мэндийн газраас өглөө.

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Бямбажав “Коронавирусийн халдварын голомтот бүс нутгаас хөдөө орон нутаг руу халдвар зөөвөрлөгдөж эхэлсэн. Энэ дагуу манай аймгагт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байна. Тодруулбал, “Оюутолгой” компанид коронавирусээр өвчилсөн иргэний ойрын хавьтал ирсэн тул шинжилгээ авч Улаанбаатар хот руу ХӨСҮТ-д сорьцыг хүргүүлсэн. Шинжилгээний хариугаар халдвар авсан нь батлагдсан. Үүнтэй холбоотойгоор орон нутаг болон Оюутолгой компанид тандалт судалгааны ажил хийж эхлээд байна. Ялангуяа, тус компанид ээлж солигдож ирсэн ажилчдыг халдвартай иргэний хавьтал эсэхийг тодорхойлж, гэрийн тусгаарлалтад ажиглаж, шинжилгээ авч байна.

2021 он гарсаар Өмнөговь аймгийн хэмжээнд 18550 хүнд коронавирусийн шинжилгээ хийсэн. Үүнээс 1831 нь Оюутолгой компанийн ажилтан байна. 

Эдгээр иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй. Харин сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 704 хүнийг шинжилгээнд хамруулсан. Мөн “Оюутолгой” батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 334 хүнийг тусаарласан. Эдгээр иргэнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй байна. Халдвар авсан байж болзошгүй иргэн тус компанийн гүний уурхайд ажилладаг бөгөөд тухайн иргэнээс гадна 3000 гаруй иргэн ажилладаг юм билээ. Иймд нэн тэргүүнд шинжилгээнд хамруулах шаардлагатай иргэдийг тандан судалж байна. Аймгийн хэмжээнд өдөрт 1200 сорьцод шинжилгээ хийх хүчин чадалтай лаборатори бий” гэв.

“Оюутолгой” компанийн ажилчдыг энэ сарын 18, 19-нд шинжилгээнд хамруулах юм байна. Харин халдвар авсан нь батлагдсан иргэн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал дунд зэрэг байгаа талаар Өмнөговь аймгийн онцгой комиссоос мэдээлсэн билээ. Түүнчлэн тус уурхайд коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа буурах биг хандлагатай байгаа бөгөөд Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх ачаа тээвэрт БНХАУ-ын тал хязгаарлалт тогтоогоод байгаа билээ.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Веном 2” киноны нээлтийн тов хойшилжээ

Жүжигчин Том Харди дүр бүтээж, “Хүн Аалз 3” киноны дүрээс сэдэвлэсэн хорон санаат баатар Веном 2018 онд гарсан даруйдаа үзэгчдийн таашаалыг хүртсэн билээ. Тэгвэл киноны хоёрдугаар анги “Веном: Аллага болох болтугай” нэртэйгээр ирэх зургадугаар сарын 25-нд нээлтээ хийхээр төлөвлөж байсан ч ирэх есдүгээр сарын 17-нд болж хойшилжээ. Мөн уг ангид Хүн Аалз киноны дүрээр жүжигчин Том Холланд тоглосон нь олны хүлээлтийг үүсгээд буй.

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгой төсөл Монгол Улсад үр өгөөжтэй байх шаардлагатай гэсэн байр суурь өөрчлөгдөөгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтой өнөөдөр цахим уулзалт хийлээ.

Цахим уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа баримталж байсан бодлого, байр суурь огт өөрчлөгдөөгүй болохыг илэрхийлэв.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмд явуулж байсан албан бичигт дурдсан асуудлуудыг Рио Тинто компани цаг алдалгүй анхаарч, “Оюутолгой” төслийг Монгол Улсад үр ашигтай болгоход яриа хэлэлцээг чиглүүлэх шаардлагатайг онцоллоо.

Түүнчлэн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Ажлын хэсгийг ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд нар яриа хэлэлцээг үргэлжлүүлж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлж, амжилт хүслээ.

Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм дөнгөж томилогдоод удаагүй байхдаа буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй анхны цахим уулзалт хийж байсан билээ. Өнөөдрийн уулзалтын үеэр тэрбээр “Оюутолгой” төслийн хамтын ажиллагааны шинэ хуудас эхэлж байгааг онцлон тэмдэглэсэн бөгөөд энэхүү төслийг Монгол Улсад илүү үр ашигтай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа мөн илэрхийллээ.

Өнөөдрийн цахим уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, дэд дарга Б.Солонгоо, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Э.Болормаа нар оролцсон бол Рио Тинто компанийг төлөөлж гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Бизнес хөгжил эрхэлсэн захирал С.Мөнхсүх, Рио Тинто Монголиа ХХК-ийн дэд захирал Х.Амаржаргал нар оролцов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Экспортын тээврийн жолооч нарыг дархлаажуулж эхэллээ

Монгол Улсын Засгийн газар коронавируст цар тахлын эсрэг вакцинаар хүн амаа дархлаажуулах ажлыг хоёрдугаар сарын 23-наас эхлүүлсэн. Юуны түрүүнд зорилтот бүлэг буюу эрүүл мэндийн байгууллагын ажилтан, халдварын голомтод ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын ажилтан, экспортын тээврийн жолооч 50 ба түүнээс дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дархлаажуулж буй юм.

Энэ дагуу өнөөдөр Өмнөговь аймаг, Гашуунсухайт боомтод ажиллаж буй экспортын тээврийн жолооч нарыг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэллээ.

Тодруулбал, БНХАУ-ын Sinopharm үйлдвэрийн 13.000 тун вакцинаар экспортын тээврийн жолооч нар болон Өмнөговь аймгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг дархлаажуулж байгаа юм. Өмнөговь аймгийн хэмжээнд эхний ээлжинд дархлаажуулалтад хамрагдах 13,000 зорилтот хүний 11,860 нь уул уурхайн салбарын ажилтнууд болон нүүрс тээврийн 157 аж ахуйн нэгжийн жолооч нар бол,1,019 нь тус аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд юм.

Мөн гааль, хил хамгаалах байгууллага зэрэг байгууллагын 121 ажилтан, алба хаагчийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байна. Тэгэхдээ Гашуунсухайт боомт дээр тав, Шивээ хүрэнд гурван цэг ажиллуулан нүүрс тээврийн жолооч болон уул уурхайн ажилтнуудыг дархлаажуулна. Харин Даланзадгадад хоёр цэгээр эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг дархлаажуулах юм.

Жолооч нарын ажлын ээлжийн хуваарьт тохируулан дархлаажуулах ажлыг зохион байгуулах бөгөөд нэг баг өдөрт 150 хүнийг хамруулахаар тооцсон. Ингэснээр эхний ээлжийн 4,000 хүнийг тав хоногт багтаан дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Цаашид уул уурхайн ажилтнууд, нүүрс тээврийн жолооч нарын ээлж солигдоход дараагийн ээлжийг хамруулах юм.

Эх сурвалж: Сангийн яам

Categories
мэдээ улс-төр цаг-үе

С.Амарсайхан: Зорилтот бүлгийн 30 хувийг дархлаажуулалтад хамруулаад байна

УИХ-ын чуулганд үргэлжилж байна.

Дархлаажуулалтын явцын талаар Шадар сайд УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө.

Шадар сайд С.Амарсайхан “Дэлхий нийтэд 265 вакциныг албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд 13 вакцин хэрэглээнд нэвтэрч, 9 вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрлийг олгосон. Манай улс нийт 2.083.000 хүнийг дархлаажуулахаар болж хоёрдугаар сарын 23-нд дархлаажуулалтыг эхэлж, гуравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 155.746 хүн эхний тун вакцинаа хийлгээд байна. Нийт зорилтот бүлгийн 30 хувийг вакцинд хамрууллаа” гэв.

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өнгөрсөн 11 сард төсөв хэлэлцэж байхад 100 тэрбум төгрөг вакцинд тавьчихаач гэсэн боловч зээл авч байгаад хийнэ гэсэн. Авсан зээл нь хаана яваа юм, зээлийн процесс удаан шүү дээ. Одоо тусламжаар вакцин гуйсан л улс болчихлоо. Тусламжаар ирсэн вакцинаараа пр хийх гэсэн л ажил болж байна даа. Та бүхний хийж байгаа арга хэмжээ бүтэлгүй болоод байна. PCR шинжилгээ чинь вакцинаасаа үнэтэй. Баахан хэрэггүй юм авчихаад хэрэглэж дуусах гээд үзээд байх шиг байна. 5.1 их наяд төгрөгийн тайланг тавь гэсэн одоо хүртэл тавиагүй. Ийм их мөнгийг алга болгочихоод одоо дахиад 10 их наяд төгрөг яриад байж байна. Тэр 10 их наядаасаа вакцинд зарцуул л даа. Мөнгө тавиад хурдан вакцинжуулаач ээ. Хоригоос чинь болоод хүмүүсийн цалин, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нөлөөлөөд байна.

Шадар сайд С.Амарсайхан: Вакцин мөнгөндөө биш. Дэлхий нийтэд вакцины нийлүүлэлт хангалттай биш байна. Бид төлөвлөгөөний дагуу вакцинаа татан авч, харин ч эрт эхлүүллээ. Вакцин худалдан авах 317 тэрбум төгрөг Сангийн яаманд шийдэгдсэн. Бид эхний ээлжийн вакцинаа хүлээсэн бол 3-р сарын 12-нд л дархлаажуулалт эхлэх байсан. Харин тусламжийн вакцин авсан тулдаа дархлаажуулалтыг эхэлсэн. PCR шинжилгээ, нэг хаалга нэг хүн шинжилгээг үр дүнтэй болсон гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Халдварыг яагаад тавиад туучихав аа. Гаргах ёстой мөнгөө гаргаад вакцинжуулалтаа хурдан хийх хэрэгтэй. Халдварыг цаашид хэрхэн хумих вэ. Хаана алдаа гараад байна вэ. Ажлын уялдаа болохгүй байна уу. Бодлого гаргахдаа алдаа гаргаад байна уу.

Шадар сайд С.Амарсайхан “Нөхцөл байдал амаргүй байна. Эрсдэлийг багасгахад хүн бүрийн оролцоо чухал. Халдвар хамгааллын дэглэмийг барьж, дор бүрнээ анхаарах хэрэгтэй байна. Өөрсдөө хичээж, сөрж амьдрах ёстой гэсэн төлөвлөгөөгөөр ажиллаж байна. Бүх нийтээр нь хөл хорих амархан. Одоо эдийн засаг сэргэж байна. Эрсдэл үүсвэл хэсэгчлэн хөл хорио тогтоож явах болно. Иргэдийг чирэгдүүлэхгүй. Гэхдээ шат шатанд үйл ажиллагааны алдаа, нугалаа гарч байна “гэв.

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн зохицуулах хорооноос зөвлөмж гаргалаа

Богино хугацаанд их мөнгөтэй болох гэсэн эсвэл мөнгөө өсгөх үүднээс сайтар нягтлалгүйгээр санхүүгийн харилцаанд орсноос хохирогч болсон иргэд, аж ахуйн нэгжийн тоо сүүлийн үед эрс ихэссэн.

Тэр тусмаа сүүлийн үед залилан мэхлэгч этгээдүүд иргэдийг итгэн үнэмшүүлэхийн тулд улам бүр боловсронгуй, нарийн арга ашиглах болсон. Жишээлбэл, хөрөнгө оруулалт мэтээр өнгөлөн “гоёсон” залилан нь иргэдэд бодит ажил хэрэг мэт төөрөгдөл үүсгэж мөнгө, цаг хугацаагаа алдах эрсдэлийг нэмэгдүүлж байна.Иймд, Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Энэ төрлийн гэмт хэргийг ялган танихад дараах сэжүүрүүд Танд тус болно.

Маш бага хэмжээний эрсдэл /эрсдэлгүй хөрөнгө оруулалт/-д өндөр өгөөж санал болгох:

Эрсдэл, өгөөж хоорондоо шууд хамааралтай үзүүлэлтүүд бөгөөд танд санал болгож буй өгөөж ихсэх тусам эрсдэл дагаад өсдөг. Иймээс өндөр өгөөж санал болгосон хөрөнгө оруулалтаас болгоомжилж дахин нэг нягтлаарай. Ингэхдээ тухайн хөрөнгө оруулалт нь эрсдэл багатай эсвэл эрсдэлгүй үед хэрхэн ийм өндөр өгөөж бий болгосныг шалгахаас гадна ижил төрлийн бусад хөрөнгө оруулалт ямар эрсдэлийн түвшинд хэдий хэмжээний өгөөж хүртээж буйг харьцуулан дүгнэх хэрэгтэй. Залилан үйлдэгчид хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор ихэвчлэн өндөр өгөөж санал болгодгийг мартаж болохгүй.

Шахалт үзүүлэх тактик:

  • Хугацаа дуусах дөхөж байна. Амжиж хөрөнгө оруулаарай!
  • Эхний 50 хөрөнгө оруулагчдад зориулсан тусгай санал. Энэхүү боломжийг бүү алдаарай!
  • 2000 гаруй хүн хөрөнгө оруулалт хийгээд байна. Та юу хүлээж байна?
  • Зөвхөн өнөөдөр хөрөнгө оруулбал тусгай хөнгөлөлт эдлэнэ.

Энэ мэт хязгаарлагдмал саналуудаас эхлээд хугацаатай бэлэг, хөнгөлөлт үзүүлэх зэрэг аргын гол нууц нь иргэдийг мөнгөө юу ч бодолгүйгээр, тооцоолол хийх хугацаа олголгүйгээр хөрөнгө оруулахад яаруулж буй хэрэг. Ер нь шахалтын иймэрхүү арга барилыг хөрөнгө оруулалтын залилан мэхлэх гэмт хэрэгт л голлож ашигладаг. Иймээс иргэн Та хөрөнгө оруулалт хийхийн өмнө эхлээд юунд хөрөнгө оруулалт хийж байгаагаа анхаарч нэг шалга. Хэрэв итгэлгүй байвал сэтгэл хөдлөлөөр хандсан хөрөнгө оруулалтаас шууд татгалзаарай.

Хуурамч бичиг, баримт:

Залилан мэхлэгчид таны итгэлийг олж авахын тулд өөрсдийгөө найдвартай, олон жилийн туршлагатай, удаа дараалан шагнал хүртсэн, хөрөнгө оруулалтаасаа их хэмжээний ашиг хүртдэг хэмээн итгүүлэхээр хуурамч бичиг, баримт ашиглан ятгаж магадгүй. Мөн өмнөх хөрөнгө оруулалтад нь сэтгэл хангалуун байгаа хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн сэтгэгдлээр итгэл, үнэмшлийг тань дээшлүүлэхийг оролдоно. Иймд, хөндлөнгийн буюу гуравдагч этгээдийн баталгаажуулалтын тусламжтайгаар үнэн бодит мэдээллээр таныг хангаж байгаа эсэхийг сайтар нягтлаарай.

Зөвшөөрөлтэй этгээд мөн үү…

Зарим хөрөнгө оруулалтын залилан нь таныг төөрөгдүүлэхийн тулд холбогдох байгууллагуудын зохицуултад байдаг гэж итгүүлэх аргыг ашиглаж магадгүй. Ийм тохиолдолд холбогдох зохицуулагч байгууллагаас нь лавлагаа хүсэх, цахим хуудсанд байршуулсан тусгай зөвшөөрөлтэй этгээдүүдийн жагсаалтыг шалгах хэрэгтэй. Санхүүгийн зохицуулах хороо нь үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор зөвхөн мэргэжлийн оролцогчдод санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгодог. Иймд зохицуулалтгүй, зөвшөөрөлгүй хууль бусаар үйл ажиллагаа эрхэлж буй этгээдийн залилан мэхлэх үйл ажиллагааны хохирогч болохоос сэргийлж сайтар нягтлахыг дахин зөвлөе.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Вакцин хийлгэсний дараа гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах зэрэг хариу урвал илэрч болно” гэв

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагаар ажиллаж байна. Гуравдугаар сарын 17-нд иргэдээс нийт 400 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 15 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.45 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 30 иргэн хандсанаас таван иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 25 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 108 буюу 27 хувийг машин ачилт, 91 буюу 22.7 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаарх дуудлага эзэлсэн байна.

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж буй асуултад хариулт өгчээ.

Вакцин хийлгэснээр биед ямар нэгэн хариу урвал үзүүлэх үү?

-Вакцин хийлгэсний дараа хэсэг газар гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх шинжүүд илэрч болно. Эдгээр нь 1-2 өдөрт аяндаа зүгээр болно. Ийм шинжүүд илрэх нь та халдвар авсан гэсэн үг биш. Харин эдгээр шинж тэмдэг нь таны биед халдвараас сэргийлэх дархлаа бий болж байгааг илтгэнэ. Хэрэв танд эдгээр шинж тэмдэг арилахгүй олон хоног үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй.

Коронавирусийн вакцин аюулгүй юу?

-Вакцины судалгааг олон орны янз бүрийн насны, олон ястан үндэстнийг хамруулан хийдэг бөгөөд аюулгүй байдлын олон стандарт, шаардлагыг хангасан вакцин хийхийг зөвшөөрдөг. Одоогоор баталгаажсан коронавирусийн эсрэг вакцинууд нь эдгээр стандарт, шаардлагуудыг хангасны үндсэн дээр хүн амд хэрэглэгдэж байгаа юм.

Эмнэлзүйн туршилт, судалгаа гэж юу вэ?

-Эмнэлзүйн туршилт нь шинэ вакцины аюулгүй, үр дүнтэй эсэхийг тодорхойлоход ашигладаг судалгааны нэг төрөл юм. Аливаа вакцины эмнэлзүйн туршилт нь дөрвөн үе шаттай байдаг. Үүнд:

I үе шат бол цөөн тооны сайн дурын, эрүүл хүмүүст хийсэн анхны туршилт бөгөөд ихэвчлэн хэдэн сар үргэлжилдэг.

II үе шат нь вакцины тууштай байдал, аливаа гаж нөлөө, дархлааны хариу урвал үүсэж эсэхийг шалгадаг. Энэ үе шат хэдэн сар үргэлжилж болно.

III үе шат нь аюулгүй байдал, үр ашгийн талаарх баттай мэдээллийг цуглуулдаг. Энэ нь ихэвчлэн мянга мянган сайн дурын хүмүүсийг хамруулдаг тул хэдэн жил үргэлжилж болно.

IV үе шат нь вакциныг лицензжүүлж, хүн амын дунд вакцин хийсний дараа үр дүнтэй байдлыг үнэлэх үе шат юм.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Categories
мэдээ нийгэм

Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт зургадугаар сард дуусна

Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн захирал Ж.Сандагсүрэн өчигдөр төслийн I үе шат болох Баянхошуу болон Сэлбэ дэд төвд ажиллалаа.

Энэ хүрээнд төслийн зохицуулагч Д.Авирмэд болон инженерийн баг Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажлууд болон төсөл хэрэгжсэнээр гарч буй үр дүнгүүдийн талаар танилцуулсан юм.

Төслийн захирал Ж.Сандагсүрэн эхлээд Баянхошуу дэд төвд барьсан Дулааны даралт өргөх насос станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэлтэй танилцав.

Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлын хүрээнд Дулааны 11И магистрал шугам шинэчлэл өргөтгөлийн ажил, Дулааны даралт өргөх насос станц болон 3.3 км шинэ шугамыг ус дулаан дамжуулах нийт 14 төвийн хамт бүрэн хийж гүйцэтгэсэн.

Одоогоор Баянхошуу дэд төвд нийт 27 аж ахуйн нэгжийг төвийн төвлөрсөн дулаанд холбоод байгаа бөгөөд цаашид 20 мянган айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжид холбох боломж бүрдсэн юм.

Үүний дараа Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн нийгмийн барилга байгууламжууд болох 240 хүүхдийн цэцэрлэг, нэг цэгийн үйлчилгээ бүхий Бизнес инкубатор сургалтын төв, Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв, Орлогод нийцсэн загвар орон сууц, үерийн далан суваг, тохижилт, автозам, гүүр, 28 мВт хүчин чадалтай Дулааны станц, 1000 шоо метр хүчин чадалтай Усан сан болон цахилгааны 35/10кВт станцын барилга угсралтын ажлуудтай танилцлаа. Цаашид төслийн I үе шат бүрэн хэрэгжиж дууссанаар иргэдэд хүрэх үр дүнг нарийн тодорхойлон, улам илүү хүртээмжтэй байх тал дээр түлхүү ажиллах чиглэл өгөв.

Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын барилга угсралтын ажлуудыг энэ оны зургадугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Монгол эрэгтэйчүүдийн 25 хувь нь дээд боловсрол эзэмшдэг

Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан зарим сонирхолтой статистик мэдээллийг хүргэе.


– 2020 оны байдлаар Монгол улсад оршин суугаа хүн амын 1 603.3 мянга нь эрэгтэйчүүд байдаг. Тэдний 67 хувь нь хотод, 33 хувь нь хөдөө амьдардаг.

– Эрэгтэйчүүд дунджаар 29 насандаа гэрлэдэг бөгөөд тэдний 0.9 хувь нь өрх толгойлсон, дундаж наслалт 66 байна.

– Эрэгтэйчүүдийн 594.9 мянга нь ажилтай, сарын дундаж цалин 1 395.9 мянган төгрөг.