Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатартай ярилцлаа.
-Өнөөдөр Зэвсэгт хүчний 100 жилийн ой тохиож байна. Монгол цэргийн түүх 5000 жилийн тэртээгээс эхлэлтэй гэж зарим судлаачид үздэг юм билээ. Цэргийн баярын үүслийн талаар яриагаа эхэлье?
-Цэргийн баярыг анх 1921 оны гуравдугаар сарын 18-нд Ардын журамт цэргүүд Хиагт буюу одоогийн Алтанбулаг сумыг чөлөөлснөөр албан ёсоор биш ч жил бүр тэмдэглэдэг болсон. Дараа нь 1946 онд Хувьсгалт цэргийн баярын өдөр болгох шийдвэр гарч, энэ өдөр зөвхөн цэргийн алба хаагчид амарна гэж заасныг 2011 оны баяр ёслолын хуульд өөрчлөлт оруулснаар “Монгол цэргийн өдөр” болгохоор шийдвэрлэсэн. Монгол цэргийн түүхийн хувьд 100 жилээр тогтохгүй, Хүннү гүрнээс өмнө буюу 5000 жилийн тэртээгээс эхлэлтэй гэж судлаачид үзэж байгаа. Шинжлэх ухааны түвшиндээ батлагдсан төрт улс 2200 жилийн түүхтэй Хүннү гүрэн боловч түүнээс өмнөх 5000 жилийн Хятадын түүхэнд зэрлэг нүүдэлчдийн тухай дурьдсан байдаг. Умард зүгийн зэрлэг нүүдэлчдийн төрт улс гэдэг нь монголчуудыг хэлсэн гэсэн үг. Одоогоор үүнийг археологи, шинжлэх ухааны талаас нь нотлох л дутуу байгаа. Тэгэхээр монголын зэвсэгт хүчний түүх батлагдсан он тооллын хувьд 2200 жил, цаашилбал 5000 жилийн түүхтэй гэж ойлгож болно.
-Монгол цэргүүдийн амжилттай тулалдах гол тактик юу байсан бэ. Аравтын зохион байгуулалтаар баруун, зүүн, төв хэсэг хэмээн хуваагддаг байсан гэдэг?
-Монгол цэргийн хамгийн сонгодог зохион байгуулалт бол аравт, зуут, мянгатын тогтолцоо байсан. Манайх улс болон цэргээ баруун, зүүн, төв гэж гурван үндсэн хэсэгт хуваадаг байж. Аравтын систем бол Хүннүгийн үеэс эхлэлтэй хүн ам цөөтэй, тал нутгийн нүүдэлчдэд хамгийн тохиромжтой систем байсныг судлаачид онцолдог. Монгол цэргийн ялалтын стратегийн хамгийн том хүчин зүйл бол хурд. Дөрвөн өдрийн газрыг нэг өдөрт туулдаг монгол цэргүүдийн хурд гайхамшигтай байж. Үндсэндээ монголчуудын гол тактик хурд, хүч болон ахуйгаасаа олж авсан зүйлсүүд байдаг. Жишээлбэл, нохой хэвтэх, сандаргах, отох зэрэг ан гөрөө хийхдээ ашигладаг өөрсдийн ахуйгаас олсон арга барилыг ашигладаг байсан.
-Байлдааны зэвсгийн хувьд хэр боловсронгуй байсан бэ?
-Монголчуудын байлдааны гол зэвсэг бол нум, сум. XIII зуун буюу Чингис хааны үед зэр зэвсгээрээ дэлхийд гайхагдаж явсан.Өндөр хана, хэрмийг нураадаг чөдөр, анхны мини гэгдэх зэвсэг нь яаж ч ойчсон гурван талаараа буудаг учраас оногдсон морь цааш ямар ч байлдааны чадваргүй болдог. Дээрээс нь сумны зэв маш хурц, ямар ч төмөр дуулгыг нэвт харвадаг байсан.
Чингисийн чулууны бичиг дээр байгаа 335 алд буюу 500 метр газарт байгаа алдахгүй харвасан Есүгэ мэргэн бол яг бодит хүн.
Монголчууд хүүхдээ таван настайгаас нь цэргийн эрдэмд бэлдэж, 13 нас хүрмэгц нум, сумаар харвуулж сургадаг байсантай холбоотой болов уу. Нэг ёсондоо хүүхдийг төрөнгүүт нь баатар эр болгохыг зорьж, цэргийн хүмүүжлээр хүмүүжүүлдэг байсантай мөн холбоотой.
-Эртний Монгол цэргүүд гэхээр хүнд хуяг, дуулгатай байсан гэж төсөөлөгддөг. Хувцас хэрэглэлийн хувьд ямар соёлтой байсан бол?
-Эртний монгол цэргүүдийг хүнд хуяг, дуулгатай байсан мэтээр ойлгодог нь буруу. Холын аян дайнд морддог хурдтай цэргүүдэд хүнд хуяг дуулга, төмөр бамбай ч байгаагүй. Харин үхрийн ширээр хийсэн төмөр оруулгатай, ширэн бамбай. Ширэн болон төмөр товруун оруулгатай дээл өмсдөг байсан. Төмөр жижиг ялтаснуудыг даавууны голд хийгээд хоёр талаар нь даавуугаар бүрсэн хөнгөн, авсаархан загвартай тусгай дээлтэй байж. Урт биш, богино байдаг нь мориноосоо бууж мордоход амар. Эр үхрийн шир баргийн юманд урагдахгүй болохоор төмөр болон ширэн оруулгыг хувцсандаа оруулсан байдаг.
-Эртний монгол цэргүүдийн хоол хүнснээс авахуулаад амьдралын хэв маягт нь сонирхолтой олон зүйлс байсан болов уу?
-Хурдтай яваа цэргүүд мэдээж хонины гулууз мах аян дайндаа аваад явахгүй учраас борцыг голлох хоолоо болгож байсан. Үхрийн борц үнхэлцэгтээ багтчихдаг учир авч явахад амар. Малынхаа борцоор аравт, зуут, мянгатыг хооллож явсан байх нь. Айраг уусан хүн өлсөж цангадаггүй өл даадаг учраас хөтөлгөө морин дээрээ айргаа авч явахын зэрэгцээ шарахад амттай тул ятуу, хойлогны махыг мөн хэрэглэдэг байжээ. Монголчууд өл даадаг хүмүүс тул цэргүүдийг нь өлсгөлөнгөөр буулгаж авах боломжгүй гэлцдэг байсан. 1921 онд Ц.Хасбаатар жанжны цэрэг Баян-Өлгий аймгийн Толбо нуурын дэргэдэх Саруул гүний хүрээнд хүч давуу цагаантны цэрэгт 42 хоног бүслэгдсэн ч бууж өгөлгүй өдөрт нэг ааруул хүлхээд шахуу хоол хүнсээ зохицуулж, баатарлагаар тэмцсэн байдаг.
-Гадаадад энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэргүүд ч ур чадвараараа өндөрт үнэлэгдэж яваа харагддаг. Ер нь монгол цэргүүд бусад орны алба хаагчдаас юугаараа ялгардаг вэ?
-Өнгөрсөн үе болон одоогийн монгол цэргүүдийн хооронд ялгаа гэхээр зүйл алга. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд явж байгаа манай цэргүүдийн тэсвэр тэвчээрийг Америкийн цэргүүд гайхдаг. Зуун хүн уралдаа гэхэд эхний 20-30 байрыг монголчууд авдаг. Үүний цаад шалтгааныг судлаад үзэхэд дотор нь нэг л агуулга байсан. Тэр нь “бахархах түүхтэй” гэдэгт л оршиж байгаа юм. Бахархах түүхтэй цэрэг эрс улсынхаа нэрийг бодож үнэхээр хичээдэг. “Нөгөө мундаг Чингис хааны улсынх мөртлөө гүйж чадахгүй байгаа юм уу” гэж хэлүүлэхээс санаа зовно шүү дээ. Тийм болохоор бүх чадлаараа хичээж, хаана ч очсон улсынхаа нэрийг өргөж явдаг. Түүх тэгэхээр тийм л хүчтэй зүйл.
-Цэргийн албыг өмнө нь гурван жилийн хугацаанд хаадаг үе байсан бол одоо гурван сарын хугацаанд албаа хаах боломжтой болсон. Зэвсэгт хүчний салбарт өнгөрсөн хугацаанд бий болсон онцлох өөрчлөлтүүдийг нэрлэвэл?
-Ардчилал гарснаас хойш цэргийн алба нэг жилийн хугацаатай болсон. Гурван жилийн албыг болиулсан нь нэг хүнд ногдох хувьсах зардал буюу улсын эдийн засагтай холбоотой байсан. Түүнчлэн цэргийн албанд байсан дэглэлт гэдэг зүйл байхгүй болж, бүх зүйл нээлтэй, ардчилсан болсон. Төрийн албан хаагч болохын тулд заавал цэргийн алба хаасан байх ёстой гэдэг шаардлага тавигдаж байна. Мөн хуучин цагт цэргийн албыг ял гэж ойлгодог байсан бол одоогийн залуус иргэний журамт үүрэг гэдгийг ойлгодог хандлагын өөрчлөлтүүд гарчээ.
Хамгийн онцолмоор зүйл гэвэл өнгөрсөн зуун жилийн түүхэнд Монголын Зэвсэгт хүчин оролцсон нэг ч дайн тулаандаа ялагдаж үзээгүй.
-Цэргийн дэглэлт гэх зүйл бүрэн алга болоогүй гэдгийг саяхан сошиалд тавигдсан бичлэг харуулаад өнгөрлөө?
-Сошиал медиа хөгжсөн энэ үед цэргүүдийн дунд алба хаах хугацаандаа гарсан хөгжилтэй зүйлсээ нийтэлдэг группүүд байдаг, түүгээр дамжиж олон нийтэд хүрсэн байх талтай. Оны ялгаа гэдэг зүйл одоо байхгүй болсон шүү дээ. Тавдугаар сард халагдахтай зөрөөд шинэ цэргүүд ирдэг учраас шинэ, хуучин цэргүүд уулзалдах ямар ч боломжгүй. Хүндэт харуулын ангийн хувьд хуучин цэргүүд нь тодорхой хугацаанд үлдэж, шинэ цэргүүддээ зарим нэг зүйлийг заадаг онцлогтой юм билээ.
-Ерөнхий сайд эмэгтэйчүүдийг цэргийн алба хаших тухай дурьдаад өнгөрсөн. Эмэгтэйчүүд цэргийн алба хаах боломжтой юу?
-1921 оны Ардын хувьсгалын дараа гарсан хуульд“Хэрвээ хүсвэл эмэгтэй хүн нэг жил өөрийн хүсэлтээр цэргийн алба хааж болно” гэсэн заалт байдаг байсан. Мандухай сэцэн хатан, Ану хатан гээд түүхэнд гавьяа байгуулсан баатарлаг эмэгтэйчүүд олон бий. Израйль, Канад зэрэг оронд эмэгтэйчүүд сайн дураар алба хаадаг. Манайд харин Батлан хамгаалах салбарыг зөвхөн эрчүүдийн ажил гэж боддог. Ерөнхий сайдын санааг харин ч зөв гэж бодож байна.
-Хэдийгээр нийтээр тэмдэглэдэг боловч “Цэргийн баяр” зөвхөн алба хаасан хүмүүст хамаатай гэсэн гэдэг ойлголт явдаг. Уг өдрийг нийтээр тэмдэглэх гол утга учир нь юундаа байна вэ?
-Найман наснаас эхлээд наян настай буурлыг хүртэл эрт үед цэрэг гэж тооцдог байсан. Сүбээдэй баатар хүртэл 88 насандаа байлдаанд оролцож явсан. Тийм учраас улс оронд дайн байлдаан боллоо гэхэд насанд хүрсэн бүх хүн цэргийн албанд татагдах үүрэгтэй. Заавал цэрэгт явсан хүн баярлана, баярлахгүй гэхээс илүү хамгийн гол утга учир нь монгол цэргээр бахархаж, тэдний дурсгалыг хүндэтгэхэд оршиж байгаа билээ.
Ч.БИНДЭРЪЯА