Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг дарга асан Г.Отгонбаатар: Ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болоод аргагүйн эрхэнд өргөдлөө өгсөн

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга асан Г.Отгонбаатартай ярилцлаа.


Та бЗдийн 26 дугаар хорооны Засаг даргаар хэзээ томилогдсон бэ. Ямар шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгөх болов?

-Би Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргаар хоёр жил дөрвөн сарын хугацаанд ажилласан. Хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нд томилогдсон. Улмаар 2019 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Иргэдийн нийтийн хурлаар хорооныхоо Засаг даргаар сонгогдож дүүргийн Засаг даргаар батламжлагдсан. 2020 оны орон нутгийн сонгуулиар Монгол Ардын нам манай дүүрэгт олонх болж дүүргийн удирдлагыг гартаа авч, ажиллаж байгаа. Тиймээс Ардчилсан намыг олонх байх үед ажиллаж байсан хороодын Засаг дарга нарыг орон нутгийн сонгуулийн дараагаар ээлжлэн ажлаас нь чөлөөлсөн.

Миний хувьд БЗД-ийн 28 хорооноос ганцаараа Засаг даргын суудалдаа үлдсэн байсан. Ингээд нэгдүгээр сарын дундуур хороодуудын Засаг дарга нарын ажлыг авах гэж байгаа гэдэг асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж байсан. МАН хороодын Засаг дарга нарыг халж өөрсдийн багаа бүрдүүлэх гэж байна гэдэг асуудлыг хөндсөний дараа манай хорооны иргэд дүүргийн Засаг даргад “Хорооныхоо Засаг даргыг үргэлжлүүлэн ажиллуулмаар байна. Бид орон нутгийн сонгуулиар Засаг дарга Г.Отгонбаатарыг дэмжиж ДИТХ-д гаргасан.

Тэрээр иргэдийнхээ төлөө хичээл зүтгэлтэй ажиллаж байсан ” гэдэг өргөдөл өгсөн. Иргэдийнхээ энэ их итгэл, зүтгэлд баярлалаа. Харамсалтай нь энэ цагаас хойш сар гаруйн хугацаанд тэсч ажиллалаа.

Хорооны иргэд чинь таныг Засаг даргаар үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтэй байгаа хэдий ч таныг өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн гэж ойлгож болох уу?

-Үнэнийг хэлэхэд сүүлийн үед “Ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өг. Тантай хамтарч ажиллах боломжгүй. Дүүргийн Засаг дарга багаар ажиллах шаардлагатай байгаа. Таныг сонгосон хурал хууль бус байна. Таныг сонгох хуралд суусан хүмүүсээс бид асууж тодруулсан” гэх мэт дарамт шахалт удаа дараа дүүргийн удирдлагуудаас ирсэн. Иргэний сонгох, сонгогдох эрхэд Төрийн захиргааны албан тушаалтнууд халддаг байж болохгүй. УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуульд сонгогч хэнд саналаа өгөх нь нууц байдаг.Мөн хорооны иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид хэнийг Засаг дарга болгохоор санлаа өгсөн нь ч нууц байдаг. Гэтэл энэ нууцын зэрэглэлтэй асуудал руу халдаж мэдээллийг нь авсан байдаг. Эдгээр дарамт, шахалтан дунд ажиллахад хүндрэлтэй байлаа. Тиймээс гуравдугаар сарын 16-нд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Иргэд хорооны Засаг даргыг улс төрийн нөхцөл байдлын улмаас ажлаас нь чөлөөлсөн гэдэг ойлголттой байгаа. Өчигдрөөс хойш нэгдүгээрт, хөл хорио тогтоосныг эсэргүүцэж, хоёрдугаарт, намайг ажлаас нь чөлөөлснийг эсэргүүцэн жагсаал цуглаан хийж, надтай байнга холбоотой байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд намайг дэмжиж, ажилласан хорооныхоо бүх иргэддээ баярлалаа.

Та дүүргийн ИТХын гишүүнээр сонгогдсон учраас хэдийгээр хорооныхоо Засаг даргаар ажиллахгүй ч хорооныхоо иргэдтэй хамтарч ажиллах боломжтой юм байна?

– Тийм л дээ. Миний хувьд ДИТХ-д сонгогдсон төлөөлөгч учраас хорооныхоо иргэдтэй үргэлж холбоотой байж, эргэх холбоотой ажиллана.Цаашид хэрэгжүүлэхийг зорьж байгаа ажил олон бий. Энэ бүх санаачилга дээрээ иргэдтэйгээ хамтраад ажиллана. Гэхдээ хорооны иргэдийн сонголтыг аль ч нам, засаг гарсан бай хүндэтгэн үзэх ёстой гэж боддог. МАН бүх шатны байгууллагад заавал өөрсдийн хүнийг томилох шаардлага байгаа юу, үгүй юү гэдгийг бодож үзэх л хэрэгтэй. Уг нь бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа биз дээ. Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэдэг баймаар санагдаж байна. Ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болоод аргагүйн эрхэнд өргөдлөө өгсөн. Намайг өргөдлөө өгөх хүртэл сүүлийн долоо хоног өдөр бүр дуудсан. Ингэхдээ ажил ярих биш “Ажлаа өг” гэдэг асуудлыг шахаж байгаа учраас залуу хүн байж заавал шахаан дунд ажиллах шаардлагатай эсэхийг их бодсон. Гэр бүл эргэн тойрныхонд минь ч амаргүй байсан. Уг нь хийж буй ажлаасаа эрч хүч авах ёстой байтал дээд шатны удирдлагуудаас дарамт ирэх нь хэнд ч амаргүй шүү дээ.

Танай хороонд хөл хорио тогтоосон. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна?

– Манай 26 дугаар хороонд гуравдугаар сарын 6-16 хүртэл коронавирусийн 46 тохиолдол илэрсэн гэдгийг албан бичигт дурдсан байна. Гэтэл манай хорооны 30 гаруй мянган иргэнийг хорих шаардлага байсан уу. Дөнгөж сая хороогоо тойроод ирлээ. Бичиг баримт авах, эмнэлгийн үйлчилгээ авах гэх мэт олон шалтгаанаар гарах хүсэлтэй иргэд байна. Нийтээр нь хорих шаардлага байхгүй. Халдвар авсан иргэдийн хаана амьдарч байсан хаяг байршил нь тодорхой байгаа. Тиймээс хаягийн дагуу тандалтын ажиллагаа явуулах боломж байсан гэж бодож байна. Хөл хориотой холбоотой иргэд эсэргүүцэлээ эрчимтэй илэрхийлж байна.

Хөл хорио тогтоосон өдөр өөрийг тань Засаг даргын ажлаас чөлөөлсөн нь иргэдийн бухимдлыг төрүүлж байх шиг байна?

-Хөл хорио тогтоосон мэдээллийг иргэд аваагүй. Би ч аваагүй. Гуравдугаар сарын 16-ны 22 цагийн үед хөл хорио тогтоох гэж байгаа талаар мэдээлэл явж эхэлсэн. Энэ талаар дүүргийнхээ шуурхай штабаас тодруулсан. Гэтэл ямар нэгэн шийдвэр гараагүй байгааг хэлсэн. Гэхдээ тухайн шөнө нь шийдвэр гаргасан байсан. Иргэдийн эсэргүүцэл санал хүсэлт НОК-т хүрч байх шиг байна. Сая НОК-оос хөл хорио тогтоох асуудлыг мэдээгүй. Дүүргийн хэмжээнд шийдсэн гэдэг асуудлыг хэлж байна. Хөл хорио тогтоох тухай дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн захирамжид 26 дугаар хорооны дарга “Г.Отгонбаатар биш, О.Түвшин” гэж бичсэн байснаас манай хорооны Засаг дарга нь солигдсоныг иргэд, оршиг суугчид мэдсэн. Улмаар оршин суугчид энэ шийдвэрийг эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж эхэлсэн байна лээ. О.Түвшин надтай хэд хэдэн удаа уулзаж, ажлаа өгөхийг хүссэн. Энэ хүнийг Иргэдийн нийтийн хурлаа хийгээд Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн ажлаа ном журмын дагуу хүлээж авсан бол баярлах байлаа. МАН мөрөөрөө ажлаа хийж байгаа хүнийг гаргасныхаа дараа өөрийн намын хүнийг томилох зорилго өвөртөлдөг байж болохгүй. Энэ зорилго нь анхнаасаа тодорхой байсан нь харагдаж байгаа.Нийслэлийн хэмжээнд “Нэг өрх-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд 410 гаруй мянган иргэнийг шинжилгээнд хамруулсан. Тухайн үед О.Түвшин манай хорооны өрхийн эмнэлэг дээр ажиллаж байсан. Тухайн үеэс хорооны Засаг даргын ажлыг авах хүсэлтэй байгаа талаараа надад хэлсэн. Энэ хүн өнөөдөр манай дүүргийн Засаг даргаар томилогдчихсон байгаа. Өнөөдөр очиж захирамжаа авах талаараа хэлсэн. МАН бүх шатанд ялалт байгуулсан. Тэгвэл МАН-аас сонгогдсон дарга нарт хяналт тавих хүн байгаа эсэх нь эргэлзээтэй байна.

Танай хорооны иргэд өөрийг тань ажлаа үргэлжлүүлэн хийх санал хүсэлт өгч байна. Энэ саналыг хүлээж авах боломжтой юу?

-.Ер нь цаашид ажиллахад хүндрэлтэй байгаа учраас яаж шийдэх вэ гэдэг асуудал эргэлзээтэй байна. Иргэд дахин ажиллуулах санал хэлж байна. Өмнө нь энэ асуудлаар иргэд дүүргийн Засаг даргад өргөдөл өгч, мессэж явуулсан. Гэтэл энэ ажлыг намайг санаатайгаар зохион байгуулсан хэмээн дүүргийн цагдаагийн байгууллагад манай дүүргийн Засаг дарга гомдол өгсөн. Энэ удаагийн жагсаал цуглаан, эсэргүүцлийг намайг зохион байгуулж байгаа гэж бодож байгаа болов уу. Тийм зүйл байхгүй. Иргэд хороон даргаа үргэлжлүүлэн ажиллуулъя гэдэг санаачилгыг өөрийн сайн дураар гаргаж байгаа. Миний утас руу өчигдрөөс хойш олон иргэд залгаж, мессэж бичсэн. Ерөнхийдөө хорооны иргэдийн нийтийн хурал зарлаж таарах байх. ИНХ-аараа хорооны иргэд Засаг даргаа сонгодог хуультай. Хурлаа хуулийн дагуу зарлавал нэрээ дэвшүүлнэ.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэдийг дархлаажуулалтад хамруулах дараалал

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтад хамрагдах зургаан хүн тутмын нэг нь дархлаажуулалтын эхний тунг тариулаад байна.

Одоогоор дараалалд үзүүлсэнчлэн 2-5 дугаар бүлгийн иргэд дархлаажуулалтад хамрагдаж байгаа юм.

Тавдугаар сарын нэгэн гэхэд вакцинжуулалтыг дуусгахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сард болон ирэх сард нийлүүлэгдэх вакцины тоо хэмжээ

Улсын Онцгой комиссоос энэ сард болон ирэх сард манай улсад нийлүүлэх вакцины тоо хэмжээг дэлгэрэнгүй танилцууллаа.

Ирэх сарын сүүл гэхэд нийт 1.6 сая тун вакциныг таван өөр үйлдвэрлэгчээс хүлээн авах юм байна. Манай улсад вакцинжуулалт хоёрдугаар сард эхэлж, үргэлжилж байна. Шинэ вакцинууд хүлээн авснаар нийслэлийн 1.5 сая иргэнд хангалттай тун бүхий вакцинтай болно гэдгийг УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг онцолсон юм. Дархлаажуулалтад хамрагдаж буй иргэдийг 30 минут хүлээлгэн, хариу урвал гарах, эсэхийг нь ажиглаж байна. Харин ирэх сард ажиглах хугацаа 30 минутаас буурах тул нэг өдөрт дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тоо 2-3 дахин өснө. Өдөрт 80 мянга хүртэл иргэдээ дархлаажуулахаар төлөвлөжээ.

Мөн тавдугаар сарын нэгнээс орон нутагт дархлаажуулалт эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Вакцины эхний тунг хийлгэсэн ч амны хаалтаа тогтмол зүүж байхыг анхаарууллаа

Вакцины эхний тунг хийлгэсэнд амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зай барих шаардлагатай.

Бүх вакциныг бүрэн тунгаар авсны дараа өвчлөл хүндрэх, нас баралтыг үлэмж багасгадаг гэдэг нь нотлогдосон.

Манай улсад эхний тунг хийлгэсний дараа халдвар авсан цөөн тохиолдол гарсан. Мөн хаврын улирал ирж буй тул иргэд биеийн дархлаагаа тогтмол дэмжих, дасгал хөдөлгөөн хийж хөлсөө гаргах хэрэгтэй.

Нойргүй хоноход хөнгөн зэргийн сэтгэл гутрал үүсдэг тул дархлаа суларч, халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдгийг анхаарах шаардлагатай.

Дэлхийн хэмжээнд 13 вакциныг нь хэрэглээнд нэвтрүүлсэн. Үүний 9 вакциныг яаралтай горимоор хэрэглэх журмаар бүртгэн хэрэглэж байна.

Хүн амын 60 хувийг дархлаажуулсны дараа сүргийн дархлаа тогтоно гэж үздэг. Манай улсын хүн амын 60 хувь нь 18-аас дээш насныхан эзэлдэг бөгөөд тэдгээр бүх хүнийг дархлаажуулалтад хамруулна гэж ХӨСҮТ-ээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ноолуурын үнэ кг нь 110 мянган төгрөгөөс эхэлж байна

Энэ жил ноолуурын үнэ ханш ямар байгаа, цаашид хэрхэх талаарх сурвалжлагыг уншигчдадаа хүргэе.


Улаанбаатар хот дахь түүхий эдийн төвлөрсөн цэгЭмээлтзах дээр ноолуурын ханш 110 мянгаас эхэлж байна. Бид ноолуурын ченж С.БатЭрдэнээс үнэ ханшийн талаар тодруулга авлаа.

Энэ жил ноолуурын үнэ ямар байна вэ?

-Энэ жил ноолуурын эрэлт их байна. Өнгөрсөн долоо хоногт ноолуурын ханш 90 мянган төгрөг байсан бол өнөөдөр 110 мянган төгрөг болж өссөн. Хог багатай сайн чанарын ноолуур бол 120 мянган төгрөгийн ханштай байгаа.

Цаашид ч үнэ өсөх хандлага ажиглагдаж байна.

Өнгөрсөн жилийн тухайд үнэ ханш ямар байсан бэ?

-Ноолуурын ханш жил бүр адил байдаггүй. Өнгөрсөн жилийн өдийд ноолуурын ханш 70-80 мянган төгрөг байсан. Өнөөдөр нөхцөл байдал өөр байна.

Ноолуурын үнэ өсөхөд юу нөлөөлөв?

-Ноолуурын эрэлт их байгаа учраас олон хүн авч байна. Ноолуурын зах зээлд өрсөлдөөн их байна гэсэн үг л дээ.

Өнгөрсөн жил салбарын сайд Ч.Улаан гэж хүн малчдад хандаж “105 мянгаар засгийн газар ноолуур авна. Ченжүүдэд ноолуураа битгий өг” гэж турхирч энэ төрлийн бизнес эрхлэгчдийг хохироосон. Амласан үнээрээ ч ноолуураа аваагүй шүү дээ. Өнөөдөр малчид бүтэн жил дарсан ноолуураа чирч ирж байна. Ноолуураа тушаачхаад өнөөг хүртэл мөнгөө аваагүй хүмүүс ч олон байгаа.

Эмээлт рүү ирж багаа ноолуурын хүртээмж хэр байна вэ?

-Цаг үеийн нөхцөл байдал нөлөөлж байна. Мөн ямаа өөрөө бэлчээр тахалдаг амьтан. Бэлчээрийн даацаас шалтгаалж малчид ямаа маллахаас зайлсхийдэг болжээ. Энэ нь ноолуурын хүртээмжид сөргөөр нөлөөлж байна. Өнөөдөр лав ноолуур ачсан машин энэ хавиар үзэгдсэнгүй. Малчид бүтэн жилийн хугацаанд дарсан ноолуураа ачиж ирж байна. Өнөөх нь ч дагтаршаад эсгий шиг болчихсон байх юм. Бид авлаа гэхэд цаана очоод гологдох учраас эрсдэлтэй л дээ. Үнэ тохироод л авч байна” гэлээ.

Эмээлт зах дээр ноолуурын ханш өдөр өдөрт хэлбэлзэж байгааг ченжүүд хэлж байна. Цаашид ч өсөх хандлагатай байгааг онцоллоо. Энэ жилийн тухайд ноолуур ховор хүртээмж муу байгаа нь үнэ өсөхөд голлох нөлөө үзүүлж байгаа гэнэ.

ХЭНТИЙ АЙМАГТ НООЛУУРЫН ХАНШ 145 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА

Эмээлт зах дахь ченжүүд зүүн аймгийн ноолуурт ам сайтай байна. Тэр ч утгаараа нэг их гар татахгүй үнэ цохиж авдаг гэнэ. Өнөөдөр Дорнод аймагт ченжүүд малчдын гар дээрээс кг ноолуурыг 130 мянган төгрөгөөр худалдаж авч байна.

Тэгвэл Хэнтий аймагт энэ сарын эхээр кг ноолуур 130 мянган төгрөгийн ханштай байсан бол энэ сарын 18-ны өдөр 145 мянган төгрөгийн ханштай байна. Тэр дундаа Өмнөдэлгэр суманд илүү үнэтэй худалдаж авч байгааг ченжүүд хэлж байлаа. Хэнтий аймагт ноолуурын ханш цаашдаа ч өдрөөс өдөрт өсөөд явах хандлагатай байгааг тус бүс нутагт ноолуур авч буй ченжүүд онцлов.

Харин Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод ноолуур 130 мянган төгрөгийн ханштай байна. Хөдөө сумдаар явж малчдын гар дээрээс авч буй ченжүүд илүү хямдаар худалдаж авч байгааг иргэд хэллээ. Малчид ч олны хөл бараадаж эрсдэлд оролгүй, хотноосоо худалдаалах сонирхолтой байгаа аж.

Баян-Өлгий аймагт 85 мянган төгрөгийн үнэтэй байна. Ноолуурын үнэ ханшийн талаар орон нутгийн ченжүүд “Одоогоор цөөхөн хүн бага хэмжээний ноолуур өгч байна. Их хүйтэн байгаа учраас малчид саяхнаас л ямаагаа самнаж эхэлж байна. Энэ жил ноолуурын эрэлт их байгаа. Цаашид өсөх байх аа” гэлээ.

Завхан аймагт ноолуурын ханш Улаанбаатарынхтай ойролцоо буюу 100 мянган төгрөгийн ханштай байгаа гэнэ. Тус бүс нутагт өвөлжилт хүндэрснээс шалтгаалж ноолуур тун ховор байгааг нутгийн иргэд хэлж байна. Ченжүүд өнжсөн ноолуурын чанарыг харгалзаж байгаад 90-95 мянган төгрөгөөр үнэлж байгаа гэнэ. Ч.Улаан сайдын тогтоосон 100 мянган төгрөгийн ханшид итгэж бүтэн жил ноолуураа “дарсан” малчид мухардалд орж 95 мянган төгрөгөөр зарахаас өөр аргагүйд хүрээд байгаа юм байна.

Бид хөдөө орон нутгийн ченжүүд рүү холбогдож ноолуурын үнийн мэдээлэл авлаа.

-Өвөрхангай аймагт 100 мянган төгрөг,

-Өмнөговь аймагт 120 мянган төгрөг,

-Дорноговь 115 мянга

-Ховд аймагт 90 мянган төгрөгийн ханштай байна гэх мэдээллийг өгсөн юм.

Энэ жил ноолуурын эрэлт их байгаа учраас тэр хэмжээгээр ноолуур сурагласан ченжүүд ч олон байгаа аж. Зарим бүс нутагт их хэмжээний цас унаснаас шалтгаалж ямаагаа самнаж эхлээгүй тухай мэдээлэл байна. Ирэх сарын эхээр ноолуурын ханш өсөх хандлагатай байгааг ченжүүд онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 84 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын талаар ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт нийт 24482 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 160 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 4658 боллоо.

Сүүлийн 24 цагт 84 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн иргэдийн тоо 3296 буюу 71 хувь болж байна.

Шинээр бүртгэгдсэн 160 тохиолдол дотоодод бүртгэгдсэн. Дотоодын халдвар нийт 4125 болж байна. Дээрх 160 хүний 141 нь ойрын хавьтал, 19 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХХААХҮЯ: Тогтвортой ноолуур үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргалаа

Байгальд ээлтэй, тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг бий болгохоор зорин ажиллаж буй төр, малчид, малчдын хоршоод, бэлчээр ашиглагчид, ноос ноолуурын үйлдвэрүүд, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөл хуралдлаа.

Хуралд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Монголын Ноос Ноолуурын Холбооны Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Швейцарийн хөгжлийн агентлагын “Ногоон алт малын эрүүл мэнд” төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, STeP Eco Lab төслийн менежер У.Сарангоо, WCS Байгууллагын “Өмнийн говийн ноолуур” төслийн менежер Ж.Чанцаллхам, “Тогтвортой Ноолуур” холбооны гүйцэтгэх захирал Д.Оюунгэрэл нар оролцов.

Тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оролцогч талуудын хэрэгжүүлж буй ажлуудыг төрийн бодлогын түвшинд уялдуулан зохицуулах, “Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдгийн дор нэгдэн “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл” болон “Хариуцлагатай Нүүдэлчин” малын гаралтай түүхий эдийн тогтвортой үйлдвэрлэлийн стандартуудтай холбогдуулан олон улсын зах зээл дээр Монгол ноолуурын өрсөлдөх чадвар, чанарын ялгарлыг баталгаажуулах талаар санал солилцлоо.

Мөн Монголын тогтвортой, дээд зэргийн чанартай ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд таниулахад бусад ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс гарал үүсэл, онцлог байдал, чанарын ялгарлыг баталгаажуулах газар зүйн заалт бүхий үндэсний стандартууд, өөрөөр хэлбэл бэлчээрээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн болоод гарах хүртэл бүхий л процессыг цахим системээр мөшгөх боломжийг бүрдүүлж эхлээд байна. Цаашид тогтвортой үйлдвэрлэлийн стандартыг хэрэгжүүлэх үндэсний байгууллагуудын чадавхийг хөгжүүлэх, Монголын тогтвортой ноос ноолуурын салбарын зохион байгуулалтыг бэхжүүлэх, малчид, хоршоод, үйлдвэрүүд, гадаад зах зээлийн сурталчилгааны хамтын ажиллагааны замын зургаа гаргахаар болсон юм гэж Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХӨСҮТ: Сүүлийн 24 цагт 24482 хүнд PCR шинжилгээ хийхэд 160 хүнээс халдвар илэрлээ

Коронавиурст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт 24.482 хүнд шинжилгээ хийхэд 160 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 141 батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрсэн. 19 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.

Ингэснээр улсын хэмжээнд нийт халдварын тоо 4658 боллоо. Сүүлийн 24 цат 84 хүн эдгэр, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 1284 хүнд хэвтэн эмчлүүлж байгаагаас:

Биеийн байдал хөнгөн:1138

-Хүндэвтэр: 136

-Хүнд: 7

-Маш хүнд: 3 хүн байна” гэв.

Categories
мэдээ спорт

М.Мягмаржаргал Токиогийн олимпод оролцох анхны эмэгтэй боксчин боллоо

Монголын боксын спортын түүхэнд эмэгтэй тамирчдаас “Ширэн бээлий” клубын тамирчин Олон улсын хэмжээний мастер Мөнхбатын Мягмаржаргал олимпын ринг дээр тулалдах анхны эрхийг авсан байна.

Тэрбээр дэлхийн чансаагаараа “Токио-2020” Зуны XXXII олимпын наадамд өрсөлдөх эрх авч байгаа гэдгийг Токиогийн олимпын боксын тэмцээнийг зохион байгуулах хорооноос албан ёсоор мэдэгдэж баяр хүргэжээ.

ОУОХ-ны зохион байгуулах комиссоос энэ жил болох олимпын эрхийн тэмцээнийг цуцалсан. Улмаар тив тивд нь хувааж, чансаагаар нь олимпын эрх олгох юм. М.Мягмаржаргалын хувьд чансаагаар эмэгтэйчүүдийн 75 кг-д тавд жагссан ч эхний 4 тамирчин олимпын эрхээ авсан учраас ийнхүү олимпод оролцох эрхтэй болов. Тэрбээр гэмтлийн улмаас олон сар ринг дээр тоглоогүй байгаа аж.

Мөн 2017-2020 онд үзүүлсэн амжилтаараа ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга ОУХМ Э.Цэндбаатарын олимпын эрх баталгаажсан байна.

Ийнхүү Монголын боксчдын эрх хоёроор нэмэгдэж, өмнө нь эрхээ авсан ОУХМ Б.Чинзоригтой 3 боксчин Токиогийн олимпын наадамд оролцох эрхээ аваад байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ чуулган: Ерөнхий сайд мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар мэдээлнэ

Өнөөдрийн хуралдаанаар “Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар” Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл сонсоно.

Түүнчлэн УИХ дахь зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ.