Categories
мэдээ нийгэм

“ХСҮТ-ийн хууль бусаар олгосон газрыг чөлөөлж, хавдрын оношилгооны төв байгуулна” гэв

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) 1998 онд таван га газартай байжээ. Гэтэл одоо эмнэлгийн баруун талд орон сууцны хороолол, урд нь үйлчилгээний төв, оффис баригдаж, эмнэлэг хэдэн талаасаа барилгаар хүрээлэгдсэн. Эдгээр зөвшөөрлийг тухайн үед ажиллаж байсан эмнэлгийн удирдлагууд олгосноос гадна өөрсдөө ч газар авсан нь бий.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон холбогдох албаныхан ХСҮТ-ийн өргөтгөлийн асуудлаар газар дээр нь ажиллалаа. Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын төлөвлөлтийн дагуу алдсан газруудаа сэргээн авч байна. ХСҮТ-ийн алдсан газрын асуудлыг мэргэжлийн байгууллага, газрын алба ИТХ-аар оруулж, баталгаажуулж, Засаг даргын захирамж гарна. Хавдартай иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Иймээс хавдрыг эрт шатанд нь илрүүлэх оношилгооны төв байгуулах нь нэн чухал. Манайх хавдрыг хожуу үед нь илрүүлдэг. Эрт илрүүлсэн бол аврах боломжтой байсан хүмүүсээ алдаж байна. Мөн ажилчдын хүүхдийн цэцэрлэг байгуулах ёстой. Эмнэлэгт цаг аваад үзүүлэх гэсээр сарын хугацаа зарцуулдаг.

Энэ бүх байдлыг эхнээс нь засаж, зөв зохион байгуулах ажлыг санаачилж, мэргэжлийн байгууллагуудаа дэмжиж ажиллана. Бид боловсрол, эрүүл мэндтэй холбоотой мэргэжлийн байгууллагынхныхаа дуу хоолойг сонсож явна. Эрүүл, боловсролтой иргэнтэй байж Монгол Улс дэлхийн дайтай хөгжинө” хэмээсэн бол УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Өмнө нь улсын эмнэлгүүд газраа алддаг байсан бол энэ үеэс эмнэлгүүд газраа буцааж авч байгаа жишиг тогтоож байгаа Д.Сумъяабазар даргадаа баярлалаа. Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлээр хорт хавдрын эмчилгээг улс даадаг болсон. Ковид гарсантай холбоотой эрт илрүүлгийн хувь буурсан. Хавдар хожуу оношлогдох аюул бий боллоо” хэмээн ярилаа.

Өдгөө ХСҮТ-д хавдрын эрт үеийн илрүүлгийн оношилгооны төв барихаар төлөвлөжээ. Гэтэл тус газарт 64 машины гарааш байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “1992 оноос хойш хувийн компаниуд зөвшөөрөл авч, гарааш барьж, иргэдэд зарсан. Одоо бол бүгд хувь хүний хөрөнгө болсон. Тиймээс газрын албанаас хууль, журмын дагуу иргэдтэйгээ тохиролцож, газрыг чөлөөлөх асуудлыг шийднэ. Ер нь албан байгууллагын газарт 2017 оноос өмнө их зөрчил гардаг байсан. Засгийн газрын шийдвэр, Газрын тухай хуульд өөрчлөлт орсноор төрийн байгууллагын газраас газар дураараа шилжүүлж авахыг зогсоосон. Өмнө нь хууль бусаар олгогдсон, барилга, байшин бариагүй газруудыг хүчингүй болгож, тухайн байгууллагад нь эргүүлэн олгож байна. ХСҮТ-ийн хувьд өнгөрсөн жил дөрвөн гарцыг чөлөөлж өгсөн. Чөлөөлөхөд зөвшөөрөлгүй барьсан барилга, таван машины гарааш, хашаа байсан. Мөн нийтийн эзэмшлийн газрын орц, гарцыг чөлөөлөх ажил ирэх долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ. Өнгөрсөн жил 180 гаруй байршилд ийм ажил хийгдсэн. Энэ жил 200 орчим газрыг чөлөөлж, зөрчил арилгана” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ улс-төр

​Шадар сайд хүүхдийн төлөө сан байгуулах хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслүүд болон Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр (2021.03.19) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өргөн барилаа.

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

Хүүхэд өсвөр үеийнхний хөгжил, оролцоог дэмжих Хүүхдийн төлөө сан байгуулах, улмаар сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулдаг байх эрх зүйн орчныг бий болгох зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.

Автотээврийн улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг хүүхдийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтад зарцуулах талаар Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн сайдын хэрэгжүүлсэн. Энэ төрлийн дуудлага худалдааны босго үнийн дүнгээр тооцоход жилд 387 сая төгрөгөөс 6.0 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр бүрдэх тооцоо гарсан байна.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Хүүхдийн төлөө сангийн хүүхдийн төлөө бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгыг тодорхойлж, сангийн хөрөнгийн эх үүсвэрийг автотээврийн сонирхол татахуйц улсын дугаарын үнэ хаялцуулах дуудлага худалдаанаас олсон орлого, гадаад улс, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжээс хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон хандив, тусламж, хувь хүн, хуулийн этгээдээс өргөсөн хандив, буцалтгүй тусламж болон хүүхдийн сайн сайхны төлеө зохион байгуулсан соёл, урлагийн тоглолт, спортын арга хэмжээний орлого, хандиваас бүрдүүлэхээр тодорхойлсон.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн зарцуулалтыг хүүхдэд зориулсан бодит бүтээн байгуулалт, тив, дэлхийн соёл урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах гэсэн хоёр чиглэлийг тодорхойлж, Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батлах заалтыг тусгасан.
Төсөл батлагдсанаар “НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим” -ийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн хөгжих эрхийн төлөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийгмийн хариуцлагын хүрээнд өгсөн хандив, тусламжийн хөрөнгө нэгдсэн зохицуулалтаар хүүхдийн хөгжлийг дэмжсэн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдэх ач холбогдолтой.
Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Эмнэлгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг хүлээлгэн өглөө

Коронавируст халдвар (Covid-19)-ын цар тахлын үед ДЭМБ нь Монгол Улсын Ковид 19 халдварын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний ажлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулах, тусламж үйлчилгээг алдагдуулахгүй байхад анхааран ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд 2020 оны есдүгээр сараас эхлэн 2 сая ам.долларын санхүүжилттэй арга хэмжээ, дэмжлэгийг үндэсний ба орон нутгийн хэмжээнд зохион байгуулан, эрүүл мэндийн байгууллагуудыг нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах, түүнчлэн эрүүл мэндийн ажилтнуудын чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь коронавируст халдварын үеийн бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, Эрүүл мэндийн яамтай нягт хамтран ажиллаж байна. Үүний зэрэгцээ цар тахлын энэ амаргүй цаг үед эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулах, тусламж үйлчилгээг алдагдуулахгүй байхад анхааран ажиллаж байгаа билээ. Бид бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн түвшинд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэхээс гадна эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл зэрэг шаардлагатай нөөцөөр хангах, бидний эрүүл мэндийг хамгаалан ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалж, аюулгүй байдлыг нь хангах үүднээс тэднийг чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.


Хаврын урин дулаан улирал эхэлж байна, гэхдээ бид бүхэн Монголын өвөл ямар хатуу болохыг мэднэ. Тиймээс өвлийн бэлтгэлийг хангахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвийг дэмжин 1.5 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслээр хангаад байна. Энэхүү дэмжлэг, мөн Ковид-19-ийн бэлэн байдлаг хангах дэмжлэгийн хүрээнд өнөөдөр лавлагаа шатлалын эмнэлгүүд болон өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд нийт 6.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий дараах эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг хүлээлгэн өгч байна. Үүнд:

  • Эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад дэмжлэг болгох зорилгоор 75 амьсгалын аппарат /5,683,321,620 төгрөг/
  • Орон нутагт эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл болох хяналтын монитор, нярайн дулаацуулагч, хүүхдийн шарлалтыг эмчлэх фото аппарат, төрөх ор, Кесаров хагалгааны хэрэгсэл, пульс оксиметр, амьсгал тоологч, хүүхдийн даралтны аппарат, багцийн жин, хүүхдийн өндөр, урт хэмжигч, автомат дуслын шахуурга амбу /295,628,800 төгрөг/
  • Увс, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгуудын өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийг мобайл технологи технологийн багц буюу мобайл ЭХО, ЭКГ, даралтын аппарат болон мэдээллийг нэгтгэх, боловсруулахад шаардлагатай мэдээлэл технологийн хэрэгсэл, мөн багийн эмч нарт нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хэрэгтэй эмнэлгийн багаж, хэрэгсэл,оношлуурууд /793,030,680 төгрөг/
  • Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын шатлал хоорондын тогтолцоог явуулын тусламж үйлчилгээгээр бэхжүүлэх арга хэмжээг дэмжиж “Мобайл Клиник”-ийн багц буюу зөөврийн ЭХО, ЭКГ, биохимийн анализатор, ургийн монитор, генератор зэрэг эмнэлгийн тоног төхөрөөмж, хэрэгсэл /40,489,500 төгрөг/
  • Говь сүмбэр аймгийн сум, өрхийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслүүд /30,745,000 төгрөг/


Коронавируст халдварын цар тахлыг даван туулахад хариу арга хэмжээг бэхжүүлэх, улмаар Тогтвортой хөгжлийн зорилт, Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэхэд Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог улам бэхжүүлээхд бид Эрүүл мэндийн яам, хандивлагч болон түншлэгч байгууллагуудтай хамтран ажилласаар байх болно гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Франкфурт-Улаанбаатарын нислэгээр 153 хүн эх орондоо ирлээ

Франкфурт-Улаанбааатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 12:08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр Швед, Герман, Швейцарь, Польш, Англи, Бельги, Финланд, Чех, Австри, Франц, Итали, Танзани зэрэг улсаас нийт 153 иргэн эх орондоо ирсэн юм.

Эдгээр иргэдийн зургаа нь өндөр настан, тав нь жирэмсэн, найм нь эрүүл мэндийн шалтгаантай, 42 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 92 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байна.

Иргэдийг “Топаз”, “Зүчи” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын “Sputnik V” вакциныг Монгол Улсад үйлдвэрлэх санал тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ, энэ онд тохиож буй Монгол Улс-ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ажил хэрэгч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улс цар тахлын вакцин үйлдвэрлэх боломжтой гэдгийг онцолж, ОХУ-ын “Sputnik V” вакциныг Монгол Улсад үйлдвэрлэх боломжийг судалж, хамтран ажиллах саналыг Кремльд уламжилж өгөхийг Элчин сайдаас хүслээ.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг яаралтай уламжилж, хариу өгөхөө мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малчдад тэжээл олгох ажил амжилттай хэрэгжиж байна

Монгол Улсын Засгийн газраас зудын эрсдэлийг үнэлэх шуурхай бүлгийн дүгнэлтийг үндэслэн Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын бүх сум болон отроор явж буй 45 мянга гаруй малчин өрхөд тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газрын 2020 оны 12 сарын 16-ны өдрийн хуралдаанаар 213 дугаар тогтоолыг баталж, өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчин өрхөд 300 мянган төгрөгийн үнэ бүхий хүчит тэжээлийн дэмжлэг олгох ажил амжилттай хэрэгжиж байна.

Энэхүү тусламжийг Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн 5 сая ам.долларын эх үүсвэрээр зохион байгуулж байна.

Тусламжийн үйл ажиллагаанд Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгуудын бүх сум, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум болон отроор явж байгаа нийт 45 мянга гаруй малчин өрх хамрагдсан бөгөөд хүчит тэжээл хүргэх ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна.

Тодруулбал 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар тэжээл тээвэрлэлт Говь-Алтай, Өмнөговь аймагт 100 хувь, Дундговь аймагт 96 хувь, Баянхонгор аймагт 86 хувь, Өвөрхангай аймагт 80 хувь, нийт тэжээл хүргэлт 85 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тэжээлийн үйлдвэрүүд гуравдугаар сарын 20-ны өдөрт багтаан үлдэгдэл тэжээлийг үйлдвэрлэж бэлэн болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хүчит тэжээлийг үйлдвэрээс аймгийн төв хүртэл тээвэрлэх ажлыг УОК-оос 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”, Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн Болзошгүй онцгой нөхцөл байдал, гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх заавар болон бусад мэргэжлийн байгууллагын түр журам, зааварт үндэслэн зохион байгуулж байгаа билээ.

Малчин өрхүүдэд тэжээлийн тусламжийг хүргүүлэх, хуваарилалтын ажилд хяналт тавих зорилгоор мэдээллийн системийг хөгжүүлэн Android, IOS–д болон веб-д суурилсан программ хангамж бүхий “Тэжээл” аппликэйшнийг ашиглаж байна. Энэхүү апплэйкшнийг ашиглан үйлдвэрээс тэжээл ачигдаж аймгийн онцгой комисст, аймгийн онцгой комиссоос сумын онцгой комисст, сумын онцгой комиссоос малчинд хүргэсэн тухай бүртгэлийг тухай бүр бүртгэн баталгаажуулах ажил хийгдэж байна.

Дашрамд дурдахад Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дээр хэрэгжиж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг 14 аймгийн 150 сум болон нийслэлд 2020-2025 оны хугацаанд хэрэгжүүлэх юм. Төслийн зорилго нь Мал сүргийн эрүүл мэнд, бүтээмж, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд оршиж байна гэж Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн 26-р хорооны “Элизабет” хотхонд нэг хүн өндрөөс унаж, амиа алдлаа

БЗД-ийн 26-р хороонд байрлах “Элизабет” хотхонд барилгаас хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Одоогоор хэргийн газарт Цагдаагийн байгууллагынхан очиж, үзлэг шалгалт хийж буй бөгөөд шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.

Мөн хотхоны тус хэсгийг хамгаалалтад авч, хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Иргэдийн өгч буй мэдээллээр 30 орчим насны эмэгтэй байсан гэсэн мэдээлэл байгаа юм. Хэргийн газрын үзлэг хийж буй тул өөр мэдээлэлгүй байна.

Тус хэсэг буюу БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 17-21-ны хооронд хөл хорио тогтоогоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 299 хүн эрүүлжүүлэгджээ

Энэ сарын 18-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2184 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1172, хулгайтай холбоотой 12, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 178, гэмт хэргийн шинжтэй 58 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 130, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 188, хүний биед халдсан 106, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 149, эрүүлжүүлэгдсэн 299, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 117 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын шинжтэй 502 дуудлага бүртгэгджээ

Тээврийн цагдаагийн албанаас ирүүлсэн долоо хоногийн нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 310 зөрчил илрүүлсний 112 нийслэлд, 198 орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Мөн энэ сарын 8-11-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 712 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 502 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг 1 хүний амь нас хохирчээ. Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –4
  • Мөргөлдөх хэлбэрээр-3
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн жолоочийн үүрэгт эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохоор заасан байдаг. Мөн явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэж заасан байдаг тул та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлд 3 тохиолдол нэмэгдэж нийт халдварын тоо 10 боллоо

Хөвсгөлд гурван халдвар нэмэгдэж нийт тохиолдол арав болсныг тус аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

Цэцэрлэг сумын ойрын хавьтлуудаас 58 сорьц шинжилсний гурван хүнээс коронавирусийн халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 10 боллоо.

Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 375 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг хийлээ. Мөрөн болон бусад сумдаас тандалтын зорилгоор 317 иргэнээс авсан сорьцонд эерэг тохиолдол бүртгэгдээгүй.

Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлууд, төрийн албан хаагчдаас сорьц авч коронавирусийн халдвар илрүүлэх pcr шинжилгээнд хамруулан ажиллалаа.

ЭМГ болон ЗӨСТ-өөс хамтарсан баг ажиллаж Цэцэрлэг суманд тандалтын үйл ажиллагааг явуулж ойрын болон дам хавьтлыг тогтоож бүрэн хяналтанд авлаа. Батлагдсан тохиолдлуудын хавьтлын судалгаа үргэлжлэн хийгдэж байна.