Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт танхимын хичээлийг энэ сарын 29-нийг хүртэл зогсоожээ

Хөвсгөлийн Цагаан-Уул, Цэцэрлэг сумын бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг Мөрөн сумын 12 дугаар ангийн сурагчдын давтлага, сургалтаас бусад боловсролын үйл ажиллагааг өнөөдрийн 09 цагаас гуравдугаар сарын 29-ны 06 цаг хүртэл хугацаанд зогсоох шийдвэр гаргажээ.

Цэцэрлэг суманд коронавируст халдвар илэрч, нэмэгдэж байгаа тул дээрх шийдвэрийг гаргажээ. Тус аймгийн Засаг даргын захирамжийг хүргэж байна. Үүнд:

  • Мөрөн, Цагаан-Уул сумын бүх шатны боловсролын үйл ажиллагааг зогсоосон тул 0-5 насны хүүхэдтэй ажилтанд байгууллагын хүний нөөцийн нөхцөл боломжтой уялдуулж, цалинтай чөлөө олгох,
  • Аймгийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах үйл ажиллагааг зогсоох,
  • Аймгийн хэмжээнд жагсаал цуглаан, уралдаан тэмцээн, аялал зугаалга, хурим найр, хүлээн авалт, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим болон бүх төрлийн тоглоомын газар, алжаал тайлах төв, дэн буудал, фитнесс, шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газруудын үйл ажиллагааг зогсоох,
  • Зах болон зах орчмын худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг 9 хоногийн хугацаанд зогсоох шийдвэр гаргажээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Улаанбаатар хотод 143, орон нутагт 5 тохиолдол бүртгэгдлээ

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалтын албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт 15293 хүнд PCR шинжилгээ хийхэд 148 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 137 батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. 11 хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалт судалгааг хийж байна.

Улаанбаатар хотод 143, Хөвсгөл аймагт 5 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол боллоо.

Сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт 3357 буюу 71 хувь нь эдгэрээд байна.

Өнөөдрийн байдлаар 1359 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:

-Хөнгөн: 1201

-Хүнд: 9

-Хүндэвтэр: 146

-Маш хүнд: 3 хүн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХСҮТ: Жижиг мэс ажилбаруудыг ЭМД-аар хийдэг боллоо

Хавдар судлалын үндэсний төвд жижиг мэс ажилбаруудыг ЭМД-аар хийдэг боллоо. Иргэдээс төлбөр авахгүйгээр хавдрын жижиг мэс ажилбарыг өдөрт нь хийдэг болжээ.

ХСҮТ-д

  • хорт хавдрын томоохон мэс заслуудаас гадна
  • оношилгооны зорилгоор мэс ажилбарууд хийх,
  • эд эсийн шинжилгээ авах,
  • төрөл бүрийн хоргүй үүсвэрүүд тухайлбал үү, мэнгэ, ургацаг авахуулах зэрэг тохиолдолд зориулалтын өрөө тасалгаа байхгүйгээс энэ төрлийн тусламж үйлчилгээг хагалгааны өрөөний цаг боломжид тааруулан маш хязгаарлагдмал хүрээнд хүргэж байв.
  • Түүнчлэн хорт хавдрын оношгүй тохиолдолд дээрх тусламж үйлчилгээг иргэд төлбөртэйгөөр авч байсан юм.

Тиймээс тус төвийнхөн “Өдрийн мэс ажилбарын хэсэг”-ийг байгуулан тохижуулж, тусламж үйлчилгээгээ хүргэж эхэллээ. Мөн энэ сарын 18-наас эхлэн өдрийн мэс ажилбарууд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан тул иргэд /хортой ба хоргүй хавдар ялгаагүй/ үнэ төлбөргүйгээр тусламж үйлчилгээг авах боломж бүрдлээ гэж ХСҮТ-өөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Улсын хэмжээнд 189969 хүнийг дархлаажууллаа

2021 оны гуравдугаар сарын 19-ны өдөр нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 43 цэгт 104 багийн 730 эмч, ажилтан ажилласан. Өчигдөр 21:00 цагийн байдлаар 17656, вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 188821 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа.

Мөн Өмнөговь аймагт вакцинжуулалт өчигдөр эхэлсэн. Тус аймгийн есөн суманд 723, нийт 1148 хүнийг вакцинжуулсан байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд өчигдөр 18379, нийт 189969 хүнийг дархлаажууллаа.

May be an image of standing and text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БЗД-ийн 26 дугаар хорооны хөл хориог цуцаллаа

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы шуурхай хурал өчигдөр болж БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын хамт цар тахлын нөхцөл байдал тэр дундаа БЗД-ийн 26-р хорооны хөл хорионы талаар хэлэлцлээ.

Хурлаар БЗД-ийн 26 дугаар хорооны хэсэгчилсэн хөл хориог өнөөдрөөс /03.20/ цуцлахаар шийдвэрлэлээ. Учир нь тус дүүргийн 26 дугаар хорооны 11600 өрхийн 17500 иргэнээс шинжилгээ авч дуусчээ. Өөрөөр хэлбэл тав хоногт төлөвлөсөн ажлыг гурав хоногт дуусгасан гэв. 17500 хүнээс хүнээс ПСР шинжилгээ авснаас 28 хүнийг халдвартай болохыг илрүүлж, хавьтлуудыг гэрт нь тусгаарлан ажиглаж байна гэв.

Харин хорооны иргэдийг вакцинд хамруулах ажлыг зохион байгуулахдаа хөл хорих шаардлагагүй учир ийнхүү шийдвэрлэлээ.

УОК-оос түвшнээс улбар шар түвшинд шилжсэн, цаашдаа халдварын нөхцөл байдлаас шалтгаалан улаан түвшинд ч бүх нийтээрээ шилжих эрсдэл бий. Ийм нөхцөлд орохгүйн тулд халдварын дэгдэлт ихтэй газар нутгийг хэсэгчлэн хөл хорио тогтоож ажиллана гэдгээ илэрхийлсэн. Энэ дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд нийт 108 тохиолдол гарсан бол хөл хорьсон гурван өдрийн дотор 28 тохиолдол гарсан байна. Энэ тоо 26-р хороонд хөл хорио тогтоох үндсэн шалтгаан болсон.

Хөл хорио тогтоосон өнгөрсөн гурав хоногийн хугацаанд хорооны 17000 гаруй иргэдээс ПСР-ын шинжилгээг авч дууссан бол аритгал халдваргүйжилтийн ажлыг шуурхай хэрэгжүүлээд хөл хорионы дэглэмэийг цуцлахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

БНМАУ-ын баатар Т.Дүүдэй “Хоёр фронтын дайчин”

БНМАУ-ын баатар Түүвэйн Дүүдэйн охин Үржинханд хуучны сонины шарласан хуудсууд хадгалжээ. Энд чөлөөлөх дайны үеэр Жанчхүүгийн давааны төлөө тулалдаанд гавьяа байгуулж, хожим баатар цолоор шагнуулсан Т.Дүүдэйн яриа хадгалагдаж үлдсэн байлаа. Тэрбээр БНАГУ, Монголын залуучуудын найрамдлын хоёрдугаар их наадамд хүндэт зочноор мордохын өмнө хэвлэлд ярилцлага өгч байжээ. “Хоёр фронтын дайчин” хэмээх гарчигтай уг ярилцлагад чөлөөлөх дайны ахмад дайчин Т.Дүүдэй 1971 онд Марксизм-Ленинизмийн оройн их сургууль төгссөн тухайгаа дурджээ. Баатруудын салаа Жанчхүүгийн даваанд хэрхэн тулалдсан тухай сэтгүүлчийн асуултад Т.Дүүдэй ийнхүү хариулжээ.

-Наймдугаар сарын 19-нд Жанчхүүгийн даваанд өглөөний 10 цагийн үеэс цус асгаруулсан ширүүн тулаан болсон юмдаг. Дайсан тэнд таван жилийн өмнөөс дөчөөд мянган хүний хөлс хүчийг шавхан байж, асар том бэхлэлт барьж, түүнээ “эвдэгдэшгүй” хэмээн тооцоолсон байв. Бид гурван өдөр, шөнө нойр хоолгүй байлдсан юм. Салаа маань уг нь 38 хүнтэй. Түүн дээр миномет, хүнд пулемёт, танк эсэргүүцэгч бууны тасаг (15 орчим хүн) хүч нэмэгдүүлэн өгч билээ. Манай буудлагын салаа “Аюуш” туужид гардаг гүүрийн зүүнтэйгүүр 500 метр газар давшин тулалдсан юм. Салааны маань эрэлхэг дайчид С.Дампил, Д.Данзанваанчиг, Л.Аюуш нар энд гавьяа байгуулсан. Түүнийг манай залуус андахгүй мэднэ.


Дашдондог?

-Ээ дээ. Тэр чинь л бас баатар болох учиртай хүн гэж би өнөө хэр бодож явдаг юм. Аюушийн туслах наводчик, Аюуш пулемёттой, Дашдондог маань автоматтай. Тэд нэг нутаг усны хоёр. Дашдондог гэж монхордуу хамартай, биерхүү бас чадалтай, бичиг үсэг сайтай, зураг сайхан зурдаг байлдагч байсан юм. Намын гишүүн. Мөнөөх гүүрийн төлөө тулалдаанд Дашдондог маань биендээ үхлийн таван шарх авч, гэлээ ч гүүрийг гатлаад нас барсан байж билээ. Аргагүй л гавьяатай хүн.

Танай салаанаас одоо хэн, хаана байдаг вэ?

-Энд тэнд хөөрхийс өвгөн настай болцгоосон байж л байна. “Залуу насандаа ямаршуухан эрчүүд явлаа даа, эд маань” гэж бодохоор харамсах ч, бахархах ч юм. Манайхнаас миний мэдэх арваад хүн бий.

Увсад С.Оросоо байгаа. Пулемётын наводчик, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн (ХТАЗ), Улаан тугийн одонтой. Б.Сахьяа бол Аюушийн дарга байсан хүн. Аюушаа амь үрэгдэхэд пулемётыг нь авч, дайныг дуусгасан юм. Одоо Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд байгаа…

Та хүний ямар чанарыг хүндэлдэг вэ?

-Дайн тулааны үед ч, энх тайван цагт ч өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чин сэтгэлээс биелүүлдэг хүнд. Ажилсаг, төлөв даруу занг.

Танд тохиолдсон хамгийн баярт мөч

-Тулалдаан эхэлсэн өдөр МАХН-д элсэх өргөдөл гаргаж, маргааш нь ротын улс төрийн орлогч намд элсүүлсэн тухай мэдэгдсэн тэр өдөр. Наймдугаар сарын 21. Дөчин нэгэн жил төрөлх намынхаа эгэл жирийн байлдагч гэж бахархан санаж явна. Ялалтын 40 жилийн ойгоор БНМАУ-ын баатар цол шагнасан тухай анх сонсоод баярласан, эргэлзэн гайхсан алин болохыг одоо хүртэл ер санадаггүй юм. “Баатруудын салааны дарга л байснаас биш баатар болох ямар гавьяа байгуулсан билээ” гэж бодсон шүү.

Таны үргэлж баярлаж явдаг зүйл

Би дан залуучуултай ажилласаар өдий хүрлээ. Цэргийн хуаранд ч, их барилгын талбарт ч ялгаагүй хэмээн баатар маань өгүүлжээ.

Т.ДҮҮДЭЙ БААТРЫН ОХИН ҮРЖИНХАНД: ТӨРСӨН ӨДӨР НЬ БОЛДОГ, ААВ МААНЬ НАМДАА ТАТВАРАА ӨГНӨ ГЭЭД ЯВДАГ БАЙСАН

Т.Дүүдэй баатрын охин Д.Үржинхандтай ийнхүү ярилцлаа.


Та Т.Дүүдэй баатрын хэд дэх хүүхэд вэ?

-Би дөрөв дэх охин нь. Бид эхээс тавуулаа. Одоо бол эмэгтэй дүүтэйгээ хоёулаа л үлдсэн.

Т.Дүүдэй баатрын 100 жилийн ой болох гэж байгаа гэсэн шүү дээ. ойгоор нь юу хийхийг хүсч байгаа вэ?

-Аав маань 1921 оны долдугаар сард Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. 1985 онд БНМАУ-ын баатар болсон шүү дээ. 1945 оны чөлөөлөх дайнд явж байсан. Салаанаасаа гурван баатар төрүүлсэн. Улсад 42 жил ажилласан хүн. 16 жил нь барилгын салбар буюу улсынхаа бүтээн байгуулалтад ажиллаад 26 жил нь армид ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Сая МАН-ын 100 жилийн ой боллоо. Аавын 100 жилийн ойг нутагт нь долдугаар сард тэмдэглэх санаатай байгаа. Зүүнговьт аавын цээж хөшөө байдаг. Увс улсын гурван баатартай. Улаангомд Ю.Цэдэнбал, Б.Гиваан баатрын хөшөө бий. Улаангомд хөшөөг нь босгоё гэж бодоод байгаа юм. Би ойн асуудлаар аймаг, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, нутгийн зон олон, нутгаас төрсөн бизнес эрхлэгчдэд хандсан. Хамгийн гол нь хөшөө босгох, музейд булан байгуулах, ном товхимол гаргах, жижиг хэмжээний баримтат кино хийх, телевизийн нэвтрүүлэг хийх ажлууд төлөвлөөд байна. Хуучин цэргийн анги нь аавын нэрэмжит гэж явдаг. Дарга нь солигдохоос биш болоод байх юм. Энэ жил бас Батлан хамгаалах яаманд хандсан. Баатар хүний ойг тэмдэглэх хүрээнд хамтарч ажиллах тухай Засгийн газрын тогтоол бий. Тэр талаар хандсан байгаа. Цэргийн ангийг нэрэмжит болгох, Увс аймгийн Зүүнговь сумын сургуульд аавын нэрэмжит булан байгуулах юм. Эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амь хайргүй тэмцэж явсан энэ улсуудаа мартаад байна. Тийм учраас энэ хүмүүсийнхээ нэрийг мөнхжүүлэх, хойч үеийнхэнд эх оронч үзэл суугаасай гэж эх орныхоо төлөө тулалдаж явсан ийм хүмүүс байсан шүү гэдгийг таниулахын тулд хөшөөг нь босгох, музейд булан нээж, өөрийнх нь хэрэглэж байсан эд зүйлс, зургаар нь үзэсгэлэн гаргах санаатай байна.

Чөлөөлөх дайны түүхийг өгүүлэх цөөн хүмүүсийн нэг шүү дээ. Т.Дүүдэй баатар дурсамж бичиж үлдээсэн үү?

-Бичиж үлдээсэн дурсамж байдаггүй. Аавыг байхад гарсан жижиг ном байдаг. Архивын баримтад түшиглэн ном гаргах юм. Дээр үед тавдугаар ангийн сурах бичигт “Аюуш” тууж ордог байсан. Тийм болохоор хүмүүс сайн мэддэг. Уулзалт зохион байгуулдаг байлаа.

Намдаа татвараа өгнө гээд гараад явдаг байсан гэж та дурссан байна лээ. Т.Дүүдэй баатар амьд сэрүүндээ төрсөн өдрөө яаж тэмдэглэдэг байв?

-Би аавыгаа гуравдугаар сарын 1-нд төрсөн гэж бодож явсан юм. Коронагаас болоод олон хүн цуглуулж тэмдэглэж болохгүй нь гэж санаа зовж байв. Бичиг баримтуудыг нь гаргаж ирээд үзсэн чинь долдугаар сарын 7 гэж байна. Гуравдугаар сарын 1 болохоор аав маань цэргийн хүн болохоор их догдолдог. Намдаа их үнэнч хүн байлаа. 1947 онд элссэн намын батлах байна лээ. Намын татвар өгөх өдрийг ерөөсөө мартдаггүй. Төрсөн өдөр нь болдог, намдаа татвараа өгнө гээд явдаг байсан. Яг ийм дадал зуршилтай хүн байсан. Цэргийн хүн болохоор яг л хэлсэн ярьсанаа биелүүлдэг. Тавдугаар ангид байхдаа би хичээлээ тасалчихаад та багшид очоод намайг ханиад хүрсэн гээд хэлчих гэсэн чинь “Манай хүүхэд ханиад хүрсэн гээд хэлчих гэж байна аа” гээд хэлчихсэн байсан. Үнэнч шударга, за гэвэл ёогүй хүн байсан даа. Дайнд явж байсан хүмүүсээ цуглуулдаг, уулздаг. Тэднийгээ тодорхойлж өгдөг байсан. Зөвхөн миний аав биш л дээ. Нэр нь тодроогүй олон мундаг дайчид байгаа шүү дээ. Эх орныхоо төлөө, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тулалдсан эрэлхэг зоригт хөвгүүдээ эх орон, хойч үе нь битгий мартаасай л гэж хүсч байна.

Т.Дүүдэй гуай дайны дараа гэр бүлтэй болсон гэсэн үү. Дайны үеийн тухай дурсдаг байв уу?

-Ээж маань Дорноговийн хүн шүү дээ. Дорноговьд барилгын ажлаар явж байгаад гэл үү дээ ээжтэй танилцсан юм билээ. Гэр бүл болж, таван хүүхэд гарсан. Гучин жил ханилаад, ээж 1978 онд өнгөрсөн юм. Баатар болох үедээ өөр хүнтэй амьдарч байсан юм. Тэтгэвэрт гарах үедээ баатар болсон шүү дээ. Аав цэргийн ангиуд, дунд сургууль, аймгуудаар явж уулзалт яриа хийж байгаа зургууд нь надад бий. Хуучны сонинуудад гарсан ярилцлагууд нь байдаг. Өөрийнх нь хадгалж байсан юмнууд нь байгаа. Тэрсхэн таван хүүхэдтэй, дөрвөн охин, нэг хүүтэй хүн шүү дээ. Цэргийн хүн болохоор нэг нь л буруу хэрэг хийвэл тавууланг нь жагсаадаг, загнаж, шийтгэдэг байлаа.

“Суман дундуур би үхчих болов уу гэж боддоггүй. Бүгдээрээ л чигээрээ урагшаа, эх орноо яаж хамгаалах вэ, яаж ялан дийлэх вэ л гэж боддог” гэж ярьж байсан. Аав бас хоолоо их хурдан иднэ. Тэгэхээр бид дагаад их хурдан идэцгээнэ. Энэ бүр зуршил болчихсон. Ааваас “Та яагаад ийм хурдан иддэг юм бэ, таны чих яагаад ийм хатуу болчихсон юм” гэж асуудаг байлаа. Тэгэхээр аав, дайны үед хоолтой хоолгүй, нойртой нойргүй явна. Хоол олдсон дээр нь хурдан идэхгүй бол дахиад хэд ч хоног хоосон явах аюултай байлаа. Дайн тулаанд орж явахад дэргэд мина дэлбэрэх энүүхэнд. Тэгээд л чих хатуу болсон байх” гэдэг байсан. Аавын дэргэд мина дэлбэрээд хөл нь шархдаж байсан юм билээ.

Баатар болсны дараа аавын чинь амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Дээр үед “Эх оронч” гэж цөөн хэдэн хүнийг хэлдэг байсан. Дайнд гавьяа байгуулсан хүмүүсийг л тэгж нэрлэдэг байсан. Баатар болоогүй байхдаа ч их хүндлэгдэж тувт уулзалтад уригдаж, ярилцлага өгдөг байсан. Хамт байлдаж явсан хэдэн өвөгчүүл “Салаан дарга” гээд хөөрхөн уулздаг байв. Аав маань ч энэ өвчтэй байгаа юм, тэрийгээ амралтанд авч явна гээд л явдаг байсан.

Дайнд явж байсан хүмүүс цуглахаараа юу ярьдаг байв?

-Дайны үеийг нэг их дурсаад яриад байхгүй дээ. Ер нь нэг гожин тавьчихаад хол ойрын юм ярьж суудаг байсан санагдаж байна. Бие биенээ цаашлуулж, хөзөр тоглож суудаг байсан.

Дайнд оролцсон ахмадуудаа улсаас харж ханддаг байсан болов уу?

-Аавыг 1985 онд Улсын баатар болоход Батлан хамгаалах яамнаас гурван өрөө байр өгсөн шүү. Цэргийн парад болоход хүндэтгэлийн арга хэмжээнд оролцдог. Хоёрдугаар төв эмнэлгээр үйлчлүүлдэг байсан.

Та ямар мэргэжлийн хүн бэ, өөрийнхөө тухай яриач?

-Би бараа судлаач, худалдааны мэргэжилтэй. Дээр үед долларын дэлгүүр гэж байхад ажилладаг байлаа. Одоо бол би тэтгэврийн хүн шүү дээ. Хүүхдүүдийнхээ ажилд туслаад л байж байдаг.

Т.Дүүдэй баатрын амьдралын сүүлийн жилүүд ямархуу өнгөрсөн бэ?

-Аав маань амьдралынхаа сүүлийн жилүүдэд Л.Аюуш баатрынхаа хөшөөнд цэцэг өргөхийг хүсдэг байсан. Хөшөө нь байлдаж явсан газар нь л байсан юм болов уу даа. Тухайн үедээ Хятадын Элчинд өргөдөл хүсэлт өгөөд яваад байдаг байсан. Тэр үед хилийн цаана очихыг зөвшөөрдөггүй байсан. Сүүлд зөвшөөрөл өгөөд аав хүслээ биелүүлсэн. Аав бас Хар далайд очиж амарч байсан. Аав маань 2000 онд 79 хүрээд өнгөрсөн. Сүүлийн хэдэн жил би харж асарч байлаа. Явъя гэсэн газраа явж, уулзъя гэсэн хүмүүстэйгээ уулзсан. Ямар ч л байсан улс баатрыгаа мартаагүй байсан.

Одоо аавын маань 100 жилийн ой болж байна. Нутгийн зон олон маань аавынхаа хөшөөг босгоход туслах байх гэж найдаж байна. Төрсөн нутгийнхан нь хойч үе нь энэ хүнийг мэддэг дурсдаг байгаасай. Миний хүсч мөрөөдөж байгаа юм энэ л байна даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цаг уурч Д.Шагдарсүрэн: Би 50 жил малчдынхаа төлөө “үглэж” явна. Хэлээд, сануулаад байхад гэж заримдаа гомдох юм

Саяхан болсон байгалийн гамшигт үзэгдлийн талаар цаг уурч Дамбын Шагдарсүрэнтэй ярилцлаа.


Өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол орны ихэнх нутгийг хамарсан хүчтэй шороон шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл боллоо. 600 орчим хүн төөрч, 10 хүний мэдээ дуулдсан амь эрсэдсэн маш харамсалтай. Малчид, ард иргэд энэ шуурганд бэлтгэлгүй байв уу. Цаг уурчийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ бол яалт ч үгүй байгалийн гамшиг. Зүгээр нэг болоод өнгөрдөг шороон шуурга биш. Салхины хурд дээд тал нь 40 м/сек хүрлээ. Тэгвэл юугаараа “гамшиг” гээд байгаа юм бэ гэвэл дэндүү нарийн шороо босч барьсан мод бүү хэл зэрэгцээд явж байгаа хүн ч харагдахгүй харанхуй болсонд байгаа юм. Юуны чинь мал сүрэг. Дундговь аймгийн Луус сумын төвөөс нэг хүн надад фэйсбүүкээр зураг илгээсэн. Зураг гэсэн чинь зүгээр л тас харанхуй. Үд дунд гэртээ лаа асаасан байгаа юм. Ганц Дундговь ч биш Өвөрхангайн Хархорин (миний төрсөн нутаг)-нд бас тас харанхуй болж “Лаа асаалаа” гэж мэдээлж байлаа. Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь гээд Эрдэнэт-Булганы Цахилгаан дамжуулах шугамын харьяаны бүх газарт эрчим хүч тасарсан юм. Харин яагаад ийм их шороо босч харанхуй болов оо гэдгийг ярих ёстой. Энэ бол уул уурхайн байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүй явж ирсний горыг амсаж байгаа юм. Дээрээс нь мал сүргийн тоо хэт өссөнийх бас нөлөөлж байгаа. Албан ёсны мэдээгээр 110 сая га бэлчээр дээр 90 сая хонь бэлчиж байна. 360 сая туурай газрын хөрсийг талхалж байна. Ингээд газрын гадаргын өнгөн хэсэг талхлагдаж сулраад ирэхлээр салхинд хийсэх нь амархан болж байгаа хэрэг. 1975 оны 4 дүгээр сард баруун аймгуудын нутаг, 1980 оны 4 дүгээр сард зүүн аймгуудын нутгаар иймэрхүү онц аюултай цасан шуурга, хүчтэй салхи, шороон шуурга болж байлаа.

Цаг уурын хүрээлэнгээс анхааруулаад байтал малчид хэнэггүй зан гаргаж огтоос цочрол авалгүй, юу л шалиа аж дээ гэсэн байдалтай байсан нь ийм байдалд хүрчихэв үү. Ер нь манай малчид цаг агаарын мэдээнд бодитой цочир ханддаг баймаар санагддаг?

-Цар тахлын энэ аюулт дайнд бид 10 хүнийхээ амийг алдаагүй л байгаа. Гэтэл байгалийн энэ үзэгдлийг даваад гарах учиртай байтал 10 сайхан хүний эрдэнэт амь эрсэдсэнд үнэхээр харамсаж байна. Яг үнэнийг хэлэхэд, энэ удаагийн байгалийн гамшигт үзэгдлийг цаг уурчид маш эртнээс, маш тодорхой, маш сайн мэдээлсэн. Тэдний энэ хөдөлмөр, энэ амжилт, энэ чадварыг зүй ёсоор үнэлэх ёстой. Даанч төр сохор л доо. Нэг бодлын “тэд хийх ёстой юмаа л хийсэн” гэж хэлэх байх. Тэгэхдээ зүгээр л “Урьдчилан сэргийлэх мэдээ” гэж бичээд явуулчихад болохгүй юм огт байхгүй. Энэ шуурганы тухай анх хоёрдугаар сарын 25-нд УЦУОШМ-ийн хүрээлэнгийн урт хугацааны прогнозын хэлтсээс гаргадаг гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд тусгасан байлаа. Тэнд бүр 3 дугаар сарын 11-13-ны үед НИЙТ НУТГИЙГ ХАМАРЧ хүчтэй цасан болон шороон шуурга тавих магадлалтай байна гэж мэдээлсэн юм. Үүнийг би “Малчин” ТВ-ээр явуулдаг “Шинэ сарын шинж” нэвтрүүлгээрээ үзүүлж байлаа. Дараа нь долоо хоногийн “төлөв”, тав, хоёр хоногийн урьдчилсан мэдээнүүдээр удаа дараа мэдээлсэн. Дашрамд хэлэхэд, цаг агаарын үзэгдэл орон зай цаг хугацааны туршид маш их хувьсаж байдаг учраас ингэж олон удаа нарийвчилж үздэг юм. Яг л холоос харахад дүрс төдий байснаа ойртоод, бүр ойртоод ирэхлээрээ нүүр ам, зүс царай нь тодроод ирдэг шиг л юм шүү дээ. Тэгээд л зүгээр нэг хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ, урьдчилан сэргийлэх мэдээ гээд хаячихгүй “дохиотой” зарлах уу, бүр аюул гамшгийн хэмжээнд “харангатай” зарлах уу гэдгийг ярилцаж, дүгнэж байж шийднэ. Ингээд байхад малчид маань даанч харамсмаар. Заримдаа бүр гомдмоор шүү. Би 1976 онд Дорнод аймагт ажиллаж байхдаа онц хүчтэй шуурга болох тухай мэдээлээд, тэр нь ёсоор болоод үр дүнд нь баахан мал хорогдож, хүн амьтан үрэгдэхэд “Урьдчилж хэлээд хэлээд нэмэр байх биш” гэж хэлээд аймгийн дарга Лхасүрэн гуайд зэмлүүлж л байлаа. Цаг уурын урьдчилсан мэдээг хэзээ ашиглаж сурах улс юм мэдэхгүй. Нэг шуурганд 600-гаад хүн уруудаж, төөрнө гэдэг чинь юу гэсэн үг вэ? Яалгах гээд байгаа улс вэ? Арай дэндүү, арай гомдмоор. Ашиглаж хэрэглэхгүй, итгэж үнэмшихгүй юм бол цаг агаарын урьдчилсан мэдээг малчдад зориулж зарлаад ч яах юм билээ. Өдөр бүр тусад нь “Малчдад зориулсан цаг агаарын урьдчилсан мэдээ” гэж гаргадаг, зарладаг юм шүү дээ. Биеэ магтахад энэ мэдээг анх би УЦУОШМХ-нд ажиллаж байхдаа санаачилж, зүтгэж байж гаргадаг болсон юм.

Ер нь таны хэлсэн дээр дөрөөлөөд асуухад, ганц нэгээрээ жалга жалгын мухар сахидаг малчдын энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй юм шиг. 10-аад хот айл нэгдэж хамтарч буудаг, ахмад настай хүн нь зааж зөвлөдөг ч юмуу тийм байдал руу орвол яадаг юм. Нэг шуурганд ингээд арваараа үрэгдээд байвал юу болох вэ?

-Тийм ээ, малчдыг намд хувааж байхаар бүлэг, нөхөрлөл, хоршоо мэтийн хэлбэрт оруулах хэрэгтэй. Захиргаагаар биш, эдийн засгийн аргаар хөдөлгөх хэрэгтэй болсон. Өнөөдөр малчид зөвхөн ноосны урамшуулал авахын тулд л худлаа хоршиж байна. Одоо бэлчээр ашиглалт, усжуулалт гээд тулгамдсан асуудал бүр дээр нь хамтач байдлыг харгалзах, шагнал урамшил дээр нь хүртэл үүнийг анхаардаг болох хэрэгтэй байгаа юм. Зарим хүмүүс саяны гамшигт үзэгдлийг говийн угалз гэж хэлээд байв уу даа. Энэ бол угалз биш. “Угалз” гэдэг бол жижигхэн хэмжээний газар хамардаг үзэгдэл. Энэ удаагийнх бол жинхэнэ утгаараа гамшиг. Миний санаж байгаагаар 1980 оны дөрөвдүгээр сарын 18-20-нд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгийг хамарсан нэг аюул болсон юм. Тэр шуурганаар 40 хүн амь эрсэдсэн санаж байна. Дараа нь 2008 оны тавдугаар сарын 26-27-нд бас л Хэнтий, Сүхбаатарын нутгийг хамар ч их гамшигт үзэгдэл болсон. Тэр шуурганаар 52 хүн үрэгдсэн. Аймаар байгаа биз? Даанч “Яасан хаширдаггүй толгойнууд вэ?” гэмээр санагддаг юм даа. Би 70 насныхаа 50-ийг нь малчдынхаа төлөө “үгэлж” явна. Заримдаа гомдмоор, гомдохдоо “хохь чинь. Хүн хэлээд, сануулаад байхад” гэж хэлмээр санагддаг юм. Даланзадгад, Өмнөговийн Булган сум хоёрын хооронд цахилгааны шугам мөстөөд эрчим хүч тасрахыг бол “арай ч дээ, говьд уу?” гэхээр. Шороон шуурга, хүчтэй салхийг бол говь, хээрийн бүсийнхэн мэднэ ээ. Энэ хавар салхи ихтэй байхыг хаврын тэргүүн сарын шинийн хоёрны сар хэлээд л өгсөн. Ер нь хавсарга ихтэй гэдгийг. Харин яг ийм гамшиг болно гэдгийг хэн ч хэлдэггүй юм. Одоо бол энэ хавартаа дахиж ийм гамшиг болохгүй. Харин 17-18-ны үеэр тэнгэр нэг муудна. Магадгүй одоо хамгийн хэрэгтэй байгаа “нойтон юм” өгөх болов уу гэж малчид горьдож байгаа.

Малчид, ард иргэдийг яавал цаг агаарт итгүүлж аюулт үзэгдэлд сэрэмжтэй байлгах вэ. Ахмад цаг уурчийн хувьд зөвлөхгүй юү?

-Малчид цаг уурын мэдээнд итгэдэггүй биш, үнэхээр итгэдэг хүмүүс. 1960-аад оны үед “Хүүхдээ худлаа яриад байна” гэхлээр “Тэгвэл цаг уурч болго” гэсэн яриа байлаа. Одоо бол худлаа яриад байвал УИХ-д оруул гэх болсон. Монголын цаг уурчид дэлхийн шинжлэх ухааны түвшинд явж байна. Харамсалтай нь манай малчдын хэнэггүй зан. Бас боловсрол нимгэнийх л гэж би боддог. Өнөөдөр малчдын амьдралын хэвшилд өөрчлөлт оруулах хэрэгтэй болсон. Тэгэхдээ мэдээж захиргааны аргаар биш, эдийн засгийн аргаар. Боловсрол гэдэгт Хорвард гэж битгий ойлгоорой. Бичиг үсгийн болосролоос гадна ахуйн боловсрол нэн хэрэгтэй байна. Тэнгэрийн араншинг танихаас эхлээд газрын байдлыг шинжих ардын их уламжлалаас “савныхаа хэрээр” хутгаж авах хэрэгтэй байна. Бэлчээрийн мал маллагааны арвин их туршлагын сангаас суралцах хэрэгтэй байна. Энэ талаар төрөөс ч анхаарах хэрэгтэй. Ядаж л Ж.Самбуу гуайн “Малчдад өгөх зөвлөгөө” номыг зориуд малчдад түгээмээр санагддаг. Дашрамд нь өөрийгөө сурталчилсан болохгүй бол миний “Тэнгэр унших эрдэм” гэж жижигхээн, “Тэбишийн календарь” шиг ном бий. Түүнийг уншсан малчин байна уу, үгүй юү. Өөрөөр хэлбэл, орчин үеийн шинжлэх ухааны мэдээ, прогнозыг сонсож, үзэж ашиглахын зэрэгцээ байгаль шинжих ардын уламжлалаас сайн суралцах хэрэгтэй байна. Ядаж л шинийн сарыг харчихдаг болоосой гэж бодох юм. Энэ бол дундаршгүй их эрдмийн далай юм шүү дээ.

Хөдөө хээр хүчтэй салхи шуурганд яваа хүн ямар арга чарга хэрэглэвэл зөв бэ. Аюулт үзэгдэлтэй гэнэт нүүр тулахад хүн яавал амиа аваад гарах вэ. Мөн Ерөнхийлөгч малчдад GPS суулгах тухай санаачилга гаргасан нь зөв санагдсан?

-Техник технологи хөгжсөн энэ зуунд манайх бүх малчин өрхдөө GPS суулгаад өгөхөд ямар ч асуудал байхгүй л дээ. Үүнд малчид өөрсдөө санаачилгатай байх, төр засгийн зүгээс бодлого болгож анхаарах хэрэгтэй. Технологийн эрин зуун гэдгээ бид сайн бодох хэрэгтэй л юм байгаа юм. Хөдөө хээр аюулт үзэгдэлтэй тулбал ямар арга хэрэглэх тухай асуулаа. Уул нь морь тэмээгээ унаад малаа хариулдагсан бол ингэж тавь жараараа үхээд байхгүй шүү дээ. Мотоциклынхоо “зогдор” дор хоргодох уу? Монгол Улсын хөдөлмөрийн баатар адуучин Шарбанди гэж Сүхбаатар аймгийн Дарьганга сумын хүн байлаа. Тэдний адуу шуурга болоход ганц утасны шон бараадаад хамгийн ард нь азарга, морьд нь тэдний урд гүү байдас, хамгийн урд нь буюу нөмөрт нь унага даага нь ороод зогсчихдог байсан. Хүн байтугай мал тэгж сурчихсан байдаг юм билээ. Гайхмаар байгаа биз. Дээрээс нь өнөөдөр малчид хувцасгүй болсон. За цувцаа нэхийгээ больё. Үзүүрсгэн дээлтэй малчин өнөөдөр байна уу. Ёстой л “жавар сөрөх хувцасгүй, жалга гатлах унаагүй” болоод байна шүү дээ. Саяын их шуурганаар морьтой, тэмээтэй явсан хүн байгаа болов уу? Морь тэмээ гэдэг чинь даарахад нөмөр, төөрөхөд нөхөр болдог юм шүү дээ. “Хятад мотоцикл нь эзнээ гэрт нь хүргээд өгч гэнээ” гэж дуулсан уу? Харин морь нь тэмээ нь ямар ч шуурганд төөрөлгүй эзнийнхээ амийг аварсан тохиолдол олон шүү.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин туулай өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 20, Санчир гариг. Билгийн тооллын 7, Гөрөөсөн толгой одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 6:55 цагт мандан, 19:04 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хаврын хугас дунд болох улирал (17:36 цагт)-д эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 4-9 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 3-8 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 2388 хүн нас баржээ

Цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл болон амиа хорлож буй гэмт хэрэг нэмэгдсэн гэх тоон мэдээлэл бий.

Баянзүрх дүүргийн “Элезабет” хотхоны 15 давхраас 39 настай эмэгтэй унаж нас барлаа. Цагдаагийн байгууллагаас тус хэрэг гэр бүлийн маргааны улмаас болсон гэж талийгаачийн нөхрийг хянан, шалгаж байгаа аж.

Үүнтэй холбогдуулан он гарснаас хойш хичнээн иргэн амиа хорлосон талаар Үндэсний статистикийн хорооны статистикч Г.Урангоо “Он гарснаас хойш 2388 хүн нас барсан. Түүний 1437 эрэгтэй, 951 эмэгтэй байна. Мөн эмнэлэгт 648, гэртээ 1740 хүн нас барсан аж. Хорт хавдрын улмаас 653, амиа хорлосон 65, бусдад хорлогдсон 23, зам тээврийн осол 53, бусад осол 208, тодорхойгүй ес, үйлдэврийн ослоор нас барсан хүн бүртгэгдээгүй байна” гэлээ.