Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цэрэндагва: Ковидоор өвдөөд эдгэсний дараа хүний биед сөрөг нөлөө их гарч байгаа учир асаргаа, сувилгаа маш чухал болоод байна

ЭМЯны Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга, ерөнхий мэргэжилтэн, АШУҮИСийн МАУОУСийн дотор өвчин судлалын тэнхимийн профессор, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэрэндагватай ярилцлаа.


Ковидыг жирийн нэг ханиад гэж хүлээж авах хүмүүс байна. Гэтэл дэлхий нийтээрээ цар тахал гээд байгаа шүү дээ?

-Манай ард иргэд мэргэжлийн хүмүүсийн үгийг маш сайн сонсох шаардлагатай. Өчнөөн шаардлагагүй зүйлд талцан хуваагдаж цаг хугацаа их алдаж байна. Ковид мөн биш, вакцин хийлгэнэ, хийлгэхгүй, тусгаарлана, тусгаарлахгүй гэх мэт. Алтан гадас од чигийг заана гэдэг шиг бидэнд зүг, чигийг зөв зааж байдаг буянтай байгууллага байна шүү дээ. Тэр нь ДЭМБ юм. ДЭМБ шинэ төрлийн коронавирусийн халдвар буюу “COVID-19” өвчнийг пандемик буюу цар тахлын хэмжээнд хүрснийг 2020 оны гуравдугаар сарын 11-нд дэлхий дахинд зарласан. Пандемик өвчин дэлгэрсэн улс орнууд ДЭМБ-ын гаргасан заавар зөвлөмжийг дагаж мөрдөх үүрэгтэй. Бүтэн жил шахам дэлхий нийт шинэ төрлийн коронавирусийн халдвараар хэдэн зуун мянган хүнээ алдчихаад хүчин мөхөсдөж байхад жирийн ханиад байна гээд сууж болохгүй.

Монголчууд тахлын үед авдаг өөрсдийн гэсэн аргатай, эмчилгээтэй байсан гэдэг. Энэ талаар та сонирхолтой баримт ярих байх?

-“Ковид19”-ийн цар тахлыг даван туулахад уламжлалт анагаах ухаан маш их тус нэмэр үзүүлнэ. Хөнгөн хэлбэрийн өвчтөнд зөвхөн витамин С уулгахаас өөр өгөх юмгүй л байна. Халдварын дараа хүний бие организмд маш их сөрөг нөлөө илэрч байгааг судлаачид бичиж байна. Бие сульдах, нойргүй болох, үс унах, бодисын солилцооны өөрчлөлт гарах гэх мэт. Халдварын дараах асаргаа сувилгаа маш чухал болоод байна. Болдогсон бол энэ олон сувилал, уламжлалтын эмнэлэгт халдвар аваад эдгэчихсэн гээд байгаа хүмүүсээ дахин сувилах ажлыг заавал хиймээр байгаа юм. Халдвар авсан хүмүүс өөрсдийнхөө эрүүл мэндэд маш сайн анхаарахгүй бол болохгүй. Орчин цагийн анагаах ухаанд Английн эмч Эдуард Женнер (1749-1823) халдварт өвчнөөс сэргийлэх идэвхтэй дархлаа тогтоох вакциныг гаргахаас өмнө Монгол маарамба Цахар гэвш Лувсанчүлтэм бодоо өвчинд хэрэглэх эмийг “Тэнгэрийн цагаан цэцэг тарих эм найруулах ёс хийгээд татах тэргүүтэн” хэмээх бүтээлдээ бичиж үлдээжээ. Бодоо өвчнөөр өвчлөгсдийн цэврүүний хатсан тавыг хуулж аваад таван цул эрхтэнг хамгаалах уушгины жуган, элэгний гүргэм, зүрхний задь, бөөрний сүгмэл, дэлүүний гагол гэх мэтээр таван цул эрхтэнд хэрэглэдэг эмийн түүхий эдээр найруулсан шинэ эмийг бүтээсэн. Мал, хүний халдварт өвчний үед хэрэглэдэг олон арван эмийн эрдэм чадлын тухай бичиж үлдээсэн эх сурвалж зохиол олон бий.

Энэ цар тахлын үед Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн зөвлөл ямар ажлуудыг хийж байна вэ?

-Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн зөвлөл шинэ төрлийн коронавирусийн халдварыг уламжлалт анагаах ухаанаар эмчлэх түр зааврыг 2020 оны гуравдугаар сарын 11-нд боловсруулан тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хүлээлгэн өгч, гуравдугаар сарын 16-нд сайдын тушаалаар Зөвлөх үйлчилгээний баг байгуулж, сургалт явуулсан. 2020 оны гуравдугаар сарын 27-нд ЭМЯ, ДЭМБ, БНХАУ, Бразил, Швейцарь улстай хамтарч, БНХАУ-ын Анагаах Ухааны Академи, Тяньжины их сургууль зэрэг байгууллагын эмч судлаачид оролцсон цахим хурал зохион байгуулсан. Хятадын уламжлалт анагаах ухаанд Ковидын үед хэрэглэсэн эм тарианы заавруудыг орчуулж мэргэжлийн байгууллагад хүргүүлсэн. Дотоодын халдвар илрээгүй байсан учраас эмнэлгүүдэд уламжлалтын эмчилгээний аргыг төдийлөн хэрэглэсэнгүй. Дотоодын халдвар илэрсний дараа уламжлалт анагаах ухааны мэргэжлийн зөвлөлөөс Коронавирусийн халдвар (Ковид-19)-ын халдварын үед уламжлалт анагаах ухаанаар эмчлэх зөвлөмж боловсруулан эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн. Тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы албан тоотын дагуу ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт уламжлалт анагаах ухааны эмч нарыг ажиллуулах шийдвэр гарч ажилласан. Цэргийн төв эмнэлэгт дөрвөн ээлжийн эмч, сувилагч, Яармагийн 300 ортой эмнэлэгт уламжлалтын эмч сувилагчид ажиллаж байна. Цаашид хөнгөн хэлбэрийг гэрийн нөхцөлд тусгаарлахаас өөр аргагүй болно. Тэр үед уламжлалтын анагаах ухааны идээ, ундаа, явдал мөр, эм танг гэрийн нөхцөлд хэрэглэхээс өөр сайн арга гэж байхгүй.

Азийн орнуудын уламжлалт эмчилгээг Европ эмчилгээтэй хослуулаад олон жил болж байна. Ямар байдлаар хослуулдаг вэ. Европ эмчилгээний дараах эмчилгээ байдлаар явагдаж байна уу?

-Дэлхий дахины уламжлалт анагаах ухааны хөгжил нь нотолгоонд суурилан хөгжиж байна. Хоёр анагаах ухааныг зөв хослуулан хөгжүүлэх нь үр дүнтэй гэдгийг дэлхийн улс орон хүлээн зөшөөрдөг. Манай орон ч уламжлалт анагаах ухааны төрийн бодлоготой орон учраас хослуулан хөгжүүлж байгаа. Европын өмнө, эсвэл дараа ч гэдэг юм уу ийм байдлаар яримааргүй байгаа юм. Бодгалийн өвчний аль үед шатанд ямар эмчилгээний аргыг хэрэглэх вэ гэдгийг мэргэжлийн эмч шийднэ. Орчин үеийн анагаах ухааны эмч нар уламжлалт анагаах ухааны наад захын мэдлэгтэй байх шаардлагатай. Одоогийн нөхцөл байдалд, вирусийн эсрэг эм, антибиотик эмчилгээний дараа уушгины үрэвслийн урхагийг бүрэн гүйцэд арилгах, дархлаа дэмжихэд уламжлалт эм хэрэгтэй байгааг эмч нар сайн мэдэж байгаа шүү дээ.

Монголын уламжлалт анагаах ухаан гэхээр Хятад, Төвөдөөс гаралтай мэтээр андуурдаг л даа. Гэтэл монголчууд эрт дээр үеэс өөрийн гэсэн анагаах ухаантай, эмчилгээтэй, эм тантай байж иржээ. Одоо Монголд нутагшсан уламжлалт эмчилгээний хичнээн хувь нь Монголын уламжлалт эмчилгээ байдаг вэ?

-Чухал асуудал хөндөж байна. Судлаач бид чинь ийм асуудалтай их тулгарна. Танайхаас гаралтай, манайхаас гаралтай гээд байх нь хаашаа юм. Дэлхийн ихэнх улс орнууд уламжлалт анагаах ухааны өв соёл, анагаах урлаг, шинжлэх ухаан талаас нь их хөгжүүлж байна. Өөрийнхөө гадарладаг судалсан зүйлээс нэрлэвэл Өвчний урхагийг гадагшлуулах монгол хануур ёс бол монголчуудын дэлхийн анагаах ухаанд оруулсан эмчилгээний арга. Муу цусны онолтой, цус шарын халуун чанартай өвчнийг анагаах гайхамшигтай арга. Адуу малыг ханаж хатгах аргаас уламжлагдсан. Тархины доргилтыг барих арга, ясны бариа засал, монгол төөнө засал нэрлэвэл дийлэнх хувийг эзлэх болов уу.

Ковидын халдвар Хятадын Ухань хотоос анх голомтлон гарсан. Тэрний дараахан хятадууд ковид туссан өвчтөнүүдэд Европ эмчилгээний хажуугаар уламжлалт эмчилгээг хослуулснаар гарах хүндрэлийг бууруулж, эдгэрэлтийг түргэсгэж, хоруу чанарыг нь багасгаж байна гэсэн. Үүнийг та бүхэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөрсдөө эмчилгээндээ гаргаж, үр дүнг нь харсан байх гэж бодож байна?

-Ковидын эсрэг эмчилгээний асуудал өнөөдөр хүртэл төвөг бэрхшээлтэй хэвээр байна. Улс бүхэн ДЭМБ-ын заавар зөвлөгөөг анхааралдаа авч өөрийн орныхоо нөхцөл боломжинд тохирсон арга хэмжээг л авч ажиллаж байна. Монгол анагаах ухааны хүний биеийн долоон тамир, гурван хир, хий, шар, бадганы тэнцвэрт байдлыг хангах идээ, ундаа, эм заслын аргаа л хэрэглэнэ. Халдварт өвчний эмгэг жамд тохирсон, хувь хүний биеийн өвөрмөц чанарт тохирсон эм хэрэглэхийг заагаад өгчихсөн. Одоо хэрэглэж байгаа уламжлалтын эмүүд нь уушги хамгаалах, дархлал дэмжих, бусад эрхтэнд үзүүлэх хор уршгийг багасгах, халуун бууруулах, ханиад томууны үед илрэх шинж тэмдгийг намжаах үйлдэлтэй. Уламжлалт анагаах ухааны ковидын үед хэрэглэх ихэнх эмүүдийг манай орны эрдэмтэд нэлээд сайн судалсан. БНХАУ-ын Ковидын үед хэрэглэж байгаа Лианхуй Чингвен эм нь 10 гаруй найрлагатай, зарим нь манай оронд байхгүй түүхий эдээр хийгдсэн, чихэр өвс, мүгэзийн үндэс, зээргэнэ, далайн хальс зэрэг ургамал нь манай уламжлалтын эмийн үйлдвэрт үйлдвэрлэж байгаа эмүүдийн найрлаганд ордог.

Барууны орнуудад Азийн уламжлалт эмчилгээ, тэр дундаа Монголын ардын анагаах эмчилгээг ихэд таашаадаг болсон гэсэн. Тэгэхээр Монголын уламжлалт эмчилгээг дэлхийд гаргах чиглэлд ажиллах цаг нь болжээ гэж харж байна?

-Уламжлалт анагаах ухааны чиглэлээр гадаадад ажиллаж байгаа маш олон эмч нар бий. Усыг нь уувал ёсыг нь дагана гэж тэр орны эрүүл мэндийн байгууллага, эмч нарт тавьдаг шаардлагыг бүрэн даваад, эмчлэх эрхээ аваад, жинхэнэ бор зүрхээрээ ажиллаж байгаа эмч нартаа талархал илэрхийлмээр байгаа юм. Зөвхөн Польш улсад 100 гаруй уламжлалт зүүний эмч ажилладаг. Дэлхийд гаргана гэхээсээ илүү дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа шинжилгээний ажил хийж, эмчилгээ заслын үр дүнг маш сайн нотлох хэрэгтэй.

Монголд одоогоор уламжлалт анагаах ухаанаар мэргэшсэн хичнээн эмч, боловсон хүчин байдаг вэ?

-Манай улсад уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэн бэлтгэх сургууль байгуулагдаад 30 жил болж байна. 10.000 хүн амд ногдох уламжлалтын эмч 3.0 байгаа бөгөөд 951 уламжлалтын эмч ажиллаж байна.

Хэрвээ ковидоор өвчилсөн хүн Европ эмчилгээ, эмийн эмчилгээнээс бүрэн татгалзаад уламжлалт эмчилгээг сонгоё гэвэл боломжтой юу. Тусгаарлалтад байхдаа уламжлалт эмчилгээ сонгох боломж нь бүрдсэн үү?

-Боломжтой болсон. Гэхдээ цөөхөн эмийн үйлдвэрийг эмийн түүхий эдээр хангахад улс анхаарах хэрэгтэй байна. Эмч мэргэжилтэн байгаад байна, уламжлалтын эмийн хомсдолд орж болзошгүй гэж судалгаагаар тогтоосон.

Коронавирусийн эмчилгээний үеэр хийгдсэн Европ болон уламжлалт эмчилгээний харьцуулсан судалгаа байна уу?

-Монголын Анагаахын Шинжлэх Ухааны эрдмийн чуулган-62 дугаар хурлыг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр Шинэ төрлийн коронавируст халдварын тархвар судлал, оношилгоо, эмчилгээний тулгамдсан асуудал сэдвээр цахим хурлыг зохион байгуулж 52 орноос давхардсан тоогоор 56967 оролцогч хандсан. Манай орны тэргүүлэх судлаачид төдийгүй ДЭМБ, ОХУ, Япон, БНХАУ зэрэг орнуудын “Ковид-19” судалгаа хийсэн эрдэмтэд зочин илтгэл хэлэлцүүлсэн. Энэ хурлын дараа ЭМЯ, АШУҮИС-ийн багш судлаачид оролцсон эрдэмтдийн баг байгуулж, төслөө боловсруулан ажлын хэсэгт танилцуулсан боловч уламжлалт анагаах ухааны судлаачдын багт санхүүжилт олгоогүй. Гэхдээ манай судлаачид мөнгөгүй гээд гараа хумхиж суулгүйгээр ажиллаж байна.

Ковидын халдварын улмаас хүмүүс гэртээ жил гаруй хугацаанд сууж байна. Ялангуяа хүүхдүүдийн сэтгэц болон биеийн эрүүл мэндэд ноцтой аюул тулгараад байгаа. Чийг бамтах, рахиттай болох, дэлгэцийн хамааралтай болсноор мэдрэлийн ядаргаанд орох зэрэг эрсдэл үүсээд байна. Үүнд та мэргэжлийн хүний хувьд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд маш ихээр анхаарч мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө сайн авах хэрэгтэй. Гэр орондоо тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх, хоёр цаг тутам өрөөний агаарыг сэлгэх, хүүхдэдээ тохирсон дасгал хөдөлгөөн тогтмол хийлгэх, гар, утас, компьютерийн хэрэглээг хянах, удаан ажиллуулахгүй байхад анхаарах. Мөн рахитаас урьдчилан сэргийлэх зорилгоор Д аминдэмийг сэргийлэх тунгаар хоногт 400-500ОУН тогтмол өдөр болгон уулгах хэрэгтэй. Илчлэг чанартай хоол ундыг зориулан хийж өгөх, эрт унтуулж амраах, усанд орж чийрэгжүүлэх, биеийг нь сүүлний тосоор сайн тосолж иллэг хийж өгөх нь чухал юм. Хүүхдийн дархлаажуулалтыг цаг тухайд нь хийлгэж байхыг зөвлөе.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 4-9 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 3-8 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Categories
гадаад мэдээ

Япон улсын хилийн хязгаарлалт үргэлжилнэ


Япон Улсын Засгийн газар 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс зарлаад байсан “Онц байдал”-ыг 3 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон цуцлах шийдвэрийг гаргасан байна.

Гэвч, тус улсад гаднаас зөөвөрлөгдөн ирж буй халдварын тохиолдол буурахгүй байгааг харгалзан хил нэвтрэх зорчигчийн хөдөлгөөний хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна. Үүнд:

1. Япон Улсын виз шинээр мэдүүлж авсан гадаад бүх улсын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй. 2020 оны 10 дугаар сараас эхлэн Япон Улсын виз мэдүүлэн авсан Монгол Улсын иргэдэд энэхүү хязгаарлалт мөн адил хамаарна.

2. Гадаад улсад богино хугацаагаар зорчиж, эх орондоо ирж буй Япон Улсын иргэн, мөн тус улсад урт хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гадаад улсын иргэнийг хилээр нэвтэрснээс хойш 14 хоногийн хугацаанд гэрт нь болон зочид буудалд тусгаарлана.

Categories
мэдээ улс-төр

АН-ын даргад нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулав

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин, Одонгийн Цогтгэрэл, Даваахүүгийн Пүрэвдаваа, Сүхбаатарын Эрдэнэболд нарын сонгуулийн сурталчилгаа эхлээд долоо хоногийг ардаа үдлээ. Энэ хугацаанд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө гишүүд, дэмжигчиддээ танилцуулах цахим уулзалтуудыг өдөр бүр хийсээр байгаа юм.

Хэдийгээр АН-ын даргын сонгуулийн сурталчилгааны өдрүүд хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа цар тахлын энэ үед тохиосон ч техникийн дэвшлийг ашиглан, ямар нэгэн сааталгүйгээр гишүүд, дэмжигчидтэйгээ онлайнаар уулзаж, мөрийн хөтөлбөр, бодлого, зорилтоо танилцуулж, санал бодлоо чөлөөтэй солилцож, уулзалтууд үр дүнтэй боллоо.

Нэр дэвшигчид өнөөдөр (2021.03.20) Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан, Орхон аймаг, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн гишүүд, дэмжигчдтэйгээ уулзсанаар 21 аймаг, 9 дүүрэгт амьдарч буй намын гишүүд дэмжигчиддээ бодлого, мөрийн хөтөлбөрөө амжилттай хүргэв.

Цахим уулзалтад оролцсон АН-ын гишүүд, дэмжигчид тус намд үүсээд байгаа асуудлыг өнгөрсөн хугацаанд гарсан алдаагаа засах боломж гэдэг талаас нь харж, өнөөдрөөсөө сургамж авч, маргаашийн хөгжлөө, бодлого, үзэл баримтлалаа шинэчилж, хөгжлийн шинэ шатанд хүрэхийн өмнөх хямрал гэж харж буйгаа хэлж байсан юм.

Энэ сарын 28-ны өдөр АН-ын шинэ залуу 70, 80 оны төлөөллөөс бүрдсэн дөрвөн нэр дэвшигчээс нэг нь намын даргаар сонгогдсоноор тулгараад байгаа сорилтоо амжилттай даван туулж, шийдвэрлэж чадна гэдэгт итгэл төгс байна. Тэд нэр дэвшигчиддээ эвтэй байгаарай, гишүүддээ нээлттэй, ардчилсан байж, намаа хүчирхэг болгоорой гэдэг захиасыг хэлж, амжилт хүссэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймаг: Голомтын бүсэд очиж хагалгаа хийн, 34 настай эмэгтэйн амийг аварчээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд энэ сарын 17-ны шөнө 34 настай эмэгтэй цус их алдсаны улмаас хүндэрсэн тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Э.Инжирээр ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй баг очиж хагалгаа хийжээ.

Тухайн эмэгтэй умайн гаднах жирэмслэлтийн улмаас хэвлийн хөндийд цус алдсан байна. Орон нутагт хийсэн хагалгаа амжилттай болсон бөгөөд өнөөдрийн байдлаар эмэгтэйн биеийн байдал сайн байгаа гэнэ. Хагалгаанд орсон эмэгтэй коронавируст халдварын дам хавьтлын иргэн байсан ч эмч нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ажиллалаа. Орон нутагт томилогдсон эмч нарыг баг хагалгааны дараа энэ сарын 19-ний өглөө Мөрөн суманд ирж, тусгаарлалтад орсон. Тусгаарлалтын хугацаа дуусч, шинжилгээ өгсний дараа ажил үүргээ хэвийн гүйцэтгэнэ гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхдалай хэлэв.

Categories
мэдээ нийгэм

ХУД-ийн “Рапид харш” хотхоны 12 хүнээс халдвар илэрлээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Рапид харш” хотхоны 3659 иргэнээс КОВИД-19 халдварын шинжилгээ авахад 12 хүнээс халдвар илэрлээ.

Голомтын эцсийн халдваргүйтгэлийг нийт 24-н байр, 12 объектын 88.000 м.кв талбайд 2 удаа давтан ариутгал хийж аюулгүй болгосон байна.

Гуравдугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагаас 130-р сургуулийн байранд “Рапид харш” хотхоны 50-69 насны ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй нийт 880 иргэнийг тус тус халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж байна гэж Хан-Уул дүүргийн Онцгой комиссоос мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халдвар есдүгээр сар гэхэд 24 мянга хүрэх тул МУИС-ийн эрдэмтэд 9 хоног хөл хорих санал гаргажээ

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо баасан гаригийн байдлаар 171.535 болов. Цаашид энэ хурдаараа явсаар тавдугаар сарын нэгэн гэхэд нийслэлд вакцинжуулалтыг дуусгахаар Засгийн газар төлөвлөөд байна.

Гэвч гуравдугаар сарын сүүлээр өдөрт бүртгэгдэх коронавирусийн халдварын тоо 200 давах прогзнозыг МУИС-ийн эрдэмтэд математик тооцооллоор гаргажээ.

Хэрвээ халдварын тоо ийм эрчтэй нэмэгдвэл вакцинжуулалтын хурдыг нэмэх, эсвэл халдвараа хумих хатуу арга хэмжээ авах шаардлага гарч ирж байна.

Зураг 1. Халдвар тархалтын эрчим

Халдварын тархалтын одоогийн нөхцөлд хатуу хөл хорио тогтоовол ямар үр дүн гарахаар байгааг дараах графикаас харж болохоор байна.

Зураг 2. Улсын хэмжээнд 2021 оны гуравдугаар сарын 17-ны өгөгдөл дээр тооцоолж гаргасан дундаж утгууд

Эндээс үзвэл, одоогийн гамшгийн үеийн “Улбар шар” түвшинд вакцинжуулалтаа үргэлжлүүлэхэд 2021 оны есдүгээр сар гэхэд нийт батлагдсан тохиолдол 24 мянгад хүрэх бол хөл хорионы дэглэмийг давхар авснаас энэ тоог 15.000 болгон 37 хувь бууруулах боломжтой гэж тооцжээ.

Түүнээс гадна манай улсад шинж тэмдэггүй үедээ халдвар тараах эрчим олон улсын дунджаас өндөр, хугацаа нь урт байна.

Иймд Улаанбаатар хотод халдвар тархалтын хурдыг сааруулах зорилгоор гуравдугаар сарын 20-28-нд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг тогтоож, албан байгууллагуудад ажлын 5, амралтын 4 хоног буюу нийт 9 хоногийн хөл хорионы стратеги хэрэгжүүлэх санал гарсан байна.

Мөн доорх тооцооллыг үндэслэн ийнхүү ажлын 5 хоног болон 9 хоногийн хөл хорионы стратегийг боловсруулжээ.

Зураг 3. Өвчилж буй явцын тооцоолол

Халдвар тараагчийн байршил тодорхойгүй бол хэсэгчилсэн хөл хорио халдвар тархалтын хурдыг бууруулж чадахгүй гэж үзэж байна. ЭМЯ ны өдөр бүрийн мэдээнд эх уурхай нь тодорхойгүй халдварууд байгааг зарлаж байгаа бөгөөд баасан гарагт л гэхэд 19 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж буйг ЭМЯ мэдээлсэн. Түүнчлэн халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас 90 гаруй хувь нь коронавирусийн халдвартай нь батлагдаж байгаа юм.

Нийтийг хамарсан хөл хориог эрт тавих тусам үр нөлөө өндөр гэж үздэг тул эрдэмтэд хатуу хөл хорио тогтоох саналыг ийнхүү гаргажээ.

Categories
гадаад мэдээ

Рейкьянес хойгт 800 жилийн дараа галт уул дэлбэрчээ

Исландын нийслэл Рейкьявик хотын баруун өмнөд хэсэгт оршдог “Фаградалсфьял” галт уул дэлбэрлээ гэж тус улсын Цаг уурын газар мэдээлэв.

Рейкьянес хойгт болсон тус дэлбэрэлт орон нутгийн цагаар баасан гаригийн 20:45 цагт эхэлсэн бөгөөд ууланд 500-700 метрийн хагарал үүсчээ. Тус хойгт 800 жилийн хугацаанд анх удаа галт уул дэлбэрч буй нь энэ аж.

Цаг уурын газрын мэдээлснээр, Исландад сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд 40 мянга гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн байна. 2010 онд Исландад оршдог өөр нэгэн галт уул болох “Эйяфьятлайокуль” дэлбэрсний улмаас Европ даяар агаарын тээврийн хөдөлгөөнийг зогсооход хүрч байсан юм.

Харин “Фаградалсфьял” уулын дэлбэрэлтээс их хэмжээний үнс, утаа ялгарах төлөвгүй байгаа тул нисэхийн салбарт саатал учруулах магадлал бага байна. Исландын Иргэний хамгаалалт, онцгой байдлын газар галт уулын хийн нөлөөнөөс сэргийлэхийн тулд цонхоо хааж, гэртээ байхыг галт уулын ойролцоо амьдардаг хүмүүст зөвлөснийг “CNN” суваг мэдээлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Алт олборлогчдод олгох санхүүжилтийн хугацааг сунгав

Дэлхий нийтэд тархсан “Ковид-19” цар тахлын үед улс орнууд эдийн засгаа сэргээх арга хэмжээ авч ажиллаж байна.

Манай улсын хувьд ч мөн адил арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Уул уурхай хүнд үйлдвэр /УУХҮ/-ийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны хамтарсан тушаалаар “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй санхүүжилт олгох журам хэрэгжиж байгаа.

Харин цар тахлын тархалт эрчимжиж манай улс дотооддоо халдвар алдсантай холбоотой УИХ-аас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Иймд эдийн засагт үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулах ажлыг дээрх хуулийн хүрээнд үргэлжлүүлж, алт олборлолтын хэмжээг богино хугацаанд нэмэгдүүлэх зорилгоор УУХҮ-ийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан хөнгөлөлттэй санхүүжилтийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудад 2021 онд үргэлжлүүлэн олгохоор боллоо.

Энэхүү журмаар 6 хүртэлх сар буюу богино хугацаатай зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг энэ он дуустал сунгаж, урт хугацаат зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг 24 сар хүртэл байсныг 36 сар хүртэл болгон өөрчиллөө.

Журамд дээрх өөрчлөлт орсноор алт олборлогч компаниудад тулгамддаг эргэлтийн хөрөнгийн асуудал шийдэгдэж, алт олборлолт нэмэгдэх улмаар улсын төсөвт алтнаас төвлөрүүлэх орлого нэмэгдэх юм.

2020 оны Төсвийн төслийн тодотголд 24 тонн алт худалдан авахаар тусгасан ба өнгөрөгч оны гүйцэтгэлээр Монголбанк иргэд, аж ахуйн нэгжүүдээс 23,6 тонн алт худалдан авч, алт тушаалт өмнөх оны мөн үеэс 8,3 тонноор нэмэгдэж, улсын төсөвт 174 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд нэг сая төл хүлээн аваад байна

Монгол Улсын хэмжээнд 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар төллөвөл зохих хээлтэгчийн 1,1 сая буюу 4,8 хувь нь төллөж, 1 сая төл хүлээн авч, төл бойжилт 97 хувьтай байна. Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс сэргийлэх, эх малыг өнжөөж төллүүлэх, үржлийн нас гүйцээгүй малыг нийлүүлэгт оруулахгүй байх зөвлөмж чиглэлийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд оны эхний нийт эх малын /27,9 сая/ 82,1 хувь буюу 22,9 сая эх мал нийлүүлэгт орсон байна.

Улсын хэмжээнд мал төллөлт жигдэрч байгаатай холбогдуулан мал төллөлт, төл бойжилтын мэдээг орон нутгийн мэргэжлийн байгууллагаас долоо хоног бүр авч эхлээд байна гэж ХААХҮЯ-наас мэдээллээ.