Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Аватар” дэлхийн бүх цаг үеийн хамгийн их орлого олсон киногоор дахин шалгарчээ

Канадын найруулагч Жеймс Кэмероны уран бүтээл “Аватар” хамгийн их орлоготой киногоор дахин шалгарчээ.

Тодруулбал, БНХАУ-д энэ киног дахин гаргахад энэ сарын 13-ны байдлаар кассын орлого нь найман сая ам.доллар давсан байна. Судлаачдын тооцоолж байгаагаар энэ нь БНХАУ-ын зах зээлээс 58 сая ам.доллар цуглуулж магадгүй гэнэ.

Анх 2009 онд дэлгэцэнд гарсан “Аватар” кино дэлхийн зах зээлээс нийтдээ 2.8 тэрбум ам.доллар цуглуулж байсан бол сүүлчийн “Өшөө авагчид:Төгсгөл” кино нь 2.79 тэрбум ам.доллар цуглуулсан юм.

Мөн дэлгэцэнд гараад 41 хоногийн дараа кино урлагийн түүхэнд хамгийн их орлоготой кино болж “Титаник” киноны дээд амжилтыг эвдэж байв.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын 40 сая төгрөгийн азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын 2021 оны гуравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр буюу гуравдугаар сарын 21-ний ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана.

Иргэд 2021 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын супер шагнал 40 сая төгрөг байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮЯ: Малын тэжээл үйлдвэрлэлээр дагнасан нийт 30 аж ахуйн нэгж, цех байна

Манай улсад малын тэжээл үйлдвэрлэлээр дагнасан нийт 30 аж ахуйн нэгж, цех байна. Үүнд томоохон 6 аж ахуйн нэгж байгаагаас Улаанбаатар хотод дөрөв, Сэлэнгэ аймагт нэг, Дорнод аймагт нэг байна.

Нийт тэжээлийн үйлдвэр, цехүүдийн 8 нь улирлын чанартай, 22 нь байнгын үйл ажиллагаа явуулж, дараах төрлийн тэжээлийг үйлдвэрлэж байна.

Мөн 27 гурилын үйлдвэр үйл ажиллагаа явуулж, жил бүр 70-75 мянган тонн тэжээлийн хивэг үйлдвэрлэж байна.

Гурил, тэжээлийн үйлдвэрүүдийн хүчин чадал

Дээрх үзүүлэлтээс харахад тэжээлийн үйлдвэрүүдийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах шаардлага байгаа юм. Үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс авсан судалгаагаар хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, түүхий эдийн дутагдалтай байдал, мэргэжлийн технологич бэлтгэх зэрэг асуудлыг цогц байдлаар шийдэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.

Манай улсад 65-70 мянган тонн үйлдвэрийн тэжээл дутагдалтай байдаг бөгөөд үүнийг хангахын тулд түүхий эдийн бэлтгэл, татан авалт зэрэгтэй уялдуулан 6 тэжээлийн үйлдвэр, цех шинээр барьж байгуулахаар төлөвлөж байна.

Дээрх бүс нутгуудад улаанбуудай, хөх тариа, хошуу буудай, арвай, эрдэнэшиш, шар буурцаг зэргийг түлхүү тариалж тэжээлийн үйлдвэр, тэжээлийн ургамал тариалалтыг хослуулан хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр:

  1. Бүрэн найрлагат тэжээл үйлдвэрлэл 60 гаруй мянган тонноор нэмэгдэнэ.
  2. Тогтворжсон жорын тэжээл үйлдвэрлэж тэжээлийн хангамж тогтвортой болно.
  3. Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж, экспортлох нөхцөл бүрдэж, аж ахуй эрхлэгчдийн чадавх сайжирна.
  4. Хот суурин газрын хүн амыг эрүүл, чанартай хүнсээр хүртээмжтэй хангах боломж бүрдэнэ. (Мах, сүүний хангамжийн улирлын хамаарал, үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлнэ)

Эх сурвалж: ХХААХҮЯам

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Улсын хэмжээнд 204121 хүнийг дархлаажууллаа

2021 оны гуравдугаар сарын 20-ны өдөр нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 40 цэгт 105 багийн 729 эмч, ажилтан ажиллав. 21:00 цагийн байдлаар өчигдөр 13209, вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 202025 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа.

Мөн Өмнөговь аймгийн 10 суманд өчигдөр 961, нийт 2096 хүнийг вакцинжуулсан байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд өчигдрийг байдлаар 14170, нийт 204121 хүнийг дархлаажууллаа.

2021 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 08:00 цагаас гуравдугаар сарын 21-ний өдрийн 08:00 цагийн хооронд 3482 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ажилласан шинжилгээний төвийн тоо-3
Тандалтын баг-7
Шинжилгээнд ажилласан хүн-87
Нийт шинжилгээнд хамрагдсан хүний тоо-1640523
Нийт ПСР шинжилгээний тоо-1562134
Түргэвчилсэн-94706
Нийт батлагдсан тохиолдол-4976
Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол-4078
Сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдол–170 /Төв аймаг-2, БГД-29, БЗД-34, СБД-11, СХД-49, ХУД-21, ЧД-15, НД-9/
Эдгэрсэн хүний тоо-3477
Ойрын хавьтлын тоо-15105
Дам хавьтлын тоо-32872
Гэрийн ажиглалтад-3021
Дархлаажуулалт сүүлийн 24 цагт-13209

Дархлаажуулалт нийт- 202025

May be an image of standing and text

Categories
мэдээ спорт

Б.Цагаанбаатар “Токио-2020” паралимпийн шүүгчээр сонгогдлоо

Дэлхийн триатлоны холбооны удирдах зөвлөл өчигдөр/2021.03.20/ хуралдаж, Б.Цагаанбаатарыг “Токио-2020” паралимпийн наадмын шүүгчээр томилов. Токио-2020 паралимпийн наадам ирэх наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд Токио хотноо зохион байгуулагдана.

Б.Цагаанбаатар нь 2012 оноос олон улсын 2-р зэргийн шүүгч болж, 2019 оноос Азийн триатлоны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, шүүгчдийн хорооны дарга, 2004 онд Монголын триатлоны холбоог үүсгэн байгуулж, тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Тэрбээр олон улс, тив, дэлхийн түвшний 30 гаруй тэмцээнд шүүгчээр оролцоод байгаа юм.

ШҮҮСЭН ТЭМЦЭЭН:

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финал 2013 он, Лондон

Дэлхийн элсний спортын анхдугаар наадам 2019 он, Доха

Дэлхийн цом (өвлийн триатлон) 2020 он, Харбин – ерөнхий шүүгчийн орлогч

Дэлхийн цом 2019 он, Тонён – ахлах шүүгч

Азийн наадам 2014 он, Инчон

Азийн наадам 2018 он, Жакарта-Палембан

Олимпийн эрхийн тэмцээн 2012 он, Татеяма

Азийн элсний спортын наадам 2010 он, Мускат

Азийн элсний спортын наадам 2014 он, Пукет

Азийн АШТ 2009 оноос (6 удаа)

Азийн цом 2013 оноос – ерөнхий шүүгч, орлогч (7 удаа)

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ТРИАТЛОНЫ ХОЛБОО

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Э.Тэмүүлэн: 10 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн хоногт 9520 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хийхэд 170 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 4976 болж байна.

Сүүлийн 24 цагт гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Дотоодын халдварын 170 тохиолдлын 168 нь Улаанбаатарт, Төв аймагт 2 тохиолдол бүртгэгдсэн.

10 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:

БЗД-ийн 23 дугаар хороо,

БГД-ийн 1 дүгээр хороо,

СХД-ийн 3, 18, 25,34, 39 дүгээр хороонд байна.

Сүүлийн хоногт 126 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3477 боллоо.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ХӨСҮТ: 170 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 4976 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт 9520 хүнд PCR шинжилгээ хийхэд 170 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 160 нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. 10 хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалт судалгааг хийж байна.

Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:

БЗД-ийн 23 дугаар хороо,

БГД-ийн 1 дүгээр хороо,

СХД-ийн 3, 18, 25,34, 39 дүгээр хороонд байна.

Улаанбаатар хотод 168 , Төв аймагт 2 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 4976 боллоо.

Өнөөдрийн байдлаар 1365 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:

-Хөнгөн:1191

-Хүнд: 12

-Хүндэвтэр:159

-Маш хүнд: 3 хүн байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Төв аймгийн Эрдэнэ суманд хоёр хоног хатуу хөл хорио тогтоолоо

Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга гуравдугаар сарын 20 буюу өчигдрөөс эхлэн хоёр хоног хатуу хөл хорио тогтоох захирамж гаргажээ.

Тодруулбал тус сумын Аржанчивлан сувилалын ажилтнуудаас коронавирус илэрсэн тул сумын хэмээнд гуравдугаар сарын 22-ны өдрийг дуустал хатуу хөл хорио тогтоохоор болсон байна.

Одоогийн байдлаар халдвартай хүний тоо зургаа байгаа талаар мэдээлээд байгаа бөгөөд сумаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийг 11:00-17:00 байхаар тогтоод байна.

Аржанчивлан рашаан сувилалд 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс амарсан Улаанбаатар хотын иргэний 2 дахь удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан тул ойрын хавтал болсон 35 ажилтанд шинжилгээ хийхэд 6 ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Өнөөдөр вакцинжуулалтын цэгүүд ажиллахгүй


Өнөөдөр вакцинжуулалтын цэгүүд ажиллахгүй бөгөөд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулах ажил үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Вакцинжуулалтын цэгүүд даваа гариг буюу гуравдугаар сарын 22-ноос хэвийн ажиллана.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Завхан аймгийн Шилүүстэй сумын халдварын голомтод ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмч Ч.Гантуул: Сумын иргэд сандарч байсан ч өвчтөнүүд эхнээсээ эдгэрсэн болохоор сэтгэл нь уужирсан

Завхан аймгийн Шилүүстэй суманд коронавирусийн батлагдсан халдварын голомтод ХӨСҮТөөс таван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа билээ. Тус суманд томилогдсон ХӨСҮТийн мэргэжлийн баг коронавирусийн халдварыг сумын эмнэлэгт халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, орон нутгийн онцлогт тохируулан эмнэлэг дэлгэн эмчилсэн хамгийн анхны тохиолдол гэдгээрээ онцлог.

Бид Шилүүстэй сумын голомтод ажиллаж, хоёр өвчтөнөө эдгээсэн ХӨСҮТийн халдварын их эмч Ч.Гантуултай ярилцлаа.


Коронавирусийн халдвараар өвдсөн хоёр өвчтөнөө эдгээсэн танай багийнханд баяр хүргэе. Өмнө нь коронавирусийн халдвартай иргэдийг ХӨсүТд эмчилдэг байсан. Анх удаа хөдөө орон нутагт, тэр дундаа суманд коронавирусийг эмчиллээ шүү дээ. онцлог зүйл юу байв?

-Баярлалаа. Одоогийн байдлаар Завхан аймгийн Шилүүстэй суманд зургаан тохиолдол батлагдаж, хоёр нь бүрэн эдгээд байна. Бид халдвар авсан иргэдээ сумын эмнэлэгт эмчилж байгаа гэдгээрээ онцлог байх шиг байна. Сумын эмнэлэгт халдвартай хүнийг эмчлэх,ХӨСҮТ-д эмчлэх хоёр орчин нөхцөлийн хувьд ялгаатай. Наад зах нь гараа угаахдаа шууд крантнаас усаа гоожуулаад угаах боломж байхгүй шүү дээ. Гэвч бид анхнаасаа сумын эмнэлэгт ажиллана гэдгээ мэдэж байсан учраас бэлтгэл байдлаа сайн хангаж ирсэн.

ХӨСҮТ бол халдварт өвчин туссан иргэдийг хүлээж авах, эмчлэх тусгай объект. Харин энд сумынхаа эмнэлэг дотор хүнээ эмчилж байна гэсэн үг. Хэдийгээр орчин нөхцөл өөр байгаа ч манай багийнхан халдвар хамгаалалын дэглэмээ сайн баримталж, ХӨСҮТ-д хэрхэн ажилладаг байсан журмын дагуу ажиллаж байна даа. Би коронавирусийн халдварын голомтод зургаан удаа орж, ажилласан туршлагатай. ХӨСҮТ-д ямар арга барилаар ажилладаг яг түүн шигээ ажиллаж байгаа болохоор хүндрэлтэй асуудал гарахгүй байна.


Яг ямар шалтгаанаар сумын төвд коронавирусийн халдвартай иргэнийг эмчлэх болсон юм бол?

– Коронавирусийн халдвар авсан иргэд нэг гэр бүл. Тухайн гэр бүлд хавдартай нэг иргэн бий. Тухайн иргэнийг зөөвөрлөх боломжгүй учраас ийнхүү суманд нь ирж ажиллах шийдвэр гаргасан. Тухайн иргэдийн хувьд гэрээсээ гараагүй учраас сумынхаа бусад иргэдэд халдвар тараагаагүй. Маш богино хугацаанд оношлогдсон учраас эрсдэл гаргахаас сэргийлж чадсан. Энэ бол манай багийнхны хамтын ажиллагаатай шууд холбоотой. Тус суманд ХӨСҮТ-ийн манай баг ажиллахаас гадна сумын болон Завхан аймгийн эмнэлгийн эмч, сувилагчид, аймгийн МХЕГ, ХӨСҮТ-ийн баг хамт олонтой хамтарч ажиллаж байгаа. Үүний үр дүнд халдвар тархахаас сэргийлж,халдварын голомтыг устгахаар ажиллаж байна.

Ажиглан, тусгаарлах байранд байгаа таван хүний давтан шинжилгээний хариу гарсан уу?

-Шинжилгээний хариу сөрөг гарсан учраас ажиглах тусгаарлах байрнаас гарсан байгаа. Тэгэхээр ямартаа ч коронавирусийн халдвар хумигдана гэсэн итгэл дүүрэн байна.

Халдвар авсан иргэдийн биеийн байдал болон сэтгэл зүй ямар байгаа вэ. Эдгэрсэн хоёр хүн хэд хоног эмчилгээ хийлгэсэн бэ?

-Халдвар эрт оношлогдсон учраас хөнгөхөн тусаж, эхний хоёр хүн нь 12 хоног эмчилгээ хийлгээд, бүрэн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжээд байна. Одоогийн байдлаар гэр бүлийн хоёр хүн эдгэрч, дөрвөн өвчтөн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа нэг хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд бусдынх нь сайжирч, хэвийн болж байгаа. Биеийн байдал нь хүнд байгаа иргэний хувьд 60 орчим насны иргэн. Тэрээр 2018 онд ходоодны хорт хавдар туссанаас үүдэн хавдар нь бусад эрхтэнүүддээ үсэрхийлсэн учраас биеийн байдал нь хүнд, хавсарсан өвчтэй байна. Бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, эмчилгээ хийж байна. Коронавирусийн халдвараар өвчилсөн гэр бүлийнхний хувьд 60-аас дээш насны хоёр, 30-аас дээш насны гурав, 6-8 насны хүүхэд нэг байна. Эмчлүүлж байгаа нэг иргэний хувьд анх биеийн байдал нь хүнд байсан. Тархи толгойны өвчтэй, огилт бөөлжилт ихтэй, хамраас цус гардаг гэх мэт шинж тэмдэг илэрч байсан. Одоо биеийн байдал нь сайжирсан. Удахгүй эдгэрэх байх аа.

Хэн ч коронавирусийн халдвар авахыг хүсэхгүй шүү дээ. Тэр дундаа гэр бүлээрээ өвдөнө гэдэг амаргүй. Өвчтөнүүдийн сэтгэл санааны байдал ямар байна?

-Энэ өвчнөөр өвдсөн хүн цочролд орохоос өөр аргагүй. Дэлхий олон орны хүмүүс өвдөж, цаашлаад амь нас нь эндэж байгаа учраас эхний үед эмзэглэж, цочирдох нь аргагүй. Харин эмнэлэгтээ хэвтээд, эмчтэйгээ ярилцаж, шаардлагатай бүх төрлийн эмчилгээг хийлгэж байгаа болохоор өвчтөнүүдийн сэтгэл санаа харьцангуй тогтворжиж, дээрдсэн. Эхнээсээ эдгээд, эмнэлгээс гарч байгаа болохоор өвчтөнүүд “Эдгэрэх юм байна” гэсэн итгэлтэй болсон.

Анх сумын иргэд ч бас маш их түгшсэн байсан. Хэн ч байсан гэсэн сандрах нь тодорхой. Улаанбаатар хотод дотоодын анхны халдвар илрэхэд бид яаж хүлээж авч, иргэд хэрхэн сандралдаж байсныг мэдэж байгаа байх. Түүнтэй яг адилхан л зүйл болсон доо. Одоо халдварын голомт хумигдах хандлагатай, халдвар авсан иргэд эдгэрч байгаа болохоор санаа нь амарч байх шиг байна. Бидэнтэй хамт Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, туршлага судалж байгаа. Хөдөө орон нутгийн эмч нартаа туршлага болж байгаа гэдгээрээ бас онцлог байна.

Цаашид коронавирусийн халдвар тухайн аймаг, суманд дахин бүртгэгдвэл ХӨСҮТөөс баг дуудах шаардлагагүй эмчлэх боломжтой юу?

-Коронавирусийн халдвар сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байна. Тийм болохоор бид цаашид олон удаа сум орон нутагт ажиллах боломж хомс байх болов уу. Тэгэхээр хамтран ажиллаж байгаа орон нутгийн эмч, сувилагчид маань богино хугацаанд ч болов туршлагажаад чадвар суучихсан учраас цаашид айм-гийнхаа хэмжээнд эмчилгээ үзүүлэх боломжтой.

Вирусийн голомтод ажиллаж байгаа болохоор гэрийнхэн тань санаа зовж байгаа байх даа?

-Одоо ч сурч байх шиг байна. Манай хоёр хүүхэд гэртээ байж сурч байгаа. Нөхөр улирлын чанартай ажил хийдэг болохоор ажилдаа явчихсан. Би халдвар гарснаас хойш анх удаа хөдөө орон нутагт ажиллаж байна. Энэ удаагийн ээлжинд гэр бүлийнхэн маань их санаа зовж байгаа бололтой байсан. Ер нь гэрээсээ хол ажиллаж байгаа хэн бүхэнд ар гэрийнхэн нь санаа зовж байгаа байх.Бид халдварын голомтод ажиллахдаа сарын дараа л гэр бүлийнхэнтэйгээ уулздаг. Энэ хугацаанд удахгүй эдгэнэ гэсэн итгэл дүүрэн эмчлүүлж байгаа өвчтөнийхөө итгэл найдвар, бидэнд өгч байгаа урмын сайхан үгсээр л тэтгэгдэж байдаг даа. Бид нэгэнт ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд үнэнчээр зогсох тангараг өргөсөн хүмүүс учраас ямар ч орчин нөхцөлд өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах ёстой гэж боддог.

Та ХӨСҮТд ажиллаад хэр удаж байна вэ?

-Би халдварын эмчийнхээ чиглэлээр ажиллаад 28 жил болж байгаа. Харин ХӨСҮТ-д ажиллаад 11 жил болж байна. Энэ хугацаанд цар тахал, гоц халдварт өвчний үед хэрхэн ажиллах вэ гэдгээр бэлтгэгдэж байсан болохоор хүндрэл бэрхшээл бага байна.

П.БАТЗАЯА