Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Коронавирусийн 210 тохиолдол бүртгэгдэж, 25 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт 10049 хүнд PCR шинжилгээ хийхэд 210 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн нь 184 батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. 25 хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалт судалгааг хийж байна.

Улаанбаатар хотод 206, Хөвсгөл аймагт 3, Зөөвөрлөгдсөн 1 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 5186 боллоо.

Өнөөдрийн байдлаар хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:

-Хөнгөн: 1209

-Хүндэвтэр: 180

-Хүнд: 15

-Маш хүнд: 3 хүн байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Наурыз буюу Нарны баярын тухай

Наурыз буюу Нарны баярыг дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн өргөн тэмдэглэж өнгөрүүлдэг байна.

2010 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО Наурыз баярыг “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн.

Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтний баяр юм. 

Наурыз гэдэг нь перс гаралтай үг бөгөөд нау-шинэ, рыз-өдөр буюу “Шинэ өдөр” гэсэн утгатай аж. Өөрөөр хэлбэл өдөр шөнө тэнцэж, шинэ жил гарч байгааг бэлгэддэг.

Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр болгон тэмдэглэдэг. Үндэсний ёс, зан заншил, түүх соёлыг сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор казахын ард түмэн жил бүр тэмдэглэн ирсэн түүхтэй.

Казахууд нарыг шүтдэг учир гуравдугаар сарын 22-ны өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгийг хэлэлцдэг. Насанд хүрсэн казах эмэгтэйчүүд мандаж буй наранд ёсолж “амьдрал тэтгэж буй наран ээж минь” гэж залбирал үйлдээд хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай. 

Мөн бүх хүн анхны нар харж, наранд сүү өргөж хүндэтгэнэ. Гэрийн эзэгтэй нар гэрийнхээ тооныг сүүгээр мялааж, хаалганыхаа босгыг таргаар мялаадаг ёс ч бий. Баярын үеэр бүгд үндэсний хувцсаа өмссөн байх агаад ахмад настан аксакалуудаа хүндэтгэн золгож, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа хүүрнэн дүгнэж, шинэ ондоо аз хийморь, арвин баялаг амжилттай байхыг ерөөн хүсдэг. Эдгээр зан үйл нь монголчуудын цагаан сарын баяр тэмдэглэхтэй адилхан бөгөөд хэдэн өдрийн өмнөөс бэлддэг. Эрчүүд нь ойролцоох булаг шандны эхийг сэргээж эргэн тойрныг нь цэвэрлэнэ. Наурыз баярын үеэр ундаргыг нь гаргаж цэвэрлэсэн булаг шанд хэзээ ч татардаггүй, буян хишгээ олон түмэнд хүртээдэг хэмээн үздэг.

Наурыз баярын үеэр ахан дүүс, хотол олонтойгоо золгох үед “Наурыз баярын мэнд! Муу бүхэн газрын гаваар орог, идээ будаа арвин байг, талаар дүүрэн малтай, гэрээр дүүрэн хүүхэдтэй болоорой!” хэмээн ерөөдөг байна. Хоёр эрэгтэй хүн өөд өөдөөсөө харж зогсоод гараа атгалцан баруун зүүн хоёр талаараа цээжээрээ нийлж золгодог. Ийнхүү золгодог нь “Амь насны минь түшиг цээж минь, амьдралыг минь тэтгэгч хоёр гар минь эрүүл байг” гэсэн утгатай ажээ. Хоёр эмэгтэй тэврэлдэж золгоно. Эрэгтэй эмэгтэй хүмүүс гараа атгалцаж золгоно.

Наурызын баярын орой залуус хосоороо савлуураар савлуурдаж тоглодог бөгөөд энэ үед дуулж хөгжилдөх, хоорондоо дотносон танилцах, сэтгэлийн үг хэлэлцэх, болзох хором болдог гэж хэлж болно. Айтыс хэмээх харилцаа дууны тэмцээн болдог бөгөөд энэ нь казахын урлаг уран зохиолын онцгой нэгэн төрөл буюу ардын яруу найргийн төрөлд багтдаг. Уг тэмцээнд оролцогсод урьдчилан ямар нэгэн бэлтгэл хийхгүй бөгөөд хоёр хоёроороо сууж тухайн байдал, баяр ёслолын агуулгад тааруулан санаанаасаа зохиож домбордож харилцан дуулна. Шалгарсан нь бусад шалгарсан хүмүүстэй өрсөлдөх байдлаар цааш өрнөдөг байна.

Монголчууд цагаан сараар бууз банш иддэг бол Казахууд шөл уудаг.

Дэлхийн дахинд 300 гаруй сая хүн жил бүр Наурызын баярыг тэмдэглэн  өнгөрүүлдэгКазахуудын хувьд долоогийн тоо чухал бөгөөд баярын ширээнд мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоогоос доошгүй нэр төрлийн хоол унд байх учиртай. Шөл нь мах, гурил, өөх тос, үр тарианы төрөл, давс, сонгино, ус гэх мэт долоон төрлийн хүнсээр амтлагдсан байх ба энэ нь амьдралын долоон өнгө болох баяр баясгалан, аз жаргал, амьдрах ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгааллыг илэрхийлдэг байна. Энэ баярын үеэр архи дарс огт хэрэглэдэггүй бөгөөд исламын ёслолд архи дарсыг бусад ариун идээний дэргэд байлгаж болдоггүй бузар зүйл гэж үздэг байна.

Баяраар аль болох олон айлд шөл уух тусам сайн хэмээн үзнэ. Ирсэн зочдод гэрийн ахмад хүнээр ерөөл хэлүүлэх ба сонсож буй хүмүүс алгаа хавсран нүүр рүүгээ харуулна. Ерөөл дууссаны дараа “тэр ерөөл бат оршиг” гэсэн утгатай “амин” гэж хэлээд хавсарсан хоёр алгаа нүүрэндээ хүргэх бөгөөд энэ нь ерөөлийг хүлээн авлаа гэсэн утгыг илэрхийлнэ.

Ингээд та бүхэндээ Наурызын баярын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.


  • Гуравдугаар сарын 22 бол Исламын шашинтай орнуудын хувьд “Шинэ жил”-ийн баяр гэсэн үг.
  • Наурыз нь Перс гаралтай үг. Нау-шинэ, Руз-өдөр буюу “Шинэ өдөр” гэсэн үг ажээ. Анх МЭ II зууны үед энэ үг тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
  • Казах хэлэнд гуравдугаар сарыг мөн Наурыз гэж нэрлэдэг байна
  • Наурызын баяр тэмдэглэхийг Монголд 1926 оноос хориглож байжээ. Гэхдээ Казах түмэн 1940 он хүртэл тэмдэглэж байсан аж. Хожим нийгэм чөлөөтэй болж уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэх болсон юм.
  • Энэ өдөр Казахчууд ахан дүүс, айл хотлоороо учран золгож, ахмадынхаа сургаалийг сонсож, хөөрөн баясаж өнгөрүүлдэг.
  • Дэлхий дахинд 300 гаруй сая хүн жил бүр Наурызын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг.
  • Наурызын баярын хамгийн чухал хоол бол Наурыз шөл юм. Уг шөлийг ус, мах, гурил, давс, будаа, өөх, сүү зэргээр хийдэг бөгөөд долоогоос доошгүй идээний дээж ордог байна. Будаатай шөл хийдгийн учир нь өсөж олуулаа болохыг бэлгэддэг ажээ.
  • Мөн Наурыз шөлийг том тогоонд хийж олуулаа иддэг ёстой. Учир нь нэг тогооноос хоол идсэн хүмүүс эвтэй найртай байж найзалж нөхөрлөхийг бэлгэдсэн заншил юм.
  • НҮБ-ийн Ерөнхий Ассабмлей 2011 оны гуравдугаар сарын 21-нийг Олон улсын Наурызын өдөр хэмээн бүртгэжээ.
  • Наурызын баярын өглөө эрчүүд нь гараа барилцан, цээжээ хүргэж мэндлэн золгодог бол эмэгтэйчүүд тэврэлддэг аж.
  • Баярын өдөр болохоос өмнө эмэгтэйчүүд гэр орноо сайтар цэвэрлэдэг нь цагаан сартай төстэй. Учир нь шинэ жилээ цэвэр цэмцгэр угтвал тэр жилдээ эрүүл саруул байхыг бэлгэддэг.
  • Наурызын баяраар архи хэрэглэдэггүй ёстой. Учир нь Исламын шашинд архи дарсыг цээрлэдэг бөгөөд бусад идээ будааны дэргэд байж болдоггүй гэж үздэг юм.
  • Гуравдугаар сарын 21-ний шөнийг Казахчууд “Кызырын шөнө” гэдэг. Учир нь өндөр настан Кызыр өвөө гэгдэх аз жаргалын элч айлуудаар хэсч аз жаргал, буян хишгээ хайрладаг гэж үздэг аж.

Д.Отгонтуяа

Эх сурвалж: Нью жуулчин турс

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Наурызын баярыг тохиолдуулан казах түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:

“Наурыз мейрамы құтты болсын!

Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосны ерөөл болгож, Наурызын баярын мэндийг Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа казах түмэндээ дэвшүүлье.

Нэгдсэн Үндэстний Байгууллага 2010 оны Ерөнхий Ассамблейн чуулганаараа “Олон улсын наурызын өдөр”-ийг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гаргасан билээ. Наурыз бол хүн төрөлхтний соёлын өв, уламжлал, соёлын хосгүй цогц юм.

Үндэсний соёл, ёс уламжлалаа өвлөж, хөдөлмөр тэмцлийн гарамгай амжилтаараа Монгол Улсын нэрийг дуурсгасан төрийн зүтгэлтэн, урлаг соёлын алдартан, эрдэмтэн мэргэд казахчуудын дундаас олноор төрөн гарсан.

Монгол Улсын төр, түмний үлгэр дуурайл болсон өвөг дээдсийнхээ бахархам түүхийг казах залуучууд маань залгамжлан үргэлжлүүлж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Нийт казах түмэн минь аялгуут домбороо эгшиглүүлж, айтыс дуугаараа түрлэг өргөн, айл саахалт, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан байхыг хүсэн ерөөе.

Хөх мөнх тэнгэрийг эзэгнэн эрхшээж, хүчит жигүүртний далавчаар жигүүрлэсэн казах зон олны үйлс үргэлж өөдрөг, мандан бадарч байх болтугай!” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:

Наурыз мейрамы құтты болсын!

Қаһарлы қыстың суық күндерін артқа тастап, көктемнің жайма шуақ күнімен қауышып жатқан қуанышты сәтте Моңғол Елінің түпкір түпкірінде өмір сүретін барлық қазақ аға бауырларды Наурыз мерекесімен қызу құттықтаймын.

Біріккен Ұлттар Ұйымының Бас Ассмблеясының 2010 жылғы мәжілісі “Халықаралық наурыз күні“-н дүние жүзілік денгейде белгілеп тойлау туралы шешім қабылдаған. Наурыз барша адамзаттың ортақ мәдениеті, рухани мұрасы.

Ана тілін, мәдениетін, әдет ғұрыпын ғасырлар бойы сол қалпында сақтап басқаға үлгі болып келе жатқан Моңғолия қазақтары арасынан дүние жүзіне еліміздің атын шығарған, әлемге танымал еңбек майталмандары, мемлекеттік және мәдениет, өнер саласының қайраткерлері, ғалымдар көптеп туып шыққаны бәрімізге мақтаныш.

Қазақ халқының ата бабадан жалғасып келе жатқан мақтан тұтар тарихын, еңбек жолын қазақ жастары алдағы уақытта жалғастырып Отанымыздың гүлденіп өркендеуіне қомақты үлес қосады дегенге кәміл сенемін.

Барша қазақ халқы домбырасын қалықтатып, айтыс ән мен күйін шарықтатып, ауыл аймақ ақсақал қарттарға құрмет көрсетіп, бала шаға отбастарыңызбен тексі түгел аман есен болуларыңызды тілеймін.

Аспан көктің серісі алап қыран тағдырлас асыл Қазақ халқының ісі үнемі ілгері жүріп бақ бақыты тасқындай берсін.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК хуралдаж, хөл хорио тогтоох эсэхийг шийднэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо Төрийн ордонд вакцинжуулалтын Ажлын хэсэгтэй хуралдаж байна.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссыг өнөөдөртөө багтаж хуралдах үүрэг, чиглэл өглөө.

Ингэхдээ “Шийдвэр гаргахдаа эрүүл мэнд, эдийн засаг, вакцинжуулалтын нийлүүлэлтийг түргэсгэх, иргэдээс мэдээлэл нуухгүй, хөл хорио тогтоох бол эрт мэдээлэх хэрэгтэй” гэдгийг тодотгожээ.

Тэгвэл Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Улсын Онцгой комисс хөл хорио тогтоох эсэх асуудлаар хуралдахаар болжээ. Одоогоор хэдэн цагаас хуралдах нь тодорхойгүй байна. Энэ талаар эргэн мэдээлэх болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Түүх сөхвөл Монгол Улсын иргэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14:58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрч байв.

Тэд “Салют-6” сансрын станцтай холбогдон сансарт долоо хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсон байна.

“Союз-39” 1981 оны гуравдугаар сарын 30-ны өдөр эх дэлхийдээ амжилттай газарджээ.

Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын газар

Categories
мэдээ нийгэм

​МоАХ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд сануулга хүргэлээ


“Монголын төр, монгол хүн аюулд учраад байна”, “Авлигалчдад ард түмэн дарлуулах ёстой юу” гэх мэт уриа лоозон, хариулт нэхсэн асуулт бүхий уриалга барьсан 3000 гаруй иргэн өнгөрсөн баасан гарагт Сүхбаатарын талбайд цуглаж, тайван замаар үзэл бодлоо илэрхийллээ.

“Монгол Улсын төлөө зүтгэе” уриатай уг жагсаалыг Монголын Ардчилсан Холбооноос зохион байгуулжээ. Энэ ч утгаараа жагсаалд оролцогчдын дийлэнх нь одоогоос 31 жилийн өмнө хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шинэчлэлийн төлөө үг, үйлдлээ нэгтгэж явсан МоАХ-ны ахмад гишүүд байлаа. Тэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний гишүүд болон төрийн түшээдэд мэдэгдэл хүргэх зорилгоор уг ажиллагаанд нэгдэж байгаагаа илэрхийлсэн. Учир нь, “УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтын шийдвэр гаргахаас удаа дараа санаатай зайлсхийлээ” хэмээн үзэж байгаа аж. Тодруулбал, дээр нэр дурдсан албан тушаалтнууд ҮАБЗ-ийн хуралдаанд оролцохгүй байгаа нь цаагуураа гадны захиалга, улс төрийн явцуу зорилготой байж магадгүй гэж хардаж байгаагаа илэрхийлэв. Тиймээс төрийн үйл ажиллагааны хийдлийг арилгах, цар тахлаас үүдэлтэй сөрөг нөлөөллүүдийг бууруулах, гадаад өрүүдийг тэглэх, Оюутолгой, Хармагтайн ордын ашиглалтын талаар нэгдмэл байр суурьт хүрэх зэрэг тулгамдсан асуудлуудыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийн чухлыг эрх баригчдад албан ёсоор сэрэмжлүүлэн сануулсан юм.

Түүнчлэн үндэсний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн үүрэг оролцоог дээшлүүлэх, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудыг улс төрөөс ангид байлгах, хариуцлагыг чангатгах шаардлагатай байгаа талаар ч давхар хэлж, сануулж байлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 10 мянган хүнийг вакцинжуулна

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 43 цэгт 104 багийн 732 эмч ажилтан ажиллаж, 10 мянган хүнийг вакцинжуулахаар төлөвлөөд байна.

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Болортуяа: Мьянмарын ард түмэн цэргийн дэглэмийг унагааж, ардчилсан улс болохын төлөө тэмцэж байна

Мьянмар
улсад Олон улсын байгууллагын шугамаар ажиллаж, амьдарч байсан П.Болортуяатай
ярилцлаа.


-Парламентын
сонгуулийн дүнг эсэргүүцсэн Цэргийн хүчнийхэн Мьянмар улсын ардчиллын төлөөх
лигийн намын өндөр албан тушаалтнуудыг хорьж, цэргийн хүчээр төрийн эргэлт
хийгээд сар гаруйн хугацаа өнгөрлөө.Та Мьянмар улсад ажиллаж амьдраад хэр удаж
байгаа вэ?

-Би
Мьянмар улсад ажиллаж амьдраад гурван жил болж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын
1-нд Мьянмарт Цэргийн эргэлт боллоо. 2020 оны арваннэгдүгээр сард Мьянмар улсад
таван жил тутам болдог Парламентын сонгууль болж өнгөрсөн.

Уг
сонгуулийн үр дүнд “Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг” намын тэргүүн Ан
Сан Су Чигийн удирдаж байгаа нам дийлэнх олонх суудал авсан. Мьянмар улс 1962
оноос хойш цэргийн дэглэмтэй явж ирсэн. Учир нь Үндсэн хуульдаа цэргийн
дэглэмтэй орон байна гэж заасан байдаг юм билээ. Өнгөрсөн 2015 оны
сонгуулиар”Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг” олон суудал авч чадсан ч
Үндсэн хуулиа өөрчлөх хэмжээнд хүртэл суудал авч чадаагүй. Гэхдээ өнгөрсөн
таван жилийн хугацаанд энэ намаас сонгогдсон Парламентын гишүүд нь Үндсэн
хуулиа өөрчилж цэргийн дэглэмийг халж ардчилсан орон болгохын төлөө хоёр удаа
Парламентаар хэлэлцүүлэг хийсэн ч амжилтад хүрээгүй.Ингээд өнгөрсөн
арваннэгдүгээр сарын сонгуулиар “Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг”
Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах хэмжээний хангалттай суудал авч чадсан.
Ингэхээр цэргийн эрх мэдэл хумигдана гэсэн үг. Гэхдээ цэргийн эрх мэдлийнхэн
автоматаар парламентдаа 25 хувийн квоттой байдаг. Өнгөрсөн оны сонгуулиар
сонгогдсон гишүүд нэгдүгээр сарын 31-нд нийслэл хотдоо цуглаад хоёрдугаар сарын
1-ний өдөр анхныхаа хурлыг хийхээр төлөвлөж байв. Энэ хурлаар “Ардчиллын
Төлөөх Үндэсний Лиг” намын гишүүд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах
боломжтой байсан. Арваннэгдүгээр сараас хойш өрнөсөн улс төрийн үйл явдлыг харж
байхад цэргийн эрх мэдэлтнүүд эрх мэдлээ алдах нь тодорхой болчихсон учраас
сонгуульд луйвар орсон, сонгуулийн дүнг нягтлах, дахин сонгууль явуулах байр
суурьтай байгаагаа удаа дараа зарласан. Харин орон нутагт ажилласан сонгуулийн
хороод, Сонгуулийн Ерөнхий Хороо нь сонгуульд луйвар ороогүй, шударга үнэн
сонгууль болж “Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг” Нам ялалт байгуулсан нь
бодит үнэн гэсэн эсрэг байр суурьтай байв. Угтаа эхлээд нөхцөл байдал маш
тайван байсан. Хэний ч санаанд төрийн буюу цэргийн эргэлт болчихно гэж
бодохооргүй. Ард түмэн, жирийн иргэд ч гэсэн цаашид тууштай ардчилсан орон
болох нь гэж итгэл төгс байсан. Мьянмарчуудын хувьд гурав дахь удаагийн цэргийн
эргэлт нь юм билээ. Өмнө нь 1990, 2007 онд цэргийн эрх мэдлийг эсэргүүцэж
жагсахад хүчээр дарсан түүхтэй. Энэ удаагийн тэмцэл Мьянмарчуудын хувьд
ардчиллын төлөөх гурав дахь тэмцэл нь гэж ойлгож болно.

-Хоёрдугаар сарын
1-нээс яг ямар үйл явдал өрнөчихөв?

-Өглөө
сэрэхэд ямар ч интернэт, утасны сүлжээ ажиллаагүй. Тухайн өдөр эргэлт болсон
гэдгийг ч мэдээгүй. Өглөө жолооч маань ажилд авах гэж ирдэг цагаасаа эрт ирсэн.
Тэгээд цэргийн эргэлт болчихлоо. “Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг”
намын дарга, намын удирдлагуудыг бүгдийг нь баривчилсан гэж хэлсэн. Нийт 10 цаг
орчим сүлжээ тасалсан. Мьянмарын нийслэл нь их онцлог хот. Цэргүүд байрлахаас
гадна төрийн байгууллага,яам, агентлагууд болон олон улсын байгууллагууд
байрладаг. Улаанбаатар хот шиг жирийн иргэд амьдардаггүй.Төрийн албан хаагчид
нь нийтийн байранд амьдардаг. Ингээд шөнө Цэргийн эрхтэн дархтнууд цэргээ
хөдөлгөөд Ерөнхийлөгч, “Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг” намын
удирдагч, тангаргаа өргөх гээд очсон парламентын бүх гишүүдийг барьж хорьсон.
Тодорхойгүй байдал хэсэг үргэлжилсэн. Ард түмэн юу болж байгааг ч мэдэх боломжгүй.
Удалгүй цэргийнхэн бүх телевизийг хааж, өөрийн мэдлийн телевизээр нэг жилийн
хугацаатай онцгой байдал тогтоолоо. Жилийн дараа дахин сонгууль явуулна.
Өнгөрсөн сонгуулийн үр дүнг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй. Засгийн бүх эрх
мэдлийг гартаа авлаа гэдгээ зарласан. Үндсэн хуульд нь нэг жилийн онцгой байдал
тогтоох эрх нь байдаг юм шиг байна лээ.

Төрийн
эргэлт болохоор тэнд нөхцөл байдал ямар болж байсан бэ?

-Төрийн
болон бусад бүх албан байгууллага, банк төрийн эргэлт гарсан өдрөөс хойш
ажиллаагүй. Ганцхан хүнсний дэлгүүрүүд ажиллаж байсан. Манай хотын төвөөр
цэргүүд, цэргийн машинууд үзэгдэж эхэлсэн. Бүр байлдааны танк хүртэл орж ирсэн.

-Ард түмний жагсаал
өдгөө ч үргэлжилж байна. Гэсэн хэдийч нөхцөл байдал хүндхэн харагдаж байна л
даа. Цэргийнхэн жагсагчдыг буудаж хөнөөж байгаа нүд халтирам зураг олон
харагдах юм?

-Хоёрдугаар
сарын 6-наас хүмүүс гудамжинд гарч тэмцэж эхэлсэн. Ард түмэн бол бид
“Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг”-т саналаа өгсөн. Бид Ардчилсан орон
болмоор байна. Цэргийн дэглэмийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Дахиад хар өдрүүдэд
амьдарч чадахгүй. Бидний өгсөн саналыг хүлээн зөвшөөр. Сонгууль луйвар болоогүй
гэж жагсаж эхэлсэн. Жагсаал цуглаан анх маш зохион байгуулалттай байсан шүү.
Өдөр бүр, мэргэжил, мэргэжлээрээ нэгдэж маш тайван жагсаал өрнөж байв. Долоо
хоногийн дараанаас жагсаал цуглаан хүчээ нэмж, хүрээгээ тэлээд ирэхээр
цэргийнхэн хүчээр дарж эхлэх бодлого явуулсан. Эхлээд жагсаал цуглааныг
тараахын тулд даралттай усаар шүршиж эхэлсэн. Үүнд ч гэмтсэн хүмүүс бий.
Удалгүй цэргийнхэн мэдэгдэл хийж улс оронд онцгой байдал зарласан учир жагсаал,
цуглаан хийхийг хориглож, орой хөл хорио тогтоосон. Энэхүү журмыг зөрчвөл хатуу
арга хэмжээ авахаа зарласан. Ер нь жагсаалыг хүчээр тарааж, хүйтэн зэвсэг
ашиглаж эхэлсэн гэсэн үг. Мьянмарын ард түмэн цэргийн дэглэмийг унагааж
ардчилсан улс болохын төлөө тэмцэж байна.

-Өдгөө хэдэн жагсагч
амиа алдсан бол?

-Бирмчүүд
маань өнөөдөр ч дахиад гудмандаа гарчихсан жагсаж байна. Тэмцэл эхэлснээс хойш
168 залуусын амь нас эрсэдсэн. Энэ бол албан тоо. Албан бус тоогоор бол үүнээс
илүү хүмүүс амь эрсэдсэн гэж үзэж байгаа. Ард түмэн бууж өгөхгүй лгэж байна.
Эрх мэдэл гэж ийм айхавтар. Цэргийн генерал эрх мэдлээ алдахгүй гээд иргэний
дайн хийж байна шүү дээ. Цэргийн, ганц хүний диктатуртай орон болчихгүй юмсан л
гэж бодогдсон. Бирмийн зарим хот, дүүрэгт дайны гэх юм уу байлдааны гэх юмуу
Martial Law -үйлчлээд эхэлснээ зарлаж байна. Байлдааны хуулийг нь уншихаар
цэргүүддээ өчиггүй буудах эрх өгч байна. Цэргүүдийн урдаас ямар нэг байдлаар
эсэргүүцэл үзүүлэх гэж оролдлого хийвэл шууд буудна. Түүнчлэн жагсагчдыг хүчээр
дарах хоёрдах оролдлого нь шөнийн цагаар хүмүүсийг олноор нь баривчилж, гудманд
буудаж, ихээр айлгаж байгаа. Хамгийн аймшигтай нь хүмүүсийг буудчихаад шууд
чирээд ачаад явчихаж байгаа бичлэг хүртэл сошиалд тавигдсан байна.

-“Ардчиллын
Төлөөх Үндэсний Лиг”-ийн дарга Ан Сан Су Чи болон, намын гишүүдийг хаана
хорьж байгаа талаар мэдээлэл бий юү?

-Тэдэнд
шүүхээр ял оноох гэж байгаа. Хаана хорьж байгааг цэргийн Засгийн газар
нууцалсаар байгаа бөгөөд хууль бусаар хөрөнгөжсөн, хөл хорионы дэглэм,
Коронавирусээс урьдчилан сэргийлэх хуулийн заалтыг зөрчсөн гэхчилэн
буруутгасан. Ан Сан Су Чигийн гэрээс нь станц олсон юм билээ. Энэ станцыг хууль
бусаар оруулж ирсэн. Хилээр орж ирэхэд зөвшөөрөл аваагүй гэж буруутгаж байгаа.
Нэг удаа шүүх хурал нь болж ялыг нь нэмэхээр төлөвлөсөн. Энэ нь жагсаал зохион
байгуулж хууль зөрчсөн гэдэг үндэслэл гэж ойлгосон. Ерөнхийлөгчийг нь
коронавирустэй тэмцэх арга хэмжээний хууль зөрчиж сонгуулийн үеэр хүмүүс
цуглуулсан гэж буруутгаж байгаа юм билээ. Энгийн иргэдийн хувьд бол олон улсын
тусламж, энхийг сахиулагч хүчнийг хүсч, хүлээж байгаа.

-Цэргийн эрх
мэдэлтнүүд маш их эрх мэдэлтэй байдаг юм билээ. Эрх мэдлээ алдахгүйн тулд ард
түмнийхээ эсрэг дайн зарлаж байна гэж ойлгож байна?

-Тийм.
Цэргийн эрх мэдэлтнүүд нь өөрсдөө маш их эрх мэдэлтэй хүмүүс байдаг. Цэрэг нь
зэр зэвсэг ихтэйгээс гадна байлдааны онгоц, бөмбөдөгч сөнөөгч онгоцтой. Миний
амьдарч байсан хот дээгүүр байлдааны онгоц ниссэн. Жагсагчидаа айлгах гэж
онгоцуудаа нисгэж байна. Угтаа 500 мянган цэрэг байдаг гэж байгаа юм. Гэхдээ
тэд тусгай бэлтгэгдсэн цэргүүд. Одоогийн Цэргийн генерал, бас түүнээс гадна 10
гаруй генералын эрх мэдэл энд яригдаж байгаа. Хэдхэн хүн цэргийн хүчээр энэ
улсыг хянаж байна. Зэвсгийн хүчээр ард түмнийг буулгаж авна гэж үзэж байна. Эрх
мэдлээ алдахгүйн тулд ард түмнээ буудаж байна. Цэргийнхэн хамгийн баян хүмүүс
байдаг гэсэн. Цэргийн эрх мэдэлтнүүд томоохон бизнесүүд, хаш чулуу,
бадмаарагийн орд гээд байгалийн бүхий л баялгийг хянаж байдаг. Мэргэн буудагч зогсоогоод
жагсагчдыг уриалж байгаа хүмүүсийг буудаж байна гэсэн мэдээлэл явж байгаа.
“Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг” намын орон нутгийн дарга нарыг
бүгдийг нь гэрт нь хорьсон. Гэрийн гадаа нь цагдаа, цэргийхэн очоод, орж
гаргахгүй хорьчихдог юм байна лээ. Энэ сарын 16-ны өдрөөс эхлэн утасны
операторууд интернэт орох боломжгүй болсон байна. Цэргүүд эмнэлэг, сургууль,
хийд гэх мэт газруудыг цэргийнхэн эзлэн авч байгаа. Бүр коронавирус туссан
хүмүүс эмчлүүлж байсан эмнэлгийг ч эзэлсэн байна. Өвчтөнүүдийг нь хаашаа авч
явсан юм бүү мэд.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ: 3 сая төгрөгийн нэг, 1.5 сая төгрөгийн 16 азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын өнөөдрийн тохирлоор 61842713 дугаар тодорч 3 сая төгрөгийн нэг азтан, 1.5 сая төгрөгийн 16 азтан тодорлоо. Нийт 23832 баримт тохирсноос:

  • 30 мянган төгрөгийн 21456 баримт
  • 100 мянган төгрөгийн 2142
  • 500 мянга 217
  • 1,5 сая 16
  • 3 сая 1 азтан тодорлоо.

Супер тохиролд 07676080 дугаар таарсан ч азтан тодорсонгүй.

Боловсрол суваг телевизээр шууд дамжуулсан уг тохиролд 2021 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдрийн худалдан авалтаар хийсэн цахим төлбөрийн баримтыг хамруулсан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч Л.Лхагва: Сансрын нисэгчдийн хоолны цэсэнд оруулах борцыг академич Д.Рэгдэл бид хоёр тэсгим өвлөөр хийж байлаа

-ОРОСООР ЭВГҮЙ ДУУДАГДААД БАЙСАН УЧРААС М.ГАНХУЯГИЙН НЭРИЙГ М.ГАНЗОРИГ БОЛГОН ӨӨРЧИЛЖ БАЙЛАА-


Академич,Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч Л.Лхагватай ярилцав.


-Энэ хавар Монгол Улсын иргэн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна. Таныг сансрын багийн эмчээр ажилласан тухай Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гэж эрхэм хүн “Дэлхийн сансрын эмч нар дотор монгол эмч ганцхан бий” гэж бичсэнийг уншаад бахархаж билээ. Ингэхэд сансрын багийн эмч ер нь юу хийдэг, ямар алба вэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-Тэгье тэгье. Сансрын нисэгчээр сонгогдсон хүмүүс цоо эрүүл учраас хийгээд байх юмгүй гэж зарим хүн боддог байх. Ер нь дэлхийн эмч нар өвчтэй хүнийг эмчлэхэд асар их мэдлэг, туршлага хуримтлуулсан улс шүү дээ. Гэтэл сансрыг эзэмших болоход дэлхийгээс тэс өөр орчинд очсон хүний эрүүл мэндийг нэг юмтай харьцуулах хэрэг гарна аа даа. Тэр үед дэлхийн эрүүл хүмүүсийн судалгаа нэн ховор байсан. Тэр тусмаа эрүүл гээд байгаа хүний биеийн үзүүлэлт газар нутгийн байдлаас болоод өөр өөр байдаг. Жишээлбэл, өндөр уулын бүсэд амьдардаг эрүүл хүмүүсийн цусны улаан эс бидний ярьдгаар эритроцит ихтэй, тэр нь тал газрын хүмүүсийнхээс их байдаг. Сансарт хүн ниссэн явдал эрүүл хүний судалгааг эрчимжүүлж өгсөн. Тэгэхээр чи бод доо. Эрүүл хүний эрүүл мэндийг хэв янзаар нь хадгалахгүй бол өвчтэй болно биз. Сансрын багийн эмч эрүүл сансрын нисэгч хүнийг өвчтэй болгохгүй байх бүх талын асуудлыг хариуцдаг. Зүйрлүүлж хэлбэл, эрүүл мэндийн торгон хилийн харуул гэсэн үг. Эмчээр ажиллаж байхад сэтгэл зовох юм өчнөөн гардаг байлаа. Гэхдээ бидэнд тусалдаг эмч нарын отряд ард минь байсан болохоор айхавтар хэцүү юм нэг их тохиолдож байгаагүй ээ.

-Ингэхэд сансарт нисэх хүнийг судалж сонгох ажил яг хэзээнээс эхэлж байсан бэ?

-Сансрын нисэгчийг судлах, сонгон олох ажил 1977 оны тавдугаар сард Улаанбаатарт албан ёсоор эхэлж, зун, намаржин үргэлжлээд өвөл нь буюу 1978 оны хоёрдугаар сард Москвад дуусч байсан юм. Миний хувьд хавар их онцгой улирал. Би хаврыг хүн төрөлхтний сансрын хавар, Монголын сансрын хавар гэж хэлэх дуртай. Хүн төрөлхтнөөс Юрий Гагарин гэж залуу анх сансарт нисэхэд хавар тохиож байсан. Монголын иргэн анх удаа сансарт ниссэн улирал ч хавар.

-Нээрээ Гагарин дөрөвдүгээр сард сансарт нисч байсан юм байна шүү. Тэгэхээр энэ хавар хүн төрөлхтөн сансарт ниссэний жаран жилийн ой тохиож байгаа байх нь?

-Харин тэгж байна (инээв). Цэл залуухан 27-той Юрий Алексеевич Гагарин 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өглөөний 09 цаг 07 минутад эх дэлхийгээс цойлж, БНМАУ-ын иргэн 33 настай Ж.Гүррагчаа 1981 оны гуравдугаар сарын 22-ны орой 17 цаг 59 минутад анх сансарт нисч байлаа.

-Ж.Гүррагчаа, М.Ганзориг гэж хоёр хүнийг бэлтгэж байгаад эцсийн мөчид Ж.Гүррагчаа гэдэг залуу сансарт ниссэн түүхтэй. Бүр анх хичнээн хүн сонгон шалгаруулалтад оролцож байсан юм бол?

-Маш олон хүнийг судлаад эхний удаад янз бүрийн мэргэжлийн 30 залууг эмнэлгийн нарийн үзлэг шинжилгээнд оруулсан юм. Инженер, сөнөөгч онгоцны нисгэгчид жин дарж байсныг маш тод санаж байна. Радиотехникийн инженер гэхэд л Ц.Балчингомбо, Д.Болдбаатар, Б.Дэмбэрэл, Г.Дугарсүрэн, А.Тойвгоо, Я.Шижирбаатар гэсэн шижигнэсэн таван залуу шалгарч байлаа. За тэгээд цааш нь тоочвол инженер Ж.Даш, С.Дамдинсүрэн, Л.Төмөр, Х.Чулуун, З.Сүхээ, холбооны инженер Д.Гарам-Очир, Ч.Нямдаваа, цахилгаан механикийн инженер Н.Нансал, А.Пүрэвжав, барилгын инженер Т.Эрхэмбаяр, инженер нисэгч Д.Баатар, Б.Намхайдорж, Д.Сүрэнхорлоо гэсэн залуус анхны сонгон шалгаруулалтад тэнцэж эмнэлгийн нарийн үзлэг шинжилгээнд орсон юм. Сөнөөгч онгоцны нисгэгчдийн хувьд арван залуу анхны сонгон шалгаруулалтыг давсан. Б.Батдорж, Б.Лхагвасүрэн, С.Усник, Н.Цэдэнпүрэв, Б.Сүх, С.Шаравсамбуу, Д.Чойжилжав, П.Эрхэмбаяр, Н.Гомбодорж, Ч.Даваажав нар. Хүний их эмч нэг байсан. Г.Баасанцэрэн гэдэг эмч залуу. Бид анх өнөө 30 залуугаасаа дөрвөн нисэгч сонгосон юм. Гэтэл 1977 оны наймдугаар сард социалист гэгдэж байсан орнуудын “Интеркосмос” хэмээх сансрын хамтын ажиллагааны Үндэсний зохицуулах байгууллагын удирдагч нарын зөвлөгөөн Улаанбаатар хотод болдог юм. Тэр зөвлөгөөнд оролцсон ЗХУ-ын ШУА-ийн дэд ерөнхийлөгч, “Интеркосмос” зөвлөлийн дарга, академич Б.Н.Петров сонгосон дөрвөн нисэгчтэй маань уулзлаа. Уулзаж танилцсаныхаа дараа бидэнд дээд боловсрол, мэргэжилтэй гурван хүн дахин сонгож олохыг зөвлөсөн л дөө. Бидний сонгоод байсан хүмүүсийн гурав нь дунд боловсролтой, цэргийн нисэгчид байсан болохоор тийм зөвлөгөө өгсөн хэрэг. Ингээд дахиад баахан ажил ундарлаа. Дээд боловсролтой, мэргэжилтэй гурван хүн сонгон олох ажил 1977 оны есдүгээр сард эхэлж, 1978 оны хоёрдугаар сард ЗХУ-д Оддын хотхонд Эмнэлгийн ерөнхий комиссын хурлаар орж эцэслэж байсан юм. Хоёр дахь ээлжийн гэж хэлж болох үзлэг, шинжилгээнд 13 хүн орж байлаа. Танай сонины хуудсаар дамжиж үлдэх түүх учраас, гэр бүл ойр дотныхон нь бахархан дурсаг гэдэг үүднээс бүгдийг нь нэрлэчихмээр байна, болох уу?

-Тэг тэг.

-Хүний их эмч Х.Лхасүрэн, физикч Ж.Сайнхүүгээс бусад нь инженерүүд байсан юм. Дулааны процессын автоматжуулалтын инженер Ц.Бэгзсүрэн, М.Ганхуяг, радиотехникийн инженер Ч.Батмөнх, С.Гантөмөр, онгоцны тусгай тоноглолын инженер Ж.Гүррагчаа, дулааны инженер Ц.Жамбалсамбуу, Ц.Лхагва, артиллерийн инженер Ц.Ишган, цахилгааны хангамжийн инженер Л.Өлзийбат, инженер механикч С.Сайнцог, инженер химич Ш.Паламдорж нар нарийн үзлэг шинжилгээнд орж байлаа.


-Эхний 30-аас сонгогдсон анхны дөрвийн нэрийг та дурдсангүй?

-Инженер нисэгч Д.Сүрэнхорлоо, сөнөөгч онгоцны нисэгч С.Шаравсамбуу, Б.Лхагвасүрэн, П.Эрхэмбаяр нар байсан юм.

-Дараагийн 13-аас сонгогдсон гурав нь Ж.Гүррагчаа, М.Ганзориг, С.Сайнцог байх нь…?

-Тийм ээ. М.Ганзоригийн жинхэнэ нэр нь Ганхуяг байсан юм. Москвад болсон эмнэлгийн үзлэгийн дараа нэрийг нь Ганзориг гэж сольж байлаа. Оросоор нэрийг нь дуудахад утга агуулгын хувьд эвгүй утгатай сонсогдоод байсан учраас ярьж зөвлөлдөөд сольсон түүхтэй. Орос хэл мэдэх хүмүүс шууд ойлгох байх аа.

-Анх дөрвөн хүнийг санал болгож. Яагаад заавал дөрвийг сонгосон юм бол?

-Зөвлөлтийн тал социалист орнуудад тийм санал тавьсан юм. Сонгогдож, дараагийн нарийвчилсан үзлэг шинжилгээнд орохоор болсон залуус маань бүгдээрээ Зөвлөлтөд боловсрол, мэргэжил эзэмшсэн шилдэг инженерүүд байсан шүү.

-Зөвлөлтөд сүүлчийн шатны эмнэлгийн үзлэг, шинжилгээнд орсон хүмүүсээс гурав нь тэнцсэн гэж ярьдаг шүү дээ. Гурвууланг нь бэлтгэлд явуулаад онцгой байсныг нь нисгэж болоогүй юм байх даа?

-Хоёр хүнийг сансрын нисгэгчийн бэлтгэлд ирүүлэх номтой байсан юм. Чи бод доо, анх дөрвөөс нэг нь, дараа нь гурваас нэг нь, тэгээд хоёроос нэг нь хасагдаж байж сансарт нисч байгаа хэрэг шүү дээ. Хасагдсан хүн нь хөөрч баярлаад, гуяа алгадаад харайж дэвхрээд байхгүй нь мэдээжийн хэрэг. Эмч хүний хувьд тэдэнтэйгээ адилхан л харамсаж, баярлаж явлаа. Ямартаа л “Сансарт нисэх ч сайхан, эх дэлхийдээ үлдэх ч сайхан” гэж тэдэндээ хэлж байхав.

-Малчны хүүхэд болохоор Ж.Гүррагчааг сонгосон гэдэг яриа байдаг. Үнэхээр тэгсэн юм уу?

-Тэр үгүй байх аа. Сансрын нислэгийн бэлтгэлд тэнцсэн Д.Сүрэнхорлоо, М.Ганзориг, Ж.Гүррагчаа цөмөөрөө малчны хүүхдүүд шүү дээ.

-Манай Намын Төв хорооны Улс Төрийн товчооноос хэнийг нь сансарт нисэхийг шийдсэн юм биш үү?

-Тэгж яриад байдаг юм. Сансрын нислэгийн үеийн эрдэм шинжилгээний бэлтгэл ажлын талаар холбогдох хүмүүс Улс төрийн товчоонд хааяа танилцуулдаг байсан. Тэгэхдээ бид хүн сонгон явуулах тухайд ярьж байгаагүй. Манай комиссын дарга байсан, Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Г.Адъяа гуайтай Сансрын нисгэгч, генерал А.А.Леонов гуай Москвад уулзаад “Хоёр нисгэгчийн нэг нь сансарт нисэх ёстой. Чухам хэнийг нь нисгэх тухай саналыг улс нь гаргадаг учиртай. Иймээс бид БНМАУ-ын удирдлагын саналыг хүлээж байгаа” гэж хэлж л дээ. Г.Адъяа гуай нутагтаа ирээд Намын Төв хорооны Улс төрийн товчооныхонд сонсож дуулснаа хэлэхэд Улс төрийн товчоо тэр дор нь тогтоол гаргаж, Ж.Гүррагчааг хөлгийн үндсэн багт оруулан сансарт нисэхийг зөвшөөрсөн түүхтэй. Тогтоол батлагдаад гарын үсэг зурсны дараа Ю.Цэдэнбал дарга малчин гаралтай хүн сонгох нь ер нь зүйтэй юм байна гэх утгатай үг хэлсэн л гэдэг юм. Гэхдээ нэг л үнэн бий. Сансарт нисэх эцсийн шийдлийг Байконур сансрын буудалд болсон Зөвлөлтийн Улсын комиссын хурлаар хэлэлцэж баталсан. Тэгж баталсныг нотлох нэг гэрч нь би байна даа.

-Сансрын музейд академич Б.Чадраа, Батлан хамгаалахын сайд Ш.Жадамба та гурвын зургийг тавиад хамтарсан нислэгийн бэлтгэл ажилд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж бичсэн байна лээ. Танд ярих сонин сайхан их байгаа даа. ШУА-ийн Физик-Техникийн хүрээлэнд байгуулж байсан Сансар судлалын тасгийн эрдэмтэд гэхэд л улсдаа урдаа барьдаг мундгууд цугларсан байдаг…?

-Бид тасгаа СС тасгийнхан гэж хошигнон нэрлэдэг байлаа (инээв). Манай тасаг чинь ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Ширэндэвийн санаачилга, шууд оролцоотойгоор 1977 оны тавдугаар сард байгуулагдсан түүхтэй юм. Геодези, зурагзүйн газраас геодези-зураг зүйч О.Баасансүрэн, Холбооны яамнаас цахилгаан холбооны инженер Ш.Дамба, Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэнгээс газар зүйч Х.Тулгаа, Геологийн хүрээлэнгээс геологич П.Хосбаяр, Физик-техникийн хүрээлэнгээс физикч С.Ваша, Д.Батмөнх, Химийн хүрээлэнгээс биохимич Д.Рэгдэл, Д.Уртнасан, Анагаах ухааны дээд сургуулиас миний бие анх томилогдон ажилласан юм. Бидэнтэй астрофизикч Ч.Лхагважав, физикч З.Ариунаа, Д.Борчулуун, Х.Дорж, Л.Оюунбилэг, Д.Лхагвасүрэн, геофизикч, зурагзүйч П.Галсан, биохимич Д.Бадгаа, геологич Б.Лувсанданзан, ургамал зүйч Н.Өлзийхутаг нарын олон эрдэмтэн, мэргэжилтэн хамтарч байлаа. Бидний ажлыг ШУА, “Интеркосмос” зөвлөлийн зүгээс зохицуулахад зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Гантулга, ШУА-ийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Цэгмид гэж хоёр хүн голлох нөлөөтэй ажилласныг мартах учиргүй. Ер нь Монголын иргэн сансарт нисэх ажлын бэлтгэл, сурталчилгаа гээд асар их ажил өрнөсөн шүү. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн С.Жалан-Аажав, дараа нь Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Г.Адъяа даргатай улсын комисс байгуулагдаж, маш том ажлын ард гарч байсан юм.

-Монгол хүн сансарт нисээд ирсний дараа энэ том ажлыг нугалсан олон хүн төрийн одон медалиар шагнуулсан байх даа?

-Би эхлээд чамд нэг тоо сонирхуулъя. Ю.А.Гагариныг анх сансарт нисээд ирэхэд ЗХУ-ын баатар цол олгосон. Харин тэр гавьяатай үйлсийг бүтээхэд оролцож онцгой үүрэг гүйцэтгэсэн долоон эрдэмтэн, зохион бүтээгчдэд Хөдөлмөрийн баатрын хоёр дахь алтан таван хошуу медаль, 95 зохион бүтээгч, удирдах ажилтан, эрдэмтэн, ажилчдад хөдөлмөрийн баатар цол олгосон байдаг юм. Манайх ч бас анх ниссэн хүнээ ирсэн даруйд БНМАУ-ын баатар болгож, “Сансрын нисгэгч” цол олгосон. Орлон нисгэгч байсан М.Ганзоригийг Сүхбаатарын одонгоор шагнаж байлаа. Харин нэг сонин шийдэл нь М.Ганзоригт “Сансрын нисгэгч” цол олгосон явдал. Би үүнийг зөв гэж боддог. М.Ганзориг маань сансрын нисгэгчийн иж бүрэн сургуульд гурван жил суралцаж, Сансрын нисгэгчийн мэргэжлийн үнэмлэх гардан авсан хүн. За тэгээд Зөвлөлтийн сансрын нисгэгч В.Жанибеков, В.Коваленко, В.Савиных нар БНМАУ-ын баатар цолоор, В.Ляхов Сүхбаатарын одонгоор шагнуулж байлаа.

-Манай талаас шагнуулсан хүн байхгүй гэж үү. Эрдэмтэд гэхэд л Сансрын тасаг гэж байгуулж хэдэн арваараа ажиллаж байсан тухай та сая ярилаа шүү дээ…?

-Тухайн үед нэг их сүр дуулиантай шагнасан юм байхгүй. Энэ тухай манай Монголын комиссын нарийн бичгийн дарга байсан, доктор Ч.Даваадаш 2011 онд бичсэн “Сансрын хамтарсан нислэг түүхийн хуудаснаа” гэдэг номд “Бараг таван жил шахам үргэлжилсэн энэ нүсэр ажилд маш олон хүн туйлын идэвхтэй оролцож, асар их хүчин чармайлт гаргаж, хүч хөдөлмөр, оюун санаагаа хөвчлөн дайчилсан юм. Нэг үгээр хэлбэл, энэ нислэг бол энд оролцсон бүх хүний хамтын хүчин чармайлтаар амжилттай болсон түүхэн үйл явдал байсан. Тийм ч учраас МАХН-ын Төв хороо, Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн дүнгийн талаар тогтоол гаргаж, энэ олон хүнийхээ ажлыг дүгнэж, хөдөлмөр бүтээл, гавьяа зүтгэлийг нь зохих ёсоор үнэлэхээр зэхэж байлаа. Төв хорооны Улс төрийн товчооны тогтоолын төсөл монгол, орос хэлээр бэлэн болчихсон, тогтоол гарахад ганц хуруу дутуу байлаа” гэж бичсэн байна лээ. Тогтоолын төсөлд “БНМАУ-ын ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилчид ЗХУ-ын эрдэмтэдтэй хамтран боловсруулсан сансрын физик, технологи, сансрын эмнэлэг-биологи болон сансраас эх дэлхийнхээ байгалийн баялгийг тандан судлах эрдэм шинжилгээний программ, туршилтууд, зохион бүтээсэн багаж төхөөрөмжүүд, шинжлэх ухаан улс ардын аж ахуйн ач холбогдолтой болов … Хамтарсан нислэгийг бэлтгэх ажилд идэвх чармайлттай оролцсон нам, улс, олон нийт, аж ахуй, соёлын байгууллагын ажилтан, ажилчид, гадаадын иргэдийг урамшуулан шагнах асуудлыг боловсруулж, энэ оны зургадугаар сарын 20-ны наана МАХН-ын Төв хороонд оруулах”… гэж байсан нь эдүгээ түүхийн ховор баримт болон 40 жил болж байна даа. Дээрх тогтоолын төсөлд зургадугаар сарын 20-ны наана гэж байгааг анзаарвал Наадмын өмнө буюу Ардын хувьсгалын 60 жилийн ойн үеэр хүмүүсийг шагнахаар төлөвлөж байсан болов уу.

-Тэгвэл тэр жилийн наадмаар өчнөөн хүн шагнуулжээ дээ?

-Юун шагнуулах. Би энэ тухай ярих дургүй байдаг юм. Сонин юм болсон л доо. ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэндэв гуайг ажлаас нь халж, Б.Чадраа гуайг хар гэрт хийсэн. Харин хожим нь Б.Ширэндэв гуай Хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Б.Чадраа гуай шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналтан болсон. Үүнээс илүүг яримгүй байна. Ингээд зогсох уу.

-Уг нь шалтгааныг нь яриулмаар л байна. Ярих дургүй байгаа бол хүсэлтийг тань хүндэтгэлгүй яахав. Манай эрдэмтэд чацаргана, борцыг сансрын нисгэгчдийн хоолны цэсэнд оруулсан гэж ирээд яривал олон сонирхолтой ажлууд дуулддаг. Сансрын нислэгийн үед шинжлэх ухааны олон туршилт хийсэн үү?

-Өө тэгэлгүй яахав. Олон туршилт хийсэн. Тэр туршилтуудын нэг хэсэг нь эмнэлэг-биологи болон сансрын физикийн туршилтууд байсан юм. Зарим туршилтууд сансарт анх удаа хийгдсэн. Тухайлбал, “Биоритм”, таны сая онцолсон “Чацаргана” туршилт байна. Биоритмийн туршилтын тухайд хүний биеийн үзүүлэлтүүдийг цаг цагаар хэмжээд аль цагт их, аль цагт бага байгаа гэхчилэнгээр судална. Энэ туршилтын үед надад тусалж байсан бага эмч сүүлдээ ууртай болоод ч байх шиг, үгэнд орохдоо хойргошоод байх шиг санагдахаар нь учрыг нь асуулаа. Гэтэл өнөөх маань “Эмч ээ, би нэг сар унтсангүй. Та намайг дандаа шөнө хоёр, хоёр цагийн зайтай хэмжилт хий гээд өөрөө шөнө унтаад байхаар аргагүй шүү дээ” гэж байна. Бодоод байх нь ээ, би өөрөө өдөр нь хэмжиж судалгаагаа хийчихээд нөгөө хүнээ чи өдөр унтаж амраад шөнө жижүүрлэ гээд захиргаадчихсан байгаа юм. Өдөр яаж унтаж амрах вэ дээ, зайлуул. Олон шөнө дараалан нойргүй хоноод ядаргаанд орж байхгүй юу. “Борц”-ыг сансрын нисгэгчдийн хоолны цэсэнд оруулах судалгааны тухайд Б.Ширэндэв гуайн даалгавраар эхэлсэн юм. Улаанбаатартаас борц хайвал олдох л байсан байх. Гэвч гарал үүсэл тодорхойгүй, бохирдол ихтэй борц байх эрсдэлтэй учраас Дорноговь аймгаас эрүүл үхрийн мах авч, борц хийж, судлах болов оо. Доктор Д.Уртнасан эрүүл үхэр хайхаар явсан юм. Үхрээ олж махыг нь ачаад буцаж явтал машиных нь сэнсний ремень тасарч хээр талд суухад өмднийхөө тэлээгээр аргалж яваад хүрээд ирсэн байдаг юм. Тэр үхрийн махны борцыг Хүрэлтогоотын Одон оргилын тэнд өвлийн тэсгим хүйтэнд академич Дүгэрийн Рэгдэл бид хоёр хийж байлаа. Д.Рэгдэл маань өмнө нь үхрийн махаар борц хийж байсан эсэхийг мэдэхгүй. Харин би анх удаа хийсэн юмдаг. Д.Уртнасан, Д.Рэгдэл бид гурав Москва хот дахь Эмнэлэг-биологийн хүрээлэнд судалгаа хийж байхдаа тусгай аргаар боловсруулсан Дорноговийнхоо үхрийн борцны шөлөө ууж, хөлс чийхарч байснаа эргээд дурсахад сайхан байдаг. Ам халсных бас нэг түүх яримаар санагдчихлаа. Манай сансрын физикийн туршилтыг бэлтгэж байсан С.Ваша, Ш.Дамба, Д.Борчулуун гурав сансрын багаж хийхээр болж, ажилдаа ортол өнөө багажийг нь хийх материал нь байсангүй. Тэгж тэгж гэнэтхэн нэг өдөр өнөө материалаа хотоос олчихоод багажаа хийчихсэн юм шиг баярлаж билээ. Манайхан тийм л тэмүүлэлтэй, урам зоригтой ажиллаж байлаа.

-Туршилт хийх явцад хөгтэй явдал их тохиолдоно биз?

-Тоймгүй шүү дээ (инээв). Тэр үед сансрын туршилтын тухай Улс төрийн товчоонд танилцуулдаг байлаа. Улс төрийн товчооныхон өөр өөр мэргэжлийн хүмүүс учир сайн ойлгохгүй байх талтай. “Өө дэмий юм байна, наад туршилтаа хийгээд хэрэггүй” гэвэл дүүрлээ л гэсэн үг. Тийм юм болж магадгүй гэж бодсон уу, яасан академич Б.Чадраа гуай “Туяа” хэмээх нэртэй туршилтын тухай танилцуулж байхдаа “Энэ туяа юм нэвтлэх чадвар ихтэй. Жишээ нь, сансраас Чили улсын нутаг руу орсон туяа дэлхийг нэвт сүлбээд Монголын хавиар нөгөө тийшээ гардаг юм. Хүний тархинд орвол тэсэрнэ. Үүнийг эмч Лхагва сайн мэдэж байгаа” гэдэг байгаа. Миний инээд хүрээд дарга нарын царайг ажлаа. Ю.Цэдэнбал даргын нүд нь сэргээд жуумалзах аятай харагдаж билээ. Надаас тэгж тэсэрдэг юм уу гэж асуувал би онхолдохоос аргагүй байлаа (инээв). Ямар “Тийм ээ” гэлтэй биш.

-Ж.Гүррагчаагийн цол, хэргэмийг бүтнээр нь нэг хэлээд өгөөч?

-БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал, Сансрын техникийн гавьяат туршин нисэгч, Техникийн ухааны доктор, профессор, Сансрын нисгэгч гээд хөвөрнө дөө.

-М.Ганзоригийнх?

-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Техникийн ухааны доктор, профессор, Сансрын нисгэгч гээд л…

-Та өөрийгөө тойруулаад сонин сайхан зүйл их ярилаа. Одоо өөрийнхөө тухай ярих болсон байх аа. Таны хийсэн ажлыг онцолж яриулмаар санагдаад байна?

-Та ер нь улам л давшаад байх юм аа (инээв). Цөөхөн зүйл хэлье ээ. Сансрын нисэгчийг сонгон олох эмнэлгийн үзлэг шинжилгээ хариуцаж, дүнг нэгтгэж, комисст танилцуулж зохих шийдвэрт хүрснийг хэлж болох байх. Би яагаад ийн бардам хэлээд байна гэвэл, энэ тухай МАХН-ын Төв хорооны Улс Төрийн товчооны хурлын протоколд тодорхой онцолсон учраас тэгээд байгаа юм. 1978 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн Улс төрийн товчооны хурлын протоколд “….Академич Б.Ширэндэв эдгээр хүмүүсийг сансрын нисгэгч сонгон авах тухай гурав дахь шатны үзлэгт оруулж болно гэж бид үзэж байна гээд сонсголоо үргэлжлүүлж эмч Л.Лхагвагийн удирдлагын дор сансрын нисэгчид нэр дэвшүүлэх эмнэлгийн үзлэг явагдаж, нисэх хүнийг шалгарууллаа …” гэсэн байна лээ. Тэгээд тэр өдрөө МАХН-ын Улс төрийн товчооны 18 дугаар нууц тогтоол “Монголын иргэдийг Зөвлөлтийн сансрын хөлгөөр нисгэхэд бэлтгэх тухай” нэртэй гарч, тэр тогтоолын Хоёрдугаарт: “БНМАУ-ын ШУА, ЗСБНХУ-ын ШУА-ийн дэргэдэх “Интеркосмос” зөвлөлтэй ярилцаж тохиролцсон ёсоор эмнэлгийн эцсийн үзлэг хийлгэхээр БНМАУ-ын иргэн нөхөр С.Сайнцог, М.Ганхуяг, Ж.Гүррагчаа, Д.Сүрэнхорлоо нарыг эмч Л.Лхагвагийн хамт Ю.А.Гагарины нэрэмжит Сансрын нисэгч бэлтгэх төвд томилон явуулсугай” гэж заасан байгаа. Тэгээд тэндээс тэнцсэн гурван хүнтэйгээ нутагтаа ирж билээ. Дарга нар баяртай байсныг санаж байна.

-Сансрын нислэгийн үеийн туршилтуудыг бэлтгэж хийхэд ШУА багагүй хүч гаргасан гэж ярьдаг. Ер нь амаргүй ажил байсан биз?

-Би өөрийнхөө оролцож ажилласан тухайгаа л товч ярья. Өмнө нь сансартай холбоотой эмнэлэг-биологийн туршилт судалгаа хийж байгаагүй болохоор ёстой л “түмэн бэрхшээл, мянган зовлон”-той тулсан. Ямар туршилт хийх тухай эрдэмтэдтэй зөвлөж ярилцахад сансрын өвөрмөц орчныг мэдэхгүй учраас говийн хулганыг хөрстэй нь хамт явуулж судалъя ч гэх шиг, сансарт нисч яваа хүнд зүү тавьж үзье ч гэх шиг сонин сонин санаа гарна. Бид шаварт унасан шарын эзэн хүчтэйг харуулахаас өөр аргагүй. Зөвлөлтийн Эмнэлэг-биологийн асуудлын Хүрээлэнгийн эрдэмтэд манай ШУА-ийн урилгаар ирж бидэнтэй уулзахад Б.Ширэндэв гуай Чацаргана жимс сансарт зориулж судлах тухай санал тавьж, манай доктор Д.Уртнасан, Д.Рэгдэл нар “Чацаргана” туршилтыг хийж байлаа. Миний хувьд 1977 оны тавдугаар сард Зөвлөлт Грузины Сухуми хотод Сансрын биологи, анагаах ухааны байнгын үйл ажиллагаатай ажлын хэсгийн хуралд оролцохдоо Зөвлөлтийн нэрт эрдэмтэн,профессор Б.С.Алякринскийтэй танилцаж, биоритм судлах талаар санал тавьж ажилдаа орсон түүх бий. Ингээд Монголын гэх хоёр туршилттай болох зам нээгдсэн дээ. Бид “Чөлөөт цаг” нэртэй туршилт хийх болж сансрын нисэгчдэд зориулсан хөгжим-үзвэрийн хөтөлбөр боловсруулж байлаа. Энэ хөтөлбөрт орсон үзвэр, дуу хөгжим нисэгчдэд их таалагдсан. Манай сансрын нисгэгч сансарт нисч явахдаа бөхийн барилдаан, морины уралдаан үзэж, нум сум харваж, аргал янгир дүүлж явахыг харж, уртын дуугаа сонсож байхдаа нэг хэсэгтээ нутагтаа байгаа юм шиг сайхан мэдрэмжээр хөглөгдсөн байх. Бид Зөвлөлт, Герман, Куба,Болгар зэрэг орны эрдэмтэдтэй хамтарч нийт 11 туршилт хийсэн. Эдгээр улсын багаж, тоног төхөөрөмжийг ашиглан туршилт хийгээд үр дүнг хамтран гаргахаар тохиролцож байлаа. Судалгаанууд гурван жил гаруй дэлхий дээр, найм хоног шахам сансарт, мөн нислэгийн дараа долоо хоног хийгдсэн юм. Бүх судалгаа амжилттай болсон. Манай Сансрын нисэгчид “Байконур” сансрын буудал болон сансарт хийх, нислэгийн дараа хийх эмнэлэг-биологийн 11 туршилт судалгаанд тэнд ажиллаж байсан ганц монгол эмчийн хувьд оролцож, гардаж хийж байснаа эргээд бодоход бахдалтай сайхан санагддаг. Ж.Гүррагчааг ниссэний маргааш буюу гуравдугаар сарын 23-нд Байконураас Москвад ирж, Сансрын нислэгийг удирдах төвд шууд очиж ажиллаад, орой нь буудалдаа ирчихээд сууж байх үеийн мэдрэмжээ одоо ч хачин тод санадаг. Сансрын Союз-39 хөлөг, ”Салют-6” тойрог замын станц хоёрыг амжилттай залгагдаасай гэж залбирч байсан даа. Хэрэв залгагдахгүй бол бидний олон жилийн хөдөлмөр, туршилт судалгаа талаар болох байлаа.

-Өмнө нь тийм эрсдэл тохиож байсан юм уу?

-Тийм ээ, өмнө тийм зүйл тохиолдож байсан.

-Монгол эрдэмтдийн сансарт хийсэн судалгааны бүтээл бүр хожим зууны шилдгээр тодорч байл уу?

-Тэгсэн. Нислэгийн дараа бүх туршилтын үр дүнг боловсруулж, нэгдсэн дүгнэлт гаргах нь нүсэр ажил байсан шүү. Хоёр хуруу зузаан тайлан орос хэлээр бичицгээж байлаа. “Зууны мэдээ” сонин, “Монголын мэдээ” агентлагтай хамтран XX зууны Монголын гарамгай бүтээл, чухал үйл явдлуудыг онцлон тодруулахад академич Б.Чадраа бид хоёрын нэр дээр олон хүний санал ирж, Сансарт хийсэн судалгааг зууны манлайгаар тодруулсан байдаг юм. Олон эрдэмтдийн бүтээл шилдгээр нэрлэгдсэн боловч бидний хийсэн судалгааг ард түмний санал асуулгаар XX зууны манлай гэж үнэлсэн байдаг.

-Нислэгээс хойш жаахан амьсгаа авч, зав чөлөөтэй болсон байх даа?

-Ямар юмны зав байхав. Сансрын нислэгийн бэлтгэлийн үед нислэгийн үйлчлэлийг загварчилсан нөхцөлд хийсэн судалгаагаа нэгтгэж 1981 онд нислэг дуусангуут Москва хотод Эмнэлэг-биологийн асуудлын хүрээлэнд тэр үеийн нэрээр Анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Ингээд ч зогсоогүй, боловсруулж амжаагүй байсан их хэмжээний материал, сансрын бодит орчинд хийсэн судалгааныхаа материалуудыг нэгтгэн дүгнээд 1994 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж байлаа. Олон эрдэмтний ажлыг удирдаж, зөвлөж, эрдмийн зэрэг хамгаалуулсан. За тэгээд төрийн яаманд эрдэмтэн нарийн бичгийн дарга, анагаах эрдмийг амлуулсан “Өрлөг ээж” их сургуульдаа дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарын орон тооны зөвлөхөөр ажиллаж тэтгэврээ тогтоолгоод “Монос” группийн Эм судлалын хүрээлэнгийн захирал зэрэг алба хашиж, сансрын хөлгүй алсад торолзох цэнхэр гарагийнхаа тоосыг хөдөлгөж явна. Одоо хүрээлэндээ зөвлөж, залуусаар эрдмийн хэт цахиулж, завсар зайнд нь номонд хорхойсч, цаас эрээчиж, цахим мэдээлэлд “согтож”, завгүй хүн л байх юм байна шүү дээ (инээв).

-Цаас эрээчиж гэснээс таныг олон ном бичсэн гэж ярих юм билээ, яг хичнээн ном бичээд байна?

-Юу шалих вэ. 40 гаруй ном бичсэн. Гол гол бүтээлүүдээ нэгтгэж “Судлаад баршгүй эрдмийн далай” есөн боть хэвлүүллээ. 2020 онд “Монос” группийн 30 жилийн ойд зориулж Моносын эрдэмтдийн бүтээлээр “Байгалийн гаралтай шинэ эмийн судалгаа” нэртэй 10 боть номыг эрхлэн гаргалаа. Иймэрхүү “эрээчсэн” цаасаа дэлгэвэл хэдэн хот айлын дээвэр туурганы дайтай болох байх аа.