Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ-наас халдварын тархалт нэмэгдэж байгаа учир 14 хоног хөл хорио тогтоох санал гаргажээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд тэргүүтэй Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Нэгдсэн дархлаажуулалт орон даяар ийнхүү идэвхтэй хийгдэж байгаа ч коронавирусын тархалт ойрын өдрүүдэд эрчимжиж буйд сэтгэл зовниж буйгаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдэв. Мөн “Хоногт 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлж буй тул хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа хэлэв.

Нэг тохиолдлын ард 4 халдвар тээгч байгаагаар тооцоход энэ нь маш их өргөн цар хүрээтэй тархалт явагдаж байгаа нь тодорхой бөгөөд зориулалтын 1.700 гаруй ор дэлгэсэн нь дүүрч байгаа учир бусад эмнэлгүүдийг дайчлах шаардлага гарна. Энэ нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа бусад халдваргүй иргэдийг эрсдэлд оруулах үр дагавартай. Мөн халдвар авч гэрээр тусгаарлалт, ажиглалтад байлгаж байгаа үед нас баралт, хүндрэл их хэмжээгээр гарах эрсдэл ойрхон байгаа учир багадаа 14 хоногийн хөл хорио тогтоож халдварын тархалтыг бууруулах ёстой” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аюулт үзэгдэл, ослын дуудлага 38 хувиар буурчээ

2af263_IMG_1442_x974.jpg

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 15-21-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 30 суманд нийт 61 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад дуудлагын тоо 38 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Тохиолдсон аюулт, үзэгдлийн 4 нь биологийн гаралтай, 46 нь гал түймэр, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай, 1 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл эзэлж байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 2 иргэн нас барсан бол гэмтэж, бэртсэн, өвчилсөн нийт 1017 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорио тогтоохгүйн төлөө иргэн бүр өнөөдрөөс хичээх шаардлагатай байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд тэргүүтэй Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй уулзлаа.

Уулзалтаар вакцинжуулалтын явцын нөхцөл байдал, хуваарь, худалдан авалт, нийлүүлэлт, хувийн аж ахуй нэгжүүдээс ирүүлж буй санал хүсэлтийг шийдвэрлэсэн байдал зэрэг вакцинжуулалттай холбоотой асуудлуудаар Шадар сайд, Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Сангийн сайд нарын мэдээллийг сонсож, шийдвэрлэх арга замуудын талаар санал солилцов.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад БНСУ, БНЭУ-д үйлдвэрлэсэн Астразенека, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл, ОХУ-ын Спутник-v гэсэн гурван төрлийн вакцинаас нийт 474 мянган тун вакцин оруулж ирснээс 209.274 хүн эдгээр гурван вакцинаас тариулаад байна. Вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс авсан асуулгаас үзвэл 40 гаруй хувьд нь халуурах зэрэг дархлаажуулалтын хэвийн хариу урвал илэрсэн бөгөөд хүндрэл, гаж нөлөө гараагүй байна.

Монгол Улс вакцинжуулалтын хурдаараа Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас хоёрдугаарт, дархлаажуулалт хийж буй дэлхийн 146 орноос 17 дугаарт эрэмбэлэгдэж, дэлхийн дархлаажуулалтын дунджаас хоёр дахин их буюу 6.2 хувьтай байна.

Дэлхий дахинаа 13 төрлийн вакцин хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд вакцинжуулалт хийгээд 103 хонож байгаа бол КОВАКС хөтөлбөр хэрэгжээд 20 хоног, манай улсад вакцинжуулалт эхлээд 27 хоног болж, өдөрт дунджаар 15-20 мянган хүнийг хамруулж байна. Вакцины хоёрдугаар тунг 28-56 хоногийн зайтай хийх бөгөөд Улаанбаатарт зургадугаар сарын 1-н гэхэд нэг сая иргэн вакцинжуулалтын хоёрдугаар тунгаа бүрэн хийлгэж дууссан байхаар тооцож байна. Вакцинжуулалтыг төлөвлөсөн хуваарийн дагуу 8 үе шаттай явуулж буй.

Үүнд:

1. Хариу арга хэмжээний баг,

2. Үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжлэх шаардлагатай салбар,

3. Худалдаа үйлчилгээний салбар,

4. Бүх шатны боловсролын салбарын ажилчид,

5. 50-64 насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд,

6. 65+ насныхан болон эрхтэн шилжүүлэн суулгасан иргэд,

7. 18-25 насныхан,

8. 25-49 насны иргэд тус тус байна. Энэ долоо хоногоос КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 25 мянган тун Пфайзер вакцин орж ирэх бөгөөд 65+ насны болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.

Вакцин худалдан авалтын саналаа хөрш орнуудад гаргаж, гэрээнүүд хийгдэж буй бөгөөд БНЭУ-аас Астразенека вакцин худалдан авах хэлцэл хийж байна. Худалдан авалтын санхүүжилтийн саатал гарахгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн.

Эхний ээлжинд 3, 4 дүгээр сард багтаан 1.3 сая тун вакцин худалдан авахаар төлөвлөжээ. Хувийн дөрвөн аж ахуй нэгж сайн дураар вакцинжуулалтад оролцох хүсэлтээ гаргасныг бүх талаар дэмжиж ажиллаж байгаагаа Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

Нэгдсэн дархлаажуулалт орон даяар ийнхүү идэвхтэй хийгдэж байгаа ч коронавирусын тархалт ойрын өдрүүдэд эрчимжиж буйд сэтгэл зовниж буйгаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдээд хоногт 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлж буй тул хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа хэлсэн.

Нэг тохиолдлын ард 4 халдвар тээгч байгаагаар тооцоход энэ нь маш их өргөн цар хүрээтэй тархалт явагдаж байгаа нь тодорхой бөгөөд зориулалтын 1.700 гаруй ор дэлгэсэн нь дүүрч байгаа учир бусад эмнэлгүүдийг дайчлах шаардлага гарна. Энэ нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа бусад халдваргүй иргэдийг эрсдэлд оруулах үр дагавартай. Мөн халдвар авч гэрээр тусгаарлалт, ажиглалтад байлгаж байгаа үед нас баралт, хүндрэл их хэмжээгээр гарах эрсдэл ойрхон байгаа учир багадаа 14 хоногийн хөл хорио тогтоож халдварын тархалтыг бууруулах ёстой гэсэн юм.

Тэгвэл гамшгаас хамгаалах дэглэмийн зэрэглэлийг бууруулж, хөл хориог цуцлан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлснээр өнгөрсөн 50 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгааг Сангийн сайд дурдаад, хөл хорио тогтоохгүй байх саналтай байгаагаа хэллээ. Тухайлбал гуравдугаар сарын эхний 15 хоногт НӨАТ төлөгчөөр 570 гаруй аж ахуй нэгж шинээр бүртгүүлсэн нь өмнөх жилүүдийн мөн үеэс хоёр дахин өссөн нь эдийн засаг дахь хүлээлт эерэг байгаагийн илрэл.

Гуравдугаар сарын 3-ны өдрөөс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хоёр их наядын зээлийг гаргаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 173 зээлдэгчид нийт 130.3 тэрбум төгрөг, 1.177 иргэнд ипотекийн зээл олгожээ. Гадаад өрийн менежментийг сайжруулснаар Монгол Улсын зээлжих зэрэглэл -B3 төлөв тогтворгүй байсан бол -B3 төлөв тогтвортой болж зэрэглэл ахижээ. Эдийн засгийн хамгийн өндөр идэвхжлийн энэ үед дахин хөл хорио тогтоовол одоо хүрээд буй энэ өсөлт 70-80 хүртэл хувиар буурч, эдийн засагт хүнд цохилт болно хэмээн тооцож буйгаа Сангийн сайд мэдэгдсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийн гишүүдийн дээрх мэдээллийг сонсоод Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа ч эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийн эсрэг цар тахлын тархалт нэмэгдэх урвуу хамааралтай үр дүнг харуулж байна. Бизнес эрхлэгчдийн итгэл дөнгөж сэргэж, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа энэ үед Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох сонирхол байхгүй ч нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс иргэн бүр, аж ахуй нэгж бүр хариуцлагатай, хувийн сахилга бат, халдвар хамгааллын дэглэмээ баримталж хичээж ажиллахыг уриалья.

Ирэх 14 хоногт УОК, НОК болон бусад холбогдох байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дүрэм, журмуудаа сайтар мөрдөж хөл хорио тогтоохгүй байхын төлөө ажиллах хэрэгтэй. Эс бөгөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 05-19 -ны өдрүүдэд гамшгаас хамгаалах эрсдлийн “улаан түвшин”-д шилжүүлэхээс өөр аргагүйг нөхцөл байдал шаардаж байгааг дурдлаа.

Ерөнхий сайдын зүгээс бодит нөхцөл байдлыг иргэдээс нуух шаардлагагүй, бүх мэдээллийг нээлттэй болгож, цар тахлыг иргэдтэй хамтдаа даван туулах, хөл хорио тогтоовол хамгийн багадаа 10-14 хоногийн өмнө мэдэгдэж, иргэд, бизнес эрхлэгчдэд тодорхой төлөвлөлт хийх боломжийг олгох хэрэгтэй байна гэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Замын цагдаагийн энгэрийн камерын бичлэгийг прокурорын зөвшөөрлөөр ил болгодог” гэв

Цагдаагийн байгууллагын дотоод үйл ажиллагааны журмын хүрээнд зам дээр болон эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид бүгд энгэрийн камер ашигладаг гэж ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрээр, “Цагдаагийн байгууллагын буруутай үйл ажиллаа байгаа эсэхийг энгэрийн камераар бичиж авдаг. Гэмт хэрэг зөрчлийн дуудлагаар очихдоо ч энгэрийн камер ашигладаг. Харин бичлэг цацагдсан эсэхийг ЦЕГ-ын дотоод хяналт шалгалтын газраас шалгаж байна. Бичлэгийг ил гаргахын тулд тодорхой прокурорын зөвшөөрлөөр ил болгодог. Энэ бичлэгийн хувьд зөвшөөрөл, хэрэгт авагдсан баримт байхгүй. Хэн энэ бичлэгийг цацсан талаар албан шалгалт хийж байна” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Завханы Шилүүстэй сум халдваргүй “Ногоон бүс” боллоо

ХӨСҮТ-д эмчлүүлж буй Завхан аймгийн харьяат 2 жолоочийн ойрын хавьтлын 53 иргэн, Шилүүстэй сумын 39 иргэн, нийт 92 иргэний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа.

Шилүүстэй суманд эмчлүүлж байсан коронавирусний халдвартай 4 иргэн эдгэрч өнөөдөр гэрийн тусгаарлалтад шилжиж байна. Ингэснээр Шилүүстэй сум “Ногоон бүс” боллоо гэж тус аймшийн ЗДТГ-аас мэдээллээ.

Завхан аймгийн ачаа тээврийн жолооч С, Д нарыг Улаанбаатар хотод байх хугацаанд нь буюу 2021 оны 3-р сарын 19-ний өдөр PCR шинжилгээний хариу нь “эерэг” гарч ХӨСҮТ-д эмчлүүлж буй. Жолооч С нь 3-р сарын 12-ны өдөр, Д нь 3-р сарын 14-ний өдөр Улаанбаатар хотруу тээвэр хийсэн бөгөөд 3-р сарын 17-ны өдөр өгсөн PCR шинжилгээний хариугаар халдвар авсан болох нь батлагдсан.

Иймд Завхан аймгийн мэргэжлийн байгууллагууд тандалт судалгааг шуурхай зохион байгуулж, дээрх жолооч нар Завхан аймагт байх хугацаандаа харьцсан ойрын хавьтлын 53 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүх хариу сөрөг гарлаа. Мөн эдгээр 53 иргэнээс гадна Шилүүстэй сумаас 39 иргэн, нийт 92 иргэний PCR шинжилгээний сорьцыг өнөө өглөө буюу 2021 оны 3-р сарын 21-ний өдрийн 09:30 цагийн үед Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв рүү тээвэрлэсэн. Өнөөдөр шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Цаашид ачаа тээврийн тоог бууруулах зорилгоор 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл зөвхөн гурил, будаа зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний тээвэр болон зам, гүүр гэх мэт бүтээн байгуулалтын ажилд зайлшгүй шаардлагатай бараа материалын тээврээс бусад тээврийг хязгаарлахаар шийдвэрлэлээ.

Мөн ачаа тээврийг нэг цэгээс буюу Богдын гол багийн гүүрний хажууд байрлах бетонон хашаанаас түгээх бөгөөд тээвэр буулгах жолооч нар болон ачаа авах иргэд бөөгнөрөл үүсгэхгүй, хоорондын зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлахыг онцгойлон анхааруулж байна.

Эрсдэл өндөртэй Улаанбаатар хот болон голомт бүхий аймгуудаас зайлшгүй шаардлагатай гурван тохиолдлоор өдөрт 30 гаруй машин 100 орчим иргэн Завхан аймагт ирж байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг Улаанбаатар хот болон голомт бүхий аймгуудаас ирсэн хүнтэй хавьтал болгохгүй байхыг эцэг эхчүүдэд онцгойлон анхааруулж байна.

Сургууль, цэцэрлэгийн хүүхэдтэй өрхийн гэр бүлийн гишүүн нь голомт бүхий газруудаас ирж, тухайн иргэнийг тусад нь тусгаарлах боломжгүй нөхцөлд хүүхдээ хамт тусгаарлана уу. Улаанбаатар хот болон голомт бүхий аймгуудаас ирж буй иргэн бүр өндөр эрсдэлтэй гэж үзэж байгаа тул 7 хоногийн гэрийн тусгаарлалтаа чанд мөрдөх шаардлагатай гэж Завхан аймгийн шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сая төгрөг олоод эзэнд нь өгсөн М.Чинхүслэн, Г.Цэнд-Аюуш: Бид ангийнхаа, сумынхаа хамгийн бахархалтай хүүхдүүд болсон

Увс аймгийн Хяргас сумын дунд сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Мөнхжаргалын Чинхүслэн, Гансүхийн ЦэндАюуш нар нэг сая төгрөг олж эзэнд нь хүлээлгэн өгсөн сайн мэдээ цахим орчинд түгсэн нь олны талархлыг хүлээгээд байгаа юм. Ингээд тус сурагчдтай ярилцсанаа хүргэе.


Сайн байцгаана уу. Та хоёрыг сая төгрөг олоод эзэнд нь хүлээлгэж өгсөн хэмээн цахим орчинд шуугьж байна. “Одболсноо мэдсэн үү?

-Манай сумынхан болоод таньдаг найз нөхөд, аав ээж, ах дүү нар маань бид хоёрыг “од” болсон байна гэж хэлсэн. ( Инээв)

Ямартаа чодболсноо мэдсэн юм байна. Ямар сэтгэдэл төрж байв?

-Хүнд сайн зүйл хийвэл хариу нь үргэлж ирдэг хэмээн аав ээж, багш нарын минь хэлж сургасан нь үнэн юм байна гэж бодсон. Бид хоёр хүний санаандгүй гээчихсэн мөнгийг олоод шударгаар буцаан өгсний хариуд олон хүний талархлыг хүлээсэн. Тааралдсан хүн бүрээсээ магтаалын үг сонсох маш сайхан байсан.

Та хоёр яг хаашаа явж байгаад тэр мөнгийг олсон юм бэ?

-Бид хоёр хичээлээ тараад таньдаг ахынхаа дэлгүүрээс зайрмаг авч идсэн. Зайрмагаа аваад дэлгүүрээс гараад явж байтал боодолтой мөнгө газарт байхыг харсан. Маш их гайхсан. Эргэн тойрноо хартал мөнгө хайж байгаа хүн харагдаагүй. Тиймээс мөнгийг аваад таньдаг хүнийхээ дэлгүүрт оруулж өгөхөөр шийдсэн. Хэн мөнгөө гээснийг нь мэдэхгүй ч том хүмүүст хүлээлгэн өгвөл эзэн нь удахгүй олдох болов уу гэж бодсон.

Яг хэдэн төгрөг байгааг нь мэдсэн үү?

-Мөнгийг олох үедээ хэдэн төгрөг гэдгийг тоолж үзээгүй. Харин дэлгүүрийн ахад оруулж өгөөд хамтдаа тоолцгоосон. Тавин ширхэг 20 мянган төгрөг буюу нэг сая төгрөг олсон.

Хэр хугацааны дараа эзнийг нь мэдсэн бэ?

-Үдээс хойш нь манай нутгийн хүн мөнгөө гээснээ мэдсэн юм билээ. Тэгээд банк, гэр хоёрынхоо дунд хайж байгаад мөнгийг нь үлдээсэн ахаас очиж мөнгөө авсан байсан. Бид хоёрт “Маш их баярлалаа. Ямар азаар та хоёр олоо вэ. Өөр хүн олсон бол надад эргүүлж өгөхгүй л байсан болов уу” гэж хэлсэн. Тэгээд бид хоёрт тус бүр 30 мянган төгрөг өгч баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн. Мөнгөө олж авсан хүнийг чин сэтгэлээсээ баярлахыг нь хараад өөрсдөөрөө бахархсан.

Та хоёрыг сайн үйл хийсний дараа эргэн тойрныхон нь хэрхэн үнэлсэн бэ?

-Бид хоёр хоёулаа Оюунгэрэл багштай 4а ангид сурдаг. Бид одоогоор гэрийнхээ, ангийнхаа, сумынхаа хамгийн бахархалтай хүүхдүүд болчихоод байгаа. Ангийнхаа бүр баатрууд болсон. Сургуулийн багш нар, захирал бүгд баяр хүргэж, сайн үйлс хийснийг минь магтахад маш сайхан санагдсан. Цаашид улам их сайн үйлс хийх урам зориг авсан (Инээв). Бид ч гэсэн санаадгүй байдлаар бал, дэвтэр, мөнгөө хаана гээснээ мэдэхгүй хаячихаараа маш их харамсдаг. Заримдаа томчуудад загнуулна. Харин хэн нэг нь хаясан зүйлийг минь олчихоод эргүүлэн өгөхөөр маш их баярладаг. Тиймээс тэр их мөнгөө хаячихсан хүн яасан их сандарч, харамсаж байгаа бол оо гэж бодсон.

Коронавирусийн халдвараас шалтгаалаад танхимаар нэлээд удаан хичээллээгүй шүү дээ. Одоо танхимаар хичээл ороод эхэлчихсэн. Сэтгэгдэл ямар байна?

-Танхимаар хичээл орохгүй байхад муухай байсан. Ангийнхаа найзуудыг, багш нараа, сургуулийнхаа анги танхимыг маш их санасан. Харин саяхнаас танхимаар хичээллээд эхэлсэн болохоор маш сайхан байгаа. Өдөр бүр ангийнхантайгаа уулзаад хичээлээ ч сайн ойлгож байгаа. Манай сургуулийн орчин маш гоё, тохилог. Тиймээс өдөр бүр сургуульдаа явах сайхан байдаг.

Цахимаар хичээл орж байхад хичээлээ хэр сайн хийсэн бэ?

-Сайн хийсэн. Заримдаа хийхгүй байх тохиолдол бас байсан. Гэхдээ цахимаар хичээллэснээс танхимаар хичээллэх нь илүү гоё байгаа. Тиймээс коронавирус хурдан арилж, дахин гэрээсээ хичээлээ хийхгүй байгаасай л гэж бодож байна.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тоглоомын талбайн хяналтыг сайжруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийхийг үүрэг болголоо

Коронавируст халдварын тархалтын “Улбар шар түвшин”-д шилжсэн хугацаанд нийслэлийн хэмжээнд эргүүл, хяналт шалгалтаар өдөр, шөнийн 1148 чиглэлд 2335 алба хаагч ажиллаж байна.

Үүнээс баталгаат болон баталгаат бус 40 постод 264 алба хаагч, 93 автомашинтай үүрэг гүйцэтгэн, нийслэл рүү нэвтрэх чиглэлд 3070 тээврийн хэрэгсэл, 5924 иргэн, гарах чиглэлд 1920 тээврийн хэрэгсэл, 3704 иргэнийг тус тус шалган нэвтрүүлсэн байна.

Шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох байгууллагын удирдлагуудад хэд хэдэн үүрэг, даалгавар өглөө. Тодруулбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт Коронавируст халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөц бүрдүүлэх, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах, дүүргийн Засаг дарга нарт гэрийн тусгаарлан ажиглах үйл ажиллагаанд биечлэн хяналт тавих, ажлын уялдааг сайжруулах, улс, нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулж, зөрчил дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбайн хяналтыг сайжруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, хүүхэд, өсвөр үеийнхний бөөгнөрөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай болон цасан доор дарагдсан хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах үүргийг Захирагчийн Ажлын алба, дүүргийн Засаг дарга нарт өглөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сурагчдын II улирлын амралтыг цуцалж, теле болон цахим хэлбэрээр хичээлийг үргэлжлүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг цуцалжээ.

2020-2021 оны хичээлийн жилийн бүтэц ёсоор сурагчид энэ сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 5-нд амрах ёстой байв.

Боловсрол, шинжлэх ухааны сайдаар тушаалаар сурагчдын 2 дугаар улирлын амралтыг цуцалж, нийслэлд теле болон цахим хичээлийг, орон нутагт танхимын сургалтыг үргэлжлүүлэн оруулахаар боллоо.

Энэ талаар БШУЯ “Сурагчдад хичээлийн хоцрогдол их байгаа учир гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг хичээллэж өнгөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Булган аймгийн гамшигт өртсөн иргэдэд 80 сая төгрөгийн тусламж хүргэжээ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган аймагт ажиллалаа. Ийнхүү шуурхай ажиллах болсон нь саяхан Монгол орон даяар болсон байгалийн гамшигт үзэгдэл шороон шуурганд Булган аймгийн урд сумд өртөж ард, иргэд багагүй хохирол амсаад байсан юм. Хаврын хүнд хэцүү цаг үед орон гэргүй болсон малчин өрхүүдэд цаг алдалгүй хандивын цувааг хүргэхийн тулд зохих хяналтын дор ковидын шинжилгээ өгч орон нутагт зорчсон гэдгийг УИХ-ын гишүүний ажлын албанаас мэдээлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай хамт Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин тусламжийн цувааг хүргэсэн бөгөөд энэ үеэр сумдын Эрүүл мэндийн төвд зүрхний бичлэгийн аппарат, шээсний хагас анализатор, ариутгалын автоклавын аппаратыг ч гардуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

НЭМГ: Баянгол, Сүхбаатар, СХД-ийн эмнэлэгт коронавирусийн халдвартай 350 хүнийг хэвтүүлэн эмчилж байна

Коронавируст “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол анх манай улсад бүртгэгдсэн цагаас хойш уг халдвараар өвчилсөн иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-2” эмнэлэгт тусгаарлан эмчилгээ, шинжилгээ, ажиглалт, хяналтанд хамруулж байгаа билээ.

Коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотойгоор эмнэлгүүдийн орны ачаалал эрс нэмэгдсэн тул дүүргийн эмнэлгүүдэд нэмэлтээр ор дэлгэх зохицуулалтыг хийж байна.

Энэ хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 150 ор, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус бүр 100 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар, дээрх эмнэлгүүдэд коронавируст халдварын өвчлөл бүхий 350 хүнийг хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд хүүхэд 71, насанд хүрэгчид 279 байна. Мөн хоёр өвчтөнийг ХӨСҮТ рүү шилжүүлээд байна.

Нэмэлтээр ор дэлгэсэн гурван эмнэлэгт их эмч 10, сувилагч 10, бусад ажилтан 16 зэрэг нийт 36 эмч, эмнэлгийн мэргэжилтэн 24 цагаар ажиллаж байгаа юм. Үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу цаашид бусад дүүрэгт нэмэлтээр ор дэлгэх зохион байгуулалтын ажлыг хийж байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.