Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн хэмжээнд 14:00 цагийн байдлаар 7211 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа


Гуравдугаар сарын 22-нд нийслэлд дархлаажуулалтын 42 цэгт 103 багийн 732 эмч, ажилтан ажиллаж байна. 14:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 7211 хүнийг дархлаажуулалтад хамруулж, нийт 213055 хүнийг вакцинжууллаа.
Мөн Өмнөгөвь аймгийн найман суманд 602 хүнийг дархлаажуулалтад хамруулж, нийт 4036 хүнийг дархлаажуулсан. Монгол Улсын хэмжээнд гуравдугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагийн байдлаар 7813 хүн, нийт 217091 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.
Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Монгол Улсын Баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчааг Төрийн тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагналаа

Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүгсэн байгуулагдсаны 100 жилийн ой, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улс, ЗХУ-ын баатар, Александр Невскийн одонт, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад “Чингис хаан одон” гардууллаа.

Жүгдэрдэмидийн Гүррагчаа (1947 оны 12 сарын 5-нд Булган аймгийн , Гурванбулаг сум) нь Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал хүн юм. Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд Жүгдэрдэмидийн том хүү болон төржээ.

Ж.Гүррагчаа 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд нисэх онгоцны радиоэлектрон төхөөрөмжийн 8796 механикч мэргэжилтэй болж, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх Сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв.

1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮЯ: 8.5 мянган тонн багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулахтай болно

Бүгд Хайрамдах Польш Улсын Засгийн 10.2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг эхлүүлж 8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах, 50-80 морины хүчтэй трактор 100 ширхэг, дагалдах 600 гаруй төрлийн техник тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

ОХУ-аас үр тарианы зориулалттай өндөр хүчин чадлын техник нийлүүлэх, Бүгд найрамдах Беларусь улсаас малын тэжээл бэлтгэх, төмс, хүнсний ногооны зориулалттай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг эхлүүлэхээр санал боловсруулан ОХУ болон БНБУ-ын талд хүргүүлж хамтран ажиллаж байна.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “ХАА-н бүтээгдэхүүнийг дэмжих” төслийн хүрээнд үр тариа, тэжээлийн таримал тариалагчдад 54-125 га талбайг услах хүчин чадал бүхий том оврын бороожуулагчийг, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч нарт нэг га талбайг услах хүчин чадал бүхий бага оврын 78 ширхэг бороожуулагчийг, жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдэд 1-3 га талбайг услах хүчин чадал бүхий 90 ширхэг дуслын усалгааны системийг тус тус 50 хувийн хөнгөлөлттэй үнээр 6 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй зээлээр олгох ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний үр дүнд нь усалгаатай талбайн хэмжээ 1500 га-аар нэмэгдэх боломжийг бүрдүүлнэ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨГӨӨ: Коронавирусийн эсрэг вакцин хийлгэхийн өмнө болон дараа анхаарах зүйлс


Монгол улсад “Covid-19”-ийн эсрэг дархлаажуулалтын аян хэрэгжиж эхлээд байгаатай холбогдуулан бид вакцины талаар мэдээллийг уншигчдадаа хүргэж байна.

Одоогийн байдлаар Монгол улсад дараах вакцинууд хийгдэж байна:

  • Энэтхэг улсад үйлдвэрлэсэн Оксфордын их сургууль болон Астразенека эмийн үйлдвэрлэгч компанийн “AZD1222” (Астразенека) вакцин. /Хоёр тун хоорондын зай 56 хоног/
  • БНХАУ-ын үйлдвэрлэгч Синофарм компанийн “SARS-CoV-2” (Vero Cell) вакцин. /Хоёр тун хоорондын зай 28 хоног/
  • ОХУ-ын Гамалеягийн нэрэмжит судалгааны институтийн бүтээсэн “Спутник V” вакцин. /Хоёр тун хоорондын зай 21 хоног/
  • Нийслэлд 39 цэгт “COVID-19”-ийн эсрэг дархлаажуулалт хийж байна“Covid-19”-ийн эсрэг вакциныг хийлгэснээр хүний бие SARS-Cov-2 вирусийг дарангуйлах чадвартай дархлаатай болно гэсэн үг юм. Ингэснээр тус вирусээр өвчлөх магадлал буурч, өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ эрсдэлээс хамгаалах магадлал ихэснэ. Түүнчлэн халдвар авах эрсдэл өндөр бүлэгт хамаарагдаж байгаа эрүүл мэндийн салбарын ажиллагсад, ахмад болон өндөр настангууд, мөн бусад эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийн хувьд энэхүү вакцин нь тэднийг учирч болох эрсдлээс хамгаалах чухал хэрэгсэл болж байгаа юм.

АНУ-ын Өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төв (Centers for Disease Control and Prevention, цаашид- “CDC”) “Коронавирусээс сэргийлэх, цар тахлыг зогсоох хамгийн тохиромжтой бөгөөд найдвартай арга хэрэгсэл бол вакцин” хэмээн мэдэгджээ.

“Covid-19”-ийн эсрэг вакцин хийлгэхээс өмнө болон дараа анхаарах зүйлс (фото 1)

Жонс Хопкинс эрүүл мэндийн төвийн аюулгүй байдал хариуцсан анагаах ухааны доктор, халдварт өвчин судлалын мэргэжилтэн Амеш А. Адаля вакцин хийлгэхээс өмнө мөрдвөл зохих зүйлүүдийг дурджээ. Үүнд:

  • Сэтгэл санааны хувьд аль болох тайван байх.
  • Өдөр тутамд баримталдаг тогтсон дэглэмээсээ гажихгүй байх.
  • Вакцин хийлгүүлэхийн өмнө шарталтын үеийн зовиургүй байх. “Учир нь шарталтын зовиур дээр вакцины дараах сөрөг шинж тэмдгүүд нэмэгдвэл илүү их хүндрэл дагуулна” гэжээ.
  • Мөн “Дархлаажуулалтын дараа илэрч болох сөрөг шинж тэмдгээс урьдчилан сэргийлэхийн тулд өвчин намдаах эм (парацетамол, ибупрофен) хэрэглэхгүй байх” хэмээн CDC төвөөс мэдэгджээ.
“Covid-19”-ийн эсрэг вакцин хийлгэхээс өмнө болон дараа анхаарах зүйлс (фото 2)
“Covid-19”-ийн эсрэг вакцин хийлгэхээс өмнө болон дараа анхаарах зүйлс (фото 3)

Вакцин хийлгэхээр эмнэлэгт очихдоо маскаа зүүж, хүн хоорондын зайгаа барин дор хаяж 1.5 метрийн зайтай зогсоно. Вакцин хийлгэхээс өмнө асуумж бөглөж, таныг халуурч байгаа эсэхийг шалгаж, мөн эрүүл мэндтэй холбоотой бусад асуумжыг ярилцсаны эцэст вакциныг хийнэ. “Covid-19”-ийн эсрэг дархлаажуулалтын үйл явц ердийн ханиад томууны вакцин хийхтэй төстэй явагддаг. Вакцин тариулахад ѳвдѳх зовиур байхгүй ба тариаг гарын булчинд хийсний дараа 15 минутын турш хяналтын ѳрѳѳнд сөрөг шинж тэмдэг илрэх эсэхийг хянадаг байна.

“Covid-19”-ийн эсрэг вакцин хийлгэхээс өмнө болон дараа анхаарах зүйлс (фото 4)

Дархлаажуулалтад хамрагдсаны дараа нийтлэг илэрдэг шинж тэмдгүүдтэй танилцъя. Үүнд:

  • тариулсан хэсэгт өвчин орох
  • зүү хатгасан газарт хавдах, улайх
  • халуурах
  • ядрах
  • толгой өвдөх
  • бие зарайх гэх мэт сөрөг нөлөөнүүд ажиглагдсан байна.

Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд дараах арга хэмжээг авахыг CDC төвөөс зөвлөжээ:

  • Хэрэв таны гар хөндүүрлэж, тариулсан газарт хавдсан бол цэвэрхэн алчуурыг хүйтэн усанд чийглэн өвчтэй газартаа тавьж гараа хөдөлгөн дасгал хийх;
  • Хэрэв та халуурсан бол их хэмжээний шингэн ууж, хэт их зузаан хувцас өмсөхгүй байх;
  • Бусад дурдсан шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмчтэйгээ зөвлөлдөж өвчин намдаах эм уух эсэхээ шийдэх

Эдгээр сөрөг нөлөөнүүд 2-3 хоногийн дараа гэхэд арилдаг байна.

СDC төвийн мэргэжилтнүүд ямар тохиолдолд эмчид хандах хэрэгтэйг тодорхойлсон нь: гарт орсон хөндүүр, тариулсан газрын хавдалт, улайлт зэрэг нь 24 цагийн дараа арилахгүй бол; бусад сөрөг шинж тэмдгүүд 2-3 хоног өнгөрсөн ч үргэлжилсээр байх тохиолдолд эмчид хандахыг зөвлөжээ.

Tаны биед коронавирусийн дархлаа хэзээ бүрэн тогтох вэ?

“Covid-19”-ийн эсрэг вакцин хийлгэхээс өмнө болон дараа анхаарах зүйлс (фото 5)

“Covid-19”-ийн эсрэг ихэнх вакциныг нийт хоёр тунгаар тарьдаг байна. Одоогоор хийгдэж байгаа вакцинуудын дунджаас авч үзвэл хоёр дах тунг хийлгэснээс хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтсонд тооцох юм. Гэвч одоогийн байдлаар хэрэглээнд нэвтэрсэн байгаа вакцинууд 100 хувь төгс гэж батлагдаагүй учир хоёр дах тунг хийлгэсэн ч халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар сахин маскаа зүүж, хүн хоорондын зайг баримтлах ёстой.

Мөн судалгааны гол сэдвүүдийн нэг болоод байгаа асуудал нь анхны тунг хийлгэсний дараа сөрөг шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд хоёр дах тунг хийлгэж болох эсэхэд оршиж байгаа юм. Энэхүү сэдвийн хүрээнд CDC төв «Эмчийн хориглосноос бусад тохиолдолд хийлгэхийг зөвлөж байна» гэжээ.

Вакцинаас үүсэх дархлаа удаан үргэлжлэх үү?

“Covid-19”-ийн эсрэг вакцин хийлгэхээс өмнө болон дараа анхаарах зүйлс (фото 6)

“Covid-19”-ийн эсрэг вакцин иргэдэд нэвтрээд удаагүй байгаа тул дархлааны үргэлжлэх хугацааг тодорхой хэлэх боломжгүй байгаа юм. Энэхүү асуудлыг чиглэсэн судалгаанууд үргэлжлэн хийгдсээр байна. Одоогийн байдлаар цугларсан нийт мэдээллийг дүгнэвэл халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн дийлэнхэд нь дахин халдвар авахаас сэргийлэх дархлаа тодорхой хугацаанд тогтдог гэнэ. Гэхдээ тэрхүү дархлааны үргэлжлэх хугацаа болон вирусээс хамгаалах чадамжийг мөн л тодорхой хэлэх боломжгүй байна.

Вакцин хийлгэснээр юу өөрчлөгдөх вэ?

“Covid-19”-ийн эсрэг вакцин хийлгэхээс өмнө болон дараа анхаарах зүйлс (фото 7)
  • Вакцинд бүтэн хамрагдсан иргэдтэй дотор орчинд маскгүйгээр цугларах боломжтой болно;
  • Халдвар авах өндөр эрсдэлтэй бүлэгт хамаарах хүнтэй хамт байхаас бусад тохиолдолд вакцинд хамрагдаагүй айл өрхтэй дотор орчинд маскгүйгээр цугларах. Жишээ нь, хамаатнуудтайгаа хамт байх;
  • “Covid-19”-ийн халдвар авсан хүнтэй хамт байсан тохиолдолд, танд шинж тэмдэг илрээгүй бол заавал шинжилгээ өгөх шаардлагагүй болно.

* Гэхдээ хэрэв та олуулаа амьдардаг (хорих анги, засан хүмүүжүүлэх газар г.м), мөн халдвар авсан хүнтэй нэг дор байдаг тохиолдолд шинж тэмдэг илрээгүй ч 14 хоногийн турш өөрийгөө бусдаас тусгаарлаж, шинжилгээ өгөх ёстой.

Вакцин хийлгэснээр юу өөрчлөгдөхгүй вэ?

“Covid-19”-ийн эсрэг вакцин хийлгэхээс өмнө болон дараа анхаарах зүйлс (фото 8)
  • Өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд маск зүүх, хүн хоорондын зайг барих, агаар сэлгэлт муу газар очихгүй байх зэрэг алхмуудыг үргэлжлүүлэн сахисаар байх шаардлагатай;
  • Дунд хэмжээний болон томоохон цугларалтад оролцохгүй байх;
  • Олон улсын нислэгээр зорчихоос зайлсхийх. Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагах;
  • Биед илэрч буй шинж тэмдгийг ажиглахаа зогсоохгүй байх. Хэрвээ “Covid-19”-ийн шинж тэмдэг илэрвэл шинжилгээ өгөх;
  • Ажлын байрны халдвар хамгааллын журмыг биелүүлэн сахисаар байх
Categories
мэдээ нийгэм

Шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр гуравдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-30 см нимгэрч мөсний үзэгдэл эрчимжиж, мөс хэврэгшиж байна.

Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний сав дахь цас, мөс хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан ус эргээсээ халих голын эрэг татам орчим усанд автах зэрэг үзэгдэл ажиглагдаж болзошгүй байгаа юм.

Иймд ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Ганбат: Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөс доошгүй болгох ёстой

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Шилэн дансны тухай хууль, Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөс багагүй болгох хуулийн төслийг хэлэлцээд, нэн даруй өргөн барихаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Шилэн дансны тухай хуулыг сайжруулах шаардлагатай байна. Энэ хууль бол татвар төлөгчид төлсөн татварын мөнгийг нь төр хэрхэн зарцуулж байгааг хянах зорилготой.

Гэхдээ энэ хуулиар 5-аас доош сая төгрөгийн гүйлгээг нягтлах боломжгүй байгаа тул яаралтай засах нь зүйтэй гэ үзсэн. Хуулийн төслөө бэлтгэн санал авахаар засгийн газарт хүргүүлсэн. Татвар төлөгчдийн төлсөн нэг төгрөг ч олон нийтийн хяналтад байх ёстой. Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөс доошгүй болгох ёстой гэдэг хуулийн төслийг боловсруулж, мөн засгийн газарт хүргүүлсэн. Гэвч Засгийн газар бидний саналыг дэмжээгүй байна. Одоогоос хоёр жилийн өмнө нэг ам.доллар 2000 төгрөг ч хүрдэггүй байлаа. Нэг юань 200 төгрөг орчим байлаа. Одоо ам.доллар 2000 давж, юань 400 төгрөгтэй тэнцэж байна. Ийм нөхцөл байдалд ахмадууд тэтгэврийн мөнгөөрөө амьдрахад хэцүү. Тиймээс тэтгэврийн доод хэмжээг нэмэх хэрэгтэй” гэлээ.

Түүнчлэн энэ сарын 28-ны өдөр болох АН-ын даргыг тодруулах хоёр талын дотоод сонгуулийг нэгтгэн хамт зохион байгуулж, есөн нэр дэвшигчээс хамгийн өндөр санал авсан хүнийг АН-ын даргаар томилох нь зөв гэсэн байр суурийг УИХ дахь АН-ын бүлэг мэдэгдлээ

Categories
мэдээ нийгэм

А.Мөнхболд: Иргэд та бүхнийг Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгадаа идэвхтэй оролцохыг уриалж байна

-ГАР УТСАНДАА SMARTUB АППЛИКЭЙШНИЙГ СУУЛГАЖ ӨӨРИЙН ХОРОО,

ДҮҮРГИЙН ХӨГЖИЛ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ-


Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хийгдэх төсөлд иргэдийн саналыг нэмэгдүүлэх, идэвxтэй оролцоог хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн Бодлого, Төлөвлөлтийн хэлтэс, Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар, ухаалаг утасны SmartUB аппликейшнийг хөгжүүлсэн юм. Нийслэлийн иргэд Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн жил бүрийн санал асуулгадаа уг аппликэйшнийг ашиглан цахимаар оролцдог болсон билээ. Энэ удаа 2022 онд ОНХСгаар хэрэгжүүлэх төслийн санал асуулга ид явагдаж байгаа юм. Энэ хүрээнд НЗДТГын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга доктор, дэд профессор А.Мөнхболдтой ярилцлаа.


Орон нутгийн хөгжлийн сан 2013 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч 2018 оноос илүү эрчимжсэн гэж ойлгосон. 2013-2018 оны хооронд иргэдийн саналыг одоогийнх шиг хялбар биш, механик маягаар цуглуулдаг байсан шүү дээ?

-Орон нутгийн хөгжлийн сан гэдэг маань хөдөө, орон нутагт л хамаатай сан гэж ойлгогдоод байдаг талтай, Орон нутгийн хөгжилд зориулсан ажил хийдэг, улсын төсвийн тодорхой хэсгийг зарцуулж, хэрэгжүүлдэг ийм үйл ажиллагаа байгаа юм. Тэгэхээр орон нутаг гэхээр хөдөө орон нутаг гэж ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл нийслэлийн дүүрэг, хороо, багийн хөгжлийг дэмжих, хотын хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн сан юм. Хүний амьдрах орчин, хамгийн ойрхон байдаг хэсгийг бид орон нутаг гэж ойлгож, ингэж томьёолж оруулсан гэж ойлгож байгаа.

Гэр хороолол, орон сууцны хороололд амьдарч байгаа хүмүүсийн өмнө тулгарч байгаа асуудал олон янз. Гудамжны гэрэлтүүлэг гэдэг ч юм уу, эсвэл авто зам,, фасадны засвар, эсвэл дээвэр засвар гээд иргэн хүн өөрийнхөө амьдарч байгаа орчинд шийдчихмээр, шийдүүлэх шаардлагатайасуудал их байдаг. Энэ асуудлуудыг иргэдийн санал асуулгаар, Иргэдийн нийтийн хурлын оролцоотойгоор шийдэх төсвийн үйл ажиллагааг Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулж хийдэг юм. 2013 оноос 2018 оны хооронд иргэдийн саналыг цаасаар авч байсан. Өөрөөр хэлбэл Сангийн сайдын 2018 оны9 дүгээр сарын 12-ны өдрийн228 дугаар тушаалаар батлагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын дагуу Баг, хорооны Засаг дарга ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар баг, хорооны иргэдийн дунд олон нийтийн нээлттэй санал асуулгыг санал асуулгын хуудас, бүлгийн ярилцлага, цахим хэлбэрээр явуулахаар зохицуулсан байдаг.

Ковид цар тахлын үед бид аль болох иргэдийг бөөгнөрүүлэхгүйгээр, аль болох цахимаар зохион байгуулахыг хичээн ажиллаж байна. Жил бүрийн нэгдүгээр сарын нэгнээс тавдугаар сарын нэгний өдөр хүртэлиргэдээс цуглуулсан саналыг нэгтгэн боловсруулаад, тавдугаар сарын гучин гэхэд нэгтгээд хороондоо өгнө. Түүнийг нь Иргэдийн хурлаараа хэлэлцээд дараа нь дүүрэгтээ хүргүүлдэг. Дүүрэг нь бүх хороодоос ирсэн саналуудыг нэгтгээд нийслэлд өгдөг. Нийслэл улсын төсөвт суулгуулна. Төсөв дээр суулгасан хөрөнгө оруулалтаа буцаагаад хуваарилдаг юм.


Маш олон дамжлагатай, бичиг цаас зөөж, цаг алддаг байжээ. Тэгж ажиллахад иргэдийн санал хаягдах магадлалтай байсан болов уу?

-2018 оноос Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй НЗДТГ, Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд энэ ажлыг цахим болгож, аппликейшн хөгжүүлэх замаар илүү хялбарчилсан гэсэн үг. Нэгдүгээрт, маш их цаасны ажил хэмнэсэн, хоёрдугаарт иргэдийн хамрах хувийг нэлээн өргөн болгож өгсөн, гуравдугаарт ирүүлсэн саналыг нэгтгэхэд хялбар, хүний оролцоог аль болох бага болгосон. Өмнө нь нэг өрхөөс нэг л санал авдаг байсан бол одоо 18 нас хүрсэн иргэн бүрээс санал авах бололцоотой болсон. Энэ нь ойролцоогоор насанд хүрсэн 800 гаруй мянган иргэн Улаанбаатар хотод байдаг. Тэргээр хүмүүсээс бид санал авах боломжтой болж байгаа юм. Ингээд2018 онд гар утасны SmartUB аппликейшн хөгжүүлээд тэрийгээ хэсэгчилсэн байдлаар турших замаар санал асуулга явуулсан юм. 2019 онд нэлээн эрчтэй яваад өнгөрсөн жил энэ аппликейшнаар нийслэлийн хэмжээнд цахим санал асуулга зохион байгуулсан. 2020 онд 800 гаруй мянган хүний 43 хувь буюу 374,000 орчим иргэнээс саналыг нь авсан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жил 2021 онд хэрэгжүүлэх төслийн саналаа иргэдээсээ харьцангуй их өндөр хувьтай авсан гэсэн үг л дээ.

Энэ жил хэдий хэрийн хөрөнгөөр ямар ямар ажил хийгдэх вэ. Өнгөрсөн жил иргэд голчлон ямар санал өгөв?

-2021 онд ойролцоогоор 31 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа юм. Гэр хорооллын иргэдээс ирсэн санал нь ихэвчлэн гудамжны гэрэлтүүлэг, камержуулалт, гудамж, явган хүний замын засвар, ногоон байгууламж, цэцэрлэгт орчин байгуулах, хүүхдийн тоглоомын талбайтай болох тал дээр төсөл хэрэгжүүлэхийг хүссэн бол орон сууцанд амьдарч байгаа хүмүүсээс ихэвчлэн дээвэр засвар, фасад засвар, тохижилт, тоглоомын талбай гэсэн онцлогтой саналууд зонхилж өгсөн. 2019 онд иргэдээс авсан саналын дагуу өнгөрсөн онд 27 тэрбум төгрөгийн ажил хэрэгжсэн байгаа. Харин энэ жил 31 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Тэгэхээр энэ сангийн хөрөнгө оруулалт өсөж байна гэсэн үг.

Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийн эх үүсвэрийг сонирхож болох уу?

-Дөрвөн эх үүсвэрээс бүрдэж байгаа юм. Орон нутгийн хөгжлийн сан нь, нэгдүгээрт бол АМНАТ-аас санхүүждэг. Ашигт малтмалын нөөц ашигласны татвар гэж байдаг, тэрний таван хувь. Хоёрдугаарт, НӨАТ-ын таван хувийг энд төвлөрүүлж байгаа. Гуравдугаарт, газрын тосны олборлолт, тэрнээс олсон ашгийн гучин хувь. Дөрөвдүгээрт, олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцаагаар эх үүсвэрээ бүрдүүлдэг. Дэлхийн Банк, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнднэлээдгүй дэмжлэг авч явдаг. Энэ сан цаашид тогтвортой ажиллах болов уу гэж бид хардаг.

Өнгөрсөн жил санал өгөх ёстой иргэдийн бараг тал нь энэ санал асуулгад оролцжээ. Та бүхэн энэ жилийн санал асуулгад иргэдийн оролцох хувь хэд байх бол гэж таамаглаж байна. Прогноз ямар байна вэ?

-Өнгөрсөн жилийн тухайд цахим санал асуулгын төсөл нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг дээр сүүлд хэрэгжсэн учир ирц бага байсан, гэхдээ бусад дүүргүүд нь ирц сайтай, иргэдийн оролцоо сайн байсан. Энэ жилийн санал асуулгад Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэд маань нэлээн идэвхтэй оролцох байх гэж харж байгаа. Бид ямар ч байсан 50-иас дээш хувь буюу 400 гаруй мянган иргэдээс санал авчих байх гэж найдаж байгаа. Энэ сарын 19-ний байдлаар санал асуулгын ирц 30 орчим хувьтай явж байсан. Тэгэхээр үүн дээрцахим санал асуулгаар саналаа өгөхийг Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэддээ уриалах хэрэгтэй байх.

Хоёрдугаарт, залуучуудаа илүү түлхүү оролцоосой гэж хүсэж байгаа. Залуучуудын маань санал орхигдчих вий, ялангуяа сүүлийн үед ирж байгаа төслүүдийн байдлыг харахаар залуучууд руу чиглэсэн ажил нь бага, жишээ нь залуучуудад хэрэгцээтэй сагсан бөмбөгийн талбай ч юм уу, залуучуудын өөрсдийнх нь хүсдэг тэр төслүүд ер нь цөөн орж ирээд байгаа юм. Тэгэхээр магадгүй тэр чиглэлээр залуучууд маань идэвхтэй оролцоод өөрсдийнхөө дуу хоолойгоо өргөж өөр өөрсдийнхөө амьдарч байгаа орчныг сайжруулахын төлөө саналаа өгөх ийм хэрэгцээ шаардлага бол зайлшгүй байгаа юм.

Өнгөрсөн жил ОНХСгийн санал асуулгад Багахангай дүүрэг бараг 100 хувь ирцтэй оролцсон байна билээ?

-Тэгсэн.

Яагаад?

Хүн ам цөөн, дүүргийн иргэд маань маш сайн мэдээлэл авсан болохоор санал асуулгын ирц өндөр байсан. Хоёрдугаарт, тус дүүргийн удирдлага, хороод хэсгийн ахлагч нар маш сайн ажилласан нь ийм үр дүнтэй харагдаж байгаа юм.

Иргэд нь санал асуулгадаа идэвхтэй оролцож, тэр дагуу хороо хорин, амьдран байгаа орчинд нь өөрчлөлт гараадэхлэхээр та бүхэнд талархах, хийж буй ажлыг тань улам дэмжих хандлага нэмэгддэг л байх?

-Өө, тийм жишээ олон байлгүй яахав. Амжилттай хэрэгжсэн төслүүд олон бий шүү. Ер нь энэ бол маш сайн хандлага юм. Швейцарт нийгмийн ардчилал маш сайн хөгжсөн, иргэдээсээ асууж байж, бодлого, төлөвлөлтөө хийдэг. Өнөөдөр бидний хийж байгаа ажил жижиг мэт боловч ирээдүйд энэ ажил маань өргөжөөд явах юм. Гадны сайн туршлагыг бид Монгол Улсдаа, тэр дундаа Улаанбаатар хотдоо нутагшуулж ажиллах хэрэгтэй юм.

Олон нийтээс, иргэдээс саналыг нь авч тухайн амьдран байгаа орчныг нь сайжруулж, хөгжүүлдэг энэ төсөлтэй монголчууд саяхнаас л танилцаж эхэлж байгаа болохоос биш дэлхийн томоохон хотууд яг л ийм замаар хөгжсөн юм билээ?

-Тийм ээ. Ерөөсөө иргэдийнхээ санал дээр л тулгуурладаг. Тэгэхээр бид аль болохоор, ялангуяа Улаанбаатар хотод иргэдтэйгээ маш ойрхон хамтарч ажиллах ёстой юм. Иргэдийнхээ саналыг байнга сонсож ажиллаж байж бид төсөл, хөтөлбөрүүдийг сэтгэл хангалуун хэрэгжүүлэх боломжтой. Жишээ нь, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах асуудал ярианы гол сэдэв болдог. Гэтэл энэ асуудлыг дан ганцхан захиргааны аргаар шийдэх ямар ч боломжгүй, зайлшгүй иргэдийн оролцоотой байж шийдэхээс өөр гарцгүй. Яалт ч үгүй иргэдийн оролцоо шаардагдах ийм асуудал олон. Өнөөдөртөө бид иргэдийнхээ амьдарч буй газрын гудамж, гэрэлтүүлэг, амьдарч байгаа орчныг нь л шийдэх зорилгоор ингэж санал асуулга авч байна. Ирээдүйд бид хийж буй ажлынхаа хүрээг тэлж, улам цааш нь өргөжүүлээд Улаанбаатар хотын өмнө тулгарч байгаа асуудлаа иргэдтэйгээ шийдээд явна гэсэн үг. Тийм далайцтай байдал руу шилжих бэлтгэл үе явж байна гэж бид хардаг.

Энэ санал асуулгыг ерөнхий, томоор нь харвалИргэн та ямар хотод амьдармаар байна, тэр захиалгаа өггэсэн л товч утга, тийм үү?

-Тийм ээ, захиалгаа өгч байна гэж ойлгож болно. Нөгөө талаар бас иргэд маань зөвхөн ганцхан санал өгөөд орхих биш. Тухайн сонгон шалгаруулалт, төслийн явц, яаж явагдаж байгаа юм, чанар, хэрэгжилт, ашиглалтын үед нь хяналт тавиад явна гэсэн үг.

Ил харагдаад байдаггүй болохоос биш сүүлийн хэдхэн жилийн дотор хотын арын гэр хорооллууд тэр чигтээ засмал замаар холбогдож, битүү гэрэлтүүлэгтэй болчихсон. Гэтэл хотынхон ганцхан замтай мэт төв, гол замууд дээрээ л түгжирцгээгээд байдаг. Гэр хорооллууд засмал замтай болсон нь мөн л иргэдийн өөрсдийнх саналтай холбоотой байх гэж үзэж болох уу?

-Болно л доо. Орон нутгийн хөгжлийн сан болон улс, нийслэлийн төсөв, авто замын сангаас баригдсан замууд юм. Ер нь бол ирээдүй ингэж харагдаж байгаа юм. Бид төв буюу Энхтайваны гудамжаараа чихэлдээд байгаа юм. Тэгэхээр энэ том түгжрэлийг задалж өгөх хэрэгтэй. Нэг задалж байгаа суваг нь таны ярьсан гэр хорооллын дундуур тавигдсан авто замууд. Хот доторх ачааллыг ийм маягаар задлаад дараа нь нийтийн тээврээ хөгжүүлэх орон зайг гаргавал Улаанбаатар хотын түгжрэл буурах боломжтой байгаа юм. Үүн дээр бодлого боловсруулаад Иргэдийн хурал, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ. Энэ дөрвөн жилд бид том зорилт тавьчихсан байгаа шүү дээ.

Өнөөдөр хотод тээврийн хэрэгслийн хурд 13 км/цаг байгаа. Энийг бид 25 км/цаг буюу хоёр дахин өсгөх ийм боломжтой гэж харж байгаа юм. Үүн дээрсанхүү, эдийн засаг, зохицуулалтын аргыг хослуулан хэрэглэвэл нэлээд нэмэгдүүлэх боломж бий. Тэгэхээр энэ бүх боломжоо бид иргэддээ зөв ойлгуулаад, тэрнийгээ хамтдаа шийдээд явбал энэ бүх түгжрэл, бухимдал арилах болно.

Ингэхээр нийслэл хот хөгжихөд иргэн бүрийн оролцоо, санал маш их хэрэгтэй байх нь. Та сая ярилаа. Одоогоор 2021 оны ОНХСгийн санал асуулгад оролцож буй иргэдийн хувь бага байгаа юм байна. Санал асуулгад хэрхэн оролцох вэ?

-Мэдээж иргэн бүр ухаалаг утас, интернэтийн хүртэмж байхгүй иргэд, настай хүмүүст аппликэйшнийг ашиглахад жаахан төвөгтэй мэт санагдах байх. Үүний тулд хэсгийн ахлагч нарт төслийн зүгээс яаж туслах талаар зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулсан. Хэсгийн ахлагч нар иргэдтэй утсаар ярьж саналыг нь авах боломжоор хангасан байгаа. Харин утсаар яаж авах, саналыг нь яаж бүртгэх талаар Азийн сангийн төслийн баг дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Мөн тухайн иргэний хүүхдүүд нь SmartUB аппликэйшн яаж ашиглах талаар тусалж болох юм. Эсвэл хэсгийн хороон дээр очоод саналаа бичгээр өгч болно. Гэхдээ одоогийн ковидын нөхцөлд Smar­tUB аппликэйшн хамгийн зөв сонголт. Энэ аппликэйшныг гар утсандаа SmartUB татаж суулгаад ОНХС-САНАЛ АСУУЛГА цэсэнд хандсанаар өөрийн хороо, дүүргийн хөгжил, бүтээн байгуулалтад санал өгөх боломжтой болно. Таны саналыг бүртгэж авсан хариу мессэж ирнэ. SmartUB аппликэйшн таны гар утсанд байхад тэр аппликэйшнд маш их мэдээллүүдийг ашиглах боломжтой.

Сүүлийн үед хэсгийн ахлагч иргэн рүү залгаж 5 оронтой кодыг нь асуугаад иргэний өмнөөс санал өгөөд байна гэх шүүмжлэл их гарах боллоо. Үүн дээр та тайлбар өгөөч?

-Яг үнэн. Иргэн таны өмнөөс өөр хэн нэгэн этгээд санал өгөхгүй байх бололцоог хангахын тулд гар утасны дугаараар тань таныг баталгаажуулж байгаа юм. Тиймээс иргэн та зөвхөн өөрөө өөрийнхөө өмнөөс саналаа өгөөрэй гэж хэлмээр байна. Санал асуулгад аль болох олон иргэнийг хамруулахын тулд хороо, хэсгийн ахлагч нар хариуцсан хороо хэсгийнхээ иргэдийг санал асуулгад идэвхтэй хамруулсан бол урамшуулах тогтолцоо үйлчилж байгаа тул ийм зөрчил гарсан байж болзошгүй. Нийслэлийн зүгээс хороо, хэсгийн ахлагчдад санал асуулгад оролцохыг иргэдээсээ уриалахдаа өөрөөр нь саналыг нь өгүүлэх, хэрэв ухаалаг утасгүй, интернэтгүй ч юм уу өөрөө санал өгөх боломжгүй тохиолдолд тухайн иргэний саналыг цаасан дээр бүртгэж өөрөөр нь баталгаажуулах чиглэл өгч ажиллаж байна.

Олон нийтийг хамарсан санал асуулга, бас сонгуульд ахмад настнууд ирц сайтай оролцдог. Гэтэл манай нийслэлийг залуучуудын хот гэж ярьдаг шүү дээ. Хотынхоо хөгжилд саналаа нэмэрлэх боломж залууст байна. Гар утсандаа ганц аппликэйшн татаад л ОНХСгийн санал асуулгадаа оролцоно шүү дээ, уг нь их амархан?

-Залуусыг санал асуулгад идэвхтэй оролцооч, саналаа өгөөч гээд байгаа нь энэ шүү дээ. Улаанбаатар хот бол залуучуудын хот. Тэгэхээр энэ хот ирээдүйд ямархуу өнгө төрхтэй, ямар байлгахыг манай залуучуудын оролцоо л шийдэх ёстой болоод байна. Залуус аа, иргэд ээ, ОНХС-гийн санал асуулгадаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор Үндэсний зөвлөл байгуулна

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНМАУ, ЗХУ-ын баатар, Алекандр Невскийн одонт, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.

Тэртээ 40 жилийн өмнө “Союз-39” хөлгөөр нисч сансрын физик, технологи, байгаль орчин, эмнэлэг, биологийн 30 орчим туршилт хийн, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасанд баяр хүргэв.

Уулзалтын үеэр МУИС, ШУА, Монголын сансрын технологийн холбоо хамтран боловсруулсан сансрын технологийг хөгжүүлэх төслөө танилцууллаа. Төслийг 2020-2049 онд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэ салбарт 2020-2029 он буюу нэгдүгээр шатанд Эзэмших, 2030-2039 он буюу хоёрдугаар шатанд Өрсөлдөх, 2040-2049 он буюу гуравдугаар шатанд Тэргүүлэх гэж авч үзжээ.

Хэдийгээр сансар судлалын чиглэлээр чамгүй зүйл хийсэн ч алдсан боломжоо нөхөхийн тулд томоор харж ажиллах цаг болсныг Ерөнхий сайд тэмдэглэв. Энэ үүднээс сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор Үндэсний зөвлөл ажиллуулах, бодлогын баримт бичиг, төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэснээ хэлэв. Сансрын технологийн цогцолбор төвийн зураг төсөл боловсруулах, хиймэл дагуул бүтээх болон хамтарсан төслүүдийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

1981 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14:58 минутад Байконуураас ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибеков, БНМАУ-ын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нар “Союз-39” хөлгөөр сансарт хөөрсөн. Хөлгийн баг найман өдөр дэлхийг 124 удаа тойрч 03 дугаар сарын 30-нд эх дэлхийдээ газарджээ.

Ингэснээр Монгол Улс сансарт техникээ туршсан дэлхийн тав дахь, судалгааны төхөөрөмжөө ашигласан 20 дахь, иргэнээ нисгэсэн 10 дахь орон болсон юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тамхи их татах нь амьсгалын замыг гэмтээж, коронавирусийн халдварт өртөмтгий болгодог

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Л.Энхсайхан сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Вакцины бүрэн тунг хийлгэсэн хүмүүст гэрчилгээ олгож байгаа юу. Хэрвээ олгосон бол тус гэрчилгээг хөдөө орон нутагт эсвэл гадаадад зорчиход заавал шаардах уу?

-Вакцины хоёр тунг хийлгэснээс 14-21 хоногийн дараа дархлаа тогтох судалгааны үр дүн бий. Тиймээс хоёр удаагийн тун хийлгэсэн иргэдийг гадаадад болон хөдөө орон нутагт зорчих талаар мэдээллийг тухайн үед нь УОК-оос мэдээлэл өгнө.

Бид өнөөдрийн байдлаар 210.000 гаруй хүнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулаад байгаа ч халдварыг бууруулахын тулд хамтдаа хичээх ёстой.

Иргэд агаарт гарч, биеийн дархлаагаа дэмжих нь чухал. Мөн архи, тамхи хэрэглэх нь дархлаанд маш сөргөөр нөлөөлдгийг хэлье. Тэр дундаа тамхи их татах нь амьсгалын замыг гэмтээж, коронавирусийн халдварт өртөмтгий болгодог. Тиймээс тамхи татдаг хүмүүс тамхины хэрэглээгээ багасгаж С аминдэмээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөж байна.

Вакцин хийлгэсэн хүмүүст вакцин тариулсан гэж гэрчилгээг олгож буй. Энэ талаарх мэдээллээ E-mongolia-аас авах боломжтой.

-Одоогоор манай улс БНХАУ-д үйлдвэрлэсэн вакциныг л зөвхөн хэрэглэж байгаа юу?

-Дэлхий дахинд коронавирусийн эсрэг вакциныг гаргаж авахаар 265 эмнэл зүйн туршилт судалгаа хийгдэж байна. Үүнээс 13 төрлийн вакцин хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд одоогоор есийг нь яаралтай горимоор ашиглахаар улс орнууд зөвшөөрөөд байгаа.

Бусад вакциныг бүртгэж авсан ч шалгах ажил үргэлжилж буй. Монгол Улсын хувьд, Дархлаажуулалтынхаа хуулийн дагуу Хүний эмийн зөвлөлөөс бүртгэсэн вакциныг дархлаажуулалтад ашиглаж байгаа. АстраЗенека вакцины эхний тунг хийж дууссан. Одоогоор БНХАУ-ыг Синофарм үйлдвэрийн Вероселл вакциныг ашиглаж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Архангай аймаг PCR шинжилгээ хийх аппараттай боллоо

Архангай аймаг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар PCR шинжилгээ хийх молекул биологийн лабораторитой боллоо.

Тус лабораторийг Нэгдсэн эмнэлэгт суурилуулж, энэ сарын 20-ны өдрөөс эхлэн шинжилгээ авч эхэлсэн байна.
PCR аппарат нь тусгай горим, өрөө тасалгаа шаарддаг, хүчин чадал өндөр, коронавирусийн халдварын PCR шинжилгээнээс гадна томуу, сүрьеэ, бэлгийн замын халдвар, элэгний В, С вирусийн халдварын шинжилгээг хийх томоохон лаборатори юм.
Цаашид лабораторийн ажиллагааг шуурхай хангаж, орон нутагт PCR шинжилгээ авч эхэлснээр цаг хугацаа, урсгал зардлыг хэмнэх боломж бүрдэж байгаа юм.
Өнгөрсөн өдрүүдэд Чулуут, Хайрхан, Батцэнгэл суманд тусгаарлагдсан иргэдийн давтан шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус PCR аппаратаар хийжээ.