Categories
мэдээ улс-төр

Тусгаар тогтнол: Бүтэшгүйг бүтээсэн дээдсийн гавьяа

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар (Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд цолтой)

Ганцхан улс Монгол Улсын тусгаар тогтнолыг зөвшөөрч байв


220 жил харь гүрний харьяанд оршсон монголчууд 1911 онд туурга тусгаар төр улсаа эмхлэн байгуулах их үйл хэргийг эхлүүлсэн билээ.

Монголын язгууртан ноёдын санаачилсан энэхүү тэмцэл мухардалд орж гацахад МАН 1921 онд гардан авч,ард олныхоо дэмжлэгтэйгээр үргэлжлүүлсэн түүхтэй.

Ингэснээр хоёр зууныг дамнасан, монгол үндэстний хүсэл мөрөөдлийн оргил болох тусгаар тогтнолыг бодитоор авчирч үр хойчдоо үлдээсэн юм.

Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүх эхлэхдээ амжилтад хүрэх магадлал тун бага, нугачаа, бартаатай байсныг өнөөгийн бид мартах ёсгүй.

Бүтэн зууны тэртээх үйл явцын дүнд олдсон болохоор өнөөгийн зарим төлөөлөл тусгаар тогтнолын ач холбогдлыг түүхэнд болоод л өнгөрдөг олон мянган ердийн өрнөлийн нэг төдийхөнд бодож, хаачих ч үгүй хаяанд байж л байсан, цаашид ч зүгээр байж л байх, тиймээс цагийн аясаар алсран гандах ухагдахуун мэт үл тоомсорлож, дутуу үнэлэх тохиолдол ажиглагддаг. Ялангуяа өнөөгийн улс төрийн өрсөлдөөний улайрал, нөлөөн дор МАН-ын энэ тэмцэлд гүйцэтгэсэн үүргийг бүдгэрүүлэхийн тулд тэртэй тэргүй нуран унаж байсан гүрнээс бараг аяндаа салан тусгаарлачихсан ч юм шиг, Монголын нутаг дээр харийн цэрэг гэх юм бараг байгаагүй ч юм шигээр сурталдах нь бий. Мөн энэ тусгаар тогтнолын тэмцлийг бид зөвхөн өөрийн улсын дотоод өнцгөөсөө харж ач холбогдлыг нь дэнслэх явдал ч түгээмэл байдаг. Мэдээж манай тусгаар тогтнолын тэмцэл нэн тэргүүнд Монголынхоо түүхэнд л онцгой чухал ач холбогдолтой нь тодорхой. Гэхдээ энэ үйл явц бүсийн мөн дэлхийн түүхийн өрнөл өөрчлөлттэй бас салшгүй холбоотой харилцан нөлөөлөлтэй байсныг тэмдэглэх нь зүйтэй.

ХХ зууны эхэн үеийн манай бүс нутгийн онцлог, хүчний харилцааны байдлыг цогцоор нь авч үзвээс манай улс тусгаар тогтнох боломж, магадлал байхгүйтэй адил хэмжээнд байсан гэж хэлж болох. Учир нь Зүүн Хойд болон Төв Азийн бүс нутагт Орос, Хятад, Японы эзэнт гүрэн гэсэн ердөө гуравхан улс л байсан юм. Эдгээр нь зүгээр улсууд биш, харин тухайн үеийн гүрэн улсууд байв.

ХХ зууны эхэн үед эзэнт гүрнүүдийн хувьд Макиавелли, Рохау нарын тодорхойлсноор “реалполитик” буюу хүчинд суурилсан, ашиг хонжоо, хүйтэн тооцоог дээдэлсэн, бодлого олон улсын харилцааны ердийн л норм, хэм хэмжээ байсан юм. Тиймээс эдгээр шинэ, хуучин том гүрнүүд жижиг ард түмэн, шинэ газар нутгийг эзлэн эрхшээж газар нутгаа тэлэх, байгалийн болон ажиллах хүчний нөөцөө нэмэхийг илт зорьж, өрсөлдөн уралддаг байлаа. Ийм нөхцөлд энэ орон зайд шинэ улс түрэн гарч ирнэ гэдэг магадлал тун бага байсан нь ойлгомжтой.

20 гаруй сая хүний амь насыг авч одсон Дэлхийн нэгдүгээр дайн дуусаад удаагүй байсан тухайн үед жижиг ард түмний тэмцлийн манлайлагчдыг байтугай бүтэн улс үндэстнээр нь зэвсэглэн харгисласан ч онцгой жигшүүр дагуулдаггүй байв. Тэгэх тусмаа ид бяр нь сууж, шинэ түрэмгийлэл эхлүүлж, хүч сүрээ бүс нутагтаа гайхуулж байсан тухайн үеийн Японоос дөрөв дахин том газар нутгийг эзэмдсэн хэрнээ Их наран улсын иргэдээс даруй 100 гаруй дахин цөөн хүн амтай тусгаар улсыг цогцлуулахыг зөвшөөрнө гэдэг өдрийн од харахтай адил бүтэшгүй үйл хэрэг байсан юм. Тэгээд ч дээрх гурван гүрэн аж үйлдвэржилтийнхээ шатанд тус тусын түвшиндээ өөр өөрийн аясаар ороод эхэлсэн, санхүү, цэрэг зэвсгийн гээд хөгжлийн үзүүлэлтүүдээрээ Монголоос зуун давсан хол хөгжилтэй байсан. Тиймээс нэг нэгнийгээ эзэлж гурван тоглогчоос бүрдсэн бүс нутгийг хоёр тэр бүү хэл нэг гоцлон тоглогчтой систем рүү шилжүүлэх гэж өрсөлдөж байсан гүрнүүд дундаасаа хоцрогдсон буурай, зөвхөн мал аж ахуйд суурилсан амьдралын хэв маягтай улс төрийн нэгэн шинэ тусгаар тогтносон субьектийг гаргачихаад гуравтын тогтолцоогоо дөрөвтийнх болгоно гэдэгтэй мэдээж эвлэрэхээргүй л байсан.

Тусгаар тогтнол гэдэг бол олон улсын эрх зүйн үүднээсээ дотоод тэмцэл түлхэлтийн зэрэгцээ гадаад хүлээн зөвшөөрөлт заавал шаардсан ойлголт байдаг. Тиймээс бид хүсэхийн зэрэгцээ тэд зөвшөөрөх нь чухал. 1911 онд эхэлсэн Тусгаар тогтнох гэсэн оролдлого бүтэлгүйтсэн нь тусгаар тогтнох тэмцлийг үр дүнд хүргэх ямар хэцүү болохыг харуулсан юм. Энэ утгаараа 1921 онд сэргээсэн тусгаар тогтнолын төлөөх бодит үр дүн бүхий МАН, Монголын ард түмний тэмцэл бол зөвхөн Монгол Улсын түүхэн хувьсгал байгаад зогсохгүй, мөн бүс нутгийн нэгэнт бүрэлдэн тогтчихсон байсан улс төрийн газрын зургийг тэрслэн өөрчлөх эхлэлийг тавьсан дорно зүгийн хувьсгал байсан юм. Манай улс байгуулагдсанаас хойш Зүүн Хойд болон Төв Азийн бүс дэх өнөөгийн 11 улсаас дийлэнх нь (Дэлхийн хоёрдугаар дайн болон Хүйтэн дайны төгсгөлийн дүнд) үүсэн бий болсон билээ.

Монгол Улс тусгаар тогтнолоо олсны дараагаар манайхныг эхэн үедээ ганцхан Зөвлөлт Холбоот улс хүлээн зөвшөөрч байлаа. Хэрэв 1911 оны хөдөлгөөн манай бүрэн тусгаар тогтнолыг дэмжсэн гадны ганц ч оронгүй байснаас болж цөхрөн унтарсан бол 1921 онд нэг ч гэсэн дэмжигчтэй болсон нь гол ахиц байсан юм. Тухайн үед дэлхийд 70 орчим улс орон байсан бөгөөд тэдгээрийн ганцаас бусад нь бүгд манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй. Биднийг дэмжсэн ганц маань ч эргэлзэж тээнэгэлзэх үе байсныг 1924 оны Орос, Хятадын гэрээ сануулдаг. Хамгийн гол нь монголчууд бид өөрсдөө цаашаа байсан бүх дэлхийг наашаа эргүүлэхийн төлөө 40 жил цуцашгүй (эхлээд хойд хөршийн хамт дараа нь социалист орнуудын хамт )тэмцэж ажиллаж байж 1961 онд НҮБ-ын Бүрэн эрхт гишүүн болсноор манай тусгаар тогтнол эргэж буцахааргүй (de jure) үр дүнд эцэслэн хүрсэн юм.

Өнөөдөр Монгол Улс НҮБ-ын гишүүн 193 орны ганцаас бусад бүх гишүүддээ дипломат харилцаа тогтоож, хоёр хөрш ОХУ, БНХАУ болон АНУ гээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын таван гишүүн орны дийлэнхтэй нь стратегийн түнш болоод байгааг МАН-ын дарга У.Хүрэлсүх саяхан тэмдэглэсэн Монгол Улсад улс төрийн нам үүсч хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ дурдсан. Өөрөөр хэлбэл, газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын хувьд Монгол Улс геополитикийн тэнцвэртэй, аюулгүй, орчинд оршин тогтнож байна гэсэн үг. Иймээс хийсвэр, хэтрүүлсэн, дотоод улс төрийн шинж чанартай, хийрхэлд түрэгдэн, айдас хүйдэст хөтлөгдөн амьдрах шаардлагагүй юм.

Шууд заналхийлэл байхгүй, байх магадлал тун бага энэ цаг үед тодорхой эрүүл болгоомжлол, эрсдэлийг урьдчилан тооцох, урт хугацааны бодлого бүхий нээлттэй хамтын ажиллагааг дэлхий нийттэй Монгол Улс өрнүүлж ажиллах нь оновчтой. Хөгжсөн эдийн засагтай, хөрөнгөжсөн эрх чөлөөт иргэнтэй хоцрогдолгүй улсыг бий болгох нь 21 дүгээр зууны аюулгүй байдлын хамгийн том баталгаа болох юм. Ингэхийн тулд дэлхийн хамтын нийгэмлэгтэй өрнүүлэх, нээлттэй хамтын ажиллагаа нэн чухал. Дэлхийгүйгээр дангаараа дотроосоо хөгжсөн улсыг монголчууд байгуулах боломжгүй, үүнийг Манж Чин улсын үеийн Монголын тусгаарлагдсан ганцаардлын түүх тодорхой харуулдаг.

Өнөөдөр дэлхий дээр тусгаар тогтнолоо олох гэж олон арав, бүр зуун жилээр ч тэмцэж буй ард түмэн, үндэстэн өнөө хэр нь олон бий. Харин манай тэмцэл ийм хувь заяаг тойрч амжилтад хүрснийг гайхан сонирхдог нэгэн байхад, бүр аз төдийд тооцон доошлуулдаг зарим монголчууд ч байдаг. Гэхдээ бидний амжилтын гол нь объектив шалтгаантай бөгөөд тэдгээр нь дараах зүйлд оршдог.

Их хаан Эзэн Чингисээс улбаатай төрт ёсны уламжлал, түүхийн ой санамж

Улс орнуудын ашиг сонирхлын зөрчлийг түүнээс үүдэх боломжийг ашиглах нүүдэлчдийн түүхэн туршлага

Эрс тэс уур амьсгалтай, онгон дагшин уудам газар нутаг

Бусдаас ялгарах хэл соёл, амьдралын хэв маяг, уламжлал

Үхэхээс үл айх эрх чөлөөний төлөө тэмцэх сэтгэлтэй ард олон, тэднийг манлайлагчдын хатан зориг гэх зэрэг болно.

Эдгээр хүчин зүйлсийг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний хоёр дахь давлагааг манлайлахдаа МАН чадварлаг хийснээр монголчууд бид бодит үр дүнд хүрсэн юм.

ДОРНЫН УЛС ТӨРИЙН СЭТГЭЛГЭЭНЭЭС ТАТГАЛЗСАН ДӨРВӨН УЛСЫН НЭГ БОЛОВ

Нэгэнт тусгаар тогтнолоо олсны дараа бид төр улсаа эмхлэн байгуулахдаа эхлээд дорнын улс орнуудын тогтсон жишгийг даган хэмжээт эрхтэй ч Хаант засгийн тогтолцоог сонгосон байдаг. Тухайн үеийн дэлхийг донсолгосон хувьсгал, эрс өөрчлөлтийн уур амьсгал хаад ноёдыг халж, хатуу ширүүн цээрлүүлж, гадуурхах хандлага руу хөтөлж байхад МАН, Ардын засаг энэхүү догшин жишгээс зайлсхийж Богд хаанаа төрийн тэргүүнээр залж, өндөр сэнтийд нь өөдлөн тэнгэрт дэвших хүртэл нь үлдээх хүлээцтэй сонголтыг хийснээрээ онцлог ялгаралтай байсан юм. Харин 1924 онд бид Бүгд найрамдах улсаа тунхагласнаар дорнын улс төрийн сэтгэлгээ, төрт ёсны уламжлал зонхилсон өөрийн өргөн уудам бүс нутагтаа ийм засаглалыг сонгосон эхний дөрвөн улсын нэг болсон юм. Зүүн Хойд Ази болон Төв Азийн бүс нутгуудад орших бүгд найрамдах улсуудын 70 орчим хувь нь энэ сонголтоо манай улсаас хойш хийсэн байдаг. Чингэснээрээ бид мөн л бүс нутагтаа төр засах уламжлалт сэтгэлгээ, жишгийг шийдэмгий өөрчлөх хөдөлгөөний тэргүүн эгнээнд явж ирсэн.

Монголчууд бидний тусгаар тогтнолын тэмцэлд бид бүс нутгийн болон дэлхийн дайн тулаанд орох цагт нь орж, цэл залуу цэрэг эрсийнхээ халуун амь, бүлээн цусыг өргөх цагт нь өргөж явсан. Өмнөд хөршөө чөлөөлөх дайнд нийт хүн амынхаа цэрэгт явах насанд хүрсэн бүх эрчүүдийн тоотой тэнцэх армийг дайчлан хөдөлгөж, улмаар Дэлхийн хоёрдугаар дайнд цэг тавилцаж явсан билээ. Ингэснээр бүсийн түвшиндээ нөхдийн хүрээгээ аажмаар тэлж, хүнд хэцүү цагт найдвартай анд шиг анд байж, чадлаараа туслан дэмждэг хариуцлагатай түнш гэдгээ нөхдөдөө баттай ойлгуулж чадсан юм. Дэлхийн түүхийг өөрчилсөн, хүн төрөлхтнийг цөмийн зэвсгийн эринд шилжүүлсэн энэхүү дайны эхний дохио болсон салхинд ч, эцсийн шуурга болсон тулалдаанд ч оролцож энхийг авчралцсан орны хувьд цаашид Дэлхийн хоёрдугаар дайн дууссан есдүгээр сарын 2-ны өдрийг хүн төрөлхтөн дайн хэмээх хөнөөлт ухагдахууныг оюун санаандаа халж, түүнийг ялсан өдөр болгон олон улсын хэмжээнд тэмдэглэдэг болгох саналыг МАН-ын дарга У.Хүрэлсүх намын баярынхаа үгэнд дурдсан нь чухал ач холбогдолтой юм. Өнөөг хүртэл хүн төрөлхтөн аливаа дайны эцсийг нэг нь ялж, нөгөө нь ялагдсан агуулгаар нь тэмдэглэсээр ирсэн. Гэтэл дайн хэмээх хөнөөлт хэнээрхлээс ангижирснаар ялсан нь ч, ялагдсан нь ч ялдаг болохыг 1945 оноос хойших дэлхийн эдийн засгийн үсрэнгүй хөгжилд тодхаруулна.

Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд ч бид худалдаа, хөрөнгө оруулалтын голлох түнш улсуудтайгаа стратегийн түншлэлийн харилцаатай болсон. Японтой байгуулсан чөлөөт худалдааг хөгжүүлэх Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Энэтхэгтэй босгож буй газрын тосны үйлдвэр бүгд Монгол Улсын хөгжлийн стратегид нэн чухал ач холбогдолтой нь тодорхой. Мөн хоёр хөршийг холбосон эдийн засгийн коридор, түүгээр баригдах хийн хоолой, эрчим хүчний транзит шугам, төмөр замын тээвэр Монгол Улсын үйлчилгээний худалдаа, экспортыг эрс нэмэгдүүлэх бололцоо, потенциалтай гэдгийг бүгд харж байна.

Эдүгээ бид НҮБ-ын гишүүн орнуудын 75 хувьтай 13 орчим тэрбум долларын худалдаа хийж байна. Манай экспорт сүүлийн таван жил эрчимтэй өссөний дүнд гадаад худалдаа дурдсан хугацаанд ашигтай байлаа. Энэ нь улс орны хөгжлийн томоохон төслүүдийг гадаадын зээл тусламжийн гар харахгүй санхүүжүүлэхэд цар тахлын үеийн урьдчилан тооцолох боломжгүй эрсдлүүдийг давахад нэн тустай байсныг тэмдэглэх хэрэгтэй. Цаашдаа нэгэнт гаргасан энэ хандлагыг улам лавшруулж, улс орны эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллах болно. Гэхдээ экспортоо төрөлжүүлж уул уурхай, түүхий эдийн давамгайллаас ангижруулах нь чухал.

ЗЭТ, АЛЬФА ҮЕИЙНХНИЙ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ БОДЛОГОТОЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

Сүүлийн 30 жилийн хугацаанд манай улсад оруулсан нийт гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-ээс хоёр дахин их буюу 29 орчим тэрбум доллартай тэнцэж байна. Энэхүү хөрөнгө оруулалтын дүнд байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийн жилд төлж буй татвар манай нийт татварын орлогын 23 хувьтай тэнцдэг. Бид гадаадын хөрөнгө оруулагчдынхаа эгнээг уул уурхайн бус салбарын төлөөллөөр өргөжүүлж хэтэрхий нэг тал руу хэвийсэн хандлагыг цэгцлэх хэрэгтэй.Нөгөө талаасаа бид нээлттэй, авлига хээл хахуульгүй, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэн хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд анхаарч ажиллах нь чухал. Ирээдүйд зэт, альфа үеийнхнийхээ хэрэгцээ хандлагыг тооцоолон шинэ технологийн хөгжлийг урамшуулсан орчин цагийн бодлого, хандлагыг төлөвшүүлэн ажилласнаар энэ чиглэлийн хөрөнгө оруулагчдыг татах нь зайлшгүй хэрэгцээ болоод байна.Бид ард иргэдийнхээ амьдрал амьжиргааг сайжруулъя гэвэл илүү хурц сэтгэж, гадныхнаас дутахгүй тооцоотой, мэргэн бодолтой байх хэрэгтэй. Мөн макро түвшний бодлого нь сонгуулиас сонгуульд намчирхсан өөрчлөлтөд өртөөд байдаггүй, уужуу сэтгэлгээнд суурилсан залгамж чанартай улс төрийн соёл тогтсоноор өндөр технологийн үйлдвэрлэгчдийн сонирхлыг татах хаалгыг нээж өгөх боломжтой.

Энхийг сахиулах ажиллагаанд олон жил хөөцөлдсөний үр дүнд манай цэргүүд оролцдог болсноос хойш Монгол Улсын нэр хүнд энэ чиглэлд тогтвортой өсч байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх Монголын армиас төрд зүтгэх замналаа эхэлсэн хүнийхээ хувьд Суданд алба хааж байсан цэргүүдээ эргэж очсон удаатай. Тэнд Монгол дайчдын цэргийн эрдмийг НҮБ-ын командлагчид, орон нутгийн цэрэг, цагдаагийнхан чин сэтгэлээсээ үнэлэн ярьж байсныг санаж байна. Мөн огт өөр соёл уламжлалтай орон нутгийн иргэдтэй хүндэтгэлтэй, түүртэхгүй харилцаж, эх монгол хэлээ Судан улсын иргэдийн дунд “мода”-нд оруулсан байсныг хараад “Монгол бахархал”-ын омогшил өөрийн эрхгүй төрж байсан юм. Магадгүй Эзэнт гүрнээс хойш Төв Азийн тал нутгаас олон арван мянган бээрийн тэртээх өөр үндэстэн угсаатны хүмүүс олноороо манай хэлийг сонирхсон анхны тохиолдол ч байж болзошгүй. Энхийг сахиулах үйл ажиллагааны амжилт Монгол Улсын аюулгүй байдлын бэхжилтэд чухал нөлөөтэй гэдгийг энд онцолмоор байна.

Бид далайд гарцгүй орнуудын сургалт, судалгааны олон улсын төвийг Улаанбаатар хотод байгуулсан. Энэ нь далайд гарцгүй дэлхийн 30 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн Монгол Улсад төвтэй, НҮБ-ын дэмжлэг дор үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын анхны байгууллага юм. Энэ байгууллага нь гишүүн орнууддаа бодлогын дэмжлэг үзүүлж, транзит орнуудын хүнд суртал, саад тотгоруудыг судлан тодруулж хөнгөвчлөхөд анхаардаг байгууллага. Энэ нь манай эдийн засгийн коридорын санаачилгыг үр ашигтай хэрэгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой билээ.

Дээрх арга хэмжээ үйл ажиллагааны зэрэгцээ манай гуравдагч хөршийн бодлого дэлхийн хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн, зүй ёсоор үнэлэгдсэн, олон улсын харилцааны онол, практикийн түвшинд шинэлэг ухагдахуун нэмсэн прагматик бодлого болоод байна. Энэхүү бодлогоо манай гадаад бодлогын ерөнхий зарчим болсон нээлттэй, олон тулгуурт, залгамж чанартай уялдуулан хэрэгжүүлснээр бид түншийн хүрээгээ амжилттай тэлэн урагшилж байна.

Эцэст нь дүгнэхэд, 100 жилийн тэртээ ганц андаас эхэлсэн Монгол төрийн “алтан аргамж”-ит гадаад бодлого, дипломат үйл ажиллагаа Монгол Улсыг даян дэлхийтэй холбож, бүх чиглэлийн хамтын ажиллагаагаар ойртуулснаар аюулгүй байдлыг нь баталгаажуулж, хөгжил цэцэглэлийг нь тэтгэн дэмжсээр ирэх зууныг чиглэн дэвшил өөд урагшилж байна.

2021.3.22

Categories
мэдээ нийгэм

“Вакцин хийлгэсэн ч амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих хэрэгтэй” гэв

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой иргэдээс түгээмэл ирж буй асуултад хариулт өгчээ.


Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Гуравдугаар сарын 22-нд тус дугаарт иргэдээс нийт 307 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.35 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 15 иргэн хандсанаас дөрвөн иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 11 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 51 буюу 16.6 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын утас, хаяг, байршил, үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээлэл, 48 буюу 15.6 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, өөрийн гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц, шийдвэрлэлттэй танилцах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэлж байна. Вакцин хийлгэх хүртлээ өөрийгөө халдвар авахаас яаж сэргийлэх вэ?

-Амны хаалт зөв зүүх, хүн хоорондын зай барих, агааржуулалт муутай орчинд байхаас зайлсхийх, гараа тогтмол угаах хэрэгтэй.

Ажлын шаардлагаар заавал вакцин хийлгэх ёстой юу?

-Ажил хийдэг хүн болгоныг вакцин хийлгэхийг шаардахгүй. Гэхдээ эрүүл мэндийн ажилчид, зарим чухал ажил мэргэжлийн хүмүүсийг вакцин хийлгэхийг шаардана.

Вакцины хоёр тун хийлгэсэн ч би амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих ёстой юу?

-Вакцин хийлгэснээр вирусийг бусад хүнд тараахгүй гэдгийг одоогоор судалж, тогтоогоогүй байгаа. Тиймээс та вакцин хийлгээд өөрийгөө хамгаалсан боловч бусад хүнд вирусийг тараах магадлалтай тул амны хаалт зүүж, гараа угаах, хүн хоорондын зай барих зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэн авах хэрэгтэй. Учир нь вакцины нөөц хязгаарлагдмал байгаа тул вакцины хийлгээгүй байгаа хүмүүст халдварыг тараах эрсдэл байсаар байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Увс шахаа

-УЛСЫН ХАРЦАГА А.БЯМБАЖАВЫН КОМПАНИ ХОГНЫ МАШИНЫ ТЕНДЕРТ ШАЛГАРСАН ШАСТИР –

Нийслэлийн хамгийн олон хүнтэй Баянзүрх дүүрэгт тулгарч буй асуудлын нэг нь хур хог. Иймээс тус дүүргийн VIII, X, XX, XXIII, XVIII хороонд 3 ширхэг хогны машин, бусад хороодод 28 ширхэг хогны машин авахаар төлөвлөж төсөвт суулгасан. Ингээд 2020 оны тавдугаар сарын 11-нд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас хогны 3 машин дээр тендер зарлахад “Бадрангуй орших” компани зургадугаар сард шалгарчээ.

Гэвч “Бадрангуй орших” компанийн Баянзүрх дүүргийн хот тохижилтын байгууллагад нийлүүлсэн хогны машин тендерт заасан техникийн шалгууртаа нийцээгүйгээр үл барам эвдэрчихсэн байгаа нь дүүргийн оршин суугчдын дунд багагүй хэл ам таталж байна. Бүр хууль хяналтын байгууллагад холбогдох албаны хүмүүсийг ээлж дараалан өгч, шалгуулах асуудал өрнөж байгаа юм байна. Саяхан энэ тухай Засгийн газрын 11-11 төвд хуульчаар дамжуулж ханджээ.

Opendata.burtgel.gov.mn сайтаас шүүрдэж үзвэл “Бадрангуй орших” компани нь Увс аймгийн Сагил сумын уугуул улсын харцага А.Бямбажавын гэргий Н.Батхишигийн нэр дээр байна.

Тендерт шалгарсан хугацаагаар тулгаж үзвэл Нийслэлийн Засаг даргаар Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат одоогийн Шадар сайд С.Амарсайхан ажиллаж байж таарчээ. Сангийн сайдаар Увс аймгийн Улаангом сумын харьяат Ч.Хүрэлбаатар сайд ажиллаж байсан цаг. Тендер дээр нутгархаагүй байлгүй дээ, гэхдээ хардаж үзвэл хэн ч хардахаар гомдмоор зүйл болж.

Худалдан авах ажиллагааны газрынхан Хог тээврийн автомашин нийлүүлэх НХААГ-20/0104 тоот тендертээ 4.7 кг даацтай, шинэ, ардаа шахагчтай байх техникийн шалгуур тавьжээ. Энэ шалгуурыг “Бадрангуй орших” компани зөвхөн цаасан дээр л биелүүлж, илүү хямд үнэ санал болгож тендерт ялсан байна. Гэвч бодит байдал дээр тэр үнээрээ 2 тонн даацтай хогны машин нийлүүлсэн нь гаалийн бүрдүүлэлтээр, хуучин машин нийлүүлсэн нь Ажлын хэсгийн протоколоос ил болоод байна. Татвар төлөгчдийн мөнгөөр БНХАУ-аас чанаргүй техник оруулж ирэхэд нь хүлээн авсан хүмүүс М.Аригуун, Р.Чойжилжав, М.Галбадрах, Х.Азжаргал, Б.Мөнхжаргал. Тухайн үед Ажлын хэсгийн гишүүн М.Галбадрах, “Цоо шинэ машин байхад хорт утаа их байгаа” талаар дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, Улсын харцага А.Бямбажавын гэргий Н.Батхишигийн “Бадрангуй орших” компани нь анхнаасаа техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй хогны машин санал болгохдоо үзүүлэлтийг нь хуурамчаар өсгөж, илт худал материалаар тендерт шалгарчээ.

Бага үзүүлэлттэй, тендерийн шаардлага хангаагүй машиныг нийслэлд нийлүүлж байхад ажил хариуцсан хүмүүс хайнга хандаж, төсвийн мөнгө уйлдаггүй гэсэн зарчмаар хандсан нь гомдмоор. Японы Жайка олон улсын байгууллага Улаанбаатар хотод хэд хэдэн хогны машин буцалтгүй тусламжаар нийлүүлж байсан. Энэ Япон машинууд эвдрэлгүй 10 жил явж байна. Гэтэл “Бадрангуй орших”-ын оруулж ирсэн хятад машинуудын зарим нь ганц, хоёр сар болоод л эвдэрч, Монелийн эцэст хашаанд хэвтэж байгаа гэх мэдээлэл байна.

Хамгийн ноцтой нь, энэ компанийн хууль бус үйлдлийг Сангийн яамныхан зогсоосонгүй, ШӨХТГ, МХЕГ шалгасангүй, хотын дарга нар ойшоосонгүй. Хотын дарга солигдоод ч хэрэгссэнгүй. Өнөө “Бадрангуй орших” компани нь дахиад 28 машины тендерт шалгарчихсан. Тун удахгүй өнөө хогны машинуудаа нийлүүлэхээр бэлтгэж ажил хангагдаж байгаа талаарх мэдээлэл бидэнд ирлээ.

Хотын дарга Д.Сумъяабазар Уул уурхайн сайд байсан, өөрөө банктай, бас Нийслэлийн МАН-ын дарга хүн. Төрийн тендерт хууль бус ажил яаж явдгийг, төсвийн хулгайг яаж хийдгийг хэтэрхий сайн гадарлах хүн. Гэвч бөх хүн учраас бөх эзэнтэй “Бадрангуй орших” компани дээр нэг л хөдөлж өгөхгүй байх шиг. Эсвэл цар тахлын тэмцлийн хажуугаар цацаж хахсан тендерийн будлианууд чихэнд нь хүрэхгүй байна уу, бүү мэд.

Баянзүрх дүүрэг Н.Баярмөнх гэдэг Засаг даргатай болсон. Тэр нөхөр хорооны Засаг дарга чөлөөлөхийн оронд хороонуудад нь хогны машинаар өчнөөн саяын “шахаа” шахуу юм хийгээд байгаа даварсан компанийг чөлөөлмөөр. Баянзүрх дүүргийн хогон дээр тендерээр далимдуулж ажиллаад байгааг оршин суугчид нь мэдвэл мань хүний улс төрийн суудал ч өнцөгдөж мэдэхээр байна.

Өнөөдрийн энэ материал олонд хүрснээс хойш АТГ, ЦЕГ-аас хүмүүс томилогдож энэ тендер шалгаруулалтыг дахин нэг харж, хэнд буруу байгааг олж тогтоогоосой гэж бодож байна. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн цоорхойгоор дээхнэ сургуулийн сурагчдын автобусыг өндөр үнээр худалдаж авч, төсвийн хөрөнгийг илт сувдаг сэтгэлтнүүд үрсэн. Улс нийтээрээ цар тахлын үед бүсээ чангалцгааж байхад хогны чанар муутай машиныг олноор нь нийлүүлэх тендерт нэг л компани шалгараад, өнөөх нь жилээ даахгүй эвдэрч байгаад хэн хариуцлага хүлээх ёстой вэ.

“Бадрангуй орших” компани техникийн худалдаа явуулдаг хэрнээ тэрбум төгрөгийн малын тэжээлийн тендерт шалгарч байхад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чимээгүй л өнгөрсөн. Гэтэл олон зуун сая төгрөгийн хогны машин нийлүүлчихсэн, тэр нь эвдэрсэн байхад дахиад 28 машин нийлүүлэх тендерт шалгаруулаад байгаа нь зүгээр гэж үү. Иргэдийн анхаарал цар тахал, УОК-ын мэдээ рүү чиглэсэн ийм үед нийслэлийн нэг дүүрэгт энэ мэт хууль бус зүйл өрнөж байгааг анхаарч арга хэмжээ авах цаг болсон байх аа, хотын дарга аа.

Л.ТУЛГА

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-ийн вакцин, биобэлдмэлийн төв агуулахад 29 нэр төрлийн дархлаажуулалтын эм бэлдмэл байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Д.Сүнжид нар өчигдөр /2021.03.22/ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн вакцин, биобэлдмэлийн төв агуулахын нөхцөл байдалтай танилцжээ. Тус агуулахын барилга байгууламжийг 2008 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр барьж, тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгч байжээ.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн вакцин, биобэлдмэлийн төв агуулахад 29 нэр төрлийн дархлаажуулалтын эм бэлдмэл байна. Вакциныг батлагдсан хуваарийн дагуу түгээж, аймгийн Эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн төвийн вакцины агуулахад хүргүүлж, тэндээс мөн хуваарийн дагуу түгээж, вакцинжуулалтыг зохион байгуулдаг байна.

Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг вакцинаар дархлаажуулах тухай УОК-ын даргын 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 05 тоот тушаалаар Ковид-19-ийн эсрэг вакциныг түгээх, дархлаажуулах үйл ажиллагааг зохицуулж, үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлжээ. Халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн үр ашигтай, үр дүнтэй нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ нь дархлаажуулалт бөгөөд халдварт өвчний дэгдэлт, цар тахлын үеийн дарамт, үүссэн хор уршгийг багасгахад чухал үүрэгтэй гэж үзэж байгаа талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма танилцууллаа.

Дэлхий нийтээр вакцины хүртээмж тааруу байгаа үед манай улс аль болох вакцины татан авалтыг эрэлхийлж байгааг дурдаад, гурван төрлийн вакциныг авчирсан. Энэ онд Дэлхийн банк ба НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр шинэ агуулах барихаар төлөвлөсөн гэв.

ХӨСҮТ-ийн хашаанд байрладаг, улсын хэмжээнд дархлаажуулалтын эм биобэлдмэлийг хадгалж, түгээдэг, тусгай горимоор ажилладаг агуулахын хувьд цаашид онц чухал объектуудын тоонд оруулах, хамгаалалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж ХЭҮК-ын гишүүд үзэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрүүл мэндийн хоёр ажилтнаас халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн цагийн ээлжит мэдээллээ өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Өнгөрсөн хоногт нийт 12326 хүнд шинжилгээ хийхэд 206 хүнээс халдвар илэрлээ.

Сүүлийн 24 цагт 152 хүн эдгэрт, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 3758 боллоо.

Завхан аймгийн Шилүүстэй суманд халдвар авсан дөрвөн хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр тус суманд бүртгэгдсэн халдварын зургаан тохиолдол бүгд эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Шилүүстэй суманд ажилласан ХӨСҮТ-ийн баг ажлаа амжилттай хийж, Улаанбаатар хот руу хөдөлсөн байна.

Өнгөрсөн хоногт бүртгэгдсэн 206 тохиолдлын 204 нь дотоодод халдвар авсан. Нийт дотоодын халдварын тоо 4856 болж байна.

Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 206 тохиолдлын 191 нь Улаанбаатар хотод, Дархан-Уул аймагт 7, Төв аймагт 3, Увс аймагт 2, Хөвсгөл аймагт нэг шинэ тохиолдол бүртгэгдлээ. Эрүүл мэндийн хоёр ажилтан халдвар авсан нь тогтоогдлоо” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэр бүлийн хүчирхийллийн 116 дуудлага бүртгэгдэж, 207 хүн эрүүлжүүлэгджээ

Энэ сарын 22-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1376 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1176, хулгайтай холбоотой 16, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 116, гэмт хэргийн шинжтэй 54 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 61, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 139, хүний биед халдсан 69, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 93, эрүүлжүүлэгдсэн 207 , оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 77 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХӨСҮТ: Сүүлийн 24 цагт 206 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт 12326 хүнд PCR шинжилгээ хийхэд 206 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 191 Улаанбаатар хотод, орон нутагт 13 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, Дархан-Уул 7, Төв аймагт 3, Увс аймагт 2, Хөвсгөл аймагт 1 байна.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 5392 боллоо.

Сүүлийн 24 цагт 152 хүн эмчлэгдэж, нийт 3758 буюу 69.7 хувь нь эдгэрээд байна.

Өнөөдрийн байдлаар 1419 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:

-Хөнгөн:1218

-Хүндэвтэр:183

-Хүнд:14

-Маш хүнд: 4 хүн байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

НОК: Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд эрүүл мэнд, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлнэ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хүртээмжийг сайжруулах чиглэлээр зохион байгуулалтын ажил хийж байна.

Тухайлбал, халдварын ойрын хавьтал бүхий хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй болон хэвтрийн өвчтөн, жирэмсэн эх, нярай зэрэг эрсдэлтэй иргэдийн эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах байдлаар болзошгүй эндэгдэл, эрсдэлээс сэргийлэхэд анхаарч буй юм.

Энэ хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвөөс томилогдсон найман эмчийн бүрэлдэхүүнтэй зөвлөх багаар дамжуулж ӨЭМТ-ийн эмч нарт 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл хүргэх, өвчний оношийг тодорхойлох, мэс засал, хавдрын хими, хөнгөвчлөх, гемодиализ зэрэг нэн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллана.

Мөн ӨЭМТ-ийн эмч нар гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн эрүүл мэндэд цахимаар хяналт тавьж, өдөр тутмын тэмдэглэл хөтлөх, шаардлагатай тохиолдолд өвчтөний түүх нээх, өдрийн эмчилгээнд хамруулах, эмийн жор бичих ажлыг зохион байгуулах бөгөөд сэтгэл судлал үндсэн мэргэжлээр суралцаж буй эмч нар өдөр тутам лайв /шууд дамжуулалт/ мэдээлэл хийж, тусгаарлалтад байгаа иргэдтэй цахимаар холбогдон зөвлөгөө мэдээлэл өгөх юм.

Өрхийн эрүүл мэндийн төвд хэрэглэгддэг багаж тоног төхөөрөмж /хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, пульсоксиметр, цусны даралт хэмжигч/-ийг ашиглах, мөн зүрх судас болон даралтны эм бэлдмэлээр гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг хангах, зарим тохиолдолд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг гэрт нь байрлуулах зэрэг арга хэмжээ авна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Categories
мэдээ нийгэм

Резидэнт эмч нарыг өрх, дүүргийн эмнэлэгт нэмэлтээр ажиллуулж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас резидэнт эмч нарыг өрх, дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт хуваарилан, “COVID-19” халдварын тандалтын шинжилгээ, дархлаажуулалт, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд тавих өрхийн хяналт зэрэг үйл ажиллагаанд дайчлан ажиллуулж байна.

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар 700 гаруй резидэнт эмчийг нэмж ажиллуулахаар хуваарилсан байна.

Резидэнт эмч нарыг өмнө нь авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, халдварын тандалтын шинжилгээ болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаанд ажиллуулж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

М.Болдсайхан: Танхимаар судалсан хичээлийн агуулгад суурилж шалгалтын сэдэв, даалгаврыг боловсруулна

ЭЕШын бүртгэлийн бэлтгэл ажил, шалгалтын агуулгын талаар Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.


Элсэлтийн Ерөнхий шалгалтад өнөөдрийн байдлаар хэдэн шалгуулагч бүртгүүлээд байна вэ?

-Энэ жил ЕБС-ийн арванхоёрдугаар ангийг 35997 хүүхэд төгсөнө. Өнгөрсөн жилүүдэд төгссөн ч Их, дээд сургуульд элсэж чадаагүй 4000 гаруй хүүхэд нэмэгдээд 40 орчим мянган хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө гэж тооцож бэлтгэл ажил хангаад явж байна. Өнөөдрийн байдлаар 12800 орчим хүүхэд бүртгэлд хамрагджээ. Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад хэвийн хэмжээнд явж байна. Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын мэдээллийг өөрийн сайт болон help.eec.mn-ээр цаг тухайд нь хүргээд явж байна. Мөн гол анхаарах зүйлийн талаар сургалтуудыг цаг алдалгүй олонд хүргэж ажиллаж байгаа. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 18:00 цагт дуусна.

Бүртгэл дуусахад сар орчмын хугацаа үлдсэн байна. Манайханд цагийг нь тулгаж байгаад бүртгүүлдэг нийтлэг хандлага байдаг. Улмаар буруу зөрүү ойлголт үүсч цаг алддаг шүү дээ. ЭЕШ өгөх хүүхдүүдэд анхааруулах гол зүйл юу байна?

-ЭЕШ-д бүртгүүлэхдээ дөрвөн төрлийн бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Нэгдүгээрт иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэх бичиг баримт. Хоёрдугаарт, интернэт гүйлгээ хийх эрх бүхий карт, эсвэл утсандаа интернэт гүйлгээ хийх аппликэйшн суулгасан байх. Гуравдугаарт, 3х4-ийн хэмжээтэй цээж зургийг файл хэлбэрээр бэлдсэн байх шаардлагатай. Хүүхдүүдийн түгээмэл гаргадаг алдаа нь зургаа урьдчилан бэлдээгүйгээс шалтгаалж шаардлага хангахгүй зураг гар утсаараа дарж оруулдаг. Энэ нь бүртгэлийн явцад хүндрэл учруулна. Мөн манайхаас гаргаж буй мэдээлэлтэй бүрэн танилцаагүйгээс арилжааны банкууд дээр очиж гүйлгээ хийх гээд байдаг. ЭЕШ-ын бүртэл онлайнаар явагдаж байгаа. Хүүхдүүд цаг хугацаа, орон зай харгалзахгүйгээр интернэт банкаар гүйлгээ хийж төлбөр төлөх боломжтой. Үүнээс гадна элсэн суралцагч сурах сургууль эзэмших мэргэжлийн талаар судалгаа хийгээгүйгээс шалтгаалж хичээл сонголтоо буруу хийх тохиолдол гардаг. Өөрөөр хэлбэл, хичээл сонгочихоод солих хүсэлт тавьдаг. Бүртгэлийн явцад хичээл нэмэх боломжтой, хасах шилжүүлэх боломжгүй байдаг.

Шалгалтуудын тов гарах уу. Энэ жил Их, дээд сургуульд элсэн суралцагчид монгол хэл, бичгийн шалгалт өгөх үү?

-Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элдсэн суралцаж байгаа хүүхдүүд монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх шаардлагатай байдаг. Энэ шалгалтыг ирэх тавдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажил хангаад явж байна. Тухайн үед ковидын нөхцөл ямар байхыг харгалзаж үзээд Улсын онцгой комиссоос бидэнд чиглэл өгөх байх. ЭЕШ-ын товыг Боловсролын үнэлгээний төвөөс санал гаргаж Боловсролын яамны сайд баталдаг. Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа болон ковидын нөхцөл байдлыг харгалзаж үзээд зарлахаар төлөвлөөд байна. Бидний хувьд зургадугаар сарын 20-ны өдрөөс хойш зохион байгуулвал тохиромжтой гэж үзэж, бэлтгэл базааж байна.

Боловсролын яам, УОКоос гаргасан зөвлөмжийг баримтлахад шалгалтын олон байр хэрэг болох байх. Та бүхэн тооцож үзсэн үү?

-Өнгөрсөн жил 30 мянган хүүхэд шалгалт өгөхөд улсын хэмжээнд 85 шалгалтын байрны хэрэгцээ үүссэн. Нэг ангид суух хүүхдийн тоо цөөрөхөд шалгалтын байр нэмэгдэж байгаа юм. Шалгалтын байрны тоо нэмэгдэхэд тэнд ажиллах хүн хүч, эмч эмнэлгийн ажилтнуудын тоо нэмэгдэж ирсэн. Энэ жилийн хувьд 40 орчим мянган хүүхэд ЭЕШ өгөх төлөвтэй байна. ЭМЯ, УОК-оос өгч буй заавар зөвлөмжийн дагуу ширээ хоорондын зайг 1.5-2 мет болгож, нэг ангид суух хүүхдийн тоог 12-оос хэтрүүлэхгүй байлгахаар тооцоолоход 110 гаруй шалгалтын байрны хэрэгцээ үүсч байна лээ. Эндээс Боловсролын үнэлгээний төвд эдийн засгийн хувьд бэрхшээл үүсэх зураг харагдаж байна. Ойролцоогоор 23 орчим мянган хүн ажиллах шаардлага үүснэ. Мөн хөдөө орон нутагт томилолтоор ажиллах хүний тоо нэмэгдэж, тэдний зардал ч нэмэлтээр шаардлагатай болж байна.

Энэ жилийн ЭЕШын агуулгад арванхоёрдугаар ангийн хичээлийн хөтөлбөрийг оруулахгүй гэх мэдээлэл гарсан байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-2021 оны ЭЕШ-ын агуулгад арванхоёрдугаар ангийн хичээлийн хөтөлбөрийн агуулгыг оруулахгүй гэх мэдээлэл гарсан байна лээ. Ийм буруу ташаа мэдээлэл гарч олон хүүхдийг төөрөгдүүлж, багш нарыг бухимдуулсанд харамсаж байна. Бидний хувьд энэ жилийн ЭЕШ-ын хөтөлбөрийн агуулгыг тодорхойлж гаргаж өгнө. Үүнийг тавдугаар сарын 15-нд нийтэд ил болгоно. Тэр болтол өөрийнхөө сайтаар дамжуулж хичээлээр агуулгын алдагдлыг нөхөх ямар боломж байгааг судлаад явж байна. Энэ жилийн шалгалтын агуулгыг боловсруулахдаа танхимаар судалсан хичээлийг агуулгад түшиглэнэ. Энэ жилийн хүүхдүүд өнгөрсөн жил хоёр улирал хичээллээд карантилагдсан. Энэ жилийн тухайд эхний улирал хичээллэсэн. Иймээс танхимаар судалсан агуулгад түшиглэж даалгавар боловсруулна. Хүүхдүүд тодорхой хэмжээнд шалгалтдаа бэлтгэж байгаа байх.

Өнөөдөр хөдөө орон нутагт хичээл эхлээд явж байгаа. Улаанбаатарт тийм боломж алга. Үүн дээр тэгш бус байдал үүслээ гэж шүүмжлэх хүмүүс байна лээ?

-Хөдөө орон нутагт ихэнх сумдад давтлага өгөөд эхэлсэн байна. Улаанбаатар хотод танхимын хичээл алга. телевиз болон онлайн хичээл үзээд явж байна. Магадгүй хөдөө орон нутагт онлайн хичээл үзэх боломжгүй байхад Улаанбаатарт танхимын хичээл явуулах боломжгүй байгаа байх. Бид тавдугаар сарын 15-нд шалгалтын агуулга тавигдахаас өмнө хичээл, сургалтын агуулгын судалгааг хийнэ. Өөрөөр хэлбэл аймаг, нийслэлийн боловсролын газруудаар дамжуулаад арванхоёрдугаар ангийн судлах ёстой агуулгын хичнээн хувийг судалж амжсан, аль агуулгыг судалж амжаагүй зэргийг мэдчихнэ. Ингээд ЭЕШ-ын агуулгыг боловсруулна.

Хоёр жил дараалан ковидын нөхцөл байдлаас шалтгаалж хүүхдүүд танхимын хичээлд бүрэн хамрагдаж чадсангүй. Энэ нь элсэгчдийн онооны чанарт яаж нөлөөлж байна вэ. Дундаж оноо буурсан уу?

-2019 онд ЕБС төгсөөд ЭЕШ өгсөн хүүхдүүд арванхоёрдугаар ангийн хөтөлбөрийг бүрэн судлаад шалгалтдаа орсон. Гэтэл 2020 онд ЭЕШ өгсөн хүүхдүүд хичээлийн агуулгын 50 хувийг судлаад шалгалтад орсон. Энэ жилийн хүүхдүүд хичээлийн 30 хувийн агуулгыг судаллаа. Энэ бүхэн тухайн жилийн шалгалтыг зохион явуулахдаа ямар агуулга судалсан, тухайн хүрээнд нь даалгаврыг боловсруулж байгаа учраас 2019 оны улсын дундаж хэмжээст оноо 2020 оныхтой харьцуулахад бараг ижил байсан. Төдийлөн ялгаа гараагүй. Хүүхдүүдийн батламж хуудас таван жил хүчинтэй. Ингэж байж хүүхдүүдийн эрх ашгийг эн тэнцүүлж үзэж байна.