Categories
мэдээ нийгэм

Согтуу жолооч зам хөндлөн гарч явсан долоон настай хүүхдийг мөргөж, амь насыг хохироожээ

Гарцаар гарч явсан долоон настай хүүг мөргөж, амь насыг нь хохироосон осол гарсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тодруулбал, 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт гарцаар гарч явсан хүүхдийг мөргөсөн дуудлага ТЦА-нд иржээ.

Мөргүүлсэн хүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаад нас барсан байна. Тухайн жолоочийн согтуурлын зэрэг хоёр бүхэл 54 гэж заасан байна.

2021 он гарсаар ой таван сартай 13 хүртэл насны дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртөж амь насаа алдаад байна. Иймд жолооч нар уулзвар, гарц руу дөхөх үедээ хурдаа сааруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх, эцэг эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

НББХ: Засгийн газрын тайлангуудыг хэлэлцэв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдийн /2021.03.23/ хуралдаан 10 цаг 40 минутадирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайлан, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр, дүнгийн талаар Монгол Улсын Засгийн газрын тайлан гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав.

Эхлээд Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайланг хэлэлцлээ.

Тайлангийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл өгөв. Мэдээлэлдээ Засгийн газраас эмэгтэйчүүдийн эрх хамгаалал, хөгжил, ялангуяа нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар болон жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт тавьж ажиллах үндэсний тогтолцоо, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын тогтолцоог бэхжүүлсэн нь үр дүнтэй үйл ажиллагаа болсныг онцоллоо.

Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, Д.Батлут, С.Ганбаатар, Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан нар асуулт асууж, хариулт авав. Д.Сарангэрэл хүний хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой, эмэгтэйчүүдэд зориулсан амьдрах ухааны сургалт явуулах боломж бололцооны талаар тодрууллаа. С.Ганбаатар өсвөр насны охидын төрөлт, сургууль завсардалт, амиа хорлолт өссөн талаар тайланд тэмдэглэсэн нь цочирдмоор ноцтой мэдээлэл гэдгийг онцлоод эдгээрийг бууруулах, зогсоох ажилд хэдэн төгрөг төсөвлөж, ямар ажил хийсэн талаар тодруулав. Ж.Чинбүрэн гэр бүл дэх эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг чиглэсэн бодитой, үр дүнтэй ямар ажил хийж байгаа талаар асууж, хариулт авлаа.

Дараа нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр, дүнгийн талаар Монгол Улсын Засгийн газрын тайланг хэлэлцлээ. Тайлангийн талаар Жендерийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албан дарга Т.Энхбаяр танилцуулав. Жендерийн эрх тэгш байдлыгхангах үйл ажиллагааг “Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, “Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу хөгжлийн үршимээс эмэгтэй, эрэгтэй хүн тэгш хүртэх боломжийг бүрдүүлэх, жендерийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, төсвийг үндэсний, салбарын, орон нутгийн байгууллагын түвшинд хэрэгжүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхийг бэхжүүлэх, хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалттай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилтуудын хүрээнд хэрэгжүүлж буйг онцоллоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, Б.Жаргалмаа, Б.Баярсайхан нарын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

Дээрх хоёр тайлантай холбогдуулан гишүүдийн асуусан асуултад Ажлын хэсэгт хүрэлцэн ирсэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга бөгөөд зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Нямгэрэл нарын холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв.

Асуулт, хариулт дууссан дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар Байнгын хорооны Ажлын хэсэг байгуулах зарчимын санал гаргаж, уг саналын дагуу Байнгын хорооны дараагийн хуралдаанаас Ажлын хэсэг гаргах чиглэлийг Байнгын хорооны дарга танилцууллаа.

Засгийн газрын тайлангуудыг хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооны дарга М.Оюунчимэг конвенц, хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлтийг хангуулахад Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Бодлогын зөвлөлтэй Нийгмийн бодлогын байнгын хороо хамтран ажиллаж, зөвлөмж хүргүүлэх талаар тэмдэглэсэн юм. Зөвлөмжөөр конвенц, хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүтэц орон тоо, шаардагдах хөрөнгийг тухайн жилийн төсөвт заавал тусгах, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллахгүй байгаа албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох зэргийг чиглэл болгохюм байна. Тайлангуудыг хэлэлцэж дууссанаар хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Монголын анхны спортын сэргээн засах эмнэлэг байгуулагджээ

Монголын анхны спортын эрүүл мэндийг дэмжих, хөгжүүлэх, сэргээн засах “Almightу Clinic” эмнэлэг өчигдөр нээлтээ хийжээ.

Тус эмнэлэг нь Спортын сэргээн засах төв гэдгээрээ онцлог аж. “Almighty clinic” нь дотор, хүүхэд, сэргээн засах эмчилгээ, бүх төрлийн шинжилгээ оношилгоог хийхээс гадна Монголд төдийлөн хөгжөөгүй байгаа спортын анагаах ухааныг хөгжүүлэх зорилготой юм.

“Аlmighty Clinic” эмнэлгийн үүсгэн байгуулагч, ерөнхий эмч Б.Санчир “Спортын анагаах ухаан гэдэг нарийн шинжлэх ухаан. Манай эмнэлэг мэргэжлийн тамирчдад нэн шаардлагатай нөхөн сэргээх болон сэргээн засах үйлчилгээг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл тамирчдын бэлтгэлийн чанарыг дээшлүүлэх зорилготой. Ард иргэдийн дунд нийтийн биеийн тамирын спорт хөгжиж байна. Үүнтэй холбоотой биеийн тамир спорт хийх үед анхаарах шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээнүүдийг үзүүлнэ. Мөн цус, шээсний бүх төрлийн шинжилгээ, биохимийн шинжилгээ, элэгний B,C вирус, хеликобактер, ковидын шинжилгээг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Францын алдарт “Синикс” сэргээн засах эмчилгээний аппаратыг үйлчилгээндээ нэвтрүүлж байгаа” гэв.

Тус эмнэлгийг Үндэсний шуудан сонины эрхлэгч Х.Мөнхжин, Монголын үндэсний олимпын хорооны эмнэлэг, эрдэм шинжилгээний комиссын гишүүн Б.Санчир, Холимог тулааны тамирчин Б.Баттөр нар үүсгэн байгуулжээ. Мөн Сүхбаатар дүүргийн 1,2,3 дугаар хорооны иргэд нарийн мэргэжлийн эмчийн тусламж, үйлчилгээг авах бүрэн боломжоор хангагдаж байна. Учир нь эдгээр хороодын нутаг дэвсгэрт хувийн хэвшлийн эмнэлэг ажилладаггүй. Үүсгэн байгуулагчид эмнэлгийн үйлчилгээгээгээр дамжуулан залуусаа манлайлан амьдралын зөв хэвшилд уриалах зорилгоор спортын эмнэлгийг байгуулснаа хэлж байлаа.

Нээлтийн үеэр “Аlmighty Clinic” эмнэлгийн үүсгэн байгуулагч Х.Мөнхжин “Монголд спортын төрөлжсөн сэргээн засах спортын эмнэлэг хараахан байдаггүй. Гэхдээ бид спортын том эмнэлэг болно гэхээсээ илүү энэ чиглэлд манлайлж эхлэлийг нь тавьж байна гэж ойлгож байна. Мөн Сүхбаатар дүүргийн 1,2,3 дугаар хороонд хувийн эмнэлгүүд ховор, өрхийн эмнэлэг нь ачаалалтай байдаг учраас зөвхөн эрэгтэйчүүд, спорт гэхээсээ илүү цус, шээс, эхо гэх мэт бүхий л шинжилгээ оношилгоонд хүссэн хүмүүс хамрагдаж болно” гэв.

Үүсгэн байгуулагчдын Б.Баттөр “Нийгмийг залуус бид эрүүл, аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Энэ хүсэл зорилгынхоо үндсэн дээр амьдралын эрүүл зөв хэв маягийг бүрдүүлэхэд нь туслах бүхий л үйл ажиллагааг эмнэлгээрээ дамжуулан явуулах гэж байгаадаа баяртай байна. Мөн одоо нийгэмд тулгарч буй хамгийн том асуудал хорт хавдар болоод байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэх зүйл бол амьдралын зөв хэв маяг. Тиймээс ард иргэддээ энэхүү эмнэлгээрээ дамжуулж эрүүл зөв амьдралын хэв маягийг түгээн ажиллах болно” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

НМХГ: Шөнийн хяналт шалгалтаар 292 зөрчил илрүүллээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шөнийн хяналт шалгалтад нийт 1485 аж ахуйн нэгж иргэний үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.

Нийслэлийн Онцгой Комиссын даргын 09 дугаар тушаал, НЗД-ын А/161 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын 283 улсын /ахлах/ байцаагч нар 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагаас 03 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн хугацаанд Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийнмөрдөлтийн байдалд хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтад ресторан-175, кафе-21, кофе шоп-22, цайны газар-84, баар-32, хүргэлтийн хоол-5, супер маркет-83, мини маркет-102, хүнсний дэлгүүр-445, хүнсний мухлаг-24, ая тухтай дэлгүүр-17, ТҮЦ-84, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв саун бассейн-21, спорт заал-1, бусад-369 зэрэг нийт 1485 аж ахуйн нэгж, иргэн хамрагдлаа.

Шалгалтаар 292 зөрчил илэрч 152 буюу 52.05 хувийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

БЗД-ийн 14 дүгээр хороо, Рич Эпсалон Майнинг ХХК-ийн В март хүнсний дэлгүүр, СХД-ийн 29-р хороо Номин тав трейд ХХК-ийн Номин супер маркет-д Зөрчлийн тухай хуулийн дагуу туc тус арга хэмжээ авч ажиллалаа. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

нэг буюу түүнээс олон хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

зогсож байна болон дотор гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш “Pfizer” вакцины 25740 тунг хүлээн авна

Гуравдугаар сарын 24-нд буюу маргааш “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд 25740 тун “Pfizer” вакцин орж ирнэ.

Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сард багтаан АстраЗенека вакцины 97600 тун орж ирэхээр төлөвлөж байгаа аж.

Манай улсад коронавирусийн халдварын эсрэг бүх нийтийн дархлаажуулалт эхлээд нэг сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 223 мянган хүнийг хамруулаад байна.

Манай улс Ази, Номхон далайн бүс нутагтаа вакцинжуулалтын явцаар Сингапур улсын дараа 2 дугаарт явж байна гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Их газрын чулуу орчмын газарт 5 цэгт өвс тавьж, зэрлэг амьтдад биотехникийн арга хэмжээ авчээ

Дундговь аймгийн “Их газрын чулуу” Байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны албан хаагчид Их газрын чулууны ууланд хаврын тарчиг, өвс тэжээл тааруу үед нийт 5 цэгт 1 тонн өвсийг зэрлэг амьтдад тараан байршуулж биотехникийн арга хэмжээ авч ажиллалаа.

байгаль гэх мэтийн зураг байж болно

уул болон байгаль гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон гадаа гэх мэтийн зураг байж болно


Эх сурвалж: БОАЖЯ

Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн хуулийн гүтгэх зүйл ангид нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Уг хуульд төрийн байгууллагууд, улс төрд нөлөө бүхий этгээд төрийн албан тушаалтны хувиар Эрүүгийн хуулийн гүтгэх гэсэн зүйл ангиар цагдаад гомдол гаргахгүй гэсэн тайлбар оруулж байгааг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн төслийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр онцлов.

Тэрбээр, “Улс төрч хүний ард төрийн нэр хүнд, олон нийтийн эрх ашиг байдаг. Тиймээс улс төрч хүн хариуцлагатай, нээлттэй байх ёстой тул хлбаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбоотой хардлага, сэрдлэгт хүлээцтэй, тэвчээртэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хардах эрхийг албан тушаалын давуу байдлаа ашиглан зөрчиж болохгүй. Харин улс төрчийнх нь бус хувь хүнийх нь үүднээс эсхүл гэр бүлийнх нь үнэ цэнэд нь халдсан гүтгэлэгтэй холбоотой асуудлаар гомдол гаргаж, нэр төрөө сэргээлгэх эрхэд нь халдаагүй. УИХ өнгөрсөн онд Эрүүгийн хуулийг өөрчлөхдөө гүтгэх гэдгийг худал мэдээ тараах болгож өөрчилсөн. Үүнийг буцааж, гүтгэх гэдэг агуулгаар нь оруулах нь зөв гэж үзсэн. Гүтгэх гэдэг үг нь хууль зүйн хувьд гүжирдсэн гэдэг агуулга илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн үйл явдлын үнэн мөнийг мэдсээр байж санаатайгаар худлаа мэдээлсэн үйлдлийг хэлдэг. Харин худал мэдээлэл тараах гэдэг нь санамсаргүйгээр алдаа гаргаж ташаа мэдээлэл тараах тохиолдлыг хэлнэ. Тиймээс тухайн хүн санамсаргүй алдсан тохиолдолд эрүүгийн ял ногдуулах нь эрхзүйн байдлыг дордуулсан үйлдэл” гэлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Шүүхийн мэдээллийн сангаас авч үзэхэд сүүлийн 1-2 жилийн хугацаанд хардах эрхээ эдэлснийх нь төлөө 31 сэтгүүлчид торгох болон бусад хуулийн арга хэмжээ авсан байна. Тиймээс улс төрчийн албан тушаалтай холбоотой асуудалд сэтгүүлчийн хардах эрхийг нээлттэй орхих ёстой” хэмээв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, дүрмийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан өнөөдөр /2021.03.23/ 11 цаг 10 минутад 80.0 хувийн ирцтэйгээр эхэлж, тус дэд хорооны дүрмийн төслийг хэлэлцлээ.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ нар цахим болон танхимаар оролцож, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрмийн төслийг тус дэд хорооны дарга Н.Энхболд танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, саналаа хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь дүрэмтэй байхыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж байсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт тус дэд хороо нь ямар асуудал хэлэлцэж болох тухай нарийвчилсан заалт уг дүрэмд оруулах тухай санал хэлж байв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Герман, Япон зэрэг орнуудын парламентын гишүүний халдашгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны үйл ажиллагаа, чиглэл, дүрмийг судлах, харьцуулах тухай санал хэлж байв.

Монгол болон гадаадын зарим орны гишүүний халдашгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны үйл ажиллагааг зохицуулж буй эрх зүйн орчин, туршлагын талаарх харьцуулсан судалгааг захиалгаар гүйцэтгүүлсэн болохыг Дэд хорооны дарга Н.Энхболд хэлсэн. Үүнд, Австрали, ХБНГУ, Унгар, БНСУ, ОХУ болон Монгол зэрэг орнуудын хууль тогтоох дээд байгууллагын гишүүний халдашгүй байдалтай холбоотой асуудал эрхэлсэн бүтцийн нэгжийн эрх зүйн орчин, чиг үүрэг, дэг, туршлагын талаар судалсан болохыг дурдаж, шаардлагатай бол дэлгэрэнгүй судалгаа хийлгэх талаар чиглэл өгөх болно гэлээ.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүдээс гарсан саналын томьёоллыг дүрэмд тусгаж, батлах, хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив. Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн албан бичгийг танилцуулж, гишүүдээс гарсан саналын томьёоллыг харьяалах Байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

“Twitter”-ийн анхны жиргээ 2.9 сая ам.доллароор зарагджээ

“Twitter” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Жек Дорсигийн анхны жиргээ 2.9 сая гаруй ам.доллароор зарагдсан тухай “Valuables” онлайн дуудлага худалдааны цахим хуудсанд мэдээлжээ.

NFT (Non-fungible token) буюу блокчэйнд суурилсан үл орлогдох, дахин давтагдашгүй дижитал бүтээл гэж нэрлэгдээд байгаа токен болох виртуал хөрөнгийг эзэмшигч нь Малайзын гарааны компани “Bridge Oracle”-ийн ерөнхий захирал Хакан Эстави болжээ. “Хакан Эстави 2 915 835 47 ам.доллароор худалдаж авлаа” гэж “Valuables” мэдээлсэн байна.

Дорси анхны жиргээгээ 2006 оны гуравдугаар сарын 21-нд нийтэлж байжээ. Тухайн үед тэрбээр “Би зүгээр л “Twitter” -ээ тохируулж байна” /just setting up my twtt/ гэж бичсэн байна. Дорси жиргээгээ энэ сарын эхээр дуудлага худалдаанд тавьсан юм.

Тэрбээр цахим худалдаанаас олсон бүх орлогоо цар тахлын нөхцөлд Африкийн орнуудын хүн амд тусламж үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж буй “GiveDirectly” буяны санд хандивлана гэдгээ урьд нь мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Халдвар авсан 156 хүн эмчлэгдэж, нийт 3758 буюу 69.7 хувь нь эдгэрээд байна

Сүүлийн 24 цагийн хугацаанд 156 эмчлэгдэж, эмнэлгээс гарчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3758 буюу 69.7 хувь нь эдгэрээд байна.

Өнөөдрийн байдлаар нийт 1419 хүн эмчлүүлж байгаагаас

-хөнгөн 1218,

-хүндэвтэр 183,

-хүнд 14,

-маш хүнд 4 хүн байгаа аж.

Мөн Завхан аймгийн Шилүүстэй суманд бүртгэгдсэн халдварын зургаан тохиолдол бүгд эдгэрч эмнэлгээс гарсан байна.