Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.03.23) хуралдаан гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлыг танилцуулав.
Хуралдаанаар Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулсан. МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1972 оны 30 дугаар тогтоолоор байгуулагдсан Хүүхдийн төлөө фондын санхүүжилтээр 68 цэцэрлэг, 10 гаруй эмнэлэг, пионерийн 70 гаруй зуслан, Хуримын ордон, Монголын Хүүхдийн ордон, Залуу техникчдийн ордон, Усан бассейн, Олон улсын Хүүхдийн Найрамдал зуслан, Монголын Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, Бамбарууш кафе, Хүүхдийн төв номын сан, Хүүхэд залуучуудын парк, Хүүхдийн шүдний поликлиник гэх мэт 200 гаруй бүтээн байгуулалтыг бий болгож, хүүхдийн эрх, хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс Хүүхдийн төлөө санг сэргээх асуудлаар хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт танилцуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд нарт үүрэг болгон ажилласан бөгөөд ”Сан байгуулахыг дэмжих тухай“ Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор “Хүүхдийн төлөө Фонд” Засгийн газрын тусгай сан байгуулахыг дэмжсэн. Ийнхүү Монгол Улсын төр засаг, ард иргэдээс хүүхдийн сайн сайхны төлөө санаачлага гаргаж, асуудлыг шийдвэрлэж ирсэн түүхтэй бөгөөд энэхүү үйл хэргийг уламжлал болгон хэрэгжүүлж, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгцээ шаардлага байгааг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.
Хүүхэд өсвөр үеийнхний хөгжил, оролцоог дэмжих нь тэднийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад чухал алхам болох тул Хүүхдийн төлөө сан байгуулах, улмаар сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулдаг байх эрх зүйн орчныг бий болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулсныг танилцуулгад дурджээ.
Монгол Улсын Ерөнхий сайдаас автотээврийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг захиалах эрхийг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг хүүхдийн хөгжлийг дэмжсэн үйл, ажиллагаа, бүтээн байгуулалтад зарцуулах талаар өгсөн чиглэлийн дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/222 дугаар тушаалаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д сонирхол татсан улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулан худалдан борлуулахаар зохицуулан хэрэгжүүлж байна. Судалгаанаас харахад улсын бүртгэлийн нийслэлийн 396, орон нутгийн 18 дугаарыг захиалах эрхийг дуудлага худалдаанд үнэ хаялцуулан борлуулсан орлого, дуудлага худалдааны босго үнийн дүнгээр тооцоход жилд 387.0 сая төгрөгөөс 6.0 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр бүрдэх тооцоо судалгаа гарсан байна.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Хүүхдийн төлөө сангийн хүүхдийн төлөө бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгыг тодорхойлж, сангийн хөрөнгийн эх үүсвэрийг автотээврийн сонирхол татахуйц улсын дугаарын үнэ хаялцуулах дуудлага худалдаанаас олсон орлого, гадаад улс, олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагаас хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон хандив, тусламж, хувь хүн, хуулийн этгээдээс өргөсөн хандив, буцалтгүй тусламж болон хүүхдийн сайн сайхны төлөө зохион байгуулсан соёл, урлагийн тоглолт, спортын арга хэмжээний орлого, хандиваас бүрдүүлэхээр тодорхойлсон гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдлаа.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн зарцуулалтыг хүүхдэд зориулсан бодит бүтээн байгуулалт, тив, дэлхийн соёл урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах гэсэн хоёр чиглэлийг тодорхойлж, Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батлах заалтыг тусгасан байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төсөл батлагдсанаар “НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим” -ийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн хөгжих эрхийн төлөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийгмийн хариуцлагын хүрээнд өгсөн хандив, тусламжийн хөрөнгө нэгдсэн зохицуулалтаар хүүхдийн хөгжлийг дэмжсэн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуралдаанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Соёлын дэд сайд М.Батбаяр, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Х.Булгантуяа, Ж.Батжаргал, Г.Амартүвшин, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн эх үүсвэрийн орлого тодорхой, тогтмол эсэхийг тодруулахын зэрэгцээ, авто тээврийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааны борлуулалтаас хэчнээн төгрөг хуримтлагдсаныг лавлаж байлаа. Мөн уг сан аймаг, орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулах салбар нэгжтэй байх, эсэх, өнгөрсөн онд хүүхдийн төлөө цахим тоглолт зохион байгуулж, ард түмнээс цуглуулсан хандивыг уг санд шилжүүлэх талаар илүүтэй сонирхож байлаа.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухайхуулийн төсөлд Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн эх үүсвэр нь улсын төсөв, хандив, тусламж, автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг борлуулсан орлого, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл, урлаг, спортын тоглолтын орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлэхээр заасан гэж хариулав.
Мөн тэрбээр, Хүүхдийн төлөө үндэсний фондын тусгай сан нэгдсэн байх бөгөөд орон нутагт салбар, нэгж байгуулахгүй гэдгийг тодотгоод Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсаны дараа тусгай сан байгуулагдах холбогдох журам батлагдана. Үүний дараа үйл ажиллагаагаа явуулна гэв.
Харин Соёлын дэд сайд М.Батбаяр, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Соёлын яамнаас хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор “Монгол соёл, монгол хүүхэд” цахим тоглолтыг санаачлан зохион байгуулж, соёл урлагийн байгууллагууд, урлаг соёлын одод дэмжсэн. Энэ цахим тоглолтоос нийтдээ 2.2 тэрбум төгрөг цуглаж, арилжааны дөрвөн банканд байршуулсан бөгөөд хүүхдийн тусгай сан байгуулагдаад данстай болохоор хүүхдэд зориулсан бүтээн байгууллалтыг дэмжих зорилгын хүрээнд уг хөрөнгийг шилжүүлнэ гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.
Өнөөдрийн байдлаар автотээврийн улсын бүртгэлийн дугаарын нээлттэй дуудлага худалдаагаар 203 дугаарыг борлуулж, нийтдээ 454 сая төгрөг цугларсан бөгөөд хамгийн дээд талын үнэ нь 45 сая 200 мянган төгрөгт хүрсэн бол дугаарын дундаж үнэ таван сая төгрөг байна гэж Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хариулав.
Ингээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.