Categories
мэдээ нийгэм

Завхан аймгийн Улиастай суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ

Завхан аймгийн Улиастай суманд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Олимпын хорооны томилолтоор Улаанбаатар хотоос Баянхонгор аймгаар дамжин гуравдугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд ирсэн таван иргэний гурван хүний түргэвчилсэн оношлуурын хариу “тод эeрэг” гарлаа. Эдгээр иргэд өчигдөр Завхан буудалд байрласан бөгөөд “Загасан нүд” рeсторан, усан бассейны саун, караокeд орсон байна.

Дээрх иргэдийн хавьтлыг тогтоох зорилгоор Улиастай суманд 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 14:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөн хавьтлуудыг тогтоож, шинжилгээний хариу гартал Улиастай сумын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэлээ.

Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Сэмжид сувилалд амраад ирсэн Тосонцэнгэл сумын нэг иргэний PCR шинжилгээний хариу өнөөдөр эерэг гарсан тул аймгаас ажлын хэсэг томилогдон шуурхай арга хэмжээний баг газар дээр нь ажиллахаар гарлаа.

Эх сурвалж: Завхан аймгийн шуурхай штаб

Categories
мэдээ нийгэм

Толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх зэрэг шинж тэмдэг олон хоног үргэлжилбэл эмчид хандахыг зөвлөлөө

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгчээ.


Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар иргэдэд 24 цагийн турш мэдээлэл өгч ажиллаж байгаа. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 23-нд иргэдээс нийт 324 дуудлага иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.28 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 26 иргэн хандсанаас найман иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 18 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 90 буюу 27.8 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц, шийдвэртэй танилцах хүсэлт эзэлж байна. Мөн 46 буюу 14.2 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын утас, хаяг, байршил, үзүүлж буй үйлчилгээний талаар мэдээлэл авах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэллээ.

Коронавирусийн эсрэг вакциныг заавал хийлгэх ёстой юу?

-Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Вакцин нь таныг “Ковид-19”-өөр өвдөхөөс хамгаална. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс хамгаалах, мөн ойр дотны хүмүүсээ халдвар авахаас сэргийлэх ач холбогдолтой.

-Хүүхдэд “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийх үү?

-Үгүй. Хүүхдэд вакциныг хэрхэн хийх талаар эмнэл зүйн туршилт, судалгаанууд хийж эхэлж байгаа.

Вакцин хийлгэснээр ямар нэг гэмтэл үүсэх үү?

-Вакцин хийлгэсний дараа гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх шинжүүд илэрч болно. Эдгээр нь 1-2 өдөрт аяндаа зүгээр болно. Ийм шинжүүд илрэх нь та өвчний халдвар авсан гэсэн үг биш. Харин таны биед халдвараас сэргийлэх дархлаа бий болж байгааг илтгэнэ. Хэрэв танд эдгээр шинж тэмдэг арилахгүй олон хоног үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Баатархүү: “Ханбогд” хорооллын байрны 3 давхраас унасан иргэн ГСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

Өнгөрсөн шөнө Хан-Уул дүүргийн Ханбогд хорооллын байрнаас иргэн унасан талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрээр, “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханбогд хорооллын байрны 3 давхраас хүн унасан гэсэн дуудлага ирсэн. Уг асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байна. Шалгалтын явцад 41 настай эрэгтэйг гэрийнхэн нь гадагшаа гаргахгүй байсан бөгөөд тагтаар дамжин гарах гэж байгаад 3 давхраас унасан.

Тухайн иргэн тохойндоо бэртэл авсан, мөн хэлээ хазсан. Одоогийн байдлаар ГСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хөл хорионы дэглэмтэй холбогдуулан буруу ташаа мэдээлэл гарсан. Ийм юм байхгүй. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэж хэллээ.

Categories
гадаад мэдээ

Мьянмарт долоон настай охин тусгай хүчнийхэнд буудуулж амиа алджээ

Мьянмарын Мандалай хотод долоон настай охин гэртээ байхдаа цагдаагийн хүчнийхэнд буудуулж, амиа алджээ.

Тэрээр цэргийн эргэлтээс хойш үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарах цэргийнхний ажиллагааны хамгийн залуу хохирогч болжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр цэргийнхэн долоон настай охины аав руу буудсан сум түүний өвөр дээр сууж байсан охиныг оножээ.

Map of Myanmar showing Mandalay, Nay Pyi Taw and Yangon

Өнгөрсөн хугацаанд нийт 164 жагсагч амиа алдсан гэж мэдэгдсэн бол хүний эрхийг хамгаалах байгууллагынхан энэ тоо 261-ийг даваад байгаа аж.

Улс төрийн хоригдлуудын дэд холбооны мэдээллээр, хохирогчдын тал орчим хувь нь 17-25 насны залуус эзэлж байна. Дээрх аймшигт хэргээс өмнө 14 настай хүүхэд цэргийнхний суманд өртөж амиа алдсан байжээ.

Categories
гадаад мэдээ

Гадаад мэдээ: Товчхон

БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Ойрхи-Дорнод дахь айлчлал өнөөдөр эхэлж байна. Тэрбээр Саудын Арабын Гадаад хэргийн сайд Фейсал бин Фархан Аль Саудын урилгаар тус улсад хүрэлцэн очжээ. Долоо хоног үргэлжлэх айлчлалын хүрээнд тэрээр Турк, Иран, Арабын Нэгдсэн Эмират, Оман, Бахрейн зэрэг орныг зорих аж.

l l l

Австралид сүүлийн 60 жилд болоогүй үерийн гамшиг нүүрлэсэн талаар бид мэдээлсэн. Тус улсын Шинэ Өмнөд Уэльс мужид 18 мянган хүн, мөн Сидней хотын баруун хэсгээс гурван мянган хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа талаар Австралийн цаг уурын албанаас сэрэмжлүүлээд буй. Шинэ Өмнөд Уэльс мужийн хойд эрэг, Сидней хотын баруун хойд хэсэгт нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. Энэхүү ажлын хүрээнд 30 гаруй авто зам, Хоксбери голын гүүрний хөдөлгөөнийг хааж, 130 гаруй дунд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Үүнтэй зэрэгцэн байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт их хэмжээний аалзны нүүдэлд хот, суурин газар, айлууд өртөж буй тухай мэдээ хөвөрч байна. Аалзнаас гадна могойнууд модон дээр их хэмжээгээр шавсан байгаа аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн нислэгээр 163 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлалд 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор БНСУ, Тайвань, Испани, Тайланд улсаас 163 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийн 5 нь жирэмсэн, 6 нь өндөр настан, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай, 35 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 109 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байна.

Иргэдийг “Лион”зочид буудал, “Багабаян” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Энхсайхан: Жирэмсний эхний гурван сард вакцин хийлгэхгүй байхыг зөвлөж байна

Жирэмсний эхний гурван сард вакцин хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа бөгөөд цаашид хүүхдэд вакцин хийх эсэх талаар эрдэмтэд судалж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “АстраЗенека” вакцины эхний тун хийлгэснээс 56, 90 хоногийн дараа 2 дахь тунг хийлгэвэл илүү үр дүнтэй байна. Түүнчлэн хоёр дахь тунг эхнийхээс өөр вакцин хэрэглэвэл илүү үр дүнтэй байх эсэхийг судалж байна. Цайр болон Д амин дэмээр баялаг хүнс хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийж, дэлгэцээс хол байх хэв маягийг хэвшүүлэхийг уриалж байна.

Нярай хүүхдийн амны хөндий болон хоолойноос арчдас авах замаар шинжилж байна. Шүлснээс шинжилгээ авах аргыг одоогоор ашиглахгүй байгаа ч удахгүй нэвтрүүлнэ” гэв.

Categories
гадаад мэдээ

​АНУ-д халдлага болж, 10 хүн амиа алджээ

АНУ-ын Колорадо муж улсын Боулдер хотноо даваа гаригт халдлага гарч, 10 хүн амиа алдсаны нэг нь цагдаагийн албан хаагч юм байна. Тодруулбал, хотын зүүн дүүрэгт байрлах “King Soopers” супермаркетын дэргэдэх машины зогсоол дээр зэвсэгт этгээд эхлээд гал нээж, дараа нь дэлгүүр рүү нэвтрэн орсон байна.

Энэ нь тус улсад гуравдугаар сард гарсан хоёр дахь халдлага болоод байна. Уг хэрэг орон нутгийн цагаар шөнийн 03 цагийн орчим болжээ. Халдлага болсон газар нь Денвер хотоос 45 км зайд оршдог аж. Колорадо мужийн тусгай албаны баг халдлага болсон байршилд шуурхай хүрэлцэн очиж, зэвсэгт этгээдийг буудаж шархдуулан, баривчилжээ. Өнгөрсөн долоо хоногт Жоржиа муж улсын Атланта хотод зэвсэгт этгээд халдлага үйлдсэн. Үүний улмаас найман хүн нас барсны зургаа нь ази гаралтай иргэд юм. Тухайн үед халдлагыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс үүдэлтэй гэж дүгнэж байв.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Нийслэлд 6-7 балл буюу гамшиг үзүүлэх хэмжээнд хүрвэл дохиоллын систем автоматаар дуугарна” гэв

Газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийж байна.

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат ” Улаанбаатар хот барилга байгууламж болон хүн амын нягтаршил ихтэй тул нийслэлийг тойрсон гурван байршилд амжиж анхааруулах систем бий. Энэ нь зөвхөн УБ-ын иргэдэд зориулагдсан бөгөөд 6-7 балл буюу гамшиг үзүүлэх хэмжээнд чичирхийллээс үүсэхээс өмнө амжиж анхааруулах систем ажиллана. Иргэдэд өгч буй зөвлөмж 2 түвшинд байна. Газар хөдлөлт болж гамшиг учирвал би яах вэ гэдгээ иргэдэд нээлттэй өгч буй нь том дэвшил юм. Иргэдийн хамгийн сайн мэддэг “Ширээн дор орох” заавар нь хүнд зүйл унаж гэмтэхээс хамгаалж буй үйлдэл юм. Гол нь газар хөдлөлтийн судалгааг хийж, стандартыг барилгын норм/дүрэм/-д оруулж өгөх нь чухал аж.

Монгол орон төв Азийн газар хөдлөлтийн өндөр идэвхжлийн бүсэд хамаардаг. Өнгөрсөн зуунд дэлхийд тэмдэглэгдсэн хүчтэй газар хөдлөлт 1905, 1931, 1957 онуудад болж байсан. 2000 он гараад ч гэсэн иймэрхүү хүчтэй газар хөдлөлт болж байна. Үүний нэг жишээ нь 2021 оны нэгдүгээр сарын 12-нд болсон 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт байна.

Хамгийн дээд түвшин улаан түвшин нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 6-7 баллын газар хөдлөлт болвол тухайн систем автоматаар дугарна. Саяны газар хөдлөлтийн тухайд амжиж анхааруулах системд 2-3 баллын хэмжээгээр бичигдсэн. Дуугарах хэмжээнд хүрээгүй учраас систем ажиллахгүй ” гэв.

Categories
мэдээ нийгэм

БШУЯ: Хөгжлийн бэрхшээлтэй 1420 хүүхэд тусгай сургуульд, 5986 хүүхэд энгийн сургуульд суралцаж байна

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11606 хүүхэд байна. Тэдний 7142 нь боловсрол эзэмшиж байгаа бол 3000 орчим хүүхэд гэртээ аав ээжийнхээ асаргаанд байна. Боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдийн 1720 нь тусгай сургуульд, 402 хүүхэд тусгай цэцэрлэгт хамрагдаж байгаа юм.

Бусад хүүхдүүд энгийн сургуульд суралцдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг 584 багш ажилтан байна. БШУЯ-наас тдний төлөөлөл болох 300 орчим хүнтэй цахим уулзалт хийжээ.

1 хүн, сууж байгаа болон дотор гэх мэтийн зураг байж болно

Боловсролын багц хуулийн төслийг боловсруулах ажил үргэлжилж байна. Хуулийн төсөлд тэгш хамран сургах, боловсролын тусгай хэрэгцээг хангах гэсэн хоёр агуулгыг зэрэгцүүлэн тусгасан. Цахим хурлын үеэр багш нар эцэг эхчүүдэд сургууль сонгох боломжийг нь үлдээх ёстой гэсэн санал хэлж байв.

3 хүн, зогсож буй хүмүүс, албан өрөө болон дотор гэх мэтийн зураг байж болно

Мөн энэ уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш ажилчдын цалингийн сүлжээ шатлалыг эргэж харах, сургалтын хэрэглэгдэхүүний судалгааг шинэчлэх, цахим хичээлийн хүртээмжийг сайжруулах, багш нарыг давтан сургах, мэргэшүүлэх, эцэг эхчүүдэд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх зэрэг саналууд гарч байлаа. БШУЯ-ны газрын дарга нар ирэх долоо хоногт тусгай сургууль цэцэрлэгүүдэд ажиллахаар болов.

1 хүн, дэлгэц, албан өрөө болон дотор гэх мэтийн зураг байж болно

Шинээр барьж байгаа сургууль цэцэрлэгийн барилгуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй байх шаардлага тавьж дэд бүтцийг бүрдүүлж байна. Үүнээс гадна орц гарцнаас эхлээд хуучин барилга объектийг ч тоноглох шаардлага тулгарч байгаа юм. Мөн ЕБС бүрд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэрэглэгдэхүүн бүхий танхим тохижуулах байдлаар тэгш хамран сургах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Гэртээ асаргаанд байдаг хүүхдүүд ч энэ танхимаар үйлчлүүлэх боломжтой гэж БШУЯ-наас мэдээллээ.