Categories
мэдээ нийгэм

Б.Бямбадорж: Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлнэ

“Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол болон ойрын хавьтал бүхий иргэдийг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гэрийн тусгаарлалт, ажиглалтад шилжүүлэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн.

Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж дараах асуултад хариулт өгчээ.


-Халдварын батлагдсан тохиолдол болон ойрын хавьталд болсон иргэд хэрхэн гэрийн тусгаарлалтад шилжих вэ?

-Коронавируст халдварын цар тахлын дэгдэлт нийслэлийн ихэнх хороонд тархаж байгаа энэ үед эмчилгээний тактик гэрээр тусгаарлан ажиглах тактик руу шилжиж байна. Энэ хүрээнд өрхийн эмч нарын үйл ажиллагаанд тулгуурласан эмнэлгийн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ. Халдварын батлагдсан тохиолдол болсон тухайн иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эсвэл гэрийн тусгаарлан ажиглалтад шилжин эмчилгээ хийлгэх эсэхээ өөрөө шийднэ. Энэ нь Эрүүл мэндийн сайдын 101 дүгээр тушаалаар зохицуулагдаж байгаа. Гэрээр тусгаарлах боломжтой, гэр бүлийн ахуй нөхцөл, бололцоо нь бүрдсэн нөхцөлд тусгай асуулга дээр анкет бөглөж, гарын үсгээр баталгаажуулж өгснөөр тухайн иргэн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ хийлгэх боломжтой юм.

Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг ХӨСҮТ, Өрхийн эрүүл мэндийн эмч нарын хамтарсан баг тогтооно. Ойрын хавьтлаар тогтоосон даруйд шинжилгээ авах, мөн долоо болон 12 дахь хоногт шинжилгээ авах байдлаар нийт гурван удаагийн шинжилгээнд хамруулж, тухайн иргэнийг гэрт нь тусгаарлан, өрхийн эмчийн хяналтанд авах зохицуулалтыг журамласан.

-Гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юү. Нийт хэчнээн иргэн байна вэ?

-Өнөөдрийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол болох 600 гаруй, ойрын хавьтал 2900 гаруй хүн гэрийн тусгаарлалтад өрхийн эмч нарын хяналт, ажиглалтад байна. АШУҮИС-ийн хоёрдугаар дамжааны 733 резидэнт эмч нийслэлийн төвийн дүүргүүдийн 140 гаруй ӨЭМТ-д ажиллаж байгаа. ӨЭМТ-ийн эмч нар гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэд хэдэн чиглэлээр үзүүлж байна. Тухайлбал, гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдтэй өдөрт хоёр удаа цахимаар холбогдон, эрүүл мэндийн байдал, биеийн халуун болон биед гарч байгаа өөрчлөлтийг асууна. Мөн архаг хууч өвчтэй, илүүдэл жинтэй, ахмад настан зэрэг иргэдийг ӨЭМТ-ийн эмчийн шийдвэрээр гэрийн өдрийн эмчилгээнд хамруулахаар болсон. Эрүүл мэндийн сайдын тушаал, ЭМДЕГ-ын шийдвэрийн дагуу энэ эмчилгээ үйлчилгээний асуудал зохицуулагдана.

Гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах үүднээс явуулын лаборатори ажиллуулж байгаа. ЭХО, зүрхний бичлэг, рентген оношилгоо, лабораторийн шинжилгээ хийх явуулын багийг өрхийн эмчийн товлолт захиалгын дагуу тухайн иргэний гэрт очиж, тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.

-Өрхийн эмч нарт зөвлөх, иргэдийн эрүүл мэндэд давхар хяналт тавих эмч нарын баг ажиллуулж байгаа гэсэн?

-Тийм ээ, НЭМГ-ын даргын тушаалаар нийтдээ найман төрөлжсөн мэргэжлийн зөвлөх зэрэгтэй эмч нарын багийг гаргаж, ӨЭМТ-ийн эмч нартай хамтран ажиллуулж байгаа. Ингэснээр гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэнтэй цахимаар холбогдож, эрүүл мэндийн байдалд нь давхар хяналт тавих боломж бүрдэж байна. Архаг хууч өвчтэй иргэд болон ахмад настнууд халдвараар өвчилсөн тохиолдолд ихэвчлэн хүчилтөрөгчийн хэрэгцээ үүсдэг. Үүнийг хэмжих пульсоксиметр, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, автомат даралтын аппаратыг шаардлагатай бол зарим иргэний гэрт түр хэрэглүүлэх байдлаар эрүүл мэндийн хяналтад ашиглаж байна.

-Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд өөр дүүрэг рүү шилжих зайлшгүй шаардлага гарвал хэрхэх вэ?

-Гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа зарим иргэний хувьд өөр дүүрэг рүү шилжилт хөдөлгөөн хийх зайлшгүй шаардлага тулгарах нь олонтаа. Үүнтэй холбоотой асуудал өдөрт 200 гаруй гарч байна. Халдвартай иргэн болон ойрын хавьтлуудыг ердийн машинаар тээвэрлэж болохгүй учраас товлосон захиалгын дагуу тухайн иргэнийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, тусгай зориулалтын автомашинаар 09:00-21:00 цагийн хооронд нэг дүүргээс нөгөө дүүрэгт зөөвөрлөнө. Мөн тухайн өрхийн эмчээс нөгөө дүүргийн өрхийн эмчийн хяналтад шилжүүлэх зохион байгуулалтыг хийж байна.

-Ойрын хавьтлуудын давтан шинжилгээг хэдий хугацаанд хийдэг вэ. Мөн гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарч ажиллаж байгаа гэсэн?

-Ойрын хавьтлуудын давтан шинжилгээг манай тандалт, шуурхай удирдлагын нэгж хийдэг. Өрх, дүүрэг болгон дээр 1-2 автомашиныг ажиллуулж байна. Хамгаалах хувцас хэрэгсэл өмссөн 4-5 хүний баг товлолт хуваарийн дагуу тандалт, шинжилгээ хийж байгаа. Түүнчлэн сэтгэл судлалын үндсэн мэргэжлээр суралцагч найман резидэнт эмч нарын баг гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдэд зориулж сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх цахим сургалтыг өдөрт хоёр удаа зохион байгуулж байна. Мөн цахимаар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, амьдралын зөв дадал хэвшилд сургах, гэрийн тусгаарлалтад байх хугацаандаа эрүүл мэнд болон чөлөөт цагтаа хэрхэн анхаарах зэрэг сургалтыг явуулж, иргэдтэй тогтмол харилцаж ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ улс-төр

Гэмт хэргийн хохирогч болсон төлбөрийн чадваргүй, насанд хүрээгүй хүнд үнэгүй өмгөөлөл үзүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 02 минутад 43 гишүүний ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа.

Мөн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Нэгдсэн хуралдаанаар эхлээд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатараас 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хууль зүйн байнгын хорооны 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар тогтоолоор хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар ажилласан байна.

Байнгын хорооны 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн гэв. Ажлын хэсгээс хүний эрх хамгаалагч үйл ажиллагаандаа Үндсэн хууль болон бусад хуулийг сахин биелүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, ялгаварлан гадуурхахгүй байх, бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх хамгаалагчийг хамгаалах хорооны гишүүнийг сонгон шалгаруулах механизмыг тодорхой болгох, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаар гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэх, хүний эрх хамгаалах үйл ажиллагааны санхүүгийн нөөц, эх үүсвэр ил, тод, нээлттэй байх зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд хүний эрхийг хамгаалагч гэж хэнийг хэлэх, хүний эрх хамгаалах үйл ажиллагааны санхүүжилтийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар төслийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтын талаар ажлын хэсгээс гаргасан саналын талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаанд саад учруулсан иргэн, албан тушаалтанд хэрхэн хариуцлага хүлээлгэх талаар асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуультай олон талаараа давхцал үүсгэж байгаа тул хуулийн төслийг дэмжихгүй байгаа бөгөөд хууль санаачлагчийг төслөө татан авах нь зүйтэй талаар санал хэлсэн байна.

Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Л.Мөнхбаатар, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, Байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч болон ажлын хэсгийн гишүүдээс тайлбар, мэдээлэл авав. Хүний эрхийг хамгаалагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай гэдгийг илэрхийлсэн олон жишээ бий гэдгийг М.Оюунчимэг гишүүн хэлж байв. Төсөлд хэрэгжилтийг хангах механизмийг тусгаж чадсан эсэхийг лавласан. Олон улсын жишгээр хуулиуддаа хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг тусгадаг байна. Хүний эрхийн хороо нь Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллах бөгөөд энэ чиглэлийн үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байгаа гэв. Төслийг шууд хүний эрхийг хамгаалах гэж ойлгох нь өрөөсгөл, хүний эрхийг хамгааладаг хүмүүсийг хамгаалах эрх зүйн зохицуулалт гэдгийг онцлон анхаарахыг Ж.Сүхбаатар гишүүн хүслээ. Төр, иргэний нийгмийн түншлэлээр хүний эрхийг хамгаалагчдыг тусгайлан хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэдгийг дэлгэрэнгүй тайлбарласан. Хүний эрхийг хамгаалж яваад тодорхой эрсдэлд орсон иргэнийг хамгаалахтай холбоотой зохицуулалтуудыг тусгасан гэлээ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын 32 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн хоёрдугаар бүлгийн гарчгийг “Хамгаалагчийн эрх,” гэсний дараа “санхүүжилт,” гэж нэмэхийг, зургаадугаар зүйлийн 6.1.9 дэх заалтын “үүнийгээ хүлээн зөвшөөрүүлэхэд нөлөөлөх,” гэснийг, 6.1.10 дахь заалтын “төрийн үйл хэрэгт оролцох,”, “шүүмжлэх,”, “зөвлөмж хүргүүлэх,” гэснийг, 6.1.13 дахь “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэснийг, мөн зүйлийн 6.1.4, 6.1.6, 6.1.14, 6.1.15, 6.1.16, 6.1.18 дахь заалтыг хасахыг чуулганы нэгдэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн төсөлд “Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааны санхүүгийн ил тод нээлттэй байдал” гэсэн 7 дугаар зүйл, “Хүний эрх хамгаалагчийн хорооны нэгж” гэсэн 12 дугаар зүйл нэмэхийг мөн дэмжсэн.

Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсны дараа төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа.

2014 онд мөрдөгдөж эхэлсэн Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн зохицуулалтаар төрийн хууль зүйн үнэ төлбөргүй туслалцааг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлж байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төвийн “Улсын өмгөөлөгч” нь төлбөрийн чадваргүй яллагдагдагчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.

Хууль зүйн туслалцааны төв нь нийслэлийн 8 дүүрэг, 21 аймаг, 2 суманд нийт 31 салбар, 72 албан хаагчтайгаар улсын хэмжээнд хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан. Тус төв нь 2014-2020 онуудад нийт 62502 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 17506 эрүүгийн хэргийн 19042 холбогдогчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлжээ.

2019-2020 онд зөвлөгөө авсан нийт иргэдийн 53.5 хувь нь эрүүгийн хэрэг, 39.1 хувь нь иргэний маргаан, 7.4 хувь нь төрийн байгууллага, албан тушаалтан, түүний шийдвэрийн талаар хандсан байна. Хууль зүйн зөвлөгөө авсан иргэдийн ихэнх нь үнэ төлбөргүй өмгөөлөл болон улсын өмгөөлөгчийн талаарх мэдээллээс гадна өмчлөх эрх, хүний эрүүл мэнд, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч, ялангуяа насанд хүрээгүй хохирогчийн эрхийг хэрхэн хамгаалах, мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эцэг тогтоолгох, гэр бүлийн хөрөнгийн маргааны асуудлаар хууль зүйн зөвлөгөө авсан байна.

Хуулийн хэрэгжилттэй холбогдох судалгаа, олон улсын туршлагаас харвал төрөөс үзүүлэх хууль зүйн туслалцааг эрүүгийн хэргийн яллагдагчаас гадна иргэний болон захиргааны зарим төрлийн хэрэг, маргаанд оролцогч төлбөрийн чадваргүй хүн, зорилтот бүлгийн иргэдэд үзүүлэх асуудлыг хуульчлах нь зүйтэй гэж үзсэн гэв.

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулсан бөгөөд төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх хүрээг өргөжүүлэх, хууль зүйн туслалцааны байгууллагын одоогийн тогтолцоог хэвээр үлдээх, одоогийн хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагад үндэслэн зарчмын шинжтэй зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгажээ.

    Тодруулбал, улсын өмгөөллийн үйлчилгээг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүйгээр, Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт заасан “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг, 16 дугаар бүлэгт заасан “Хүүхдийн эсрэг” гэмт хэргийн арван найман насанд хүрээгүй хохирогч, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг, 13.1 дүгээр зүйлд заасан “Хүн худалдаалах” гэмт хэргийн төлбөрийн чадваргүй болон насанд хүрээгүй хохирогч, түүнчлэн гэмт хэргийн гэрч хүүхэд, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон газар өмчлөх эрх нь зөрчигдсөн төлбөрийн чадваргүй хүн, мөн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих”, 6.20 дугаар зүйлд заасан “Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчлийн улмаас эрх нь зөрчигдсөн болон Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан эрсдэлт нөхцөлд буй хүүхдэд үзүүлэхээр тогтоож, хамрах хүрээг өргөжүүлсэн байна.

Мөн хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах үндэслэл, татгалзах шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхийг тодорхой болгох, түүнтэй холбоотойгоор хууль зүйн туслалцаа авч байгаа иргэн болон хуулийг хэрэгжүүлэгч байгууллагын хариуцлагын асуудлыг тусгасан гэлээ. Түүнчлэн улсын өмгөөлөгчийн эрх зүйн байдал, ажиллах нөхцөл, баталгаа түүнтэй холбоотой бусад харилцааг тодорхойлж, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны санхүүжилтийг бусад орлогын эх үүсвэрээс санхүүжих эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаан дахь бусад байгууллагын оролцоо, хувийн өмгөөлөгч оролцуулах журам, өмгөөллийн хөлсний санхүүжилтийн талаар тодорхой болгож тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар төлбөрийн чадваргүйн улмаас хууль зүйн туслалцаа авч чадахгүй иргэдийн эрхийг хангах хууль зүйн туслалцааны тогтолцоо боловсронгуй болж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах зэрэг иргэний үндсэн эрхийн баталгаа сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэхэд гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, улсын өмгөөлөгчдийн чадвар, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгах саналыг хэлж байв. “Улсын өмгөөлөгч” гэдэг нэр томьёог анхаарах саналыг Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар нарын гишүүд хэлж, холбогдох тайлбар мэдээллийг өгсөн. Төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа Г.Тэмүүлэн гишүүн илэрхийлээд, Эрүүгийн хуулийн 14.1 буюу ялгаварлан гадуурхах гэмт хэргийн хохирогч болсон хүмүүсийг хуулийн үйлчлэлд хамруулах саналыг хэлж байв. Т.Энхтүвшин гишүүн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Орон нутагт өмгөөлөгчөөр ажиллах хуульч ховор, дээр нь төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөлөл үзүүлэхдээ хойрго ханддаг гэдгийг онцлоод ёс зүйн алдаа гаргадаг, хариуцлагагүй өмгөөлөгчдөд арга хэмжээ авах шаардлага бий гэж хэлж байв. Түүнчлэн Хууль зүйн туслалцааны төв үйлчлүүлэгчдээс шаарддаг баримт бичгүүдээ өөрсдийн шугамаар бүрдүүлдэг байх нь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаагаа хэлээд, холбогдох саналыг хэлж байв.

Ийнхүү төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулж нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад 65.2 хувь нь дэмжсэн. Иймд Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сард төлөвлөж буй нислэгийн хуваарь

Ирэх сард хийхээр төлөвлөгдсөн тусгай үүргийн нислэгийн хуваарьт зарим өөрчлөлт оржээ.

Манай улс ирэх дөрөвдүгээр сард Сөүл, Франкфурт, Истанбум, Токио зэрэг хотруу тусгай үүргийн 12 удагийн нислэг үйлдэж, 2100 орчим иргэнээ авчрахаар төлөвлөжээ.

Нислэгийн шинэ хуваарийг танилцуулж байна.

map болон

Categories
мэдээ улс-төр

С.Зоригийн амь насаа алдсан хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нарыг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар төр, нийгмийн нэрт зүтгэлсэн, УИХ, Засгийн газрын гишүүн С.Зоригийн амь насаа алдсан хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн албан бичгийг хүлээлгэн өглөө.

Хүсэлтэд:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэж заасан.

Монгол Улсын Их Хурлаас “Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахын эсрэг конвенц”-ийг 2002 онд, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протокол”-ыг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр соёрхон баталж дагаж мөрдөж байгаа хэдий ч хууль хяналтын байгууллагын алба хаагчид Үндсэн хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиудыг ноцтой зөрчиж иргэдийн эрх, эрх чөлөөнд халдаж эрүүгийн хэрэг үүсгэсэн, ял оногдуулсан гэх мэт мэдээлэл хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр гарсаар байна.

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт гэм буруутайд тооцогдон хорих ял эдэлж байгаа иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг олон нийт мэдсэнээс хойш бүтэн хоёр жилийн хугацаа өнгөрч байхад энэ асуудал шийдэгдээгүй байна.

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн асуудал нь Олон Улсын парламентийн холбооны анхааралд байсаар ирсэн бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Удирдах зөвлөлийн шийдвэртээ С.Зоригийн хэргээр ял шийтгүүлсэн хүмүүст хууль хяналтын байгууллагын алба хаагчид хүч хэрэглэн, эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй талаар болон хэргийн нотлох баримтыг нууцын зэрэглэлд багтаан хэрэг хянан шийдвэрлэсэн нь эргэлзээ төрүүлсэн талаар дурдсан байдаг.

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэрэг шат шатны шүүхээс нэгэнт шийдвэрлэгдэж нэр бүхий хүмүүс хорих ялаа эдэлж байгаа, түүнчлэн уг хэргийн зарим нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргасан хэдий ч эргэлзээ төрүүлэхүйц мэдээлэл гарсаар байна.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д “мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцыг шилжүүлэх, ил болгох, нууцын зэрэглэл тогтоох, өөрчлөх, нууцын хугацааг сунгах” нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал тул С.Зоригийн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Танаас хүсье” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлалаа

Засгийн газар 14:30 цагт ээлжит бус хуралдаан зарлалаа.

Хуралдаанаар “Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар” Шадар сайд танилцуулга хийх аж

Categories
мэдээ нийгэм

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.1 метр квадрат болж нэмэгджээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2016-2020 онд хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлаар Нийслэлийн ИТХ-ын ээлжит V хуралдаан үргэлжилж байна.

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2016 онд 1.7 ам метр байсныг 2020 онд гурав дахин нэмэгдүүлж, 5.1 ам метр болгосон гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийг оролцоогоор хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлэн, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болох талаар Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогод тусгасан байдаг. Мөн Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн ногоон байгууламжийг гурав дахин нэмэгдүүлэх бодлого баримтлахаар тусгасан. Түүнчлэн Нийслэлийн ИТХ-аас 2030 он хүртэлх ногоон байгууламжийн дунд хугацааны бодлогын баримт бичиг болон “Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө”-г 2019 онд баталсан юм.
Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын тохижилт, ногоон байгууламжийн төрийн удирдлагын үйл ажиллагаанд анх удаа Олон улсын чанарын менежментийн тогтолцоо MNS-ISO9001:2016 стандартыг нэвтрүүлж, суулгацын стандартыг сайжруулсан эрх зүйн орчныг улам боловсронгуй болгожээ. Мөн ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалтыг дээшлүүлээд байна. Тухайлбал, хөрс ариутгах ажлыг жил бүр хийж, хортон шавжийг устган, чийг баригч, байгалийн чулуун бордоог хэрэглэдэг болсон зэрэг олон арга хэмжээ санаачлан хэрэгжүүлж буй.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2020 онд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг таван ам метрт хүргэх зорилт тавьж, ажилласан. Улмаар зорилтоо биелүүлж ажиллажээ.

Тодруулбал, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2016 онд 1.7 ам метр байсныг 2020 онд гурав дахин нэмэгдүүлж, 5.1 ам метр болгосон гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Томоохон тохилжилтын ажлуудаас дурдвал, Дипломат-95” дугаар байрны хойд талбай, Төмөр замын цэцэрлэгт хүрээлэн, Богд хааны өвлийн ордон музейн орчим, Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг сайжруулан, тохижуулаад байна. Гол гудамж зам, орон сууцны орчмыг моджуулж орчны тохижилтыг сайжруулах хүрээнд өнгөрсөн жилүүдэд 300-350 мянган ширхэг нарс, гацуур, шилмүүст мод тарьсан бөгөөд ургалт 90-ээс дээш хувьтай байгаа аж. Мөн цэцэгжүүлэлт, зүлэгжүүлэлтийг тогтмол хийж, тоосжилтыг бууруулжээ.

Харин орчны тохижилтыг сайжруулах хүрээнд амарч суух талбай, явган зам, спорт талбайг тохижуулж, хаягжуулалт, дугуйн зам, камержуулалт, гэрэлтүүлгийн хүртээмжийг нэмж, эрүүл мэндийн байгууллагуудын гаднах талбай, оршуулгын газрын орчныг стандартад нийцүүлэн тохижуулжээ. Газарт оршуулсан булшнаас 40-50 жилийн турш 20 орчим төрлийн хорт хий ялгардаг аж. Эрдэмтдийн тогтоосноор боомын савханцар 30 жил, сүрьегийн савханцар, тарваган тахлын вирус 40 жилийн турш амьд оршиж, агаараар дамжин хүн малыг хордуулдаг ажээ. Тиймээс үүнийг сааруулах зорилгоор оршуулгын газрыг жил бүр үе шаттайгаар ойжуулж байна.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран мод, суулгацны төрөл зүйлийг нэмэгдүүлэх ажлыг хийнэ

Ботаникийн цэцэрлэгийн талбайн ногоон байгууламж нь Улаанбаатар хотын оршин суугчид төдийгүй гадаад, дотоодын жуулчдад зориулагдсан ургамлын ертөнцийг танин мэдэх, соёл амралт, үзмэрийн хэсгүүдтэй, ургамлын музейг байгуулах зэрэг онцгой ач холбогдолтой, боломжтой юм. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн онд гэрээлэн ажиллажээ. Улмаар цэцэрлэгт хийгдэж байгаа тарималжуулж, нутагшуулах олон жилийн туршилт судалгааны үр дүнд шалгарсан гоёл чимэглэлийн мод, сөөг, өвслөг ургамлыг хотын ногоон байгууламж буюу Баянгол дүүрэгт дөрвөн байршил, Чингэлтэй дүүрэгт дөрвөн байршилд хослол зохиомжийн зураг гаргаж, нийтдээ найман овог, 13 төрөлд хамаарах I зэргийн 2129 ширхэг мод, сөөг ургамлын суулгацыг стандартын дагуу жишиг төгөл байгуулж тарьж, ургуулжээ. Харин ирэх жилүүдэд мод, сөөгний төрөл зүйлийг нэмэгдүүлэх, суурь судалгааг хөгжүүлэх, Ботаникийн цэцэрлэгийн 30 гаруй орны 50 орчим цэцэрлэгтэй үрийн солилцоо явуулдаг хамтын ажиллагаанд тулгуурлан ногоон байгууламжийн бодлогод хамтран ажиллах зорилт тавьсан байна. Өдгөө гурван га талбайд мод үржүүлэх ажлыг хийж буй. Цаашид мод үржүүлгийн газрыг нэмэгдүүлэх юм.

Хашаандаа мод тарих, ногоон байгууламж байгуулах саналыг дэмжинэ
Тэгвэл 2021 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас улиасны унгарлийг бууруулах, арчилгааны ажлыг сайжруулах хүрээнд ажилбар бүрээр стандарт мөрдүүлэх, гэр хорооллын айл өрх хашаандаа мод тарих, ногоон байгууламж байгуулах саналыг дэмжиж ажиллах нь. Улмаар 2025 он гэхэд нэг хүнд ногдох ногоон байгууламжийг 8 ам метрт хүргэх зорилт тавьжээ.

Төлөөлөгчдийн зүгээс Туул, Сэлбэ голыг тохижуулах, голын ай сав газарт барилга байгууламж барих үйлдлийг зогсооход анхаарч ажиллалаарай гэв. Мөн ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг сайжруулах, ялангуяа согтуугаар тээврийн жолоодон сүйтгэж байгаа зөрчлийн хохирлыг бүрэн барагдуулж байх хэрэгтэй гэсэн санал хэллээ. Цар тахлын улмаас хөл хорио тогтоож байсан хугацаанд л гэхэд дээрх зөрчлийн улмаас 50 сая төгрөгийн хохирол учирчээ. Мөн экологийн боловсролыг иргэдэд олгож, хотын ногоон байгууламжийн асуудалд хүн бүр оролцох ёстойг ойлгуулж, сурталчлах нь зүйтэй гэж хэллээ.
Хурлын дарга Ж.Батбаясгалан хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан“Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны даргын дэргэд эрдэмтийн зөвлөл ажиллаж байгаа. Хотын ногоон байгууламжийг сайжруулахад хүч дайчлан ажиллаж байгаа эрдэмтэддээ талархаж байна. Улаанбаатар хотод урсаж байгаа голын ай сав, хууль тогтоомжоор хамгаалагдсан атал яагаад мөрдөхгүй байна вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй нийслэлийн Засаг дарга, дүүргүүдийн удирдлага үүнд анхаарал хандуулах ёстой. Захирагчийн ажлын албанаас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн ажлын танилцуулга, цаашид хэрэгжүүлэх ажлын танилцуулгыг сонслоо. Хурлаас тэмдэглэл гаргаж, нийслэлийн Засаг даргад танилцуулах үүргийг Ажлын албанд даалгаж байна” гэсэн юм.
Ташрамд, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг дэлхийн стандартад 9 ам метр гэж заасан байдаг.
Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн ИТХ-ын дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулав

Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид нэгдэж, Хурлын дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөл байгууллаа.

Зөвлөлийн гишүүд өнөөдөр Хурлын дарга Ж.Батбаясгалантай уулзаж, зорилго, 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа танилцуулав. Зөвлөлийн бүрэлдэхүүнд төлөөлөгч Л.Ариунтуяа, Н.Баярчимэг, Х.Болормаа, Г.Гангамөрөн, Б.Мөнхцэцэг, Б.Мягмар, Ү.Оюунзул, Д.Энхтуяа нар багтсан бөгөөд зөвлөлийн даргаар төлөөлөгч Б.Мягмарыг сонгожээ.

Дээрх зөвлөл нь улс төрийн нам үл харгалзан нийслэлийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэх, тэдний нийтлэг эрх ашгийг илэрхийлж, Улаанбаатар хотын хөгжилд эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр дотоод ардчиллын зарчмыг баримтлан ил тод үйл ажиллагаа явуулах юм. Энэ хүрээндээ 2021 онд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийг бодлогоор дэмжих, тусгай хэрэгцээт иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, чөлөөтэй зорчих боломж бүрдүүлж орц, гарцыг нээх, ахмад настны эрүүл мэндийг дэмжих, гэр бүлийг дэмжих олон талт үйл ажиллагаа явуулна гэдгийг зөвлөлийн дарга, төлөөлөгч Б.Мягмар хэллээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Хурлын дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдсанд баяртай байна. Та бүхний 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, жижиг дунд бизнес эрхлэгчид эмэгтэйчүүдийг дэмжих, гэр бүлийн асуудалд анхаарах, ахмадуудын эрүүл мэндийг дэмжих зэрэг нь өнөө цагт тулгамдаж буй, анхаарах ёстой асуудал. Тиймээс бүхий л талаар хамтарч ажиллана” гэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

З.Энхболд: Би цахим сонгууль гэх дүрмийн бус сонгуульд оролцохгүй

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдтой ярилцлаа.


Ардчилсан намын даргын сонгууль хоёр талд болж байна. Дотоод сонгуулийн хороо намын даргын сонгуулиа зохион байгуулж байхад С.Эрдэнэ үймүүлээд байна гэх. С.Эрдэнийн талаас ч нөгөө талынхаа байр суурийг эсэргүүцэж байгаа. Та энэ үйл явдалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Одоо тэрнийх нь зөв, энэнийх нь буруу гэж ярихад утга учиргүй болчихоод байгаа юм. хэн нь дүрмийн дагуу байна вэ гэдгийг эхэлж харах хэрэгтэй. 2017 онд батлагдсан ардчилсан намын шинэ дүрмийг хийхдээ Английн Консерватив намын дүрмийг орчуулж суурь болгоод цөөнгүй зүйлийг нь тусгасан. энэ дүрмээр дөрвөн жил тутам Ардчилсан нам Их хурлаа хийдэг, тэр нь одоогийн маргалдаад байгаа олон асуудлыг шийдэх Үндсэн дүрмийг баталж өгсөн. Өнгөрсөн жил цахимаар хийгдсэн ан-ын их хурлыг дүрмээ зөрчсөн гээд шүүх зөвшөөрөөгүй, шүүхийн зөв, цахимаар их хурал хийх заалт байхгүй. дүрмийн дагуу л даргын сонгууль зохион байгуулагдах ёстой. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл ардчиллын төлөө тэмцэж байгаа 152 мянган гишүүнтэй нам. энэ гишүүд л даргын сонгуульд санал өгнө. с.эрдэнэ туваанд ажлаа өгөх үеийн гишүүдийн бүртгэлийг ярьж байна. монгол улсын өнцөг булан бүрт амьдардаг 152 мянган гишүүний албан ёсны бүртгэл, дотоод сонгууль явуулж байсан бүтэц гэх мэт бүх зүйл ц.тувааны гарт очсон гэсэн үг. хоёр сонгууль, хоёр нэр дэвшигч гэж байхгүй, дүрмийн дагуу хийгдэж байгаа сонгууль л хүчинтэй.

Ер нь бол хоёр тал болчихоод байгаа хүмүүс бушуухан эв зүйгээ ол, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх цаг дөхөж байна, бэлдэх цаггүй боллоо.

Ардын намын даалгавраар С.Эрдэнэ хөдлөөд байна гэх юм. Энэ хэр ортой юм бэ?

-Ц.Тувааны талынхан тийм зүйл яриад л байна лээ. Арай үгүй байлгүй дээ.

Аль сунгааг нь албан ёсных гэж ойлгох вэ?

– Миний хувьд гуравдугаар сарын 28-нд болох и.Мөнхжаргал даргатай Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулах сонгуулийг дэмжиж байгаа. Яагаад цахим биш ДСх-ны сонгуулийг дэмжиж байна вэ гэдгээ хэлье л дээ. Мөнхжаргал даргатай ДСХ бол 2017 онд намын их хурлаар сонгогдсон дүрмийн байгууллага. 2017 оны хавар хуралдсан Ардчилсан намын их хурлаар одоогийн Ерөнхийлөгч х.Батттулгыг нэр дэвшүүлэхээс гадна намын даргын сонгуулийг баталгаажуулж, Дотоод сонгуулийн хороо, үндсэн Дүрмийн хороо зэрэг байгууллагуудыг байгуулсан юм. Одоо тэр их хурлаар байгуулсан бүх байгууллагууд хүчинтэй байгаа гэсэн. Сүүлд үБх-ээр байгуулсан Дотоод сонгуулийн болон Дүрмийн хороо хүчингүй. Учир нь тэдгээр байгууллагыг дараагийн үБх биш АН их хурал нь байгуулах ёстой.

Тэгэхээр таван жилийн өмнө байгуулагдсан дээрх байгууллагууд бол дөрвөн жил тутам хийгддэг Их хурал нь хийгдээгүй учраас хүчин төгөлдөр, ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой юм. ирэх дөрөвдүгээр сард намын их хурал болох ёстой. энэ их хурлаар аль болох биеэрээ цуглаж хуралдах ёстой. Учир нь цахим хурлын талаар манай намын дүрэмд байхгүй юм. С.Эрдэнэ гомдол гаргаад цахимаар хуралдсан намын их хурлыг хүчингүй болгуулсан, түүний гомдлыг Дээд шүүх хүлээн зөвшөөрсөн нь цахим хурлын талаар намын дүрэмд заагаагүй учраас тэр юм. Дүрэмд өөрчлөлт хийж, цахим хурал хийх талаар тусгасны дараагаар цахим хурал, сонгууль зэргийг хийж болох байх л даа. энэ ч утгаараа С.эрдэнэ тэргүүтэй хүмүүсийн хийгээд байгаа цахим сонгууль бас хүчингүй. Харин Дотоод сонгуулийн хорооноос цаасаар явуулахаар бэлдэж буй намын даргын сонгууль хүчинтэй.

Цахим сонгууль сайн, муу, луйвар ордогтоо биш, дүрэмд байхгүй учраас л Дээд шүүх ч бүртгэж авахгүй. С.эрдэнийн талд ямар гишүүдийн жагсаалт байгаад яаж санал авах гээд байгааг би сайн ойлгохгүй л байна. Дээр хэлсэнчлэн намын гишүүдийн бүртгэл нэг газар л байгаа шүү дээ. Олон жил сонгууль явуулаад сурчихсан системээ ажиллуулсан сонгууль нь хүчинтэй.

хамгийн гол нь түрүүчийн их хурлаас батлагдсан Дотоод Сонгуулийн хороо, үДх болон С.эрдэнэ дарга хүчинтэй байгаа. Гэхдээ Дотоод сонгуулийн хороо, Дүрмийн хороо намын дарга гурвын хувьд статус нь бас өөр байгаа юм. Учир нь дүрэм дээр нь ялагдсан намын дарга бол өргөдлөө өгөөд, дараагийн намын даргыг сонгоход оролцохгүй гэж заасан байдаг. Нөгөө хоёр байгууллагыг яагаад хүчинтэй байгаа талаар түрүүн хэлсэн. Маргалдаж байгаа талуудын аль нэгийг хүчинтэй гэхээсээ илүү аль нь дүрмийн дагуу явж байна вэ гэдгээс нь харж, энэ нь зөв шүү гэж хэлээд байгаа юм.

Тэгэхээр Ц.Тувааны тал олонх гэсэн үг үү?

-Олонх, цөөнхдөө биш. Дүрмээрээ Дотоод сонгуулийн хороо, нэр дэвшигчдийн талд эрх мэдлээ өгчихсөн. Нэр дэвшигчид өөрсдөө нарийвчилсан дүрмээ, тухайн сонгуульд ямар мөнгө зарцуулахаа, ямар байдлаар явуулахаа тохирдог дүрэмтэй. Гэтэл дөрвөн нэр дэвшигч өрсөлдөөд явж байтал хажуунаас нь өөр хүмүүс орж ирээд бид нар оролцоно гэхээр гажуудчихаж байгаа юм. Өргөдөл хүлээн авах, сурталчилгаа, мэтгэлцээн хийх хугацаа нь өнгөрчихөөд байна шүү дээ. Өөр намын дарга манай намын даргын төлөө өрсөлдөнө гэхээр их л сонин санагдаад байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ингэж муудалцмааргүй байна. Дүрмийн байгууллагууд нь албан ёсны ажлаа хийх хэрэгтэй. Бүх зүйлээ хуулийн хүрээнд зөв хийхгүй бол Ардын нам янз бүрээр өөлөөд унана шүү дээ.

Хоёр тал хэлэлцээрийн ширээнд сууж эв дүйгээ олох гэж үзсэн ч үр дүнгүй болсон. Үүнд юу нөлөөлөв?

-энэ тохиролцдог зүйл биш л дээ. Цорын ганц шалгуур байгаа нь дүрмийн дагуу эсэх. энэ шалгуураар л шалгахаас биш бид ч, та нар ч энэ сунгаанд оролцож байна, хэдүүлээ тохирчихъё гэсэн зүйл байхгүй. Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл гэх зэрэг хүмүүс намын даргын сонгуульд оролцох байсан бол саяын дөрвөн залуугийн өрсөлдөж байгаа сонгуульд оролцож, нэг өдөр эхлэх ёстой байсан.

Намын дийлэнх гишүүд долдугаар Их хурлаас сонгогдсон И.Мөнхжаргал даргатай Дотоод сонгуулийн хороог хүчин төгөлдөр гэж үзээд тэндээс зарласан намын даргын сонгуульд саналаа өгнө гэдгээ илэрхийлсэн гэх юм. Цахимаар оролцох тухай ч зарим нь ярьж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би тэр цахим сонгууль гэх дүрмийн бус сонгуульд оролцохгүй. хуучин шигээ Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын байран дээр очиж цаасаар өгнө. Нөгөө талд намын гишүүдийн нэр ч байхгүй юм билээ. Ямар хүмүүсээс санал авах гээд байгааг ойлгоогүй.

Одоо дотоод сонгуулиа бушуухан дуусгаад Ерөнхийлөгчийнхөө сонгуульд бэлдэхгүй бол болохгүй болчихоод байна. Одоогийн Ерөнхийлөгчийг өрсөлдөөнгүйгээр дахиж нэр дэвшүүлээд явахгүй бол У.хүрэлсүхийг ялах хүн манай намд өөр алга. Танай сонинд өгсөн өмнөх ярилцлагадаа ч би энэ тухай хэлсэн.

Ардын намд Ардчилсан нам толхилцох нь давуу тал болж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах том боломж олгож байна л даа. Үүнд та юу хэлэх вэ?

-Тэр үнэн. Манай намын эв нэгдэлгүй байдал нөгөө талд оноо л болж байна. Тиймээс бушуухан эв зүйгээ олоод дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Дүрмийн бус зүйл хийж байгаа хүмүүс болих ёстой.

Та намдаа үүсээд буй асуудлаар С.Эрдэнэ болон Ц.Туваан нарын хүмүүстэй санал солилцож, байр сууриа илэрхийлсэн үү?

-С.эрдэнэд бол олон удаа хэлсэн. Сүүлдээ утсыг минь авахаа больсон.

Туваантай ч гэсэн ярьсан.

Та намын гишүүний хувиар намын даргад нэр дэвшин өрсөлдөж байгаа дөрвөн хүнээс хэнийг нь дэмжиж байна вэ?

-хэн нь ч намын дарга болсон болно доо. 2024 онд энэ дөрвийн хэн нь Ардчилсан намын лидер нь болоод сонгуульд ялаад Ерөнхий сайд болчихоор харагдаж байна, түүнийг нь л сонго гэж намынхандаа хэлье.

Ардчилсан нам даргаа сонголоо ч цаашид эв зүйгээ олж чадах болов уу?

-Чадахгүй бол ялагдаад, чадвал ялаад л явна шүү дээ. Манай намын 30 жилийн түүхэнд ийм зүйл байнга л болж байсан. харин 2000 оноос хойш бутарчихгүй л яваад байгаа юм. эхний 10 жилд маш олон жижиг намууд нэгдсэн нь энэ юм. Цаашдаа энэ бүхнийг барих ганц л зүйл бий, тэр нь намын дүрэм. Английн Консерватив намын дүрмийг намын үндсэн хууль гэдэг юм билээ. Түүнтэй адил намын үндсэн хуулиа барьж, намынхаан үйл ажиллагаанд орох хэрэгтэй. үгүй бол Ардын намд ашиглуулаад л дуусна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Говьсүмбэр аймагт дахин газар хөдөлжээ

Говьсүмбэр өчигдөр 3.5 магнитудын хүчтэй давтан газар хөдөлт болжээ.

Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт өчигдөр 21:45 цагт 3.9 магнитудын хүчтэй, Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг өнөөдөр 06:54 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Мэдээллийн дагуу, тухайн сумдуудын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын дарга, Шуурхай штабын жижүүр болон иргэдээс тодруулахад “Газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй” гэж мэдэгдсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эргэн сануулахад, хамгийн сүүлд гуравдугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт болсон 5.5 магнитудын газар хөдлөлийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдсэн.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​DNN-Тодруулга: Халдварын тоо 285 хүрч байгаа нь УОК болон Шадар сайдын ажилд тавьж байгаа дүн гэв


ЭМЯ 11 цагийн ээлжит мэдээллийн цагаараа өнгөрсөн хоногт 285 хүнээс коронавирус илэрснийг зарлалаа. DNN-Тодруулга” буланд цаг үеийн нөхцөл байдлын талаар иргэдийн байр суурийг сонслоо.


Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Цогтсайхан:

Би барилгын компанитай. Дахиад хөл хорио тогтоовол манай компани бүр мөсөн дампуурна. Одоо ч манай компанийн нөхцөл байдал хүнд байна. Өр зээл ихтэй, барилгын материалуудаа зээлээр авчихсан. Олон удаагийн дараалсан, үр дүнгүй хөл хорио Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж байна. Төрөөс хэдэн ч гэнэ үү тэрбумын зээлийг жилийн гурван хүүтэйгээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгож байна гэнэ. Хөөцөлдөж үзсэн ч бүтэхгүй юм байна. Танил талтай байж, тодорхой хувийг нь өгч байж л зээл авбал авах бололтой. Өнөөдөр 285 гарлаа гэж байна. 200, 300 гарлаа гэвэл хөл хорио тогтооно гэж сануулаад байгаа. Тэр санаандаа хүрэх гэж ингэж тоогоо нэмж байж ч мэднэ. Аргаа барахаараа л хөл хорьдог юм шиг байна. Шадар сайд гээд байгаа С.Амарсайханыг залуу хүн өөр ажиллах болов уу гэтэл бахь байдгаараа. Харин ч өмнөх Я.Содбаатар нь дээр байжээ. Дөнгөж төрсөн эмэгтэйг хөл нүцгэн гаргалаа гэж ард түмэн жагсахад тэр дор нь байдлыг даамжруулахгүйгээр огцорчихсон. Гэтэл өнөөдөр 285 хүнээс ковид илэрлээ. Юу хийж байна аа, С.Амарсайхан сайд аа гэж асууя.

285 бол Шадар сайд, УОК-т тавьж байгаа дүн шүү. Дөрөвдүгээр сарын 5-наас хөл хорино, хорихгүй, магадгүй гэж бөөрөнхий юм яриад байхаар үйлдвэр үйлчилгээ, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бидэнд эргэлзээ төрүүлээд, банкныхан ч зээл олгох тал дээр хүлээлт үүсгээд байна. Манай энэ төр засагт тактик, маневр хийх чадвар огт алга. Уялдаа холбоо алга.

Орхон аймгийн иргэн Б.Уранзаяа:

-Хүн амын тоондоо шилжүүлбэл 285 бол өндөр тоо. Иргэд хичээсэн. Харин УОК муу ажилласан. Уг комиссыг удирдаж байгаа хүмүүс нь хэт сул юм уу гэж хараад байгаа. Сахилга бат гэж алга. Хөдөө орон нутгуудад байдал хүндэрлээ. Улаанбаатар хот тэр чигээрээ улайссан голомт болчихлоо. Үр хүүхэдтэй хүмүүсийн хувьд айдастай байна. Цаашид яахыг мэдэж байгаа юм үнэндээ алга. Хүүхдүүддээ витамин С уулгаад, хүн амьтангүй үед агаарт гаргаад гэртээ сууж байна. Иргэд үнэхээр сайн байсан шүү, харин УОК маш хангалтгүй байна.

Хан-Уул дүүргийн иргэн Б.Баяндүүрэн:

-Анх Францын иргэнээс ковид илэрлээ гэхэд яаж сандралдлаа. Гэтэл өнөөдөр бараг 300 хүнээс нэмж вирус илэрлээ. Би тэтгэврийн хүн. Гэртээ суугаад байж болж байна. Гэтэл хүүхдүүдийн ажил амьдрал хүнд байна. Хэзээ хөл хорио тавих бол гэсэн айдастай. Хажуугаар нь ковидын тоо улам нэмэгдээд байна.

Дэлхийн шинжлэх ухааны том ололт болох вакцин орж ирчихээд байхад манайд эсрэгээр халдвар улам нэмэгдээд байна. ХӨСҮТ-ийн эмч нар хүмүүст шинжилгээний хариу зарлаа л гэж байна. Энэ асуудал бол маш ноцтой. Энэ бол УОК-ийг огцруулах хангалттай шалтгаан. Гэтэл юу ч болоогүй мэт үргэлжлүүлж ажиллаж байна, ажиллаж байгаа нь үр дүнгүй. 

Уг нь вакцин орж ирсэн бол халдварын тархалт буурах байтал эсрэгээрээ болоод байна. Засгийн газар гэхээсээ УОК-ийг ямар ч хариуцлагагүй байна гэж үзэж байна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд яагаад таг болов. Халдвар өсөөд байна. Энэ С.Амарсайхан гэж нөхөр өөрийн толгойгүй, хийж байгаа юм алга. МАН-ын 100 жил халдвар тараалаа, урлаг соёлын арга хэмжээг яаран нээлээ гэж ард түмэн шүүмжилсэн. Үүнд Шадар сайд, УОК шууд буруутай. Энэ байгууллагуудыг огцруулдаг юм уу, Шадар сайдаа солих ч юм уу, арга хэмжээ авахгүй бол бид дэлгэр зуны цагаар яг ингээд гэртээ сууж таарах нь.

Баянгол дүүргийн иргэн Х.Буянхишиг:

-Сонгууль л ярьцгаагаад байгаа биш халдварын тоо 300 хүрлээ гэдэгт анхаарч байгаа улс төрч, УИХ-ын гишүүн нэг ч алга. УОК гэж сүртэй нэртэй байгууллага юу хийж байна. Шадар сайд гээд байгаа хүн дорвитой юм хийж чадахгүй байна. Маргааш 300, ирэх долоо хоногт 400 хүрэхэд яаж ажиллах юм. Ямар нэг тактик байна уу. Идэж уухын дон шүгэлсэн нөхдийг л төрийн оройд залжээ гэдгээ мэдэж байна. Би хувиараа бизнес эрхэлдэг. Таван ажилтантай. Би энэ хүнд үеийг хөнгөхөн туулж гарах гээд хадгаламжаа хүртэл хоосолчихоод сууж байна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” гэж маш хэрэггүй юм хийж, улсын мөнгийг үрлээ. Олон байгууллагын үйл ажиллагааг доголдууллаа. Би гадаадад хоёр ч их сургуулийг менежементийн чиглэлээр дүүргэсэн хүн. Надад УОК-ийг удирдах эрх байсан бол байдлыг ингэж даамжруулахгүй байх боломж байсан шүү. Ямар ч судалгаа шинжилгээгүйгээр бүдүүлэг арга хэмжээ авч байгаа нь анзаарагдаж байна. Хэрэв зөв байсан бол өрх бүрээс авсан шинжилгээ үр дүнгээ өгч, вакцинжуулалт нэмэгдэхийн хэрээр халдвар буурах байсан. Гэтэл эсрэгээр нэмэгдээд байна. УОК нь олигтой ажиллаж чадахгүй байгаа бол бүх эрх мэдлийг Засгийн газар, Ерөнхий сайд өөртөө авмаар байна.

Хэнтий аймгийн иргэн Х.Осормаа:

-11 цагийн мэдээ сонсоод байдаг боллоо. Гэтэл манай төр засаг эсрэгээрээ таг чиг болчихлоо. Ингэж байгаад гэнэт хөл хорино гэдэг. Өөр арга хэмжээ авч мэддэггүй бололтой. Би хүүхдүүдтэйгээ уулзалгүй хагас жил боллоо. Хот орж эмнэлэгт үзүүлэх цаг болсон. Энэ хавиараа аргалаад л байна. Вакцин эхэлсэн юм чинь дөрөвдүгээр сар гэхэд хот орох байх гэж бодож байтал энэ байдлаараа зун хүргэж мэдэх нь. Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан, Өвөрхангай, өөр хаана гэнэ вэ халдвар гараад байна гэж байна. Улаанбаатар халдварын голомт гэж ярьж байсан чинь улсаараа голомт болчихлоо. 3-хан сая хүнтэй улсыг чадварлаг, сэтгэлтэй, эх оронч хүн бол дор нь босгоод ирнэ. Даан ч тийм сэтгэлтэй хүн төрд алга гэж насныхаа бөгсөнд харамсаад сууж байна.

Баянзүрх дүүргийн иргэн О.Лувсандаш:

-Би оюутан. Энэ хавар төгсөнө. Ямар ч байсан төгсөх байх. Төгсөөд ажилд орно гэдэг асуудал болоод байна. Вакцинд хамрагдахгүй бол ажилд авахгүй ч байж мэдэхээр байна. Залуусаа хэзээ вакцинд хамруулах нь тодорхойгүй. Өнөөдөр 285 гарлаа гэж сонсоод айдастай байна. Дарга нар нь аль эрт вакцинаа хийлгэчихсэн болохоор айдаггүй байх. Гэтэл жирийн бидэн шиг ард иргэд, залуус эрсдэл дунд явж байна.

Баянзүрх дүүргийн иргэн Л.Насанжаргал:

-Өдөрт л 200, 300-гаар гараад байхад тоож байгаа юм алга. Дэлхийн сайн сайн вакцин оруулж ирлээ л гэж байна. Вакцин нь байна, иргэд нь удаа дараагийн хөл хориог нь тэсээд тэвчээд өнгөрлөө. Гэтэл үр дүн нь хаана байна аа гэж УОК, Шадар сайд С.Амарсайхан, бас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асууя. Одоо энэ улстөрчдийн дунд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай л яриа болж байна. Түүнээс биш “Халдвар өслөө, цаашид яах вэ. Ард иргэдээ яах вэ. Амьжиргаа нь уналаа, өр зээл нь яаж байна” гэж ярьж байгаа нь алга. Өмнөх УОК-ынхон бүгд огцорч байсан. УОК-ыг огцруулахаар бол огцруулаад дараагийн хүмүүсийг нь оруулж ир. Эсвэл С.Амарсайхан тэргүүтэй хүмүүс нь олон нийтийн өмнө гарч ирж халдварыг хяналтаасаа гаргасандаа уучлал гуйж, ард иргэд, аж ахуй нэгж рүүгээ чиглэсэн арга хэмжээ дорвитой явуул гэж шаардаж байна.

Чингэлтэй дүүргийн иргэн, өндөр настан Д.Ханд:

-Мэдэх юм алга. Гадуур ажил төрлөө хийж яваа хүүхдүүддээ л санаа зовж байна. Жирийн ханиад биш, тусвал хүнд шүү гэж өрхийн эмч хэлсэн. Би нас өндөр болохоор тарихгүй гэхээр нь гомдож л байлаа. Харин биднийг хүн гэж тоож тарихаар болж байна. 285 бол айхавтар л сонсогдож байна.

www.admin.dnn.mn