Бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөөгийн эдийн засгийн уур амьсгалын өөрчлөлтөд мэдрэг байдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлыг дэмжих Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны хөтөлбөрт нэмэлт болгож “Уур амьсгалын ногоон сан” (УАНС) 175 сая ам.долларын санхүүжилт баталжээ.
УАНС-ийн 130 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 45 сая ам.долларын буцалтгүй тусламжаас бүрдэх уг санхүүжилт нь нийт 560 сая ам.долларын төсөвтэй “Аймаг, сумын бүсчилсэн, ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нэмэлт эх үүсвэр болох юм. АХБ, Европын Хөрөнгө Оруулалтын Банк, Европын Холбоо болон хувийн хэвшил хамтран санхүүжүүлэх энэхүү хөтөлбөрийн хүрээнд нутаг дэвсгэрийн ногоон хөгжил, хот-хөдөөг холбон хөгжүүлэх загварыг бий болгож, улмаар аймаг, сумын төвийг тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, нүүрстөрөгчийг ихээр шингээх чадвартай бэлчээрийн менежментийг дэмжих хөдөө аж ахуйн ногоон бизнесийн төв болгох зорилготой. Уг санхүүжилт нь АХБ-ны Монгол Улсад хэрэгжих төсөл, хөтөлбөрт УАНС-аас олгож буй хоёр дахь санхүүжилт болж байна.
АХБ-ны Зүүн Азийн газрын дарга Жеймс Линч “УАНС-аас дэмжлэг үзүүлж, хамтран санхүүжүүлж байгаад бид маш их талархаж байна. АХБ, УАНС-гийн хамтын түншлэл нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дасан зохицох чиглэлээр манай банкнаас гаргаж буй тууштай хүчин зүтгэлд түлхэц болж байгаа. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын өмнө тулгарч буй олон талт сорилтуудыг нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг бууруулах, нүүрстөрөгчийг ихээр шингээдэг байгалийн нөөцийг нөхөн сэргээх замаар шийдвэрлэх цогц шийдлүүдийг санал болгох юм” хэмээн онцлон тэмдэглэв.
“Аймаг, сумын бүсчилсэн, ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” нь тогтвортой мал аж ахуйн салбарын менежментийг бэхжүүлж, бэлчээрийн доройтлыг арилган, ногоон эдийн засгийн төрөлжилтийг дэмжинэ. Мөн тогтвортой мал аж ахуйг нүүрстөрөгчийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бизнесийн хөгжилтэй уялдуулж, орон нутагт хөдөө аж ахуйн бизнесийн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэхийн зэрэгцээ эмзэг бүлгийн малчдыг чадавхжуулан, бэлчээрийн менежментийн арга туршлагыг нь сайжруулж, ногоон ажлын байр бий болгох замаар КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг даван туулахад нь дэмжлэг үзүүлнэ. Эхний ээлжинд Монгол Улсын баруун бүсийн 3 аймагт хэрэгжих тус хөтөлбөр нь уур амьсгалын санхүүжилт болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын механизмыг дэмжих бөгөөд тэдгээрийг цаашид улсын хэмжээнд дэлгэрүүлэн хэрэгжүүлэх зорилготой юм.
УАНС нь тус санхүүжилтийг Удирдах зөвлөлийн 26 дугаар хурлаараа баталсан байна. Бүгд Найрамдах Солонгос Улсын Сонгдо хотод төвтэй УАНС нь хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн сорилтуудаа шийдвэрлэхэд нь туслах зорилготой байгуулагдсан дэлхийн хэмжээний сан юм. УАНС нь 2015 оноос хойш АХБ-ны 11 төсөлд нийт 648 сая ам.долларын санхүүжилт олгоод байна.