Categories
мэдээ цаг-үе

220 гаруй вакцинд хөгжүүлэлт хийж байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагийн турш иргэдэд мэдээлэл өгөн, үйл ажиллагаа явуулж байгаа. Өчигдөр буюу гуравдугаар сарын 25-нд тус дугаарт иргэдээс нийт 290 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 16 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.27 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 27 иргэн хандсанаас найман иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 19 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 77 буюу 26.5 хувийг машин ачилтын талаар, 40 буюу 13.8 хувийг өргөдөл, гомдлын явц, хариу сонсох, 33 буюу 11.4 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаарх мэдээлэл, лавлагаа эзэлж байна.

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс вакцины түгээлт, хангамжтай холбоотой түгээмэл ирдэг асуултад хариулт өгье.

–Вакциныг хэрхэн тараадаг вэ?

-ХӨСҮТ-ийн төв агуулахад вакциныг зохих журмын дагуу хадгалдаг бөгөөд тэндээсээ аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төв, ӨЭМТ-үүдэд хүйтэн хэлхээний нөхцөлийг алдагдуулалгүйгээр тодорхой хяналтан дор тараадаг.

–Вакцин хүн бүрд хүрэлцээтэй юү?

-Дэлхий даяар коронавирусийн эсрэг вакцины үйлдвэрлэл хязгаарлагдмал байгаатай холбоотой одоогоор вакцин хүн бүрд хүрэлцээтэй биш байна.

–Одоогоор хэдэн вакцины хөгжүүлэлт хийгдэж байна вэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 220 гаруй вакцинд хөгжүүлэлт хийж байна.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

“УОК-ын дарга С.Амарсайхан ковидын халдвар аваагүй. Ажлаа хийгээд явж байна” гэв

“Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан ковидын халдвар авсан, түүний жолоочийн шинжилгээ нь батлагдсан учир нэгдүгээр хавьтал болжээ” гэсэн мэдээ, пост сошиал орчинд түгээд байна. Үүнээс улбаалж “Өөрийгөө ковидоос хамгаалж чадаагүй хүн, ард иргэдээ хамгаалж чадах уу”, “Улсын онцгой комиссын дарга хүн байж онцгүй ажиллаж байна”, “Ковидтой хүн Улсын онцгой комиссыг удирдаж чадах уу” гэх мэтээр шүүмжилж байна.

Энэ асуудлын хүрээнд Шадар сайдын туслах мөн зөвлөхтэй холбогдож нөхцөл байдлыг тодрууллаа. “Энэ хуурамч мэдээллийг анх тараасан хүн рүү яриад сууж байна. Манайхан чинь яасан зовлонтой юм бэ дээ. Хамгийн эхэлж Анхбаяр тэр мэдээг “цахиур” гэж сайтад тавьсан байна. Шадар сайд яг одоо ажлаа хийгээд явж байна. Хардаад байгаа шалтгаан нь Шуурхай штаб дээр байсан нэгдүгээр ээлжийнхэн тэр чигээрээ тусгаарлагдчихсан байгаа. Тэрэнтэй л холбож ойлгоод байх шиг байна. Шадар сайд ажлаа хэвийн хийгээд явж байна. Энэ бол ташаа мэдээлэл. Сая УИХ-ын чуулган дээр танилцуулга хийчихээд яг одоо ОХУ-ын төлөөлөгчидтэй газын асуудлаар хуралдаад сууж байна” гэж Шадар сайдын Ажлын албанаас тайлбарлалаа.

www.admin.dnn.mn

Categories
мэдээ нийгэм

ҮХЦ-ийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаар Улсын Дээд Шүүхийн байр суурийг тодруулахыг хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт “Тодруулга авах тухай” албан бичиг хүргүүлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаар Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг тодруулан ирүүлэхийг хүслээ.

“ТОДРУУЛГА АВАХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасны дагуу Улсын дээд шүүхээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг Улсын Их Хуралд санал болгосон байх бөгөөд ингэхдээ бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийг нь чөлөөлж, хэнийх нь оронд дараагийн гишүүнийг томилох талаар тодорхойгүй санал ирүүлсэн нь хууль зүйн зөрчил, маргаан үүсгэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрх байдаг.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах бөгөөд улс орны тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийг хууль зүйн зөрчил, маргаангүйгээр байгуулах нь зүй ёсны шаардлага мөн гэж үзэж байна.

Иймд бүрэн эрхийн хугацаа нь дууссан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийг нь чөлөөлж, дараагийн гишүүнийг томилох талаар Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид тодруулан ирүүлнэ үү.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурлын бусад шийдвэр тогтоолын хэлбэртэй байна” гэж заасан бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 45.3-т заасны дагуу ёсчилсон хууль, тогтоолыг Тамгын газар ажлын 2 өдрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ”, 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 45.4-т заасны дагуу илгээсэн хууль, тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль, тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байдаг тул энэ хугацаанд багтаан ирүүлэхийг Танаас хүсье” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

1673 иргэнд 126 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Үүний үр дүнд зээлдэгчдээс шаардах орлогын хэмжээ болон сарын төлбөрийн хэмжээ 20 хувиар буурч, орлого багатай өрхийн хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, зээлийн дарамтыг бууруулах эерэг үр дагавар гарч байгаа аж.

Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлснээр, 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 1673 зээлдэгчид 126.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Уг санхүүжилтийн 28.6 хувийг орон нутгийн ипотекийн зээлд зарцуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар өссөн үзүүлэлт юм.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 15639 айлын орон сууц ашиглалтад орсноос 5594 айлын орон сууц төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлд, 5691 айлын орон сууц арилжааны банкуудын эх үүсвэрээр олгосон ипотекийн зээлээр борлуулагджээ. 2020 онд төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн эх үүсвэрийг 410.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна.

Барилга, хот байгуулалтын яамнаас 2021 оны нэгдүгээр улиралд хийсэн зах зээл дэх орон сууцны судалгаанаас үзэхэд 1816 айлын орон сууц борлуулагдаагүй байгаа бол 2021 онд 23591 айлын орон сууцыг барилгын салбарын аж ахуйн нэгжүүд шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй аж. Үүнээс нийслэлд 19191 айл, орон нутагт 4400 айлын орон сууц төлөвлөгджээ.

Тус яам 2021 онд ипотекийн зээлийн хэмжээг ойролцоогоор 700-800 тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлэхээр Монголбанктай тохироод буй юм байна. Энэ нь өмнөх гурван жилийн дунджаас 2.3 дахин нэмэгдүүлсэн дүн бөгөөд жилд 10000 орчим зээлдэгч хөтөлбөрт хамрагдах ажээ. Цаашид орон нутгийн иргэдийн худалдан авах чадварын судалгаа болон Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, ажлын байртай уялдуулах үүднээс ипотекийн зээлийн санхүүжилтийн 25-30 хувийг хөдөө орон нутагт тогтвортой олгохоор төлөвлөжээ.

Categories
мэдээ

С.Амарсайхан: Халдварын тоо буурахгүй бол хатуу хөл хорио тогтооно

Шадар сайд С.Амарсайхан дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл халдварын тоо буурахгүй бол хатуу хөл хорио тогтооно гэдгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэллээ.

Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдах бөгөөд эрсдэлтэй гэж үнэлж буй үйл ажиллагаануудыг хязгаарлах болохыг тэрбээр мөн хэлсэн юм.

Шадар сайд С.Амарсайхан “Халдварын тоо эрс өсөж байна. Цаашдаа ч өсөх хандлагатай байна. Хатуу хөл хорио тогтоохоос өмнө мэдээлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж, эрсдэлтэй үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ. Дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл тохиолдлын тоо буурахгүй бол хатуу хөл хорио тогтооно. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед жагсаал цуглаан хийхийг хориглосон байдаг. Энэ дагуу шаардлага тавин ажиллаж байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилов

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс Ш.Цогтоог чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томиллоо.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр 18 иргэн материалаа ирүүлснээс гурван нэр дэвшигч нэрээ татаж, 2 нэр дэвшигчийг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, үлдсэн 13 нэр дэвшигч дээр санал хураалт явагдсан юм. Ингээд шүүгчийн олонхын санал авсан Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд санал болгож, Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн билээ. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын өрхүүдийн хашаандаа мод тарих, ногоон байгууламж байгуулах саналыг дэмжинэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2016-2020 онд хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар НИТХ-ын ээлжит V хуралдаанд танилцууллаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2020 онд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг таван ам метрт хүргэх зорилт тавьж, ажилласан. Улмаар зорилтоо биелүүлж ажиллажээ. Тодруулбал, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2016 онд 1.7 ам метр байсныг 2020 онд гурав дахин нэмэгдүүлж, 5.1 ам метр болгосон гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Томоохон тохижилтын ажлуудаас дурдвал, “Дипломат-95” дугаар байрны хойд талбай, Төмөр замын цэцэрлэгт хүрээлэн, Богд хааны өвлийн ордон музейн орчим, Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг сайжруулан, тохижуулаад байна. Гол гудамж зам, орон сууцны орчмыг моджуулж орчны тохижилтыг сайжруулах хүрээнд өнгөрсөн жилүүдэд 300-350 мянган ширхэг нарс, гацуур, шилмүүст мод тарьсан бөгөөд ургалт 90-ээс дээш хувьтай байгаа аж. Мөн цэцэгжүүлэлт, зүлэгжүүлэлтийг тогтмол хийж, тоосжилтыг бууруулжээ.

Харин орчны тохижилтыг сайжруулах хүрээнд амарч суух талбай, явган зам, спорт талбайг тохижуулж, хаягжилт, дугуйн зам, камержуулалт, гэрэлтүүлгийн хүртээмжийг нэмж, эрүүл мэндийн байгууллагуудын гаднах талбай, оршуулгын газрын орчныг стандартад нийцүүлэн тохижуулжээ. Газарт оршуулсан булшнаас 40-50 жилийн турш 20 орчим төрлийн хорт хий ялгардаг аж. Эрдэмтдийн тогтоосноор боомын савханцар 30 жил, сүрьеэгийн савханцар, тарваган тахлын вирус 40 жилийн турш амьд оршиж, агаараар дамжин хүн малыг хордуулдаг байна. Тиймээс үүнийг сааруулах зорилгоор оршуулгын газрыг жил бүр үе шаттайгаар ойжуулж байгаа гэлээ.

Мөн Ботаникийн цэцэрлэгийн талбайн ногоон байгууламж нь Улаанбаатар хотын оршин суугчид төдийгүй гадаад, дотоодын жуулчдад зориулагдсан ургамлын ертөнцийг танин мэдэх, соёл амралт, үзмэрийн хэсгүүдтэй, ургамлын музей байгуулах зэрэг онцгой ач холбогдолтой юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн онд гэрээлэн ажиллажээ. Улмаар олон жилийн туршилт, судалгааны үр дүнд шалгарсан гоёл чимэглэлийн мод, сөөг, өвслөг ургамлыг хотын ногоон байгууламж буюу Баянгол дүүрэгт дөрвөн байршил, Чингэлтэй дүүрэгт дөрвөн байршилд хослол зохиомжийн зураг гаргаж, нийтдээ найман овог, 13 төрөлд хамаарах I зэргийн 2129 ширхэг мод, сөөг ургамлын суулгацыг стандартын дагуу жишиг төгөл байгуулж тарьж, ургуулсан байна. Харин ирэх жилүүдэд мод, сөөгийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх, суурь судалгааг хөгжүүлэх, Ботаникийн цэцэрлэгийн 30 гаруй орны 50 орчим цэцэрлэгтэй үрийн солилцоо явуулдаг хамтын ажиллагаанд тулгуурлан ногоон байгууламжийн бодлогод хамтран ажиллах зорилт тавьсан байна. Өдгөө гурван га талбайд мод үржүүлэх ажлыг хийж буй. Цаашид мод үржүүлгийн газрыг нэмэгдүүлэх юм.

Энэ онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас улиасны унгирлыг багасгах, арчилгааны ажлыг сайжруулах хүрээнд стандарт мөрдүүлэх, гэр хорооллын айл өрх хашаандаа мод тарих, ногоон байгууламж байгуулах саналыг дэмжиж ажиллах юм. Улмаар 2025 он гэхэд нэг хүнд ногдох ногоон байгууламжийг найман ам метрт хүргэх зорилт тавьжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ цаг-үе

Дөрөвдүгээр сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2100 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд байна. Үүнд:

  • 04 дүгээр сарын 01-нд Сөүл-Улаанбаатар
  • 04 дүгээр сарын 06-нд Токио-Улаанбаатар
  • 04 дүгээр сарын 07-нд Сөүл-Улаанбаатар
  • 04 дүгээр сарын 10-нд Истанбул-Улаанбаатар
  • 04 дүгээр сарын 13-нд Токио-Улаанбаатар
  • 04 дүгээр сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
  • 04 дүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар
  • 04 дүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
  • 04 дүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 04 дүгээр сарын 27-нд Сөүл-Улаанбаатар
  • 04 дүгээр сарын 28-нд Сөүл-Улаанбаатар
  • 04 дүгээр сарын 29-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Түрээсийн орон сууцанд оруулах нэрийдлээр 10 сая төгрөг залилжээ

Өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 11-ний өдөр түрээсийн орон сууцанд хамруулна гэж иргэнээс 10 сая төгрөг авч, залилсан иргэн Ц.С нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн ll хэлтэст шалгагдаж байна. Уг иргэн нь ТӨХХК-тэй огт холбоогүй бөгөөд байгууллагын нэр барьж, “Төрийн орон сууцанд хамруулж өгнө. Таньдаг хүн байгаа” гэж удаа дараа залилан хийсэн болох нь шалгалтаар тогтоогджээ.

Categories
гадаад мэдээ

H&М бренд Хятадын зах зээлд дахин худалдаалагдахгүй

H&M, Nike брэндүүд уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлсэн байж болзошгүй гэсэн шалтгаанаар Хятадаас хөвөн авахаас татгалзсаныхаа төлөө Хятадын зах зээлээс арчигдаж байна. Түүнчлэн Calvin Klein, Adidas, Tommy Hilfiger, Uniqlo, Converse, Puma зэрэг хэд хэдэн брэндүүд энэ давалгаанд өртөөд байна.

Хятадын дотоодын цахим сүлжээ болох “Weibo” дээр дээрх брэндүүдийг бойкотлох уриалга гарч, удалгүй Хятадын хамгийн том цахим худалдааны сайт болох “Taobao” болон бусад онлайн худалдааны сайтууд дээрээс “H&M”-ийн онлайн дэлгүүр байхгүй болжээ. Энэ эсэргүүцэлд Хятадын олны танил зарим хүмүүс нэгдэн, дээрх брэндүүдтэй байгуулсан гэрээгээ ч цуцалжээ.

Сүүлийн үед Хятадын эрх баригчид Шинжаан дахь үндэстний цөөнхүүд болох уйгуруудын эрхийг ноцтой зөрчиж, тэднийг албадан хорьж, хөдөлмөр эрхлүүлж, тэр ч байтугай системтэйгээр бэлгийн боолчлолд өртүүлж байна гэж мэдээлэл гарч, барууны орнууд Хятадын эсрэг ээлж дараалан хориг тавиад байгаа билээ.

Харин Хятад улсын зүгээс үүнийг эрс няцааж, барууны орнуудын үйлдвэрлэл, худалдааг хаах боох зэргээр хариу арга хэмжээ авч байгаа нь энэ юм. Мөн Хятад улсын зүгээс Европын холбоо болон АНУ-ын зарим албан тушаалтнуудын эсрэг хариу арга хэмжээ авч хориг тавиад байна.