Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалантай ярилцлаа. Тэрбээр бэлчээрийн доройтол тойрсон сэдвээр судлаачийн байр сууринаас хандаж чөлөөтэй ярилцсан юм.
-Байгаль орчны доройтолтой холбоотой асуудал манайд хурцаар тавигдах боллоо. Хэдхэн хоногийн өмнө болсон шороон шуурга нэг том дохио өглөө. Ер нь байгаль орчин, бэлчээрийн доройтлоос үүдэлтэй хор уршгийн тухай тодруулахгүй юу?
-2018 оны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлангаас дүгнээд үзэхэд манай нийт 110 сая га бэлчээр нутгийн 58 хувь нь доройтсон. Үүний 13 хувь нь бүрмөсөн цөлжсөн байна. Өөрөөр хэлбэл, байгалийнхаа аясаар нөхөн сэргээгдэх чадвараа алдаж, цөл болж хувирсан гэсэн үг. Энэ нь нийтдээ 100 гаруй мянган га бэлчээр нутаг юм. Тэгэхээр ийм хэмжээний газар нутгаа цөлжүүлнэ гэдэг байгаль экологийн хувьд хохирол амсахаас гадна эдийн засагт ихээхэн уршигтай. Сүүлийн жилүүдэд малчид нэг зүйлийн талаар их ярих болсон. Бэлчээр хүрэлцээгүй, ургац муудсан, хуучны шим тэжээлтэй өвс ургамал ховордсонтой холбоотойгоор мал давжаарч, жин маш их буурч, бүтээгдэхүүний гарц, чанар муудаж байна гэж ярих болсон. Харахад сайхан тарган хонь. Гэтэл ихэнх нь усан тарга. Ингээд намар хүйтрээд эхлэхээр амархан жин хаяж, тураалд орж, өвлийн хүйтнийг даахгүй нүд аних үзэгдэл нэмэгдэж байна. Түүнээс биш зуд турхан, хүйтрэлээс болж мал хорогдоод байгаа нь харьцангуй бага гэж ярьдаг.
Бэлчээр доройтоогүй гэж маргах хүн бий. Үүнийг батлахад заавал шинжлэх ухаанч хэрэггүй. Улаанбаатарынхан Туулын эрэг, Яармагийн дэнж дээр наадмаа хийж, зүлэг ногоон дээр нь суугаад бөхөө үздэг байсан цаг саяхан. Одоо тэндхийн шарилжийн үнэр, гутал хувцсанд шингэсэн нарийн тоосноос нь зугтаж, бохирын өмхий үнэртсэн Туул голдоо харамсаад л суух гэж үү. Баруун аймаг руу явах зам дагуу шарилжаас өөр ургамал харагдахгүй байна. Төв, суурин, худаг ус, зам гээд хүн, мал шавдаг газар бүрд зүлэг ногоо үгүй болж элсний нүүдэл газар авсныг аль ч аймаг, суманд очоод харж болно. Ширгэж алга болсон гол горхи, нуур цөөрөм тоогоо алдсан. Энэ бүхэнд цаг агаарын өөрчлөлт нөлөөлсөн ч бидний үеийнхэн л үйлдэл, эс үйлдлээрээ хийсэн, бохирдуулсан, талхалсан, огтолсон, хуйвалдсан, дуугүй сууж өөгшүүлсэн.
Бэлчээрийн доройтлын шууд үр дагавар нь малын чанар, ашиг шим буурч, эрсдэлд өртөмхий болж, улмаар малчдын хөрөнгө, орлого багасаж буйгаар илэрч байна. Доройтсон бэлчээрийг соргог бэлчээртэй харьцуулбал эм хонины хаврын амьдын жин 8 кг-аар, сүүний гарц 2.5 дахин, ямааны ноолуурын гарц 8%-иар бага байдгийг судалгаагаар тогтоожээ. Зөвхөн энэ гурван үзүүлэлтээр тооцоход малчин өрхийн орлогын алдагдал жилдээ 2.6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөг болж байна. Бэлчээр нь биологийн төрөл зүйлийн амьдрах орчин болдог тул түүний унаган төрх алдагдах нь нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын үнэ цэнийг бууруулж байна. Өмнө нь нас гүйцсэн эм хонины амьдын жин дунджаар 48 кг байсан бол одоо дунджаар 25%-иар буюу 35 кг болсон гэж малчид ярьдаг. Үүнээс гадна нэмээд сүүний гарц, ноос ноолуурын чанар ч бас муудаж байна. Эрдэмтэд тогтоосон байдаг юм билээ. Мал тарга тэвээрэг муу эцэнхий малын нэг диаметр радиустай талбайд ургах ноолууран ширхэгтийн тоо 20-30% бага байдаг гэж. Дээр нь хаг ихтэй, арьснаас салахгүй ноолуурын авах гэж зулгаагаад мал амьтнаа зовооно гэдэг асуудал их гарч байна. Бэлчээр талхагдахын хэрээр тоосжилт нэмэгдэж ноолуурын гарц буурч байна. Үйлдвэрүүд нэг кг ноолуур худалдаж авлаа гэхэд угаасны дараа 30-40% шороо тоос хог хольц байх жишээтэй. Үйлдвэрлэлийн шатанд энэ алдагдал болж тооцогдоно. Мөн хавар мал жилбэгүй төрж, хээл хаях нь элбэг болж байна. Олон суманд малчид үнээгээ саагаад хурга, ишгээ угжиж, өөрсдөө цайны сүүгүй суудаг боллоо.
Нөгөө талаас бэлчээрийн талхагдал доройтол Монголын олон улсын гэрээ хэлэлцээрийн өмнө хүлээсэн уур амьсгалын нөлөөг бууруулах тухайлбал, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад сөрөг нөлөө үзүүлж байна. Олон улсын жишиг үзүүлэлтээс харахад тал хээрийн үетэн өвс экосистем жилдээ 7 орчим тонн нүүрстөрөгчийн хий шингээдэг гэж үзвэл дээр ярьсан цөлжсөн бэлчээрийн 100 мянган га талбайгаар бодоход 7000 тонн хүлэмжийн хий шингээх чадвараа алдаж байна гэсэн үг. Эргээд дэлхийн дулаарлын шалтгаан болж байна. Малчид олон мал бэлчээр талхалж байгааг ойлгож, 300-600 толгой сайн чанарын малтай болмоор байна гэдэг. Гэвч нэг малаас авах ашиг шим бага, дээр нь үнэ ханш тааруу учраас малаа өсгөхөөс өөр аргагүй болдог. Мал нь өсөхөөр бэлчээрийн даац хэтэрдэг. Ингээд нэг төрлийн “үхлийн тойрог”-т орчихоод яваад байна. Энэ мэт маш олон дам нөлөөлөл бий.
-Нийт газар нутгийн 57 хувь нь бэлчээрийн доройтолд оржээ. Үүнээс 13 хувь нь байгалийнхаа жамаар нөхөн сэргээгдэхгүй болсон байна. Тэгвэл үлдэж байгаа 45 хувийг өөрийнх нь жамаар нөхөн сэргээмээр байдаг. Ийм боломж бий юү?
-Бэлчээрийн ачааллыг бууруулбал байгалийн аясаар нөхөн төлжүүлэх боломжтой. Бид маш олон туршилт хийж үзсэн. Адилхан бэлчээр дээр нэг хэсгийг нь ямар ч мал оруулахгүй хашаад, нөгөө хэсэгт даацад нь тохирсон малыг оруулахад хамгийн ихээр доройтсон бэлчээр 7-8 жилийн дараа сэргэж байна. Дунд шатанд доройтсон бол 3-4 жил, мал огт оруулахгүй хамгаалбал жил хагасын дараа сэргээд ирж байгаа юм. Тэр чигтээ хайрга, бүртийх ч ногоо байхгүй газрыг хашаад мал оруулахгүй байхад л байгаль өөрийн өгөгдлөөр нөхөн төлжөөд ирж байна. Мэдээж бүс нутгаас хамаарч сэргэх хугацаа харилцан адилгүй байгаа. Говийн бүс нутагт арай удаан байх жишээтэй. Гэхдээ ямар ч байсан боломж бол бий. Хүмүүс уур амьсгалын өөрчлөлт болж, бороо хур орохоо больсон учир бэлчээрийн доройтол явагдаж байна гэж ярьдаг. Мэдээж ийм шалтгаан бий. Гэхдээ малын тоо толгойг зохистой хэмжээнд бариад явбал нөхөн сэргэлт явагдаж болж байгаа. Тэгэхээр бид Монгол орны бэлчээрийн талхлалтын салаа замын уулзвар дээр байна гэж ойлгох ёстой. Хэрэв бэлчээр эзэнгүй, нэгдсэн бодлогогүй, хариуцлагын механизм үйлчлэхгүй байгаад байх юм бол газар нутгаа уул уурхай бус цөлжилтөд алдаад дуусна.
Гэхдээ сайн дэвшил байгааг хэлэх хэрэгтэй. Сүүлийн 20 шахам жил ярьсны хүчинд нэг сайн алхам хийгдлээ. Энэ бол Малын тоо толгойн албан татварын хууль батлагдчихлаа. Өмнөх туршлагаар малын хөлийн татварыг тэд гэж тогтоож, цугларсан татварыг улсын төсөвт төвлөрүүлдэг байсан. Одоо бол тухайн сумын иргэдийн хурал татварынхаа хэмжээг тогтооно. 0-2000 төгрөг гээд заагаад өгчихсөн. Яагаад ийм хэлбэлзэл тогтоож байна гэвэл цөөн малтай ядуу өрх айл, мөн сарлаг зэрэг тухайн орон нутагт цөөрсөн малыг хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулах байдлаар ялгавартай хандана. Ер нь малын тоо толгой хяналтаас гарлаа. Хэрхэн хязгаарлах вэ гэхэд малчид өөрсдөө эдийн засгийн арга механизм л байна гэж хүлээн зөвшөөрөх болсон. Уг орлого сум орон нутгийн хөгжлийн санд орно. Эргээд малчдыг соён гэгээрүүлэх, хортон мэрэгчийг устгах зэргээр бэлчээртэй холбоотой 11 зүйлд зарцуулна. Бага сага дэвшил гарлаа.
-Бид нөхцөл байдлыг бодитоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм болов уу гэж бодогддог. Малын тоо толгой хэт нэмэгдсэнээс болж бэлчээрийн даацад нөлөөлж, байгаль орчны доройтол үүсгэж байгаагийн шалтгаан малчдаас улбаатай. Нөгөө талд төрөөс олон мянган малтай л бол сайн, мундаг гэсэн ойлголтыг бат суулгаж ирсэн. Малчдад бодит байдлыг илэн далангүй хэлэх зориг зүрхтэй хүн байдаггүй. Аль болох малчдад таалагдаж байж саналыг массаа бүрдүүлдэг улс төрийн зорилго эхэнд тавигдсанаас болоод нөхцөл байдал өнөөгийн түвшинд ирэв үү гэж анзаарагддаг. Хариуцлагын механизмын тухайд юу хэлэх вэ?
-Бэлчээр эзэнгүй, ямар ч үнэгүй байна. Тиймээс хариуцлагын тогтолцоо үгүйлэгдэж байгаа юм. Нөгөө талаас манай нүүдлийн мал аж ахуй их онцлогтой. Зарим хүн бэлчээрийг хувьчилъя, өмчлүүлье гэж ярьдаг. Гэтэл нүүдэл суудал хязгаарлагдаад эхлэхээр нэг газраа удаан хугацаагаар суувал бэлчээрээ талхална. Тэгэхээр яг манай нүүдлийн мал аж ахуйд тохирсон хариуцлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Ер нь бэлчээрийн доройтолтой холбоотой асуудлыг шийдэх гарцыг гаднаас хайх хэрэггүй. Яг үнэндээ нүүдлийн мал аж ахуйг зөв систэмтэй хөгжүүлж байсан туршлагууд бидэнд бий. Дээр үеийн хашир туршлагатай малчдаас сурах зүйл бидэнд их байна. Бидний үзэж судалснаар таван чиг хандлага гарч ирж байна. Яахав тухайн үед социализм гээд нийгэм нь өөр байсан байж болно. Гэхдээ малчин, бэлчээр нутаг, мал сүрэг өөрчлөгдөөгүй. Тухайн үед нүүдлийн мал аж ахуйг хэрхэн зохицуулж байсан туршлагыг өнөөгийн зах зээлийн нийгмийн харилцаанд тохируулж шинэчлэн нэвтрүүлэх боломжтой харагддаг. Тухайлбал, дээр үед сум, бригад, сууриараа дөрвөн улирлын бэлчээрийн хил заагийг тогтоож, бэлчээрийн даацаа тодорхойлж, таван хошуу мал тус бүрээр нь бэлчээрийн газар, хил хязгаарыг гаргаж өгдөг байжээ. Бүр бэлчээрийн гэрээ гэж хийдэг байсан. Үүний дагуу нарийн зохион байгуулалттайгаар тухайн бүс нутгийн байгалийн өгөгдөл, ургамлын төрөл, цаг агаарт тохируулан бүс нутагт ямар мал түлхүү өсгөж үржүүлбэл тохиромжтойг тодорхойлон гаргадаг байжээ. Хамгийн гол нь үүн дээр маш хатуу хяналт тавьдаг, бэлчээрийн даац хэтрүүлсэн, бэлчээр талхалсан тохиолдолд өндөр хариуцлага оногдуулдаг байсан. Тэгэхээр бидэнд өмнө нь нүүдлийн мал аж ахуйд тохирсон зөв зохистой механизм, хариуцлагын тогтолцоо байсныг санах учиртай. Тэрийгээ буцааж судлаад орчин үеийн нөхцөлд нийцүүлэх арга зам эрэлхийлэх хэрэгтэй гэж үздэг.
-Бодит байдал дээр тооноос илүү чанарыг чухалчлах тухай ярьдаг ч мянгат малчин болох сонирхол давуу байдаг. Үүнд малчдыг буруутгах аргагүй. Засаг төрийн малчдын хөдөлмөрийг үнэлэх шалгуур нь ийм байж ирлээ шүү дээ?
-Анхнаасаа олон жил шагнаад мянгат малчин болбол хамгийн сайн гэсэн ойлголтыг өгчихсөн учир уг сэтгэлгээнээс салахад хүндрэлтэй байна. Өөрчлөхөд амар биш. Уг нь аварга малчинг шалгаруулахдаа бэлчээрийн байдал, малын таваарлаг чанар, нэг малаас авах ашиг шим зэрэг олон шалгуур тавьдаг ч уг үзүүлэлтүүдийг бодит байдал дээр хэрэгжүүлэхгүй байна. Амрыг нь бодоод малын тоог чухалчилж байна. Тэгэхээр залуус олон малын төлөө хөөцөлдөнө биз дээ. Ямар ч хүн амжилт гаргаж, төрийн хайр ивээлийг хүртэхийг бодно.
-Малчид улстөрчдийн саналын том массыг эзэлдэг. Тиймээс малчдад төрийн хайр хишгийг хүртээх, дэмжин туслах, шагнаж урамшуулах зэргээр таалалд нь нийцэх бодлогыг эхэнд тавьж, бодит нөхцөл байдлыг таниулах, бодлогын уялдааг хангаж үүсээд буй байгаль орчны доройтлыг шийдвэрлэхэд дорвитой алхам хэрэгжүүлсэнгүй. Малчдын мэдлэгийн санг тэлж, хандлага сэтгэхүйг нь өөрчлөх тун чухал санагддаг?
-Энэ төрлийн ажил хийгддэг. Гэхдээ нэг удаагийн юм болчихоод байна. Гадны төсөл хэрэгжиж байгаа сумдын иргэд арай илүү азтай. Дэмжлэг аваад явж байна. Гэтэл бүхэлд нь хамарсан тогтолцоо байх хэрэгтэй. Бэлчээр тойрсон асуудалд орон нутгийн удирдлагууд анхаарал тэр бүр хандуулахгүй. Өнөөдрийн байдлаар бэлчээрийн менежмэнттэй холбоотой орон зайг олон улсын байгууллагуудын төслүүд л нөхөж ирлээ. Одоо үнэнтэй нүүр тулаад тогтолцоо бий болгоё гэхээр хууль байхгүй. Бодлого, хууль, эрх зүйн орчин тодорхойгүй учир хуваарилах төсөв бага. Тиймээс бэлчээрийн доройтолтой тэмцэх чиг үүрэгтэй төрийн захиргааны байгууллагад төсөв бүтэцгүй явж ирлээ. Одоо малын хөлийн татвар бий болсон нь эерэг өөрчлөлтийг авчирах болов уу гэж найдаж байна.
-Бэлчээрийн доройтол ганц малчин бус хүн бүрийн анхаарал хандуулах ёстой асуудал болж хувирсан тухай та хэлсэн. Олон дам нөлөөлөл гарсаар байна?
-Эцсийн дүндээ бэлчээрийн даац хэтрүүлэлт, монгол малын чанар, зуд турхан, байгаль орчны доройтол ганц малчдын асуудал биш. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой сэдэв юм. Нийт газар нутгийн 58 хувь нь доройтсон гэдгээр хүн бүрийн асуудал болж хувирсан. Аюулын харанга аль хэдийнэ дэлдээд эхэлсэн. Нэгдүгээрт, ийм зүйл тохиолдоод байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй учир төрөөс бодлогын арга хэмжээ авахгүй байна. Энэ асуудал цааш улам даамжраад байх юм бол гурван долоо хоногийн өмнө бий болсон шороон шуургатай ижил үр дүнгүүд нэмэгдэнэ.
Энэ шороон шуурга Бээжин, Сөүл, цаашлаад Тайваньд хүрсэн. Тайваньд сурдаг найз маань тус улсад Монголын шороон шуурганы тухай бүтэн нэг цагийн нэвтрүүлэг гарсан тухай хэлсэн. Үүн дээр монголчууд ямаагаа өсгөөд, бэлчээрээ талхалсанаас болж шороо босоод энэ хүртэл ирж байна гэж ярьсан байна лээ. Бүр энэ асуудлаа монголчууд шийдэх хэрэгтэй гэсэн мэдээлэл явсан байсан. Гэтэл манайд шороон шуурганы тухай мэдээлэл явсан уу. Сошиалаар хэдэн зураг тавьж, иргэд уулга алдсанаас өөрөөр шинжлэх ухаан талаас нь санаа зовж, сэтгэлээ чилээсэн мэдэгдэл, мэдээлэл гарсангүй.
Бэлчээр талхлагдаж шороон шуурга босож байгаа нь Монгол бус бүх бүс нутгийн хэмжээнд гамшиг үүсгэж байна. Энэ чинь Монголын нэр хүндэд муугаар нөлөөлнө. Ядаж л манай ноолууран бүтээгдэхүүн Европт гарахад “Өө, монголчууд чинь ямаагаа өсгөөд бэлчээрээ талхалчихсан” хэмээн хэрэглэгчдэд эргэлзээ үүсгэнэ. Бас гадуурхана. Энэ нь “Говь” ч юм уу нэг компанийн асуудал биш юм. Төр засгийн асуудал. Тус компани хэчнээн сайхан бүтээгдэхүүн гаргаад, сурталчлаад цаана нь цөлжилт үүсгэх үр дагаварыг бий болгосон гэвэл хэцүү. Саяын шороон шуургатай холбоотойгоор Азид бүтээгдэхүүнээ гаргахад муухай имиж бүрдүүллээ. Солонгосын телевизээр шороон шуурганы тухай мөн гарсан. Сансрын зургаас татаад Монголоос гаралтай болохыг харуулчихаж байгаа юм.
-Үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудад хүлэмжийн хийг бууруулах чиглэлд олон улсын байгууллагууд хүчтэй шахалт үзүүлдэг. Хятад гэхэд ногоон эдийн засгийг бий болгохын төлөө уурхайнуудаа хаах зэргээр их хүчин чармайлт гаргаж байна. Үүнтэй адил бэлчээрийн доройтлоос үүдэлтэй шороон шуургатай холбоотой асуудал улам лавшрах юм бол олон улсын шахалтууд орж ирж, хавчиж эхлэх нь ээ?
-Олон улсын байгууллагууд, улс орнуудаас шахалт үзүүлэхээс гадна хэрэглэгчид том эрсдэл авчирна. Дэлхийн зах зээл дээр гарч байгаа бидний бахархалт гол бүтээгдэхүүн бол ноолуур, түүгээр хийсэн хувцас хэрэглэл. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ноолуурыг тогтвортой аргаар үйлдвэрлэх буюу гарал үүсэл нь тодорхой байх, байгаль орчинд хоргүй, хүний хөдөлмөрийг мөлжөөгүй, мал амьтны тавлаг байдлыг алдагдуулаагүй гэх зэрэг шалгуурыг тавих болсон. Хэдхэн жилийн өмнө ямаагаа самнах гэж зовоож байна гэх мэдээлэл гарснаас болж бэрхшээл үүссэн. Гэтэл бэлчээрийн доройтол, цаашлаад шороон шуургатай холбоотой асуудал дэгдээд байвал манай экспортын орлого, үйлдвэрлэл, улс орны хөгжилд их хор хохирол авчирна. Гадныхан манай нүүдлийн мал аж ахуйг өргөн уудам нутагт малаа бэлчээгээд, өөрийн тааваар үржил шимтэй дуртай өвс ургамал идээд, амьтны эрх ашгийг хамгийн их дээдэлдэг гэсэн ойлголттой байсан. Гэтэл энэ хандлага өөрчлөгдөж, сөрөг имиж бүрдэж байгаа нь асуудал үүсгэнэ. Хятадууд тогтвортой байдлын стандарт гэж гаргаад мөрдөөд явж байна. Цаашид бид ийм имижээр яваад байвал Монголын бүтээгдэхүүнээс илүү Хятадын ноолуурыг авахыг илүүд үзэх болно. Тэгэхээр бэлчээрийн доройтол олон цар хүрээг хамарсан том асуудал болж хувирч байна.
-Байгаль орчны доройтолтой холбоотой асуудалд уул уурхайг эхэлж буруутгах хандлага түгээмэл. Мэдээж уг салбарт алдаа дутагдал бий. Гэхдээ байгаль орчин доройтоход ямар хүчин зүйлс хэдэн хувьтайгаар нөлөөлж байна гэдгийг гарган ирж, суурь асуудалтай нь тэмцэхгүй бол сүүлд нь уул уурхай нь малчид, малчид нь уул уурхай руу бурууг чихсэн байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Энэ тухайд та ямар бодолтой байна вэ?
-Манай улсын нийт газар нутгийн хэмжээ 156.4 сая га. Үүнээс 100 мянга орчим га газар уул уурхайд ашиглагдаж байгаа гэж ярьдаг юм билээ. Мэдээж уурхайн ашиглалттай холбоотойгоор усны нөөцийн асуудал яригдана. Ерөнхийдөө том уурхайнууд харьцангуй хариуцлагатай, улсаас тогтоосон стандартыг мөрддөг болов уу гэж ойлгодог. Харин бичил уурхайнууд, нинжа нарын хувьд байгаль орчны янз бүрийн сөрөг нөлөө гаргаж ирсэн.
Малын бэлчээрийн тухайд илүү өргөн хүрээг хамардаг. Нийт хэмжээгээр нь аваад үзвэл манай улсын газар нутгийн бараг 90 шахам хувийг малын бэлчээрт ашиглаж байгаа юм. Манайх 70 шахам сая толгой малтай. Хонин толгойд шилжүүлбэл 110 сая малын туурай гэдэг бас л хэцүү. Нэг малын идэх бэлчээрийг 10-15 мал идэж байгааг малчид ярьдаг. Тэгэхээр айхавтар судалгаа шинжилгээ гэхгүйгээр логикоор бодоод үзэхэд бидний эхний ээлжийн хамгийн тулгамдсан асуудал бол бэлчээрийн даацаа эхэлж шийдэх явдал юм. Дээр үед нэгдэл сангийн аж ахуй гэх зэргээр төрөөс хянадаг учир бэлчээр хамаагүй талхлахгүй яваад байсан. Одоо бол бэлчээр газрыг хамгаалах төрийн бодлого үгүйлэгдэж байгаа учир хариуцлагын механизм үйлчлэхгүй байна. Малын хөл ус бохирдуулах том шалтгаан болж байгаа. Мэдээж төрсөн нутагтаа хайртай, газар нутгаа сүйтгэхүй гэж байгаа юм. Гэтэл үнэндээ та энэ бэлчээрийг талхлаад доройтуулаад байна, хариуцлага хүлээнэ, энэ газрыг буцааж сэргэтэл нь нүүж ирэхгүй шүү гэх зэргээр механизм үйлчилж байж хамгаалагдана. Нөгөө талаас эдийн засгийн хөшүүрэг байж болно. Бэлчээрээ хамгаалдаг, малынхаа эрүүл тавлаг байдлыг хангадаг малчны түүхий эдийг авахдаа урамшуулж болно.
Уул уурхай ус бохирдууллаа, газар нутаг сэглэлээ гэж хариуцлага ярьдаг. Ярих ч ёстой. Үүнтэй адил бэлчээр талхлаад, улаан шороогоор нь эргүүлсэн, булгийн эхийг бохирдуулсан бол малчин хүнд ч хариуцлага тооцох учиртай. Дэлхий дахинд уур амьсгал, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг шаардаж байна. Тэгэхээр хүссэн хүсээгүй бид энэ зүйл рүү явна. Хэрэв ийм байдлаар яваад байвал Монголын ноолуур, малын махыг худалдаж авах хүнгүй болно. Аялал жуулчлал байхгүй болно. Элсэн цөлд хэн ирэх юм. Монголын бэлчээрт 1000 гаруй төрлийн ургамал ургадаг гэсэн судалгаа бий. Ахмад судлаачид 1970-аад онд ойт хээрийн бүсэд 100 ам.метр талбайд 37 нэр төрлийн ургамал ургаж байгааг судалсан баримт байдаг. Одоо тэр газар нь очоод харахад 4-5 гарах нь уу үгүй юү. Байгаль орчин ингэж доройтоод байна. Бэлчээрийн доройтол гэдэг хэдэн малчин бус улс орны хөгжлийн бодлого, оршин тогтнох эсэхтэй холбоотой асуудал болсон. Нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, анхаарах шаардлагатай байна. Хүүхэд насандаа шумбаж өссөн цэвэр тунгалаг гол, горхи, нуур, цөөрөм, дөрөө шүргэсэн нарийн өвс, цэцэгт тал, шимт бэлчээр, сэнгэнэм үнэрт ой, шугуйгаа үр хүүхэд, хойч үеэсээ бидний үе булааж байна, үүнээс илүү нүгэл гэж байхгүй, хэчнээн чулуун суварга босгоод ч байгаль эх, хойч үе маань уучлахгүй, сэргээн үлдээж чадвал тэрнээс илүү амьд буяны суварга гэж байхгүй.
Г.БАТЗОРИГ