Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Сүүлийн хоногт 575 хүнээс коронавирус илэрсэнээс 174 нь орон нутагт бүртгэгдлээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн хоногт 13210 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 575 хүнд халдвар илэрсэн. Шинээр илэрсэн 575 тохиолдлын 574 нь дотоодын халдвар байгаа бол нэг тохиолдол гадаадаас зөөвөрлөгдсөн байна. Ингэснээр нийт тохиолдлын тоо 7589 боллоо. Үүнээс Улаанбаатар хотод 400 тохиолдол нь илэрч орон нутагт 174 халдварын тохиолдол батлагдлаа.төв аймагт 86, Баянхонгор 1 архангай 4 өвөрх

Сүүлийн 24 цагт 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын тоо 2,952 бүртгэгдсэнээс 4711 буюу 78 хувь нь эдгэрсэн.

Одоогоор 638 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 1, хүнд 9 хүн байгаа” гэв.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 50 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ

Өнөөдрийн байдлаар 1693 хүн эмчилгээнд байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнгөрсөн хоногт гэр бүлийн хүчирхийллийн 89 дуудлага иржээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногт 1242 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 54 гомдол, мэдээлэл байжээ. Гэр бүлийн хүчирхийллийн 89, хулгайн 11 хэрэг бүртгэгдсэн бол 48 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, 164 хүн эрүүлжүүлэгдсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Ардчилсан намын даргаар М.Тулгат, О.Цогтгэрэл нар тус тус сонгогджээ

Хоёр талд зохион байгуулагдсан Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалтын дүн гарч эхэллээ.

Тодруулбал, С.Эрдэнэ даргатай АН-ын Дотоод сонгуулийн хорооноос цахим сонгуулийн дүнг нэгтгэн намын шинэ даргыг албан ёсоор зарлалаа. Тус намын даргаар НИТХ дэх АН-ын бүлгийн дарга М.Тулгат сонгогджээ.

Уг сонгуульд М.Тулгатаас гадна Ц.Оюунгэрэл, Ч.Өнөрбаяр, Ц.Уртнасан, Л.Гүндалай нар өрсөлдсөн юм.

Харин Ц.Туваан даргатай АН-ын даргын сонгуулийн дүн хараахан гараагүй байгааг УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа жиргэсэн байна. Тэрбээр албан ёсны дүн гараагүй ч урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тэргүүлж явна хэмээжээ.

Categories
мэдээ цаг-үе

Сувиллын голомтоос нийт 62 тохиолдол батлагджээ

“Сэмжид Хужирт” сувилалд гуравдугаар сарын 1-25-ны хооронд 13 аймгийн 174 иргэн амарсан байна. Гуравдугаар сарын 27-ны байдлаар, тэдний 62-оос халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Өвөрхангай аймгийн Онцгой комиссын Мэдээлэл харилцааны багийн ахлагч Я.Жаргал “Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-ийн явуулын лаборатори “Сэмжид Хужирт” сувилалд тархсан халдварын голомтод гуравдугаар сарын 24-нөөс ажиллаж эхэлсэн. Одоо тав хоног ажиллаж, нийтдээ 1202 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Сумын Эрүүл мэндийн төв дээр 233 түргэвчилсэн шинжилгээг хийсэн. Анх тус сувилалд амарч байгаад Увс аймагт очсон иргэн сэжигтэй тохиолдлоор бүртгэгдэж, шинжилгээний хариу нь баталгаажсан. Үүний дагуу сувилалд хөл хорио тогтоосон юм.

Хужирт сумын эмнэлэг жижиг, “Сэмжид Хужирт” сувилалд иргэдийг тусгаарлах эмнэлэг байхгүй учраас сувилалд иргэдээ ангилж, эмчилгээг хийж байна. Хөл хорио тогтооход 64 хэвтэн эмчлүүлэгч, 32 эмч, ажилтан нийтдээ 96 хүн байсан. Эдгээрээс 23 хүний шинжилгээний хариу батлагдаж, үлдсэн хүмүүсийг тусгаарлан ажиглах байр руу шилжүүлсэн.

Өнөөдрийн байдлаар Хужирт суманд 33 хүн эмчлүүлж байгаагаас хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр, бусад хүмүүсийн биеийн байдал хөнгөн байгаа. Тус сувилалд гуравдугаар сарын 1-нээс хойш 170 гаруй хүн амарч, үйлчлүүлсэн байж магадгүй. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Сувилалд хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн ихэнх нь хувь хүмүүс байсан бөгөөд ямар нэгэн арга хэмжээнд оролцохоор олон хүн цуглаагүй байсан” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл аймагт халдварын зургаан тохиолдол нэмж бүртгэгдлээ

Хөвсгөл аймагт Covid- 19 халдварын зургаан тохиолдол нэмж бүртгэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Тодруулбал, Цэцэрлэг сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал хоёр, Мөрөн сумын ойрын хавьтлын дөрөв, нийт зургаан хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 29 боллоо.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид өчигдөр /2021.03.28/ Цэцэрлэг сумын ойрын хавьтлын 222, Мөрөн сумын ойрын хавьтлын 31, бусад сумаас тандалтын зорилгоор авсан 220, нийт 478 сорьцод PCR шинжилгээ хийсэн байна.

Хөвсгөл аймагт Covid-19 халдвар бүртгэгдсэнээс хойш 2801 хүнд PCR шинжилгээг хийжээ. Мөрөн сумаас халдварын эх уурхай тархаж, нэг гэр бүлийн 10 хүн өвчилсөн бол Цэцэрлэг суманд гэр бүлийн хүрээнд дамжсан 19 тохиолдол бүртгэгдсэн. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 13 батлагдсан тохиолдол эмчлүүлж байсан бол Мөрөн суманд 17 батлагдсан тохиолдол, Цэцэрлэг суманд 12 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс нэг хүний биеийн байдал хүнд байгаа талаар аймгийн Шуурхай штабаас мэдээлсэн юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Сонгууль дөхөхөөр л урлаг, спорт, хэвлэлийнхний МАН-д бялдуучилдаг хууч нь хөдөлдөг

Энэ жил сонгуультай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Ер нь сүүлийн олон олон сонгуулийг ажиглахад сонгуулийн сураг дуулдахтай зэрэгцээд л урлаг соёлынхон, спортынхон, бөхчүүд, зохиолч, яруу найрагчид, дээрээс нь хэвлэл мэдээллийнхэн гээд Монголын гялайж гялтайсан болгон МАН-ын хормойноос зүүгдээд л дагаад явчихдаг. Энэ нь сүүлдээ бүр ужгирч, хууч өвчин маягийн юм болоод сонгуультай жилийн хавар урлаг, спорт, хэвлэлийнхний МАН-д бялдуулчилдаг хууч нь сэдэрдэг. Манай нийгмийн арай гайгүй гэж болохоор үлгэр дуурайлал үзүүлдэг, олны нүднээ ил байдаг эрхмүүд яагаад ингэж нэг нам руу хошуурдаг “өвчин”-тэй болсныг ажиглавал, 1989 он хүртэл МАН-ыг МАХН байхаас нь дэмжиж ирсэн тэр хуучны энерциэрээ л давлагаалаад яваад байдаг юм билээ. Тэр үед ганц намын хүчтэй дарангуйлалтай байсныг ч хэлэх үү, захиргаадалттайг ч хэлэх үү одоогийнхоос өөр нийгэм байсан л даа. Гэтэл 30 жил өнгөрөөд бие нь тэр нийгмээсээ хэдийнэ салчихсан байхад оюун санаа, үзэл нь нэг намын дарангуйллаасаа уяатай хэвээр байгаа учир Ардчилал гарч ирсний утгыг алдтал хуучин нийгмийн тоосгоо үзэл бодлоороо нэг нэгээр нь зөөгөөд авчраад байх юм. Хэзээ хүртэл ингэж явах юм бэ, урлаг соёлынхоон, спортынхоон, хэвлэл мэдээллийнхээн! Ард түмэнд хэрэгтэй юм хийе, бүтээн байгуулалтыг зоригтой эхлүүлье гэсэн намыг олон түмний дэмжлэг авахад нь туслаад, МАН-тайгаа ижилхэн дэмжээд явж болдоггүй юм уу. Бусад намыг дайсан мэт үзээд есөн шидээр нь муулж, доромжилцгоох юм. Олны танил эрхмүүд ээ, та нарын энэ шударга бус хандлага, алагчаалах үзэл хэт хоцрогдсон, бүдүүлэг харагдах юм байна шүү дээ. Адилхан л шударга дэмж л дээ. Та бүхний энэ хэт нэг талыг баримталсан, бусдыг нь гутаасан үйлдэл аль хүртэл үргэлжлэх юм бэ. Аль юм болгон ингэж талцах гээд, талцуулах гээд байгаа юм, ард олныг. Та нарын ингэж талцаж дайсагнасны чинь үр болох сүүлийн 30 жилийн хөгжил цэцэглэлтэрхүү юмаа хар даа…Намчирхаад л, хэдэн хүнийг тахин шүтэж хуйларцгаагаад л, өөр бусдыг нь өрөөсөн нүдээрээ ч тоож харахгүй өстөн мэт адалж, шороотой нь хутгачихаад байна. Урлаг, спорт, хэвлэл мэдээллийнхний ингэж нэг намыг шүтэж, бусдыг эс тоон гишгэлсний гор бол өнөөдрийн энэ нийгэм. Намчирхлаараа бүтээсэн нийгмийнхээ царайг тогтож хараач. Та нар үүндээ тэгээд сэтгэл хангалуун байгаа юм уу? Монголын хөгжил удаан, ядруу байгааг хүн бүр ярьж, буруутныг нь, эзнийг нь хайцгааж байна. Улсыг дотроос нь сулруулж, хөгжлийг удаашруулж байгаа гол хор бол намчирхах үзэл, намаар талцах үзэгдэл. Улс орныг хөгжүүлэхгүй, үзэл санаагаараа хуваагдалд ороход нөлөөлж байгаа хүмүүс бол нэг намыг дагагч урлаг, спорт, хэвлэл мэдээллийнхэн та нар шүү.

Байг, энэ бол бидний эрхийн асуудал. Юугаа тахин шүтэж, ямар намаа дагах нь хувийн асуудал гэх байх. Тийм ч байх. “Одод” гэгддэг дуучид, жүжигчид, тамирчин, бөх, зохиолч гэх мэтийн олны танил хүн нэг намыг ингэж хатуу дагаж, хэт улстөржих нь эргээд уран бүтээл, спортын амьдралд нь таагүй нөлөөлж, шүтэн бишрэгчдээ алдах, цаашлаад хувийн бизнест нь сөргөөр нөлөөлөх зэрэг муу талтай. Ийм наана, цаана юмыг боддоггүй хэрэг үү. Одоохондоо нөлөөлөхгүй авч яваандаа үзэгч, олон нийт үүнийг чинь анзаарч зайгаа барьж эхлэх нь мэдээж. Ер нь аль ч салбарт гялалзаж яваа хүн улс төр рүү орохоороо, улс төртэй хэт хутгалдахаараа хөдөлмөрлөж олж авсан анхны нэр хүндээ гээж, тэгсхийгээд олон нийтийн зүгээс олигтой үнэлэмж авахаа байгаад мартагдаж орхигддог жишээ олон бий. Улс төрд амжилт олохгүй болохоор урлаг, спорт, ажиллаж байсан хэвлэл мэдээллийн салбартаа буцаад ирэхээр анхных шигээ гялалзаж чадах орон зайгүй болж, хэн ч хүлээж авдаггүй болчихдог юм.

Манай урлагийн томчууд, Ардын жүжигчид, Төрийн шагналтнууд, олимп, дэлхийн аваргын медальтнууд, авьяаслаг яруу найрагчид, гавьяат тамирчид, улсын цолтой бөхчүүд, хэвлэл мэдээллийн байгууллагын нүүр царай болж байсан хүмүүс илт улайм цайм бүгд ганц л намыг тэнгэрт тултал магтдаг. Олон хүнийг жишээлж болж байна л даа. Тэрэн дундаас “Х-Түц” хамтлагийн захирал, гавьяат жүжигчин Н.Онон сошиалд нэг намыг илтэд дэмжиж, бусад руу нь элдэв үгээр дайрдгийг хүмүүс мэддэг болж, дургүйцлээ илэрхийлэх нь сүүлийн үед ихэслээ. Нэг үгээр үзэгчид, шүтэн бишрэгчдэдээ муухай харагдаж эхэлж байгаа нь тэр юм. Тэр хүн ямар нам шүтэх нь эрхийн асуудал. Гэвч нөгөө талдаа энэ хүн олны танил, хошин шогийн жүжигчин гэдгээрээ ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн хүн. Гэтэл хайрлаж, хүндэтгэдэг жүжигчин нь байнга нэг намыг магтаж, бусдыг нь доош нь хийсэн хандлага үзүүлэх нь хувь жүжигчнийх нь рейтингээс гадна хамтлагийнх нь нэр хүнд, цаашлаад хамтлагийнх нь бизнест ч сөрөг байдлаар тусах магадлал өндөр.

Ард түмнийг урлагаар дамжуулж соёлжуулж, гэгээрүүлэх үүрэгтэй хүмүүс нь нам дагаж “салхи”-лаад, нэг даргыг ам хуурайгүй магтах нь үзэгчдэдээ эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Хэрвээ нэг намын дэглэмтэй байсан бол ингэж болох байсаан. Намдаа үнэнчээ харуулаад үүнээс ч илүүг үзүүлж болох байсан шүү. Гэтэл өнөөдөр бид Ардчилсан цаг үед амьсгалж байна. Та нарын амьдраад байгаа наад нийгэм чинь ард хоцроод 30 жил боллоо. Одоо наад нийгмээсээ гарч ирээд бусад хүмүүстэйгээ хөл нийлүүлцгээ. Энэ үед 30 жил байтугай гурав хоногийн дараа юу болохыг хэн ч мэдэхгүй, аль нам нь юу болохыг урьдчилан таамаглах боломжгүй. Үлгэр дуурайлал авч, өмссөн хувцсыг нь хүртэл даган дуурайдаг бүхэл бүтэн олон нийтийг араасаа дагуулдаг эрхэм хүмүүс байж нам дагаж талцдаг байдлаа олны танил, урлаг, спорт, хэвлэл мэдээллийнхэн больж үз. Та бүхнийг дагаад ард түмэн талцаад байна. Нам дагагч ийм хэсэг бүлгийг Монголд намчирхах үзэл “тарьж” байгаа хүмүүс гээд шууд хэлчихэд буруудахгүй л байх.

Сонгууль дөхөх болгонд МАН-д бялдуучилдаг урлаг, спорт, хэвлэл мэдээллийнхний хууч өвчнийг сэдрээхгүй байхад энэ нийтлэл жаахан ч атугай эм болж очиг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Ганбаатар: Цэцийн халдашгүй дархан байдалд МАН-ын удирдлагууд увайгүйгээр оролцож байна

УИХын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


МАН МАХНтай Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж орох, бүр нэгдэх тухай ч яригдаж байгаа. Намын удирдлагууд болон МАХНын ахмад гишүүдийн зүгээс нэгдэхийг уриалсан. Та хоёр нам нэгдэх асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ер нь бол эв нэгдэл Монголд хэрэгтэй. Би эв нэгдлийн төлөө байдаг хүн. Гэхдээ юуны төлөө эв нэгдэх вэ гэдгийг л ярих хэрэгтэй. Уул уурхайн том гэмт хэрэг хийсэн, том дээрмийн бүлэглэлтэй Монголын ард түмний эрх ашгийг золиосолж эвлэлдэн нэгдэж албан тушаал, эрх мэдэл авах гэж байгаа бол энэ эв нэгдэл биш. асар хортой зүйл шүү. Ийм эв нэгдлийн эсрэг байгаа. Харин уул уурхайн баялгийг ард түмэнд үр ашигтай болгож, Монгол Улс ядууралгүй, ажилгүйдэлгүй болгох чиглэлээр байр суурь нь нэгдэж, Оюу толгой, Таван толгой, Эрдэнэтийг сандайлж суусан том луйврын гэмт бүлэглэл болох Ман-ын удирд-лагуудыг зайлуулж, ардын намын шударга гишүүдтэй нийлнэ гэвэл би уухайлан дэмжиж, зөвшөөрч байгаа. Эв нэгдэлд дуртай, дургүй асуудал биш. юуны төлөөх эв нэгдэл вэ. Шударга ёсны төлөөх үү, эсвэл гэмт хэргийн төлөөх эв нэгдэл үү гэдгийг ялгаж салгаж ойлгох ёстой. Ман-ын дээр нь суучихсан уул уурхайн баялгийн хулгайч бүлэглэлтэй нийлэх гэж байгаа явдлын эсрэг байна.

Хэрвээ нэгдвэл та УИХын сонгуулиар эвсэж орсон ИЗНН, Уламжлалын нэгдсэн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

-2020 оны долдугаар сард би мэдэгдэл хийж байсан. Учир нь тэр үед МаХн-аас н.Энхбаяр даргыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, ялуулах юмсан гэсэн байр суурь надад болон миний хамт олонд байсан. Тэр утгаараа нэг намаас хоёр хүн нэр дэвших санаатай байж болохгүй. Нэг нь нөгөөгөө дэмжих ёстой. Энэ үүднээс би н.Энхбаяр даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь дэмжиж ажиллана. Урдуур нь орох ямар ч сонирхол байхгүй. дөрвөн жил би Эрдэнэтчүүдтэйгээ хамтарч ажиллана” гэсэн байр сууриа илэрхийлж байсан.

Харин Н.Энхбаяр дарга шүүхийн шийдвэрээр нэгэнт нэр дэвших боломжгүй болчихоор нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын төлөө би зүтгэнэ гэдгээ илэн далангүй илэрхийлж байгаа. Нөхцөл байдал өөрчлөгдлөө шүү дээ. Н.Энхбаяр дарга дэвших үед би дэвшихгүй гэж хэлсэн. Харин Н.Энхбаяр дарга дэвшихгүй нь тодорхой болсон тохиолдолд “Тэгвэл МАХН-ын гишүүд дэмжигчид энэ асуудлыг шийд. Би бол бэлэн байна” гэдэг байр сууриа илэрхийлсэн.

Одоо МАХН, МАН хоёр нийлэх, нэгдэх тухай яригдаж байна. Үүнд би дургүй байгаагаа илэрхийлж байгаа шүү дээ. Шударга биш байна. Учир нь энэ бол МАН-ын нэр дэвшигч МАХН-аас нэр дэвшиж өөрийг нь ялах магадлалтай хүнд саад хийж буй башир арга гэж үзэж байгаа. Ингээд Уламжлалын нэгдсэн нам, ИЗНН-ын хамт олонтойгоо, мөн МАХН-ынхантайгаа Монголын улс төрийг цэвэр байлгах, уул уурхайн баялгийг ард түмэндээ өгөх чиглэлд тууштай явна. Улсын Ерөнхийлөгчийн байр суурь, эрх мэдлийг үүний төлөө зориулж ашиглах, зүтгэхэд бэлэн байна.

Өнөөдрийн байдлаар та Н.Энхбаяр даргатай хэрхэн ойлголцож байна. Нэгдэх эсэх асуудлын талаар танд ямар нэгэн юм хэлсэн үү?

-Бид хоёр их дотно харилцаатай. Одоо ч дотно. МАХН МАН-тай нийлсэн ч би Н.Энхбаяр даргатай дотно хэвээрээ байна. Намайг улс төрд анх хөтөлж оруулсан хүн шүү дээ. УИХ-ын дарга байхад нь би анх 2004 онд орон тооны бус зөвлөхөөр нь ажиллаж байсан. Ингэж намайг улс төр, ордон гэдэг зүйлтэй танилцуулж байлаа. Энэ хүн шударга хүн. Таван толгой, Оюу толгойг Монголд авч өгөхийн төлөө зүтгэж 12 хоног хуурай өлсгөлөн зарлаж байсан хүн шүү дээ. ЕБС-ийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөр, Мянганы зам, Эрдэнэтийн үйлдвэрийн 51 хувийн их өрийн асуудлыг шийдэж өгсөн. Тэгэхээр би муу байх үндэсгүй. Энэ хүн юу ярих нь миний асуудал биш. Дотно байгаа минь үнэн. Н.Энхбаяр даргатай байнга уулзаж байгаа. Өнгөрсөн даваа гаригт манай намын гүйцэтгэх товчооны хурал болсон. Тэнд би оролцож Н.Энхбаяр даргатай ярьж хөөрсөн. Бид дотно хэвээрээ байгаа.

Оюу толгойн процесс хэрхэн өрнөж байна. Таны өлсгөлөнгийн үр дүн юу болж байна?

-Энэ асуудал дээр нэгдүгээрт, Нью-Йорк, Лондонгийн шүүх дээр Оюу толгойн гэрээ, Эрдэнэт үйлдвэрийн баяжмалыг худалдах гэрээ байгуулахдаа Сү.Батболд гэдэг хүнээр толгойлуулсан бүлэг гэмт хэрэгтнүүд Монголын ард түмний баялгийг хувьдаа завшиж, гаднынханд илт давуу байдлаар хэдэн зуун тэрбум долларын хохирлыг Монголын ард түмэнд учруулсан байна гэсэн шийдвэр гарч, энэ нэхэмжлэлээ үргэлжлүүлж байгаа. Хоёрдугаарт, Монголын ард түмний өмнө Рио Тинто татварын маргаанаа үг дуугүй хүлээн зөвшөөрч татварын маргааныхаа дагуу 300 сая ам.долларыг шилжүүлсэн гэж ойлгож байна. Гуравдугаарт, Дубайн гэрээ Монголын ард түмнийг хулхидсан нь үнэн хэмээн буулт хийж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ, Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах боломжийн талаар хэлэлцээр одоо нээлттэй явагдаж байна. Энэ бол Монголын ард түмэн Рио Тинтог их бага нь хамаагүй анх удаа буулт хийлгэж байгаа явдал. Гэхдээ эцсийн дүндээ үүнд ханаж болохгүй. Монголын ард түмний эрх ашиг хангагдаж Оюу толгойгоос монголчууд орлоготой, ажилтай болж, зэс хайлуулах үйлдвэрээ бариулж монголчууд үүнээс ашиг шимийг нь хүртэх ёстой. Одоо бол Оюу толгойгоос бид 22 тэрбум ам.долларын өрөнд орохоор байгаа. Ногдол ашиг хэзээ ч авахааргүй байгаа шүү дээ. Ийм тэнэг байдлыг таслан зогсоож байж л бид санаа амрах ёстой. Бид баялгаасаа өгөөжийг нь хүртэх ёстой. Тэр нь юу юм бэ гэхээр ядууралгүй, олон монгол залуучуудыг ажилтай болгож, олон үйлдвэр баригдах ёстой. Би ийм л байр суурьтай байгаа.

Оюу толгойн гэрээнд олон хүн яригдаж, буруутгагддаг шүү дээ. Энэ асуудалд та Сү.Батболд гишүүнийг их шүүмжлэх юм?

-С.Баяр гуай эсвэл Ц.Элбэгдорж, Баярцогт гээд гэрээ байгуулж байх үеийн олон хүн буруутай гэж монголчууд ярьдаг. Гэтэл Нью-Йорк, Лондон, Хонконг, Сингапур, Виржини арлын гээд таван улсын шүүх дээр Сү.Батболдыг цөм хулгай хийсэн байна гэдэг шийдвэр дүгнэлт, баримт материал нь гараад ирсэн. Би үүнийг л ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, үүнийг би санаанаасаа зохиож яриагүй. Энд өөр хэн нэгэн хүний нэр байдаг ч болоосой гэж би хүсээд ч, гуйгаад ч нэмэргүй. Сү.Батболдын нэр битгий байгаасай гэж хүсээд ч нэмэргүй. Бодит байгаа баримт нь “Энэ хүн одоогийн байдлаар ийм олон зуун сая доллар хулгайлчихжээ. Цаашаа ухаад явж байна. Монголчуудаа эндээ арга хэмжээ аваач. Оффшорт нуусан, гадаадад олон сая долларын барилга худалдаж авсан өмчийг нь царцааж Монголын ард түмэн үүнийгээ буцааж аваач” гэдэг шийдвэр дүгнэлт, 14 мянган хуудас баримт материал байна. Одоо ч хурал нь үргэлжлээд явж байгаа. Би үүнийг ард түмэнд дамжуулж ярьсан. Би өөрөө зохиогоогүй. Энэ материалын талаар дэлгэрэнгүй ярихад бэлэн байна. Англи Улсын дээд шүүхийн шүүгч, Хатан хааны зөвлөх Марк Пеллинг 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэр, дүгнэлтээр Эрдэнэт үйлдвэр, Оюу толгойн орд ашиглах төслөөс хувьдаа нууцаар ашиг хүртсэн, хөрөнгө нуун далдалсан гэж тогтоосон байна.

Сү.Батболд гишүүний зүгээс үүнийг няцааж байгаа. Таныг шүүхэд өгнө гэсэн, өгсөн үү?

-Өгөөгүй. Өгч чадах ч үгүй. Энэ хүн аргаа бараад ийм хариулт хэлж байгаа юм. Тийм л юм бол мэтгэлцээн дээр ирээд ард түмэнд хэл л дээ. Буруугүй бол түүнийгээ батлах алтан боломж шүү дээ. Сү.Батболд гадаадын шүүхэд очиж мэдүүлэг өгсөн. Ингэхдээ “Намайг та нар буруу шүүж байна. Гүтгэж байна” гэсэн ганц ч үг хэлээгүй. Юу гэж хэлсэн гэхээр “Монголын шүүх дээр энэ асуудлыг яриад өгөөч. Монголын шүүхээр л шүүлгэмээр байна. Би гадаад руу олон дахин ирж мэдүүлэг өгөхөд хэцүү байна” гэсэн ганцхан тайлбар хэлсэн. Гадаадын шүүхээс асууж байгаа зүйлд нь нэг ч үг хариулаагүй. Бүгдийг нь хүлээн зөвшөөрдөг. Харин Монголд ирээд “Би гүтгүүлж байна. Доромжлуулж байна” гэдэг.

Арай л “Нью-Йоркийн шүүх захиалгаар ийм юм хийж байна” гээд хэлчихгүй байгаа юм. Монголчуудыг ингэж доромжилж болохгүй. Энд ирэхээрээ азарга, тэнд очихоороо гөлөг царайлаад байж болохгүй. Би үүнийг баримттай ярьж байгаа. Үгүй бол хүн гүтгэсэн хэрэгт унана шүү дээ. Очоод өгсөн мэдүүлэг бүртээ “Би ойлгож байна. Мэдлээ. Ганцхан гуйх юм байна. Олон дахин ирж очиход хэцүү байна. Монголын шүүхээр шийдүүлээд өгөөч” гэсэн байгаа юм. Хоёр дахь үг нь “Монголын шүүх дээр шийдвэр гарсны дараа хэлэлцээд өгөөч” гэж нэг удаа гуйсан байсан. Ийм өчүүхэн байж болохгүй гэдгийг хэлж байгаа юм. Би хувь хүний хувьд энэ хүнтэй асуудал байхгүй. Сайхан мэндийн зөрүүтэй зөрдөг. Хувь хүний тухайд энэ хүнийг муулах нэг ч үг байхгүй. Ерөнхий сайд байхдаа албан тушаалаа ашиглаж хувьдаа завшиж хэдэн сая доллар авах нь одоо дүүрсэн хэрэг боллоо гэж бодъё л доо. Гэтэл Монголын ард түмнийг хэдэн зуун тэрбум төгрөгөөр хохироож, бусдад давуу байдал өгсөн явдлыг монголчууд уучилж болохгүй гэж л хэлээд байгаа юм. Би “Өдрийн сонин”-ыхонд баярлаж байна. Үүнийг гаргаж тавина гэдэг бол шударга сэтгүүл зүйн хэлбэр. Өнөөдөр сэтгүүл зүйн салбарыг Сү.Батболд хага базсан. Төвийн телевизүүдээр гарч байна уу. Юу ч гарахгүй байгаа биз. Намайг гарга, магтан дуул гэж би нэг ч үг хэлээгүй. Миний ярьж байгаа юмыг буруу бол буруу, зөв бол зөв гэдгийг нь гаргаад өгөөч л гэж байгаа юм. Монголын ард түмний өмчийн тухай ярьж байгаа юм. Үндэсний баялгийг нь итгэл хүлээлгэсэн Ерөнхий сайд нь гадныхантай нийлж зараад хулгай хийсэн талаар Нью-Йорк, Лондонгийн буюу хүн төрөлхтний хамгийн шударга шүүхээс үндэснийх нь талд шийдвэрлэлээ. Ийм шүүхээс үндэснийх нь талд шийдвэр гаргасан тохиолдолд бусад оронд энэ бол баяр наадам шиг том мэдээ. Бүх телевиз, радио, хэвлэлээр нь ярина. Гэтэл Монголд таг чиг. Хага базуулчихсан. МАН базуулчихсан. АН ч самруулж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших боломжтой, боломжгүй гэх маргаан өрнөж байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нью-Йорк, Лондон, Сингапур, Виржини, Хонконгийн шүүх дээр Монголын баялаг манай талд нааштай шийдэгдэх явдал бол миний хөдөлмөр биш гэдгийг би хэлж байгаа. Би олон жил Оюу толгойн төлөө тэмцэж, өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаан хийсэн. Өнгөрсөн хоёр жилийн энэ мундаг ажил бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, прокурорын байгууллага, АТГ, төрийн өмчийн зохицуулалтын газар, Эрдэнэт, Монголын баатарлаг зоригтой шүүгч нар гээд олон хүний хөдөлмөр шүү. Гэнэтхэн тэр дотроос хулгайч нь Сү.Батболд гарч ирэхээр базуулж байгаа болохоос энэ бол олон хүний хөдөлмөр. Би хүний хөдөлмөрийг өөртөө наадаг хүн биш.

Би прокурор хууль хүчний байгууллагад маш шүүмжлэлтэй ханддаг. Тэгэхдээ энэ асуудалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, шүүх, прокурор, АТГ Монголын талд зогсож чадсан. Бид нэг шугам дээр байна.

Оюу толгой, Таван толгой, Эрдэнэтийн баялгийг ард түмэндээ хүртээх асуудлыг ярихаар Сү.Батболд “Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатар нэр дэвших гэж байна. Намайг дэвшихэд садаа болох гээд байна” хэмээн Ерөнхийлөгчийн сонгуультай хутгаж ярих дуртай. Би холимооргүй байна. Энэ сонгуультай сонгуульгүй би 16 жил тэмцсэн. Цаашид ч би тэмцэнэ. Тэгэхээр таны асуусан асуултад би “Хууль номоороо л яваасай даа. Ардын нам дэндүү азаргалж байна. Ард түмнийг дэндүү басаж байна. Ард түмний өмнө Ардчилсан намаа бусад намуудаа, бусад нэр дэвшигчдээ ингэж ганцаардуулж, боорлож, зодож нүдэж, буланд шахаж, өшиглөж байгаа явдал чинь Ардын намын дарга нараа огиудас цутгамаар муухай харагдаж байна шүү. Цэцийг, УИХ-ыг хүртэл азаргалж, хууль бусаар бүх шүүгч нарыг мэддэг болоод байна. Ардын намын удирдлагуудаа та нар нүдний булай шиг харагдаж байна” гэж л хэлье. Би Оюу толгойтой холбоотой сэдвийг сонгуультай холбож яримааргүй байна.

Цэцэд өрнөөд байгаа асуудлыг та хэрхэн дүгнэж байна?

-Цэц бол Ардын намынхны зодуурын ташуурынх нь нэг үзүүр болсон байна. Ийм тэнэг тоглоомноосоо гараарай. Цэц бага суудлын хурлаараа шийдвэрээ гаргасан шүү дээ. Тэр шийдвэр нь таалагдаагүй учраас дахин шийдвэр гаргуулах гэж улайрч байгаа МАН-ынхан ой гутмаар муухай харагдаж байна. Цэцийн халдашгүй дархан байдалд Ардын намын удирдлагууд увайгүйгээр оролцож байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ: Өөртэйгөө л их ярьсан даа

Цагтаа Озеки Терунофүжи гэж олныг шуугиулж байсан хүчирхэг хөвгүүдийн нэгэн болох Гантулгын Ган-Эрдэнэ анх арван нэгэн жилийн өмнө 17 настайдаа Арлын оронд хөл тавьж, үндэсний спорт болох Сумод ахлах сургуулиасаа гүнзгийрүүлсэн сургалттай ангид Миторюү Б.Төрболд, Ичиножёо Ичинноров нартай нэг үе, мөр зэрэгцэн сумогоор хичээллэж, жилийн дараа 2010 онд сумогийн “Исэгэхама” дэвжээнд албан ёсоор элсэж, мэргэжлийн сумочийн гараагаа эхэлж байсан түүхтэй. Тэрбээр 2014 онд дээд зиндаанд дэвшиж, жил гаруйн дараа мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлж, удаахь башё болох 2015 оны долдугаар сард Озеки буюу Арслан цолыг хүртэн, зургаан удаа үзүүр түрүү булаацалдаж, уран мэх, хүч чадал жигдэрсэн барилдаанаараа дайчин барилдааны нэг, гарамгай барилдааны тусгай шагналыг гурван удаа хүртэж, олны анхаарлыг ихээхэн татаж байсан өсөх ирээдүйтэй, хүчит Аврага, дараагийн Ёкозуна болно гэж мэргэжилтнүүд үнэлж, итгэж найдсаар байсан билээ. Гэвч түүний энэхүү алдар цуугаа мандуулах зам дардан байсангүй ээ. 2017 оноос хойш бэртэл гэмтлийн улмаас хоёр жилийн хугацаанд жёнидан хүртэл чансаа унасаар 2019 оны тавдугаар сарын барилдаанаас эхлэн хамгийн доод зиндаанаас эхлэн шат дараалан ахисаар,энэ жилийн гуравдугаар сарын башёд 10 даваатайгаар амжилттай барилдаж, ирэх башёод дээд зиндаандаа эргэн ирж байгаа билээ. Мэргэжлийн сумогийн оргилд явж байсан бөх хамгийн доод чинсаа хүртэл буурч, нэг үгээр хэлбэл тэнгэрт дүүлж байсан хүн газрын мухарт бууж ирэх мэт болж байсан түүнийг эргэн дээд зиндаанд гарч ирж байгааг олон хүн гайхаж, сумогийн түүхэнд анх удаа болж байгаа үзэгдэл хэмээн шагширч байна. Чухам ямар саад бэрхшээлийг хэрхэн туулж гарч ирсэн сэтгэл бодлыг нь хуваалцах гэж цахим ярилцлага хийснээ толилуулж байна.


-Сайхан хаваржиж байна уу. Япон улсад Коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс онцгой байдал зарласан энэ өдөр ярилцаж байна. Тойргийн барилдаан байхгүй. Ер нь гэр хавьдаа л байна уу. Өдрийг хэрхэн өнгөрөөж байна вэ?

-Өглөөний бэлтгэл кэйкогоо хийчихээд өдөр спорт клубт хүч тамирын дасгалаа хийнэ. Гадуур гарахгүй. Хүнтэй уулзахгүй.Амны хаалтаа гарахдаа зүүгээд л. Гэртээ өдрийг өнгөрүүлж байна даа. Гараа угаагаад ариун цэврийн дэглэм ягштал баримталж байна. /Инээв/

-Сая үзэгчгүй сумо боллоо. Барилдаж байхад ямар санагдав. Эвгүй байсан уу?

-Тийм эвгүй, хачин сонин санагдаагүй. Надад бэлтгэлийн зал шиг л санагдлаа. Би чинь барилдахдаа сандарч, тэвдээд байдаг хүн биш болохоор ялгаа нэг их мэдэрсэнгүй. Хүмүүс байсан байгаагүй анхаарлаа төвлөрүүлээд л барилдана.

-2015 онд Озеки цол хүртэл мандаж явсан бөх 2018 оны гуравдугаар сарын башёогоос түрүү жилийн гуравдугаар сард жёнидан хүртэл чинсаа буурсан. Гол шалтгаан нь юу байв?

-Хүмүүс бэртэл гэмтлээс боллоо гэдэг юм л даа. Миний хувьд бол арай өөр л дөө. Озеки болсны дараахан Аварга болоход амархан юм байна гээд л ааг омог амтагдаж байтал удалгүй бэртэл гэмтэл авсны дараа тавин хувиа хийхтэй үгүйтэй болж эхлэхэд шантарч эхэлсэн л дээ. Тэгээд 2017 оны гуравдугаар сарын үзүүр түрүүд үлдэж бас дараа башёод нь Хакухо аврагатай үзүүр түрүү булаалдаж байхдаа энэ бэртэл гэмтэл яах ч аргагүй байдалд оруулдгийг ойлгосон. Анх баруун өвдөгний чагтган холбоо нь тасраад Озекигоос унаж болохгүй гэж гүрийж барилдсаар байгаад зүүн өвдөгний зөөлөн эд нь бяцраад, хагалгаанд гурван удаа орсон. Тэр үед башё өнжөөд эмчилгээгээ дорвитой хийе гэж бодож байтал багш маань тэгж амархан зөвшөөрдөггүй, их хатуу хүн шүү дээ.

Нэг өвдөг бэртчихээд байхад л нөгөө өвдөг чинь байгаа биз дээ л гэдэг хүн. Ер нь бол манай дэвжээ хамгийн хатуу дэг жаягтай болов уу гэж боддог. Хүмүүс бол намайг өөрийгөө хүчлээд барилдаад байна гэж боддог шүү дээ. Бэртлээ даваад, эмчлүүлээд гайгүй болж байтал элэгний “С” вирус хүндэрсэн. Бөөрний чулуужилт ихтэй. Чихрийн шижинтэй байна гэж оношлогдсон. Цусан дахь сахарын хэмжээ энгийн хүнийх 100-120 байдаг атал минийх 500 хүртэл өссөн байсан. Тэр үед ерөөсөө больё доо л гэж бодсон. Хань болон аав ээж, багштайгаа зөвлөлдлөө.

-Тэгээд 2019 оны тавдугаар сарын башёгоос өгсөж эхэлсэн дээ.

-Өнгөрсөн оны гуравдугаар сараас барилдаж эхэлсэн. Тэр болтол гол нь эмчилгээндээ анхаарья гэж бодсон. Больё ч гэж тав, зургаан удаа багшдаа хэлж үзлээ. Дараа нь жүрёод байхад барилдах сонирхолгүй болчихсон, бие ч дийлэхгүй байсан даа. Багш нас залуу гэж үзсэн үү, ингээд сумог дуусгах гэж үү гэж их хэлдэг байсан. Өвчнөө эдгээчихээд болих болихгүйн тухай ярилцъя гэсэн. Тэгээд л эмчилгээгээ эрчимтэй хийлгэж, жил гаруй хугацааг зарцуулав.

-Хамгийн оргилд явж байсан атлаа гэнэт уулын бэлд буучихсан хүнд хамгийн их зоригжуулж, урам зориг өгч байсан хүн хэн байв аа?

-Ер нь өөрөө өөртэйгөө л ярина шүү дээ. Тэр үед орой ч нойр хүрэхгүй. Яг өвчтэй хэвтэж байхад эвгүй байсан юм аа. Гурван удаа өвдөгний хагалгаанд орчихсон, босч чадахгүй болчихсон байсан болохоор дахиж барилдах худлаа юм байна гэж бодсон.Сар гаруй эмнэлэгт хэвтээд, алхаж явтлаа дөрвөн сар гаруй нөхөн сэргээх эмчилгээнд явсан. Бараг жил гаруй ямар ч сумогийн бэлтгэл хийгээгүй. Жингээ нэлээн хассан. Тэр үед өөртэйгөө нэлээн их ярьсан л даа. Хүнд чинь ганцаараа байх цаг их чухал юм билээ. Бүр нэг өдөр зориуд ганцаараа сууж байгаад л өнгөрсөн бүгдийг нэг бүрчлэн эргэцүүлж бодож байж билээ. Озеки байхад жолооч, менежер гээд олон туслахтай, тал талаас хүмүүс туслаад, хүрээлүүлээд байж байсан. За одоо бол ганц ч туслахгүй өөрөө бүх ачаа, юмсаа зөөнө. Бодит байдал ийм байна. Хүмүүс юу гэж бодох бол? Яаж харах бол гээд л элдвийн юм толгойд орж ирнэ. Би Озеки байсан хүн шүү дээ гэж бодохоор л жаахан ч юманд санаа зовоод л. Ганц түшиг тулгуур нь эхнэр минь л болсон доо.Үргэлж хамт байсан. Хамт спорт клуб явж, бэлтгэл хийнэ. Дагаад л явна. Гэрт дандаа монгол хоол хийж өгнө.

-Гэргийгээ танилцуулахгүй юу?

-Ханийг минь Ц.Доржханд гэдэг. Банк, санхүүгийн мэргэжилтэй. Японд сурч байхад нь танилцсан. Цэвэгням ахын хамаатан байсан юм билээ. Дараа нь л мэдсэн. /Инээв/ Бид хоёр одоо хамт зургаан жил болж байна. Хоёр жил гаруйн өмнө Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулахдаа Элчин сайдын яамандаа очиж гэрлэлтээ батлуулсан. Ирэх жил хуримаа хийе гэж бодож байгаа.

-Тэр хүнд хэцүү үед аав ээж хоёр тань юу гэж хэлж байсан бэ?

-Тэр хоёр минь уян зөөлөн юм болохоор одоо хүү минь биеэ бод, наадахаа боль л гэдэг байсан. Сахарын хэмжээ их өндөр. Гурав дөрвөн эмчид үзүүлэхэд насаараа инсулин тарихаас өөр аргагүй дээ гэсэн. Тэгээд нэг сайн эмчтэй таарч, өдөр бүр хөлсөө гаргаж, гүйж, алхаж, ямар хоол идсэн тэмдэглэл хөтөлж, бүх юмаа хянуулсаар найман сарын дотор гэхэд сахарын хэмжээ хэвийн хэмжээнд хүрсэн.

-Ер нь сумо бөх хүн чихрийн шижинтэй болох магадлал өндөр гэж сонсож байсан.

-Ерөнхийдөө манай сумочдын 50-60 хувь нь сахартай. Би гүрийж явсаар байгаад хүндрүүлсэн тал бий. Замбараагүй хооллолт, энд тэнд их уригдана. Дайлсан хоолыг нь дутуу орхиж болохгүй гээд иднэ. Архи дарсыг нь ууна. Ёс алдахгүй гээд л идэж уусаар байгаад ийм байдалд хүрдэг.

-Дээд зиндаанаас доошоо уруудаж байхад хүмүүсийн харилцаа нүдэн дээр өөрчлөгдөхөд юу бодогдож байв, сэтгэлээр унаж байсан уу?

-Тухайн хүнтэй танилцаад эхлэхэд л анхнаасаа нэг баримжаа байсан гэх үү. Энэ хүн нэг иймэрхүү дээ гээд бодчихдог. Би хүнтэй мөнгө харж нөхөрлөдөггүй. Сумог хүрээлж байгаа урлагийн ч юмуу спортын хүмүүс ерөнхийдөө мөнгө харж нөхөрлөдөг. Зиндаа их харна. Сайн, амжилттай яваа хүмүүсийг дагуулж яваад ууна, дайлна. Хүмүүст би ийм л хүнийг дэмжиж явдаг гэж харуулна, гайхуулна. Өөрийнхөө брэнд нэрийн хуудас болгохыг хүсдэг. Тэгээд л тэр хүн нь доошоо буучихвал орхиод шууд дараагийн хүнээ дэмжээд эхэлдэг ч юмуу тийм хүмүүс байдаг. Миний хувьд тэгтлээ сэтгэлээр унаад байсан юм байхгүй. Сэтгэлээрээ дэмжээд, найзалж нөхөрлөж явсан дэмжигчид минь одоо ч гэсэн үлдсэн, харилцаа яг л хэвээрээ байдаг. Озеки байхад ямар байсан одоо ч ялгаагүй сайхан харилцдаг дэмжигчид их байдаг болохоор учиргүй орон зай үгүйлэгдээд байсан юм байхгүй. Харин буцаад яаж дэвжээн дээрээ гарна аа л гэж их санаа зовж байсан. Бараг хоёр жил сумогоос хөндийрчихсөн өөртөө итгэх итгэл минь байхгүй болчихсон байхдаа Озеки байсан гэсэн омогшлоо бүрмөсөн хаяад дөнгөж шинэ орсон бөх шиг тэр дунд явж чадах болов уу гэж санаа зовж байсан. Эхлээд л цагаанаас хар маваши луу, гар хөлийн боолтоо өөрөө бооно. Хэн ч туслахгүй. Бүх юмаа өөрөө хийгээд явна. Чадах болов уу гээд л элдвийн юм бодогдоно. Угаасаа тэгэхээс өөр замгүй. Сумогийн замналыг эхнээс нь хоёр удаа давтаж байгаа ч юм шиг энэ хувь заяандаа баяр бахдалтай өнгөрүүлье гэж шийдсэн.

-Энэхүү хандлага бас эргэн ирэхэд их нөлөөлж дээ.

-Тийм ээ. Бас ингэтлээ хамаг булчин шөрмөс уначихсан үед хүчний бэлтгэлээс эхэлсэн. Эхний ээлжинд тэрхүү уламжлалт сумогийн кэйко бэлтгэлүүдийг хийж чадахгүй учир биеийн дээд хэсгээ хөгжүүлээд авъя гэж бодсон. Хөлний дасгалаа хийж чадахгүй юм чинь гарын булчингаа хөгжүүлье гэсэн. Түрүү жилийн хоёр сараас эхлээд л спортын клубээс салаагүй л дээ. Хүмүүстэй уулзаад оройтсон ч арван нэг, хоёр цагаас шөнийн хоёр цаг хүртэл өдөр алгасалгүй бэлтгэлээ хийж байсан. Өдөрт зааланд 2-3 цаг хөлсөө гаргах ёстой гээд хатуу шийдсэн байсан.

-Өөртөө тууштай, хатуу дэглэм тогтоосон нь угийн төрөлхийн зан ааштай холбоотой байна уу. Монголчууд тийм хүнийг их шартай гээд л ярьдаг.

-Магадгүй ээ. Би ер нь бууж өгөх дургүй л дээ. Нэг л шийдвэл заавал ард нь гарахыг хүсдэг. Болих ч уг нь амархан л даа. Гэхдээ сэтгэлийн мухарт нэг харамсал үлдээвэл бас хэцүү юм. Ингэх, тэгэх байсан юм гээд хүнээс шалтгаг хайгаад байдаг хүн байдаг. Би тийм юманд маш дургүй. Ямарваа нэгэн буруу зүйлийг хийсэн бол түүнийг өөрөөсөө эхэлж хайх ёстой. Ихэнх нь өрөөл хүнээс хайгаад байдаг. Ганц сумо ч гэлтгүй тамирчин хүний сэтгэл зүй л амжилтын 70-80 хувийг авч явдаг гэж боддог. Спорт клубт ороод л энгийн үед бол 180 кг жинг өлхөн өргөж байхад сэтгэл санаа муу байвал 150 кг-ыг чүү чай өргөх жишээтэй. Сэтгэл зүй өндөр давхиад очиход 220 кг ч өргөж чадахаар болдог. Бэлтгэл дээр ч гэсэн уур хүрэхээр өмнө нь давж үзээгүй хүнээ давах ч юм уу.

-Сэтгэл зүйгээ яаж хаттай болгов оо?

-Өөрөө өөртэйгөө ярих юм уу даа. Хүнээс шалтаг хайхгүй. Өөрөөсөө эхэлж хайх. Бүр хэцүү болчихсон үедээ хэнд ч хэлэхгүй ганцаараа хэсэг сууж өөртөө цаг зориулж байж билээ. Таньдаг хүнийхээ нэг буудалд ойр зуурынхаа юмыг авч орж байгаад л ганцаараа суугаад бүх зүйлээ эргэцүүлэн бодож өөртэйгөө зөндөө ярьсан. Маргааш нь Монголоос хувийн дасгалжуулагч авчрахаар шийдсэн. Тэгээд л шууд бэлтгэлдээ орохоор сэтгэл шуударсан. Сэтгэлийн тэнхээтэй байж л амжилтад хүрнэ. Үеийн залуучууд болох Доржоо, Бямбаа, Од гурван багшийг сар сараар ээлжлэн авчирч, дасгалжуулагчаа болгосон. Саяхан байж байгаад буцлаа. Япон хүнээс огт өөр байдаг юм аа. Нэг л гоё. Япон багш бол нэг тийм ассан юм байхгүй. Ноомойдуу ч гэмээр. Би шатаж бэлтгэл хийхгүй л бол амжилтад хүрэхгүй. Бас анх жүдод хөтөлж оруулсан Ц.Шийрэв багштайгаа утсаар ярьж,байн байн зөвлөгөө авдаг байсан.

-Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард хамтын бэлтгэлд гарч байхдаа Макүштад өмсдөг хар мавашигаа дахиж хэзээ ч өмсөхгүй гээд тайлж хаяж байсан гэдэг. Их хатуу шийдвэр гаргаж байж дээ?

-Хар, цагаан маваши гэдэг цолгүй, цолтойг ялгаж өгч байгаа юм. Цолтой бөхчүүд цагаан, цолгүй бөхчүүд хар маваши зүүдэг. Ахиж унаад, цолгүй болтлоо барилдахдаа хүрвэл зодог тайлна гэж хатуу шийдсэн учраас тэгсэн л дээ. Одоо бодох нь ээ хамгийн залуу озеки болж байсан. Хичнээн доошоо унасан ч нас харьцангуй залуу байна. Саяхан Озеки болсон Асанояма бид хэд үе тэнгийн 28 настай. Одоо л миний үеийн бөхчүүд дээшээ гарч ирж байна. Тиймээс би өөрийгөө учиргүй больчихсон, хоцорчихлоо гэж харахгүй байна. Тэр хэдийнхээ өмнө гарна л гэж үзнэ дээ. Макүүчи гартлаа дусал архи амсахгүй гэж бас шийдсэн. Зорилго тавьсан л бол хэзээ ч няцахгүй гэж боддог. Анх намайг багш бэлтгэлээр шахаад байдаг байсан бол одоо тэгэхгүй. Хорин дөрвөн цагийн “Эни тайм” сүлжээ спорт клуб Японы өнцөг булан бүрт хаа сайгүй байдаг болохоор багш бид хоёр хаа явсан газраа үргэлж таарчихдаг. Би тэнд өдөржингөө бэлтгэл хийгээд байж байхад л багш харчихаад одоо бэлтгэл чинь хэтрээд байна. Бага хий гэдэг болсон. Түүний үр шимээ одоо хүртэж байгаа юмуу даа.

-Ялан дийлэхийн их үлгэр жишээг залуучууддаа харууллаа гэж бодож байна. Сэтгэлээр уначихсан, би өнгөрсөн гэж бодож байгаа хүмүүст юу гэж хэлмээр байна вэ?

-Өөртэйгөө тулж сайн ярь л гэж хэлнэ дээ. Өөртөө зорилго тавиад, төлөвлөгөөтэй урагшлах л их чухал. Би ирэх сард тэдэн даваа авна гэх мэтчилэн нарийн зорилго, төлөвлөгөө дотроо боловсруулсан байх ёстой. Би тавьсан зорилгынхоо дагуу энэ жилийн анхны башёод Жүрьёод дэвшсэн. Олимпийн өмнөх буюу Нагояа зуны башёо гэхэд дээд зиндаанд орно гэж зорилго тавиад нэг башёон өмнө буюу ирэх тавдугаар сард барилдах болчихлоо. Нэг үгээр хэлбэл, зорилгоо давуулж биелүүлсэн гэх үү дээ.Тэр үед өөртөө итгэхгүй байсан л даа. Дөнгөж түрүү жилийн хоёр сараас л ингэж эхлүүлсэн юм шүү дээ. Тэр үед шико буюу хөлөө өргөж буулгах кэйког хүртэл хийж чадахгүй байлаа. Заавал хийгээд үз гэж өөртөө хэлсэн. Хийж үзээгүй байж шантрах шиг онцгүй зүйл байхгүй. Одоо өвдөг бол 30-40 хувийн эдгэрэлттэй. Бэртлээ давж болсон юм чинь дахиад нэг давах байлгүй дээ л гэж бодож байна. Гол нь өөртөө л худлаа ярьж болохгүй.

-Цаашдаа яаж барилдах вэ?

-Хол ойрын гээд хоёр гол зорилго тавьчихсан байгаа. Түүндээ хүрэхийн төлөө үзнэ дээ. Биелүүлснийхээ дараа л хэлье дээ. /Инээв/

Япон дахь манай сонины тусгай сурвалжлагч Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаан хулгана өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 29. Сумъяа гариг. Билгийн тооллын 16, улаан хулгана өдөр. Өдрийн наран 06:37 цагт мандан 19:17 цагт жаргана. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 11-13 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.