Categories
мэдээ цаг-үе

Франц улсын хамтарсан магистрийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хооронд 2015 онд байгуулсан “Сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хэлэлцээр”-ийн хүрээнд хоёр тал 2016 оноос эхлэн жил бүр Францын их, дээд сургуульд суралцахад зориулан хамтарсан тэтгэлэг олгож ирсэн бөгөөд эдүгээ тавь гаруй монгол оюутан уг хөтөлбөрт хамрагдаад байна.

2021-2022 оны хичээлийн жилд Монгол дахь Францын Элчин сайдын яам болон Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран Францад франц эсхүл англи хэл дээр 8 магистрийн тэтгэлэг олгох гэж байна. Ингэхдээ хоёр орны харилцаа хамтын ажиллагааны голлох салбаруудын сургалтыг нэн тэргүүнд харгалзаж үзнэ. Үүнд,

-газар тариалан,

-мал аж ахуй,

-хүнс үйлдвэрлэл,

-хүний болон малын эрүүл мэндийн шинжлэх ухаан,

-биотехнологи,

-сэргээгдэх эрчим хүч,

-геофизик,

-соёл урлагийн салбар,

-нанотехнологи,

-инженерчлэл,

-хот төлөвлөлт гэх мэт орно.

Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Францын ЭСЯамны www.ambafrance-mn.orgболон Боловсрол, шинжлэх ухааны яамны www.meds.gov.mn цахим хуудаснаас авах ба 2021 оны 5 дугаар сарын 31-ний дотор материалаа бүрдүүлэн ирүүлнэ.

Categories
мэдээ цаг-үе

БНСУ-ын Кёнги мужид монгол иргэн гурван давхраас унаж, нас баржээ

БНСУ-ын Кёнги мужийн Шихөн хотод байрладаг нэгэн худалдааны төвийн гурван давхраас монгол иргэд унаж, нэг нь газар дээрээ нас барж, хоёр нь хүндээр бэртжээ.

Нутгийн цагдаагийн газрын мэдээлж байгаагаар иргэн А, Б тэргүүтэй 30-аад насны гурван монгол эр өнөөдөр/2021.3.29/ 00:30 цагт Чонуан дүүрэгт худалдаа эрхэлдэг дөрвөн давхар барилгын гуравдугаар давхраас хөл алдан унасан аж. Улмаар иргэн А газар дээрээ нас барж, хамт явсан Б болон өөр нэг монгол эр хоёр хүнд бэртэл авчээ.

Гэрчүүдийн мэдүүлснээр монгол иргэд худалдааны төвийн уушийн газарт архи ууж байгаад тамхи татахаар ослын шат руу гарсан байна. Цагдаа нар ослын шалтгаан болон бусад нарийн ширийнийг тодруулахаар ажиллаж байгаагаас гадна халдварт өвчнөөс сэргийлэх захирамжийг зөрчин 22:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулж байсан уушийн газрыг ч шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн тариаланчид улаанбуудайн урамшууллаа авч чадалгүй хаврын тариалалттай золгох нь

Хаврын тариалалт эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед Увс аймгийн Баруунтуруун сумын тариаланчид манай редакцид хандсан юм. Учир нь 21 аймгаас ганцхан Увс аймгийн тариаланчдын улаанбуудайн урамшууллын мөнгө одоо болтол ороогүй байгаа аж. Үүний шалтгаан нь Увс аймгийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-д сонгогдсон эрхэм төрийн түшээ болон аймгийн удирдлагаар ажиллаж байгаа цөөн хэдэн улстөрчдийн болчимгүй үг, үйлдэлтэй шууд холбоотой хэмээн тариаланчид үзэж байгаа аж. Бид яг ямар шалтгааны улмаас тариаланчдын улаанбуудайн урамшууллыг олгохгүй байгаа талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.


Ам, ажил алд дэлэм зөрөхийн учир

Увс аймгийн Баруунтуруун сумын хэмжээнд газар тариалангийн салбараас амьжиргаагаа залгуулдаг 500 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгаа гэдгийг тариаланчид учирлаж байна. Өнгөрөгч 2020 онд Баруунтуруун сумын хэмжээнд 23 мянга 510 га талбайд тариалалт хийснээс 22 мянга 695 га талбайгаас 28 мянга 134 тонн улаанбуудай хурааж авчээ. Газар тариалангийн салбарт ажиллана гэдэг хэн хүний хийчихдэг ажил биш. Улирлын чанартай учраас богино хугацаанд хэн илүү хөдөлмөрлөсөн нь тодорхой хэмжээний ашиг хүртдэг учраас ажилсаг, хөдөлмөрч хүмүүс тунаж үлддэг салбар гэдгийг ч хэлж байна. Тиймээс хаврын улиралд цаг алдалгүй тариалалтын бэлтгэл ажлаа базааж, хугацаандаа тариалалтаа эхлүүлэх нь юу юунаас ч чухал байдаг гэв. Гэтэл энэ жил тус аймгийн тариаланчид хэсэг бүлэг хүмүүсийн “попрол”-оос болж ийнхүү улааанбуудайн урамшууллаа ч авч чадаагүй модоо барихад хүрээд байгаа гэдгийг хэлж байна. Тэр дундаа алс баруун хязгаарт орших Увс аймгийн өрх бүрийн үйлдвэрлэлийг дэмжиж, иргэн бүр ажилтай орлоготой байх шанг татна хэмээн амлаж иргэдийн итгэлийг хүлээсэн Тэсо группийн эзэн гэх тодотголтой, УИХ-ын эрхэм гишүүн О.Цогтгэрэлийн зэс нь УИХ-ын сэнтийд зарламагцаа цухалзсанд гомдолтой байгаа аж.

Түүний ам, ажил алд дэлэм зөрөх болсон гэнэ. Тухайлбал, “Баруун бүсийн газар тариалангийн салбарын гол түшиг тулгуур Баруунтуруун сумын тариаланч та бүхний нуруун дээр байна” хэмээн уран цэцэн ярьж байсан нь саяхан гэдгийг тариаланчид хэлж байна. Гэтэл өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 3-нд болсон УИХ-ын чуулганы индэр дээрээс “Иргэд цаасан дээр тариа тарьдаг” хэмээн мэдэгдсэн нь нийт тариаланчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн, гүтгэсэн үйлдэл болсон гэдгийг ч хэлж байна. Улмаар түүнийг ийнхүү УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдэгдсэний дараахан Увс аймагт олонх болсон АН-аас угшилтай дарга нар түүний хэлсэн үгнээс улбаалан нийт тариаланчидаа цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт хүргүүлсэн аж. Үүний уршгаар Увс аймгийн нийт тариаланчид өнөөдрийг хүртэл улаанбуудайн урамшууллаа авч чадахгүйд хүрээд байна гэв. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тариаланчдын гар дээр очих таван цаасанд анхаарал хандуулах нь бүү хэл Ардчилсан намын даргын сандал суудлын төлөө өрсөлдөөд толгой өндийх завгүй байгаад тариаланчид гомдолтой байна. “Урмыг нь хугалахаар, ууцыг нь хугал” гэдэг ардын үг байдаг. Зээлээс зээлийн хооронд өрхийн орлогоо дэмжихээр өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл шүд зуун хөдөмөрлөдөг тариаланчдаа дэмжихийн оронд ийнхүү элгээрээ хэвтэхэд хүргэсэнд тэд дургүйцэж байгаагаа илэрхийлж байлаа. Тэд улаанбуудайн урамшууллаа яаралтай авах хүсэлтээ, сумынхаа Засаг даргаар дамжуулан аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, ХАА-ын газрын дарга болон Увс аймгийн иргэдийг төлөөлөн УИХ-ын зөөлөн сэнтийд зарласан гурван гишүүдэд хүргүүлсэн байна. Гэсэн хэдий ч одоо болтол ямар нэгэн хариу, шийдэл ирүүлээгүй байгаа аж.

Баруунтуруун сумын тариаланчдын хүсэлт уих-ын хурлын гурван гишүүнд хүрсэн эсэх нь эргэлзээтэй байна

Бид энэ асуудлаар Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.Удаанжаргалаас тодруулахад “Манай сум баруун аймгийн газар тариалангийн бүс нутгийн нэг. Сумын хэмжээнд 40 мянга га гаруй эргэлтийн талбай бий. Сүүлийн 8-9 жил орчим манай суманд газар тариалан эрчимтэй хөгжиж байна. Манай суманд 500 орчим иргэн, аж ахуйн нэгж газар тариалан эрхэлдэг бөгөөд энэ тооны цаана олон өрхийн ажилтай, орлоготой байх асуудал давхар хөндөгддөг. Өнгөрсөн жил манай сумын тариаланчид 22 мянга гаруй га талбайд тариалалт хийж 28 мянга гаруй тонн улаанбуудай хурааж авсан. Гэсэн хэдий ч тариаланчдын улаанбуудайн урамшуулал өнөөдрийг хүртэл ороогүй байна. Яг ямар шалтгаанаар газар тариалан эрхэлж байгаа иргэдийн урамшуулал орохгүй байгаа гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тиймээс газар тариалан эрхэлдэг иргэдийн урамшууллын мөнгийг яаралтай шийдвэрлэж, санхүүжилтийг нь оруулж өгөхийг Аймгийн ХАА-н газрын дарга, ИТХ-ын дарга, Засаг дарга нарт уламжилсан” гэв. Түүнчлэн тус сумын тариаланчдын хувьд тулгамддаг дараагийн нэг чухал асуудал нь хөнгөлөлттэй шатахуунд хамрагдах ажил байдаг гэдгийг Баруунтуруун сумын Засаг дарга учирлаж байна. Жил бүр шатахуун хөнгөлөлттэй зээлэээр олгох гэрээ тус суманд тавдугаар сарын сүүлээр ирдэг нь тариалалт оройтох бас нэгэн шалтгаан болдог байна. Тиймээс энэ асуудлаар ХХААХҮЯ-нд хандсан ч “Засаг даргын хүсэлтийг шууд хүлээн авах боломжгүй.

Тиймээс тойргоосоо сонгогдсон гурван УИХ-ын гишүүнээрээ дамжуулж тус яаманд хүсэлтээ ирүүлэхийг зөвлөсөн байна. Иймд дээрх шаардлагын дагуу Увс аймгаас сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүддээ тариаланчдад тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлаар хүсэлт хүргүүлээд байгаа аж. Уг хүсэлтээ гуравдугаар сарын эхээр эрхэм гишүүдийн туслахуудаар нь дамжуулж и-мэйл хаягаар илгээхээс гадна шуудангаар ч бас илгээсэн гэв. Гэхдээ одоогоор тэдний хүсэлтэд хариу ирүүлсэн хүн байхгүй гэдгийг хэлж байна. Тиймээс тус сумын иргэдийн хүсэлт УИХ-ын хурлын зөөлөн сэнтийд зарласан гурван гишүүнд хүрсэн эсэх нь эргэлзээтэй бөгөөд хүрсэн байгаасаа гэж залбирахаас өөр сонголт тэдэнд үлдээгүй бололтой. Эндээс дүгнэхэд, Увсын иргэдийг төлөөлөх эрх өвөртлүүлэн төрд илгээсэн гурван гишүүнд нь хүрсэн эсэх нь эргэлзээтэй байгаа хүсэлт ХААХҮЯ-д хүрсэн гэдэгт найдаад хэрэггүй л болов уу. Эцэст нь тус суманд хүйтэн сэрүүн цаг агаар зонхилдог учраас цас хайлж дуусахтай зэрэгцэн газар тариалангийн ажлаа эхлүүлэхгүй л бол хоног хугацаа алдахын хэрээр тариаланчдын ашиг орлого буурдаг гэдгийг учирлаж байна. Тиймээс хэдхэн хоногийн дараа газар тариалангийн ажил эхлэх гэж байгаа энэ чухал үед тус сумын газар тариалан эрхлэгчдийн орлого, амьжиргаатай шууд холбоотой улаанбуудайн урамшууллыг яаралтай олгохыг холбогдох байгууллагуудаас хүсч байна гэсэн юм. Түүнчлэн тус аймгийн газар тариалан эрхлэгчдийн улаанбуудайн урамшууллыг олгохгүй байгаа нь “ямар нэгэн байдлаар улстөржүүлж, нутгийн иргэдийг хааж боож байна уу” гэсэн хардлага төрүүлж байгаа гэдгээ ч Засаг дарга С.Удаанжаргал нуугаагүй юм.

Цагдаагийн байгууллагаас шийдвэр гарвал улаанбуудайн урамшууллын мөнгийг нь олгоход Бэлэн гэв

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 14.4. дэх хэсэг, Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2020 оны 15 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2019 оны 290/А-504 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын 6.3 дахь заалтыг тус тус мөрдөн 2020 оны ургацаас стандартын шаардлага хангасан 254.3 мянган тонн хүнсний улаанбуудайнд тонн тутамд 55.0-100.0 мянган төгрөг тооцон, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 13 аймгийн 767 иргэн, хуулийн этгээдэд 22.5 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг ХХААХҮЯ-наас гаргаж, урамшуулал олгож эхэлсэн талаар ХХААХҮЯ-ны цахим хуудсанд мэдээлсэн байна. Тэгвэл яг ямар шалтгаанаар ганцхан Увс аймгийн тариаланчдын улаанбуудайн урамшууллыг өнөөдрийг хүртэл олгохгүй байгаа талаар ХХААЯ-ны Хяналт үнэлгээ шинжилгээ, дотоод аудитын газрын дарга болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгч Б.Алтансүхээс тодруулсан юм. Тэрээр хэлэхдээ “Увс аймгийн хэмжээнд олгох ёстой улаанбуудайн урамшууллын мөнгө ХХААЯ-ны сайдын тушаалаар олгогдоход бэлэн байгаа. Гэхдээ одоогоор тус мөнгийг олгох боложгүй байна. Учир нь “Увс аймгийн газар тариалан эрхэлдэг зарим нэг компанийн улаанбуудай нийлүүлсэн дүн мэдээ зөрсөн учраас үйл ажиллагааг тодруулах шаардлага үүссэн.

Тиймээс тус аймгийн цагдаагийн байгууллагын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас уг асуудлыг шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас шийдвэр гарчихвал тариаланчдын улаанбуудайн урамшууллын мөнгийг нь олгоход бэлэн байна. Бид ч бас тариаланчдын асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх талаас нь хүсэлтээ хүргүүлсэн. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэх байх. Тэр үед Төрийн сангаар дамжуулан олгох ажлыг зохион байгуулна” гэдгийг хэлж байна. Харин шатахууны дэмжлэг жил бүр ойртдог асуудлыг тодруулахад “Бид тавдугаар сарын 1-нээс өмнө шатахууны дэмжлэгүүдээ аймаг орон нутгууддаа хуваарилна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэсэн юм.

ИТХ-аас засаг даргаболон бусад байгууллагуудад хүсэлт хүргүүлсний үр дүнд хууль хяналтын байгууллагаас тодорхой хэмжээний шалгалтууд хийж байгаа

Ямартаа ч холбогдох газруудын дансанд Увс аймгийн тариаланчдын улаанбуудайн урамшууллын мөнгө тоо ёсоороо байгаа талаар албаны хүн хэлж байна. Тэгвэл тариаланчидаа шалгуулах хүсэлт өгсөн Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, ИТХ-ын дарга Ц.Батболд, аймгийн ХАА-н газрын дарга С.Цолмон нар улаанбуудайн урамшуулал хойшилсон асуудалд ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа. Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд хэлэхдээ “Энэ оны нэгдүгээр сард хуралдсан аймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдаанаар аймгийн хэмжээнд 30 гаруй мянган тонн улаанбуудай хураачихаад өнөөдөр яагаад өндөр үнэтэй гурил, олдоц муутай тэжээл хэрэглэсээр байна вэ” гэдэг асуудлыг ИТХ-ын төлөөлөгчдөөс тавьсан. Хэдийгээр аймгийн хэмжээнд 30 гаруй мянган тонн улаанбуудай хурааж авсан тоон мэдээтэй боловч аймагтаа үйлдвэрлэсэн нэг ч тонн гурил алга. Энэ асуудалд анхаарахгүй бол улаанбуудайн урамшуулал авахын тулд цаасан дээр тариа тарьдаг асуудал гаарах вий гэж санаа зовж байгаагаа илэрхийлсэн. Манай аймаг 1986 онд хамгийн ихдээ 30 орчим мянган тонн ургац хурааж байхдаа, баруун таван аймгийг гурилаар хангадаг, тэжээлээ үйлдвэрлэдэг байсан. Гэтэл өнөөдөр ижил хэмжээний ургац авчихаад гурил, тэжээлийн хомсдолд орж өндөр үнээр хэрэглэж байгааг анхаарч мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт хийх ёстой гэдгийг ИТХ-ын төлөөлөгчид хэлсэн. Тиймээс хурлаас гарсан тэмдэглэлийг Аймгийн Засаг даргад болон бусад байгууллагуудад хүргүүлсэн. Үүний үр дүнд хууль хяналтын байгууллагаас тодорхой хэмжээний шалгалтууд хийж байгаа гэсэн мэдээлэл бий. Гэхдээ хууль хяналтын байгууллагын явуулж байгаа үйл ажиллагаанд бид хөндлөнгөөс орох боломжгүй. Улаанбуудайн урамшуулал авах ёстой иргэд, аж ахуйн нэгжүүдийн урамшуулал авах эрх нь нээлттэй байгаа.

Хамгийн гол нь цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа учраас түр хойшлоод байгаа” гэдгийг онцлоод энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн Засаг дарга Ч.Чимидээс авахыг хүссэн юм. Бид Увс аймгийн Засаг даргатай хэд хэдэн удаа утсаар холбогдож тодруулга авах хүсэлтэй байгаагаа дуулгасан боловч “эргээд залгая” гээд дахин холбоо барьсангүй. Харин “Тариаланчдын урамшууллын асуудлаар тодруулга авах хүсэлтэй байна” гэх мессэжний хариуд “ Би дэмжиж байгаа. Тариалсан хүмүүс нь төрийн зүгээс өгөх дэмжлэгээ аваад энэ жилийн тариалалтандаа орсон нь дээрээ. Харин хурдан олгох нь чухал байна” гэх хариу илгээсэн юм. Угтаа өөрсдөө тариаланчидаа шалгуулах хүсэлт гаргаж урамшууллын мөнгийг нь гацаачихаад “Тариа тарьсан хүмүүс нь авах ёстой мөнгөө авах ёстой. Хурдан олгох нь чухал байна” хэмээн мэлзэх нь хоёр нүүр гаргаж байгаа хэрэг бус уу.

Тариаланчдыг хохироож, урамшууллын мөнгөөр нь хааж, Боож болохгүй

Тус аймгийн ИТХ-ын хурлаас аймгийнхаа тариаланчдыг шалгуулах хүсэлт гаргасан гэдгийг тус аймгийн ХАА-н дарга С.Цолмоны яриа ч батлаж байгаа юм. Тэрээр 2020-нд Увс аймгийн хэмжээнд 25.2 га-д тариалалт хийж 32.6 тонн ургац хурааж авсаны 31 мянган тонн нь улаанбуудай гэдгийг тодотгож байна. Тиймээс улаанбуудайн урашуулалд 3.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн гэдгийг хэлж байна. Гэтэл энэхүү урамшуулал тариаланчдын гар дээр ирэхгүй байгаа нь аймгийн ИТХ-аас Засаг дарга болон холбогдох байгууллагад хүсэлт гаргасан учраас шалгалт явуулж байгаатай холбоотой гэсэн юм. “Яг хаанаас нь шалгаж байгааг мэдэхгүй ч ямартаа ч шалгалт явуулж байгаа. Тиймээс энэ шалгалттай холбоотойгоор улаанбуудайн урамшуулал олгох асуудал зогсчихоод байгаа юм. Ямар нэгэн байдлаар Увс аймгийн ХАА-н газраас тариаланчдын урамшууллын мөнгийг олгуулах асуудлыг гацаасан, зогсоосон зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна гэв. Цаасан дээр тариа тариалдаг гэх асуудлыг шалгах ёстой байгууллага нь шалгаад буруутай этгээд байвал хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Гэхдээ нийт тариаланчдыг ингэж хохироож, урамшууллын мөнгөөр нь хааж, боож болохгүй. Эсвэл тариаланчдын урамшууллын мөнгийг олгосныхоо дараа шалгах хүмүүсээ шалгамаар байна. Нэгэнт тариа буудайгаа тариад ургацаа аваад тушаачихсан хүмүүс авах ёстой мөнгөө цаг тухайд нь авах л ёстой. Урамшууллын мөнгө нь нэг хоногийн өмнө боловч тариаланчдын гар дээр очвол хаврын тариалалтын үр будаагаа авах, техник хэрэгслээ засах, сэлбэх, шатахуунаа нөөцлөх гэх мэт санхүүгийн олон бэрхшээлээсээ хугаслах боломжтой. Миний хувьд тариаланчдаа шалгах талаар ямар нэгэн байгууллагад хүсэлт тавиагүй” гэсэн юм.

“Буруугүй буруутнууд”….

Ямартаа ч “буруугүй буруутнууд” тариаланчдынхаа асуудалд иргэдтэйгээ адилхан санаа зовниж байгаа гэдгээ ийнхүү илэрхийлсэн юм. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хоёр жил орчим улс орон даяараа эдийн засгийн хямралд ороод байгаа энэ үед газар тариалангийн салбарынхны дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа итгэлийн зулыг эрх мэдэлтнүүд бүрмөсөн бөхөөчихгүй л байгаасай хэмээн хүсч байна. Увс аймгийн тариаланчид улаанбуудайн урамшууллаа авч чадахгүй баймаар хаврын тариалалттайгаа золгох нь хэмээн халаглан сууна. Цаашид иргэд, хөдөлмөрчид, тариаланчидаа хууль хяналтын байгууллагаар шалгуулдаг удирдлага байх биш тэдэнд ажилтай, орлоготой, бизнесийн ээлтэй орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллахыг Увс аймгийн иргэд дамжуулсныг дуулгая.

П.БАТЗАЯА

Categories
гадаад мэдээ цаг-үе

Коронавирусийн шинэ хувилбар Чех улсад илэрчээ

Чехийн Брно хотын “Elisabeth Pharmacon” лабораторийн судлаачид коронавирусний өмнө нь бүртгэгдэж байгаагүй мутац илрүүлжээ.

Халдварт өвчин судлаач Омар Шеригийн хэлснээр вирусний гадаргуу дээр илэрдэг уураг хувьсан өөрчлөгдсөн байна. Энэ мутац өдгөө тус улсад тархаад буй “Британи” омгоос аюул багатай гэнэ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, 10 сая орчим хүн амтай Чех улсад 1.5 сая хүн халдвар авснаас 25.8 мянган өвчтөн эндэж, 1.3 сая хүн эдгэрээд байна.

Халдварын эрчимтэй тархалттай холбогдуулан тус улсад онцгой байдал тогтоож, нийгмийн амьдралыг хязгаарлаад байна. Өдгөө Чехд зөвхөн хүнс, өргөн хэрэглээний барааны дэлгүүр, эмийн сан ажиллаж байна. Томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд долоо хоногт хоёр удаа ажилчдаас нь шинжилгээ авдаг байна. Хот хоорондын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, 21.00-05.00 цагийн хооронд хөл хорио тогтоожээ.

Өнгөрсөн ням гарагт Чехийн Эрүүл мэндийн сайд Ян Блатны халдварын нөхцөл байдал сайжрах төлөвтэй байгаа тул зарим хязгаарлалтын арга хэмжээг сулруулах асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлнэ гэж мэдэгдсэн байна. Үүнд цэцэрлэг, бага ангийн хичээлийг эхлүүлэх зэрэг арга хэмжээ оржээ.

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нарс мод тарина

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул тэргүүтэй удирдлагын баг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус хүрээлэнгийн үйл ажиллагаа цаашид хэрэгжүүлэх ажлуудаар хамтрах чиглэлээр хүсэлт тавьж, санал солилцлоо.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Улиастайн гүүр хүртэлх нийт 973 га талбай талбайг хамардаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн иргэд хамгийн их зорчдог зам болох 2.6 километр үргэлжлэх дугуйн замын хоёр талаар 4-6 метрийн өндөртэй нарс мод тарих ажил болон хүрээлэнгийн мод үржүүлгийн 10 га талбайд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах асуудлуудыг хэлэлцэв.

Уулзалтад Хотын Ерөнхий менежер, Чанарын менежментийн зөвлөлийн эрдэмтэд, Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс, ногоон байгууламжийн хяналтын төрийн бус байгууллага тус тус оролцсон талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ

Categories
мэдээ цаг-үе

ЕТГ-ын ажилтнууд өнөөдрөөс вакцинд хамрагдана

Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилчдыг өнөөдөр /2021.03.29/ Covid-19-ийн эсрэг вакцинд хамруулахаар болжээ. Ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаа өнгөрсөн долоо хоногт “Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд аль байгууллагад очиж вакцинжуулалтад хамрагдах нь одоо болтол тодорхойгүй, ямар ч хуваарьт ороогүй байна. Улсын Онцгой комиссоос вакцинжуулалтын хуваарь баталж гаргахад Ерөнхийлөгчийн Тамгын газар байхгүй байх жишээтэй. Гэтэл төрийн бүх албан хаагч, агентлагийн ажилтнууд, тэр байтугай төрийн өмчит үйлдвэрийн ажилтнууд вакцинд хамрагдчихлаа. Эрх баригчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцэд хэрхэн хандаж байгааг энэ байдал ил тод харуулж байна” хэмээн мэдээлсэн юм.

Энэ талаар Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас тодруулахад, “Төрийн албан хаагчдыг вакцинд хамруулах үеэр “Ерөнхийлөгчийн Тамгын газраас вакцинд хамруулах талаар өмнө нь УОК болон ЭМЯ-д хүсэлт гаргаагүй байсан. Тэд өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт вакцинд хамрагдаж эхэлнэ” гэлээ.

Нийслэлд 40 цэгт 93 дархлаажуулалтын баг ажиллаж, гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 267300 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ. Одоогоор вакцинжуулалтад 50-аас дээш насныхныг хамруулахаар ажиллаж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар 50-иас дээш насны 101.007 иргэн вакцин хийлгэв. Энэ нь зорилтот бүлгийн 41.1 хувийг эзэлж байгаа юм. БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакцин тариулсан иргэдийн 13 хувьд бие бага зэрэг арзайсан, толгой өвдсөн гэх мэт хөнгөн шинж тэмдэг илэрч буй. Харин “Астра Зенеака” вакцин хийлгэсэн нийт иргэдийн 51 хувьд дээрх шинж тэмдгүүд илэрсэн байгаа талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Ирэх сарын 20-ноос энэхүү вакцины хоёр дахь тунг хийж эхэлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхбаатар: “Залуус” орон сууцны төслийг худ-ийн 21 дүгээр хороонд хэрэгжүүлнэ

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “ЗАЛУУС” орон сууцны цогцолборын төсөл, ипотекийн зээл олголтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

“Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж төвлөрлийг сааруулах замаар шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх хүрээнд ажлын байртай уялдсан иргэдийн орлогод нийцсэн орон сууцаар хангах “Залуус” 5,000 орчим айлын орон сууцны цогцолбор хорооллын төслийг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд 57 га талбайд барьж байгуулах ажлыг хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар орон сууцны хорооллын техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, эх загвар зураг /эскиз/ боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна. Уг ажлыг 2021 оны 2 дугаар улиралд багтаан дуусгах бөгөөд цаашид 2021 оны 3-р улиралд хорооллын эхний ээлжийн гадна инженерийн шугам, сүлжээ, барилгын ажлын зураг төслийг боловсруулж шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Эдгээр ажлыг хэрэгжүүлэх хүрээнд инженерийн дэд бүтцийн шийдэл, хорооллын орц гарц, түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх авто замын сүлжээ, нийтийн тээврийн асуудлаар дэд ажлын хэсгүүдийг холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулсан” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдалд хяналт тавихыг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм. Тухайлбал, нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай болон цасан доор дарагдсан хог хаягдлыг цэвэрлэх чиглэлээр энэ сарын 22-27-ны хооронд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн угаалга, хог хаягдлын эрчимжүүлсэн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулжээ. Мөн нийслэлийн суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн гудамж талбайг түрж барьсан барилгуудыг цэгцлэх, дүгнэлт, саналаа танилцуулах чиглэлээр архитектур төлөвлөлтийн даалгаваргүй 35, эх загвар зураггүй 33, барилгын ажлын зөвшөөрөлгүй 48 буюу нийт 116 барилгыг зөрчлийн хэлбэрээр нь ангилан, холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийн арга хэмжээ тооцож, баримт бичгийг нөхөж олгох, байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах зэрэг арга хэмжээ авч байгаа гэлээ.

Түүнчлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, өнгө үзэмжгүй хашааг буулгах, барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг хангуулж, стандарт норм, дүрмийг мөрдүүлэх чиглэлээр энэ сарын 25-26-нд Хан-Уул дүүргийн 8, 9, 11, 16, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 иргэн, аж ахуйн нэгжийн орчны аюулгүй байдалтай танилцаж, 28 барилгад түр хашааны стандартыг мөрдөж, орчны аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар үүрэг даалгавар өгсөн байна. Үүнээс гадна нийтийн эзэмшлийн зам талбайн орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа байршлуудын зөрчлийг арилгах хүрээнд холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байгаа юм.

Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын өнгө үзэмжийг сайжруулах, стандартыг мөрдүүлэх, иргэдийн аюулгүй зорчих боломжийг хангах чиглэлээр хийж байгаа ажлуудаа эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Түүнчлэн Улаанбаатар хотын амин судас нь хот төлөвлөлт. Тиймээс хот төлөвлөлтийн асуудлыг нухацтай авч үзэх хэрэгтэй байна. Иргэдийг амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Богд уул болон Туул гол дагуух тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг сайжруулах үүрэг өглөө.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, авто зам болон ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн тоглоомын талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гудамж талбайд ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбаруудыг цэгцлэх, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, газар дээр нь ажиллаж зөрчлийг арилгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Түүнчлэн Улаанбаатар хотын авто зам, орон сууцны хороолол дундах авто замуудад өнгө үзэмжгүй эвдэрч гэмтсэн хайс, бетон хаалтуудыг цэгцлэх, зөрчлийг арилгуулахыг даалгалаа.

Хэдийгээр иргэдийг дархлаажуулах ажил хийгдэж байгаа ч иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, амны хаалтаа зүүхийг Хотын дарга уриалсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нийслэлд 37 дархлаажуулалтын цэг ажиллана

2021.03.29-нд дархлаажуулалтын 37 цэгт 89 багийн 619 эмч, ажилтан ажиллана.


Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: 1693 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал нэн хүнд есөн хүн байна

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн хоногт 15 лабораторид 13,210 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 575 хүнээс халдвар илэрсэн.

Дотоодод халдвар авсан 574 тохиолдлын 400 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 174 тохиолдол батлагдлаа. Ингэснээр нийт халдварын тоо 7589 болж байна.

Сүүлийн хоногт 185 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4711 боллоо.

Өнөөдрийн байдлаар нийт 1693 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1416, хүндэвтэр 219, хүнд 29 нэн хүнд 9 хүн байна.

Та бүхэн нийгмийн харилцаагаа багасгаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай. Амралтын өдрүүдээ гэртээ өнгөрөөхийг зөвлөж байна” гэв.