Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 108 айл орон сууцтай боллоо

Энэхүү төслийн хүрээнд өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны VII хороолол орчмын “Б” хэсэгчилсэн талбайн долоон га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй “Пример инвестмент групп” ХХК нь 108 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, нээлтээ хийлээ.


“Пример инвестмент групп” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/234 дугаар захирамжаар тус талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд нийслэл хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 12 блок 640 айлын орон сууц, оффис үйлчилгээний барилга, 200 хүүхдийн цэцэрлэг, ногоон байгууламж, 300 метр авто зам, инженерийн шугам сүлжээ бүхий иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангасан цогцолбор орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

“Пример инвестмент групп” ХХК нь 2015 онд нийт 65 нэгж талбарын газрыг чөлөөлөн 2017 онд 60 айлын нэг блок орон сууц, 2018 онд 60 айлын нэг блок, нийт 120 айлын орон сууцны барилга угсралтыг гүйцэтгэж, ашиглалтад оруулсан. Өнөөдөр нэг блок 108 айлын орон сууцыг байнгын ашиглалтад оруулан, газар чөлөөлсөн иргэдэд түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа зохион байгууллаа.

Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүү, орлогч дарга Б.Азжаргал, “Пример инвестмент групп” ХХК-ийн захирал Н.Мягмардорж болон албаныхан, мөн тус байршилд газраа чөлөөлсөн, шинэ орон сууцны түлхүүр гардан авч буй иргэд оролцлоо.

Цаашид “Пример инвестмент групп” ХХК нь энэ онд шинээр нэг блок 60 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд жил болгон 60-100 айлын орон сууц ашиглалтанд өгөх зорилт тавьж, ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК-ын хурлаар 4-р сарын 3-18-ны өдрийг хүртэл хатуу ХӨЛ ХОРИО тогтоох санал дэмжигдлээ

Улсын онцгой комисс цахимаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

Коронавируст халдварын цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөний саналаа танилцуулж хэлэлцүүлэв. Уг саналд 2021 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл өдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдлийн УЛААН түвшинд шилжих тухай тусгажээ. УОК-оос тус саналыг дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Суэцийн сувагт гацсан онгоцыг зорчих хэсгээс холдуулжээ

Суэцийн сувагт хөндөлдөж гацсан Ever Given хөлөг онгоцыг зорчих хэсгээс холдуулжээ. ТАСС агентлаг сая энэ талаар мэдээллээ. Гэхдээ хөдөлгөөн хэзээ нээгдэх нь тодорхойгүй хэвээр байгаа аж.

Суэцийн суваг бол Европ, Азийг холбодог худалдааны гол зам. Тиймээс хөдөлгөөн тасалдсанаас бол бараа материал, түүхий эдийн хомсдол үүсэх эрсдэл үүсээд байсан. Тухайлбал, АНУ-ын Эрчим хүч зохицуулах холбооны газрын жишүүн, “Branko Terzic & Associates LLC” компанийн захирал Бранко Терзич дээрх явдлаас болж газрын тосны бүтээгдэхүүний үнэ богино хугацааандаа өсөр магадлалтай хэмээн мэдэгдэж байсан билээ.

Categories
мэдээ цаг-үе

Баар, кафенуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ

A

Улсын онцгой комиссын даргын “Шуурхай зохицуулалтыг ажлын хэсэг томилох тухай” тушаал, “Ажлын хэсгийн удирдамж”-ийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын удирдлага, албан тушаалтан нарын бүрэлдэхүүнтэйгээр 2021 оны 03 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн баар, кафенуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Коронавируст халдвар /Ковид-19/-ээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахиулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа.

Хяналт шалгалтаар “Баянзүрх Силвэргүүд” ХХК-ийн “Russia Irish pub” баар нь рестораны, Сонгинохайрхан дүүргийн “Эрчимт болор” ХХК-ийн “Болор баар” нь караоке баарны, “Төгөлдөр 1130” ХХК-ийн “Содон лоунж” баар нь рестораны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байсныг түр хугацаагаар зогсоож, Сонгинохайрхан дүүргийн “Дунбэгмаыл” ХХК-ийн “Кимбаб Чонгуг” кафенд улсын байцаагчийн 2 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, Сонгинохайрхан дүүргийн “Степпланет” ХХК-ийн “Учрал кафе”, “Хөх чоно гурав” ХХК-ийн “Хөх чоно баар”, “Урам бадрах” ХХК-ийн “Урам кафе”, “Авто ойл” ХХК-ийн “Люкс ойл баар”, “Төгөлдөр 1130” ХХК-ийн “Содон лоунж баар”, Баянзүрх дүүргийн “Интеркюзин” ХХК-ийн “Hard rock” баар, “Интерекс дизайн” ХХК-ийн “Limani lounge” ресторанууд Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлагыг мөрдүүлээгүй тул холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнгөрөгч долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 108 удаагийн дуудлага бүртгэгджээ


Улсын хэмжээнд 03 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд нийслэлийн долоон дүүрэг, 20 аймгийн 49 суманд нийт 108 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Тохиолдсон аюулт, үзэгдлийн нэг нь ус цаг уурын гаралтай, 81 нь гал түймэр, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 3 нь геологийн гаралтай, 12 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас хоёр иргэн нас барсан бол гэмтэж, бэртсэн, өвчилсөн нийт 1017 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Стив Жобсын ажлын анкет дуудлага худалдаагаар 222,400 ам.долларт хүрчээ

Стив Жобсын 1973 онд бичиж байсан ажлын анкет Чартерфилдс онлайн дуудлага худалдаагаар 222.400 ам.доллараар зарагджээ.

Гар бичмэлийг авсан Чартерфилдс “Олон жил хадгалагдсан хэдий ч багахан зэргийн л толбо болон нугалаатай” гэж дуудлага худалдааны үеэр онцолсон байна.Тус бичмэл нь Стив Жобсын хамгийн анхны ажлын анкет аж.Тэрбээр 1974 онд Atari Inc. компаниас ажлын гараагаа эхлүүлж байсан ч дээрх гар бичмэлийг тус компанид ажилд өрөхдөө бөглөж байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

С.Зоригийн хэрэгт холбогдох нууц мэдээллийг ил болгох асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

С.Зоригийн хэрэгт холбогдох нууц мэдээллийг ил болгох асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Нэр бүхий 13 өмгөөлөгчөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлж, С.Зоригийн хэрэгт холбогдох нууц мэдээллийг ил болгох асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг хүслээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын 9 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байгаа нэр бүхий 13 өмгөөлөгчөөс эрүүгийн хэргүүдийн материалыг ил болгох талаар тодорхой арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүссэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ХАНДСАН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХҮСЭЛТЭД:

“Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх дээрх хэрэг болон шүүх хянан шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон С.Зоригийн амь насыг хөнөөсөн 830142 дугаартай хэргийн материалууд нь “маш нууц” зэрэглэлтэй боловч Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Төрийн нууц мэдээллийг ил болгох тухай” тогтоолоор холбогдох эрүүгийн хэргээс зарим дүрс бичлэгийг төрийн нууцаас гаргаж ил болгосон.

Мөн С.Зоригийн амь насыг хохироосон гэх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргээс 61, 62-482 дугаар хуудас, 13 дэвтэр, 7 гар бичвэр, зэргийг Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 94, 95 дугаар тогтоолоор хэргийн нууцаас гаргаж ил болгосон гэх боловч тэдгээр баримттай танилцах боломжгүй хэвээр байна.

Энэ хэргийн тодорхой хэсэг нь төрийн нууцаас гарсан тул бид 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр холбогдох Эрүүгийн хэргүүдийг төрийн нууцаас гаргаж ил болгуулах тухай хүсэлтийг хүргүүлж байсан боловч одоо болтол хариу аваагүй байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч биш нэр бүхий улс төрчид хэрхэн олж мэдсэн нь тодорхойгүй ч хэргийн болон шүүх хуралдааны явцад дурдагдсан зарим мэдээллийн өөрсдөд ашигтай байж болохоор хэсгүүдийг олон нийтэд удаа дараа задруулсаар байна. Үүнд төрийн маш нууц зэрэглэлтэй мэдээлийг хууль бусаар задруулсны дараа Засгийн газрын тогтоолоор ил болгож, нөхөн залруулсан хоёр удаагийн асуудал хамаарч байгаа болно. Цаашид ч улс төрийн хувьд ашигтай гэж үзсэн тохиолдолд төрийн нууцыг задруулсаар байхыг үгүйсгэхгүй юм.

Өмгөөлөгч нарын хувьд хууль тогтоомжийн хүрээнд хэргийн талаар мэдээлэх боломжгүй нөхцөл байдлыг далимдуулан нэр бүхий улс төрчид өөрсдийн улс төрийн нэр нөлөө, боломжийг ашиглан бодит байдлыг гуйвуулсан мэдээллийг түгээж, олон нийтийг төөрөгдүүлж байна.

Төрийн болон албаны нууцын тухай хуульд нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас нууцад хамааруулсан мэдээллийг цаашид нууцлах шаардлагагүй болсон, нууцлах хугацаа дуусгавар болсон тохиолдолд мэдээллийг ил болгохоор зохицуулсан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тул түүнтэй холбоотой мэдээллийг нууцлах шаардлагатай байсан нөхцөл байдал өөрчлөгдсөн, нууцлах хугацаа дуусгавар болсон” гэжээ.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт “Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг энэ зүйлийн 19.1.2-т заасан үндэслэлээр нууцлах хугацаа дуусахаас өмнө ил болгох эсэхийг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ” гэж зохицуулсан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир дээрх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилж, хувийг өмгөөлөгч Б.Мэргэн нарт хүргүүлэв.

Categories
мэдээ цаг-үе

Архангай аймагт хөл хорионы дэглэмийг сахиулахад дрон ашиглаж байна

Ковид-19 халдварын цар хүрээг богино хугацаанд хумих зорилгоор Архангай аймгийн Засаг даргын захирамжаар хөл хорио тогтоогсон байна. Түүнчлэн иргэдийн хөдөлгөөнийг дроноор хянаж, хөл хорионы дэглэм зөрчиж буй хүмүүст анхааруулга өгч ажиллаж байгаа аж.

Сүүлийн 24 цагийн шинжилгээгээр тус аймаг дахь дотоодын халдварын тохиолдол дөрвөөр нэмэгдэж, 41 болжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: Ирэх сарын 3-наас 18-ны өдөр хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих санал гаргалаа

УОК цахимаар хуралдаж, цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан, ЭМЯ-аас УОК-д ирүүлсэн тархалтыг бууруулах саналыг харгалзан үзэж 2021 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 18-ны өдөр хүртэл гамшгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийн УЛААН түвшинд шилжих саналыг Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: 18-25 насны залуусыг вакцинд хамруулахаар бэлтгэл ажлаа хийж байна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 279,069 хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаж, зорилтот бүлгийн хүмүүсийнхээ 55 хувийг коронавирусийн эхний тунгаар дархлаажуулаад буй.

Өөрөөр хэлбэл, 18-аас дээш насны долоон хүн тутмын нэгийг дархлаажуулсан байна.

Энэ нь Номхон далайн баруун эргийн бүс болон дэлхий дахины үзүүлэлтээр дээгүүр байр эзэлж буй үзүүлэлт юм.

Вакцины хангамжийн хувьд, дөрөвдүгээр сард нийт 900,000 хүн тун БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцин орж ирэх юм. Үүний зэрэгцээ ОХУ-ын Спутник V вакцин нэг сая хүн тун ирэх тул дархлаажуулалтынхаа үйл ажиллагааг маш өргөн хүрээтэйгээр цааш үргэлжлүүлнэ” гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр “Түүнээс гадна ирэх сарын 10-наас Синофармын, 15-наас АстраЗенека вакцины хоёр дахь давтан тунгууд хийгдэж эхэлнэ.

Вакцинд хамрагдсан хүмүүсийг хувиар үзвэл, эрүүл мэндийн ажилчид, хариу арга хэмжээний баг, боловсролын байгууллага, худалдааны байгууллага, үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын ажилчид вакцинд хамрагдсан хувь нь өндөр байна.

Одоогоор 50-аас дээш насны иргэд вакцинд хамрагдаж байгаа. Мөн 18-25 насны залуусыг вакцинд хамруулахаар энэ долоо хоногт бэлтгэл ажлаа хийж байна” гэв.