Categories
мэдээ нийгэм

Шатахууны 41 хоногийн нөөцтэй байна

Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр, энэ сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 41 хоногийн нөөцтэй байгаа ажээ. Тодруулбал, А-80 бензиний 80, Аи-92-ын 55, дизель түлшний 33 хоногийн нөөцтэй байна.

Сүүлийн найман сард шатахууны үнэд өөрчлөлт ороогүй бөгөөд аймаг, сумдын байршлаас шалтгаалан бүх бүтээгдэхүүнийг литр тутамд 100-200 төгрөгийн зөрүүтэй үнээр борлуулж буй юм. Манай улс нэгдүгээр сарын 25-наас 31-ний хооронд бензин 7.8 мяган тонн , дизель түлш 4.08 мянган тонныг импортолсон нь өмнөх долоо хоногийнхоосоо 25 хувиар багасчээ. Улсын хэмжээнд онгоцны түлшний 11 хоногийн нөөцтэй байгаа аж

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатар малчдад хүнс, тэжээлийн тусламж гардууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна. Нутгийн ихэнх хэсэг нь гантай зуссан тус аймаг зудын “нэн эрсдэлтэй” нөхцөлд өвөлжиж байгаа бөгөөд одоогоор 250 орчим мянган мал хорогджээ.

Баянхонгор болон бусад өвөлжилт хүндрэх магадлалтай аймгуудад туслах санаачилгыг УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 оны аравдугаар сараас гаргаж, Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Дэлхийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зэрэг олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагуудад санал, хүсэлтээ илгээсэн билээ.

Улмаар УОК-оос гамшгийн үнэлгээ хийж, Засгийн газар тогтоол гарган Баянхонгор аймагт л гэхэд 480 тонн өвс, 450 тонн тэжээлийг үнэгүй болон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хуваарилсан нь малчдад тараагдаад дуусчээ.

Мөн Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нутагтаа байгаа болон өөр аймгийн нутагт отроор явж буй малчин өрх бүрд 300.000 төгрөгийн хүчит тэжээлээр тусалж байгаа юм. Энэ тусламжийн хүрээнд Баянхонгор аймгийн 12011 өрхөд 3113 тонн тэжээл хуваарилагдсаны 477 тонн нь аймаг очоод байгаа аж.

Түүнчлэн МУЗН-ээс 240 өрхөд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 264 өрхөд малын тэжээл өгсөн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар тус аймгийн ахмад настнууд, малчин 14000 өрхөд зориулж, 140 тонн гурил, 70 тонн цагаан будаа, 7000 ширхэг цай, нийт 400 тонн хүнс, тэжээл авчирснаа гардуулан өгөв. Мөн 100.000 ширхэг маскийг аймгийн Онцгой комисст өглөө.

Аймгийн төвийн иргэд малчдын нэг настай 10.000 гаруй малыг тэжээж, онд оруулж байна. Эдгээр малыг албан байгууллагууд 50-100-гаар нь хуваан авч, ажилтнууд ээлжээр маллаж байгаа аж. Түүнчлэн гидропоник аргаар, хөрсгүй технологиор бэлтгэсэн улаан буудайн соёолжийг сум, албан байгууллага, айл өрхүүд тариалж, малдаа өгч байгаа юм байна. Энэ ажилд “NNCC” ХХК-ийн захирал, тус аймагт хэрэгжиж буй “Энх Монгол зоригт” төслийн удирдагч, агрономич З.Чулуунцэцэг арга зүйгээр тусалж, сургалт явуулан, дадлагажуулснаас гадна аймгийн төвд хүлэмжийн тариалалт эрхэлж, одоогоор 19 тонн тэжээл бэлтгэн нийлүүлээд байна. Энэ аргаар 5 хоног ургуулсан тэжээлээр 20 хоног тэжээсэн мал 7-10 кг таргалж байгаа аж.

Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан болон холбогдох ажилтнууд энэ өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрийнхөө талаар танилцуулав. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд ингэний сүү, сайжруулсан түлш үйлдвэрлэх, малын тэжээл, хүнсний ногооны кластер үйлдвэрлэл эрхлэх, шинэ суурьшлын бүс байгуулах, Шаргалжуутын рашаан сувиллыг шинэчлэн хөгжүүлэх зэрэг олон төслийг аймгийн захиргаатайгаа хамтран хэрэгжүүлэх гэж байгаа юм байна.

Categories
мэдээ спорт

Сар шинийн барилдаан хоёр дахь жилдээ цуцлагдав

Улсын онцгой комиссоос өчигдөр хөл хорионы үеэр сар шинийн барилдаан зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн юм.

Монголын үндэсний бөхийн холбооноос Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд мөрдөж, сар шинийн уламжлалт барилдааныг ирэх хоёрдугаар сарын 11-ний битүүний өдөр Монгол бөхийн өргөөнд үзэгчгүй зохион байгуулна гэж мэдэгдэж байв. Үүнтэй холбогдуулан барилдаанд ажиллах ажиллагсад, жаяг дэгийн баг, барилдах бөхчүүд, заагдсан буудлуудад хоёрдугаар сарын 10-ны 17.00 цагаас эхлэн тусгаарлагдаж, нийтдээ хоёр удаа түргэвчилсэн шинжилгээнд хамрагдана гэсэн журам батлаад байсан юм.

Харин өчигдөр Шадар сайд С.Амарсайхан “Үндэсний бөхийн холбоо болон бөхчүүдээс сар шинийн барилдаан зохион байгуулъя гэсэн санал ирсэн. Хөл хорионы үеэр бид сар шинийн барилдаан зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Бөхчүүд болон бөхийн холбооныхон ч ойлгох байх. Бид зохион байгуулах талаар бодож үзсэн ч эрсдэл өндөр байгаа учир боломжгүй гэж шийдсэн. Энэ удаад өнжиж байна” хэмээсэн юм. Ийнхүү сар шинийн хүчит бөхийн барилдаан хоёр жил дараалан цар тахлын улмаас цуцлагдлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тусгай үүргийн онгоцоор 166 иргэн эх орондоо иржээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 3-ны 20:07 цагт “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд газардлаа.

OM7032 аяллын дугаартай уг нислэгээр 166 иргэн эх орондоо иржээ. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын хоёр байцаагч нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт судалгааг хийсэн бөгөөд агаарын хөлөг газардсаны дараа тус албаны улсын байцаагчид эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээг авч ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Анагаах ухааны доктор Д.Наранжаргал: Энэтхэгээс ирэх гэж байгаа вакцин 60 хувийн үр дүнтэй

Коронавирусийн халдварт цар тахлын эсрэг вакцин импортлох ажлыг зохион байгуулах үүрэгтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллаж байгаа юм. Тус ажлын хэсгийн ээлжит хурал болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцож ДЭМБ болон цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэж буй бусад улс орнууд, томоохон үйлдвэрүүдтэй явуулж буй яриа хэлэлцээрийн талаар “ДЭМБ-ын “ковакс” хөтөлбөрийн хүрээнд авах вакцинаа яаралтай оруулж ирэхээс гадна бусад улс орнуудаас вакцин авах талаарх яриа хэлэлцээрүүдийг ч эрчимжүүлж, үр дүнд хүрэх нь зүйтэй” гэсэн юм. Тэгвэл бид ЭМЯ-наас хоёрдугаар сард Энэтхэгээс орж ирэх вакцины үйл явц ямар шатандаа явж байгаа талаар тодруулахад “одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй. Вакцин худалдан авах үйл ажиллагааг Сангийн яам хариуцаж ажиллаж байгаа. Эрүүл Мэндийн Яам вакцин орж ирсэн тохиолдолд хүн амаа дархлаажуулах ажлыг зохион байгуулна” гэсэн юм.

Мөн вакцины талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн “Дэлхий даяар 170 ба түүнээс дээш тооны коронавирусийн эсрэг вакцин туршилтын өмнөх шатандаа бүтээгдэж буй. Тэгвэл эмнэл зүйн нэгдүгээр шатанд 18, хоёрдугаар шатанд 23, гуравдугаар буюу сүүлийн шатандаа 22 вакцин туршигдаж байгаа. Харин одоогоор ДЭМБ-аас гурван төрлийн вакцинд хүнд хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаа юм. Үүнд BioNTech-Pfizer, Moderna, Oxford/As­traZeneca зэрэг компанийн бүтээсэн вакцинууд багтаж байна.

Вакцинтай холбоотой асуудлаар иргэдийн анхаарч, мэдэх ёстой зүйл бий. Тухайлбал, дээрх бүх вакцин хоёр удаагийн тун буюу хоёр удаа хийж байж дархлаа тогтооно гэдгийг санах хэрэгтэй. Хоёр тунгийн хоорондын хугацаа нь вакцины онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг. Тухайлбал, BioNTech/Pfizer-ийн вакцин нь эхний тун хийлгэснээс хойш гурван долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийх ёстой байдаг.

Харин Moderna, Oxford/AstraZeneca зэрэг компанийн вакцины хоёр дахь тунг дөрвөн долоо хоногийн зайтай хийдэг. Ингээд хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш дор хаяж дөрвөн долоо хоногийн хугацаанд таны биед коронавирусийн эсрэг бүрэн дархлаа тогтох юм” гэсэн юм.

Энэтхэгээс манай улсад орж ирэх “AstraZeneca” компанийн коронавирусийн эсрэг вакцины талаар Оном сангийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Д.Наранжаргалтай ярилцлаа.


-Хүн амын 70-аас дээш хувь вакцин хийлгэсний дараа сүргийн дархлаа тогтож бид хэвийн амьдралдаа шилжих боломжтой гэж ойлгосон. Тэгэхээр манай улсын хувьд зээл тусламжид хамрагдсан энэ байдлаараа явбал эргээд хэвийн амьдралдаа шилжих явц удаашрах төлөвтэй харагдаад байна. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?

-Одоогоор батлагдсан вакцинууд бүгд хоёр тунг хийлгэж байгаа. Мөн вакцин хийлгэчихээд сарын дараа очоод хийлгэе гэхэд вакцины хангалт нь байж байх хэрэгтэй. Мөн хийлгэсэн гэдгийг цахим байдлаар сайн бүртгэх хэрэгтэй. Эдгээр бэлтгэл ажлуудад нэлээд бэлтгэл шаардана л даа. Ихэнх улсуудын туршлагыг харахад олдоцтой вакцин сонгоод түүнд таарсан хүйтэн хэлхээг бэлдэх, хоорондын зай, хангалт яаж ирэх зэрэгт анхаарч байна. Нөгөөтэйгүүр одоо хамгийн чухал нь олдоц л байх шиг байна. Ихэнх нь клиникийн судалгааны үр дүн нь гарчихсан. Тэр үр дүнг нь харж байгаад тоо баримт, стандартын дагуу нийцэж байгаа тохиолдолд аль нь хамгийн түрүүнд олдох нь вэ гэдэг нь л чухал зүйл болоод байна. Вакцины олдоц долдугаар сараас гайгүй болчихно л доо. Маш олон компани үйлдвэрлэлийнхээ тоог өсгөх гэж хичээж, улс орнууд хоорондоо өрсөлдөөд амаргүй л байна.

-Энэтхэг улсаас “Astra­Zeneca” компанийн вакцин Монгол Улсад энэ долоо хоногт ирнэ гэсэн мэдээлэл байна. Энэ вакцин хэзээ ДЭМБ-д бүртгэгдсэн үү. Хэр найдвартай талаар яриагаа үргэлжлүүлье?

-Энэтхэгийн мэдээллийн сайтууд дээр Монголд тусламжаар 150 мянган тун вакцин явуулна гэж бичсэн байна лээ. Манай улс дахиад нэг сая тун захиалсан, харин 150 сая тун вакцин нь тун удахгүй ирэх юм байна гэж ойлгож байгаа. Энэтхэгийн мэдээллийн сайтад нэг сая тун вакцины хүргэлт хэзээ хийх нь тодорхойгүй байна гэж бичсэн байна лээ. Түрүүлж ирэх 150 мянган тун вакциныг өндөр эрсдэлтэй бүлэг болох эмч, эрүүл мэндийн ажилчиддаа түрүүлээд хийх болов уу гэж таамаглаж байна.

-Тухайн вакцины үр дүнгийн талаар та бүхэн мэдээж судалж байгаа байх. Үр дүнгийн талаар ярихгүй юу?

-“AstraZeneca”-гийн вакцин одоохондоо ДЭМБ-аар батлагдаагүй байгаа. Гэхдээ батлагдах нь тодорхой гэж ойлгож болно. Яагаад гэхээр “AstraZeneca”-ийн вакцин Англи, Европын эмийн агентлагуудад батлагдчихсан. Европын эмийн агентлаг таван хоногын өмнө баталчихаж байна гэхээр ДЭМБ-аар батлагдах нь ойлгомжтой л доо. 60 хувийн үр дүнтэй гэж тооцож байгаа. Яг гарч ирж байгаа үр дүнгээрээ бол нөгөө хоёр вакцинаа бодвол арай бага үр дүнтэй гарч байгаа. Гэхдээ одоо Англи улсад хамгийн өргөн тоотойгоор хийж байгаа. Түүнээс ажиглахад 18-55 насны хүмүүст нэлээд сайн үр дүнтэй байна гэдэг нь харагдаж байгаа. Тийм учраас манайд хийхэд боломжийн юм байна гэж харж байна. Үнийн хувьд хямд. Мөн хүйтэн хэлхээ бол тийм амархан биш. Тэгэхээр “AstraZeneca”-гийн хувьд хүүхдийн вакциныг хадгалдаг хөргөгчинд хадгалаад хэрэглэж болно гэдэг нь манайд байдаг хүйтэн хэлхээг ашиглах боломжтой гэсэн үг. Үүгээрээ давуу талтай байгаа юм.

-Вакцинд хамрагдсан иргэдэд гаж нөлөө, хариу урвал үзүүлсэн зүйл бий юү?

-Гуравдугаар шатны судалгааг хийж дуусгаж байж вакцин хийнэ гээд хүлээгээд байгаа шүү дээ. 150 гаруй вакцин хөгжүүлэлтэд явж байгаа. Гэхдээ яг одоо бүртгэгдсэн гурван вакцин байна. Нэмээд вакцинууд ч батлагдах гэж байна. ДЭМБ-д бүртгэгдсэн вакцинууд нь гурав дахь шатны судалгаа буюу 30 мянга гаруй хүн судалгаандаа хамруулаад түүнийхээ гаж нөлөө, хариу урвалыг тодорхойлчихсон байгаа юм. Израиль гэхэд хүн амынхаа 50 гаруй хувийг вакцинжуулчихлаа. Ингэхэд гарч байгаа гаж нөлөө айхавтар өндөр биш байна. “AstraZeneca” компаний вакцины хувьд гаж нөлөө харьцангуй бага байгаа. Гарч байгаа гаж нөлөө нь жирийн вакцин хийхэд гардаг бага зэргийн ханиад хүрсэн мэт шинж тэмдэг, тариа хийсэн газар нь хөндүүрлэх зэрэг нөлөөлүүд байгаа. Түүнээс илүү том гаж нөлөө гараад байсан юм алга. Хэвлэлээр вакцин хийлгэснээс болж хүмүүс нас барж байна гэсэн мэдээ яваад байсан. Гэхдээ вакцин хийснээс шалтгаалаад нас барсан байна гэсэн судалгаа гараагүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газрын Компакт гэрээгээр хүлээсэн үүрэг, амлалтын хэрэгжилтийг хангах зорилгоор Барилга, хот байгуулалт (БХБ)-ын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг болон Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хамтран хуралдаж, “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний төслийг авч хэлэлцлээ.

Хуралд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, Ажлын хэсгүүдийг ахалж буй БХБ-ын дэд сайд Э.Золбоо, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Ажлын хэсгийн гишүүд болох Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г. Цогтсайхан, ахлах шинжээч П.Ганбаатар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Алтангэрэл, УСУГ-ын Инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүү, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Б.Баясгалан, Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Тусгай зөвшөөрлийн албаны ахлах мэргэжилтэн Е.Нямсүрэн болон холбогдох бусад албаны хүмүүс, хувийн хэвшлийнхнийг төлөөлж Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны тэргүүн Б.Баярсайхан, түүнчлэн МСК-ын Монгол дахь суурин захирал Алекс Рассин, Монголын МСС-гийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Т.Хишигт, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал нар оролцлоо.

Төв цэвэрлэх байгууламж руу үйлдвэр, аж ахуйн газруудаас нийлүүлж буй хаягдал усан дахь химийн бодисын агууламжийг 2013 оны түвшин, эсхүл түүнээс бага хэмжээнд хүргэх зорилгоор БХБЯ тэргүүтэй холбогдох яам, агентлаг, бохирдол ялгаруулж буй үйлдвэр, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй хамтран Монголын МСС-аас боловсруулаад буй “Үйлдвэрлэлийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний төслийн талаар Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Т.Хишигт нар дэлгэрэнгүй танилцуулж, хуралд оролцогчдын тодруулга асуултуудад хариулт тайлбар өгөв.

“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г АНУ-ын МСК-ын корпорацын шаардлагад нийцүүлэн боловсруулж, батлуулах нь Компакт гэрээгээр Монгол Улсын Засгийн газарт тавигдсан урьдчилсан болзолт нөхцөлүүдийн нэг бөгөөд болзолт нөхцөлүүдийг биелүүлснээр Компакт гэрээний санхүүжилтийн эрх нээгдэж, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх таван жилийн хугацаа албан ёсоор тоологдож эхлэх юм.

Энэ удаагийн хурлаар холбогдох талууд болох БХБЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ, Улаанбаатар хот, түүнчлэн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд хамтран төлөвлөгөөнд туссан зарим тооцоо судалгаа, хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэгч талуудын үүрэг оролцоог илүү нарийвчлан тодотгоод, энэ сардаа багтаан дахин хэлэлцэж Засгийн газрын хуралд оруулахаар тохиролцлоо.

“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, үйлдвэр, аж ахуйн нэгжээс ариутгах татуургын нэгдсэн сүлжээнд нийлүүлж байгаа хаягдал усны бохирдлыг бууруулснаар MNS 4943:2015 стандартын шаардлагад нийцсэн усыг байгальд нийлүүлэх, улмаар Туул голыг цаашид бохирдохоос сэргийлэх, түүнчлэн Компакт гэрээний санхүүжилтээр барьж байгуулах Ус дахин боловсруулах үйлдвэрийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.

Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр: Өнөөдрийн тогтолцоогоор засгийн бүх эрх гагцхүү эрх баригч намын мэдэлд байнга байна гэсэн буруу зарчим үйлчилж байна

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай ярилцлаа.


-У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлага хүлээж огцорч байгаагаа мэдэгдэж, цаашид ийм жишиг тогтоох үйл явц эхэллээ гэж тайлбарлаад өнгөрсөн. Шинэ Засгийн газар байгуулагдаад үйл ажиллагаа нь эхлээд явж байна. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Засгийн газар огцроход шинэ нөхцөл байдал бий болсон юм шиг хүмүүст ойлгогддог байх. Миний хувьд энэ удаагийн Засгийн газрын огцролт хариуцлага хүлээж байгаа нэртэй ч үнэн хэрэгтээ хариуцлагаас зугтаж байгаа огцролт гэж харж байгаа. Нэгдүгээрт, У.Хүрэлсүх “Би цэргийн хүн, тиймээс ковидын цар тахал гэсэн дайн эхэлчихлээ. Зүйрлэвэл бид дайны үед амьдарч байна. Дайны үед Засгийн газраа толгойлоод ажиллана гэх зэрэг сүржин мэдэгдэл хийсэн. Энэ дайны үед янз янзын л сорилт учирна шүү дээ. Харамсалтай нь хариуцлага хүлээж байгаа шалтгаар дайны фронтод ажиллаж байгаа хүмүүсээ хаяад явчихлаа. Нөгөө талаар У.Хүрэлсүхийн Засгийн газар бүр өмнө нь огцрох олон үндэслэл байсан гэж боддог. Яагаад гэхээр 22-ын товчоон дээр хүнд өвчтэй эмэгтэй хүн албан тушаалтнуудын хүнд суртал, хариуцлагагүй ажиллагаанаас болж нас барлаа. Монголд хүний эрх, эрх чөлөөний асуудал хүнд байдалтай болчихжээ. Энэ мэт хариуцлагагүй үйл явдал болж байхад УИХ нь Засгийн газартаа хариуцлага тооцох ёстой байсан. Тэгтэл УИХ парламентын засаглал гэсэн нэртэй нэг намын дарангуйллын засаглал тогтчихсон учраас намынхаа даргатайгаа хариуцлага тооцож чаддаггүй айдаг. Парламентын засаглалын үед УИХ биеэ дааж ажиллах чадваргүй болдог, Засгийн газрынхаа дагуул байгууллага болж хувирдаг учраас хариуцлага тооцох ажил хийгдэхгүй орхигддог байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой байлгах чиглэлд түлхүү анхаарсан гэдэг. Гэтэл энэ нь бодит байдал дээр биеллээ олж байгаа эсэх нь эргэлзээ төрүүлж байна гэж харж байна уу?

-Энэ бүхэн худал гэдэг нь мэдэгдлээ. Энэ юуг харуулж байна гэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд гаж тогтолцоог засч чадаагүй байна. Энэ бүхнийг засахын тулд эхлээд хууль тогтоох ажиллагаандаа баримтлах зарчмаа өөрчлөх шаардлагатай.

Соёлын асуудал юм даа. Монголчууд ерөөлд дуртай. Тийм учир бид хуулиа боловсруулж батлахдаа ерөөл хэлж байгаа юм шиг боловсруулж баталдаг. Ерөөл шиг хууль гаргаад сайн хүн хүрч ирээд хийчихнэ гэж боддог. Сайн хүн гэхээсээ илүү зөв хууль улсыг удирддаг. Харин бусад улсад хуульдаа ерөөл айлдаж байгаа байдлаар ханддаггүй. Тэд муу хүн гарч ирээд хуулийн цоорхойг ашиглаад муу зүйл хийчих вий гэж бодож бүх зүйлийг нь хааж өгдөг юм байна. Манайх үүниий яг эсрэг. Сайн хүн гарч ирж байж л энэ хууль хэрэгжинэ гэдэг байдлаар хуулиа хийчихдэг. Манайд их эрх мэдэл их аюулыг дагуулдгийг сайн ойлгодоггүй. Эрх мэдэлтэй болж байгаа нь ч, эрх мэдэл өгч байгаа нь ч ойлгодоггүй. Эрх мэдлийн цаана асар их мөнгө, олон хүний хувь заяа оршиж байдаг. Тиймээс бид хуулиа хийхдээ энэ бүхнийг анхаарах ёстой. Ерөөл шиг бодож боловсруулаад баталсан Үндсэн хуулиа өөрчлөн шинэчлэх ёстой. Гол зарчим улс орны маань эзэн бол ард түмэн мөн гэсэнд оршино. Энэ зарчим “Засгийн бүх эрх мэдэл гагцхүү ард түмний мэдэлд байнга байна” гэсэн ойлголт дээр суурилна. Бүх эрх мэдлийг нэг хүн, нэг байгууллагад өгч болохгүй, тэгвээс дарангуйлал үүснэ, харин энэ их эрх мэдлийг засаглалын гурван эрх мэдэл болгон хувааж тэнцвэржүүлж хэрэгжүүлэх ёстой гэсэн онол бий. Энэ онолоор л явах ёстой.

-Засаглалын гурван эрх мэдэл болгон хувааж тэнцвэржүүлж хэрэгжүүлэх ёстой гэж байна. Яг яаж явна гэсэн үг вэ?

-Хууль тогтоох, хууль хэрэгжүүлэх, шүүх гэсэн засаглалын гурван эрх мэдэл нэг нэгийгээ хянаж байж, тэнцвэртэй хэрэгжиж байж шударга ёс тогтоно, нийгэм эв нэгдэлтэй болно, төр засаг хариуцлагатай болно. Онолоороо энэ гурвыг тус тусад нь байлгах ёстой гэдэг. Гэтэл өнөөдөр манайд Парламентын засаглал нэртэйгээр хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийг УИХ-д олонх суудалтай намын мэдэлд өгчихсөн байгаа. Тухайлбал, гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрыг, Засгийн газрын тэргүүнийг ард түмэн сонгодоггүй. Ингэхээр Засгийн газар ард түмнээс хамааралгүй, харин намаас хамааралтай болж байна. Шүүхийг парламент томилдог болж байна. Тэгэхээр шүүх мөн адил ард түмнээс хамааралгүй болчихоод байна. Үнэн хэрэгтээ парламентад олонх болсон намаас хамааралтай болж байна. Ингээд Засгийн бүх эрх мэдэл гагцхүү ард түмний мэдэлд байнга байна гэсэн зөв зарчим зөрчигдөж, манай өнөөдрийн тогтолцоогоор Засгийн бүх эрх гагцхүү эрх баригч намын мэдэлд байнга байна гэсэн буруу зарчим үйлчилж байна. Тэгвэл ардчиллын өлгий улс, ардчиллын үлгэр жишээ улс гэдэг Америкт ард түмэн шүүхээ сонгож байна. Түүнчлэн Ерөнхийлөгчөө сонгоод Ерөнхийлөгч нь Засгийн газраа бүрдүүлэн тэргүүлж байна. Тэнд Засгийн газарт парламентын нэг ч гишүүн байж болдоггүй. Тэгэхээр бид парламенттайгаа адил шүүхээ, Ерөнхийлөгчөө буюу Засгийн газраа ард түмнээрээ сонгох хэрэгтэй. Ингэж байж ард түмэн улсын эзэн болно.

-Та дээр хүний эрх, эрх чөлөөний асуудал хүнд болсон байна гэж дурдсан. Цар тахлын үед хүний эрх яригдахгүй байна гэж харж байгаа юм уу?

-Хүний эрхийн хороо тоглоомын байгууллага болчихлоо. Дуу хоолойгоо хүргэж байгаа юм алга. Яагаад гэхээр парламент хүний эрхийн Үндэсний хорооны гишүүдийг томилдог. МАН томилж байна гэсэн үг. Тэд МАН шүүмжилж болохгүй гэсэн ойлголттойгоор ажилладаг. Ингээд эрх баригчид хүний эрхийг зөрчихөд тэд амаа үдүүлсэн юм шиг дув дуугүй, чив чимээгүй сууна. Уг нь аливаа улс орны хамгийн чухал асуудал бол хүний эрх, эрх чөлөөний асуудал юм шүү дээ. Тийм учир хүний эрх, эрх чөлөөг найдвартай хамгаалж, иргэд эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдэлнэ гэвэл Хүний эрхийн үндэсний хорооны гишүүдийг ард түмнээс сонгох ёстой. Сүүлийн жилүүдэд монголчуудыг хооронд нь талцуулж, баян хоосноор нь хувааж байгаа асуудал бол яахын аргагүй байгалийн баялгийн асуудал. Байгалийн баялгаа дундын хамтын өмч болгоогүй цагт энэ их хурц байдал, хэрүүл маргаан, нийгмийн ялгарал хуваагдал арилахгүй. Тийм учир нэгд, байгалийн баялгийг нийт ард түмний дундын хамтын өмч болгоё, хоёрт, шүүхийг, гуравт, хоёр танхимтай парламентыг, дөрөвт, Ерөнхийлөгчөөр төлөөлөн Засгийн газрыг, тавд, хүний эрх, эрх чөлөөг хянаж, хамгаалж байдаг байгууллага болох хүний эрхийн Үндэсний хорооны гишүүдийг ч ард түмнээр сонгуулъя. Ингэж “Засгийн бүх эрх мэдэл гагцхүү ард түмний мэдэлд байнга байна” гэсэн суурь зарчмыг хэрэгжүүлье гэж хэлэх байна. Би хүн муулалгүй буруу тогтолцоог шүүмжилж, зөв тогтолцоогоор сольё гэж хэлж байгаагаа товч тайлбарлалаа. Ойлгоход, хэрэгжүүлэхэд хэцүү биш. Ингэж чадвал нэг нам биш, нэг хэсэг хүн биш, нийт монголчууд хожно. Энэ таван асуудлыг нэн даруй шийдье, ард түмний саналыг асууя гэхээр эрх баригчид хөдлөхгүй байна. Энэ гаж тогтолцоог засаагүй цагт нэг нам улсыг аврахгүй. Нэг хүн ч аварч чадахгүй. Улс орныг зөв тогтолцоо л аварна. Тэр цагт хэн ч ажилласан улс орон зөв замаараа урагшилна.

-МАХН парламентад нэг суудалтай. С.Ганбаатар гишүүн Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх асуудлаар олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргахыг Ерөнхий сайдаас шаардаж өлсгөлөн зарласан. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Ганбаатар маань энэ асуудлаар олон жил тэмцэж байгаа. Тэгж тэмцсэнийх нь төлөө өчнөөн харлуулсан. Ер нь Оюу толгойн гэрээний асуудал эрх баригчдад улайссан чулуу шиг байдаг. Хэн ч зориглож барьж авдаггүй. 2019 онд Оюу толгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг ярья гэж байтал Г.Занданшатар, У.Хүрэлсүх, Х.Баттулга нар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэсэн нэрийдлээр Оюу толгойн гэрээний ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэхээс зайлж зугтсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялгийг ард түмнээс нь улам холдуулж, төр засгийн тогтолцооноос аливаа хариуцлага тооцдог механизмыг авч хаяад нэг нам, сонгуульд ялсан нэг намын дарангуйллын тогтолцоо болгож хувиргасан. Тэгээд залгаад 2020 оны сонгууль гээд улайраад явчихсан. Сүүлийн үед Оюу толгойн асуудал нэлээд яригдаж байна. Оюу толгойн эзэн болсон “Рио Тинто” компани Монголын Засгийн газрыг хууль бус татвар тавилаа, тэрийг нь төлөхгүй гэх зэргээр маргалдаж, яг ковидын цар тахлын хүнд үед Монголын талыг олон улсын арбитрын шүүхэд өгч нэхэмжлэл гаргасан. Үүний хариу болгож манай Засгийн газар тайлбар, нэхэмжлэл гаргах ёстой байтал тэгсэнгүй. Ингээд Оюу толгой Монголын улс төр, улс төрчдөөр тоглодог тоглоом болчихлоо. Энэ ордыг эзэмшиж байгаа “Рио Тинто” компани Монголын улс төрийг шууд болон шууд бус аргаар удирддаг болчихлоо гэж харж байна. Одоо шинэ Засгийн газар Оюу толгойн гэрээг Монголд ашигтай гэрээ болгон өөрчлөх тухай шийдвэр гаргаж ажлаа эхэлбэл сайн гэж бодож байна. Хэрэв энэ Засгийн газар зарим гишүүдийнх нь ярьж байгаа шиг Оюу толгойн гэрээг сайжруулан засч, Дубайн гэрээг хүчингүй болгож чадвал ядарсан ард түмнийхээ итгэлийг нэг хэсэг авч харьцангуй тогтвортой ажиллаж магадгүй. Хэрэв хэлсэндээ хүрч чадахгүй бол тогтвор муутай Засгийн газар болно. Энэ асуудлыг Энхбаяр, Ганбаатар хэлж, шахаж шаардаж байна гэж эмзэглэлгүй Оюу толгойн асуудлыг үнэхээр нухацтай авч хэлэлцээд, заавал МАН дангаараа бус бусад улс төрийн хүчнийг оролцуулж байгаад, хамгийн гол нь яаж шийдэхээ ард түмнээсээ асууж байгаад шийдэж болно шүү дээ. Эрх баригчид энэ гэрээг өөрчлөх юм бол Монгол Улс их хэмжээний торгуульд орчихно гээд байгаа. ЗГХЭГ-ын дарга болсон Нямдорж “Би Оюу толгойн гэрээг цээжээрээ хамгаална, энэ гэрээг оролдох нь аюултай асуудал” гэх зэрэг хариуцлагагүй юм ярьж, хүмүүсийг санаатайгаар төөрөгдүүлэн айлгасаар ирсэн. Тэгвэл монголчууд бид энэ асуудлыг олон улсын шүүхэд хүргэлгүйгээр, Монгол Улсыг торгуулахгүйгээр шийдэх арга бий гэдгийг мэдэж байгаа шүү дээ.

-Ямар арга?

-Их Британийн Засгийн газрын хэрэглэсэн арга. Их Британи Улс Европын холбоонд байх эсэхээ ард түмнээсээ асуусан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хэн ч маргалдаж чаддаггүй, маргалдаж болдоггүй эрхийн тухай ойлголт байдаг. Тухайн улсын ард түмний бүрэн эрхийн асуудал. Тус улсын ард түмэн бүрэн эрхийнхээ дагуу шийдсэн асуудлыг олон улсын шүүх, НҮБ, Лондон, Шведийн Стокгольмын шүүх, ер нь аль ч шүүх, байгууллага буруу гэж хэлж, дүгнэж чадахгүй. Ард түмэн өөрийнхөө улс орны нутаг дэвсгэр дээр ямар ч асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийдэх бүрэн эрхтэй. Тиймээс Оюу толгойн гэрээг өөрчлөх эсэхийг Монголын ард түмнээс асуух хэрэгтэй. Оюу толгойн гэрээг заавал ганцхан Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Х.Баттулга нар шийдэж чадна гэж бодоод, цаадуул нь шийдэх гээд байгаа юм шиг жүжиглээд, бид ч тэгэхийг нь хүлээгээд цаг хугацаа алдаад байх хэрэггүй. Энэ асуудлыг ард түмнээсээ л асуучих хэрэгтэй. Харин өнөөгийн эрх баригчид ийм санал гаргахгүй цаг хожоод байгаа юм. Санаатай, санаагүй нь мэдэхгүй юм. Би тэдэнтэй уулзаж байхдаа хэлж байсан. Оюу толгойн гэрээгээ өөрсдөө засч чадахгүй, шүүх дээр дуудагдахаас айгаад байгаа бол ард түмний санал асуулга явуулчих. Монголын ард түмнийг ямар ч шүүх дуудаж чадахгүй. Ард түмний санал асуулгыг ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаад явуулчих. Энэ ажлыг хийгээч ээ. Өөрсдөө ард түмнээс сонгогдчихоод одоо хамгийн чухал асуудлаар ард түмнээс асуухаасаа айгаад байж болохгүй шүү дээ. Хийж мэдэхгүй байгаа бол бусад улс төрийн хүчнийг уриач ээ. Бидэнд үүнийг ажил хэрэг болгоод өгөх мэдлэг, туршлага байна.

-Оюу толгойн гэрээг өөрчлөх эсэхийг ард түмнээсээ асуух ёстой гэж үзэж байгаа юм байна гэж ойлголоо.

-Би Оюу толгойн гэрээнээс болж өчигдрийн хамтран зүтгэгчид, өнөөдрийн өрсөлдөгчдөөсөө салсан. Тухайн үед Оюу толгойн гэрээн дээр Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, одоогийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нартай санал зөрсөн. Гэхдээ тэд намайг хилс хэргээр шоронд хийнэ гэж бодоогүй. Олон улсад том том гэрээ байгуулах, алдах, онох талаар ихээхэн мэдээлэл, туршлага хуримтлагдсан байна. Мөн сүүлийн үед эрдэмтдийн хийсэн судалгааны дүгнэлтүүдийг бас харах хэрэгтэй. Хамгийн гол нь энэ их баялаг Монголын нутаг дэвсгэр дээр байгаа гэдгийг тооцох ёстой. Бид харь улсын нутагт байгаа баялгийн хойноос хөөцөлдөөд байгаа юм биш шүү дээ. “Оюу толгой” гэдэг орд байгааг монголчууд өмнө нь огт мэддэггүй байсан юм биш. Мэдэж байсан учир Оюу толгой гэж нэрлэсэн. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг. Бидэнд ч бас санаа авахаар туршлага бий. Эргээд санахад, “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хотын талаар Цэдэнбал дарга, Бреженев гуай нар нэг чухал зарчим тохирсон байдаг. Тухайн үед Монголд мэргэжлийн боловсон хүчин байхгүй, мөнгө байхгүй, хууль эрх зүйн мэдлэг чадвар байхгүй, технологи байхгүй байжээ. Тэгэхээр Монгол Улс ЗХУ-тай тохирохдоо Зөвлөлтийн нөхдүүд технологио өгнө, мөнгөө оруулна, төмөр зам, цахилгаан станц, бүхэл бүтэн хот, үйлдвэрийн газрууд, сургууль, цэцэрлэг, орон сууц барина. Үйлдвэр тогтвортой ажиллахад хэрэгтэй бүх ажлыг хийнэ, тийм учир эхлээд 25 жилийн хугацаанд оруулсан хөрөнгөө нөхөж, ашигтай ажиллахын тулд үйлдвэрийн 51 хувь нь ЗХУ-ын мэдэлд байна гэж тогтжээ. Харин 25 жилийн дараа монголчууд хүсвэл “Эрдэнэт-ийн 51 хувийг шилжүүлэн авч, гэрээг өөрчилж болно гэж тохирсон байна. 2003 онд би Ерөнхий сайд байхдаа багтайгаа хамт их өрийн асуудлыг шийдэхдээ тухайн үед байгуулсан гэрээний энэ зарчимд тулгуурлан “Эрдэнэт”-ийн 51 хувийг Монголын талд авч гэрээг өөрчилсөн. Ингэж 2003 онд 11.7 тэрбум ам,доллартай тэнцэх их өрийг тэглэж шийдэхдээ “Эрдэнэт”-ийн асуудлыг хамтад нь шийдэж байсан. Хэдий том ч “Рио Тинто” нэг л компани шүү дээ. Тэгвэл бүхэл бүтэн ОХУ-тай том асуудлыг ингэж шийдэж чадаж, бас ингэж шийдэж болж байсан байна шүү дээ. Би Ерөнхийлөгч байхдаа Оросын нөхдүүдтэй хамтран ажилласан ийм сайхан жишээ байна. Нэг бол анхнаасаа Монголын тал 51-ээс дээш хувь авна. Харин 49 хувийг авч байгаа гадаадын хөрөнгө оруулагч бүх зардлыг даана гэж тохиръё гэсэн санал тавьсан. Гадныхан энэ болзол хүндхэн байна гэсэн. Тэгэхэд нь ЗХУ-ын жишээгээр эхлээд хөрөнгө оруулж байгаа тал нь 51-ээс дээш хувийг авч байгаад тодорхой хугацааны дараа Монголын талд 51-ээс дээш хувийг буцааж өгнө гэж тохиръё гэсэн. Та нар оросуудаас илүү биш гэхэд оросуудтай адилхан бай л даа гэж ятгаж байлаа. Гуравдагч хөрш орны төлөөлөгчид Оросоос илүү сайхан сэтгэл гаргах болов уу гэж бодсон чинь тэгж чадахгүй юм шиг байна. Оросууд шиг бай л даа гэсэн. Монголын талын 51 хувь дээр ямар нэг өр ирэхгүйгээр шийдье, яагаад гэвэл энэ бол Монголын баялаг. Ер нь ийм байр суурь баримталж ойлгуулж, ятгаж байгаад бараг хүлээн зөвшөөрүүлж чадсан. Гэтэл 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар намайг хуйвалдаж унагаагаад 2009 онд Оюу толгойн гэрээг байгуулах ажил гэрлийн хурдаар шийдэгдсэн. Ингээд энэ их баялаг гадныхны гарт очсон. Харин монголчууд баялгаа өгсөн биш өрөнд орсон. Ийм утгагүй гэрээ болсон. Оюу толгойн гэрээ байгуулагдаж байхдаа анх 2020-иод он гараад ногдол ашиг өгөх байснаа, янз бүрийн шалтгаар хойшилсоор одоо 2050 он гарч байж ногдол ашиг өгч магадгүй гэж хэлж байгаа. Ямар ч бизнесийн гэрээ 50 жилийн дараа ногдол ашгаа өгдөг байж таарахгүй. Тэгэхээр энэ бол муу гэрээ гэж дүгнэхээс өөр арга байхгүй. Өнөөдөр Ганбаатар, Энхбаяр нар гэнэт сэрчихээд тэмцээд байгаа юм биш. Бид энэ ордын асуудлыг Монголдоо ашигтай байхаар шийдүүлэх ёстой гэсэн зарчмыг анхнаасаа баримталж байсныхаа дагуу байр суурин дээрээ хэвээрээ байгаа юм.

Хэрэв өнөөгийн эрх баригчид энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол энэ тэмцэл цаашид ч үргэлжилнэ. Бид биш гэхэд шударга өөр залуус гараад л ирнэ. УИХ, Засгийн газар нь шийдэж чадахгүй байгаа бол Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг шийдвэрлэх санаачилгыг гартаа авч болно шүү дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд эх орондоо орон сууц, эзэмших боломж нээгдлээ

Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдэд тулгардаг нэг бэрхшээл нь эх орондоо өөрийн эзэмшлийн орон сууц худалдан авах боломжгүй байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор хэрэгжүүлж буй 1Home Төслийн удирдагч Л.Чинбаттай дэлгэрэнгүй яриа өрнүүллээ.


-Юун түрүүнд 1Home төс­лийн талаар товч танил­цуулахгүй юу?

-Энэ төслийн онцлог нь гадаад улсад ажиллаж, амьдарч буй монголчуудад эх орондоо өөрийн нэр дээр орон сууц худалдан авах боломжийг олгож байгаад оршино. Бид эдгээр иргэдэд орон сууц худалдан авах сонголт хийхэд нь зориулж нэгдсэн мэдээллийг агуулах www.1home.mn цахим платформыг хөгжүүлсэн. Санхүүжилтийн хувьд сонгосон орон сууцаа захиалгаар, бэлэн мөнгөөр болонзээлээр худалдан авах боломжтой бай­на. Орон сууцны захиалгын болонзээлийн холбогдох төлбөр тооцоог Sendly апп­ликэйшн ашиглан хурдан шуурхай шилжүүлэх боломжийг нээсэн. Нөгөөтэйгүүр, төсөлд нэгдсэн барилгын компаниудад орон сууцаагадаададбай­гаа иргэдэд хүргэх борлуу­лалтын албан ёсны шинэ суваг нээгдэж байна. Уг төс­лийн зорилго нь орон сууц­ны зээлийгбагцлан зах зээ­лийн нөхцөлтэй, ипотекийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргаж, олон нийтэд сур­талчлан таниулах явдал юм.

-Ямар үндэслэлээр энэ төслийг санаачлан, хэрэг­жүүлэх болсон талаар?

-Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдээсээ авсан бодит судалгаанд үндэслэсэн. Тус судалгаанызорилго нь орон сууц худалдан авахад тулгардаг нийтлэг бэрхшээл, худалдан авах чадвар, хүсэл сонирхлыг судлахад чиглэсэн. Тэдний 70 орчим хувь нь эх орондоо өөрийн байр, орон сууцгүй гэсэн дүн гарсан. Бас нэг сонирхолтой дүгнэлт нь дийлэнхиргэд эхорондоо бу­цаж ирэх тодорхой төлөвлөсөн хуга­цаа байдаггүй болох нь харагдсан. Орон сууцгүй байгаагийн үндсэн шалтгаан нь найдвартай, албан ёсны зууч, санхүүжүүлэх байгууллага байдаг­гүйтэй холбоотойбайгаагилэрхийлсэн байна.

-Төсөл хэрэгжүүлэгчийн талаар?

-ХөүмМоргейжКорпорейшн ХХК нь хөрөнгийн зах зээлд үйл ажиллагааявуулжбайгаад 2020 онд Санхүүгийн Зохицуулах Хорооноос хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрх­лэх тусгай зөвшөөрөл авч тус чиглэлд үйл ажиллагааг эхлүүлсэн. Бид санхүү, банкны чиглэлээр олон жил ажилласан чадварлаг, туршлагатай хамт олон бүрдүүлэн ажиллаж байна. Үүнээс гадна, орон сууц­ны санхүүжилтийн чиглэлд ажилласан туршлагатай болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийн хууль, эрх зүйн орчинг сайжруулахад гар бие оролцсон зөвлөхүүдийнхээ үнэтэй зөвлөмжийг авч байна.

-Гадаадад ажиллаж, амь­дарч буй иргэдийн талаар болон Улаанбаатар хотод хичнээн орон сууцны төсөл хэрэгжиж байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Албан бус мэдээгээр 197.0 мянга орчим иргэд гадаадад ажиллаж, амьдарч байна. Тэдгээрийн 80.1 хувь буюу 158.0мянга нь АНУ (40.1 мянга), Европын холбооны улсууд (43.7 мянга), БНСУ (50.8 мянга), Япон (16.3 мянга), Австрали (7.0 орчим мянга) гэх таван улс, бүс нутгуудад хамрагдаж байна.

Нөгөө талаас, үл хөд­лөх хөрөнгийн Тэнхлэг Зууч компанийн мэдээгээр Улаан­баатар хотод 2020 оны жилийн эцсийн байдлаар нийт 506 орон сууцны барилгын төсөл хэрэгжиж байна. Эдгээрээс 379 төсөл нь 64,728 айлын орон сууцны, 127 төсөл нь 3,608 амины орон сууцны төслүүд байна. Үүнээс, 239 төслийн 41,407 орон сууцны, 91 төслийн 2,922 амины орон сууцны борлуулалт хийгдэж эхэлсэн буюу захиалга авч байна.

Дээрх үзүүлэлтүүд орон сууцны зах зээлд борлогдох боломжтой орон сууц буюу нийлүүлэлт, гадаад улсад аж төрж буй иргэд талаас эрэлт байна гэдгийг харуулж байгаа юм. Чухам энэ эрэлт, нийлүүлэлтийг албан ёсны, мэргэжлийн байгууллага, хам­гийн гол нь орон сууц худалдан авч буй иргэдэд найдвартай үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна.

-Өмнө нь гадаадад байгаа иргэд орон сууц худалдан авч чаддаггүй байсан хэрэг үү?

-Өнөөдрийг хүртэл га­даадад байгаа иргэдэд орон сууц худалдах олон удаагийн оролдлогыг янз бүрийн байгууллагууд оролдож үзсэн байдаг юм билээ. Тулгамддаг гол асуудлуудын нэг нь тухайн иргэний нэр дээр орон сууцны гэрчилгээг гаргадаггүй, заавал Монгол Улсад байнга оршин суудаг эцэг, эх, хамаатан садан, найз нөхдийнх нь нэр дээр гаргаж өгдөгтэй холбоотой байгаа юм. Үүнээс үүдэн гэр бүл, найз нөхдийн хооронд элдэв төрлийн зөрчил, маргаан гарсан олон жишээ сонсогддог. Өөр нэг бэрхшээл нь зээлээр орон сууцаа худалдсан то­хиолдолд зээлийн төлбөрөө хэрхэн шилжүүлэх вэ гэдэг нь асуудал дагуулж байсан байна. Арилжааны банкаар шил­жүү­лэх тохиолдолд шимтгэл өндөртэй, ажлын хэд хоног хүлээгддэг, хувь хүмүүсээр дамжуулан шилжүүлэхэд эрс­дэлтэй зэрэг бэрхшээл тулгардаг байсан. Үүнийг бид Sendly мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр шийдсэн зэрэг өмнө шийдвэрлэгдээгүй байсан олон хүндрэл, бэрхшээлүүдийг бүрэн шийдвэрлэсэн гэж үзэж байгаа.

-Төсөл хэрэгжсэнээр хэнд, ямар давуу тал бий болох вэ?

-Юунтүрүүнд 1Home төс­лийн хэрэгжих хугацааг бид богино хугацаанд төлөвлөхгүй байгааг хэлэх хэрэгтэй. Нэгдүгээрт, гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд албан ёсоор, өөрийн нэр дээр гадаадад байх хуга­цаандаа буюу харьцангуй өндөр орлоготой байх үедээ орон сууцтай болох боломжтой болно.Хоёрдугаарт, барилгын компаниудын борлуулалтад дэмжлэг болох шинэ суваг нээгдэнэ. Гуравдугаарт, зах зээлийн нөхцөлтэй, ипотекийн зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэх цоо шинэ бүтээгдэхүүн бий болж Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд дэм болно. Дөрөвдүгээрт, гадаадаас Монгол Улсыг чиглэсэн хөрөн­гийн урсгал нэмэгдэх тул төлбөрийн тэнцэлд эерэгээр нөлөөлнө гэх мэт олон давуу тал бий болно.

-Төсөлд оролцогчдын талаар?

-Тус төсөлд нийт долоон тал албан ёсоор орлцохоор байна. Нэгдүгээрт, төсөл хэрэгжүүлэгч буюу Хөүм Моргейж корпорейшн ХХК нь ерөнхий төслийн хэрэг­жилтийг ханган ажиллах бөгөөд үндсэн чиг үүрэг нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааг дангаар хариуцан ажиллах юм. Хоёрдугаарт, орон сууцны төсөл хэрэгжүүлэгч барилгын компаниуд байх ба гадаадад байгааиргэдэдwww.1home.mn цахимплат­формоордамжуулан орон сууцыг санал болгож оролцно. Гуравдугаарт, олон улсын мөнгөн гуйвуулгын Sendly аппликэйш­нээр дам­жуулан орон сууцтай хол­боо­той төлбөр тооцоог гүй­цэтгэнэ. Дөрөвдүгээрт,www.1home.mn цахимплатформынбайнгын тас­ралт­гүй үйл ажиллагааг зуучийн байгууллага хариуцан ажиллана. Тавдугаарт, энэ төслийн хүрээнд байгуулагдах бүх гэрээ, хэлцлийг эрх зүйн талаас нь зөвлөх хуулийн фирм хамтран ажиллаж байгаа. Зургадугаарт, орон сууц худалдах, худалдан авахтай холбоотой хөрөнгийн болоод худалдан авагчийн эрсдэлийг даатгалын компани хариуцна. Долдугаарт, орон сууц худалдан авч буй гадаадад байгаа иргэд байх юм.

-Орон сууцны санхүү­жилтийн цаашдын чиг ханд­лагыг хэрхэн харж байна вэ?

-Анх орон сууцны зээлийг арилжааны банкууд санаачлан захзээлднэвтрүүлжбайсанбол 2012оноосМонгол­банк, Зас­гийнгаз­рынзүгээс“Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”, “Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий бол­гох хөтөлбөр”-ийг баталж найман хувийн орон сууцны зээл олгогдож эхэлсэн. Энэ хөтөлбөрийг анх Монголбанк бүрэн санхүүжүүлж байсан бол одоогийн байдлаар арилжааны банкуудынэхүүсвэрийг дайч­лан ашиглаж эхлээд байна. ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүү­­­жилтийн хөтөлбөр” нэг шаардлага нь Монголбанкийг дээрх хөтөлбөрийн санхүү­жилтийг бууруулах, цаашлаад уг хөтөлбөрөөс гарах байсан. Үүнээс үзвэл цаашид орон сууцны ипотекийн зээлийн санхүү­жилтийг үе шаттайгаар захзээлийнзарчимд шил­жүү­лэх чиглэл баримталж байна гэж харж байна.

-Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны талаар товчхон тайлбарлахгүй юу?

-Монгол Улсын Хөрөнгөөр баталгаажсан үнэт цааснытухай хууль 2010 онд анх бат­лагдсан нь энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэс болсон. Хуульд зааснаар, хөрөнгөөр батал­гаажсан үнэт цаас нь тусгайлан заасан хөрөн­гөөр баталгааждаг, хөрөнгө оруулагч нь уг хөрөнгийн орлогоос тэргүүн ээлжинд төл­бөрөө гаргуулах давуу эрхийг баталгаажуулсан хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм. Энэ хуулийн хүрээнд саяхныг хүртэл бидний мэдэх ипотекийн хөнгөлөлттэй зээлийг үнэт цаасжуулж ирсэн. Харин 2021 он гарсаар Инвескор ББСБ зах зээлийн нөхцөлтэй, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны схемийн дагуу анх удаа олон нийтээс хөрөнгө амжилттай татан төвлөрүүлээд байна. Энэ нь бидний зорьж буй зах зээлийн нөхцөлтэй, ипотекийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах боломж байгааг харуулсан маш том бөгөөд сайшаалтай ажил болсонд хувьдаа их талархалтай байгаа.

-Цагүеийннөхцөл байдал­­­­­тай холбоотойгоор “Ковид-19” цар тахлын үед бэрхшээл учирч байна уу?

-“Ковид-19” цар тахлын үед мэдээж хүндрэлтэй, цаг алдсан зүйлс тохиолдож байна. Наад зах нь хөл хорионы улмаас уулзалт зохион байгуулж санал солилцох боломжгүй болж, улмаар цаг хугацаа алдах бэрхшээл албан байгууллагууд бүрэн цахимжаагүй байгаатай холбоотойгоор гарч байсан. Энэ нь зөвхөн бидэнд ч биш бид бүгдэд тохиолдож байгаа бэрхшээлтэй асуудал болоод байна. Хөл хориотой холбогдуулж иргэдийн цалин, орлого тасалдах, улмаар банкны зээлээ төлөхөд хүндрэл учрах магадлалтай болж ирж байна. Энэ нь орон сууцны зах зээлд ч сөргөөр нөлөөлж байна. Учир нь арилжааны банкны зээлийн шаардлагыг улам цөөн иргэд хангах болсонтой холбогдуулан орон сууцны зээл олголт буурах хандлагатай байна. Энэ асуудал бидний хувьд боломж гэж харж байна. Учир нь цар тахал анх гарсан өндөр хөгжилтэй орнууд дасан зохицох арга хэмжээг эрт авч хэрэгжүүлснээс шалтгаалж га­даадад ажиллаж, амьдарч буй иргэдийн орлого тасалдах нь харьцангуйбуурсан. Энэнөхцөлбайдлыг бидний уулзаж, санал солилцсон барилгын компаниуд олж харсан нь анзаарагдсан.Цаг үеийн нөхцөл байдал бүхий л салбарт цахим шилжилт хийх шаардлага үүсгэж байна.

-Барилгын компаниудын хувьд танай төслийг хэрхэн харж байна вэ?

-Маш таатай хүлээн авч байгаа. Учир нь тэдний хувьд орон сууцны борлуулалт нэмэгдэх тусам сайн шүү дээ. Ихэнх барилгын компаниуд яг энэ сегментэд ажиллахыг ямар нэг хэмжээнд эрмэлзэж ирсэн байдаг юм билээ. Гэвч барилгын компанийн хувьд болон худалдан авагч талдаа учирдаг олон бэрхшээлүүд байна. Наад зах нь барилгын компаниуд гадаадад байгаа иргэддээ тухайн улсад нь очиж орон сууцны төслөө танилцуулах нь тэдний зардлыг нэмэгдүүлдэг. Мөн зээлээр худалдсан орон сууцныхаа төлбөрийг гадаадад байгаа иргэнээсхэрхэнхуваарийн дагуу авах, нөгөө талдаа га­даа­дад байгаа иргэний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг зээлээ төлж дуустал гаргах боломжгүй байх жи­шээтэй. Ер нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ худалдан авагчийн нэр дээр албан ёсоор гарна гэдэг нь тухайн хүн орон сууцны зээлээ итгэл үнэмшилтэйгээр төлөх үндсэн нөхцөл болдог. Дээрхээс гадна маш олон саад, бэрхшээл бий. Дэлгэрэнгүй яривал олон зүйл ярих байх.

-Төсөлд гадаадад байгаа хэчнээн иргэдийг хамруулна гэж тооцож байгаа вэ?

-Эхний ээлжинд бид АНУ-д амьдарч буй нэг мянган иргэдийг тус төсөлд хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Sendly мөнгөн гуйвуулгын үйлчилгээг цаашдаа Европын холбооны улсууд, Австрали, Япон, БНСУ-д нээх чиглэлээр хичээн ажиллаж байна. Эдгээр улсуудад ажиллаж, амьдарч буй дөрвөн мянган иргэдийг хамруулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Энэ оны эхний хагаст багтаад бид Австрали болоод Европын холбооны улсуудад Sendly мөнгөн гуйвуулгын үйлчилгээг нэвтрүүлнэ. Тус төслийн хувьд зөвхөн АНУ болон дээрх улс орнуудаар хязгаарлагдахгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Ерөнхийдөө гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа нийт хоёр зуу орчим мянган иргэдээс таван мянган хүнийг энэ төсөлд хамруулна гэсэн зорилттой байна.

-Ойрын үед төлөвлөж буй ямар ажлууд байна вэ?

-Бид Монгол Улсын Барилга, Хот Байгуулалтын яам, Монголын Барилгын Үндэсний Ассосиацитай хамтран “Орон сууцны зах зээлийн санхүү­жилтийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд цахим хэлэлцүүлгийг хоёрдугаар сарын есний өдөр зохион байгуулахаар ажиллаж байна. Тус хэлэлцүүлгээр Монгол Улсын макро эдийн засгийн ерөнхий төлөв байдал, чиг хандлага, орон сууцны талаар төрөөс явуулж буй бодлого, цар тахлынүед салбарын цахимжилт болоод орон сууцны зах зээлийн дэлгэрэнгүй тоон мэдээллийг олон нийтэд хүргэхийг зорьж байна. Үүнээс гадна, орон сууцны санхүүжилтийн боломж, шийдэл, эрх зүйн орчин зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ бидний хэрэгжүүлж буй 1Home төслийн товч танилцуулгыг хийх болно. Тус цахим хэлэлцүүлгийг тодорхой хүрээнд бус хүссэн хүн болгон оролцох боломжтой байдлаар зохион байгуулахаар хичээн ажиллаж байна.

-Барилгын компаниудад хандан юу гэж хэлмээр байна вэ?

-Бидний зүгээс 1Home төслийг эхлүүлэх зорилгоор сүүлийн зургаан сарын хугацааг гадаадад байгаа иргэдээсээ судалгаа авахаас эхлээд төслийн хүрээнд талууд хоо­ронд байгуулагдах бүх гэрээний төслийг хуулийн шаардлагад нийцүүлэн бэлтгэж дуусах хүртэл бүх ажлыг хийж гүйцэт­гэлээ. Иймд, гадаадад байгаа иргэддээ орон сууцаа албан ёсоор борлуулах сонир­хол­той барилгын компаниудад хандан хамтран ажиллахад нээлттэй байгаагаа хэлмээр байна. Түүнчлэн, гадаад улсад ажиллаж, амьдарч бай­гаа ир­гэддээ хандан манай үйл­чилгээ тун удахгүй нэвтрэх тул эх орондоо албан ёсоор орон сууцтай болох боломжийг бүү алдаарай гэж хэлмээр байна.

Бидэнтэй холбогдохутас: 70187700

Веб хуудас: http://hmc.mn/

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Харагчин хонь өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 4. Бархасбадь гариг. Билгийн тооллын 22, харагчин хонь өдөр. Өдрийн наран 08:16 цагт мандан 17:57 цагт жаргана. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй зүйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд эдлэл, идээ ундаа олно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө бүх нутгаар цас орохгүй. Өдөртөө Хангайн нурууны хойд хэсэг, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Орхон-Сэлэнгэ, Туул, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.