Categories
мэдээ нийгэм

Монгол оронд хамгийн сүүлд бүртгэгдсэн 10 газар хөдлөлт

Говь-Алтайд 5,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Өнөө өглөө буюу 2021 оны нэгдүгээр сарын 12-ны 05:33 минутад Хөвсгөл аймагт 6,6-6,8 магнитут газар хөдлөлт боллоо. Энэ газар хөдлөлт Хөвсгөл аймгийн Ханх суманд илүү хүчтэй мэдрэгдсэн ба Улаанбаатарт ч мөн газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн юм.

Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлснээр Монгол оронд хамгийн сүүлд дараах байршлуудад газар хөдлөлтүүд бүртгэгджээ.

2021.01.01-нд Өвөрхангай аймагт 3.8 магнитудын газар хөдлөлт

Өвөрхангай аймгийн Богд сумаас зүүн хойд зүгт 39 километрын зайнд газар хөдлөлт болжээ. Улаанбаатарын цагаар 2021 оны 01-р сарын 01-ны өдрийн 05 цаг 15 минут 00 секундэд Өвөрхангай аймгийн Богд сумаас зүүн хойд зүгт 39 километрын зайнд магнитуд нь М=3.8-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 44.98, уртраг 102.39.

2020.12.28-нд Увс аймагт 4.3 магнитудын газар хөдлөлт

Увс аймгийн Наранбулаг сумаас зүүн хойд зүгт 15 километрын зайнд газар хөдлөлт болжээ. Улаанбаатарын цагаар 2020 оны 12-р сарын 28-ны өдрийн 05 цаг 21 минут 17секундэд Увс аймгийн Наранбулаг сумаас зүүн хойд зүгт 15 километрын зайнд магнитуд нь М=4.3-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 49.48, уртраг 92.72.

2020.12.26-нд Дорнод аймагт 3.8 магнитудын газар хөдлөлт
Дорнод аймгийн Матад сумаас зүүн зүгт 87 километрын зайнд газар хөдлөлт болжээ. Улаанбаатарын цагаар 2020 оны 12-р сарын 26-ны өдрийн 14 цаг 39 минут 34 секундэд Дорнод аймгийн Матад сумаас зүүн зүгт 87 километрын зайнд магнитуд нь М=3.8-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 47.04, уртраг 116.43.

2020.11.21-нд Баянхонгор аймагт 4.1 магнитудын газар хөдлөлт
Баянхонгор аймгийн Баянлиг сумаас зүүн зүгт 27 километрын зайнд газар хөдлөлт боллоо. Улаанбаатарын цагаар 2020 оны 11-р сарын 21-ны өдрийн 02 цаг 58 минут 27 секундэд Баянхонгор аймгийн Баянлиг сумаас зүүн зүгт 27 километрын зайнд магнитуд нь М=4.1-тэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 44.44, уртраг 101.14.

2020.11.21-нд Баянхонгор аймагт 4.4 магнитудын газар хөдлөлт
Баянхоногор аймгийн Баянлиг сумаас зүүн зүгт 35 километрын зайнд газар хөдлөлт болжээ. Улаанбаатарын цагаар 2020 оны 11-р сарын 21-ны өдрийн 01 цаг 52 минут 30 секундэд Баянхонгор аймгийн Баянлиг сумаас зүүн зүгт 35 километрын зайнд магнитуд нь М=4.4-тэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 44.52, уртраг 101.26.

2020.11.16-нд Ховд аймагт 3.6 магнитудын газар хөдлөлт
Ховд аймгийн Дарви сумаас зүүн зүгт 9 километрын зайнд газар хөдлөлт болжээ. Улаанбаатарын цагаар 2020 оны 11-р сарын 16-ны өдрийн 05 цаг 44 минут 10 секундэд Ховд аймгийн Дарви сумаас зүүн зүгт 9 километрын зайнд магнитуд нь М=3.6-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 46.88, уртраг 93.70.

2020.11.15-нд Хөвсгөл аймагт 3.6 магнитудын газар хөдлөлт
Хөвсгөл аймгийн Ханх сумаас хойд зүгт 173 километрын зайнд газар хөдлөлт болжээ. Улаанбаатарын цагаар 2020 оны 11-р сарын 15-ны өдрийн 14 цаг 18 минут 23 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумаас хойд зүгт 173 километрын зайнд ОХУ-н нутагт магнитуд нь М=3.6-тай газар

2020.11.15-нд Говь-Алтай аймагт 4.1 магнитудын газар хөдлөлт
Говь-Алтай аймгийн Цогт сумаас баруун урд зүгт 25 километрын зайнд газар хөдлөлт болжээ. Улаанбаатарын цагаар 2020 оны 11-р сарын 15-ны өдрийн 04 цаг 05 минут 48 секундэд Говь-Алтай аймгийн Цогт сумаас баруун урд зүгт 25 километрын зайнд магнитуд нь М=4.1-тэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 45.25, уртраг 96.36.

2020.11.13-нд Дорнод аймагт 4 магнитудын газар хөдлөлт
Дорнод аймгийн Халхгол сумаас баруун зүгт 124 километрын зайнд газар хөдлөлт болжээ. Улаанбаатарын цагаар 2020 оны 11-р сарын 13-ны өдрийн 23 цаг 30 минут 38 секундэд Дорнод аймгийн Халхгол сумаас баруун зүгт 124 километрын зайнд магнитуд нь М=4.0-тэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 47.75, уртраг 116.98.

2020.11.13-нд Дорнод аймагт 3.6 магнитудын газар хөдлөлт
Дорнод аймгийн Матад сумаас зүүн зүгт 79 километрын зайнд газар хөдлөлт болжээ. Улаанбаатарын цагаар 2020 оны 11-р сарын 13-ны өдрийн 08 цаг 41 минут 30 секундэд Дорнод аймгийн Матад сумаас зүүн зүгт 79 километрын зайнд магнитуд нь М=3.6-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 47.00, уртраг 116.32.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авах 10 алхам

Газар хөдлөлтийн үед СУУ, НУУГД, ХҮЛЭЭ гэсэн гурван гол даалгаврыг баримтална.

Улаанбаатар хотын есөн дүүрэгт зарлан мэдээлэх дуут дохиоллын нийт 60 цамхаг, гурван телевиз, 10 богино долгионы радиогоор гамшгийн дуут дохиог өгнө. Улаанбаатар хотын 470 мянган га газрын 27860 гаруй га газрыг барилгажсан талбайд Монгол Улсын хүн амын 30 гаруй хувь нь амьдарч байна. ОБЕГ-аас гаргасан 2018 оны мэдээгээр Улаанбаатар хотын бүс нутагт 926 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Иймд болзошгүй гамшиг ослоос хүн, мал амьтан, хүрээлэн буй орчныг хамгаалах, гамшгийн бэлэн байдлыг хангах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй юм.

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авах 10 алхам:

1. Аюулгүй орон зайг тодорхойлох– Байшин дотор хамгийн аюул багатай газар нь даацын хананы хажуу булан байдаг. Гэр дотроо хамгийн аюулгүй гэсэн 3-4 цэгийг тодорхойлж өрхийн гишүүн бүрт хэлж таниул. Мөн ажлын газар, сургууль, цэцэрлэг гэх мэт ихэнх цагаа өнгөрүүлдэг газруудынхаа аюулгүй орон зайг тодорхойл.

2. Тавилга, эд хогшлоо бэхлэх- Том тавилгууддаа дарагдаж бэртэхээс сэргийлж аль болох хананд нь бэхэл. Гарах гарцыг хааж болзошгүй тавилга бүү тавь, шилэн эдлэл хагарахаас сэргийл. Унтаж байхад орон дээр унаж, гэмтээх эд зүйл бүү тавь.

3. Сургалт, дадлагад хамрагдах- Газар хөдлөлтийн сэдвээр зохион байгуулсан сургалтад хамрагд. Орон байраа орхин гарах дадлага сургууль хий. Сурснаа бусдадаа зааж сурга.

4. Бэлэн байдлын цүнхтэй болох- Гэртээ чүдэнз, лаа, гар чийдэн гэх мэт нөөц гэрэл үүсгэгч, аль болох удаан хадгалагдах илчлэг сайтай хүнс, ус, хоолны хэрэгсэл, радио, анхны тусламжийн цүнх, ариун цэврийн хэрэгсэл, дулаан хувцсаа нөөцөл. Чухал шаардлагатай бичиг баримтуудын хуулбараа ус нэвтрэхгүй газар хадгал. Тэдгээрийг хаана байрлуулсныг болон яаж ашиглахыг хүн бүр мэддэг байх.

5. Уулзах цаг, амьдрах газраа товлох- Газар хөдлөлтөөс үүдэн гар утас, цахилгаан холбоо тасарсан тохиолдолд гэр бүлийнхэнтэйгээ уулзах газраа товло.

6. Чичирхийлэл мэдрэгдэх үед- Барилга дотор байвал цахилгаан болон хий, усны шугамыг хааж аюулгүй газарт түр хүлээнэ. Чичиргээ зогссоны дараа байгаа газраасаа тайван гарч, аюулгүй талбайд оч.

7. 1-2 минутын дараа- Чичирхийлэл намдмагц гал гарч болох эх үүсвэрүүдийг шалгаж унтраа, гэр бүлийнхнээ эсэн мэнд эсэхийг тодруул. Цахилгаан шат хэрэглэж болохгүй. Уул хадтай газарт яваа бол чулуу унах хөрс нурахаас сэргийл. Гадаа яваа бол блокон хашаа нурах, самбар, хагарсан унаж ирэхээс болгоомжил.

8. 3 минут!!!- Хүмүүсийн эсэн мэнд эсэхийг шалга, гал түймэр гарахаас сэргийл. ойр орчимд гал түймэр гарвал чанга дуугаар хүмүүст мэдэгдэж, гал унтраах арга хэмжээ ав.

9. 5 минут !!! – Дүрвэж гарахдаа хийн зуухны хоолой, цахилгаан таслах хөшүүргийг дахин шалгах, бэртсэн, шархадсан хүмүүсийг аврах, анхны тусламж үзүүлэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дамжуулж буй мэдээг анхааралтай сонс.

10. 10 минут өнгөрснөөс хойш- Хүчээ нэгтгэн гарсан галыг унтраа, аврах, яаралтай тусламж үзүүлэх ажиллагаанд ор, цуу ярианд автахгүй бай, хохирлын мэдээг цуглуул, харилцан туслах сэтгэлтэй бай.

Categories
мэдээ нийгэм

Зэрлэг амьтдыг автомат камераар хянаснаар хамгааллын ажилд бодит ахиц гарах боломж нэмэгдэж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин газрын хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хүрээнд биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийн үйлчилгээг сайжруулах чиглэлийн олон ажлуудыг хийж, хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь Монгол орны нэн ховор амьтныг хамгаалах, хулгайн анд өртөх байдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор төслийн бүс нутагт автомат камтеруудыг тодорхой байршлуудад тавьж ажиллаж байна. Ингэснээр зэрлэг ан амьтдыг хамгаалах ажилд бодит ахиц гарч байгаа юм. Тухайлбал, Зармангийн говийн өргөн уудам газар нутагт байгаль хамгааллын ажиглалт, судалгааны ажил хийхдээ дуран л ашигладаг байсан Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.Ичинхорлоогийн ажлын арга барил, чанарт өөрчлөлт орж тодорхой байршлаас цаг хугацааны нарийвчлалтай,баримттай мэдээлэл цуглуулдаг болж эхэлсэн байна.

Хяналтын автомат камертай болсноор сумын нутаг дэвсгэрт байгаа зэрлэг амьтдын мэдээллийн санг үүсгэж, бичиглэл бүртгэл хийх боломжтой болсон тухайгаа байгаль орчны улсын байцаагч Д.Ичинхорлоо ийнхүү ярьсан юм.

Зэрлэг амьтдын усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор манай сумын нутагт гаргасан “Бургасны амны” нарны өргүүртэй худаг болон янгир ямаа ихтэй “Цагаан хайрхан” ууланд автомат хяналтын камеруудад суурилуулан ажиглалт судалгааны ажлын бичиглэл баталгаажуулалт хийж байна. Нарны өргүүртэй худаг орчмын камерийн мэдээлэл, мөр зэргийг харахад энэ орчимд мал бэлчээрлээгүй, ус уугаагүй байгаа нь малчид зэрлэг амьтдын амьдрах орчныг сайржуулах ажлыг дэмжиж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байна. Түүнчлэн энэ жил газрын гарц муу байгаатай холбоотой янгир ямааны тарга хүч муу байгаа нь автомат хяналтын камерын бичлэгээс харагдаж байгаа учир биотехникийн арга хэмжээ авах ажил маш чухал байгаа. Энэ мэтчилэн зэрлэг амьтны амьдрах орчны нөхцөл байдлыг үнэлэх,цаашид авах арга хэмжээг тодорхойлох боломжийг хяналтыг автомат камерууд бий болгож байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл аймагт орон нутгийн цагаар 05:33 минутад 6.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо

Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болсон байна.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно:

Эдгээр газар хөдлөлт нь Улаанбаатар хотын төвөөс 1000 орчим км-ийн зайд болсон ч газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн бол Улаанбаатар хотод 4-6 баллаар буюу унтаж байсан иргэд сэрсэн, гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан гэх зэргээр мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Монгол Улсад 30 жилийн өмнө буюу 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6,5 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болж байжээ гэж Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүслэгдсэн Ленинград шиг Улаанбаатараас хөдөө рүү тусламж явуулж байх юм даа

Дэлхийн хоёрдугаар дайны үед хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн Ленинградын бүслэлтийн тухай сонсоогүй, дуулаагүй уншигч цөөнгүй байж мэднэ. Бүслэлтийн үеэр амиа алдсан 1.5 сая хүний 97 хувь нь өлсгөлөн өвчнөөр өөд болсон, бүслэлтээс хойш гурван сарын дараагаас гудамжинд харангадаж үхсэн хүмүүсийн цогцос харагдаж эхэлсэн, өлсгөлөн иргэд муур, нохой, хархаа идэж, бүр сүүлдээ арьсан гутал, ширэн бүс буцалгаж амь зогоож байсан гэх мэт сэтгэл эмзэглэм айдаст түүхүүдээр нь хүн төрөлхтөн Ленинградын бүслэлтийг гашуудан дурсдаг. Өнөөдөр Улаанбаатар өнгөрсөн зууны Ленинградтай жишиж болохуйц бүслэлтэд орчихжээ гээд дүгнэчихэд хэтрүүлсэн болохгүй байх. Өнгөрсөн зууны дундуур ленинградчууд Гитлерийн бүслэлтэд, их дайны хөлд төсөөлшгүй зовлон туулсан бол энх цагт Улаанбаатарчууд тахлын хөл хорионд тарчиг хэцүү аж төрж сууна.

Халуун намраар ковидын карантин эхэлсэн. Залгуулаад өвлийн хахир хүйтэн өдрүүд үргэлжилж байна. Ид намраар зогсоолд нь тавьсан машинууд одоо ч тэндээ хөлдүүс болж нам зогссон хэвээрээ, намрын налгар өдөр үүдээ хаасан үсчин гоо сайхан, элдэв үйлчилгээний газрууд өнөө ч хаалгаа барьсан янзаараа. Машинаараа халтуур хийж, үс засч, гоо сайхны үйлчилгээ үзүүлж, лангуу түрээсэлж бараа зарж гээд чадах ядахаараа, эрвийх дэрвийхээрээ хөдөлж амьжиргаагаа залгуулдаг иргэд хөл хорионы хэдэн сар орлого мөнгөгүй хамгаа барж суугаа нь гашуун үнэн. Засгийн газар ковидын сураг дуулдсан түрүү жилийн эхнээс л хувийн хэвшлээ шоовдор хүүхэд шиг илүү үзэж хатавчныхаа хавьд суулгасаар өнөөг хүрсэн. Хатавч бараадсан шоовдор хүүхэд мэт адлагдсаар ирсэн хувийн хэвшлийнхэн тахлын хорион дунд аргаа барж яваа. Олон компани хаалгаа барьж, үйл ажиллагаа нь арай зогсчихоогүй амьтай голтой хэд нь ажилчдаа халж, зардлаа аль байдгаараа танаж, юм юм л болж байна. Товчхондоо бүх бизнес зогссон бүүдгэр өдрүүд үргэлжилж байна.

За тэгээд Нарантуул дээр тэрэг түрж бараа зөөдөг тэрэгчин хүү, гутал тосолж, гудамжинд тамхи бохьхон ширхэглэдэг настнууд, Долоон буудлын хавьд хонины толгой, шийр, ногоо, жимс, аяга шанагахан зардаг иргэд, ТҮЦ түрээслэгчид, дугуй засварынхан гээд өдөртөө олсон мөнгөөрөө амь зуудаг хэсгийн тухай ярих юм биш. Өвлийн тэсгим өдрүүдэд тэд яажшуухан амьдарч байгаа бол. Төсөөлөхөд ч хэцүү байна. Их хотын эд эс болсон тэднийг засаг төр нь “Улаан загалмай”, “Ид шидийн орон”, хүнсний талон, хүүхдийн мөнгө мэтхэнд найдаад орхичихсон нь нуугаад байх юмгүй ил үнэн. Шуудхан хэлэхэд, амьдрал нь таг зогссон сая гаруй хүн тахлын хөл хорионд бүслэгдэж, дөрвөн уулын дундаа гэр гэртээ ажил ч үгүй, орлого ч үгүй аж төрж байна.

Яг ийм үед Засгийн газар хөдөө тийш хүчит тэжээлийн тусламж илгээхээ ид бахтайгаар зарлаж байх юм. Өвөлжилт хүндэрсэн таван аймгийн 45 мянга гаруй малчин өрх тус бүрт 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний хүчит тэжээлийн тусламж үзүүлэх юм байх. Тэжээл ачсан машинууд эхнээсээ аймгууд руу цуваад эхэлчихэж. Малчдад тэжээл хүргэж өгөх машины жолооч нарт Ерөнхий сайд талархал илэрхийллээ гэсэн утгатай мэдээ Монгол Улсын Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд дурайж байна. Цар тахлын хүнд өдрүүдэд банкны өндөр хүүтэй зээлд дарлуулсан ч сая хүнийг цалинтай орлоготой авч яваа хувийн хэвшлийнхнээ дэмжих нь битгий хэл ад шоо үзсээр байгаа Засгийн газрын тэргүүн маань хөдөө тийш хүчит тэжээлийн цуваа илгээж, малчдад хайр зарлаж суугаа нь хачирхмаар хэрэг шүү. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн эрх баригч МАН-д, намын дарга, улстөрч У.Хүрэлсүхийн хувьд малчдад ийн хайр зарлах нь ашигтай нүүдэл байх. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд бол хэтэрхий мугуйд шийдвэр гэж харагдаад байна.

Уг нь мань эр өдийд хувийн хэвшлээ бага хүүтэй, дажгүй нөхцөлтэй зээлээр дэмжихээ мэдэгдэж, тахлын хөл хорионд суугаа иргэдийнхээ ахуйд нэмэр тус болсон шийдэл гаргасан шигээ суусан бол жинхэнэ Ерөнхий сайд шиг харагдах байлаа. Улсынх нь нийслэл бүслэгдсэн Ленинград шиг хэцүү байдалд орчихоод байхад тахлын мөр байтугай үнэр ч үгүй, амар жимэр ажин түжин суугаа хөдөөгийнхөнд гадаадын үнэтэй тэжээл үнэгүй бэлэглэсэн шигээ сууж буйг яг юу гэж ойлгох вэ. Тахалгүй, өвчингүй байна гэдэг амьдрал хэвийн өрнөж байна гэсэн үг. Амьдрал нь хэвийн өрнөж буй аймгуудад тахлын хорионд орсон нийслэлээс тусламжийн цуваа илгээж байгааг яаж ч харсан зөвтгөх шалтгаан олдохгүй байна.

Малчдын мал нь хувийн өмч. Тэд малынхаа мах, сүүг борлуулаад олсон бүх л ашгаа өөрсдөө хүртдэг. Хувийнх нь өмч учраас тэгэх нь ч тодорхой. Тэгэхээр хувийн өмчөө хамгаалж цас зуданд алдчихгүй байх үүрэг нь ч малчдынх байх учиртай. Зах зээлийн жам нь тийм. Өмчийнхөө ашгийг өөрөө хүртэнэ, ашгийг нь хүртэж буй өмчөө өөрөө хамгаална. Дэлхийн аль ч улсын иргэд ийм зам жамыг туулсаар өнөөг хүрсэн. Бодит үнэн нь ийм атал Засгийн газар олсон жаахан мөнгөө тахлын хөл хорионд хэцүүдсэн хувийн хэвшлээсээ харамлаж, хөдөө тийш малын тэжээл болгон урсгах нь яаж ч бодсон зөв шийдэл биш. Товчхондоо Монгол Улсын эдийн засаг бол Улаанбаатар. Монгол Улсын хүн амын талаас илүү нь дөрвөн уулын дунд аж төрдөг. Ийм том онцлогтой нийслэл нь тэр чигтээ тахалд бүслэгдчихээд, улсынх нь иргэдийн тал хувь нь ажил, орлогогүй нам суучихаад байхад ийшээ биш тийшээ анхаараад суух юм даа, манай засаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэрийн тэжээвэр үнэг үсээ самнуулах дуртай

Улаан үнэг хуурай газрын махан идэштний дунд хамгийн өргөн тархалттай зүйл. Өргөн тархалттай болоод ч тэр үү, энэ амьтныг гэрт тэжээх, гаршуулах үзэгдэл нэмэгджээ. Тэр бүү хэл “Үнэгийг хэрхэн гаршуулах вэ” гэдэг номыг Оросын судлаачид олны хүртээл болгочихоод байна. Үнэгийг гаршуулах судалгааны ажил Сибирьт 60 жилийн турш өрнөсөн бөгөөд түүнийх нь үр шим нь уг ном юм. Энэ судалгааны талаар доор өгүүлнэ.

Монгол ардын аман зохиолд үнэгийг зальтай, хууран мэхлэгчийн дүрээр дүрсэлж ирсэн нь энэ амьтны талаар хүмүүст ташаа ойлголт өгсөн тал бий.

Орос төдийгүй барууны орнуудад үнэгийг гэрт тэжээх нь олонтаа тохиолдох боллоо. Лондон хот хамгийн олон үнэгтэй. Энэ хотод үнэг орж ирж, хогийн сав ухаж хүнс эрэх, савтай хогийг асгах, машин дээр гарах, хоол өгдөг айлын гадаа бөөнөөрөө цугларах үзэгдэл элбэг. Гудамжуудаар үнэгнүүд золбин ноход шиг л гүйлддэг. Лондонгийн үнэгнүүдийг судлахад тархины хэмжээ нь зэрлэгээр байгальдаа амьдарч буй үнэгнийхээс багассан байжээ. Үүнээс “Үнэг гэрийн тэжээмэл амьтан болох эволюцид орж эхэлжээ” гэж дүгнэсэн байдаг.

Гэртээ үнэг тэжээдэг хүмүүс “Үнэг бол хөөрхөн, хөгжилтэй. Жижиг биетэй нохой, эсвэл гөлөгнүүдтэй төстэй. Гэхдээ яг нохой шиг ааш аягтай биш шүү, өөр” гэжээ. Улс орнуудын хууль тогтоомжоос хамаарч зарим оронд энэ амьтныг аюултай гэж үзэж гэрт тэжээхийг хориглодог. Хэрвээ та үнэгийг гаршуулах гэж байгаа бол Ан, амьтны тухай хуулиа эхлээд судалж үзэхийг үнэг тэжээхээр зорьж байгаа хүмүүст зөвлөдөг юм байна.

Үнэг гаднах өнгө зүснээсээ эхлүүлээд дотроо олон төрөл, зүйлтэй. Тэр дунд Fennec үнэг нь хүний дэргэд удаан хугацааны турш байж, гэрийн тэжээмэл гэж нэрлэгдэх хэмжээний төрөл нь. Жижигхэн биетэй, улаандуу, улбар шар зүстэй, том чихтэй энэ үнэг сайхан ааш зангаараа алдартай. Маш эелдэг, найланхай. Зарим улс оронд энэ төрлийн үнэгийг албан ёсоор “Гэрийн тэжээвэр амьтан” гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.

Харин улаан үнэгийг гэрийн тэжээмэл, дуулгавартай амьтан гэж төдийлөн хэлэх боломжгүй ч байшинд амьдарч чаддаг, нохой, мууртай эвтэй байдаг гэнэ. Fennec үнэгийг бодвол биеийнх нь үнэр илүү хурц, газар ухах, юм малтах төрөлхийн зан үйл нь идэвхтэй. Хөдөлгөөн шалмаг, тоглож гүйж харайх дуртай. Жижиг орон зайд уйтгарладаг учир том саруулхан байшинтай айлд тэжээхэд тохиромжтой.

Харин Сибирь, Арктикийн үнэгийг ихэнх оронд гэрийн тэжээвэр амьтан гэж үздэггүй ч улаан үнэгтэй адил зан чанартай.Зэрлэг, улаан үнэг махан идэштэн. Тэд жижиг мэрэгчид, шувууд, элбэнх, шавьж, хэвлээр явагч, жимс жимсгэнэ иддэг бол тэжээвэр үнэг нохойны зориулалтын хоол, шавьж, жимс жимсгэнэ, хүнсний ногооноос гадна хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр хооллодог.

Новосибирск хот дахь үнэгний үржлийн ферм бол олон хүний анхаарлыг татдаг газар. Энд 1959 оноос хойш хамгийн сайн үүлдрийн үнэгнүүдийг сонгон авч үржүүлж, хэрхэн гаршуулах талаар гарын авлага боловсруулжээ. Бүтэн жарны турш үргэлжилсэн судалгааны явцад үнэгний өнгө зүс нь өөрчлөгдөж, чихнийх нь соотгор бууж унжуу болж, сүүл нь ч сагсгар байхаа больжээ. Эдгээр шинж нь энэ амьтныг гэрийн тэжээвэр амьтан болжээ гэж дүгнэхэд хүргэсэн байна. Сибирийн тэжээвэр үүлдрийн үнэгтэй болъё гэвэл 7-12 мянган долларын үнэтэй.

Үнэг тэжээхээр сонирхож байгаа хүмүүст үнэг тэжээгчид дараах зөвлөгөөг өгчээ.

-Үнэг бол аюултай амьтан. Түүнийг айлгах, булан тохойд хашиж байгаад ширүүн авирлавал тэр өөрийгөө хамгаалах байгалийн зөнгөөрөө тан руу, хүүхэд рүү дайрах болно.

-Эрх чөлөө түүнд чухал. Түүнийг тайван, дөлгөөн, хүмүүжилтэй байлгахын тулд тийм хэмнэлд дасга. Яагаад гэвэл үнэг тоглох дуртай амьтан.

-Үнэгтэйгээ тогло. Харин тоглох үедээ эзэн нь түрэмгий зан авир гаргаж болохгүй.

-Яаж тоглох вэ гэхээр бөмбөг шид. Бөмбөг авчруул. Мэрэгч амьтныг агнах дуртай учир энэ тоглоомонд дуртай.

-Муур, нохойнд торон үүр бэлддэг шиг үнэгтээ ч тийм үүр бэлд.

-Нүх ухах дуртай учир хашаандаа ухах газар гаргаж өг.

-Үнэгийг гэртээ ганцааранг нь үлдээхдээ торонд цоожил.

-Үнэг агаарт дуртай. Түүнийг хүзүүвчтэй болгож, хөтөлж салхилуул. Дагаж гүйхээс илүү өөрийнхөө алхаанд тааруулж хөтөл.

-Үнэгийг өвөлдөө дулаан өрөөнд байлгах ёстой.

-Муур, нохойны үсийг самнаж, зориулалтын шингэн савангаар угаадаг шиг л үнэгээ арчлаарай.

-Үнэг үсээ самнуулах хачин их дуртай. Саманд дуртай шүү. Магадгүй түүний хамгийн дуртай зүйл нь энэ байх. Самнуулаад л эрхлээд хэвтэх дуртай.

-Үнэг байгальд байдаг шигээ гадаа бие засах дуртай.

-Заримдаа сүүн бүтээгдэхүүн, загас, өндөг өгч болно.

Үнэг бол гэрт байхад их сайхан, тансаг мэдрэмж төрүүлдэг бөгөөд буйдан, хивсэн дээр цагираглаж хэвтэж, жартгар нүдээрээ харах нь инээмсэглэж буй бүсгүй мэт. Энэ жижигхэн амьтан ер бусын эелдэг, эзнийхээ даалгаврыг боловсноор биелүүлдэг маш ухаантай бөгөөд гэрийн бусад тэжээвэр амьтадтай маш нийцтэй байдаг аж.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан бич өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 12.Ангараг гариг. Билгийн тооллын 29, цагаан бич өдөр. Өдрийн наран 08:39 цагт мандан 17:22 цагт жаргана. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 14-16 хэм хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруунаас, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр баруунаас, нутгийн хойд хэсгээр баруун хойш эргэж секундэд 8-13 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Төр засаг өөрсдөө мэд гээд орхилоо, амь амиа бодоорой” ​хэмээн өгүүллээ​​​ ​ ​​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Цар тахалтай
холбоотойгоор газрын тос
боловсруулах үйлдвэрийн
барилгын ажил хором ч зогсоогүй”
хэмээв нийтлэлийг I- V нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Таван толгой Зүүнбаян чиглэлийн төмөр замын
төсөл нь Монгол Улсын стратеги,
геополитикийн хувьд асар өндөр ач
холбогдолтой бүтээн байгуулалт” гэв.

Монгол Улсын
Боловсролын Их
сургуулийн захирлын
үүрэг гүйцэтгэгч, доктор
Д.Мандах “Сургалтын төлбөр
нэмэгдсэн зүйл байхгүй”
хэмээв.

“Өдрийнсонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Төр засаг өөрсдөө мэд гээд орхилоо, амь амиа бодоорой” хэмээн өгүүллээ.

Хууль зүй, дотоод
хэргийн яамны Төрийн
нарийн бичгийн дарга “Б.Баасандорж “Шүүхийн хууль
батлагдсанаар иргэдийн шударга шүүхээр
шүүлгэх эрх улам бүр баталгаажина” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу

. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Шинээр зарлагдсан гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүд

2021 он гараад шинээр зарлагдсан оюутан солилцоо болон гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж байна.

1. Глобал Ugrad хөтөлбөр

Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн нэг, хоёр, гуравдугаар курсийн оюутнуудад өөрийн сурч буй мэргэжлээрээ АНУ-ын их дээд сургуулийн багш, сурагчидтай хамт суралцаж, сургалтын системтэй танилцах боломжийг олгох зорилттой оюутан солилцооны хөтөлбөр юм.

Санхүүжүүлэгч: Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2021 оны нэгдүгээр сарын 4-нөөс хоёрдугаар сарын 28 хүртэл

Хөтөлбөрт тавигдах үндсэн шалгуур:

1. Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх;

2. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 1, 2, 3-р курсийн оюутан байх;

3. 3.0-аас доошгүй голчтой байх;

4.Англи хэлний чадвар сайтай байх (TOEFL IBT 61 эсвэл TOEFL ITP/PBT 500 оноо авах чадамжтай байх);

5. Өргөдөл гаргагч нь 18-24 настай байх;

6. АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.

Үргэлжлэх хугацаа: Хөтөлбөр нэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд үргэлжилнэ

Нэмэлт: Англи хэлний шалгуураас бусад шалгуурт тэнцсэн цөөн тооны оюутнуудад нэг улирлын Англи хэлний сургалтыг санал болгодог ба үүнд орон нутгийн, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл бусад онцгой хүндэтгэх шалтгаантай оюутнуудыг хамруулна. Англи хэлний сургалт намрын улиралд явагддаг ба сургалтад хамрагдах шаардлагатай оюутнууд намар АНУ-ыг зорьж хэлний сургалтад хамрагдсаны дараагаар хөтөлбөрөө хаврын улирлаас эхлүүлнэ. Иймд эдгээр оюутнуудын хөтөлбөр жилийн хугацаатай байна.

Тэтгэлэгт дараах зүйлс багтах болно:

Тээврийн бүх зардал: Олон улсын болон дотоодын аялал (нэр дэвшигч нь Улаанбаатар хотоос өөр газар оршин суудаг тохиолдолд дотоодод хийгдэх визтэй холбоотой аяллын зардал зэрэг орно);

Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал: Оролцогчид их сургуулийн дотуур байранд байрлаж, хоолны болон нэмэлт зардлын тэтгэмж авна;

Эрүүл мэндийн даатгал: Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана;

Визний зардал: АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө;

Аяллын тэтгэмж: ;Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмж олгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

2. Уханий их сургуульд суралцах Хятадын Засгийн газрын 2021 оны тэтгэлэгт хөтөлбөр

Хятадын Засгийн газраас олгодог энэхүү тэтгэлэг нь тус улсад суралцах гадаадын оюутнуудын тоог нэмэгдүүлэх зорилготой юм. Зөвхөн магистр, докторын зэрэг горилогчид бүртгүүлэх боломжтой. Магистрын зэрэгт гурваас доош, докторт дөрвөөс доош жил тус тус суралцах ба хэлний хувьд Хятад, Англи хэлний дунд төвшинтэй байхыг шаардаж байна. Харин горилогчийн насны хувьд магистрын зэрэгт 35 наснаас доош, докторын зэрэгт 40 наснаас доош хүн өргөдөл өгөх боломжтой.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

– Сургалтын төлбөр

– Байр, сурах бичиг

– Эрүүл мэндийн даатгал

– Сар бүр магистрын зэрэг 3000 юань

– Докторын зэрэг 3500 юаний тэтгэлэг тус тус багтжээ.

Мөн тэтгэлэгт тэнцэж БНХАУ-ын Ухань хотод ирж суралцагч гадаадын иргэн нь эрүүл мэндийн хувьд сайн байх шаардлагатай гэж заажээ. Сонирхуулахад, Уханийн их сургууль нь БНХАУ-ын шилдэг 10 их сургуулийн жагсаалтад багтдаг аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

3. Мерали охидын тэтгэлэгт хөтөлбөр

Зориг сан АНУ-ын Мерали сантай хамтран Шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр суралцаж байгаа эмэгтэй оюутнуудыг дэмжих зорилгоор дараах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Энэ хөтөлбөрийг анх 2010 онд Азийн сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байсан бол ийнхүү бид хөтөлбөрийн дараагийн шинэ элсэлтийг хүлээн авахаар сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хөтөлбөрт хамрагдсанаар:

Дөрвөн жилийн сургалтын тэтгэлэг авна

Улирал бүр номын мөнгө авна

Дотуур байрны төлбөрийн тэтгэлэг авна

Хөтөлбөрийн шалгуур: МУИС эсвэл ШУТИС-д шинжлэх ухаан, инженерийн мэргэжлээр суралцаж буй эмэгтэй оюутан байх

Энэ хичээлийн жил нэгдүгээр курсэд суралцаж байх

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд ЭНЭхолбоосоор орж өргөдөлийн маягттай танилцаарай.

4. Австрали улсын 2022 оны тэтгэлэгт хөтөлбөр

Уг тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг өргөдлөө 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн дотор илгээхийг Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газраас мэдээллээ.

Өргөдөл гаргагчийг мэргэжлийн болон хувь хүний ур чадвар, академик чадамж, нэн ялангуяа Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулж чадах хувь нэмрийг харгалзан үнэлж сонгодог байна.

Сургалтын тэргүүлэх салбарууд

Болзол шалгуурууд

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргагчид “Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлага”-д дурдсан бүх ерөнхий шалгуурыг хангасан байна.

Англи хэлний шалгуур

Өргөдөл гаргагчид 2022 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар хүчинтэй Academic IELTS-ийн голч оноо 6,5 болон түүнээс дээш /нэгж оноо 6,0-с доошгүй/ эсвэл iBT-TOEFL эсвэл PTE-ийн дүйцэх оноотой байна.

Суралцаж эхлэх хугацаа

Тэтгэлэгт шалгарагсад тухайн жилдээ суралцаж эхлэх шаардлагатай. Тэтгэлэгт хамрагдах жилийнхээ 11-р сараас өмнө суралцаж эхэлж чадахгүй нөхцөлд тэтгэлэг цуцлагдах болно.

Санамж: Covid-19 цар тахалтай холбоотой олон улсын аяллын хязгаарлалтаас шалтгаалан Австралид суралцаж эхлэх хугацаа өөрчлөгдөж болзошгүй.

Цахим өргөдөл

OASIS цахим хуудсаар орж өргөдөл гаргана уу. Өргөдөл гаргагчид дээр дурдсан хугацаанд багтаж цахим хэлбэрээр өргөдөл гаргана. Өргөдөл хаах хугацаа ойртох тусам Цахим өргөдлийн системийн (OASIS) ачаалал огцом нэмэгдэж, саатал учирч болзошгүйг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.

https://www.australiaawardsmongolia.org/…/Country… /англи/

https://www.australiaawardsmongolia.org/…/Country… /монгол/

https://www.australiaawardsmongolia.org/…/англи/

https://www.australiaawardsmongolia.org/scholarships/faqs/ /нийтлэг асуулт, хариулт/

Эх сурвалж: Монгол улс дахь америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам, tetgeleg.com, Зориг сан